Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг сэнтийд залах ёслол болж байна DNN.mn

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, ХХХ хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг сэнтийд залах ёслол болж байна.

I Хамба Номун хан Агваанлувсанжамбал данзан.
II Хамба Номун хан Балжорравдан: Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар хутагтын ёнзин багш нар байжээ.
III Хамба Номунхан Лувсанданзанжанцан: Эрдэнэ мэргэн бандида хутагтын (Ламын гэгээн) анх дугаар дүрийн хувилгаан. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хуварга болж, Өндөр гэгээн Зана базар хутагтын шавь болж , багшийнхаа зөвлөсний дагуу Төвдийн Дашлхүнбэ хийдэд Банчэн богд Чойжижанцангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухаан ном үзэж судалсан байна.
IV Хамба Номунхан Лувсангэлэгравдандорж: Олноо Бэрээвэн номун хан хэмээн алдаршсан.
V Хамба Номун хан Содномринчин: Дүлба лам хэмээн алдаршсан. Төвөд лам
VI Номун хан Лувсандаржаа. Дашлхүнбэ хийдийн лам. 1741 оноос хамба номун ханд тушаагдсан. II Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш
VII Хамба Номун хан Жамбалдорж: 1758-1765 оны хооронд энэ албыг хашсан байна. Ноён номун ханы II дугаар үеийн хувилгаан, олноо Срайдорж номун хан хэмээн алдаршсан.
VIII Хамба Номун хан Лувсанжамбал: III дугаар Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш, 1765 оноос хамба номун хан болсон.
IX Хамба Номун хан Цэвээндорж: 1777-1791 оны хооронд энэ албыг хашсан. Олноо Бэрээвэн номун ханы III дүрийн хувилгаан хэмээн алдаршсан.
Х Хамба Номун хан Лувсантүвдэнванчүг: Манзушир хутагтын хоёрдугаар дүрийн хувилгаан. 1791-1806 оны хооронд энэ албыг хашсан.
XI Хамба Номун хан Жанчивдорж: 1806-1820 он хүртэл хашсан.
XII Хамба Номун хан Лувсанпринлайдандар: 1820-1822 он хүртэл хашсан. Эрдэнэ хамба хутагтын хувилгаан. Эрдэнэ хамбын хүрээ нь Булган аймгийн Хишиг-өндөр сумын нутаг Жаргалант уулын өвөрт байжээ.
XIII Хамба Номун хан Рэнчинжав: 1822-1830 оны хооронд энэ албыг хашсан. Срайдорж номун хан болой.
XIV Хамба Номун хан Лувсаншарав: Төвд хүн. Банчэн богдоос IV Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар ирсэн. Гачэн цолтой. 1830-1833 оны хооронд хамба номун ханы албыг хашсан. (Өндөр гачин)
XV Хамба Номун хан Агваанхайдүв: Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын ойр Тариат хэмээх газрын Мандал толгой хэмээхэд мэндэлсэн. Жэдорын хамба лам хэмээн алдаршсан таван боть сүнбүм зохиолтой. Дашчойнпэл дацанд ном эрдэм суралцан улмаар Түвдийн Брайвүн хийдийн Гоман дацанд 15 жил ном үзэн судалсан.
XVI Хамба Номун хан Лувсанжамъян: Төвд хүн. V Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багшаар томилогдон ирсэн. 1838-1840 он хүртэл энэ албыг хашсан.
XVII Хамба Номун хан Дорж: Их шавийн Эрдэнэ бандида хутагтын тавдугаар дүрийн хувилгаан. VI Богдыг Монголоос тодруулах оролдлого хийсэн хэргээр албан тушаалаас нь удалгүй буулгасан. 1840 онд энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.
XVIII Хамба Номун хан Лувсаннамжил: Төвөд хүн. Гачэн цолтой. VI Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдаж ирсэн. 1847-1848 оны хооронд энэ албыг хашсан.
XIX Хамба Номун хан Лувсанчүлтэмжигмэд: 1847-1853 он хүртэл энэ албыг хашсан.
ХХ Хамба Номун хан Дорж: 1853-1865 он хүртэл дахин энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.
ХXI Хамба Номун хан Балданчойнпэл: Төвөд хүн. VII Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдан ирсэн. VIII Богдын ёнзингоор томилогдсон.
ХXII Хамба Номун хан Пунцаг-Осор: Их шавийн Цуян отгийн харьяат. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт мэндэлсэн. Их хүрээний Зоогой аймгийн лам. Дашчойнпэл дацангийн гэсгүй, 1891 онд Их хүрээний цорж, 1897 онд дэд хамба, 1900-1920 он хамба номун ханы албыг хашсан.
ХXIII Хамба Номун хан Лувсанхаймчиг: 1915 онд VIII Богдын жавтүй ламаар залагдан ирсэн. Ёнзин хамба хэмээн алдаршсан.
ХXIV Хамба Номун хан Найдангийн Эрдэнэпэл: Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Их уул сумын нутагт 1887 онд мэндэлж бага насандаа хошууны гол хүрээ Тариатын хүрээнд шавилан сууж байгаад их хүрээний гүн ухааны Дашчойнпэл дацанд ном судлан 1933 онд гавж цол хамгаалсан. МБШТГандантэгчэнлин хийдийг 1944 оны зуны эхэн сард “Мөргөлийн дуган” нэртэйгээр хурал номын үйл ажиллагаагаа эхлүүсэн бөгөөд тус хийдийн анхны хамба ламаар Н.Эрдэнэпэлийг тохоон томилсон
ХXV Хамба Номун хан Самаагийн Гомбожав: Сэцэн хан аймгийн Харцага чин вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-овоо сумын нутагт 1901 онд мэндэлсэн. Их хүрээний Идгаачойнзинлин дацанд гүн ухааны ном судлан 1935 онд гавж цол хамгаалсан. 1960 онд Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар сонгогдон 1980 он хүртэл 20 жил ажилласан.
ХXVI Хамба Номун хан Хархүүгийн Гаадан: Увс аймгийн Бөхмөрөн суманд 1923 онд мэндэлсэн. Бага насандаа Төгсбуянтын хүрээнд шавилан сууж ном эрдэмд боловсорсон. 1980-1990 он хүртэл хамба ламын албыг хашиж байсан.
ХXVII Хамба Номун хан Сугарын Дагвадорж: Түшээт хан аймгийн Балдан засгийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 1924 онд мэндэлсэн. Бага насандаа нутгийнхаа Ганданшадүвлин хийдэд ном эрдэмд сурч боловсорсон. 1990-1991 оны хооронд хамба ламын албыг хашсан.
