Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан болно DNN.mn

Улсын Их Хурлын байнгын болон түр хороо, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдлээс хамгаалах, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 “Үндсэн хууль”
2 Эдийн засгийн байнгын хороо “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
ХОЁР. БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/ ·      Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийг томилох тухай асуудал 08.30 “Их засаг”
2 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо ·      “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох /Эрдэнэс-Тавантолгой ХК-д тогтоосон онцгой  дэглэмийн хугацаанд  гүйцэтгэсэн ажлын талаар/ 09.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ·      Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудал /Засгийн газар 2023.10.03-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·      Мэдээлэл сонсох /Хаалттай/

10.00 “Их засаг”
4 Эдийн засгийн байнгын хороо ·    Байнгын хорооны тогтоолын төсөл /“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·     Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох

11.00 “Жанжин Д.Сүхбаатар”
5 Нийгмийн бодлогын байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      2024 оны улсын төсвийн төсөлд тусгагдсан хүүхэд хамгаалал, хөгжил, эх, нярайн тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих ажлын талаар Эрүүл мэндийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын мэдээлэл сонсох

·      Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

11.30 “Их Эзэн Чингис хаан”
6 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·      Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
7 Хянан шалгах түр хороо /Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тайланг Улсын Их Хуралд танилцуулах асуудлаар/ ·      Хянан шалгах түр хорооны даргыг сонгох

·      Бусад

16.00 “Их Эзэн Чингис хаан”
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батбаатар: Сэтгүүл зүйн мэргэжлийн өнцгөөс харахад мөрдөн байцаалтын нууц задаллаа гэдэг бол үндэслэлгүй тайлбар DNN.mn

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, доктор Ж.Батбаатартай ярилцлаа.

-Бага насны хүүхэд бусдын гарт амиа алдсан ноцтой хэрэг гарлаа. Энэ дуулиан дэгдэхтэй зэрэгцэн сэтгүүлчдийг мөрдөн байцаалтын нууц задруулсан гэх шүүмжлэл нийгэмд өрнөж байна. Сэтгүүлч нууц далд мэдээлэл олж авах, түүнийгээ хэвлэн нийтлэхэд мөрдөн байцаалтын нууцын асуудал ямар холбоотой юм бэ?

-Мэдээлэл задруулах, нууц мэдээлэл задруулах гэдэг бол сэтгүүл зүйн хувьд харьцангуй зүйл. Нууц мэдээлэл задруулах тухайд хариуцлагыг мэдээллийн нууцыг хадгалж байгаа илүү субьектэд хамааруулах ёстой. Сэтгүүл зүй, тэр тусмаа эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол аливаа нэг албан тушаалтны, хэн нэгний нуун далдлах гэсэн, тэр нь олон нийтэд, нийгмийн аюулгүй байдалд, иргэдийн эрүүл мэнд зэрэгтэй холбоотой мэдээллүүдийг ил болгоход чиглэгддэг.

Ийм мэдээллийг сэтгүүл зүй өөрөө эрж хайх эрхтэй бас үүрэгтэй. Үүний тулд сэтгүүл зүй эрж сурвалжлах, нууц мэдээллийг хайх, олж илрүүлэх, олон нийтэд мэдээлэх өөрийн гэсэн тогтсон, хүлээн зөвшөөрөгдсөн арга техникүүдтэй байдаг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухайд бол мэргэжлийн сэтгүүл зүйн ёс зүйн зарчимтай харшилддаг, зөрчилтэй арга, хэрэгслүүд ч бий. Ингэлээ гээд нийгэмд шуугиад байгаа, онцгой нөхцөл байдалд хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд төр засгийн байгууллагаас янз бүрийн түвшний хориг хязгаарлалт тавих ойлголт байх нь зохисгүй зүйл. Сэтгүүл зүй өөрөө ардчилсан нийгэм дэх бие даасан хараат бус институт. Өөрийн мэргэжлийн үйл ажиллагааны нарийн дүрэмтэй, шалгууртай. Бидний мэдэх олон улсын практик ч бий. Солонгосын Севол хөлөг онгоцны ослоор олон хүүхдийн амь нас эрсэдсэн. Энэ асуудал олон улсын сэтгүүлчдийн дунд маш том хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн юм. Солонгосын сэтгүүлчид “Бид албаны мэдээллийг хүлээсээр байгаад цаг алдаж, энэ нь олон хүүхдийг эрсдэлт байдалд ороход нөлөөлжээ.

