Categories
мэдээ улс-төр

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оын арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн уралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00-17.30 334 тоот
2 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 Үндсэн хууль”
3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
4 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Иймд иргэд та бүхэн:

-Зайлшгүй хол, ойрын замд гарах тохиолдолд машин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах

-Цаг агаарын мэдээг тогтмол сонсох

-Хөлдөх, осгох, хайрагдахаас болгоомжилж дулаан хувцаслах

-Өндөр хүчдэлээс хол байх

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

What3words буюу гурван үгт хаягийг “E-Mongolia” аппликэйшнаас илгээдэг боллоо DNN.mn

“Гэмт хэрэг зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламж”-ийн дуудлага, мэдээлэл өгөхдөө өөрийн хаяг байршил, байгаа газраа хэлж мэдэхгүй тохиолдолд “E-Mongolia” аппликэйшны нэмэлт цэс дотор байрлаж байгаа “Яаралтай түргэн тусламж дуудах” цэс дээр дарснаар өөрийн байршлын гурван үгт хаягаа хялбархан тогтоох боломжтой боллоо.

Энэхүү систем нь дэлхийн газрын гадаргууд гурван метрийн хэмжээтэй торлол үүсгэн тухайн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй гурван үгээр хаягжуулсан байдаг.

Өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд татаж суулгасан “E-Mongolia “аппликэйшныг ашиглан өөрийн  байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой.

“E-Mongolia” аппликэйшныг татаж суулгаагүй тохиолдолд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс иргэн тань руу тусгай холбоос мессежээр илгээнэ. Илгээсэн холбоосыг дарснаар өөрийн байгаа байршлын 3 үгт хаягийг утаснаасаа харж, дуудлага хүлээн авагчид хэлснээр таны байршлыг тогтоох боломжтой юм.

Эх сурвалж: Цахим хөгжил харилцаа холбооны яам

Categories
story-news

Доктор Ц.Батсүх: Манайд бараа бүтээгдэхүүний үнэ 1991 онтой харьцуулахад 600 дахин өссөн

Доктор Ц.Батсүх: Манайд бараа бүтээгдэхүүний үнэ 1991 онтой харьцуулахад 600 дахин өссөн

Categories
story-news

Т.Батбаатар: Нийслэлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих өндөр магадлалтай

Т.Батбаатар: Нийслэлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих өндөр магадлалтай

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгийг энэ сарын 21-нд олгоно DNN.mn

2023 оны арваннэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарь гарчээ.

12 төрлийн нийгмийн халамжаас ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт, хүнсний талон есийг нь арваннэгдүгээр сарын 13-наас өгөх хуваарьтай байна.

Харин хүүхэд бүрд олгодог 100,000 төгрөг болон өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, эхийн тэтгэмжийг 11 дүгээр сарын 21-нд олгох бол олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг энэ сарын 23-нд үзүүлэхээр хуваарилжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын “Энэ л гайгүй шударга юм уу” гэж итгэсэн гишүүд нэг мэдэхэд хар сумаа тавьж буй боохой шиг сэтгүүлчдэд элдүүлээд дүүлж явах юм DNN.mn