ХXVIII Хамба Номун хан Төмөрийн Дамдинсүрэн: Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Гүнжийн сүмийн Сүмчин отогын нутаг, одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баруун баян хэмээх газар 1900 онд мэндэлсэн. 1990 онд гавжийн дамжаа барьсан. 1991-1992 он хүртэл хамба ламын албыг хашсан.
ХXIX Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц: Хамба номун хан Д.Чойжамц нь билгийн тооллын XVI жарны цагаагчин туулай жил, нийтийн он тооллын 1951 онд Төв аймгийн Бүрэн сумын “Хайрхан булаг” хэмээх газар лагшин мэндэлсэн. Тэрээр МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын голч, Да лам, Дэд хамбын мяндаг тушаалыг 1976-1992 онд хариуцлагатайгаар хашиж, шашин номын үйлийг хичээнгүйгээр өрнүүлэн ажиллаж байсан билээ. Хамба номун хан Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны бэлэгт сайн өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн “Тэргүүн их хамба” хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авч, хуучин социалист нийгмээс шинэ нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү үеэс эдүгээг хүртэл энэ насны алжаал зүдрэлийг огоорч, шашин амьтны тусад хязгааргүй үйлс бүтээлийг чин бишрэл, хичээл зүтгэлээр үүтгэн бүтээсэн түүхэн гавъяатан юм. Тэрбээр Монгол Улсын АИХ-ын депутатаар 1990-1992 онд сонгогдон Монгол улсын шинэ үндсэн хууль батлалцах түүхт үйл хэрэгт оролцож, үндсэн хуульд “Төр шашнаа хүндэлж, шашин төрөө дээдэлнэ” хэмээх тэргүүтэн Бурхны шашны байр суурийг бататгах заалтуудыг оруулахад гол санал санаачилгыг гарган ажилласан билээ. МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан гавж Д.Чойжамц 1992-2023 оны хооронд буюу 31 жилийн турш дээдсийн зарлигийг доройтуулахгүйг, умар зүгийн Монгол орны шашны эзэн, оройн дээд, Очирдарын хувилгаан Богд гэгээн Жэвзүндамба хутагтын Их хүрээнээ хувьсгалт засгийн үед тасарсан болоод доройтсон уламжлалуудыг сэргээх, арвитган дээшлүүлэх хүнд бэрх үүргийг хүлээн авч шашин, амьтны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж ирсэн. Энэ хугацаанд түүний Монголын Бурханы шашны түүхэнд гүйцэлдүүлсэн бодлогын зарим амин чухал зохиол үйлсийг нь товч сийрүүлбэл;
1. Ирээдүйд Монголын Бурханы шашныг винайн ёсны дагуу хир үгүй барих судар, тарнийн их гуу санд сонсох, санах, бясалгахын үүднээс зэргэмжлэн төгсөх лам хуврагуудын суралцах үүдийг Хутагт Энэтхэгийн оронд нээсэн
2. Анхдугаар Богд гэгээн Жэвзүндамба хутагт Өндөр гэгээний үүтгэсэн Их хүрээний шууд залгамж болох Гандантэгчэнлин хүрээнд олон зуун хуврагуудын чуулах Батцагаан цогчэн дуган тэргүүтэй бусад хийд, дацангуудыг бүтээн байгуулсан
3. Монголын Бурханы шашны төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлыг бий болгож аймаг, дүүрэг, сумдын сүм хийдүүдийг удирдлагын босоо тогтолцоонд оруулсан
4. Олон улсын түвшинд Монголын Бурханы шашны эзлэх байр суурийг үнэлэх үнэлэмжийг өсгөх үүднээс улс төрийн үзэл суртлаас ангид зорилго, зорилттой олон улсын Бурханы шашны байгууллагуудтай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлсэн (Жишээлбэл: тогтмол үйл ажиллагаатай олон улсын Бурханы шашны гурван том байгууллагад МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан Ерөнхийлөгч, Ивээгч, Оюун санааны удирдагч зэрэг өндөр дээд алба үүргийг одоогоор хашиж буй)
5. Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгэлтэй цорын ганц Бурханы шашны хөдөлгөөн болох Азийн Буддистуудын энх тайвны бага хурлыг сэргээж, хуучин бүтэц, үзэл баримтлал, үйл ажиллагаанд нь орчин цагтай нийцсэн өөрчлөлт хийж цаашдаа улам өргөжин хөгжих бололцоог эхлүүлсэн
6. Монголын Бурханы шашныг винайн ёсны дагуу хир үгүй дэлгэрэхийн нэгэн чухаг суурь болсон Яр хайланг МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд зөвхөн гэлэн, гэцлүүдийн хүрээнд хуруулж эхлүүлсэн
7. Дээрхийн гэгээн XIV Далай багшийг Монгол оронд 1994 оноос 2016 оны хооронд зургаан удаа залж лам хуврагууд болон сүсэгтэн олонд дээдийн номын хур, зарлиг лүндэн буулгуулах ажлыг зохион байгуулсан
8. МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд Бурхан багшийн лагшин(сэрэг дүр), зарлиг (ганжуур), таалал (их эрдэнийн ринсрэл) гурвыг залах хүсэлтийг БНЭУ-ын Засгийн газарт тавьж зөвшөөрүүлж, тэдгээр түүхэн чухал үйл явдлуудыг дээд түвшинд нарийн зохион байгуулсан
9. IX Богд гэгээн Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцан багшийг дахин Монголд урих, Монголын Бурханы шашны тэргүүнээр албан ёсоор залж, улмаар IX Богд гэгээн Жэвзүндамба хутагт багш өөрөөр нь дараа төрөлдөө Монгол хүн болж мэндлэхийг нь бошголуулан гэрээслүүлж, баталгаажуулсан
10. Хамгийн амин чухаг асуудал болох Монголын Бурханы шашныг цаашдаа аливаа гүрний шашин, улс төрийн нөлөөнөөс хамааралгүй, тусгаар, бие даасан байдлаар өөрийгөө авч явах, хөгжиж дэлгэрэх түүхэн нөхцөл боломжийг бий болгосон
Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, гавж Д.Чойжамц бээр “Эдгээр үйл хэргүүдийг гагцхүү зарлигийн ачит дээдс багш нарийн аврал, оройн дээд, Очирдарын хувилгаан Богд гэгээн Жэвзүндамба хутагтын Их хүрээний Ядам, бурхад, номын сахиуснуудын адистид, үе үеийн Захиргааны зөвлөлийн хурлын гишүүдийн идэвхтэй хамтын ажиллагаа, хийд орны нийт лам хуврагуудын дэмжлэг зэрэгт дулдуйдан хэрэгжүүлсэн болох нь чин үнэн билээ.” хэмээн айлдсан байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчид 1.4 тонн дахивар цуглуулж, 500 орчим мянган төгрөгийн хуримтлал үүсгэжээ DNN.mn

