Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хүүхдүүддээ л уншуулах юм шүү… DNN.mn

-“ДОМГИЙН ШУВУУ ҮРГЭЭЖ” ДОЛОО ДАХЬ ХӨХНИЙ ГАВАР БУЮУ АМЬТДЫН ТУХАЙ ӨГҮҮЛЛЭГҮҮД НОМ ДАХИН МЭНДЭЛЖ БАЙНА-

Монголчуудын ан амьтныг хайрлах сэтгэл, байгаль дэлхийтэйгээ харилцах хэлбэр бусад үндэстнүүдээс тэс өөр байдаг нь учиртай. Байгалийн үзэгдэл хийгээд ан амьтдын зан араншин, онцлог шинжид суурилсан домог, хууч яриаг өвөө, аав, ах нараасаа сонсож өсөөгүй хүүхэд тун ховор байх. ийм яриа сонсож өссөн хүүхэд байгаль, ан амьтантай арай л өөрөөр харьцдаг. Тэд ядаж л хээр хөдөө явахдаа хогоо хаяхгүй.

Ан гөрөө хийлээ гэхэд таарсан болгоноо “нухчих” гэж зүтгэхгүй. Энэ бол ёс суртахуун. Ёс суртахуунтай хүн нийгэмд ч үлгэр жишээ аж төрдөг жамтай. Өнөө цагт байгаль, ан амьтны талаар яриа дэлгээд суух өвөө нар цөөн болсон. Ийм яриа сонсоод суух хүүхдүүдийн сонирхол ч өөрчлөгдсөн. Тэгвэл тэдэнд дээр үеийнх шиг энгийн аргаар ёс суртахууны хүмүүжил яаж олгох вэ. Багаас нь байшинд биш байгальтай ойр байлгахад л анхаарчих. Хүн гэдэг төрөлхийн сониуч. Тэр дундаа ан амьтны талаар юу юунаас илүү сонирхдог. Энэ сонирхол дээр нь дөрөөлөөд хүүхдээ зөв хүн болгох боломжтой.

Сонирхол дээр нь дөрөөлж хүүхдээ хүмүүжүүлэх гэж хөдөө гадаа байнга авч яваад байх боломж байхгүй л дээ.

Авч явлаа гэхэд тэр болгон таардаг зэрлэг амьтад ч гэж юу байх вэ. Тэгвэл энэ асуудлыг тань “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэнгийн “Долоо дахь хөхний гавар” нэртэй амьтдын талаарх сонирхолтой өгүүллэг, танин мэдэхүйн ном дор нь шийдээд өгчихнө. Зөвхөн ан амьтдын ерөнхий онцлог шинжийг тусгасан ном биш.

Амьтад хоорондоо яаж харилцдаг, амьдралын хэв маяг нь ямар байдаг талаар товч атлаа хөнгөхөн хүншүүлсэн байдлаар тайлбарласан нь сонирхолтой. Аль нэг амьтны талаар бичсэнийг нь уншаад эхэлмэгц л үдэш орой өвөө, ааваасаа үлгэр, домог сонсож байгаа мэт сэтгэгдэл төрнө. Зүгээр л нэг төрлийн ховсонд автана. Ном уншдаггүй хүн ч цааш бүгдийг нь уншмаар санагдана. Их хачирхалтай. Өнөө цагт ном уншдаг хүн ховордсон гэдэг. Үнэндээ хүний сонирхол татсан, уншихад ойлгомжтой, урамтай, амттай бүтээл гарах нь ховордсон. Энэ ном бол унших тусам битгий дуусаасай гэх сэтгэлийн шуналыг хөдөлгөнө.

Амьтдын талаар яг юу бичсэн болоод ингэж их унших шунал хөдөлгөж байгааг та өөрөө энэхүү номыг уншаад ойлгоно биз. Бүр аргагүй нэг байгаль гэж юу вэ гэдгийг мэдрүүлсэн. Зарим үедээ бүр хүн ер нь амьтнаас дор ухаантай юм биш үү гэж бодогдуулна. Өөрөө уншиж дууссаныхаа дараа бусдыг уншаад үзээрэй гэж уриалмаар.

Хамгийн чухал нь үр хүүхдэдээ уншиж өгөх юмсан гэж бодогдуулам. Эсвэл өөрөө уншчихаад гэр бүлээрээ хөдөө хээр хурдан явах хүсэл төрүүлэм. Учир нь энэ номд бичигдсэн амьтадтай таарвал онцлог шинжийг нь сонирхолтойгоор ярьж өгөх нууц хүсэл таныг эзэмдэнэ. Тэр амьтан үр зулзагынхаа төлөө ямар их хөдөлмөр, золиос гарган байгальтай тэмцдэгийг хүүхдэдээ ярина. Тиймээс миний хүү, охин аав, ээжийгээ, ер нь хүн, амьтан болгоныг хайрлаарай гэж сургана. Сургахдаа амьд бодит жишээгээр ойлгуулна.

Танин мэдэхүйг ингэж бодитоор ойлгосон хүүхдийн хандлага зөв болно. Зөв хандлагатай хүүхэд байгалийн хуулиар хайр гэдэг зүйлийг ойлгоно. Байгаль, ан амьтдыг хайрлах ухааныг мэдэрсэн хүүхэд зөв хүн болж төлөвшихгүй гээд яах юм. Тиймээс энэ номыг эхлээд та өөрөө нэг уншаарай. Дараа нь хүссэн хүсээгүй үр хүүхдэдээ уншиж өгмөөр санагдана. Ер бусын ховсонд над шиг л автана…

Уг номыг “Өдрийн сонин”-ы редакцаас дахин засварлаж гурав дахь удаагаа хэвлэлтэд өгч байгаа юм. Намайг хүүхэд, оюутан байхаас л ам дамжин сайн ном хэмээн яригдаж байсан амьтдын тухай домогт ном ийнхүү дахин хэвлэгдэж байна. Орчин үеийн залуус хүүхдэд ёстой л нөгөө “Домгийн шувуу үргээж” гэгчээр ан амьтад, амьдралын төлөөх тэмцэл байгаль дэлхийн аугаа хайрын тухай ном хүрэхэд ийнхүү бэлэн болоод байна.

