Categories
мэдээ нийгэм

Дэд төвүүд дэх бүтээн байгуулалтыг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах талаар хэлэлцлээ DNN.mn

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хотын зургаан шинэ дэд төвд хийсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулах, дэд төвүүдийн цаашдын тогтвортой хөгжлийг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвд бий болгосон дэд бүтцийг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах, эдийн засгийн эргэлт, бизнес болон соёлын орчин бий болгох, зөв төлөвлөлттэй суурьшлын бүс байгуулах зэрэг боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус үйл ажиллагаанд Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах чиг үүрэг бүхий байгууллага, төслийн нэгжүүд болон олон улсын байгууллагууд оролцов.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд:

-Зөвхөн нийслэлийн төсвөөр Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууц барих боломжгүй. Гэр хорооллыг орон сууцжуулахад нийслэлийн холбогдох байгууллагуудаас гадна хувийн хэвшил, ногоон бүтээн байгуулалтыг дэмждэг олон улсын байгууллагуудын оролцоо чухал. Иймд эдгээр байгууллагын оролцоог жигд хангах, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар орчин үеийн хот төлөвлөлтийг стандартын дагуу хийх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

-Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Дамбадаржаа, Толгойт дэд төвийг байгуулах ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар Сэлбэ дэд төвийн 20 орчим хувийг ашиглаж байгаа учраас тус дэд төвд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг ирэх онд эхлүүлэхээр бэлтгэж байгаа. НОСК-ийн зүгээс агаар, хөрсний бохирдол болон түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор шинэ суурьшлын бүсийг тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд анхаарч байна. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа хэмээлээ.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва Сэлбэ дэд төвийн талаар танилцуулав. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц, авто зам, инженерийн барилга байгууламжийн ажил бүрэн дууссан. Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажлын хүрээнд эхний 800 айлын орон сууц 2024 онд ашиглалтад орно. Харин Сэлбэ дэд төв дэх гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 158 га буюу 2003 нэгж талбарыг чөлөөлж, эхний ээлжид 12 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд тус хоёр дэд төвийн төлөвлөлтийн зураг төслийг олон улсын зөвлөх үйлчилгээ оролцуулан гүйцэтгэх шаардлага бүхий тендерийг зарлаад байна. Ингэхдээ олон улсын жишигт нийцүүлэн, ногоон орон сууцыг төлөвлөжээ. Сэлбэ дэд төвийн 12,000 айлын орон сууцыг ашиглалтад оруулснаар газар эзэмшиж байсан өрхүүдээс гадна Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Дарь-Эх орчмын айлууд орон сууцанд орох боломжтой болно. Орон сууцжуулахдаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнтэй, иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг байгуулах бөгөөд 40 хувь нь ногоон байгууламж, 60 хувь нь орон сууц байх стандартыг мөрдөх юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Тяньжинд Монгол Улсын хилээр орж ирэхээр хүлээгдэж буй 4050 чингэлэг байна DNN.mn

Тяньжин боомтын нөхцөл байдлын талаар Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос танилцуулав.

Энэ сарын сарын 1-нээс 26-ны хооронд тус боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарчээ.

Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4050 орчим чингэлэг байгаа аж. Тус боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байгаа бөгөөд Эрээн-Замын-Үүд чиглэлд дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгааг дээрх холбооноос мэдээлжээ.   Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1,023 чингэлэг байгаагаас ачаатай 886, хоосон 189 чингэлэг байна.

Categories
мэдээ нийгэм

Шатар дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол тэргүүллээ DNN.mn

105 улсын шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол Улс тэргүүлжээ. 18 болон 20 хүртэлх насны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж буйг тооцож гаргахад монголчууд 86.53 индексээр тэргүүлсэн байна.