Байгальд хаягдах хог хаягдлын хэмжээ, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Хог бидний найз” аяныг Увс аймгийн БОАЖГ, ИТХ, ЗДТГ болон бусад төрийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Аяны хүрээнд аймгийн төвийн ЕБ-ын 6 сургуулийн дунд “Дахивраа тушааж, хуримтлалтай болцгооё” арга хэмжээг өрнүүлж, сургуулиуд нийт 1.4 тонн орчин дахин боловсруулах боломжтой хог хаягдал цуглуулсан байна.

Тодруулбал, 1235 кг хуванцар сав, 93.4 кг лааз, 48.5 кг тос, маслоны сав, 5 кг гялгар уут, 860 ширхэг шилийг дахивар авах цэгт тушааж, 447.300 төгрөгийн хуримтлалыг үүсгэжээ.

Байгаль орчныг бохирдуулах хог хаягдлыг бууруулахаас гадна хогоо ангилан ялгаж, дахин ашиглах ач холбогдлыг хүүхэд залууст таниулж, цаашид өдөр тутамдаа хэвшил болгохыг уриаллаа.

Аяны хүрээнд хэрэглэхгүй эд зүйлсээ хэрэгцээтэй нэгэнтэйгээ солилцох “Холио, солио” арга хэмжээг Улаангом сумын 6, 7, 8, 10 дугаар багийн төвд зохион байгуулжээ.

Үйл ажиллагаанд 40 гаруй иргэн оролцсон бөгөөд байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй онцлог давуу талыг иргэд ойлгож, тогтмол зохион байгуулах хүсэлтийг гаргасан байна гэж Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хүчит 128 бөхийн барилдаан болно DNN.mn

“Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаанд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдаан 11 дүгээр сарын 18-ны Бямба гарагийн 11:00 цагт эхлэх товтой байна.

Барилдах бөхчүүдийг энэ сарын 16-17-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Дуучин Н.Энхбат: Би 200 гаруй найр хөтөлсөн DNN.mn

Өдрийн сонины архиваас………….

Говь-Алтайн дуучин “Хонгорзул”, “Намайгаа дурсаарай”, “Гүнж тогоруу” дуугаараа овоглогдсон Н.Энхбаттай ярилцлаа.


-Та хэзээ хотын хүн болчихов?

-2004 онд Улаанбаатар хотын иргэн болсон. Говь-Алтай аймагт 16 жил ажиллаж амьдарсан шүү дээ. 21-хэн настай залуу очиж байлаа.

-Та чинь гавьяат авчихсан байх аа?

-Аваагүй ээ. Гавьяат гэдэг цол надаас жаахан хол, би тэрнээс хөндий явж ирлээ шүү дээ.

-Хотод хэр төвхнөв?

-Хөдөө олон жил болсон. Байр сууриа олох, ахуй амьдралаа төвхнүүлэх гээд нэлээд зүтгэсэн. Дажгүй сайхан болсон.

-Та яагаад хотыг зорих болов. Говь-Алтайд байсан ч та олны сонсдог л дуучин?

-Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын тайзнаасуран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Тэндээс миний бүтээлийг ард түмэн сонсдог гадарладаг, болсон.Амьдралын идэвхтэй үеийг олны массыг дагаж амьдрах ньчухал гэж бодсон хэрэг л дээ.

-Орон нутгийн тайзан дээрээс олны танил болно гэдэг хэцүү дээ. Та үүнийг яаж хийв?

-Хөдөөорон нутгийн дуучид хойд хормойгоороо, урд хормойгоо нөхдөг хүмүүс. Ёстой л халуунд халж, хүйтэнд хөрдөг дуучид. Бидтэнд өөрийгөө хөгжүүлнэ. Өөртөө багшилна. Би нэг л зүйлийг ойлгосон. Хөдөө дуулж болно. Өөрийн гэсэн урын сантай болох нь чухал юм байна гэж. Олон жил мөрөөдсөн. Тэгээд “Хонгорзул” гэдэг дууг 1999 онд дуулж, хит болсон. Араас нь “Гүнж тогоруу”, “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг” гээд дуунуудаа дууллаа. Нутгийнхаа хөгжмийн зохиолчдын бүтээлийг түгээх сэн гэсэн зорилготой байсан. Миний дийлэнх бүтээл манай нутгийн харьяат хөгжмийн зохиолч Цэрэндондовын ая байдаг юм шүү дээ. Тэгээд тэр бүтээлүүдийг түмэнд чадан ядан хүргэсэн ухаантай.

-Таны дуулах авьяас байгалийнх, ээж ааваас уламжлагдав уу?

-Хоолой байгалийнх. Гэхдээ миний ээж сайхан дуулдаг хүн байсан. Ажилчин хүн, юм юм л хийдэг байсан. Маш ухаантай, сийрэг хүн байлаа, миний муу ээж.

-Таныг яаж дуучин болгочихов?