 

 

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн өдөрт зориулсан барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Б.Пүрэвсайхан үзүүрлэв DNN.mn

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 240 бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Хүчит бөхийн барилдаанд “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа.

Наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга О.Хангай, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Э.Даш нар үлдэв.

зураг

Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая, их шөвгийн хоёр бөх тус бүр 5 сая төгрөгийн бай шагналаа Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нараас гардаж авлаа.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байжэ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Долгион: Гавьяат цол авахаар сонин мэдрэмж төрдөг юм байна

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………………….

Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгионтой ярилцлаа.


-Түүхт ойнууд дав­хацсан баяр наадмаар төрөөсөө урлагийн гавь­яат зүтгэлтэн хэмээх том цол хүртлээ. Нийт уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе?

-Баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигчдад бас баяр хүргэе.

-Долгион гэдэг нэр Монголын рок поп ур­лагтай үргэлж хамт хэ­лэгдэж, цуг ирсэн. Хүү­хэд байхдаа “Долгион” гэж хамтлаг байдаг юм болов уу гэж хүртэл боддог байсан шүү?

-Сониноос “Долгион” гэж хамтлаг байсан. Хилийн цэргийн хамтлаг. Их сайн хамтлаг байсан шүү.

-Монголын рок по­пын алтан үеийн хамт­лагуудтай таны нэр зайлшгүй холбогддог?

-Баярлалаа. Яагаад гэвэл Монголын рок поп урлаг рок поп гэдэг томъёол­лоор, орчин ца­гийн хөгжмийн утгаар нь яах аргагүй миний үеийн­хэн анх бий бол­госон гэж хэлж болно. Миний уна­ган найз, “Соёл-Эрдэнэ”-ийн Гал­санбат агсан бол Монго­лын рок попын анх­ны гавьяат шүү дээ. Монго­лын төр анх удаа гитар­чинд гавьяат цолоо өгсөн юм. Галсанбат маань хэдийгээр бидэн­тэй­гээ байхгүй ч гэсэн тэнгэрээс харж байдаг гэдэгт итгэдэг. Найз маань булган сүүл­тэй юм байна. Манай рок попын гэр бүлд гавьяат цолт­нууд олон, өнөр болж байна. Одоогоор тэдний хам­гийн отгон нь би бол­лоо. Тийм учраас миний үеийн хамтлагуудад тог­лож, зүтгэж байгаа бид хэд биш, монголчууд, ард түмэн, рок поп урлагийг сонирхдог залуучууд, үе үеийнхэн маань мэдэж, хайрлаж, хүндэлж явд­гийн нэг илэрхийлэл нь сая надад шагнал өгсөн явдал боллоо гэж ойлгож байна. Бидний үеийнхэн ерөнхийдөө ахмад үе рүүгээ орох гэж байна. Гэхдээ бидний дээд талд алтан үеийнхэн, рок по­пын үндсийг тавьсан хү­мүүс минь байгаагүй бол бид нар яаж байх вэ. 1990-ээд оны, залуу үеийн төлөөлөл болсон та нарын үеийнхэн бид­нийг ойлгож, мэдэж, сонсч явдагт баярлах ёстой болов уу. Сая шагнал авахад залуучууд баяр их хүргэх юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр рок поп залуу үеийн урлаг юм. Тийм болохоор бас их баяр­лаж байх шиг байна. Энэ шагнал бол рок по­пын­хонд урам хайрласан ээл­жит баяр гэж ойлгож байна.

-Тухайн үеийн эстрад, рок поп урлагийн нэг чухал хэсэг нь пянз байж. Энэ үг яалтгүй Монголын 1970, 1980-аад оны эстрадынхны тодотгол нь байсан юм шиг ээ. Пянз гэхээр та нарын үе л сэтгэлд буугаад байдаг юм?

-Рок поп урлаг нь өөрөө пянзтай яах аргагүй хол­боо­той. Яагаад гэвэл гитар тог­лоод дуулна. Түүнийгээ ту­хайн явцуу хүрээндээ сонс­гохоос гадна цаашаа олон хүнд хүргэхийг боддог ийм урлаг. Нөгөөдүүл нь ч сон­сохыг хүсдэг, харилцан бие биетэйгээ шүтэлцдэгээс ямар нэгэн техникийн хэрэгс­лээр харилцан хүргэхийн тулд яв­саар өнөөдөр CD, интернэт, Iphone, Ipod бол­лоо. Бидний хүүхэд байхад удаан тоглогч пянз гэж бай­лаа. Тэр пянзаар рокн рол­лийн хаана Эльвис Преслей, “Битлз”-ийн дуу хуур тэр үеийн дэлхийн залуу­чуудын толгой тархийг эзэм­дэж, маш том шуурга болсон. “Битлз”-ийн тэр дөрвөн залуу дэлхийг донсолгосон. Нэг гариг, ер­төнц дээр байгаа болохоор тэр салхи шуурга Монголыг тойроогүй.

