УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Нүүрсний сонсголын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд та өөрийн хүсэлтээр шинээр орлоо. Сонсголын ажлын явц хэр байна вэ?
-Хаврын чуулганаар Байнгын хорооны даргын үүрэгт ажлыг орлож хийсэн. Тэр үед Байнгын хорооны тогтоол гаргаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээр ахлуулсан Нүүрсний сонсгол хийх Ажлын хэсгийг тухайн үед байгуулсан. Тэр Ажлын хэсгийнхэн зуны хугацаанд ажлаа тэр бүр хийж чадаагүй. Хуулийн дагуу сонсголын ажлын хэсэг тайлан тавьснаар хаагддаг. Энэ утгаараа тэд олигтой ажил хийж чадалгүй хаагдсан. Дараа нь Засгийн газрын санаачилгаар Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Одоо бол Б.Энхбаяр сайд ахлаад явж байна. Х.Нямбаатар гишүүн сонсголын ажлын хэсгээс гарснаар нэг орон тоо бий болсон. Ажлын хэсэг нийт тэдэн гишүүнтэй байна, сөрөг хүчнээс тэд байна гэж баталсан тоо бий. Үүний хүрээнд нэг гишүүний орон зай гарсан. Миний бие хүсэлт тавьж ажлын хэсэгт орсон.
Нүүрстэй холбоотой асуудал дээр төмөр замын асуудал зайлшгүй яригдана. Төмөр замын тээвэртэй холбоотой асуудал яригдаад байгаа юм билээ. Тиймээс энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд төмөр замын асуудлаар мэдээлэлтэй байгаа гэж бодсоны үүднээс Ажлын хэсэгт орсон. Пүрэв гаригт сонсголын ажлын хэсэг хуралдсан. Хуралдаанд яваад ортол “Таны нэр албажиж гараагүй байна” гэсэн. Ингээд би буцаад гарсан. Тиймээс мэдээлэлгүй байна.
Баасан гаригийн чуулганы хуралдаанаар миний нэр албажлаа.
-Нүүрсний сонсголыг явуулна гэсэн хүлээлт олон нийтэд байгаа. Гэвч сонсголын асуудал яригдаад бүтэн жил боллоо. Үүнд та ямар манлайлалтай ажиллах вэ?
-Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Зам, тээвэр, аялал жуулчлалын яамд миний бие төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Нүүрсийг хулгайлахдаа шуудайлаад үүрээд яваагүй нь ойлгомжтой. Автомашин юм уу, төмөр замаар тээвэрлэгдэнэ. Тиймээс тэрхүү хулгай тээвэртэй л холбоотой байж таарна. Хоёрдугаарт, нүүрсний хулгай ихэвчлэн оффтейк гэрээний нууцын хүрээнд явагдсан. Гэрээтэй холбоотой шийдвэрүүд хаанаас гарсан. Шийдвэрийнхээ дагуу зарцуулсан эсэх. Хэр хэмжээний мөнгө зарцуулагдсан. Хэдэн тонн гарсан. Тэр нь ямар шийдвэрийн дагуу гарсан. Хил гаалиар гарсан дүн, уурхайгаас борлуулагдсан дүн хэд байгаа. Дүн нь хоорондоо таарч байгаа эсэх. Дүн нь зөрж байвал тээвэрлэлтийн явцад дутсан уу эсвэл хил гаалиар алга болсон уу гэхчлэнгээр асуудал бий. Тиймээс хүссэн хүсээгүй хил гаальтай холбоотой учраас тээврийн чиглэлд ажиллаж байсан, мэдээлэлтэй байгаа учраас оролцъё гэсэн саналаар орсон.
-2024 оны төсөв сонгуулийн төсөв боллоо. Хэтэрхий зарлага ихтэй байна гэхчлэнгийн шүүмжлэл их бий. Та ямар дүгнэлттэй байна вэ?