-Би бол дуучин болно гэж бодоогүй байсан ш дээ.Хүүхэд байхын сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. Хавар сэтгүүлчийн сургуульд шалгалт өгнө гэж бэлтгэж байтал Улаанбаатараас Хөгжим бүжгийн элсэлтийн шалгалт ирээд, бид тоглолт хийж үзүүлсэн юм. Маргааш нь захирлын өрөөнд элсэлтийнкомиссын дарга нь “Чи дуучин болох юм байна. Чамд дуулаачийн урилга явуулъя” гэсэн юм.Урилгаявуулсан ч юм байхгүй, хуваарь нь ч ирээгүй. Сэтгүүлчээрээ ч шалгалт өгсөн юм байхгүй хоцорсон юм. Тэгэхэд 1983 онд Монголын радиогийн “Залгамжлагч” радиогоор миний нэг дуу явсан. Манайсургууль дээр радиогийнхон нэвтрүүлэг бэлтгэхээр ирэхэд, би дуулсан юм. Амралт эхлээд хөдөө суманд очсон байхад миний дуу радиогоор явахад их баярласан.

-Та сурагч байхдаасургуульдаа одбайсан уу?

-Ганц нэг дуулдаг л байсан. Гэхдээ би нэг их дуучин болчихно гэж бодоогүй.Биайлын гурав дахь хүүхэд. Эхээс арвуулаа шүү дээ. Арван хүүхэд бор амьдралд л өснө шүү дээ. Би багаасаа биеэ даасан юм. Гуравдугаар ангиасаа зуныхаа амралтаар айлын хүүхэд харж айлынхан надад форм, цүнх, хичээлийн хэрэгсэл авч өгсөн. Аав маань малын эмч. Тавдугаар ангиасаа аавтайгаатарилга, туулгалт, малын цус авах ажилд оролцоод, 75 төгрөг авдаг. Түүгээр ээж маань надад хичээлийн хэрэгсэл авч өгч байлаа. Долдугаар ангиасаа ээжтэйгээ сумын барилга дээр ажиллаж байсан юм. 135 цаас авна. Есдүгээр ангид аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн барилгачид манай суманд ажилласан юм. Нийтийн ахуйн үйлчилгээ барьсан. Тэнд ажиллаж 250 цаас авч билээ. Ээждээ л мөнгөө өгдөг. Нэг удаа харин сээгий малгай авч өмсч байсан. Тэр чиньховор байсан. 250 төгрөгөөр сээгий малгай орос найзаасаа авч өмсч байлаа. Багаасаа л бие даасан учраас хөдөлмөрийн үнэ цэнэ, ажлын амтыг мэдэрдэг. Ажилдаа хоёргүй сэтгэлээр хариуцлагатай хандах ёстойг ясмахандаа шингэтэл ойлгосон доо.

-Яаж дуучин болов?

-Цэрэгт ирээд 1986 ондБүх ард түмний урлагийн үзлэгээр мандан бадарлаа. Хилийн ба дотоодын цэргээс шалгарч солист болсон. Ганцхан цэрэг солистболсон нь би. “Дуулж явна, би” гэж дууллаа. Тэр үедМонголын радиогоор миний энэ дуу “Хүсэлтийн хариу”-гаар явдаг байлаа. Уран сайханч, байлдагч Энхбатын дуулсан “Дуулж явна би” дууг сонсъё гээд захидал ирдэг байлаа шүү дээ.

-Ээж чинь сонсоод их баярласан байх даа?

-Баярлалгүй яахав. Цэргээс халагдаад очиход “Миний хүүгийн дуу радиогоорявлаа” гэж байсан. Намайгансамбльд улирч үлдэх үү гэж байсан л даа. Говь-Алтайн эвлэлийн хорооны дарга залууБүх ард түмний урлагийн үзлэгийн үеэр тааралдаад “Чи халагдаад, Алтайд яваад оч. Эвлэлийн шугамаар сургуульд явуулж өгнө” гэж байсан юм. Би түүнийг нь сонирхоод Алтайд 1988 онд халагдаж очсон.Тэр үеэр Илгээлтийнэзэн залуучуудын улсын хоёрдугаар зөвлөгөөн Алтайд болж билээ. Тэр зөвлөгөөнд дуулж, олондахиулсан юм. Тэгээд чуулга авъя гэсэн. Тэгээд дуулсаар байгаад ирлээ. 2004 оноос хойш чөлөөт уран бүтээлч болсон доо.

-Дуучинхүн дуулаад хоолоо олж идэх боломжтой байна уу. Давхар бизнес эрхлэх үү?

-Юм юмтай л байх ёстой. Зах зээлд хүн ямар боломжтой байна. Түүнийгээ бүгдийг зарцуулдаг.Би юм юм л хийхийг боддог. УИХ-ын гишүүнд бараа болж явлаа. Бүх л ажилд нь гүйнэ. Би саяханвэб сайт нээсэн. Сэтгүүлчболох мөрөөдлөө хожуу биелүүлсэн гэх юм уу даа. Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курс төгсөөд, сэтгүүлч мэргэжлээр ажиллах санаа байна. Мэдээ, мэдээллийн Garag.mn гэж сайт бий. Тэрийг үүсгэн байгуулсан. Энэ чиглэлээрээ ажиллаж байна. Миний үндсэн мэргэжил соёл урлагийн менежер. Удирдлагынакадемидмастер хамгаалж байгаа.Гэхдээ би дарга болохдообиш. Хүмүүс намайг “Чи дарга болох гэж байгаа юм уу” гэдэг. Хүн болгон уул уурхайтай ноцолдох бишмонголчуудын оюун санаатай ноцолдохгүй бол үнэхээр хэцүү байна ш дээ. Улс орны хөгжил дэвшлээс хоцроод яахав гэж өөрийгөө хөгжүүлж яваа юм. Түүнээс бишбидарга болох гэсэн юм алга.

-Энд тэндшүтэн бишрэгчид сонин тохиолдлоор хандах тохиолдол байсан уу?

-Миний дуунууд ихэнх нь ээжийн, бүсгүй хүний тухай дуунууд байдаг. Сайхан л байдаг шүү дээ. Тоглолт дөхөөд ирэхээр “Нөхөртэйгээ энэдуугаар танилцсан. Анхныхаа хүүхдэд нэрийг чинь өгсөн” ч гэдэг юм уу сэтгэлийн үгтэй мэндчилгээ зөндөө л ирдэг байсан.

-Хүн сургуульдсурахаас гадна өөрийгөө яаж боловсруулах ёстой юм бэ?

-Боловсолтой хүн гэжолон сургууль төгссөн, олон дипломтой хүнийг хэлдэггүй юм байна. Ерөөсөө ухаарч чадсан хүн. Өөрийгөөбие, сэтгэлийг хөгжүүлсэн, өөрийнхөө үнэт чанар, давуу байдлаа нээгээд өнгөлж тордсон хүнийг боловсролтой гэх нь байна шүү дээ.