Галсанбатын том ах Гал­санбаяр ЗХУ-ын Одессей хотноо сурдаг байлаа. Тэр хот далайн боомт учраас орон орны усан цэргүүд пянз зөөдөг байсан. Пянз Монголд орж ирсэн нэг суваг нь тэр үеийн оюутнууд юм.

Галсанбаяр ах бид нарыг суулгаж байгаад  “Битлз”-ийн дууг пянзаар сонсгосон. Ин­гэж л бид “Битлз” гэдэг пянз­тай танилцаж байсан. Түү­нээс өмнө сонгодог, дуурийн дуучдын пянзнууд гэрт маань байдаг л байсан.

Тэр үед энд тэндгүй пянз тархаж байсан. Рок поп нэгэн зэрэг бий болсон. 40, 50 мянгатын давхар, орцтой байрууд ашиглалтад орж нүүдэлчин монголчууд тэнд орсон. Тэгэхэд л монголчууд орц гэдэг юмтай болж, тэнд хүүхдүүд нь тоглож нааддаг, гитар тоглож, дуу хуураа бие биендээ сонирхуулдаг байв. Ийм үед Монголын рок попын нэгэн үе нь явсан. Тэр үе дотор нь би бас явсан гэдгээ­рээ гэрч нь юм. Монго­лын орчин цагийн хөгжим орцны хөгжмөөс яах аргагүй үүсэл­тэй, холбоотой. Орцны хөгж­мийг өнөөдөр зарим хү­мүүс үгүйсгэдэг. Тэрийг үгүйс­гэж болохгүй юм. Тэгэхэд бас л хөгжим явж байсан. Олон нийтийн өмнө дуулж болдог­гүй, хаалттай хориотой дуу­нуу­даа орцонд л дуулдаг бай­лаа. Нэг ёсондоо орц нь Соё­лын төв байж. Тэнд хүү­хэд залуус цуглаж хөгжим, мэдээ­лэл хуваалцдаг, со­лилц­дог бай­сан. Орцны урлаг буюу ба­руунд underground  гэж бай­даг. Тэр урлаг маань яв­саар байгаад орчин цагийн рок попын урлаг болчихлоо. Олон мөчир салаа, хэв мая­гаараа хуваагдаад байж байна.

-Монголын анхны эст­рад рок, поп дуу гэвэл?

-Тухайн үеийн соёлын яам, удирдлагууд албан ёсоор “Битлз” маягийн хамт­лаг байгуулсан нь “Соёл-Эрдэнэ”. “Соёл-Эрдэнэ”-ээс рок поп албан ёсоор эхэлж байсан түүхтэй. Дуу гэж ярих­гүй, хэнээс эхэлсэн бэ гэвэл “Соёл-Эрдэнэ”-ээс гэнэ.

-Та нарын үеийн хамт­лаг дуучдыг одоо ч ард түмэн хүндэлсээр, дууг нь сонссоор байдаг. Та бүх­нийг өнөөдөр хүртэл ард түмэн мартаагүй нь рок попын анхдагчид гэдгээр тань уу, эсвэл дуунуудад тийм шид байна уу?

-Аль алинд нь байна. Ер нь бол урлаг хожим хойно нь үнэлэгдэж, томъёологдож явдаг. Би өөрөө дуу зохиож, оролддог хүний хувьд ярихад дээр үед, алтан үеийн хөгж­мийн бурхад маань үнэхээр аугаа байжээ. Тэр үед дууг Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Г.Бир­­­ваа, Б.Дамдинсүрэн, Д.Лув­сан­шарав гээд л хуучны мун­даг хүмүүс баталдаг бай­сан. Эд нар чинь шаардлага их өндөр тавьдаг байж. На­майг анх дууны горманийг өөрчлөх гэж завсрын өнгө оруулах гэхэд минь хорьсныг нь эргээд бодоход буруу юм биш бай­жээ. Монголын таван эгшиг, Азийн аялгуугаа хад­гал гэсэн хатуу шаардлага тавьдаг байж. Тийм болохоор монгол хүнд, чихэнд чимэгтэй сон­согддог дуунууд нь мөнх бай­даг. Ингэж бас тайлбар­лаж болно. 1990 онд ардчи­лал эрх чөлөө бий болсноор нэг сайхан бүтэн амьсгалах уур амьсгалтай болж хүн бүр дуулж хуурдах, зохиох эрх нь нээлттэй болонгуут бүгд л дуу зохионо гэж байхгүй л байхгүй юу. Үүнээс болж өнөө­дөр зарим дуу урт нас­лахгүй байгаа.

Өөрөөр хэлбэл үе үеэрээ үнэ цэнэтэй явдаг урлаг шүү дээ. Рок поп маань залуу үеийн, мөнхийнх. Бидний үеийн дуунууд яваад бай­дагтай адил 1990, 2000-аад оны дуунууд ч мөнхрөх л болно шүү дээ.

-Та шагналаа долдугаар сарын 10-ны өглөө төрийн тэргүүнээс авсан. Наадам­тай давхацсан шагнал ав­сан мөч үгээр хэлэхийн ар­га­­гүй сайхан байсан байх шүү?

-Би ер нь энэ тухай бодож байгаагүй юм байна. Найзууд маань гавьяат, ардын жүжиг­чин, төрийн шагнал авахад ордны гадна очоод л, тосоод л, цэцэг өгдөг байсан. Гэтэл өөрөө авсан чинь бас их сонин мэдрэмж төрдөг юм байна. Намайг төрийн хар хүн гэж хэлж болно. Төрийн төлөө боож үхдэг оготнуу­дынх нь нэг нь би. Тийм уч­раас төрт ёсоо хүндэлдэг. Монгол хүн учраас Монголын уламжлал, ёс, ард түмний амьдрал, бичигдээгүй хуулийг нь дагах ёстой. Төр надад, хүүдээ ийм том шагнал хайр­лаж байгаа гэдгийг бодоод, тэр том танхимд Ерөн­хий­лөгчтэй гар бариад, тэмдгийг нь зүүхэд хүн аргагүй баяр­ладаг юм билээ.

