Categories
мэдээ нийгэм цаг-үе

Боршоо боомтоор шатахууны тээвэрлэлт хэвийн явагдаж байна DNN.mn

Увс аймгийн Давст сумын нутагт байрлах хилийн Боршоо авто замын боомтоор өчигдрөөс эхлэн ОХУ-аас шатахууны тээвэрлэлт хэвийн горимоор явж эхэлжээ. Түр хугацаанд тухайн боомтоор орж ирэх шатахууны тээвэрлэлт зогсоод байсан юм. Тэгвэл 11 дүгээр сарын 21-ны байдлаар хоёр автомашин шатахуун Боршоо боомтоор нэвтэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

10 аймгийн 22 суманд зудын эрсдэл үүсээд байна DNN.mn

ОБЕГ-аас Засгийн газрын тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 22 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

Эдгээр сумын нутагт зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа аж.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Төв аймгийн Эрдэнэсант, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Хэнтийн Оргил, Галшар сум багтжээ.

Харин Ховдын Зэрэг, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Завханмандал, Тэс, Баянтэс, Сантмаргац, Архангайн Батцэнгэл, Төвшрүүлэх, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Төв аймгийн Өндөрширээт, Алтанбулаг, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Өндөрхаан, Сүхбаатарын Түмэнцогт, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум цагаанаар зудархуу байдалд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан 61 компанийн жагсаалт DNN.mn

61 компанийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд нэмж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.

Тэрбээр “Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу ирсэн гомдол, төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирүүлсэн саналууд дээр улсын байцаагчид ажилласан.

Одоо байгаа жагсаалт дээр нэмээд, тендерт оролцох боломжгүй нэр бүхий 61 ААН-ийг хар жагсаалтад оруулахаар боллоо. Хяналт шалгалтын ажил хагас жил орчим хийгдсэн” болохыг хэлж байв.

Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсээс “Одоогоор тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэлтэй хугацаа дуусгавар болоогүй 40 хуулийн этгээд дээр дээрх аж ахуйн нэгжүүдийг нэмж бүртгэсэн болно” гээд жагсаалтыг нийтэд ил болголоо.

Эрхээ хязгаарлуулсан этгээдийн нэр, регистрийн дугаар Бүртгэлд хамруулсан үндэслэл Улсын байцаагчийн дүгнэлтийн огноо, дугаар
1 “Констант констракшн” ХХК Мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 21 дүгээр дүгнэлт
2 “Хүрээт нуруу” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 30 дугаар дүгнэлт
3 “Нийслэл-Өргөө” ХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 31 дүгээр дүгнэлт
4 “Ганзосон констракшн” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 32 дугаар дүгнэлт
5 “Зүрконстракшн” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 33 дугаар дүгнэлт
6 “Си Эйч Си” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 34 дүгээр дүгнэлт
7 “Си Би Ай аутсорс” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 35 дугаар дүгнэлт
8 “Тулгатбагана” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.10-ны 39 дүгээр дүгнэлт
9 “Хан-Аттрибут” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.10-ны 40 дүгээр дүгнэлт
10 “Үүрэгтрейд” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.12-ны 43 дугаар дүгнэлт
11 “Изи пэй” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.12-ны 44 дүгээр дүгнэлт
12 “Арцсуврага” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 48 дүгээр дүгнэлт
13 “Пи Си Эф” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 50 дугаар дүгнэлт
14 “Увт-Инвест” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 50 дугаар дүгнэлт
15 “Харүжин” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 52 дугаар дүгнэлт
16 “Эпо” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 56 дугаар дүгнэлт
17 “Энгийн бүтээмж” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 58 дугаар дүгнэлт
18 “Өлзийхутагийн наран” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 59 дүгээр дүгнэлт
19 “Ордхарш” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 60 дугаар дүгнэлт
20 “Соёмбот оргил” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 64 дүгээр дүгнэлт
21 “Бидэртманхан” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 66 дугаар дүгнэлт
22 “Инвестмент трейд энд финанс корпорэйшн” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 67 дугаар дүгнэлт
23 “Сүж ундрага” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 68 дугаар дүгнэлт
24 “Оргил таун констракшн” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 69 дүгээр дүгнэлт
25 “Эрдэнэт констрактив” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 70 дугаар дүгнэлт
26 “Ундрам-Оюу” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 74 дүгээр дүгнэлт
27 “Үнэтхөрөнгө” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 77 дугаар дүгнэлт
28 “Барга хайрхан” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 78 дугаар дүгнэлт
29 “Юнайтед мерес машинери” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 79 дүгээр дүгнэлт
30 “Аркосис” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 80 дугаар дүгнэлт
31 “Богд бриллиант” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 81 дүгээр дүгнэлт
32 “Баясгалант-Охь” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 83 дугаар дүгнэлт
33 “Тэнүүн хас сар” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 84 дүгээр дүгнэлт
34 “Артэрэгч” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 85 дугаар дүгнэлт
35 “Оллмастерс” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 86 дугаар дүгнэлт
36 “Цэлмэг-Ази” ХХК / Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 88 дугаар дүгнэлт
37 “Лха-Амир” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 89 дүгээр дүгнэлт
38 “СБГС” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 90 дүгээр дүгнэлт
39 “Ти эм ти моторс” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 91 дүгээр дүгнэлт
40 “Баянмогод” ХХК / Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 92 дугаар дүгнэлт
41 “Органиксолюшнс монголия” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 93 дугаар дүгнэлт
42 “Тералинк” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 94 дүгээр дүгнэлт
43 “Люкс групп” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 95 дугаар дүгнэлт
44 “Номунзаяа” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 96 дугаар дүгнэлт
45 “Голландбайшин” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 97 дугаар дүгнэлт
46 “Жанцан ЗЭМО” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 98 дугаар дүгнэлт
47 “Ай Ди Си проперти” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 100 дугаар дүгнэлт
48 “Хансуун зам” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 102 дугаар дүгнэлт
49 “Чайна гео инженеринг корпораци” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 103 дугаар дүгнэлт
50 “Юу Би Жи” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 104 дүгээр дүгнэлт
51 “Улаанбаатар ариутгал” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 105 дугаар дүгнэлт
52 “Хунтхайрхан” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 106 дугаар дүгнэлт
53 “Назупроперти” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 110 дугаар дүгнэлт
54 “Динатос” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 113 дугаар дүгнэлт
55 “Хашхан” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 114 дүгээр дүгнэлт
56 “Агардүнз” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 118 дугаар дүгнэлт
57 “Эталонхэмжүүр” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 119 дүгээр дүгнэлт
58 “Тамгаттайж констракшн” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 122 дугаар дүгнэлт
59 “Лэдсити” ХХК Гэрээний үүрэг биелүүлээгүй Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 123 дугаар дүгнэлт
60 “Мурап” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 127 дугаар дүгнэлт
61 ““Урбан брэнд” ХХК Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 128 дугаар дүгнэлт

Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг дараах хаягаар үзэх боломжтой. https://www.tender.gov.mn/mn/bidder/blacklist?supplierName=undefined&page=4

 

Эх сурвалж: ЗГХМОНХА 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Ж.Оюун: Газрын ховор элементээр 40 жилийн өмнө эрдмийн зэрэг хамгаалсан анхны хүн болоод байна DNN.mn

Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунтай газрын ховор элементийн талаар ярилцлаа. Тэрбээр одоогоос нэгэн жарны өмнө буюу 1966 онд Эрхүүгийн их сургуулийн химийн ангийг төгссөн газрын ховор элементээр бүтэн 60 шахам жил судалгаа хийж буй Монголын нэртэй эрдэмтдийн нэг юм.

-Та бол газрын ховор элементээр гадна дотнын эрдэмтэн судлаачидтай амьдралынхаа туршид ажилласан хүн. Тиймээс өнөө цагт жинхэнэ түүх өгүүлэх хүний нэг болоод байна л даа. Эхлээд хоёулаа ховор элементийн нээгдсэн түүхийн талаар ярих уу?

-Газрын ховор элементүүд гэдэг нь Менделеевийн үелэх системийн 57-71 дүгээрт бичигдсэн лантануудын бүлгийн элементүүд. Эдгээр нь сансрын солироос эхлээд эх дэлхийн цөм хүртэл эрдэс чулуулаг, ус, хөрс, ургамал, хүн амьтны организмд өчүүхэн хэмжээгээр сарнин тархсан. Байгаль дээрх бүх элементийн тавны нэг нь газрын ховор элемент байдаг гэж Францын химич Ж.Урбен тооцоолсон байдаг. Газрын ховор элементийг зөвхөн нээх ажил 1794 оноос 1907 он хүртэл 113 жил үргэлжилж Европын хэд хэдэн үеийн олон суут эрдэмтэд химичдийн нөр их хөдөлмөрөөр бүтээгдсэн. Нэгийг нь нөгөөгөөс нь олсоор 15 шинэ элемент нээсэн.

Сүүлд эрдэмтэд хоёр элементийг шинээр нээсэн. Тухайлбал, лантаны бүлгийн 61 дүгээрт байрлах промети нь байгальд бараг олддоггүй, анх илрэц төдий олж шинж чанарыг нь тогтоосон байдаг. Орчин үед прометийг ураны задралаар гарган авч байна. Нөгөөх нь үелэх системийн гуравдугаар бүлгийн иттри ба сканди.

 

олон шинж чанараараа төстэй. Газрын ховор элемент нь өөр хоорондоо усны дусал шиг адилхан шинж чанартай. Тэдгээрийг бие биеэс нь ялгаж цэвэрлэх нь хими технологийн хамгийн их хөдөлмөр, мэдлэг зарцуулах хүнд ажил. Үндсэндээ бүтэн зууны турш үргэлжилж 19 дүгээр зууны эхэн үеэс эдгээр элементийн онцгой өвөрмөц чанаруудыг илрүүлснээр орчин үеийн нано технологийн үндсэн түүхий эд болж байна. Аливаа улс орны үйлдвэрүүдэд газрын ховор металлуудыг хэрхэн ашиглаж байгаагаар нь тухайн улсын хөгжил, эдийн засгийн өсөлт, хүчин чадлыг үнэлэх болсон.

-Монголд хэзээнээс судалж эхлэв?

-1960-аад оны дунд үеэс Орос-Монголын геологийн хамтарсан экспедицийн судалгаагаар говийн болон баруун бүс нутгуудад хүдэржилт бүхий илрэцүүд тогтоогдсон. Дорноговь аймгийн Лугийн гол, Өмнөговь аймгийн Мандал-Овоогийн Мушгай худаг, Ханбогд сумын Ханбогд уул, Ховд аймгийн Мянгад сумын Халзанбүргэдэй, Увс аймгийн Хяргас нуурын хойд Улаан толгой, Шар толгой зэрэг газрууд. Энэхүү түүхэн ажлын анхны судлаачид нь В.И.Коваленко, В.И.Самойлов, И.В.Владыкин, Монголын нэрт эрдэмтэн Б.Лувсанданзан, Ц.Гүндсамбуу, Ц.Цэдэн зэрэг геологич мэргэжилтнүүд байлаа. Ханбогд сумын нутагт орших Ханбогд хайрхны бүс нутаг нь газрын ховор элементүүд агуулсан шүлтлэг цирконт боржингийн хүдэржилттэй, төрөл бүрийн ховор эрдсээр баялаг, өвөрмөц сонирхолтой газрыг гадаад дотоодын судлаачид гайхан биширч, Монголын төдийгүй дэлхийн “Эрдсийн музей” гэж нэрлэсэн. Ханбогдоос геологичид урьд өмнө нь шинжлэх ухаанд шинэ эрдэс анх олж, Монгол Улс олон улсын минералогийн холбоонд уламжлан “Монголит” нэрээр бүртгүүлсэн. Мөн дэлхийд ховор байдаг элементүүд агуулсан армстронгит эрдсийг Ханбогдоос олсон. Геологич, академич Б.Лувсанданзан судалгааныхаа ажлаар геохимийн процессор микроклин альбитын шүлтлэг боржингийн массивын хүрээнд криолит эрдэсжилтийн явцад газрын ховор элментийн тогтвортой комплекс нэгдэл үүсч, улмаар ижил төстэй ховор элементүүд ба хөнгөн цагаан цахиурын ялгарал хуримтлал бий болдог тухай онолын шинэ дүгнэлт гаргасан. Энэ нь Ханбогд болон Халзанбүргэдэйн ордуудад батлагдсан. Лувсанданзан гуайн энэ онол шинжлэх ухааны нээлт болж 1985 онд түүнд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээж байсан түүхтэй.