-Таны үнэт чанар юу байна?

-Бихудлааярьдаггүй, хүн хулхиддаггүй, шударга, өөрийнхөөрөө байдаг. Надад худлаа инээд,хуурамч зан байхгүй.

-Та хоёр охиндоо юу өвлүүлж үлдээхийг хүсдэг вэ?

-Би охидууддаа өмч хөрөнгө биш ухаан, боловсрол үлдээхийг л хүсдэг.

-Таны амьдралд ухаарал хайрласан хүн хэр их байв?

-Хүн алдаан дээрээ суралцдаг даа.

-Ер нь дуучин хүн хэр удаан тайзан дээр тэсч үлдэх ёстой вэ?

-Уг нь авьяас тэтгэврт гардаггүй гэдэг. Одоо бол хөл толгойгоо алдсан. Хэн нь дуулаад байгаа юм. Худал үгийг мянга давтвал үнэн, хулхидууг мянга цацвал хит гэдэг болоод байна. Дуучин хүнсоён гэгээрүүлэгч шүү дээ. Тэр сайхан дууны үгийг утга уянгыггүн ухааныг ойлгож түмэнд хүргэх учиртай. Дуулнагэдэг орилжхашгирахын нэр биш.

-Та бясалгал хийдэг үү?

-Би Буддын гүн ухаан, суу билэгт хүмүүсийн хэлсэн үг, туулсан амьдралыг сонирхдог. Б.Лхагвасүрэн гуайтай их ойр, Лоохууз гуай байна. 94 настай хүн. Энэ хүнтэй их ярьж зөвлөгөө авдаг. Зохиолч С.Галсан, Тэрбиш гуай байна. Би хөгшчүүлтэй их ярьдаг.

-Залуу дуучдаас хэнийг тоодог вэ?

-Ариунбаатар мундаг дуучин. Дуучин хүний дууны өнгө, тембэр бүх юм нийлмэл байх ёстой. “Улаанбаатар” чуулгынГанзориг гавьяат цээлхэн сонсголонтой сайхан дуулж байна. Нэг арга барилтай, ижилхэн улсууд бас их байна.

-Танд шавь бий юу?

-Үгүй би нэг их багш, шавь болоод байдаггүй. Гэхдээ хүнд зөвлөх дуртай. Ялангуяа залуу дуучдад “Чи ингэж ажилла”, “Тийм мартагдсан дуу байгаа” гэх мэтээр зөвлөдөг.

-Цагаансараарта хэр их ажилтай байдаг вэ?

-Цагаан сар гэлтгүй биажилтай лбайдаг юм. Дуулахын хажуугаар хурим найр, одон медалийн угаалга хөтөлдөг. Тийм учраас хурим найрыг монгол ахуй, ёс заншил талаас нь хөтлөхийг эрмэлздэг. Сүүлийн үед найр шоу болоод байна. Найр, хуримондоо, шоу цэнгүүн өөр. Төрийн дээд одон медалийн угаалга ч өөр шүү дээ. Тэр чинь төр, түмний хүндэтгэл учраас. Би найрыг дэгтэй, цэгцтэй, өөрийн гэсэн онцлогийнх нь дагуу хөтлөхийг хичээдэг. 200 гаруй найр хөтөллөө. Миний хөтөлсөн хосууд их сайхан явдаг юм. Би ажигладаг. Монголчууд их бэлгэшээдэг шүү дээ. Монгол хүн хүний орон гэрийг авахдаа хүртэл уг удмыг нь хардаг.Тийм учраас бүх талыг нь харж явдаг.

-Та нутагтаа очдог уу?

-Жил бүр очдог. Алтайн уулснадад алтан амь хайрласан. Би аав ээжийгээ шүтдэг, амьд байгалиа шүтдэг. Хадаг мадаг өргөөд байдаггүй. Сайхан тариа будаа цацаад, лусын шавьж хорхойнуудыг хооллож буян болмоор байгаа юм. Түүнээс биш тэр модыг баглаж хүлээд, яах юм.Овоонд хадаг уяж архи өргөөд яах юм. Сайхан сүү сааль, идээ будаа цацаад явбал лус савдаг баясана.

-Дуучин хүнд хоолой чухал. Хоолойгоо хэвээр нь хадгалах гэж өвөрмөц дэг барьдаг уу?

-Байхгүй. Би чинь гадаа гандаж, хөдөө хөхөрсөн дуучин. Хүйтэн ус уугаад дуулж л байна. Яриа дуучин хүнд муу гэдэг. Би чинь дөрвөн цаг, хурим найр хөтлөөд дуулна.Сүүлийнүед миний мөнгөө, цаг хугацаагаа, авьяасаа зарж хийсэнуран бүтээлийг зарим нөхөд дуулаад байна.

-Тэр чинь зохиогчийн эрх энэ тэрээр зохицуулагддаггүй юм уу?

-Зохиогчийн эрх хөгжмийн зохиолч, яруу найрагчид байдаг л даа. Гэхдээ жудаггүй л байхгүй юу.

-Тухайлбал ямар тохиолдол байна?

– Төрмандах гээд дуучин байна аа даа. “Аархал” гээд дуулаад байдаг. Тэр чинь“Намайгаа дурсаарай”-г дуулсан байна. Сонссон улсууд “ Таны дууг зохимжгүй дуулсан байна”, “Таны дууг тоглоод хаячихлаа” гэж байна. Олон хүнхэлж байна. Анхны юм анхныхаараа л байдаг. Тэр хүн надад “Энхбат ахаа, би таны дууг дуулъя” гээд хэлчихэж болно. Жудаг гэж байх учиртай. Бусдын үүрэнд өндөгөө дардаг хөхөө шувуу шиг битгий бай, хөдөлмөрлө зов. Тэгж байж амжилтанд хүрнэ.

-Таны хамгийн их хөдөлмөрлөсөн уран бүтээл юу вэ?

-Бүгдэд нь цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг даа. “Хонгорзул” дуу арав гаруй жил дуулагдаж байна.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийхээр бодож байна?