Тэгээд би юу бодсон гэхээр монголчууд бид нар нэгэнт л ийм ёс дэг жаяг байдаг, байгаа учраас төрт ёсоо хүндэлж, хайрлаж тэр ёсоор нь хандах ёстой юм байна. Тийм учраас сүртэй байсан, надад. Би одонгоо аваад, цэцэг барьчихсан, Чингэсийн хөшөөний хажуу­гаар бууж ирэхэд талбайн тал нь хүнээр дүүрчихсэн байсан. Бүгд уухайлахад ая­гүй сонин санагдсан. Би хэр баргийн юманд сандардаг­гүй. Телевизээр өдөр болгон л гарч байдаг, ард түмний дунд л явж байдаг ч тэгж сандарч байсангүй (инээв). Ямар сайндаа буруу шатаар нь буух гэж бүдэрч унахаа шахаж байхав дээ. Тэр миний сандарч, догдолж байгаагийн л илрэл. Тийм болохоор энэ бол айхавтар гоё юм байдаг юм байна гэдгийг ойлгосон.

-Наадмаар тэгвэл хөл хөөр ихтэй байж дээ?

-Тэр өдрүүдэд миний гар утас шатаж байсан гэж хэлж болно. Би чинь сая өөрийг минь олон хүн таньдаг юм байна, мэддэг юм байна гэд­гийг бүр онцгой ойлголоо. Над руу хөдөө орон нутаг, миний таньдаггүй хүмүүс хүр­тэл яриад “Та бол мундаг шүү” гээд л. Надад их сайхан санагдсан. Сая би өөрөө өөрийгөө дахин шинээр нээ­лээ шүү дээ. Тийм л юм бол­лоо. Их сонин мэдрэмж төр­дөг юм байна. Фото аппа­ратууд түм бумаараа гялс, гялсхийгээд л. Хүн ер нь баярлахгүй байна гэж байдаг юм уу. Их баярласан, дог­долсон. Би чинь нэлээд л их юм үзсэн хүн. Төрт ёсны тэр гоё уур амьсгалыг сая л анх мэдэрлээ.

-Төрсөн дүүтэйгээ ур­лагт, нэг салбарт зэрэг­цээд, хамтдаа зүтгээд ява­хад ямар байдаг вэ?

-Би сэтгэгдлээ хуваалц­маар байна. Ангирмаа бид хоёрын аав Ч.Балчинжав гэж хүн байсан. Суу билэгтэй, авьяастай, сайхан дуулдаг, хуурддаг, шүлэг бичдэг, ор­чуулга хийдэг олон нийтийн зүтгэлтэн байсан. Хуучны, улс төрийн хэлмэгдэл гээд дэмий юм байдаг байлаа шүү дээ. Аав маань тийм асууд­лаар ороод уран бүтээл туур­вих талаасаа хаагдаж бай­сан. Тэгээд энэ хорвоогоос “Алтан гадас” одон ч авч чадалгүй хальсан даа.

Энэ жил миний дүү Б.Ан­гирмаа Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржоос “Алтан гадас” одон авлаа, би сая гавьяат цолыг нь авав. Тэгээд би бодож байсан юм. Аавынхаа авч чадаагүй шагналыг нь бид хоёр авч байгаа юм байна даа гэж. Хамгийн нандинаар хэлэ­хэд ийм сэтгэгдэл төрсөн. Урлагийн салбарт бол миний дүү танигдчихсан, олны та­нил хүн. Тэр өчүүхэн жаахан авь­яасыг аав ээж минь би­дэнд өгөөгүйсэн бол юу гэж бид хоёр ингэж шагнал авах вэ дээ гэдэг ийм энгийн бо­ловчиг хамгийн хялбар ойл­гохуйц сэтгэгдэл, мэдрэмж төрсөн.

-Б.Ангирмаагийн зан байдлын талаар хүмүүс ярихдаа тантай харьцуулах их дуртай байдаг юм.

-Миний дүү их хэрсүү. Багадаа өнчирсөн болохоор тусгаар тогтносон, хэнээс ч шалтгаалахгүй, автахгүй тийм зан чанартай. Дүүгээс минь хүмүүс эмээдэг тал бай­даг юм билээ (инээв). Миний дүү хатуу. Их шулуун шударга болохоор зарим талаараа хүмүүсийг үргээдэг тал бий. Тийм ч учраас “Киви” хамтлаг ийм амжилттай ч явдаг байх. Би чинь дүүгээ хэр баргийн юман дээр магтдаггүй. Өөрийнх нь дэргэд ийм юм ярьдаггүй. Ерөнхийдөө чанга талдаа ах нь байдаг. Надаас ч эмээдэг. Гэхдээ хараад байхад продюссерыг жинхэ­нэ утгаар нь хийж чадаж бай­гаа. Хүнд хараалган зүхүүлэн байгаа ч гэсэн тэр хамтлаг амжилттай явж, үлгэр жишээ болж байна.

