Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын номын санчдын мэргэжил дээшлүүлэх сургалт болж байна DNN.mn

Монголын номын санчдыг мэргэшүүлэх сургалт арванхоёрдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.

2023 оны мэргэшүүлэх энэ удаагийн сургалтыг Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь Америкийн монгол судлалын төвтэй хамтран шинээр нээгдсэн танхимд зохион байгуулж байна.

Сургалтад 20 байгууллагын 35 номын санч хамрагдаж, сургалтын туслах багшаар МУБИС-ийн судлаач номын санч Д.Цолмон оролцож байна.

Монгол мэдлэгийг дэлхийтэй холбох, монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийн каталогт нэгтгэхэд олон улсын программ хангамж зайлшгүй хэрэгтэй  билээ. Тиймээс АНУ-ын монгол судлалын төвийн номын сангийн тэтгэлэгээр хоёр дахь жилдээ АНУ-ын Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтэн номын санч доктор М.Саруул-Эрдэнийг урьж олон улсын MARC формат, RDA стандартаар номоо каталогжуулах хичээлийг шат дараатай заалгаж байгаа юм.

Сургалтыг нээж МУБИС-ийн захирал доктор профессор Ж.Батбаатар, Америкийн монгол судлалын төвийн суурин захирал Айзак Харт нар үг хэлж номын санчдад ажлын амжилт хүслээ.

2022 оны хичээлээр үндсэн каталогжуулалтын стандарт, нэрийн баталгаажуулсан бүртгэл үүсгэх талаар заасан бол энэ жилийн сургалтаар стандарт бус хэвлэлтэй ном буюу хуйлмал, ороомог, үдээстэй ном, хоёр талаасаа хэвлэлтэй ном, хайрцагтай ном гэх мэт өвөрмөц хэвлэлттэй номын каталогжуулалтыг зааж хамгийн гол нь каталогжуулалтын гарын авлага гаргах зорилготой юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын санг 2021 онд БСШУЯ-наас Шилдэг номын сангаар шалгаруулсан ба тус номын сан нь олон улсын программ нэвтрүүлэх, программ хангамж, каталогжуулалтаар арга зүйн зөвлөгөөг бусад номын сангуудад өгч ажилладаг байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Хэнтий чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэрлэлт өнөөдрөөс эхэлнэ DNN.mn

Өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс “Улаанбаатар хот-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум-Улаанбаатар хот” чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт эхлэхээр боллоо.

Улаанбаатар хот талаас Лхагва, Баасан, Ням гараг бүрийн 16:00 цаг, орон нутаг талаас Даваа, Пүрэв, Бямба гараг бүрийн 10:00 цагт хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг эхлүүлнэ.

Categories
гадаад мэдээ

Газын метро DNN.mn

Өнгөрсөн сард хуурай замын ажиллагаа эхлүүлснээс хойш манай цэргүүд Газын зурваст палестинчуудын ухсан 400 орчим хонгил нүхийг илрүүлж устгасан гэж Израилийн батлан хамгаалах хүчин мэдэгдэв. Израилийн болон барууны улсуудын тагнуулын мэдээгээр уг Газын зурвас доорх хот болох хэдэн давхар хонгилын сүлжээг “Газын метро” гэдэг бөгөөд газар доорх энэхүү бэхлэлтийн нийт урт 450-500 км юм. Энэ нь Москва эсвэл Лондонгийн метроны шугамын уртаас ч их хэмжээ юм. Эдгээр хонгилын зарим нь машин, мотоцикль явахад зориулсан хангалттай өргөн байдаг.