Хэдийгээр манай төрд хулгай нүүрлэж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа ч монгол хүний нэг нэгэндээ итгэдэг сайхан сэтгэлийн гал нь унтраагүй л бололтой. Том хулгай нь илрэнгүүт бараг бүгдээрээ шахам шорон руу явчих хэмжээний сүр дуулиан болдог ч тэгс ингэсхийгээд хэргээ намжаачихдаг. Гэвч удалгүй өмнөхөөсөө ч өндөр дүнтэй өөр хулгай нь илэрч, нийгэм даяараа шуугьж, одоо л хэрэг бишдэх нь гэж байтал ард түмэн тэгсхийгээд орхичихдог. Учир нь өөрсдийнх нь хулгай илэрч мэдээ мэдээлэл нь гараад эхлэнгүүт зэрэгцээд өөр сенсааци гаргаж ирэн нийгмийн сэтгэл зүйг инженерчлээд сурчихсан, одоогийн эрх баригчид. Гэсэн ч ард түмэн яагаад ч юм төрийн түшээддээ итгэсээр байдаг нь өнөө л монгол хүний уужуу зангийн илрэл байх. МАН-ыг хулгай гэдэг үг сүүдэр мэт дагах болж, МАН-Хулгай гэх хоршоо үг ч бий болсон. Олон хулгайчийн дундаас “За, энэ л эд нар дундаа гайгүй юм даг уу даа, арай хулгай хийчхээгүй бололтой” гэж итгэж байсан УИХ-ын гишүүн нэг л мэдэхэд хар сумаа тавьж байгаа боохой шиг сэтгүүлчдэд элдүүлээд Төрийн ордон дотор дүүлж явахыг байн байн харах болов. Ихэнх хүмүүс мэднэ дээ. Боохой хэдий араатан ч гэлээ амь нас нь дээсэн дөрөөн дээр ирэх үед чацга алдаж биеэ хөнгөлж дүүлж зугтдаг. Үүнийг монголчууд чоно хар сумаа тавиад зугтлаа даа, эр хүн зоригтой бол чоно хүртэл чацга алддаг гэх мэтээр ярилцдаг. Юун төрийн сайд, эрхэм гишүүн, сонгогч түмнээ төрд төлөөлөх эрхэм үүрэгтэй түшээ энэ тэр гэсэн сайхан цол гуншин өргөмжлөл манатай. Микрофон, дуу хураагуур барьсан хэдэн сэтгүүлчийг хараад боохой шиг л сүнсээ зайлтал айж зугтах нь даанч гутамшигтай, сүр сүлдгүй.

Байж байтал нэг гишүүн нь Төрийн ордонд пад пидхийгээд гүйж байгаа харагдана. Яав ийв гээд сураг тавихаар ийм тийм хулгайд холбогджээ, тэрийг нь тодруулж асуух гэтэл зугтчихлаа гэнэ. Өнөөдүүл нь нохойд хөөгдсөн чандага шиг Төрийн ордны дээд доод давхруудаар, шатаар, хонгилоор хар эрчээрээ зугтааж буй дүр зургийг та бид хардаг болоод удлаа. Зарим нь өрөөнийх нь үүдийг сахиж байсан хэвлэл мэдээллийнхнийг харчхаад буцаад өрөө рүүгээ ороод цоож цуургаа хангинатал түгжчихдэг. Төлөв төвшин зогсоод хүний асуултад бүтэн дүүрэн хариулт өгч чадахгүй, асуулт асуусан сэтгүүлч, өөрийг нь харж байгаа олон мянган ард иргэд, сонгогчдодоо царайгаа харуулж хэдэн өгүүлбэр итгэл төгс холбоод хэлчхэж чадахгүй гөлөлзөж зугтах нь түүнийг яавч гэмгүй хүн гэж харагдуулдаггүй.

Түгжрэлийн сайдтай болчихлоо, энэ залуу ч харин овоо юм хийгээд бужигнуулчхаж мэднэ шүү гэж Ж.Сүхбаатарыг ард түмэн харж суулаа. Сайд гэж ямар том нэр хүндтэй, өндөр хариуцлагатай албан тушаал билээ дээ. Гэтэл өнөө том цол гуншинтай, мундаг сайд байсан хүн маань орох байх, явах гишгэх шатаа андууртлаа сэтгүүлчдээс айж зугтаж “Ногоон автобус бол гэмт хэрэг биш” гэх ухааны юм ярьж, нийгэм даяараа түүнийг энэ том хулгайн хэргийг гардсан гол хүмүүсийн нэг гэдгийг мэдчхээд байхад аль болох тайлбар хэлэхгүй зугтах гэж гүйснийг бид харсан. Итгэл хүлээлгэж, юм хийх нь гэж харж байсан хүн нь ийм увайгүй өлөн байж. МАН дотроос гайгүй нь гэж харж, хүлээж байсан хүн нь ийм байхаар цаана нь өөр аятайхан хүн гэвэл хэн байна вэ?