Яг тулаад харьцвал дүү минь зөөлөн сайхан сэтгэл­тэй. Ахынхаа төлөө дүү ямар сэтгэлтэй байдаг вэ. Яг л тийм байдаг юм. Сая надад гавьяат цол олгох талаар хөөцөлдөхөд их үүрэг гүй­цэтгэсэн юм билээ. Би өөрийгөө ийм шагнал авах гэж байгаагаа ерөөсөө мэ­дээгүй. Дүүгийн хувьд ахыгаа бодож л явдаг юм байна гэдгийг ойлголоо. Тэр бол мэдээжийн хэрэг.

-Б.Ангирмаа жинсэн хүрэм өмсөөд, гитар барин “Намайг Ангирмаа гэдэг” хэмээн дуулж байснаараа хүмүүсийн сэтгэлд илүү дотно байдаг?

-Тэр үед бол үнэхээр өөр сонин байж чадсан. Гэнэт л “Намайг Ангирмаа гэдэг” гээд дуулаад эхлэхээр хүмүүс энэ чинь одоо юу болчихов гэсэн маягтай хандаж байсан. Би тэр үед битүүхэндээ алга та­шаад дэмжиж л байсан. Уран бүтээл талаасаа анхны цомог нь их мундаг болсон байдаг.

-Улсын наадам болоод өнгөрсөн ч аймгуудын наа­дам залгах нь. Та наадмаар хаагуур баярлав. Наадмын сониноосоо сонирхуулбал?

-Монголчууд бидэнд нэг сайхан уламжлал байна аа. Нутгархацгаагаад л. Аавын­хаараа бол би чинь Архан­гайн уугуул шүү дээ. Би хотод төрсөн ч аав минь Архан­гайнх. Г.Өсөхбаяр аварга бол манай холын садангийн хүн. Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба хоёрын төлөө би айхавтар их балиашигласан. Даанч тийм­хэн юм болсон. Их гонсгор үлд­сэн. Нуугаад яах вэ. Нөгөө талаас цоо шинэ аварга гарч ирнэ гэдэг бол бас гоё. Рок хөгжим шиг. Рок хөгжим нь шинэ юм эрэлхийлж, тэсрэлт болж гарч ирдэг. Тэр утгаа­раа гоё рок наадам болсон.

-Ямар нэгэн хүндэтгэ­лийн тоглолт язгуур урла­гаар эхлээд, дараа нь ний­тийн дуугаар үргэлжилж, сүүлд нь рок поп гэсэн дарааллаар яваад байдаг?

-Зөв л дөө. Уламжлалаа бодвол. Би ингэж боддог юм. Төр, улс сонгодог, язгуур урлагтаа анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Харин рок поп урлаг бол өөрөө хөгжөөд явчихдаг. За­луу хүн өөрөө байгаа уч­раас төрийн дэмжлэг энэ тэр гэх­гүйгээр эрх чөлөөтэйгээр явдаг.

Сонгодог урлагтаа хөрөн­гө оруулалт хийх хэрэгтэй. Сая Чайковскийн нэрэмжит уралдаанд Э.Амартүвшин мөнгөн медаль авсан. Спор­тоор бол олимпийн мөнгөн медаль. Э.Амартүвшин над­тай хамт гавьяат авлаа шүү дээ. Би өөрөөсөө түрүүлээд түүнийг бодоод байсан. 24-хөн настай залуу. Улс нь сонгодог, язгуур урлагаа дэмж­дэг байх ёстой. Тэгвэл их гоё болно. Харин хажууд нь рок поп өөрийнхөөрөө хөг­жөөд л байж байна.

-Та бүхэн насаараа л “Битлз”-ийг ярьж, дууг нь дуулах юм. Тэд чинь аль хэдийнэ үеэ өнгөрөө­чих­сөн, домог болсон хүмүүс. Тэдний дуунаас уйддаггүй юм уу?

-(Инээв). Энэ чинь цаанаа асар их өөр агуулгатай юм. “Битлз” чинь өөрөө өнөөд­рийн орчин цагийн хөгжмийн урсгалуудын суурийг тавь­сан. Дэлхийн бүхий л рок хамт­лагаар дамжуулж “Битлз” чинь өөрийгөө байгаа  шүү гэдгээ мэдрүүлээд байгаа юм.

Би одоо үндэсний хөгж­мөөр “Битлз”-ийн дуунуудыг тоглуулах төсөл дээр ажил­лаж байна. “Жонон” хамт­лагийнхан дуу болгоныг нь шинээр нээгээд байгаа байх­гүй юу. Энэ төслийг Ерөнхий сайд асан С.Баяр санаа­чилсан юм. Их гоё санаа.

-Улаанбаатарт “Битлз” хамтлагийн хөшөөг бос­госон. Энэ хөшөөнд амьд хөгжим сонирхогч залуус тусгайлан очиж хүндэтгэл үзүүлдэг өдрүүдтэй юм болов уу?

-Очдог гэсэн. Тэр хөшөөн дээр хүмүүс юм бичээд эрээ­чээд сараачаад аймаар бол­гочихдог юм. Тэгээд бид биш, залуус очоод цэвэрлэчихдэг гээд л бод доо. Хоёр удаа тэгсэн. Хөшөө цэвэрлээд арч­чихдаг залуусыг олох гээд тэр хавийнхнаас асуусан чинь “Хэдэн залуус ирээд л цэвэр­лэчихдэг” гэж байв.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Батболд: Цахим орчинд мэдээллээ оруулах тусам л та хувийн нууцаа алдаж байна гэсэн үг DNN.mn

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлого хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболдтой ярилцлаа.


-Монгол Улсад цахим хэрэглээ жилд хэдэн хувиар өсдөг тухай тооцоо судалгаа бий юу?