ЦАХАЛ гэгддэг Израилийн зэвсэгт хүчний мэдээлснээр орон сууцны барилга, сургууль, эмнэлэг болон иргэний дэд бүтцийн бусад байгууламжуудын гадна, дотроос энэхүү хонгилын гарц олдсон байна. Иймд Израиль болон барууны орнууд ХАМАС бүлэглэл Газын зурвас дахь палестины энгийн иргэдийг “хүн бамбай” болгон ашиглаж, өөрийн байлдааны дэд бүтцээ иргэдэд үйлчилдэг байшинд зориудаар байршуулсан гэж буруутгаж байгаа билээ. Гэвч Исламын бүлэглэл бүхэнд ил болсон энэхүү зүйлийг няцаасаар байна. Тэр ч байтугай ХАМАС-ын дэд тэргүүн Израильд довтлон 1400 иргэнийг нь алж устгаж буй өөрсдийнх нь дайчдын бичлэг байсаар байхад “Израилийн иргэдийг өөрийнх нь зэвсэгт хүчин устгасан” гэж мэдэгдэж байсан юм. Энэ нь ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэдэгдэл шиг зүйл болж тэднийг хэн бэ гэдгийг дэлхий нийтэд ойлгуулсан юм. Учир нь С.Лавров олон улсын сэтгүүлчид сууж байсан хэвлэлийн бага хурал дээр “ОХУ Украинд довтлоогүй” гэж хэлсэн нь бөөн инээдэм болж, үүнээс хойш тэрээр сэтгүүлчдийн дунд “ярьдаг морь” хочтой болсон билээ.

Ямар ч байсан Израиль ХАМАС бүлэглэлийн оршин тогтнох үндэс болж байсан газар доорх сүлжээг үндсэнд нь устгаж анх удаа тулалдааныг түр зогсоож, Газад барьцаалагдсан 240 орчим хүнээ палестин хоригдлуудаар солих ажиллагааг эхлүүлэв. ХАМАС-ын дайчид гудманд орос автомат барин гүйлдвэл Израилийн бөмбөгдөлт, дроны цохилтонд өртөн тэр дороо устгагдах учир тэдний газар доорх хонгил устгагдана гэдэг ХАМАС устсан гэсэн үг юм. Харин цаана нь армийн зохион байгууллалттай, ХАМАС -аас олон дахин хүчтэй Хезболлагийн дайчид, хамгийн гол нь Ираны арми гэх жинхэнэ дайсан үлдээд байна. Израилийн аз болоход энэхүү тэмцэлд хамтран оролцох АНУ тэргүүтэй барууны болон арабын хүчирхэг зарим улсын зэвсэгт хүчин бэлэн зогсож байгаа юм.

НҮБ, Европын холбоо, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, Иордан, Орос, Хятад, Египет зэрэг улсууд болон Израиль, ХАМАС-ыг эвлэрүүлэн зуучлахад тусалсан Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман бин Жассим Аль Тани Израиль болон ХАМАС-ын хооронд байгуулсан хэлэлцээрийг сайшааж байгаагаа илэрхийлж, энэхүү хэлэлцээр нь Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг суллах, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд чухал алхам боллоо гэж мэдэгджээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн жолооч нарын цалин 1.7-2 сая төгрөг байна DNN.mn

Шинээр худалдан авах шаардлагатай дизель хөдөлгүүртэй, их багтаамжийн автобусны техникийн үзүүлэлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” зэрэг дотоодын болон олон улсын зохих стандартуудын дагуу шинээр нийлүүлэх автобуснуудад дараах шаардлагуудыг тавьж байгаа. Тухайлбал, 2023 онд үйлдвэрлэсэн, жолооны хүрд зүүн талд байрлалтай, суудлын тоо 26-30, зогсоо зорчигчийн тоо 50-аас дээш, нийт зорчигчийн багтаамж 80-аас дээш байх ёстой. Мөн дизель Eвро-5 хөдөлгүүртэй, 280-350 морины хүчин чадалтай, шатахууны сав 200 литрээс дээш хэмжээтэй, дээд хурд 70 км цаг байх юм. Автобусны хана, тааз, шал нь өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар хучигдсан байх, шал нь зорчигчийг гулгаж, халтирахаас сэргийлсэн, эдэлгээ даах материалаар хийгдсэн байх шаардлагатай. Түүнчлэн зорчигчийн зааланд зургаагаас багагүй халаалтын төхөөрөмжтэй, нэмэлтээр урьдчилсан халаагууртай байна. Мөн үйлдвэрлэгчийн итгэмжлэл хоёр жилийн баталгаатай байх юм. Энэ мэтчилэн ослын гарц, гэрэл, агааржуулалтын систем, хяналтын систем, арал, хаалга, жолооны механизм, тосолгооны систем, тоормос, хурдны хайрцаг зэргийн техникийн шаардлагыг тодорхой заасан” гэв.