-Сонгуулийн төсөв боллоо гээд нэлээд шүүмжлэлтэй л байгаа байх. Сонгуулийн өмнөх жилд хөрөнгө оруулалтууд жаахан нэмэгддэг талтай. Бид тойргоосоо хамааралтай сонгогддог тогтолцооны сул тал энэ шүү дээ. Дорж, Дондог хэн ч сонгогдсон тойргоосоо хамааралтай, тэндээ ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт оруулах гэж гүйдэг. Тогтолцоо нь ингэж ирсэн шүү дээ. Цаашид засагдах байх гэж бодож байна. Энэ жил эдийн засаг таван их наяд төгрөгөөр тэллээ. Үүнийг маш том амжилт гэж харж байгаа. Орлого тэлж орж ирж байна. Монгол Улсын төсөв анх удаа энэ онд 1.8 их наяд төгрөгөөр давж биеллээ. Ковидоос хойш эдийн засгийн нэлээд том өсөлт орж ирж байна харж байгаа.
Жил бүр хөрөнгө оруулалтууд 80 гаруй хувийн биелэлттэй орж ирдэг. Энэ жил энэ хэмжээндээ барих болов уу. Сонгуулийн төсөв баталлаа гээд байгаа. Гэхдээ зайлшгүй хийх ёстой төслүүд суулаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүх аймгаар тойрсон. Энэ үеэр зайлшгүй хийх ёстой, нэн хэрэгцээтэй нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтуудыг иргэдээр эрэмбэлүүлж, төсөвт тусгалаа. 2024 оны төсөв “хот хөдөөгийн сэргэлт” нэртэй орж ирсэн. Би нэрэндээ таарсан төсөв батлагдсан гэж харж байна.
-Дэд бүтэц, эрчим хүчний чиглэлд чухал ач холбогдолтой төсөв болсон гэж мэдээлж байгаа. Яг хаана, хаана зам тавих вэ?
-Замуудад нэлээд ач холбогдол өгч орж ирсэн. Засгийн газраас “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжиж байна. Улаанбаатар хотыг 21 аймгийн төвтэй авто замаар холбосон. Хамгийн сүүлд уржнан Завханы замыг холбосноор аймгуудыг нийслэлтэй авто замаар бүрэн холбосон. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд орон нутаг, аймгуудыг авто замаар зайлшгүй холбох шаардлага гарах шиг боллоо. Энэ талаасаа сүлжээ замууд бий болж, аялал жуулчлал орон нутгийн чиглэлтэй, уул уурхай болон эдийн засаг хоорондын уялдаа холбоо бүсчилсэн хөгжилтэй холбоотой авто замууд нэлээд орж ирсэн.
-Төсөв, мөнгөний бодлого дээр инфляцийг нэг оронтой тоонд барина гэж төсөөлсөн. Гэвч дөрөвдүгээр сараас тэтгэвэр, цалин нэмэгдэнэ. Энэ нь инфляциа өдөөсөн, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулсан бодлого болохгүй юу?
-Эдийн засгийн онолоор бэлэн мөнгөний гүйлгээ орж ирэхээр инфляци нэмэгддэг. Гэхдээ эдийн засгаа тэлэх чиглэлд нэлээд асуудал оруулж ирсэн гэж Сангийн яам тодорхойлж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтууд орж ирэхээр түүнийг дагасан эдийн засаг тэлэлт явагдах ёстой. Энэ тэлэлт нь инфляциа барих ёстой. Үйлдвэрлэлээ барих ёстой. Баялаг бүтээгчдээ дэмжих тодорхой хэмжээний дэмжлэг байх ёстой. Энэ нь инфляциа барих нэг механизм болж байгаа юм. Гэхдээ Сангийн яамны ярьж байгаа, хийж байгаа хоёр нь зөрөөд байгаа. Нэг талдаа эдийн засгийнхаа хөрвөх чадварыг сайжруулах хөрөнгө оруулалтууд хийсэн гэдэг.
Хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг. Хувийн хэвшлийнхэнд банканд мөнгө нь бэлэн байдаг. Хүү нь өндөр байдаг. Тэртээ тэргүй хувийн хэвшлийн хөл нь боогдчихсон байгаа шүү дээ. Хөлнийх нь боолтыг авахын тулд ямар хэмжээний боломж бололцоо байна гэхээр бидний нөгөө л ярьдаг хүнсний хувьсгалтай холбоотой хөрөнгө оруулалтууд орох хэрэгтэй болно. Хөнгөлөлттэй зээлүүд гарах хэрэгтэй болно. Ингэж байж тэдэнд хөдлөх боломж бололцоо нээгдэнэ. Тэгэхгүй болохоор Монгол Улсын хэмжээнд харахаар хэдэн төгрөг төсөвт суулгадаг. Барилга байшин дээр суулгадаг. Түүнийгээ тойрсон хэдэн аж ахуйн нэгжүүд нь гүйцэтгэгчээр орж ирдэг. Түүнийгээ тойроод буцаад нөгөө хэдээсээ татварыг нь авдаг. Дахиад хөрөнгө оруулалтууд ордог. Ингээд л эргэлдээд байна шүү дээ. Баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлого харагдахгүй болчихоод байгаа юм. Үүн дээр ганц, хоёр хөтөлбөрүүд орж ирж байгаа. Тэр хөтөлбөрүүдэд их ач холбогдол өгөх болов уу гэж харж байна. Хүнсний хувьсгал дээр нэлээд ач холбогдол өгье гэж байгаа.
-Инфляцийн 40 хувийг мах, гурил эзэлж байна. Энэ чиглэлд үнэ тогтворжуулах хөтөлбөр ч хэрэгжүүлсэн. Нийслэлчүүдийг хямд махаар хангах, эсрэгээрээ малчдын ганц орлого болох махыг үнэтэй байлгах шаардлага бий. Яг ийм нөхцөлд махны чиглэлд зөв бодлого, гарцыг та хэрхэн хардаг вэ?
-Ганц л гарц бий. Экспортоо нээх ёстой. Одоо бол монгол мал өвчтэй гэдгээр гадаад зах зээл хориотой байгаа шүү дээ. Урагшаа ч, хойшоо ч хориотой байна. Малаа эрүүлжүүлж байж энэ хоригоос гарна. Энд эрүүл бүс гэхчлэн янз бүрийн гарцууд байна. Ямартай ч бид экспортоо нэмэгдүүлэх ёстой. 70 сая малаас ядаж 30 сая нь эргэлтэд орж байх ёстой. Мах гадагшаа гарахаар махны үнэ нэмэгдэж, үнэлгээ эрчимтэй болж ирнэ. Улаанбаатарчууд, хот суурингийнханд махны үнэ өндөр болно. Зах зээлээ дагах ёстой л болж байгаа юм. Гэхдээ арга хэмжээ авахын тулд өнөөх “нөөцийн мах” жилээс жилд явахаас өөр аргагүй. Миний харж байгаагаар ойрын 10 жилд махан дээр үнэ тогтворжуулах хөтөлбөр буюу нөөцийн мах байна. Нөөцийн махан дээр бид алдаа гаргаад байгаа юм. Намар, өдийд Монголд туранхай мал гэж бараг байдаггүй. Жилийн хамгийн тарган үедээ хамгийн хямд байдаг. Хүмүүс малаа нядлаад байна шүү дээ. Энэ үед хамгийн тарган махыг авч нөөцөлдөг схемийг хийх хэрэгтэй.
300-аад тэрбум орчим мөнгө гараад байгаа шүү дээ. УИХ-ын даргын юмны үнийг судлах ажлын хэсэг өнгөрөгч хавар гарч, ажилласан. Тэр үеэр хүмүүс “Танай мах бэлддэг хүмүүс биднээс гуравдугаар зэрэглэлийн үлдэгдэл хуушуурын махыг бөөндөөд аваад явдаг. Тэрийгээ дараа жил нь зардаг” гэж хэлж байсан. Тэр схемийг зөв хийвэл Монголд намар мах хамгийн хямд байдаг. Намар гуравдугаар зэрэглэлийн мах бараг байхгүй байдаг шүү дээ. Тиймээс тэр үед авч хавар зарах ёстой. Хадгалалт, хөргөгчийн багахан зардал нэмэгдэх л байх.
-Төрийн оролцоо их байна гэх шүүмжлэл бий. Нөгөө талаас ченжийн гараар дамжиж байгаа учраас л малчны гар дээрх мах үнэгүй, лангуун дээр хэт өндөр үнэтэй болчихоод байна. Тиймээс түншлэлийг яаж бий болгох вэ?