-Бид харилцаа холбооны салбарын статистик мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны зөвшөөрлөөр гаргадаг. Харилцаа холбоо хэрэглэгчийн өсөлт жил бүр арван хувьтай байдаг. Жишээлбэл, 2022 онд үүрэн холбооны хэрэглэгч 4.2 сая байсан бол 2023 онд 4.8 сая болсон. Нийт суурин интернэт хэрэглэгч 450 мянга буюу Монгол Улсын нийт өрхийн 50 хувь нь хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Нэг хүн дунджаар 12.8 Gb интернэт гар утсаараа хэрэглэдэг. Гаднаас 570 мянган Gb интернэтийн урсгал түрээслэдэг. Үүнээс хэрэглэж буй 200 мянган Gb гаруй байгаа. Монгол Улсын нийт хэрэглээ 500 мянган Gb. Дотоод урсгал 200 мянган Gb байна гэдэг статистик гарсан.

-Эдгээр хэрэглээний аюулгүй байдлыг хангаж чаддаг уу. Хэрэгцээ шаардлагад нийцсэн хамгаалалтын шинэ элементүүдийг нэвтрүүлдэг үү. Жишээ нь, фэйсбүүк л гэхэд хувь хүний мэдээллийг цааш нь зардаг гэдэг шүү дээ?

-Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль 2022 онд батлагдсан. Цахим багц таван хуулийн нэг нь.

Энэ хуульд хувь хүний мэдээллийг хадгалж боловсруулж болно. Гадагшаа дамжуулах, түгээх хориотой. Энэ хуулийн заалтаар бид гадаадын компаниудтай хамтран ажиллах боломжтой. Хоёрдугаарт, тухайн хувь хүний мэдээллийг хадгалсаныг чиг үүргийн хүрээнд кибер аюулгүй байдлын төвүүд хариуцаж ажиллах ёстой. 2023 онд Үндэсний кибер аюулгүйн төв байгуулагдсан. 2024 онд Нийтийн төв байгуулагдана. Тэгэхээр бид энэ чиглэл рүү олон улсын платформуудыг нэгтгэхээр хамтран ажиллана. Энэ нь хэрэглэгчийн датаг хамгаалахаар л хийгээд байгаа ажлууд шүү дээ. Нөгөө талаар иргэд, хэрэглэгчдийн эрх үүрэг гэж бий. Хүмүүс өөрсдийн хувийн мэдээллийг ашиглуулахгүй, хадгалуулахгүй, дамжуулахгүй байх боломжийг олгоосой. Тэр боломжийг хэрэглэгч өөрөө эрэлхийлж байх ёстой. Томоохон платформуудад заавал гэсэн улаан чагттай тэмдэглэгээнүүдийг л оруулаад бусдыг нь заавал оруулахгүй байж болно. Заавал дээр нь овог нэр, утасны дугаар, имэйл хаяг л байдаг шүү дээ. Бусад мэдээллийг заавал оруулаад байх шаардлагагүй. Тэгэхээр түүнийг оруулах эсэхээ хувь хүмүүс бодох ёстой. Мэдээллээ оруулах тусам л та хувийн мэдээллээ алдаж байна гэсэн үг. Гуравдугаарт, хувь хүний мэдээлэл гэхээр регистрийн дугаар, гар утасны дугаар, хаяг байршил гэдгээр мэдээллийн санд тодорхойлогдохгүй болчихлоо. Таны зан үйлдэл, цахим орчинд гаргаж байгаа мэдээллээр чинь судлаад их хэмжээний өгөгдөл үүсгэдэг. Үүнийг EI буюу хиймэл оюун ухаанаар тооцоолон судлаад, таныг тэр олон мянган хүн дундаас таних бололцоотой болчихсон. Нэг талаараа бид хүний мэдээллийг хамгаална гэж тэмцээд байхаас илүү тухайн хувь хүний мэдээллийг хамгаалж байгаа платформууддаа, ялангуяа үүнийг ашиглаж дижитал бизнес хийх гэж байгаа, дижитал үйлчилгээ үзүүлэх гэж байгаа үйлчилгээ эрхлэгчидтэй нягт хамтран ажиллах ёстой. Ингэхийн тулд олон улсын хамтын ажиллагаа маш чухал. Өөрөөр хэлбэл олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаад тухайн нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэний мэдээлэл хадгалагдсан платформууд дээрх хувь хүний мэдээллийг задруулахгүй байх гэдэг бүтцийг хийх ёстой юм билээ. Олон улсад яг энэ асуудлыг хурцаар ярьж байна. Жишээ нь, манай аль нэг аппликэйшний бизнес хөгжөөд хятадын хэрэглэгчдийг аваад эхэллээ. Тэгвэл Хятадын хуулиар тухайн хятад иргэний мэдээллийг хадгалах ёсгүй. Заавал хятад сервер дээр байршуулах ёстой. Хятад байршлыг үзүүлэх ёстой болж байгаа юм. Хэрэв бид хоёр талын эрх ашгийг бодоод дижитал трийдмэнт буюу дижитал худалдааны гэрээ байгуулаад цаашид нягт хамтран ажиллавал хялбар болох магадлалтай. Ингэж байж л Монгол Улсын дижитал үйлчилгээ эрхлэгчдийн бизнес гаднын зах зээл рүү тэлнэ ээ л гэсэн үг.

-Олон улсад энэ үйл ажиллагаа хэр амжилттай яваа вэ?