Бид өөрсдийнхөө шугамаар, зарчмаар нөхцөл байдлын талаар илүү нарийн мэдээлэл олж авч, тодруулж нийтэд хүргэсэн бол хурдан шуурхай арга хэмжээ авч, ийм нөхцөл байдал үүсэхгүй байж болох байсан. Үүнийгээ хэлээн зөвшөөрч байна” гэсэн байдаг. Тэгэхээр ямар нэгэн осол гамшиг, онцгой нөхцөл байдлын үед ч хэвлэл мэдээлэл үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Сая болж өнгөрсөн тохиолдолд мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задаллаа гэцгээж байгаа нь сэтгүүл зүйн мэргэжлийн өнцгөөс үзвэл тийм ч үндэстэй зүйл биш шүү дээ. Сэтгүүл зүйн онцгой ганц эрх бол нууц эх сурвалжаа хамгаалах. Хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны хараат бус байдлыг ингэж хамгаалдаг.

-Мөрдөн байцаалтын нууц задалсан явдлын тухай ярих нь тохиромжгүй зүйл гэж ойлголоо. Харин ч сэтгүүл зүй өөрөө хүч нөлөө, үр дүн бий болгож байдаг юм биш үү?

-Нэг жишээ хэлэхэд Европын нэг оронд 10 настай хүүхэд алга болсон хэрэг гарсан юм. Тэр үед хэвлэлүүд яг цаг цагаар, хүүхэд эндээс алга болжээ, ингэжээ гээд бүх мэдээллийг эрэн сурвалжилж гаргаж байсан. Хууль хяналтын байгууллагуудын эрэн хайх ажиллагаатай зэрэгцээд л мэдээллүүд ингэж олон нийтэд ил болж байдаг. Өдөр өдрөөр нь, маршрут зургууд гарч ирж, одоо хаана хүрээд байгаа юм, цаашаа яах боломжтой вэ гэх зэргээр өөр өөрсдийнхөө таамгийг ч дэвшүүлнэ, эх сурвалжуудынхаа баримтыг ч гаргана. Сэтгүүл зүй ийм л дүрмээр явдаг.

Харин манайд социалист үзэл санаатай холбоотой юм уу, хэвлэлийн талаар буруу үзэл ойлголт хадгалагдаж байна. Нийгэмд муу муухай зүйлийг л хэвлэл ярьж байна, дэвэргэж байна. Сайн, сайхан юм ярих ёстой гэцгээдэг. Энэ бол социализмын үеийн хэвлэлийн талаарх үзэл шүү дээ. Гэтэл сэтгүүл зүй өөрөө аль болохгүй байгаа зүйлийг гаргаж илчлэх, гаргаж тавих, нийгэм олон нийт, төр засгийн сонорт хүргэх замаар, засч залруулах үүрэгтэй. Бид энэ дээр жаахан туйлшраад байгаа юм. Одоо бүр мэдээллийн сэтгүүл зүй хэрэггүй ээ, шийдлийн сэтгүүл зүй хэрэгтэй гэж туйлшруулан ярьж эхэлсэн. Ингэснээр сэтгүүл зүйг шүүн таслах байгууллага болгочих гээд байна. Энэ бол нэг төрлийн хэтэрхийлэл. Асуудлыг шийддэг субьектууд нь тусдаа бий. Хэвлэл хэдийгээр өвөрмөц нөхцөлд үүргээ гүйцэтгэдэг боловч ямар ч үед шийдэх, таслах үүргийг гүйцэтгэх боломжгүй.

Орчин үеийн сэтгүүл зүй түрүүлж мэдээлэх гэдэг ойлголт бараг байхаа больчихсон. Сошиал дээр ямар ч иргэн пост оруулаад, лайв хийгээд мэдээлчихдэг болсон. Гэхдээ огт үгүйсгэгдсэн зүйл биш. Мэдээж хэрэг хэвлэл мэдээлэл хурдан шуурхай ажиллахыг хичээнэ. Онцгой тулгамдсан үед албаны мэдээлэл гэдэг бол ам таглах аргацаах хэрэгсэл болох нь ч бий. Мөрдөн байцаалтын нууц, тогтоогдоогүй байна гэх мэтээр. Үүнийг сэтгүүл зүй хүлээн зөвшөөрдөггүй. Тийм учраас өөрсдийнхөө арга хэрэгслээр мэдээллийг олж илрүүлэхийг зорьдог.