-Өөрийнхөө хүндэлж явдаг дуучидтайгаа хамтарсан тоглолт хийх бодолтой байгаа. Намраас амжих нь уу. Дуучин хүн сайхан хоолой, авьяастайгаас гадна сайн хүн байх нь чухал. Хүн чанар, хүнлэг сэтгэл гэж байх ёстой. Зарим нь хэт мөнгө хөөгөөд, өндөр тоо хэлээд суудаг. Хэзээ нэг цагт унана шүү дээ.

-Ингэхэд мэдээллийн салбарт хэр орон зай харагдаж байх юм?

–Сэтгүүлч хүн мэдээлэлтэй мэдлэгтэй байж ажиллана. Хөрвөх чадвартай байх ёстой. 1984 онд Говь-Алтайн “Алтайн хөгжил” сонинд анх мэдээ бичиж байлаа. Чандмань сумын ах дүү хоёр илгээлтийн эзэн малчны тухай анхны мэдээгээ бичиж байсан. Аавынхаа ажлын тайлангшөнөжин хамт сууж бичдэг байлаа. Ном их уншина. Найруулан бичих, зохион бичихдээ сайн л байсан. Энэ маш их нөлөөлж байсан байгаа юм.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Бямба-Эрдэнэ: Дроныг өөрсдийнхөөрөө угсраад хөгжүүлэх боломжтой DNN.mn

Дрон кодчилолын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Намвон хотод 2023 оны аравдугаар сарын 7-8нд зохион байгуулагдсан. Монгол Улсын багийн тамирчин “Ulaanbaatar Empathy School” сургуулийн 10в ангийн сурагч Б.Анар-Эрдэнэ дунд ангийн төрөлд гуравдугаар байр эзэлж хүрэл медаль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн 11б ангийн сурагч Н.Хосбаяр ахлах ангийн төрөлд амжилттай оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан. Уг тэмцээнд багаа амжилттай бэлтгэн оролцуулсан МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологийн багш Г.Бямба-Эрдэнэтэй ярилцлаа.

-Юуны өмнө тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд тань баяр хүргэе. Тухайн мөчид юу бодогдож байв?

-Эхлээд бид улсын аваргад түрүүлсэн. Тэгээд тухайн тэмцээнд оролцох эрхээ авсан. Очоод гурав болон дөрөвдүгээр байрт орсондоо сэтгэгдэл өндөр байсан. Зохион байгуулалт ч маш өндөр зэрэглэлийн болсон. Сэтгэл маш хангалуун байгаа.

-Өмнө нь иймэрхүү олон улсын чанартай тэмцээнд орж байв уу?

-Монголд болсон олон улсын чанартай тэмцээнд орж байсан. Гэхдээ яг энэ төрлөөрөө биш өөр төрлийн тэмцээнд оролцож байсан л даа. Би нисгэх чиглэлээр бас хичээллэдэг. 2015 онд Монголд болсон олон улсын тэмцээнд тэр төрлөөрөө орж байсан юм.

Дрон кодчилно гэхээр яг юуг хэлээд байна вэ?

-Дрон яаж явах, яаж нисгэхийг кодоор бичнэ гэсэн үг.

-Монголд энэ төрөл хөгжих хэр боломжтой вэ?

-Монголд хөгжих бүрэн боломжтой. Сая оролцсон тэмцээн ерөнхийдөө боловсрол талдаа байсан болохоор цаашдаа энэ төрлийг Монголд хөгжүүлээд явбал боломжтой.

-Энэ төрлийн зүйлийг сонирхдог хүүхдүүд олон уу?

-Яг энэ төрлийн сургалт өнгөрсөн жилээс эхэлж явсан. Монголд орж ирээд удаагүй байгаа. Гэхдээ тодорхой тооны хүүхдүүд сонирхож судлаад эхэлчихсэн. Мэргэжлийн багш нар ч нэлээд бэлтгэгдсэн.

-Энэ төрлийг хөгжүүлснээр ирээдүйд ямар ашигтай вэ?

-Дроныг газар тариалан, мал аж ахуй, кино зураг авалт, дайн байлдаанд ихээр ашигладаг. Жишээ нь, газар тариаланд тэдэн цагт үрээ цацна, тэдэн цагт усална гэдэг ч юм уу код бичиж өгөөд ашиглаж болно. Мөн Онцгой байдал, цагдаа зэрэг цэрэг хүчний байгууллагад ашиглах боломжтой. Хайгуул хийх, мал хайх гэх мэт зүйлд ч ашиглаж болно. Гал унтраах ч юм уу.

-Манайд дрон үйлдвэрлэх боломжтой юу?

-Үйлдвэрлэх боломжгүй. Харин гаднаас сэлбэгээ авчраад угсарч болно. Сэлбэгүүдэд сэнс, хүлээн авагч, удирдлага гээд монголд хийх боломжгүй л дээ. Харин өөрсдийнхөөрөө угсраад хөгжүүлэх боломжтой.

-Та бүхэн өөрсдөө угсарч үзсэн үү?

-Одоогоор угсарч үзээгүй. Бэлэн дрон аваад кодыг шинээр бичиж суулгасан. Компьютер дээр суурилсан платформ дээр блокуудаа өрөөд коджуулна. Хүүхдэд хамгийн ойлгомжтой блок өрөх нь амар байдаг. Блок өрөөд дроноо өрөх боломжтой.

-Хүүхдүүд хэдэн наснаас эхэлж үүнийг сурах боломжтой вэ?

-Наймаас дээш насны хүүхдүүд сурах боломжтой. Анхан шатанд таван настай хүүхдүүд ч сурч болно.

-Энэ төрлийн сургалтууд явагддаг уу?

-Одоохондоо сургалтууд явж эхлээгүй. Дрон кодчилолын төрлийн олимпиадыг зохиох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд цаашдаа сургалт нээх төлөвлөгөөтэй байна. Монголдоо энэ төрлийг илүү өндөр хөгжүүлэх зорилго бий.

Одоогоор энэ төрлөөр танай сургууль болон 11 дүгээр сургуулиас өөр газарт зааж байгаа юу?

-Манайхаас гадна Улаанбаатар Импати сургууль, 11 дүгээр сургууль, орон нутагт Говь-Алтайн нэг багш хичээллүүлдэг. Манай сурагчид ч бас өөрсдөө энэ төрлөөр бусад хүүхдүүддээ заах боломжтой.