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн тууштай, зоримог шийдлүүдийг ард түмэн үнэлэхчээ болж “Овоо шударга юм уу даа” гэж магтаж дуусаагүй байтал “магтсан хүүхэн хуриман дээрээ унгана” гэгчээр Боловсролын зээлийн сангийн шуугиан дэгдэхэд түүний төрсөн дүү, эхнэр хоёр нь энэ сангаас зээл авсан ч эргүүлж төлөөгүйгээр барахгүй бүр тэглүүлсэн байсан нь илэрч түмний булай болсон.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих сангийн хулгайгаас эхлүүлээд Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай гээд МАН-ынхны гар хөл гүнзгий дүрэгдсэн эдгээр хулгайд орооцолдсон, хамт хулгай хийсэн гишүүд анхандаа юу ч дуугардаггүй, хариулдаггүй гүрийдэг байсан бол сүүлдээ шууд жорлон руу юм уу, тааралдсан өрөө рүүгээ ороод зугтчихдаг тактиктай байсан. Харин одоо сэтгүүлчдээс илт зугтаж Төрийн ордны урт хонгилоор үсээ хийсгэн тавхайгаа гялалзуулаад гүйчихдэг болжээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж энэ.

Аанай л итгэл хэмээх юм ард түмний сэтгэлд унтрахгүй уугьж байдаг хойно яагаад ч юм “Энэ л гайгүй хүншүү юм уу даа” гээд бодсон болгон нь хулгайч байдаг!

МАН-ынхан төр засгийн зүгээс ард түмнээ ажилтай, үйлдвэртэй, орлоготой байлгах гэсэн бүх бололцоог өөрсдөө л хуваагаад эдэлчихсэн, сүүлийн 30 жилд.

Намын гишүүн биш хүнийг хүн гэж үзэхгүй, өөрсдөд нь бага санал өгсөн тойрог, сумдын иргэдэд ажил хийх, хөгжих боломжийг хаачихдаг нь олон жишээнээс харагддаг. Өөрсдөө л, намынхнаараа л зоолох ёстой гэдэг үзэл бодлынх нь биелэл бол ар араасаа илэрсээр байгаа энэ том хулгайн хэргүүд. Хулгайчдаар дүүрсэн, зөвхөн хулгайч нар л байдаг энэ намаас шударга хүн хайдаг нь өөрөө буруу ч юм шиг. Хулгайч нараас шударга хүн хайгаад олдохгүй гэдэг нь хатуу үнэн бололтой. Энэ намыг солих хэрэгтэй гэдгийг монголчууд та бүхэн амьдралаараа, амьжиргаагаараа, амь насаараа тартагтаа тултлаа мэдэрлээ шүү дээ. Энэ бүхэн хангалттай биш гэж үү.

Ирэх сонгуулиар эд нараас ангижирч, шинээр гарч ирэх дараагийн намыг ард түмэн алган дээрээ байгаа юм шиг өдөр болгон харж, хянаж байх хэрэгтэй юм байна. Нэг л хулгай, нэг л шударга бус зүйл илэрлээ гэхэд бүгд байгаа байгаа газрынхаа талбайд, нийслэлд байгаа нь төв талбайдаа цуглаад жагсаж байя.

Цагдаагийн хурандаа нар, нэр нөлөө бүхий дарга нар энд тэнд том албан тушаалд томилогддог болоод удлаа. Энэ талаар манай сонин ч удаа дараа бичсэн. Хулгайчид төрд гараад хулгай хийчихээрээ өөрсдийнхөө хулгайг “Битгий илрүүлээч ээ” гээд цагдаа нарыг том тушаалд тавьж амыг нь хамхидаг. Ингэснээр төрийн эрх барих эрх хулгайч нараас цагдаагийн дарга нарын гарт шилждэг үйл явц эхэлж байгаа юм. Хулгайчдын но-г мэддэг учир түүгээр нь дарамтлаад цагдаагийн эрх мэдэлтнүүд хүссэн албан тушаалдаа очдог гэдэг энэ завхрал өнөөдөр Монголд биеллээ олчхоод байна.

Аль л гайгүй гэсэн төрийн түшээд хулгайг нь асуусан сэтгүүлчдээс зугтаад байгааг “За арай ч үгүй байлгүй дээ” гэж эргэлзэх хүн байгаа бол төрд нэг намын хулгайч нар зайдагнаж, хулгайгаа хийсээр байгаа гэдгийн маш том баталгаа, нотолгоо бол цагдаагийн хурандаа нар эрх мэдэл бүхий албан тушаалд нэг нэгээрээ сэм очоод байгаа нь тодоос тод харуулж байна.

Д.ГАНСАРУУЛ

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Элчин сайд Шэнь Минжуань: Шинэ эрин үеийн Хятад, Монголын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих үүргээ биелүүлэх болно DNN.mn

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуаньтай ярилцлаа.

-БНХАУ-аас Монгол Улсад суугаа үе үеийн Элчин сайд нар хоёр орны харилцааг сайжруулах, ахиулах гүүр болж ирсэн билээ. Шинэ Элчин сайдын хувьд та өөрийгөө уншигчдад товч танилцуулна уу?

-Миний бие Монголд ирээд 40-өөд хонож байна. Хамгийн түрүүнд сэтгэлд минь буусан мэдрэмж бол ойрхон санагдлаа. Бээжин-Улаанбаатарын нислэг хоёр цаг ч хүрэхгүй хугацаанд үргэлжилдэг. Энэ нь миний хувьд Бээжингээс төрсөн нутаг руугаа нисэх хугацаатай ойролцоо юм. Тэгээд ч Улаанбаатарын алтан намар Бээжингийнхтэй их төстэй. Эдгээр нь намайг гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Миний төрсөн нутаг Жэжиан мужийн нийслэл Ханжоу хоттой их ойрхон байдаг. Саяхан Ханжоу хотод болсон Азийн наадам, Азийн паралимпийн наадмаар Монгол Улс 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 100 гаруй тамирчдаа илгээж, өндөр амжилт үзүүлсэн. Тэр дундаа гар бөмбөгийн тэмцээн миний төрсөн нутагт зохион байгуулагдлаа. Энд Монголын волейболын тамирчид хүчтэй тоглолт үзүүлж нутгийн минь ард түмэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Монголд ирээд надад төрсөн миний хоёр дахь мэдрэмж бол их дотно санагдлаа. Монголын ард түмэн элэгсэг дотно, харьцахад хялбар хүмүүс юм. Тэр дундаа “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагалдан БНХАУ-д зочлох нь нэр төрийн хэрэг байлаа. Си Жиньпин даргатай хийсэн чухал уулзалтад оролцохдоо манай хоёр орны дээд удирдагчид хоёр улсынхаа харилцаанд өндөр ач холбогдол өгсөн. Мөн хоёр орны бодит хамтын ажиллагаа, ялангуяа “Бүс ба Зам”-д тулгарч буй томоохон боломж, өргөн далайцтай хэтийн төлөвийг чухалчилж буйг илүү гүн гүнзгий мэдэрсэн. Миний бие БНХАУ-ын ГХЯ-нд Зүүн өмнөд Азийн орнуудтай ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа, Монголд ирээд мөн адил тэрхүү дотно, нөхөрсөг, хамтран ажиллах урам зоригийг мэдэрсэн. Би өмнөх бүх Элчин сайдын нэгэн адилаар Монголын ард түмэнд элэгсэг дотно сэтгэл дүүрнээр, шинэ эрин үеийн Хятад, Монголын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих үүргээ биелүүлэх болно.

-Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төр, эдийн засгийн солилцоо сүрхий гүнзгийрч байгаа. Шинээр томилогдож ирсэн Элчин сайдын хувьд та хамгийн түрүүнд юу хийж, цаашид хоёр орны харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ?

-Хятад, Монгол хоёр улс уул усаараа холбогдсон, соёлын нягт харилцаатай. Хоёр орны харилцаа тогтвортой сайн хөгжиж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд БНХАУ-д төрийн айлчлал хийж, сая “Бүс ба Зам” чуулга уулзалтад оролцсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-д айлчилж, хэдхэн хоногийн өмнө ерөнхий сайд Ли Цянтай дахиад уулзсан. Бидний хийх ёстой хамгийн эхний зүйл бол хоёр орны дээд удирдагчдын тохиролцсон чухал тохиролцоог хамтран хэрэгжүүлж, хоёр улсын дээд удирдагчдын дэвшүүлсэн хөгжлийн зорилтуудыг биелүүлэх юм. Одоогийн байдлаар Монгол Улс хоёр улсын төрийн тэргүүнүүдийн дэвшүүлсэн 20 тэрбум ам.долларын хоёр талын худалдааны хэмжээг биелүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ оны эхний гурван улирлын байдлаар хоёр талын худалдааны нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөнийг дуулгахад таатай байна. Энэ жил 15 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ онд Монголын Хятад руу хийсэн нүүрсний экспорт 55 сая тонн давж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Талууд тохиролцсон 20 тэрбум ам.долларын зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Ирэх онд Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Хятад, Монголын найрамдалт хамтын ажиллагааны гэрээ шинэчилсний 30 жил, Си Жиньпин дарга Монгол Улсад айлчилсны 10 жил, хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийг харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, ард түмний харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн баярын арга хэмжээ зохион байгуулахаар ярилцаж байна. Энэ нь хоёр орны харилцааны урт хугацааны хөгжлийн бат бэх суурийг тавьж, эрч хүчийг нэмэгдүүлж, манай хоёр улсын ард түмэнд илүү их үр өгөөж өгөх нь дамжиггүй. Иймд Хятад Монголын харилцааны хэтийн хөгжилд итгэл дүүрэн байна.

-БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэрээ УИХ-ын танхимд хэлсэн үгэндээ, Монголын ард түмэнтэй хамтдаа хөгжихийг эрмэлзэж буйгаа илэрхийлж байсныг санаж байна. Тухайн үед хоёр тал мөн олон төрлийн гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. “Бүс ба зам” санаачилга нь Монгол Улсад ямар үр өгөөжтэй, Монгол Улсын “Талын зам”, “Шинэ сэргэн мандалтын бодлого”, “Алсын хараа 2050”-тай хэрхэн холбогдох байгаа вэ. Си Жиньпин дарга чуулган дээр хэлсэн үгэндээ ирэх 10 жилд баримтлах үндсэн бодлогоо танилцуулсан. Энэ нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд ямар ач холбогдолтой вэ?

-Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтад 151 улс орон болон олон улсын 41 байгууллагын төлөөлөл оролцсон. Нийт бүртгэгдсэн хүний тоо 10 мянга давсан. Ийнхүү “Олон мянган хүн цугласан томоохон арга хэмжээ” нь “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах асар их хүсэл сонирхол хийгээд дэлхий дахины нөлөөллийг дахин харууллаа. Монгол Улс “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах байгалиас заяатай хамтрагч төдийгүй энэхүү санаачилгыг анхлан дэмжсэн орнуудын нэг юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр тал хөгжлийн стратегиа гүнзгийрүүлэн уялдуулж, худалдаа хөрөнгө оруулалт, харилцаа холбоо, иргэдийн амьжиргааг дэмжих тал дээр сэтгэл хангалуун таатай үр дүнд хүрсэн. Тодруулбал, хоёр улсын төрийн тэргүүнүүд “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улсын “Талын зам” хөгжлийн стратеги, Дэлхийн хөгжлийн санаачилгыг Монгол Улсын “Шинэ сэргэн мандалтын бодлого”, БНХАУ-ын “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилтыг Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулснаар хоёр орны харилцааг хөгжүүлэх гурван том хөдөлгүүр болсон. “Бүс ба зам” хэрэгжиж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд Хятад, Монголын хоёр талын худалдааны нийт хэмжээ 2013 онд зургаан тэрбум байсан. Харин өнгөрсөн жилийн байдлаар энэ дүн 12.2 тэрбум болж нэмэгджээ. БНХАУ-ын идэвхтэй дэмжлэг дор Монгол Улс анхны олон урсгалт агаарын гүүрэн зам, анхны хурдны зам, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны орчин үеийн хөгжлийн төв, Монголын хамгийн дэвшилтэт бохир ус цэвэрлэх байгууламжтай болж, мөн хамгийн том гэр хорооллыг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжиж байгаа зэрэг нь Монголын ард түмэнд авчирч буй бодит үр өгөөж билээ. Си Жиньпин дарга энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын үндсэн илтгэлдээ “Бүс ба Зам”-ыг чанарын өндөр түвшинд хамтран бүтээн байгуулах найман зүйл бүхий үйл ажиллагааг танилцуулсанд, гурван хэмжээст харилцаа холбооны сүлжээг бий болгох, ногоон хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан технологийн инновацийг ахиулах эсвэл бодит хамтын ажиллагааг бий болгох, иргэдийн харилцаа холбоог дэмжих, олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог сайжруулах зэргийн алинд ч гэлээ Хятад, Монгол хоёр талд асар их боломж бий. Хятад улс “Бүс ба зам” хамтын ажиллагааны найман зүйл үйл ажиллагааны хүрээнд, Монголын хэрэгцээ хүсэлтийг харгалзан, Монгол Улстай “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны хамтын ажиллагааны чанар, хөгжлийг ахиулж, ард түмэнд улам илүү их үр өгөөжийг авчирснаар хоёр орны хамтын хөгжил бодитоор биеллээ олно.

-Саяхан та манай сонинд “Хувь заяаны хамтын нийгэмлэгийг гар нийлэн байгуулцгаая, Хувь заяа нэгтэй Хятад Монгол хөрш” нийтлэлийг нийтлүүлсэн нь хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсэн. Одоогоос 10 жилийн өмнө Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “элэгсэг дотно, чин сэтгэлийн, ашигтай, уужуу багтаамжтай” үзэл баримтлалын талаарх сүүлийн үеийн шинэ мэдээллийг та өгөхгүй юу. Энэхүү үзэл баримтлал нь Монгол Улсад ямар чухал ач холбогдолтой вэ?

-Өнөө жил Си Жиньпин даргын элэгсэг дотно, чин сэтгэлийн, ашигтай, уужуу багтаамжтай хөрш орны дипломат харилцаа үзэл баримтлалыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Саяхан Хятад улс энэхүү тэмдэглэлт ойд зориулсан олон улсын уулзалтыг зохион байгууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр видео мэндчилгээгээр дамжуулан хүндэтгэл илэрхийлэн, энэхүү үзэл баримтлал Монгол Улсад бодит үр өгөөжөө өгч байгааг өндрөөр үнэлсэн. Хятадын тал мөн “Шинэ эриний Хятад улсын хөрш гадаад бодлогын хэтийн төлөв”-ийг нийтэд танилцуулсан. Элэгсэг дотно, чин сэтгэлийн, ашигтай, уужуу багтаамжтай хөрш орны дипломат харилцааны үзэл баримтлал нь Хятадын шалгарсан уламжлалт соёлын түүхэн өв төдийгүй, Хятад улсын Их гүрний үүрэг хариуцлага, эрхэм зорилгыг илэрхийлж байна.