Иргэд,хэрэглэгчид нь яасан бол гээд санаа зовничихсон, мэдэхийг хүсч байгаа, хэвлэл мэдээллийг чагнаж, эрж хайж байхад хариултыг нь олж өгөхийг л зорино биз дээ. Яг тэр мэдэхийг хүсч байгаа мэдээллийг нь олж өгөх гэдэг бол сэтгүүл зүйн өөрийнх нь үүрэг юм. Энэ утгаараа хэвлэл мэдээлэл сая үүргээ биелүүлж байгаа хэрэг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд мэдээлэл авах арга хэрэгсэл нь мэдээллийн нууц эх сурвалж болдог. Ер нь дэлхийн аль ч хэвлэл хамгийн чухал мэдээлэл, илрэхэд түвэгтэй мэдээллүүдийг нууц эх сурвалжаас авсан байдаг. Хэвлэл мэдээлэл урд нь ч өөрийнхөө сүлжээгээр мэдээлэл олж авч түгээсээр ирсэн, одоо ч тийм байгаа, хойшдоо ч тийм байна. Тиймээс мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаална гээд олон улс оронд хуульчилчихсан. Бүх улс орны хэвлэлийн ёс зүйн дүрэмд байдаг. Манайд ч Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд энэ заалт бий. Ингэж нууц эх сурвалжийг сэтгүүл зүйд хуулиар хамгаалдаг, ёс зүйн дүрэм, зарчмаар хамгаалдаг. Үүнийг бид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Хүнлэг байх тухайд та ярихгүй юу. Сэтгүүлч мэдээлэл бэлтгэхдээ мэдээж мэдрэмжтэй хандах ёстой. Хүнлэг байх ёстой гээд мэдээлэхгүй өнгөрнө гэсэн үг биш байх?

-Сэтгүүл зүйд нэг зовлонтой зүйл байдаг. Дандаа цаг хугацаатай өрсөж уралдаж шийдэл гаргах хэрэгцээ гардаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид тулсан цаг хугацааны хайчинд шийдэл хийх хэрэгцээ шаардлагууд ажил мэргэжлийнх нь онцлогоос хамаарч тулгарч байдаг гэсэн үг. Жишээ нь, Сэтгүүлч тухайн асуудлаар таван баримт оллоо гэхэд би үүнийхээ алиныг нь олон нийтэд хүргэх вэ гэдэг шийдэл юм. Үүндээ л хүнлэг энэрэнгүй байх гэх зэрэг ёс зүйн зарчмуудаа баримтлах ёстой. Харамсалтай нь цаг хугацааны ийм шахуу байдлаас болж ёс зүйн алдаа гаргах тохиолдол олон гардаг. Ялангуяа бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл, асуудлыг ёс зүйн баримтлалын дээд эрэмбэд авч үзэх ёстой. Энэ бол сэтгүүл зүйн нягт нямбай үйл ажиллагааны шалгуур. Тиймээс ийм асуудалд хариуцлагагүй хандах эрх сэтгүүлчид байхгүй.

Баримтыг нотлон шалгах, сэтгүүлчийн няхуур нямбай байдал, ямар ч мэдээллийг нягтлан хүргэх тал дээр алдаа их гараад байгаа юм. Бид нэгд, техник технологи хурдан болсон яарч түрэгдээд түргэн түүхий мэдээлэл хүргэхдээ алдаж байна. Нөгөө талаар сэтгүүлч ямар ч нөхцөлд баримт үйл явдлаас өөрийгөө салгаж өөрийнхөө үзэл бодол сэтгэл хөдлөлөөс ангид сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хувь хүний сэтгэл хөдлөл, сэтгүүлчийн ажил хоёр чинь заагтай байж байж, өөрөөр хэлбэл баримт, үйл явдлыг хувийн хандлага, үзэл бодлоосоо ангид байлгаж л мэдээлэл бодитой байх нөхцөл бүрддэг.

-Мөрдөн байцаалтын нууцыг задруулсан гэх агуулга дээр хууль тогтоогч, хууль сахиулагч төрийн байгууллагын зүгээс оролцож эхэлж байна. Жишээ нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд үүнийг буруушааж сошиалд байр сууриа илэрхийлсэн харагдсан. Энэ нь сэтгүүл зүйд хэр нөлөөтэй вэ?

-Чөлөөт хэвлэл нь төр засгийн, хуулийн ямар нэгэн шахалт, хязгаарлалтаас ангид байж хараат бусаар ажиллах нөхцөл бүрдэнэ. Чөлөөт хэвлэл тогтсон дүрэм, зарчмаараа үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. Гэтэл ямар нэгэн байгууллагаас түүнийг мэдээлж болно, түүнийг болохгүй гэх нь Монгол Улсын хуулиар ч хориотой зүйл. Хэвлэлийн эрх чөлөөний хуульд байгаа. Энэ бол хэвлэлийн агуулгад цензур тавих явдал болж хувирна. Яахав, өнөөдрийн дуулиант нөхцөл байдалд тийм байж болох юм шиг боловч алсдаа хэвлэлийн агуулгыг цензурдах гэсэн асуудал болно. Хэвлэлийн өөрийнх нь дүрэм, дотоод зохицуулалтаар зохицуулагдаад явдаг зүйлийг хориглох явдал байж таарахгүй.