Манай улсын шатарчдын 40 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм. Монголын дотоодын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шатарчдын шагнал адилхан байдаг. Түүнчлэн 2022 оныг ФИДЕ эмэгтэй шатарчдын жил болгосонтой холбогдуулан Монголын шатрын холбоо сайн ажилласан нь ийнхүү нөлөөлсөн хэмээн судалгааны илтгэлд онцолжээ.

 

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ нийгэм

Пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлснээр уушгины хатгалгаа 40 хувиар буурчээ DNN.mn

Монгол Улсад хийсэн “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны дүнг хэлэлцэх хурал боллоо.

Хуралд ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ, Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн хамтарсан багууд оролцсон бөгөөд “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгаанд уушгины үрэвсэл оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2-59 сартай 17748 хүүхэд, 18-аас дээш насны 7467 хүнийг хамруулсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах хэмээн уриалсан байдаг.
Иймд ЭМЯ-аас 2015-2022 онд бага насны хүүхдийн уушгины үрэвслийг бууруулахын тулд пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлэн, үр дүнг нь нотолгоонд суурилан дүгнэхээр олон улсын хамтарсан судалгааг хийсэн байна.

Судалгааны Монгол дахь багийн ахлагч М.Туяа  хүүхдийн хатгалгааны эсрэг пневмококк 13 цэнт вакциныг 2019 оноос үндэсний хэмжээнд нэвтрүүлж, энэ хугацаанд тус вакцин хэрхэн нөлөөлж буйг үнэлэх судалгааны ажил эхлүүлснийг дурдаад “Бид зургаан жил цуглуулсан лабораторийн шинжилгээ болон эмнэлзүйн мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж эцсийн үр дүнг таницуулж байна.

Уг вакциныг нэвтрүүлснээр бага насны хүүхдүүдийн дундах пневмококк нянгаар үүсэх уушгины хатгалгааны хүнд болон маш хүнд хэлбэрийн өвчлөл 20-40 хувиар буурсан.  Мөн рентгенээр оношлогдсон уушгины үрэвслийн тохиолдол буурсан байна. Түүнчлэн эрүүл боловч тухайн нянг тээж байгаа хүүхдийн тоо 61-72 хувиар буурсан нь тус нянгаар үүсэх уушгины үрэвслээс хүүхдээ урьдчилан сэргийлэх боломжтой болсон” хэмээн танилцуулсан юм.

Мөн энэ хурал дээр Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, ЭМЯ, ХӨСҮТ-ийн багууд судалгааны үр дүнгээ танилцуулсан бөгөөд Австралийн багийн доктор, профессор Ким Мулхолланд, дэд профессор Клайре Вон Моллендорф, дэд профессор, докторант Катрин Сатски, Кирстен Фажирли нар судалгааны явцыг дэлгэрэнгүй танилцуулгыг хийж пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлсний дараах үед вакцины бус хэв шинжүүдийг тандах  талаар харилцан санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

454 мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ DNN.mn

Сүхбаатар аймгийн таван сумын нутаг дэвсгэрийг дамнасан, олон удаагийн үйлдэлт малын хулгайн хэргийг тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Эрдэнэцагаан, Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс 2021 оны тавдугаар сараас 2023 оны  есдүгээр сарын хооронд иргэдийн 33 адуу, найман үхэр, 344 хонь, 11 ямаа нийт 454 малыг 31 удаагийн үйлдлээр хулгайлсан гурван бүлэг 13 холбогдогчтой 31 хэргийг илрүүлжээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мал хулгайлах гэмт хэргийн арга улам нарийсаж, бүлэг зохион байгуулалтад орохын зэрэгцээ нэг хэсэг нь тухайн айлаа, хөрш саахалтыг нь нөгөө хэсэг нь бэлчээр нутаг ус, хашаа хороог нь судлан тандаж, мэдээллээ солилцож гэмт хэрэг үйлдэх өдрөө товлодог. Малыг амьдаар нь болон нядалж зөөвөрлөн Хэнтий, Дорнод аймгийн ченж нарт худалдах тохиолдлууд ажиглагдаж байна. Тиймээс иргэд, малчид малаа байнгын хараа хяналттай байлгах шаардлагатай. Мөн цагдаагийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг дагаж мөрдөн, сэжигтэй хүн болон техник хэрэгслийн хөдөлгөөний талаарх мэдээллээ өгч солилцох хэрэгтэй гэдгийг Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа М.Цэвээн-Очир хэллээ.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Мал мах-2023 хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байгаа. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн нутаг дэсвгэрт есөн постыг гарган ажиллуулсаны үр дүнд энэ төрлийн хоёр хэргийг газар дээр нь илрүүлжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2024 оны Олимпийн үеэр Парисын метроны үнэ нэмэгдэнэ DNN.mn