-“Нөөцийн мах”-ыг хийхээс өөр аргагүй юм билээ. Тогтворжтол төр орохоос өөр аргагүй. Махтай холбоотой бизнес хийдэг хүмүүс намар хямд аваад хавар түүнийгээ тодорхой хэмжээнд үнэд хүргэж таарна. Бидний хувьд ашиггүйгээр намрынх нь үнээр зарж байж зөрүү гарч ирнэ. Хоёрдугаарт, мал аж ахуйгаа дээшлүүлэх хэрэгтэй байна. Одоо бол зэрлэг мал аж ахуйтай яваад байна. Өмнөх жилийн хавар мах их үнэд орлоо. Учир нь хавар нь хүнд болсон. Нядалгаа, худалдаанд гардаг мах байхгүй болчихсон. Тэгэхээр нэмэгдчихээд байгаа юм. Тиймээс нэгдүгээрт нөөцийн махаа бий болгоё. Хоёрдугаарт, мал аж ахуйгаа сайжруулъя. Жишээлбэл, би мянган хоньтой байлаа гэе. Эхний борлуулалтаа намар хийгээд дараагийн борлуулалтаа хавар хийх чиглэл рүү нүүдлийн аж ахуйг шилжүүлэхээс өөр аргагүй. Ингэж хавар махны хангамжийг бүрдүүлбэл махны үнэ тэгтлээ их өсөхгүй. Өнгөрөгч хавар Хүчит шонхор захад биднийг ажиллахад “Өдөртөө 20 гаруй мянган тонн мах орж ирдэг. Энэ хавар таван мянган тонн мах орж ирж байна” гэж байсан. Махны хангамж нь тав дахин буурчихаж байгаа юм. Буурч байгаа шалтгаан нь хавар хатуу болчихож байгаа юм.
Өвөл, хавар нь хатуу болохоор хамаг мал “унаад”, зарагдах малгүй болчихож байна. Тиймээс мал аж ахуйг сэргээж, тогтмол нийлүүлэлт хийх эрчимжсэн мал аж ахуй руу ямар нэгэн байдлаар орох хэрэгтэй болсон. Хэрвээ эрчимжсэн мал аж ахуй руу орвол намрын мах арай жаахан хямд, хавар нь бага зэргийн хэлбэлзэлтэй болж тогтоно. Зах зээлийнх нь зарчим нь энэ. Гэтэл манайд хавар махны нийлүүлэлт бүр байхгүй болчих гээд байна шүү дээ.
-Одоо ч гэсэн тийм л нөхцөл хүлээж байна шүү дээ. Өвөлжилт хүндэрчихлээ?
-Тийм. Малчид одоо хамаг малаа нядалж эхэлж байна. Зоорь, нөөцөд хийх нь хийгээд, бүгдийг нь зарчихаар хавар хангамжгүй болчихоод байна. Тиймээс дээрх хоёр аргыг хослуулахаас өөр аргагүй болчихоод байна. Гуравдугаарт, гадаад зах зээлээ нээх хэрэгтэй байна. Үүнээс өөр арга Монголын нөхцөлд алга.
-Иргэд, аж ахуйн нэгжээ эдийн засгийн чадамжтай болгох аргаа л зөв олох нь чухал байна, тийм үү?
-Иргэд яаж мөнгөтэй болох вэ, яаж аж ахуйн нэгжүүдээ дэмжих вэ. Нэн тэргүүнд аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь босгодог байх, иргэд нь бизнес хийдэг байх, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлдэг байх. Тэндээсээ буцаагаад татварыг нь зөв механизмаар авдаг байх схемээ сайжруулмаар байгаа юм. Явсаар байгаад нэг юман дээр буучихаж байгаа юм. 2016 оноос хойш яавал бид хөгжих вэ гээд дотроо бясалгаж, оролдоод үзээд байна шүү дээ. Тэнд нэг зам хэрэгтэй гэдэг. Замыг нь тавьдаг. Цаашаа явах холбоосгүй, цаана нь хов хоосон байдаг. аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд зам тавьдаг. Мэдээж зам тавьснаар урсгал нь ихэснэ. Тиймээс үйлдвэрлэлийг бий болгох. Импортыг дотоодоосоо нөхдөг байх хэрэгтэй. Үүнээс гадна би монополыг задлах ёстой гэж бодож явдаг.