-Олон нийтийн сүлжээнд боловсруулаагүй, баталгаажуулаагүй мэдээллүүд ихээр түгдэг. Олон нийт шууд хүлээж авдаг. Сөрөг үр дагавар гарахад сэтгүүл зүйг буруутгадаг болсоор удаж байна. Үүний ялгаа заагийг яаж харах ёстой юм бэ?

-Асуудлын гол нь манай уншигчид, хэрэглэгчдийн мэдээллийн боловсролын түвшинд байгаа юм. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг шалгаж баталгаажсан, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэдэг, тэдний мэдэх эрхэнд үйлчилдэг үйлчилгээ.

Харин сошиал бол иргэд олон нийт энэ талбарт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл солилцох, асуудлыг хэлэлцэх, шүүмжлэх, шийдэл гарц эрж хайх нээлттэй талбар нь. Гэтэл бид мэдээллийн боловсрол дутмаг байдлаасаа болж ийм хоёр эрс ялгаатай зүйлийг нэг зүйл мэт ойлгодог. Сошиалд нэг зүйл биччихсэн байвал түүнийг сэтгүүл зүй л гэж хараад байна. Яахав, орчин үеийн сэтгүүл зүй технологийн ололтод тулгуурлаад олон нийтэд хүрэх хэрэгсэл, унаагаа олон нийтийн сүлжээгээр хийсэн. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ үйлдвэрлээд түүнийгээ аль болох хялбар, шуурхай арга замаар иргэд олон нийтэд хүргэх ёстой. Тэр унаа нь сошиал болсон гэсэн үг л дээ.Үүнийг заагтай авч үзэх ёстой юм.

Би нэг зүйлийг олон жил хэлж, ярьж ирсэн. Энэ бол сэтгүүлчид өөрсдөө сошиалд хязгаартай, “хамжаарга”-тай “ажиллах”явдал. Сэтгүүлч Цэцгээ гэж нүүр хуудсаа нэрлээд, бичээд ирэхээр чинь сэтгүүл зүй гэж л олон нийтэд ойлгогддог. Хувийн орон зай гэж тодорхойлогддог хэсэг дээр сэтгүүл зүйн ажлаа явуулдаг байдал нь зааггүй болчихоод байна. Энэ нь нийгэмд төөрөгдөл үүсгэх, сэтгүүлчийн талаарх ойлголт буруу ташаа болох, хэрэглэгчдийн сэтгүүл зүйд итгэх итгэл үнэмшил нь буурахад сөрөг нөлөө үзүүлж байгааг бид ойлгох хэрэгтэй.

-Сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл буурсан гэлээ. Ер нь Монголын сэтгүүл зүй үүргээ хэр биелүүлж байна гэж та хардаг вэ?

-Монголын өнөөгийн нийгэмд чөлөөт хэвлэл, хэвлэл мэдээлэл өөрийнхөө үүргийг гүйцэтгээд л явж байгаа. Мэдээж хэвлэл мэдээлэл жинхэнэ чөлөөт хэвлэлийн зарчмаар ажиллаад үүргээ маш сайн биелүүлж байгаа гэж хэлэх боломжгүй. Түүн дотор муу муухай, хүмүүсийн шүүмжлээд байдаг дутагдалтай зүйлүүд ч байгаа.

Хэдийгээр сэтгүүл зүй муу, сайн гэж хэлүүлээд байгаа ч гэсэн нийгэмд бий болоод байгаа энэ олон авлига, хулгай луйвар, хээл хахууль, хүчирхийлэлтэй холбоотой олон асуудлыг хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчид л гаргаж тавьж байна. Хамгийн сүүлд, энэ золгүй явдал, энэ онцгой нөхцөлд хэвлэл мэдээллийнхэн хэдий шүүмжлэлд өртсөн ч өөрсдийнхөө үүргийг гүйцэтгээд явсан. Үгүйсгэж огт болохгүй. Яахав алдаа оноо бий. Гэхдээ муу үйл ч заавал сайн тал руугаа ахиж байдаг гэгчээр эндээс сургамж, туршлага аваад ахиж урагшилна. Гэхдээ хамгийн гол зүйл нь сайн, муу хэлүүлээд нийгмийн бугшсан асуудлыг хэн гаргаж тавьж байна вэ, хэн үүний төлөө явж байна вэ, сэтгүүл зүй шүү дээ. Ер нь бусад улс орнуудад ардчилсан хэвлэл 200 хол илүү жилийн түүхтэй бол Монгол Улсад 30 жилийн л түүхтэй шүү дээ. Тэгэхээр бид чөлөөт хэвлэлийнхээ алдаа, оноог шүүн хэлэлцэж улам бэхжүүлээд явах нь нийгэмд, иргэд бидэнд л тустай.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд хүүхдийн яргын орон байдгаа болих хэрэгтэй DNN.mn