2024 оны Олимпийн үеэр Парисын метроны тасалбарын үнэ бараг хоёр дахин нэмэгдэнэ гэж Францын нийслэлийн бүсийн тэргүүн мягмар гарагт  мэдэгджээ.

Paris Public Transport Fares Soar for 2024 Olympics

Парис хотын дарга өнгөрсөн долоо хоногт бүс нутгийн эрх баригчдын үзүүлж буй нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй байх болно гэж анхааруулсан. Олимп долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, Паралимп наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Бямбадэлгэр: Хүүхдийн өвчлөл гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа нь найруулсан шатахуунтай холбоотой DNN.mn

Шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэртэй ярилцлаа.

– Манайд одоо хэрэглэгдэж байгаа шатахуун болон дизель түлшийг мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна. Яг өнөөдөр нийлүүлэгдэж байгаа шатахуун, дизель түлш стандартын шаардлага хангаж байна уу?

– Стандартын шаардлага хангадаггүй.

Үүний гол агуулга нь Монгол Улсын стандартуудыг зөрчиж байгаа юм. Бүтээгдэхүүн зах зээлд гарахад чанарын сертификат байдаг. Тэгвэл манайд хэрэглэгдэж байгаа шатахуун гарал үүслийн бичиг байхгүй л гэсэн үг. Өнөөдөр Дэлхий нийт евро5 шатахуун руу шилжих гэж байна. Евро5 шатахууны ялгаруулдаг PPM буюу агаар бохирдуулагч хүхэрлэг хийн хэмжээ нь 50 РРМ байдаг.

Өнөөдөр Монгол Улсын импортолж буй евро2 стандартын АИ 92-оос гарч буй РРМ-ын хэмжээ нь 450-600 РРМ. Харин яг одоо керосин болон нафта найруулаад зах зээлд нийлүүлж буй шатахуун болон дизель түлшнээс 4,800-6,700 РРМ гарч байгаа. Европын холбооны улс орнууд өнөөдөр 50 РРМ-ыг аюултай гэж үзээд 2040 оноос дизель тэрэг явуулахыг хориглож байна. Гэтэл өнөөдөр бид 6,000- 7,000 PPM буюу хүхэрлэг хийгээр амьсгалаад явж байна. Энэ бол маш аюултай үзэгдэл.

Манайхаас өөр аль ч улс оронд ийм хортой үзэгдэл байхгүй. Хамгийн аюултай нь хүүхдийн биед асар хортой. Учир нь тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч буй хүнд метал нэг метрээс дээшээ дэгддэггүй. Өөрөөр хэлбэл яндангаас ялгарсан утаа газрын гадаргаас дээш нэг метрийн зайд оршиж байна гэсэн үг. Энэ нь бага насны хүүхдийг хордуулж байгаа юм. Та бүхэн Эрүүл мэндийн яамнаас гаргасан хүүхдийн өвчлөлийн тоон үзүүлэлтийг хараарай. 2012 оноос хойш хэд дахин нэмэгдсэн байгаа. Учир нь 2012 оноос хойш хольсон буюу хуурамч шатахуун хэрэглээд явж ирсэн.