-Олон улс тэр чиглэл рүү аль хэдийнэ яваад эхэлсэн. Яагаад гэвэл хувь хүний мэдээллийг дотооддоо хадгалах асуудал яригддаг. Олон улсын хэмжээнд. Үүнийгээ их бариад эхэлсэн чинь нөгөө дижитал эдийн засгууд тус тусдаа салангид болоод цаашдын хөгжил нь боомилогдож эхэлж байна гэсэн асуудал яригдаад эхэлсэн. Үүнийг нээж өгөх ёстой. Ялангуяа бусад улс орны дижитал үйлчилгээ эрхлэгчид бусад улс орны зах зээлд нэвтрэхийн тулд олон улстай хамтарсан механизмыг бий болгохгүй бол хувь хүний мэдээлэл гэдэг асуудлаар бүгд боомилогдоод байх юм байна гэдэг зүйл яригдаж байгаа.

-Нэг үеэ бодвол дижитал үйлчилгээ эрхэлдэг, хувь хүний нууцыг хадгалдаг, хамгаалдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд, компаниуд олноор үйл ажиллагаа эрхэлдэг болжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос иргэдэд зориулсан ямар шинэ үйлчилгээ, технологиудыг нэвтрүүлж байгаа вэ?

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос иргэдэд зориулж хоёр аргыг хэрэглэж байгаа. Нэгдүгээрт, Кибер аюулгүй байдлын тухай хуулиар кибер халдлага, довтолгоо, кибер цахим аюулгүй байдлыг хуулиар байгуулагдсан аюулгүй байдлын зөвлөл болон түүний доор байгаа холбогдох төвүүд хариуцаж ажиллана. ХХЗХ-ны хуулиар өгөгдсөн чиг үүрэг нь онлайн буюу цахим орчны аюулгүй байдал тэр дундаа цахим орчны хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх.

Хоёрдугаарт, бид интернэт үйлчилгээ эрхлэгч болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгодог. Тусгай зөвшөөрлийн хүрээнд нөхцөл шаардлагын дагуу тухайн интернэт үйлчилгээ эрхлэгч болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах, кибер аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийх ёстой. Тэгэхээр бид энэ хүрээнд технологийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид жишээ нь, sms ирэх, спам мессэж ирэх, гадны дуудлага ирээд төлбөр их гарах зэрэг асуудлууд гардаг. Энэ асуудлыг шийдэж явна. Нөгөө талаас интернэтээр хортой линкүүдийг шидээд хувь хүмүүсийн мэдээллийг аваад залилдаг гэдэг асуудал байгаа. Бид үүн дээр аль болох хортой контентыг устгах асуудлыг үүрэг болгоод явж байна. Үүнийг технологийн хувьд шийдэх боломжгүй. Ялангуяа интернэт орчинд. Тэгэхээр үүнийг яаж шийдэх ёстой гэхээр олон улсын хамтын ажиллагаа, технологийн байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчид, иргэд, өрхүүд бүгдийн оролцоо чухал.

-Олон улсад твиттер, фэйсбүүк хэрэглээ болчихлоо. Хятадын хувьд өөрсдийн Wechat гэх үндэсний платформтой болчихсон. Монголын хувьд E-Mongolia-гаас өөр үндэсний хэмжээний томоохон платформ алга. Цахим орчинд оруулдаг мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх үндэсний хэмжээний платформ байгуулах боломж бий юу?

-Улсын төсөвт үйлдвэрийн газар E-Mongolia аппликэйшнийг хөгжүүлээд 1.6 сая хэрэглэгчтэй Монголын томоохон платформ болгочихлоо. Монголд хоёр л том аппликэйшн байгаа. E-Mongolia, E barimt гэсэн хоёр аппликэйшн бий. Худалдааны хувьд цахим төлбөр хийх, цахимаар мөнгө шилжүүлэх асуудал Монгол Улсад харин ч өндөр хөгжсөн гэж бодож байна. Яагаад гэхээр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг бүх банк цахим шийдлээ гаргачихсан. Цахим шийдлүүд нь маш амжилттай яваа. Мөн төлбөрийн картууд байна. Энэ асуудалд Монгол Улс хойгуур орно гэж бодохгүй байна. Харин ч дээгүүр явж байгаа. Pintek буюу төлбөр тооцооны системийн хувьд. Хятад өөрөө хаалттай орон. Тиймээс үндсэн хоёрхон платформыг зөвшөөрдөг. Нэг нь Alipay, нөгөө нь Wechat. Тэгэхээр бид тухайн орнуудтай хамтын ажиллагаа эхлүүлж байж хийнэ. Харин Монгол Улсын Hipay гэдэг үйлчилгээ эрхлэгч Alipay-тэй гэрээ байгуулаад Хятад улсад төлбөр тооцоо хийх боломжийг нээсэн. Энэ бол маш том давуу тал. Бид нөгөө улсын юм ярьж байна шүү дээ. Монгол Улс дотроо цахим төлбөр тооцооны систем хангалттай хөгжсөн гэж үздэг.

-Твиттер, фэйсбүүк бол гаднын платформ. Тэгэхээр бид түүнийг хэрэглэхээр гадагшаа л бидний мөнгө урсаад байгаа шүү дээ. Дотооддоо үлдэх төлбөр тооцоо, мэдээлэл солилцох, эдгээр платформ шиг цогц шийдлийг хийх боломж хэр байгаа бол?