Үүний дараа сэтгүүлчид асуулт асуусан юм.


-Тендерийг хэд  хоногийн хугацаанд шалгаруулж дуусах вэ?

Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Батмөнх: -Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор үнэлгээ хийх ёстой. Бид аль болох богино хугацаанд шалгаруулна. Тендерийн бичиг баримтад 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгасан.

-Автобусны гараашны талаар мэдээлэл өгөхгүй юү?

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал: -Нийтийн тээврийн гарааш орон нутгийн өмчит компаниудад хүрэлцээтэй, хувийн хэвшилд нийтийн тээвэрт явж байгаа автобусны 70 орчим хувьд нь гарааш байгаа. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар 12-аас дээш жил болсон 465 автобус үйлчилгээнээс хасагдана.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн жолооч ажиллаж байна вэ?

-Нийтийн тээврийн салбарт нийт 1887 жолооч шаардлагатай гэдэг судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 221 жолоочийн орон тоо сул байна. Жолооч нарын гар дээр авч байгаа цалин 1.7-2 сая төгрөг байна. Автобусны хүртээмж хангалтгүй байгаагийн нэг шалтгаан нь жолооч. Иймээс нийтийн тээврийн салбарын цалинг нэмэгдүүлэхээр НИТХ-д санал гаргаад буй. Жолооч нарын 23 хувь нь 10-аас дээш жил ажиллаж байгаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

АН-ын даргын зөвлөх Э.Галбадрал: Ирэх сонгуульд Лу.Гантөмөр АН-ыг удирдаж орно DNN.mn

Сүүлийн үед АН-ын дарга Лу.Гантөмөрийг солих нь, нэр бүхий улстөрчид АН-ын дарга болохоор зүтгэж байна гэх мэдээлэл цацагдах боллоо. Нийгэмд “АН ахиад л бужигнах нь…” гэсэн ойлголтыг төрүүлж байна. Энэ асуудлаар АН-ын даргын зөвлөх Э.Галбадралаас тодрууллаа.


-АН дахиад л бужигнах нь, даргыгаа солих нь, Лу.Гантөмөрийн оронд эдгээр улстөрчид яригдаж байна гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Хэр бодитой мэдээлэл вэ. АН-ын дотоодод юу болж байна. АН-ын даргын зөвлөхийн хувьд тодорхой мэдээлэл өгөөч?

-Ийм худал мэдээлэлд шулуухан хариулах нь зөв байх. Бид хууль дүрмийн дагуу л ажиллах ёстой. АН-ын дүрэмд “АН-ын дарга нь хоёр шалтгаанаар ажлаа өгнө. Нэгдүгээрт өөрийн хүсэлтээр, хоёрдугаарт сонгуулийн үр дүнгээр ажлаа өгнө” гэж. Ердөө л энэ. Миний ойлгож байгаагаар Гантөмөр дарга ажлаа өөрийн хүсэлтээрээ өгөхгүй нь тодорхой. Тэгэхээр наад яриа чинь оргүй худал мэдээлэл болж байгаа юм. Сонгууль болоогүй учраас хоёр дахь шалтгаан мэдээж байхгүй. Тэгэхээр АН-ын дарга одоо шинээр сонгогдох боломжгүй. Асуудлыг ингэж л харж байна.

-Тэгээд ямар зорилготой ийм худлаа мэдээллийг нийгэмд тарааж байна вэ?

-Ер нь АН-ын талаар худлаа мэдээлэл бэлтгэж, түүнийгээ нийгэм рүү шидэж, тэр дундаасаа ашиг хонжоо хайдаг байхыг үгүйсгэх аргагүй л дээ. Тийм л явуулга, гүтгэлгийн нэг хэсэг юм шиг. Миний хувьд АН-ын дотоод асуудлыг эв найрамдалтай байлгахад чадлын хэрээр анхаарч, оролцож ирсэн. Үр дүн ч гарсан.