Үр дүнд нь хүүхдийн өвчлөл, хорт хавдрын тоон үзүүлэлт гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Үүнд анхаарч байгаа хүн бараг алга. Хуурамч шатахууны бизнес ядуу буурай, хуучин машин ихтэй, авлигаар асуудлаа шийддэг улсад цэцэглэдэг.

– Энэ талаарх иргэдийн ойлголт сул байх шиг.

– Иргэд 300 литр дизель түлш дээр 700 литр керосин найруулаад дизель түлш гаргаж авдаг. А80 шатахуун дээр актав нэмээд А-92 гаргадаг юм байна гэж ойлгоод байх шиг. Энэ нь буруу. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта.

Керосин бол дизель түлшинд ордог, завсрын бүтээгдэхүүн. Дизель түлш болоогүй, шингэрүүлсэн хэлбэр нь гэсэн үг. Харин нафта бол шатахуун болоогүй шингэрүүлсэн хэлбэр гэж ойлгож болно. Энгийнээр тайлбарлахад ийм.

– Энэ талаарх иргэдийн ойлголт сул байх шиг.

– Иргэд 300 литр дизель түлш дээр 700 литр керосин найруулаад дизель түлш гаргаж авдаг. А80 шатахуун дээр актав нэмээд А-92 гаргадаг юм байна гэж ойлгоод байх шиг. Энэ нь буруу. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта. Керосин бол дизель түлшинд ордог, завсрын бүтээгдэхүүн. Дизель түлш болоогүй, шингэрүүлсэн хэлбэр нь гэсэн үг. Харин нафта бол шатахуун болоогүй шингэрүүлсэн хэлбэр гэж ойлгож болно. Энгийнээр тайлбарлахад ийм.

– Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт энэ нь хор хөнөөлтэй юу?

– Чанар стандартын шаардлага хангахгүй хольж найруулсан бүтээгдэхүүнийг авто машинд хийхээр эвдрэл гэмтэл их гарна. Яагаад гэвэл оруулж ирсэн бүтээгдэхүүнээ хооронд нь нийлүүлээд миксерддэг учраас маш өндөр шаталттай, ууршилт ихтэй. Авто машины мотор маш цэвэрхэн байх ёстой. Тэр дотор тос, агаар. шатахуун эсвэл орж шатаад, уур, утаа болоод гарах ёстой.

Гэтэл нефтийн туслах бүтээгдэхүүнээр хийсэн түлш юм уу, шатахуун хэрэглэхээр моторт тортог ихээр үүсдэг. Үүнээс болж, мотор доголдоно, очлуураа хаяхаа болино. Хоёрдугаарт, машины апартурыг хог болгодог. Үүнийг би л яриад байгаа юм биш. Та “Таван толгой”-д явдаг том оврын тээврийн хэрэгслийн жолооч нараас асуухад үүнийг хэлнэ. Тэд том машин эд ангиудаа сард л 2-3 удаа сольж байгаа талаараа хэлнэ. Энэ нь эдийн засгийн асар их хор хохирол дагуулдаг.

– Улсаас зах зээлд борлуулагдаж байгаа шатахуун, дизель түлшинд хяналт тавьдаггүй юм уу?

– Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний чанар, стандартад шалгалт хийдэг байгууллага алга. Мэргэжлийн хяналт ШТС-ын шатахуун шахаж байгаа хоолой, агуулах гэх мэт техникийн үзүүлэлтэд хяналт тавьдаг байсан. Энэ байгууллага татан буугдаад салбар яамд руугаа шингэчихлээ.

Стандарт хэмжил зүйн газар бол шахуургын насос нь 20 литр шахаж байна уу, 21 литр шахаж байна уу гэдэг дээр л хяналт тавьдаг. Ашигт малтмал газрын тосны газар нөөц тодорхойлдог, яам бодлого хэрэгжүүлдэг, ШӨХТГ газар Хэрэглэгчдийн тухай хуулиараа л явдаг. Ингээд харахад тухайн бүтээгдэхүүн дээр хяналт тавьдаг байгууллага алга.