-Суурь хичээлийн шаардлага тавих уу. Ямар хичээлдээ сайн хүүхдүүд дрон код бичих чадвартай байдаг вэ?

-Манай сургуульд бага ангиас нь код гэж хичээл нэмэлтээр ордог. Англи хэлтэй, компьютерт суурьтай хичээл бий. Түүнийг үзсэн байхад асуудалгүй. Тэгээд мөн “Си” гэж комьютерийн тусгай хэл байдаг. Скрач буюу блок өрдөг платформ дээр хүүхдүүд илүү хурдан ойлгож сурдаг. Түүгээр л хүүхдийг багаас нь бэлтгэдэг.

С.ОТГОН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Төгөлдөр: Нойр дутуу байх нь сэтгэл санааны өөрчлөлт, хий үзэгдэл харах зэргээр мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг DNN.mn

Нойр ба сэтгэцийн эрүүл мэнд” эрдэм шинжилгээний хурал түрүүлсэн МУИСийн сэтгэл судлалын IV курсийн оюутан О.Төгөлдөртэй ярилцлаа.

-Нойр яагаад чухал вэ гэдэг тайлбараас ярилцлагаа эхлэх үү?

-Нойр нь хоол хүнс, ус, хүчилтөрөгчтэй адил зайлшгүй хангагдах шаардлагатай хүний хэрэгцээ юм. Нойр нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндтэй бүх талаараа холбоотой. Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Тиймээс нойрыг ойлгох нь сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавихад чухал ач холбогдолтой.

-Нойргүйдсэнээр хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Нойр дутуу байх нь ой тогтоолт, сэтгэцийн процесст сөргөөр нөлөөлдөг бөгөөд сэтгэл санааны өөрчлөлт, хий үзэгдэл харах зэрэг мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Хангалттай нойроо авдаггүй хүмүүс таргалалт, зүрх судасны өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй.

-Нойргүйдэл хүндэрсэн үед юу болох вэ?

-Нойрны хямралтай зайлшгүй холбогддог эмгэг нь хоёр туйлт сэтгэцийн эмгэг. Унтах хэрэгцээ буурч нойргүйдэлд орох нь маниак төрлийн эмгэгийн гол онцлог болдог. Хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн нойр дутуу байх явц удаан үргэлжлэх нь маниакийн үе эхлэхэд хүргэж, өдөөж өгдөг аюултай. Улмаар маниакийн үе нь цаашид нойрыг алдагдуулж, нойргүйдэлд хүргэдэг. Унтах хугацааг уртасгах нь маниакийг эмчлэх, урьдчилан сэргийлэх нэгэн арга юм. Уг эмгэг нь хааяа хэт их унтах, өндөр эрч хүчгүй байх, дотны хүмүүстэйгээ таагүй харилцах, олон өдрөөр нойргүйдэлд орох, сэтгэл гутралд орох, тааруу сурлагын амжилттай болоход нөлөөлөх зэрэг үр дагавартай. Нойрны даавар болох мелатонины идэвхжил буурах нь сэтгэл санааны тогтворгүй байдалд хүргэдэг. Нөгөөтэйгүүр хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн шүүрлээс ялгарах мелатонин даавар буурч, мелатонины түвшин энгийн хүнийхээс илүү гэрэлд мэдрэмтгий болдог. Нэг талаас сэтгэл судлаачдын хийсэн судалгаа, нөгөө талаас анагаахын салбарын судлаачид хийсэн судалгаанууд нойр болон сэтгэцийн процессууд нь нягт хамааралтай болохыг нотолсон байна лээ.

-Мөн нойргүй удаан явснаар сэтгэл санааны дарамтад орох, түгшүүрт автах зэргээр илэрдэг гэж хүмүүс яриад байдаг?

-Түгшүүрийн эмгэгүүд дотроос ерөнхий түгшүүрийн эмгэг ба нойрны хоорондын хамаарлыг хамгийн их судалсан байдаг. Ерөнхий түгшүүрийн эмгэгийн илрэх гол шинж тэмдэг нь мөн адил нойрны хямралтай холбоотой. Нойрсоход хүндрэлтэй байх асуудал нь ерөнхий түгшүүрийн эмгэгтэй хүмүүсийн талаас илүү хувьд нь илэрдэг гэж үздэг. Эсрэгээрээ, нойргүйдэл нь хожим ахмад насандаа түгшүүрийн эмгэг үүсэх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг. Түүнчлэн гэмтэл, осолтой холбоотой байнгын хар дарсан зүүд зүүдлэх, унтахад хүндрэлтэй байх нь гэмтлийн дараах стрессийн эмгэгийн оношилгооны шалгууруудын нэг юм. Нойрны хямрал нь гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй бараг бүх хүнд ажиглагддаг. Томоохон гэмтэл, осолтой холбоотой таагүй дурсамж нь гэмтлийн дараах стрессийн эмгэгийн үед илэрч, тайван унтаж амрахад хүндрэл үүсгэдэг. Тухайлбал, унтаж байхдаа ярих, унтаж байх үедээ хэт их хөдөлгөөн хийх зэрэг шинж тэмдгүүд нь дайнд явсан ахмад цэргүүдэд ихэвчлэн илэрдэг.

-Нойргүйдлийг оношийг хэрхэн тодорхойлдог вэ?

-Нойргүйдлийг зөв оношлох нь үйлчлүүлэгчид үр дүнтэй тусламж үзүүлэх чухал ач холбогдолтой. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд нойргүйдэх эмгэгийг оношлохдоо гурван хүчин зүйл дээр үндэслэж байна. Эхнийх нь, тухайн хүн нойртой холбогдох ямар асуудал өөрт нь тулгарч байгаа гомдол буюу хүний субъектив ойлголтод үндэслэж ярилцлага болон тестийн аргаар оношилж байна. Хоёрдугаарт, өдөр үүсэж болох үр дагавар буюу ядаргаа, анхаарал төвлөрөл муудах, алдаа их гаргах, осолд өртөмтгий болох зэрэг өдрийн үр дагаврыг авч үзнэ. Нойрны чанарт хэдэн цаг унтсан, тогтмол цагт унтаж сэрж байгаа эсэх үзүүлэлтүүдийг авч үздэг. Түүнчлэн нойргүйдлийг оношлохдоо унтах, сэрэх мөчүүдэд нөлөөлж болохуйц сэтгэцийн эрүүл мэнд, биеийн эрүүл мэндийн байдал, өвчний түүхийг харгалзан үзэж иж бүрэн онош гаргана.