АН асуудлаа Шүүх дээр бүрэн шийдүүлсэн. Дотоодод үүсээд удсан талцал хуваагдал, эрх ашгийн зөрчилдөөнүүдээ нэг талдаа гаргаж, Их хурлаа хийж, Намын даргыгаа санал нэгтэй сонгосон. Бүтцийн бүх л байгууллагууд нь өнөөдөр жигдэрч ажилдаа ороод явж байна. Нийгэм рүү шидээд байгаа шиг хоорондоо муудалцаад, өмнөх шиг хүнд байдалд АН-ыг оруулах ухамсар намын удирдлагын бүх түвшинд байхгүй. Эрх баригч МАН-д бол үүнээс ч илүү зовлон бий. Гэвч нам гүм л “үзэлцэцгээж” байгаа биз дээ. АН-ыг болохоор асуудал бүрийг нь тэмээ чинээ томруулж нийгэмд харагдуулдаг. Энэ нь хэнд ашигтай байдаг юм бэ. Үүнийг ардчиллыг дэмжигсэд, Ардчилсан намын гишүүд маань хэрсүүгээр тунгаах хэрэгтэй. Яг өнөөдөр зарим нэг хэвлэлээр гараад байгаа шиг АН-ын дарга Лу.Гантөмөрийг солих, шинэ даргатай болох тухай асуудал огт байхгүй. Энэ хүн АН-ыг удирдаж сонгуульд орно.

-Тантай уулзсаных улс төрийн хүрээнийхэн л мэдэх, бусад хүмүүс бол төдийлөн анзаардаггүй нэг зүйлийг асууж тодруулья?

-Юу юм бол доо…

-Та чинь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улс төрийн намууд хариуцсан зөвлөхийн албан тушаалтай байх аа?

-Тийм ээ.

-Аа бас давхар АН-ын даргын зөвлөх юм байна?

-Бас тийм, юу нь болохгүй байна. Би чинь АН-ын ҮБХ-ны гишүүнээр удаж байгаа шүү дээ.

-Тодорхой хүрээнд энэ хүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх байж… гэсэн яриа байдаг?

-Монгол Улсын Ерөнхийлөгч нь нам бус, ард түмний Эв нэгдлийн илэрхийлэгч байна гэсэн Үндсэн хуульд заагдсан эрх, үүрэгтэй. Тийм болохоор УИХ-д суудалтай намуудаас орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдийг томилсон. Тэдний л нэг болж миний бие Ерөнхийлөгчийн “Улс төрийн намууд хариуцсан зөвлөх”-өөр ажиллаж байна. Эв нэгдлийг энэ улс оронд хангах үүрэгтэй Ерөнхийлөгчийн дэргэдэх төрийн бүтцийн нэгэн эд эс болж шүү дээ.

-Тэгвэл өнгөрсөн жилүүдэд тарж бутрах шахсан АН-ыг дотооддоо учраа олоход таны оролцоо өндөр байжээ гэж ойлголоо?