-Бутачийн Лувсанданзан гуай бол Монголын геологийн алтан хуудсыг нээсэн хүний нэг яах аргагүй мөн байх. Тэртээ 1940-өөд оны дунд үед Шинжлэх ухааны хүрээлэнгийн геологийн тасгийн эрхлэгчийн албыг хашиж байсан байдаг. Харин 1960-аад оны сүүлээс 1990-ээд оны эхэн хүртэл ШУА-ын Геологийн хүрээлэнгийн захирлын албыг хашсан. Энэ эрхэм хүнтэй хамт ажиллаж байснаа дурсахгүй юу?

-Тийм ээ, Лувсанданзан гуай үнэхээр геологийн төлөө төрсөн хүн байлаа. Энэ хүний ачаар ШУА-ийн Геологийн хүрээлэнд лаборатори байгуулсан. Миний бие Эрхүүгийн их сургуулийн химийн ангийг 1966 онд төгссөн. Ирээд Геологийн төв лабораторид химийн судалгааны инженерээр найман жил ажилласан. Эрдэнэт үйлдвэрийн химийн найрлагыг хийж байсан. Найрлаганыхаа дээжийг Эрхүүгийн их сургуулийн ховор элементийн хяналтын газар руу явуулаад тэнд таарсан бол цалин өгдөг, тийм л хатуу үе байлаа. Ингээд дараа нь Геологийн хүрээлэнд лабораторийн суурь бий болсон нь ийм учиртай. ШУА-д би тасралтгүй 20-иод жил ажилласан. 1990-ээд оны эхээр Б.Чадраа гуай Технологийн дээд сургууль байгуулж, Лувсанданзан гуайд хэлээд намайг тус сургуулийн декан болгож байсан. Физик, хими, биологи, математик гэсэн байгалийн шинжлэх ухааны том суурь тэгж Технологийн дээд сургууль буюу дараа нь Улаанбаатарын их сургууль болсон тэр сургуульд тавигдсан. Лувсанданзан гуай “Чамайг Чадраа авна гээд байна, чи яв даа хүү минь. Харин тэгэхдээ чи хүрээлэнгээс энэ лабораторио аваад яв. Энийг чинь чамаас өөр ажиллуулж мэдэх хүн байхгүй” гэж хэлсэн. Ингэж би өөрийн байгуулсан газрын ховор элементийн лабораторио Улаанбаатарын их сургуульд авчирсан түүхтэй. “Энэ лаборатори хамгийн чухал шүү. Улс орны ирээдүйн хувь заяа шүү. Геологийн бүх юмыг энэ улс орон чинь Оюуны байгуулсан энэ лабораторийн хүчинд мэдэхтэйгээ болсон шүү, битгий устгаарай” гэж аминчлан захисан.

-Алдарт геологич Яншин гэж хүн Монголд Ширэндэв гуайн урилгаар ирсэн байдаг. Тэр хүн таныг газрын ховор элементтэй “уяж” өгсөн тухай та хэлдэг?

-Энэ хүн газрын ховор элемент гэдгийг надад яалт ч үгүй өгсөн хүн. Ширэндэв гуайд хэлээд, бүр Цэдэнбал даргад захиа бичнэ гээд. Монголд газрын ховор элемент алт мөнгөнөөс илүү үнэтэй, улс орны хөгжилд энэ л хэрэгтэй гэдгийг тэр хүнд 60-аад жилийн өмнө мэдэж байжээ. Хөдөөгүүр олон хоног геологийн экспедицээр явж ирээд “Би чамайг танилаа, чи үүнийг гарцаагүй чадна” гэж надад газрын ховор элементийг өгсөн. Яаж дээж авахаас өгсүүлээд бүгдийг зааж өгсөн. Надад сайн багш олж өгнө гээд Н.Н.Басаргин гэдэг еврей хүнийг олж өгсөн. “Бага агуулгатай газрын ховор элементийг органик урвалжаар шингээж авах нь” гэдэг сэдвээр би 1984 онд Москвад Ломоносовын их сургуулийн салбар сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан. Нялх нойтон хүүхдээ орхиж гэр бүлээсээ хол долоон сар зүтгэж байгаад газрын ховор элементээр эрдмийн зэрэг хамгаалсан. Газрын ховор элементээр эрдмийн зэрэг хамгаалсан Монголын анхны хүн. Миний бие 1974-1985 онд хамтарсан геологийн экспедицийн хээрийн олдворууд газрын ховор элементүүд агуулсан дээж материалуудыг боловсруулах, бүтэц найрлагыг тодорхойлох физик-химийн шинжилгээний ажлуудыг ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн геохимийн лаборатори, Эрхүүгийн болох Москва хотын геологи, геохими, химийн лабораториудад хоёр талын химичид хамтран гүйцэтгэж, химийн, хромотографийн, спектрийн, рентгений нейтрон идэвхжилийн зэрэг физик, химийн аргуудаар хийж байв. Ийнхүү Монголд газрын ховор элемент агуулсан дээрх хүдэржилтийн бүсүүдэд гурван орд 40 гаруй илрэцүүд тогтоогдсон юм. Энэ шинжилгээний ажилд эхнээс нь миний бие химич Д.Мижид, физикч Д.Доржханд нарын хамт өнөөг хүртэл дагнан судалгаа хийж байна. Энэ хугацаанд манай мэргэжилтнүүд эрдэс чулуулаг дахь бага агуулгатай газрын ховор элементийг органик полимерт урвалжаар шингээн химийн аргаар баяжуулан нийлбэрээр нь тодорхойлж дараа нь хромотографийн аргаар нийлбэрээс нь нэг бүрчлэн ялгах химийн шинжилгээний хурдавчилсан шинэ арга боловсруулж баталгаажуулан судалгааныхаа ажилд нэвтрүүлсэн. Энэ ажилд зориулж газрын ховор элементийг шингээх чанартай 16 шинэ урвалжийг миний бие лабораторийн нөхцөлд гарган хэрэглэж байна.1980-1985 онд Лугийн голын Төгрөгийн бүсэд Монгол-Польшийн геологийн ангиуд ажиллаж монгол ангийн дарга Батболд, геологич Адъяа, гидрогеологич Өнөрдэлгэр, Польшийн геологич Ян Уберн нар судалгаа хийж, карбонатитын хүдэрт газрын ховор элементийн нийлбэр оксид 1.5-1.7 хувь агуулгатай, 80 метрийн гүнд 200 мянган тонн нөөцтэйг тогтоож байсан.