-Нэгэнт оношоо тодорхойлсон тохиолдолд хэрхэн эмчлэх вэ?

-Нойргүйдлийн эмгэгийг эмчлэхэд ашигладаг загвар график бий. Нойргүйдэл нь ямар хэмжээнд, одоогийн нөхцөлд хэр эрсдэлтэй, аюултай байгааг ойлгоход тусалдаг. Уг загвар нь нойргүйдлээс урьдчилан сэргийлэх, нойргүйдлийг өдөөх, нойргүйдэлтэй хэвээр байлгаж буй гэж гурван хүчин зүйлийг харуулдаг. Урьдчилан сэргийлэх хүчин зүйлд нойргүйдэлд өртөж болох анхдагч шалтгаануудыг нэрлэдэг. Жишээ нь: нас, хүйс, түгшүүрийн түвшин, гэмтлийн түүх, өмнөх нойргүйдлийн түүх гэх мэт. Дараах хүчин зүйл нь нойргүйдлийг өдөөгч хүчин зүйл юм. Гэр бүл, ажил, сургууль, санхүү, эрүүл мэндтэй холбоотой стресс, мөн ээлжийн ажил, эсвэл байнгын аялах шаардлагатай ажил хийдэг эсэхийг харгалзан үзнэ. Сүүлийн буюу нойргүйдэлтэй хэвээр байлгаж байгаа хүчин зүйл нь тогтмол цагт унтаж сэрэхгүй байх, нойрсож чадахгүй хэт их хугацааг өнгөрөөх, өдрийн цагаар нойрмоглох, нойрондоо санаа зовних зэрэг зан үйлийг багтаан үзнэ. Танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл засал буюу (CBT) нь нойргүйдлийн эмгэгтэй ажиллахдаа хүнийг нойргүйдэлтэй хэвээр байлгаж буй, улам даамжруулдаг ашиг тусгүй итгэл үнэмшил, сөрөг сэтгэл хөдлөл, дасан зохицож, өөрчлөгдөхгүй удсан нэгэн хэвийн зан үйл дээр төвлөрч, өөрчилдөг. Танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл засал нь нойргүйдэлтэй үйлчлүүлэгчид санал болгодог, дэлхий дахинд сэтгэл засалчдын өргөнөөр ашигладаг заслын арга техник юм. Танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл засал нь богино хугацаанд эмийн эмчилгээтэй дүйцэхүйц амжилттай үр дүнг үзүүлдэг. Харин урт хугацаанд тодорхой ахиц дэвшлийг үзүүлэхийн тулд илүү олон бүрэлдэхүүн хэсэгтэй үргэлжилнэ. Нойргүйдэлтэй хүн эмийн бус эмчилгээг илүүд үзэж байгаа тохиолдолд сэтгэлзүйч дээр очихыг санал болгодог. Энэ тохиолдолд танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл заслын арга техникийг ашиглах нь үр дүнтэй.

-Нойргүйдэлтэй хүмүүс өөрсдөө тэрхүү байдлаасаа гарах боломжтой юу?

-Нойргүйдэлтэй хүмүүс унтах цаг ойртох тусам түгшүүртэй болдог. Нойргүйдэлтэй хүмүүсийн зүрхний цохилт, цусны даралт, биеийн температур, кортизолын түвшин нэмэгдэх, тархины глюкозын солилцоо нэмэгдэх зэрэг мэдрэлийн тогтолцоо шөнийн цагаар идэвхжиж нойргүйдэлд хүрдэг. Унтахын өмнө тархины үйл ажиллагаа идэвхжиж байгаа тус үйл явцыг тархин дахь цахилгаан долгионы давтамжийг нэмэгдэж байгаа зүй тогтлоор тогтоодог. Тайвшрах нь симпатик мэдрэлийн тогтолцоог бууруулж оронд нь парасимпатик буюу амрах, хоол боловсруулах автомат хариу үйлдэл үзүүлэх мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлдэг ба гагцхүү хүний оюун ухаан, бие махбодь тайвширсан үед хүн унтаж амардаг. Тиймээс унтахаас дор хаяж нэг цагийн өмнө хүчин чармайлт шаардсан оюуны ажлаас зайлсхийн өөрийгөө амраах, тайвширах зүйлс хийх хэрэгтэй. Эдгээр танин мэдэхүй зан үйлийн сэтгэл заслын техникүүд нь нойргүйдэлтэй хүмүүсийн нойрны тухай буруу ойлголтыг засах, ашиг тусгүй итгэл үнэмшлийг өөрчлөх, унтахад нь саад болж буй асуудлуудыг шийдэх дээр төвлөрснөөр бодит үр дүнг өгдөг.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ цаг-үе

Өнөөлөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 18, Санчир гариг. Билгийн тооллын 5, Элдэв тэнгэртэн одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 08:02 цагт мандан, 17:12 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 1 хэм хүйтэн байна DNN.mn

11-р сарын 18-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРШөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -10…-12 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООРШөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООРШөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Торгуультай жолоочийн автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй DNN.mn

УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулах шатанд ажлын хэсгийн гишүүд “Торгуулиа цаг хугацаанд нь төлөөгүй жолоочийн тээврийн хэрэгслийг торгуулиа төлөх хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцуулахгүй байх” санал гаргасан нь УИХ-ын гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээгээд байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зөрчил гаргасан бол эхний удаад торгох, эсвэл жолоо барих эрхийг хасах, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах юм. Хэрвээ дээрх зөрчлийг давтан үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байгаа юм. Иймээс УИХ-аар хуулийн төслүүдийг эцэслэн баталснаар дээрх зохицуулалтууд хүчин төгөлдөр үйлчлэх боломжтой болно.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд DNN.mn

Манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, хувийн ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдан шалгагдах тохиолдол гарсаар байна. Иймд БНХАУ-ын хилээр ангийн сум хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс тус улсад зорчихдоо ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг ЭСЯ-наас дахин анхаарууллаа.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гурваас дээш жилийн ял оноодог аж.