-Миний хийх ёстой ажил. Улс төрийн хүрээнд тухайн үед юу болсныг, миний үүрэг ямар байсныг мэдэх хүмүүс нь мэдэлгүй яах вэ дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс АН-ын эв нэгдэлд их анхаарсан. Үүрэг нь ч тийм юм. Түүний амнаас “Монголын улс төрийн хамгийн том сөрөг хүчин ийм баймааргүй байна. Арай дэндлээ. Эв нэгдэл өнөөдөр хамгийн чухал” гэдэг үг их гарсан. Энэ үгийг АН, МАН-ын цөөнгүй улстөрчид сонссон байх. Миний хувьд ажил үүргийнхээ дагуу АН-ынхаа олон ч хүнтэй уулзсан, ярилцсан, бүтэх бүтэхгүй олон яриа хэлцлийн дундуур явсан. Эцсийн үр дүн нь гарсан. Миний гэхээсээ АН-ын нөхдийн маань хичээл зүтгэл, оролцоо их байсныг хэлэх ёстой. Ямар ч байсан АН асуудлаа Дээд Шүүх дээр шийдүүлж, бүх талууд нэг танхимд сууж байгаад Их хурлаа хийж, нэгэн дуугаар АН-ын даргаар Лу.Гантөмөрийг сонгосон. Ингээд том зорилгынхоо зам дээр АН гарсан. Өнгөрсөн хугацааны АН доторх зовлон бэрхшээл, харилцан буулт, сайхан ойлголцолыг би мэдэж байгаа учраас одоо АН-ыг дахин хагаран бутрахыг хармааргүй байна. Тийм учраас өнөөдөр ярьж байна. Өнөөдөр “АН-ын дарга солигдоно” гэсэн явуулга, худлаа мэдээлэл АН-д хэрэггүй. Харилцан ойлголцол, эв нэгдэлд хүрэх гэж ямар их бэрхшээлийг туулснаа санацгаа, бүгд мэдэж байгаа шүү дээ. Энэ бүхэн ганц АН-ын хэрэг биш. Монголын ардчиллын хувь заяаны асуудал шүү гэдгийг л хэлэх байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасан шуурганы улмаас сураггүй болсон 334 иргэнийг эсэн мэнд олжээ DNN.mn

Цасан шуурганы улмаас төөрч, сураггүй болоод байсан 334 иргэнийг эсэн мэнд олж, амь нас, эрүүл мэндийг нь авран хамгааллаа

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан баг бүрэлдэхүүн  цаг агаарын аюулт үзэгдэл тохиолдож нийт 12 сумын нутаг дэвсгэрт 186 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй алга болоод байсан Сүхбаатар аймагт ажиллалаа.

May be an image of snowplough, fog and road

Энэ үеэрээ аймгийн төвөөс 50 орчим км-т байрлах Баруун-Урт сумын 8-р багийн малчин Ц.Монхорын хотонд очиж, газар дээр нь ажиллалаа.

Ц.Монхорынх өчигдөр 1000 гаруй бог, 100 гаруй үхрээ шуурганд уруудуулж, өөрсдөө малынхаа араас автомашинтай гарсан боловч шуурганд төөрсөн байсныг Онцгой байдлын байгууллагын алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй явуулж, гэрийн эзнийг эхнэр Б.Баяраагийн хамт эсэн мэнд олсон байна.

Мал, махны үнэ хямд, дайвар бүтээгдэхүүн үнэгүйдсэн энэ үед малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа талаар гэрийн эзэгтэй Б.Баяраа ярилаа.

Энэ сарын 22-нд зүүн аймгуудын нутаг, Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Хэнтий аймагт цасан шуурганы улмаас нийт 335 иргэн сураггүй болоод байсан бол 23-ны 17 цагийн байдлаар 334 иргэнийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн бол Дорноговь аймгийн Айраг суманд алга болоод байсан нэг иргэний цогцсыг тус аймгийн ОБГ-ын алба хаагчид олсон харамсалтай мэдээ бүртгэгдлээ.

Одоогоор Онцгой байдлын байгууллагад цасан шуургатай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобус нийлүүлэх тендерт таван компани үнийн санал ирүүллээ DNN.mn

НЗДТГ/202310014 тендер шалгаруулалтын дугаартай “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерийг 2023 оны аравдугаар сарын 24-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:00 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:30 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд өнөөдөр нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа.

Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны дарга Ү.Ганболд:

-Нийслэлийн Нийтийн тээврийн газрын автобус худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж, худалдан авах ажиллагааны эрхийг НЗДТГ-т шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ-ын даргын шийдвэрээр Үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хороо 2023 оны аравдугаар сарын 24-нд тендерийг зарлаж, өнөөдөр тендерийн баримт бичгийг нээж байна. Өнгөрсөн хугацаанд тендерт оролцох хүсэлтэй этгээдүүдээс ирсэн 20 тодруулгад хариу өгсөн. Тендерийн материал илгээсэн этгээдүүдийн сонгон шалгаруулалтыг өөр үнэлгээний хороо хийнэ. Дараагийн үнэлгээний хороог нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулна гэлээ.

“Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерт нийт таван компаниас санал ирүүлжээ. Тодруулбал,

  1. “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг
  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг
  3. Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг
  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг
  5. China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээжээ. Харин Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол China North Vehicle Corporation LTD-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна. Хуулийн дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулах боломжгүй байдаг. Тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зохион байгуулан, нээх чиг үүрэгтэй эхний Үнэлгээний хорооны ажил өнөөдрөөр дуусаж, баримт бичгүүдэд үнэлгээ хийх үүрэгтэй дараагийн Үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Тариа андуурч хийсэн зүйл байхгүй. Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон DNN.mn

“Яармагийн 300 ортой эмнэлэгт сувилагч өчигдөр /2023.11.23/ орой 0-2 насны 17 хүүхдэд оройны цагийн тариаг нь андуурч хийжээ” гэсэн мэдээлэл өнөөдөр мэдээлэл гарсан.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг очсон ажиллаж байгаа. Одоо цагдаагаас мэдүүлэг авч байна. Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Тариа андуурсан зүйл байхгүй. Сувилагч нь шөнийн 00.00 цагийн тариагаа хийхдээ өмнө нь бүгдийг нь тариуранд соруулж тавиад хийснээс болж хүүхдүүд реакц өгсөн байна” гэсэн тайлбарыг өглөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ DNN.mn

Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох, амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхэд том бүтээн байгуулалт чухал нь гарцаагүй. Гэхдээ санаачилга, сэтгэл байвал бага зайд ч тухтай орчныг бүрдүүлэх боломж бий. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороон дахь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн үүний нэг жишээ юм. Энэхүү талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр явган болон дугуйн зам, сүүдрэвч, сагсан бөмбөгийн 3х3 талбайтай болгон тохижуулж, автомашингүй гудамж болгосон нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар болжээ.

Баянзүрх дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн талбай 33-ийг байгуулахаар төлөвлөснөөс 31-ийг бариад буй. Ирэх онд үлдсэн хоёрыг нь байгуулахаар төсөвт суулгажээ. Мөн иргэдтэй нөхөрлөл байгуулж, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцуулсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баянзүрх дүүрэг 435 мянган хүн амтай, нийслэлийн хамгийн том дүүрэг. Гэр хорооллын өрхийн тоо ч энэ хэрээр олон байгаа. Иймээс Сэлбэ, Дамбадаржаа, Дарь-Эх, Цайз, Шар хад дэд төвийн зарчмыг нийслэл цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөлт хийж буй. Ирэх жил Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууцны иж бүрэн хороолол байгуулахаар бэлтгэл ажлыг эхлэх гэж байна. Ажлын зураг, ТЭЗҮ-ийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлана. Ирэх жилээс барилгын ажил эхэлнэ. Мөн зөвхөн дэд төвийг хүлээлгүйгээр төвийн инженерийн шугам сүлжээ явах боломжгүй өндөрлөг газруудад НОСК-ын туршиж буй “Hyabrid house” орон сууцны төслийг Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа ипотекийн одоогийн нөхцөлтэй уялдуулах чиглэлээр судалж үзэх хэрэгтэй. Нийслэлийн зүгээс дэд бүтэц талаас нь дэмжлэг үзүүлэх боломжтой” хэмээлээ.

Мөн тэрбээр гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулахаар жилд хамгийн их санаачилга гаргаж ажилласан, үр дүн гаргасан дүүргийн нийслэлд татан төвлөрүүлдэг орлогын хэмжээг бууруулах урамшуулал олгох боломжтой гэдгийг дурдав.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Шар хад дэд төвийг түшиглэн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг байгуулахаар газар чөлөөлсөн ч тус дэд төвийн ажил явахгүй, зураг төсөл дуусаж байгаа гэдэг хариу өгдөг. Иймээс үүнд анхаарал хандуулахыг хүслээ.

Баянзүрх дүүргийн зүгээс гэр хорооллын айлуудыг хашаандаа 10 мод тарих уриалга гаргасан нь ажил хэрэг болж байгааг мөн онцолж байв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ DNN.mn

УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 24-ний баасан гаригийн хуралдаан эхэллээ.


Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд,