Categories
мэдээ нийгэм

Хахууль авсан, албан тушаалын байдлаа урвуулсан 3 хэргийг прокурорт хүргүүлжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 102 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд эрүүгийн дугаар хэргүүдийн гадаад оронд гарсан хөрөнгийг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-БНХАУ-ын иргэн “Ш” нь давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтан “У”, “Б” нарт хахууль өгөхийг завдсан гэх;

-“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлдэг гэх;

-Төрийн өмчит “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Б”, “Х” нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улс он гарснаас хойш нийт 161 улстай худалдаа хийжээ DNN.mn

Монгол Улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.0 тэрбум америк ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 12.5 тэрбум америк доллар, импорт 7.6 тэрбум америк ам.доллар болж, тэнцэл 4.9 тэрбум америк долларын ашигтай гарсан байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.9 (16.9%) тэрбум америк доллароор, экспорт 2.4 (24.3%) тэрбум америк доллароор, импорт 458.5 (6.5%) сая америк доллароор, тэнцэл 2.0 (67.6%) тэрбум америк доллароор тус тус өсжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн системийн баг хамт олонтой хийсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахим шилжилтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй ажлын явц болон “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д түшиглэн төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлэх талаар судалж, танилцуулах, цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах, мэдээллийн системийн ашиглалт үйлчилгээг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, тус системийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг батлагдсан төсөвт багтаан улсын хэмжээнд зохион байгуулах, Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хариуцан ажиллахыг даалгалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл 791.4 сая америк ам.долларын ашигтай гарлаа DNN.mn

Төлбөрийн тэнцэл 2023 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 791.4 сая америк ам.долларын ашигтай гарсан байна. Урсгал дансны тэнцэл 606.7 сая ам.долларын ашигтай, санхүүгийн дансны тэнцэл 460.8 сая ам.долларын ашигтай гарчээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангана DNN.mn

Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил болон 2023 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Мал, махны экспорт, баруун аймгуудын малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх, дотоодын махны нөөц бэлтгэл, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн худалдаа зохион байгуулах, зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,  эрсдэлийг үнэлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний шийдвэрийг боловсруулан танилцуулахыг даалгалаа.
Мөн хүнсний болон тэжээлийн улаанбуудайн борлуулалтыг эрчимжүүлэх, ирэх оны тариалалтад хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, Байгалийн эрсдэлд өртсөн тариаланчдын зээл төлөлтийг хойшлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав.
Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 456.0 мянган  тонн үр тариа, үүнээс 434.0 мянган тонн улаанбуудай, 175.0 мянган тонн төмс, 183.0 мянган тонн хүнсний ногоо, 253.0 мянган тонн тэжээлийн ургамал, 50.0 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.
Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85.0 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байна. Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 32.0 мянган тонн буюу 8.0  хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 35.0 мянган тонн буюу 23.0 хувиар, малын тэжээл 82.0 мянган тонн буюу 45 хувиар тус тус өсжээ.
Засгийн газраас гаргасан тодорхой шийдвэрүүдийн үр дүнд хүнсний ногооны тариалалт нэмэгдэж энэ жил түүхэндээ хамгийн их ургац хураан авлаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.

Товч мэдээ
·      Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцэн дэмжээд УИХ-д хүргүүлэхээр тогтлоо.
·      Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулж, журмыг баталлаа. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.
·      Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйл худалдан авах журмыг баталлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жилийн хоёр дахь ЭЕШ-ыг өгөхөөр 5645 шалгуулагч бүртгүүлжээ DNN.mn

2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл аравдугаар сарын 19-ны 09:00 цагаас арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цаг хүртэл явагдсан.

Энэ хугацаанд 5,645 шалгуулагч бүртгүүлжээ. Тодруулбал

  • математикийн хичээлийн шалгалтыг 3,463,
  • нийгэм судлалын шалгалтыг 3,124
  • англи хэлний шалгалтыг 2,853 шалгуулагч өгөхөөр байна.