Жишээлбэл, хүнсний хангамж гэхэд яг хэдэн төрлийн үйлдвэрийг бид хийж чадах юм бэ. Хүнс дээр, хөнгөн үйлдвэрлэл дээр ямар байх юм бэ. Төмс, хүнсний ногоогоо хэдий хэмжээний хангамжтай байлгах. Тэр хангамжийг хэдэн аж ахуйн нэгж, ямар хэмжээний хүчин чадалтай байх вэ. Жишээлбэл, сүүний нийлүүлэлтийн 45 хувийг импортоор нийлүүлж байна. Дотоодоосоо 100 хувь хангахын тулд хэдэн аж ахуйн нэгж Монгол Улсын хэмжээнд байх ёстой вэ гэдгийг тооцоолох ёстой. Дотоодоосоо 100 хувь хангана. Чи сүүний аж ахуйтай бол гэвэл хүн бүр байгуулж чадахгүй шүү дээ. Тиймээс Монгол Улсын хэмжээнд 100 эсвэл 1000 аж ахуйн нэгж зайлшгүй шаардлагатай гэдгээ гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь бүсчилж харах хэрэгтэй. Хоорондоо хэдий хэмжээний зайтай байна гэхчлэнгээр. Дархан, Сэлэнгэ, Улаанбаатарын бүст төдий хэмжээний фермер, тэдэн үхэртэй байх юм байна гэж механикаар дэмжиж бий болгох ёстой. Түүнээс зах зээл өөрийгөө бий болгоно гэж хараад байвал дахиад 20, 30 жил бахь байдгаараа л байх юм билээ.
Ерөөсөө төрийн оролцоогүй юм байхгүй. Аж ахуйн нэгж дэмжлэггүйгээр босоод явна гэж байхгүй. Сангийн сайд болон бусад бүх сайдтай яагаад би маргаад байна вэ гэхээр зах зээл өөрийгөө зохицуулна гээд байгаа юм. Үнэхээр зах зээл өөрөө өөрийгөө зохицуулдаг байсан юм бол 1990 оноос хойш 30 жил боллоо. Хөгжвөл хөгжихөөр л хугацаа өнгөрлөө шүү дээ. Гэтэл аж ахуйн нэгжүүд бүгд л арай гэж хөл дээрээ дөнгөн данган зогсох гэж мэрийж байна. Тиймээс дэмжлэг байх ёстой.
-Бүсчилж байж монополыг задална гэсэн үг үү?
-Жишээлбэл, талхны гурван том үйлдвэр Улаанбаатарыг хангах уу, эсвэл Улаанбаатар хотын өнцөг бүрд нэг нэг айл, аж ахуйн нэгж тэрүүхэн тэр хорооллоо талхаар хангах уу гэдэг бол бодох л асуудал. Гурван аж ахуйн нэгжийн гурван хүнийг дэмжиж гаргаж ирэх үү эсвэл 300 аж ахуйн нэгжийг бий болгож дэмжих үү. Энэ бүрд эдийн засгийн чадавхтай гэр бүл, аж ахуйн нэгж бий болж байгаа биз дээ. Гэхчлэнгээр бодвол зөндөө л юм бий.
-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоход та ямар саналтай байсан бэ?
-100 мянган хүн дэмжинэ гэдэг ардчиллын том зарчим. Нэгэнт шаардлагатай болоод 100 мянган хүн дэмжье гэж байгаа юм. Үүнийг уг нь УИХ-аар сая хэлэлцэх л ёстой байсан юм. Хэлэлцээд 76 гишүүн үгүй гэвэл үгүй л биз. Миний хувьд буцаан олголтыг таван хувь болгохыг дэмжиж байгаа. Учир нь эдийн засгийг өргөжүүлэхийн тулд байх л ёстой зүйл. Аж ахуйн нэгж, иргэд эдийн засгийг авч явна. Жижиг дунд бизнесийнхэн эдийн засгийг авч явна. Тиймээс тэдэнд ажиллах хангалттай боломж бололцоог өгөх ёстой. Таван хувийг буцааж олгоход өнөөдөр алдагдалтай байгаа байх. Хүнд байгаа эдийн засагт жаахан цохилт өгөх байх. Гэхдээ цаад утгаараа эдийн засгийг тэлэх механизмын нэг нь мөн. Зарим нь хэдхэн том аж ахуйн нэгжид ашигтай, бусдад нь ашиггүй гэж байсан. Бага төлсөн бол бага л авна шүү дээ. Их төлж байгаа бол их л авна. Энэ чинь зарчим. Харж байгаад нэг хэсэгт нь их өгчихөж байгаа юм биш. Төлснийхөө хэрээр таван хувиа буцааж авч байгаа юм. Тиймээс энэ зөвхөн том аж ахуйн нэгжид зориулсан хууль биш. НӨАТ-ын таван хувь бол аж ахуй эрхэлж байгаа хүмүүстээ их том дэмжлэг. Аж ахуйн нэгж хөгжөөд хөл дээрээ босоод ирвэл таван хувьтай, хувьгүй явчихна. Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм эдийн засагтаа зөндөө хандив өргөж байгаа аж ахуйн нэгж олон бий. Хангалттай орлого олоод дурандаа өгч байгаа. Тэр хэмжээнд аж ахуйн нэгжүүдээ босгох цаг хугацаа бидэнд хэрэгтэй байгаа юм.
Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүл гээд өнөөдөр шаардаад л байна. Эдийн засгаа хөгжүүлж байж аж ахуйн нэгжүүдээс татвар авах эрхтэй болно. Үнэхээр цалин, тэтгэврийг нэмье гэж байгаа бол татвар авдаг хүрээгээ томсгох хэрэгтэй болно. Хүрээгээ томсгохын тулд татвар төлдөг хүмүүсээ эхлээд чадвартай болгох ёстой. Татвар авдаг аж ахуйн нэгжүүдээ бид дарамт үзүүлээд хөл дээр нь босгож чадахгүй байгаа хэрнээ татвараа нэхэж авах гээд байна.
-Та зам тээврийн салбарт олон жил ажилласан. Тиймээс түгжрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцъя. Эхний ээлжид өнөөдөр олны анхааралд байгаа метро барих төслийн талаар мэдээлэл өгөөч?
-Улаанбаатар хотын эзэмшлийн уурхайг ашиглаж бартердахаар ярьж байгаа юм билээ. Тэр уурхай нь хэзээ ч ашиглалтад орох юм. ТЭЗҮ өндөртэй, үгүйг би сайн мэдэхгүй байна. Тооцоолол хийгээд болно гэж харж байх шиг байна лээ. Энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд эхлээд давхар, тойрог замтай болох хэрэгтэй. Бөглөрөл үүсгэж байгаа энэ олон уулзварыг хоёр, гурван түвшний уулзвар болгох хэрэгтэй. Нэвт явдаг хэд хэдэн давхар замыг бий болгох хэрэгтэй. Ингэж байж түгжрэлээс гарна. Тэгэхгүйгээр метро баримагц машинаа түгжиж хаячихаад метро руу гүйж орох хүн байхгүй шүү дээ. Тиймээс нэгдүгээрт, авто тээврийн хэрэгсэл, авто замын нэвтрэх чадварыг сайжруулах ёстой. Татварын асуудал зөрж орж ирж л байна лээ. Машиныхаа онцгой татварыг нэмэх асуудал яригдаж л байна. Ер нь олон арга хэмжээний нэгдэл л болно л доо. Үүнээс хамгийн том байр суурь эзэлж байгаа нь гүүрэн замын асуудал. Үүнийг хийгээд хоёрдугаарт метро ярих хэрэгтэй. Энэ хоёрыг зэрэгцүүлээд ярьж байгаа нь зөв гэж харж байна. Метрог зоригтой явуулах л хэрэгтэй.
-Хотын төв рүү нэвтрэх бүрд 27 мянган төгрөгийн татвар авах асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Сайн ойлгохгүй л байгаа. Үүнийг манайхан хийж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Төлбөрөө авч чадах уу, үгүй юу. Татвараасаа болоод хотын гадна тээврийн хэрэгсэл тавиад, тийм олон зогсоол барих уу. Тэр олон зогсоолын газар хаана байгаа вэ. Ер нь бууж өгөхгүй л байгаа юм.
Р.ХИШИГЖАРГАЛ