-Хүмүүс фэйсбүүк, твиттер хэрэглээд гадагшаа мөнгө урсдаг гэдэг. Мэдээж бүүст хийх, сурталчилгаа хийхэд тухайн платформд хөрөнгө оруулж байгаа. Хоёрдугаарт, фэйсбүүк хэрэглэх тоолонд бид гадагшаа урсах интернэтийн урсгалд мөнгө төлж байна. Гэхдээ монголын интернэт үйлчилгээ эрхлэгчид дотроо фэйсбүүк, youtube, twitter, tik tok ч гэдэг юмуу томоохон платформуудын keyserver-ийг Монголдоо байгуулчихсан байдаг. Тэгэхээр ихэнх тохиолдолд эдгээр серверт үлдэх боломжтой. Дотооддоо интернэт урсгалыг хэрэглэнэ гэсэн үг. Гадагшаа нэмэлтээр авсан контентуудыг нийтэд нь татчихдаг. Өөрөөр хэлбэл шинэ контент авах болгонд тухайн keyserver цааш нь фэйсбүүк компанийн сервертэй холбогдоод тэр датаг пэйж дээрээ хадгалчихдаг. Жишээ нь, би нэг удаадаа шинэ контент руу орчихлоо.

Дараа нь та юмуу, эсвэл өөр хүн орлоо гэхэд тэрхүү keyserver дээр байгаа зүйлийг л татаад үзчихнэ. Нэмэлтээр гадагшаа дата урсгал гарахгүй гэсэн үг. Үүнийг бид нарийн тооцож гаргах ёстой юм билээ. Нөгөө талаар бид үндэсний хэмжээний мета ч байна уу, youtube ч юм уу, google шиг платформ байгуулна гэдэг хэцүү. Үүнийг хувийн аж ахуйн секторууд л урт хугацаанд хэрэгжүүлэх боломжтой л төсөл. Бидний хийж чадах зүйл гэвэл энэ компаниудтай хамтран ажиллах л юм.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

2023.10.29 / НЯМ ГАРИГ

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН
ХОЁР ХАР ЦАГААН БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 07.32-17.40
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Гал

Аргын тооллын 10 сарын 29, Адьяа гараг. Билгийн тооллын 16, Гоё хүүхэн одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 32 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 02:01-06:26 хооронд 4 цаг 25 минут үргэлжлэх ба оргил үе нь 04:14-д харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    29-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд нутгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна.  30, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ спорт

Монголын сагсан бөмбөг мэргэжлийн “хоёр лигтэй” боллоо DNN.mn

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг эхлэхтэй холбогдуулан зарим багийн эзэд буюу Мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбооноос Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-нд найман шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагыг МСБХ-оос биелүүлэх боломжгүй талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан өнөөдөр мэдэгдэв. Ингэснээр шаардлага хүргүүлсэн багуудыг Үндэсний дээд лигт оролцуулах боломжгүй болсон байна.

Харин тус мэдэгдэлтэй холбогдуулан Мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбооноос Монголын Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн Лиг (ММСБЛ)-ийг үүсгэн байгуулж, удахгүй эхлэх талаар “IHC APES” багийн эзэн О.Мөнхжин мэдээлжээ.

Тус лигт “Erdenet Miners, ВСН Garid, Golden East Warriors, Zavkhan Brothers, IHC Apes, Тэнүүн-Өлзий Металл гэсэн баг багтаж байна.

Тэгвэл МСБХ-оос зохион байгуулж буй Үндэсний дээд лигийн эрэгтэй багуудад Darkhan United, Selenge Bodons, Өмнөговь Ёлууд, Налайх Bison, ШУТИС Sharks, Хасын хүлгүүд, Сүмбэр Цамхаг Монголианс нар багтжээ. Үндэсний дээд лигийн тоглолтууд энэ сарын 30,31-нд эхэлнэ.

МСБХ-оос өнөөдөр гаргасан мэдэгдийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Томуугийн вакциныг 2-5 настай хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудад үнэ төлбөргүй хийж байна DNN.mn

Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж буйтай холбоотойгоор зорилтот бүлгийнхэнд томуугийн вакцин хийж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1070 дугаартай Төлөвлөгөө батлах тухай захирамжийн дагуу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинжуулж буй.

Томуугийн вакцин нь бүтэн нэг жилийн турш дархлаа тогтоож, өвчнөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFlu 4 цэнт” вакцинаар дархлаажуулалтыг хийж байгаа. Тус вакцин нь хадгалах горим, баталгаат хугацаа, гарал үүслийн эх сурвалжтай, олон улсын эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан эм бэлдмэл юм.

Томуу нь вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Иймд тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд

  • Улирлын томуугийн вакцинд хамрагдах
  • Хувийн ариун цэвэр сахих
  • Дархлаагаа дэмжих
  • Гараа тогтмол угааж хэвших
  • Гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт тогтмол хийх
  • Чанартай хоол хүнс хэрэглэх
  • Сайтар унтаж амрах
  • Амны хаалтыг олон нийтийн газар тогтмол зөв зүүж дадах шаардлагатай. Арван хүн тутмын долоо нь амны хаалт зүүснээр халдвараас урьдчилан сэргийлж чадна гэж үздэг.

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд бусдад халдвар тараахаас сэргийлж, амны хаалт зүүн, олон нийтийн газраар зорчилгүй эмнэлгийн байгууллагад хандаж, эмчилгээ, зөвлөгөө авна уу

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнд соёлгүй оролцсон жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Замын хөдөлгөөнд оролцохдоо соёлгүй оролцсон жолоочийг 20000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. Тодруулбал, портер маркийн машин приус маркийн суудлын автомашины урдуур огцом дарж, осол гаргах шахсан бичлэг цахим орчинд гарсан.

Уг бичлэгийн мөрөөр ТЦА-ныхан шалгалт явуулж, тус жолоочийг 20 мянган төгрөгөөр торгосон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, хүйтэрнэ DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 10-р сарын 27-ны 20 цагаас 10-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -7…-12 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5…-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус дулаан, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд нутгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна.  30, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.