Манай холбоо бол бүтээгдэхүүний чанар стандартыг л ярьж шаардлага тавьдаг. Монгол Улсад MNS:2016, MNS:2017 гэдэг хоёр стандарт байдаг. Энэ стандартад нийцсэн бүтээгдэхүүн л оруулж ирэх, борлуулах ёстой.

– Стандарт бус шатахуун зарагдаж байгааг та онцолж байна. Нийслэлд хэд хэдэн удаагийн давтамжтайгаар эвгүй үнэр гарах боллоо. Энэ нь найруулсан шатахуунтай холбоотой юу?

– Үүнийг баримт судалгаагүйгээр шууд хэлэх боломжгүй л дээ. Ерөнхийдөө шатахууны найрлагаар нь бодоод үзэхэд тийм үнэр гарах үндэслэл байхгүй. Хэрэв шатахуунаас тухайн үнэр гарч байгаа бол өдөр бүр, цаг тутам л сэнгэнэнэ.

Үе үе давтамжтайгаар үнэртэнэ гэдэг нь өөр шалтгаантайг харуулж байна. Харин найруулсан хуурамч шатахууны нөлөөгөөр мянга, мянган хүүхэд хүнд металлд хордож өвчинд шаналж байгаа нь үнэн. Үүний баталгаа нь эмнэлгээр дүүрэн байгаа нялх хүүхдүүд.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн галт тэрэгний аялал маргааш эхэлнэ DNN.mn

УБТЗ-ын Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн.

“Хүүхдийн галт тэрэгний” 12-р сарын аялал зарлагдлаа. Тус хөтөлбөр нь 2023 оны 12-р сарын 01-нээс эхэлж буй бөгөөд Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн баасан гарагт аялах аж. Энэхүү тусгай хөтөлбөртэй аялалд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт аялж, олон сайхан мартагдашгүй дурсамжийг бүтээдэг. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр гэр бүлээрээ тав тухтай аялж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг та бүү алдаарай хэмээн “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал түймрийн тархалтыг 12:20 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна DNN.mn

Өнөөдөр 11:17 цагт Сүхбаатар дүүргийн 11-хороонд байшин шатаж байна дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 12х6 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсан.

Алба хаагчид гал түймрийн тархалтыг 12:20 цагт зогсоож, одоогоор гал түймрийн нөхцөл байдал уугилттай, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар 19 сургууль, цэцэрлэг, сургалтын төвийг байнгын ашиглалтад хүлээн авчээ DNN.mn

Энэ онд улс, нийслэл, төсвийн хөрөнгө оруулалт, иргэн, хувийн хэвшлийн байгууллага, гадаад орны санхүүжилтээр барьсан барилга, эрчим хүчний байгууламжийг ашиглалтад оруулах нийт 1496 хүсэлт иржээ. Эдгээр хүсэлтийг шийдвэрлэхдээ иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлсэн эсэх, барилгын стандарт, норм ба дүрмийн хэрэгжилт, холбогдох бичиг баримтыг шалган, комиссын 826 удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох шийдвэрийг гаргаад байна.

Комиссын үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулж буй. Ингэхдээ ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээллийг нэгтгэн, орон зайн мэдээллийн сан /https://standard.ub.gov.mn/spatialdb/-д оруулан ажиллаж байгаа аж.

Мөн 2023 онд 8100 суудал бүхий арван сургуулийн барилга, 5420 хүүхдийн хүчин чадал бүхий 12 цэцэрлэгийн барилга, 6381 хүүхдийн хүчин чадал бүхий 19 сургууль, цэцэрлэг, сургалтын төвийг байнгын ашиглалтад хүлээн авчээ