-Улаанбаатарын их сургуульд лаборатори бий болгосноо та түрүүнд цухас дурдлаа. Энэ тухайгаа жаахан тодруулаач. Одоо таны лаборатори хаана байна?

-1992 оноос бид ШУА-ийн дэргэд байгуулагдсан Технологийн дээд сургууль буюу Улаанбаатарын их сургуулийн химийн тэнхимийн хөтөлбөрт Эрдсийн түүхий эдийн технологи, газрын ховор металлуудын баяжуулах технологи хичээлүүдийг сургалтын хөтөлбөрт оруулсан. 2009-2011 онд тус сургуулийн химийн тэнхим нь газрын ховор элемент агуулсан карбонатит, апатитын хүдрээс газрын ховор элементийн баяжмал бэлтгэж түүнээс зарим элементүүдийг ялгаж цэвэршүүлэн люминофорын цэвэр исэл гаргах эрдэм шинжилгээний сэдэвт ажлын төсөл хэрэгжүүлж, хээрийн болон лабораторийн ажилд оюутнуудыг хамруулан судалгаа шинжилгээг биечлэн хийж байсан нь мэргэжилтэн бэлтгэхэд үр дүнгээ өгсөн. Төгсөгч оюутнууд дипломын ажлаараа Лугийн голын карбонатит, Мушгайн апатит, Халзанбүргэдтэйн боржингоос газрын ховор элементийг нийлбэрээр ялгаж тодорхойлох, хүдрийн бус материал Хар ус нуурын элснээс циркон ялгаж тодорхойлох, чулуун солирыг тодорхойлох зэрэг олон сонирхолтой сэдвээр судалгааны ажил хийсэн юм. Үүний зэрэгцээ бид орчин үеийн дэвшилтэт нанотехнологийн шинэ арга Монголын уламжлалт технологид суурилан боловсруулсан хэт ханасан тогтвортой хийн уусгагч, нэвчигч чанарт үндэслэн туршилт явуулж карбонатитын хүдрээс нанокопозит шинэ материал 99.8 хувь цэвэршилттэй сүүн хүчлийн кальци, лютеци электронмикроскопоор баталгаажуулсан. Хими технологич мэргэжлээр төгссөн олон шавь маань Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Оюу толгойд ажиллаж байна. 2011 онд Улаанбаатарын их сургуулийг МУИС-д нийлүүлнэ гэсэн дуулианаар судалгааны ажлын идэвх суларсан нь харамсалтай. Улаанбаатарын их сургуулийг сүүлд МУИС-тай нэгтгээд байранд нь хууль хүчнийхэн орчихсон. Би лабораторийнхоо бүх юмыг нэг өрөөндөө хураачихсан. Лувсанданзан гуайнхаа аминчилж захиснаар “амийг нь барьчихгүй”-г хичээж сууна. Нас өндөр ч боллоо. 80 гараад явчихлаа. Энэхүү лабораторийн ачаар миний бие Геологийн төв лабораторийн ахмад мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг, Д.Доржханд, Б.Цэндээ нартай газрын ховор элементийн гурван том ордын эрдэс чулуулгаар гурван төрлийн найрлагын стандарт загвар тус бүрийг 40 гаруй элементээр олон улсын түвшинд бэлтгэж, Монгол Улсын стандартаар баталгаажуулсан нь монгол орны ховор элементийг судлах технологи бэлтгэх ажилд чухал ач холбогдлоо өгсөн. Хамгийн гол нь гадаадын компаниудтай гэрээ хэлэлцээ хийх, хамтран ажиллах олон талт ажилд бидний хийсэн шинжилгээ чухал бүтээл болсон юм.

-Газрын ховор элемент энэ зууны хэрэглээ гэгдэж буй. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Газрын ховор металл Эрбий 0.4-0.6 хувийн оксидоор атомын цахилгаан станцад ураныг 2-2.6 дахин баяжуулахад атомын цахилгаан станцын зөвхөн нэг блокт сая гаруй долларын хэмнэлт гарах болсон. Гадолини ба циркон нь атомын цахилгаан станцын реакторт нейтроныг шингээгч болж цөмийн гинжин урвалыг зохицуулж удирддаг. Тэрчлэн сүүлийн лантан, цери, неодим, празеодим зэргээр тусгай зориулалтын шил хийх, церийгээр хортой хий саармагжуулагч шүүгч катализатор бэлтгэх, диспрозигоор машины хөдөлгүүрийн эд анги хийх, самари ба неодимоор сансрын техник пуужингийн тогтмол соронзон суурь бэлтгэх, иттрийг өндөр температурын хайлшийг зэврэлтээс хамгаалах бүрхүүл болгох, мөн агаарын техникийн нарийн багаж төхөөрөмж хийх зэргээр техникийн гол түүхий эд болж байна. 1990-ээд оноос газрын ховор металлуудыг цэврээр ялгаж орчин үеийн нанотехнологи, цахим техник радиоэлектроникийн үйлдвэрүүдэд люминофор идэвхжүүлэгч, телевизор компьютерийн шингэн талст дэлгэц, хатуу диск зэрэг үндсэн түүхий эдээр хэрэглэх болов. Диспрози, европи, терби, неодим, иттри зэрэг таван металлыг АНУ энергийн чухал ач холбогдолтой гэж олборлох асуудалд онцгой анхаарах болсон. Эдгээр металлуудаар цахилгаан автомашин, нарны энергийн фотовольтын нимгэн хальс, флюоресценцийн ламп хийх, мөн платины бүлгийн металлууд, гели, лити, рени, мөн германи, селен, теллур зэрэг металлуудыг нарны энергийн түүхий эд бэлтгэх биметаллын хайлш гаргах үйлдвэрт ашиглаж байна. Манайд алттай эн зэрэгцэх эрдэс бол циркон, газрын ховор элементийн төрөлд ордог. Ихэвчлэн магмын гаралттай боржин пегматит эрдсүүдэд байх бөгөөд газрын ховор элементийг агуулж, гафни, ниоби, танталтай хамт Ханбогд, Халзанбүргэдэйн хүдэржилтэд байдаг. Атомын цахилгаан станцид циркон нь нейтроны хортой цацрагийг шингээгч цорын ганц металл бөгөөд ураны найдвартай бүрхүүл болдог. Цирконыг дээр үеэс эм эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэж, цирконтой газар нутгийг тусгай хамгаалалтад авч дархалж байжээ. Иттрийн хөнгөн цагаантай үүсгэсэн бага хувийн жинтэй, бат бөх чанартай хайлш нь ирээдүйн агаарын болон сансрын техникийн гол материал болдог. Түүний нэгдлүүдийг пуужингийн түлшинд хэрэглэх боломжтойг судалгаагаар илрүүлсэн. Мөн газрын ховор элементийг хар болон өнгөт металлурги, силикатын аж үйлдвэр, радио техник, квантын электроник цөмийн техникт хэрэглэж байна. Нэг тонн ганд 2 кг газрын ховор элемент нэмэхэд бат бөх болж давтагдах чанар нь эрс сайжирдаг. Газрын ховор элменттэй үүсгэх металлын хайлш нь хөнгөн бат бөх учир нисэх онгоцны хөдөлгүүрийн эд анги, түрэлтэт хөдөлгүүр, хиймэл дагуулыг үйлдвэрлэхэд тус тус хэрэглэж байна.

Шинэ зууны шинжлэх ухаан үйлдвэрлэлийн цахим хөгжлийг газрын ховор металлгүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд эдгээр металлууд нь шинэ наноматериал, нано бүтээгдэхүүн, нано эмийн гол донор болж байна.

-Нэг тонн хүдрээс нэг грамм ч хүрэхгүй газрын ховор элемент авдаг. Нэг грамм зүйл авахын тулд бүхэл бүтэн уулыг нураах нь дэмий. Үүний оронд бага оврын үйлдвэрийн аргыг ашиглах хэрэгтэйг та хэлж байсан?

-Монгол Улсад газрын ховор металл агуулсан хэд хэдэн газар ордын түвшинд үнэлэгдэж 40 гаруй илрэцүүд тогтоогдсон ч тэдгээрийг олборлож, боловсруулж ашиглах нь бусад ховор, өнгөт, үнэт металлуудаас өвөрмөц онцлогтой. Байгальд нэн сарнимал байдалтай тархсан байхаас гадна геологи, геохими, физик химийн чанаруудаараа органик бус химид багтдаг бусад бүх төрлийн металлуудаас эрс өөр ялгаатай шинэ салбарт ордог. ГХЭ-ийг олборлох ашиглах технологийн онцлог нь олон мянган тонноор баяжмал гаргах гэж уул хадыг тэсэлж хүчтэй техник хэрэглэх шаардлагагүй. Нэг тонн хүдрээс нэг грамм ч хүрэхгүй газрын ховор металл авах нь олонтаа таарна. Харин байгаль орчинд асар их аюул учруулна. ГХЭ-үүд нь уран, тори, стронци зэрэг цацраг идэвхит элементүүдтэй хамт байдаг. ГХЭ-ийн олборлолтыг нүсэр том уулын үйлдвэрийн аргаар бус хэсэгчилсэн бага оврын үйлдвэрийн аргаар өөрсдийн дотоод хүчээр жилд таван мянгаас 10 мянган тонн баяжмал гаргах хүчин чадалтай төхөөрөмжөөр тооцоолох нь байгаль орчинд аюулгүй, эдийн засгийн хувьд илүү ашигтай. Мөн нэг харамсалтай зүйл нь манай улсад мэргэжилтэн бэлтгэх, улсын стратеги төлөвлөлт байхгүй болсноос хуульч, эдийн засагч нягтлан бодогч, бизнес удирдлага аялал жуулчлалаар ихэнх нь мэргэшиж ажилгүйчүүдийн тоо өсч, үүнтэй зэрэгцэн техник технологийн мэргэжилтэн ховордож, эх орны байгалийн түүхий эдийн баялаг эзэнгүй болж нүүрс, нефть, хайлуур жонш, төмрийн ба цайрын хүдэр зэрэг олон ашигт малтмалууд, тэдгээрийн баяжмалуудтай хамт газрын ховор металлууд олон арван жил экспортод үнэгүй гаргасаар байх юм. Тодруулбал, Монголын баруун, өмнө, зүүн бүсүүдээр элбэг байдаг хайлуур жоншийг ухаж нүүрсний нэгэн адил гадагш нь чөлөөтэй зөөсөөр байна. Жоншны уурхай нэртэй компани хүмүүс 20.35 мян га газар эзэмших эрхтэй гэсэн нэрийн дор ямар ч боловсруулалт хийхгүй жоншийг түүнд агуулагдах 10 гаруй газрын ховор элементтэй нь зарсаар даруй 50 гаруй жил болж байна. Энэ бол улс оронд маш том хохирол, тооцоолж үзэхийн аргагүй. Хайлуур жоншинд 10 гаруй газрын ховор элемент агуулагддаг. Үүнийг гаднаас нь хараад өнгөөр нь таньж болно. Хайлуур жонш нь ягаан, ногоон, шар, хүрэн, цэнхэр гээд янз бүрийн өнгөтэй байна. Өнгө бүр нь газрын ховор элементийг ялгаж заадаг. Хайлуур жоншоо гадагш нь гаргаж дуусахаас өмнө энэ асуудалд улс орны удирдлагууд анхаарал хандуулаасай.

Ярилцсан Н.Г

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна DNN.mn

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас дээрх аймгийн 27 суманд 165 удаагийн дуудлагаар 307 хүн төөрсөн, сураггүй болсон.

Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэж, 08:00 цагийн байдлаар 252 хүнийг эсэн мэнд оллоо.

Харин Дорноговь аймагт 15, Дорнод 3, Хэнтий 2, Сүхбаатар аймагт 35 буюу нийт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Удахгүй болох жагсаалуудыг АН биш МАН-ын тойргийн гадна гарсан гишүүд зохион байгуулах сурагтай DNN.mn

Удахгүй жагсаал болно гэж зарим хэвлэл мэдээлэл, цахим орчинд мэдээлж байна. Өнгөрсөн жилийн өдийд иргэд, залуучууд нүүрсний хулгайч нарыг ил тод болгож, хариуцлага тооц гэж олон хоног төв талбайд жагссан. Тэр хэв маягаар ирэх 12 дугаар сард улс төрийн янз бүрийн эрх ашгийн нөлөөлөл орсон цөөнгүй жагсаал болох нь тодорхой. Харин хэн, хаанаас зохион байгуулах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Гадуур хөвөрч буй мэдээллээс харахад удахгүй болох жагсаалыг Ардчилсан намын зүгээс зохион байгуулна гэдгийг дурджээ. Гэхдээ энэ бол цахим орчинд явдаг бодит бус мэдээлэл. Харин бодит үнэнд ойртсон мэдээллийг улс төрийн хүрээнийхэн болоод иргэний нийгмийнхэн хэлэх боллоо. Удахгүй болох жагсаалуудыг АНбиш МАН-ын тойргийн гадна гарсан гишүүд зохион байгуулна гэдгийг тэд хэлж байна. Ардчилсан намын хувьд дотоод асуудлаа саяхнаас нэг юм шийдэж, учир начраа ололцож яваа улс төрийн хүчин. Удахгүй сонгууль болох дөхсөн тул намын бүтэцдээ анхаарч байгаа. Тэд жагсаал зохион байгуулъя гэсэн ч санхүүгийн болоод улс төрийн нөхцөл байдал хязгаарлагдмал байна. Тэр дундаа сонгууль дөхчихсөн энэ үед жагсаал санхүүжүүлэн, зохион байгуулж байхаар намын бүтэц, эв нэгдэлдээ цаг зав, хөрөнгө хүчээ зориулъя гэж ажиллаж байгаа нь тодорхой. Тэгвэл удахгүй болох жагсаалыг хэн зохион байгуулж, санхүүжүүлэх вэ. Хэн улс төрийн тоглолтыг эхлүүлэх вэ гэдэг нь сонирхол татаж буй. МАН-ын тойргийн гадна гарсан улстөрчид өмнөх болон одоогийн парламентаас цөөнгүй бий. Мөн ирэх сонгуулиар тойрогт болон намын жагсаалтаар өрсөлдөх боломж нь хаагдсан, бүр намаасаа хөөгдсөн гэх МАН-ын улстөрчид цөөнгүй. Тухайлбал, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Г.Ганболд, Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар, Н.Энхболд нарын гишүүд байна. Эдгээр гишүүдийн зарим нь УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Зарим нь одоо хуулийн байгууллагаар шалгагдаж яваа. Дийлэнх нь МАН-ын нэрээр дахин улс төрд гарч ирэх боломжгүй нэг ёсондоо тойргийн гадна гарсан гишүүд хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Эдгээр улстөрчид удахгүй болох жагсаалын гол авторууд нь байхыг ч үгүйсгэхгүй гэж байна. Ямартай ч ирэх сард улс төрийн халалт, нийгмийн бухимдалтай зэрэгцсэн хэд хэдэн жагсаал болох нь гарцаагүй үнэн. Тэр бүхний цаад зорилго юу байна, хэн зохион байгуулж, хэнийг өмнөөсөө турхирч байгааг бид хэрсүү ажиглах л үлдлээ.

                                                                       М.ОРГИЛ                                                      

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч С.Амаржаргал: Нүүрсний хулгайг шүүхээс өмнө авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүхээ байгуулах хэрэгтэй DNN.mn

Улс  төр судлаач, хуульч С.Амаржаргалтай дагнасан шүүх байгуулах асуудлын хүрээнд ярилцлаа.

-Засгийн газрын тэргүүн энэ жилийг авлигын эсрэг жил болгон зарласан. Одоо он гарахад сар гаруй хугацаа үлдлээ. Үндсэндээ 2023 он шувтарч байна. Улс төр судлаач хүний хувьд Монголын авлига буурсан гэж харж байгаа юу?

-Юуны өмнө бусад орнуудын авлигын индексийг нэг хараарай. Манайх шиг огцом ухралттай орон нэг ч байхгүй байгаа. Бусад орны хувьд тэр дундаа манайх шиг авлигын эрсдэл өндөртэй орнууд болох Турк, Беларусь, Болгар зэрэг улсуудын авлигын индекс өсөхдөө нэг, хоёр байраар ухардаг. Харин буурахдаа огцом буюу 5-10 байраар урагшилдаг. Юу гэхээр Турк жишээ нь 180 орноос 100-д орсон байлаа гэж бодъё. Тэгвэл авлигын эсрэг арга хэмжээ авсанаараа ирэх жил нь 90 рүү бүр 80 руу ороод ирэх жишээтэй. Үүнийг огцом бууралт буюу урагшлалт гэж байгаа юм. Гэтэл манай орны авлигын индексийн бууралт удаашралтай буюу 1-2 байхад өсөлт нь огцом буюу 5-10 байраар явагдаж байна. Тэгэхээр бусад орны хувьд авлигал адилхан байгаа ч зоригтой тодорхой шийдвэрүүдийг гаргаснаараа авлигын индексээ огцом урагшлуулж чадаж байна.

-Авлигатай тэмцэх тогтолцоо нь өөрөө буруу байна уу?

-Харин манайд тодорхой зоригтой шийдвэр гаргадаггүй учраас авлигын индекс нь буурахдаа удаашралттай байна. Өөрөөр хэлбэл бидний авлигатай тэмцэх хөтөлбөр, бодлого зохицуулалт, тогтолцоо маань буруу, үр дүнгүй байна гэсэн үг. Өнгөрсөн 2021 онд Монгол Улс авлигын индексээрээ 180 орноос 110-т орж байсан. Харин 2022 онд 116 дугаар байрт бичигдсэн нь огцом өсөлт. Тиймээс Ерөнхий сайдын хувьд 2023 оныг авлигын эсрэг жил болгон зарласан. Энэ хүрээнд “5 Ш” ажиллагааг эхлүүлсэн. Улмаар авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулна гэсэн зорилтыг тавьсан.

Гэхдээ миний харж байгаагаар авлига албан тушаалын хэрэгт хариуцлага тооцох арга механизм нь удаашралтай явагдаж байгаа учраас энэ жилийн тухайд Засгийн газар зорьсондоо хүрэхгүй байх. Монгол Улсын хувьд 116 гэсэн байраас буух ч хоёр оронтой тоо руу орохгүй.

-Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулж буй хариуцлагын явц удаашралтай байна гэлээ. Яагаад удаашралтай байна вэ. Хурдан шуурхай шийдвэрлэдэг байхын тулд дагнасан шүүх байгуулах шаардлагатай юу?

-Авлига албан тушаалын хэргүүдийг манай цагдаа, АТГ тодорхой хэмжээнд мөрдөөд, илрүүлж л байна. Гэтэл илрүүлсэн, шилжүүлсэн хэрэг нь прокурор дээр очоод уддаг. Цаашлаад шүүхийн шатандаа очоод ял өгч чаддаггүй. Нэг бол торгоод явуулчихдаг. Тэгэхээр энэ систем маань өөрөө авлигыг өөгшүүлээд байна. Тиймээс бид яах ёстой вэ гэхээр маш тодорхой нэг зүйл байгаа юм. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд ч бий. Юу гэхээр, тусгайлсан буюу дагнасан шүүх байгуулж болно гэж заасан хуультай. Ийм эрх зүйн орчин нэгэнт байгаа учраас бид ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл авлига, албан тушаалын хэргийг тусгайлан шийддэг шүүх Монгол Улсад нэн даруй хэрэгтэй болчихсон гэсэн үг.

-Гэхдээ цагдаа, прокурор, шүүх байгууллага энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж л байгаа шүү дээ…?

-Одоо бол Эрүүгийн болон Захиргааны хэргийг шийддэг шүүх байгууллагууд байна. Тэгвэл үүнтэй адилхан авлига, албан тушаалын хэргийг шүүдэг шүүх байгууллагатай болох цаг нь болсон. Мөн дан ганц шүүхээс гадна дээрх төрлийн гэмт хэргийг мөрддөг, шалгадаг тусгайлсан хууль хүчний байгууллагууд хэрэгтэй. Тэгэхээр бусад хэргийг шийдвэрлэдэг хууль хүчний байгууллага болон шүүхийн байгууллага авлига албан тушаалын хэргийг мөрдөж, илрүүлж, шүүж чадахгүй юм байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд тодорхой харагдаж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тэд ямар нэгэн байдлаар барьцаалагдсан байна. Ямар нэгэн байдлаар нөлөөнд автчихаж. Тиймээс авлига, албан тушаалын хэргийг үнэн зөвөөр, хурдтай, богино хугацаанд шийдвэрлэдэг хуулийн цогц байгууллагатай болох шаардлагатай байгаа юм аа. Ингэж чадвал Монгол Улсын авлигын индекс огцом буурч, Засгийн газрын дэвшүүлсэн зорилго буюу хоёр оронтой тоо руу орох боломж нээгдэнэ.

-Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах асуудал 2020 оны сонгуулиас хойш л яригдаж байгаа. Одоо ямар шатандаа яригдаж байдаг юм бол. Засгийн газраас өргөн мэдүүлэх гэж байгаа гэж сонссон, үнэн үү?

-Хотын шинэ дарга Х.Нямбаатар Хууль зүйн сайд байхдаа уг асуудлыг илүү анхаарч, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байсан. Одоо Хууль зүйн сайд Б.Энхбаяр ахлаад явж байгаа байх. Хуулийн төсөл ерөнхийдөө бэлэн болсон гэдгийг миний танил хуульчид хэлж байсан. Тэгэхээр тун удахгүй Засгийн газраас авлигын асуудлыг дагнан шийдвэрлэх шүүх байгууллага байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барих болов уу. Магадгүй өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж ч болно. Хуульч хүнийхээ хувьд уг асуудлыг нэн яаралтай хэлэлцээд шийдвэрлэх шаардлагатай гэж харж байгаа.

-Таны хувьд яагаад уг асуудлыг хурдлуулах шаардлагатай гэж үзээд байгаа юм бэ. Сонгууль дөхсөн учир авлигын асуудлаар улс төр явах гээд байна уу?

-Миний хувьд улс төр талаас нь асуудлыг харахгүй байна. Харин өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин болон шүүх, хуулийн байгууллагуудын тогтолцооны гажигаас болж авлигын асуудал хойшлогдох ёсгүй. Өнөөдөр авлига авсан гэх тодорхой мэдээлэл олон нийтэд цацагдаад байхад л тухайн этгээдэд хариуцлага тооцож чадахгүй байна. Тооцлоо гэхэд толгойг нь илээд өнгөрсөн шийдвэрийг Монголын шүүх гаргаж байна шүү дээ. Тухайлбал, ЖДҮ гээд л мартагдсан. Дараа нь Боловсролын сангийн зээл гээд л бас мартагдсан. Хэн, ямар албан тушаалтан энэ асуудлуудад хариуцлага тооцогдсон бэ. Нэг ч байхгүй шүү. Одоо нүүрсний хулгай гэх хэдэн арван их наядын асуудал яригдаж байна. Анх нийгэмд ил тод болохдоо хулгайчдад хуулийн хамгийн өндөр хариуцлагыг тооцно гэж байсан. Гэтэл өнөөдөр уг асуудлаар нийтийн сонсголоо ч УИХ хийж чадахгүй, гацчихсан байна шүү дээ. Үүнээс харвал нүүрсний хулгайн хэрэг нөгөө л нэг ЖДҮ шиг таг чиг болох горимдоо орчихож. Саяхан “Ногоон автобус”-ны хэрэг гарлаа. Үүнд мөн хэн хариуцлага хүлээж байна. Хэдэн хүн хорьсон л гэж байгаа. Салбарын сайдыг нь яллагдагчаар татлаа, шүүх рүү шилжүүллээ гэсэн. Шүүх дээр очоод торгох, эсвэл албан тушаалаасаа буугаад л өнгөрнө. Монголд авлигын асуудал яг л ингэж шийдэгдэж байна. Ийм байхад яаж авлига буурах вэ. Тиймээс л одоо нүүрсний сонсгол явуулахаас өмнө авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг дагнасан шүүхтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй гэвэл нүүрсний хулгайч нарт бид хариуцлага тооцож яагаад ч чадахгүй. Өнөөгийн шүүх л лав тэдэнд хариуцлага хүлээлгэж чадахгүй гэдгийг олон нийт мэдлээ.

-Дагнасан шүүх байгуулах асуудал эрх зүйн хувьд боломжтой ч амьдрал дээр биелэх боломжгүй гэдгийг зарим хүмүүс хэлж байна. Таны хувьд уг асуудлыг яаж шийдэх боломжтой гэж харж байгаа вэ?

-Шүүх байгуулагдлаа гэхэд хорин нэгэн аймаг, сумдад давхар байгуулна. Тиймээс байр савны асуудлаа яаж шийдэх юм бэ гэх мэтээр асуудлыг дэндүү жижиг талаас нь харах хэрэггүй юм. Монгол Улсын эдийн засгаас давсан авлигын асуудал байхад бид мянга эдийн засгаа сайжруулна гэж яриад яах билээ. Эхлээд авлига авсан хулгайч нартайгаа тэмцэж, үр дүн гаргаж чадвал Монгол Улсын эдийн засаг гурав дахин тэлнэ. Өөрөөр хэлбэл өнөөдөр та нэг сая төгрөгийн цалин авч байгаа бол авлигын асуудлыг шийдчихвэл гурван сая төгрөгийн цалинтай болно гэсэн үг. Энэ бол нийтийн эрх ашиг. Тиймээс өнөөдрийн жижиг сажиг тулгамдсан асуудлыг бид олж хараад, том зорилгоосоо ухарч болохгүй. Нөгөөтэйгүүр бид хуучин сэтгэхүйгээсээс салах хэрэгтэй байна. Тэр нь жолооч гэхээр бүх техникийг мэддэг, жолооддог хүн гэж боддог. Эмч гэхээр бүх өвчнийг анагаах шидтэн мэт боддог. Орчин цагт нийгмийн салбар бүр дагнасан мэргэжлийг илүүд үзэх болсон. Эмч гэвэл зөвхөн зүрхний эмч. Жолооч гэвэл зөвхөн жижиг тэрэгний ч гэх үү эсвэл автобусных гэх зэргээр дотроо задраад явна. Үүнтэй адил гэмт хэргийг дотор нь задалж, зөвхөн нэг төрөлд нь хариуцлага тооцох, маргаан шийдвэрлэх механизмыг бүрдүүлж өгөх ёстой. Нийгмийн явж буй зүй тогтлоос шүүх байгууллага ангид байна гэж яагаад ч байхгүй. Тиймээс бид цаг үеэ дагаад дагнасан шүүх байгууллагатай болох шаардлагатай.

Э.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 23, Бархасвадь гариг. Билгийн тооллын 11, Могойг хүлэгч одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 08:09 цагт мандан, 17:08 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газарт очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна DNN.mn

 11-р сарын 23-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30…-35 градус, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -25…-30 градус, Алтайн өвөр говиор -11…-16 градус, Дорнодын тал нутгаар -15…-20 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -14…-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор -1…-6 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -24…-26 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Төр өгөх юм чинь, юунаас айх вэ?” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Улс төр судлаач
Т.Баатархүү “Хэдхэн хүн хууль боловсруулдаг гажигийг “D-Parliament”-аар өөрчлөх гэж оролдож байна” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Хоолзүйч Г.Тамир “Утаа ихтэй үед уургаар баялаг монгол малынхаа махыг идэх нь угаарын хордлогод өртөх эрсдэлийг багасгана” гэв.

“Удахгүй болох жагсаалуудыг АН биш МАН-ын тойргийн гадна гарсан гишүүд зохион байгуулах сурагтай” хэмээн өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Төр өгөх юм чинь, юунаас айх вэ?” нийтлэл хэвлэгдлээ. 

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт ШЕЗ-ийн зүгээс гомдол гаргасан байна” гэлээ.

Сэтгэл зүйч Ж.Үйлст “Хүн өөрийн гэсэн сонирхолтой байж, өөрийгөө хайрлаж сураагүйгээс ганцаардалд орох эрсдэлтэй” хэмээн ярьсныг “Цаг үе, үйл явдал” нүүрээс уншаарай.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