Энэхүү үзэл баримтлал нь Хятадын уламжлалт “Энх тайвныг нандигнан хамгаалж”, “Үзэл баримтлалыг харилцан хүндэтгэж”, “Элэгсэг дотно хөрш харилцаатай” хэмээх өв уламжлагдан ирсэн үзэл санааны залгамж бичиг юм. Хятад улсын оршин буй Азийн бүс нутаг нь дэлхийн хөгжил цэцэглэлтийн халуун цэг хэдий ч хөгжлийн жигд бус байдал, аюулгүй байдал, засаглалын асуудал хэмээх сорилтуудтай мөн тулгардаг билээ. Хятад улс Азийн орны хувьд хөрш орнуудаа үргэлж ерөнхий дипломат харилцааныхаа тэргүүн эгнээнд тавьсаар ирж, хөрш орнууддаа “элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаамжтай” хэмээн хөрш орнуудын дипломат харилцааны үзэл баримтлалыг хэрэгжүүлсээр ирсэн. “Элэгсэг дотно” хөршүүд эелдэг найрсаг байхын илэрхийлэл болж, Ази хэмээх том гэр бүлийн шинэ хүч чадлыг харуулсан. “Чин сэтгэлийн” бие биедээ чин сэтгэлээсээ хандахын илэрхийлэл болж түншлэлийн харилцаа шинэ түвшинд улам сайжирсан. “Харилцан ашигтай” харилцан ашиг үр өгөөж нь ашигтай байхын илэрхийлэл болж, бодит хамтын ажиллагаа шинэ шатанд гаргасан. “Уужуу багтаамжтай” нээлттэй багтаамжтай байдлыг илэрхийлж, бүс нутгийн хоорондын ойлголцолын шинэ хэтийн төлөвийг нээж өгсөн. “Бүс ба Зам” санаачилга нь, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл санаа, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга зэрэг олон чухал санал санаачилгуудад бүгдэд нь элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаамжтай хэмээх үзэл санаагаа тусгасан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс болон хөрш зэргэлдээ орнуудын улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа бодит үр өгөөжөө өгч, бүс нутгийн цогцоор ахиц дэвшлээ үргэлжлүүлэн урагшилсаар байна. Хятад улс Монгол зэрэг 10 гаруй хөрш оронтой хоёр талт хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахаар тохиролцсон. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг хөгжлийн түүхэн үйл явцын тэргүүлэх эгнээнд явж байна. Хятадын хөрш зэргэлдээ орнууд бие биенийхээ худалдааны гол түнш, хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр болсноор, хөгжлийн хамтын ажиллагааны асар их нөөц боломж, өргөн том орон зай буйг харуулж байна. Ирээдүйд Хятад улс “элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаамжтай” байх үзэл баримтлалыг үргэлж баримталж, хөрш орнуудтай найрсаг хамтын ажиллагаа, ашиг сонирхлын уялдаа холбоог гүнзгийрүүлж, хамтын өргөө гэрээ байгуулах болно. Хятад улс үргэлжлүүлэн “хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээж, хамтдаа ашиг шимээ хүртэх” зарчмыг баримталж, гар нийлэн “Бүс ба Зам” санаачилгын жишиг бүсийг бий болгож, хамтдаа байгуулж, хамтын хөгжлийг эрэлхийлж, дэлхийн хөгжлийн санаачилгын анхдагч бүсийг хамтдаа байгуулж, эвлэлдэн нэгдэж бэрхшээлийг даван туулах үзэл санааг баримталж, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын туршилтын бүсийг гар нийлэн байгуулах, Азийн үнэт зүйлсийг баримталж, дэлхийн соёл иргэншлийн санаачилгын тэргүүлэх бүсийг гар нийлэн бүтээн байгуулцгаая. Монгол Улс нь Хятад улсын хуурай газрын хамгийн урт хил залгадаг хөрш. Үүгээр зогсохгүй элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаамжтай байх үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд Хятадын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн, одоо ч байна, ирээдүйд ч байсаар байх болно. Хятад улс хоёр орны өндөр дээд түвшний зөвшилцлийг харилцан стратегийн удирдамж болгон ашиглаж, стратегийн гурван том хөдөлгүүрийн үүргийг гүйцэд биелүүлэх, хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн ахиулах нь хоёр орны хамтын хөгжил болон ард түмний сайн сайхны төлөө зориулагдсан билээ.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 7, Ангараг гариг. Билгийн тооллын 25, Их морь одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 07:45 минутад мандан, 17:26 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна DNN.mn

2023 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     7, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар, 8-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 9-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -12…-17 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.