Тухайн жилийн хоёр дахь удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчдад өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаад оршдог билээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2254 харилцах дансыг битүүмжилжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулан тодорхой үе шаттай ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгаа талаараа мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад цагдаагийн алба хаагч “Т” нь хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг дотоод хяналтаар илрүүлж, тогтоосон ба хууль, журмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3,508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол улсаас хандах эрхийг хязгаарлуулж, нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2,254 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байгаа юм байна

Categories
мэдээ улс-төр

УИХ: Хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Өөрийн үнэлгээ нь ОУПХ-ны “Парламент ба Хүний эрх”, “Парламентын жендэрийн мэдрэмжтэй байдал” өөрийн үнэлгээний аргачлалд үндэслэн тодорхойлсон асуултуудыг хамрах бөгөөд нэгдсэн болон салбар хэлэлцүүлэг хэлбэрээр явагдана.

ОУПХ нь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын зарчим, хэм хэмжээ, механизмыг улс орнуудын парламент хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэхэд зориулсан парламентын өөрийн үнэлгээний аргачлалыг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар болон бусад байгууллагуудтай хамтран боловсруулж, үе шаттайгаар хэрэглээнд нэвтрүүлж иржээ. Энэхүү өөрийн үнэлгээ нь Монгол Улсын Их Хурлыг хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр илүү үр дүнтэй ажиллахад нь дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм.

Улсын Их Хурал, түүний Тамгын газарт хийх хүний эрхийн өөрийн үнэлгээ нь олон улсад энэ чиглэлээр хийгдэх анхны үнэлгээ болох онцлогтой бөгөөд харин жендэрийн өөрийн үнэлгээг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дэлхийн 10 гаруй улс орны парламент хэрэгжүүлж, өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлсон байна.

Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг хийхэд олон улсын зөвлөх, Их Британийн парламентын гишүүн, сайд асан, хатагтай Мэг Манн, ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Мариана Дуарте мөн тус холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан, хатагтай Бутайна Ламхарзи нар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форумын ерөнхий зохицуулагч Д.Гэрэл, Хүний эрхийн судлаач Б.Болорсайхан, МУИС-ийн ШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор М.Батбаатар, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Б.Долгор нар Үндэсний зөвлөхөөр ажиллана.

Улсын Их Хурлын Тамгын газраас Олон Улсын Парламентын Холбоотой хамтран өөрийн үнэлгээний бэлтгэл хангах арга зүйн сургалт, семинаруудыг энэ оны 4, 9 дүгээр сард Улсын Их Хурлын гишүүд, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах албан тушаалтан болон нийт ажилтнуудыг хамруулан зохион байгуулсан.

Энэхүү өөрийн үнэлгээний үр дүнд дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан бэлтгэж, зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах бөгөөд улмаар Улсын Их Хурал, түүний Тамгын газрын 2025-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд тусгана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Энхбаяр: Бүх цэргийн ангид шалгалт хийх шуурхай ажлын хэсэг байгууллаа DNN.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрийг  танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонслоо.

Ерөнхий сайдын зүгээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, зэвсэгт хүчний анги салбаруудад харамсалтай явдал удаа дараа болж байгаа асуудлыг ХЭҮК-ын оролцоотойгоор хянан шалгахаар боллоо.

Болж байгаа асуудлаар урд нь УИХ-ын хүний эрхийн дэд хороо хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Уг тогтоолын хэрэгжилтийг салбарын хүрээнд зэвсэгт хүчний ангиуд хэрхэн мөрдсөнийг авч үзэж, дүгнэлт боловсруулна.

Хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөл, холбогдох хууль, журам, ахуйн нөхцөл гэсэн бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай байна гэсэн шийдвэр гаргалаа” гэв.

Ажлын хэсэг батлан хамгаалах салбарын зэвсэгт болон дотоодын гээд бүх цэргийн ангид шалгалт хийнэ гэдгийг тэрбээр хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашин замын хажуугийн жалга руу орж, хоёр хүн гэмтжээ DNN.mn

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Ээвийн гүүр” гэдэг газар суудлын автомашин авто замын хажуугийн жалга руу орж 2 хүн гэмтсэн тухай дуудлага мэдээлэл энэ сарын 14-ний өдрийн 22:44 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн ахалсан Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Ланд крузер прадо-150” загварын суудлын автомашин автозамын хажуугийн жалга руу орж иргэн С /72 настай, эрэгтэй/, Ц /69 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эсэн мэнд аварч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.