Монгол Улс хүүхдэд ээлгүй орон болж хувирлаа. Энэ байдлаар нийт хүн амын ердөө гучаадхан хувийг эзэлдэг 1.3 сая монгол хүүхдийн ирээдүй үнэхээр хэцүү харагдаж байна. Жилээс жилд гэмт хэргийн золиос болдог хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн онд 1500 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсныг статистик бэлхнээ хэлээд өгөв. Энэ бол зөвхөн хууль, хяналтын байгууллагад бүртгэгдсэн л дүн. Цаана нь цагдаад дуудлага өгөөгүй хэчнээн бяцхан зүрх айдастайгаа нүүр тулж, зовж шаналдгийг хэн ч мэдэхгүй. Ийм байхад бид өөрсдийгөө хүүхэд, залуусын орон гэж цээжээ дэлдээд яах юм бэ.

Ер нь монголчууд хэзээнээсээ хүүхдийн эрхийн талаар ямар ч ухамсаргүй явж ирсэн улс. Өнөөдөр л гэв гэнэт хүүхдүүдэд харгис хандаад, үл тоогоод байгаа юм биш. Бүр эртнээс хүүхдийг зарцын хэмжээнд ярьдаг байсан. Хүүхдээ төрүүлэхдээ “Хөлөө хучуулах хүүхэдтэй болно. Хөгшин болсон хойноо туслуулах үртэй байх хэрэгтэй. Үхэхдээ өргүүлнэ” гэдэг. Тэгээд “Хүүхэд том болоод сайхан байна. Малын хошуу эргүүлдэг боллоо” гэж боолчилно. Үүнийгээ амьдралын ухаанд сургаж байна гэж өөрсдийгөө зөвтгөнө. Энэ бүгдийг эргүүлээд харахад монголчууд эртнээсээ болон одоо хүртэл хүүхдийн яргын орон байжээ. Яг үнэндээ Монголд хоншоортой нь л хүн болдог байж. Баргийн хүүхэд хүн болдоггүй. Үхээд дуусдаг. Одоо үүнийгээ болих хэрэгтэй байна. Тэгээд болоогүй би чамайг төрүүлсэн гээд өөрийнхөө хүссэнээр байлгах гэдэг. Тэр хүүхдийн ертөнц, үзэл бодол, эрх чөлөөг огт бодолцдоггүй. Хүүхэд бол ая тухтай амьдралынх нь төлөөс байх ёстой мэтээр аашилдаг. Энэ бол монголчуудын мунхаг үзэл. Сүүлийн үед төр засгийн үйл ажиллагаа нь хүртэл яг ийм болчихсон. “Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ, хүүхдийн эрхийг хуулиар хамгаална” гээд л бодлогын түвшинд сүрхий шийдлүүд ярьдаг хэрнээ хөрсөн дээрээ хэрэгжилт нь нойл. Сая гэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа парламентад Хүүхэд хамгааллын сангийн тайланг танилцуулна лээ. Улсаас санхүүждэг энэ байгууллагын зардал хүүхэд хамгаалахад хүрэлцдэггүй юм байх. Өнгөрсөн жил найман тэрбум төгрөгийн төсөвтэй байсныг ирэх онд 14 тэрбум болгож нэмэгдүүлэхээр УИХ-д өргөн барьсан гэнэ. Ингэснээр хүүхэд хамгааллын ажлыг илүү өргөн цар хүрээнд хийж чадна гэж салбарын сайд нь ярина лээ. Энэ сан төсвөөс авсан найман тэрбумынхаа ердөө гуравхан тэрбумыг нь зориулалтын дагуу зарцуулсан гэж тайлагнасан байгаа юм. Харин таван тэрбум төгрөг нь хүүхэд хамгаалахад биш өөр зүйлд зарцуулагджээ. Архи, виски, сонгуулийн зардал гээд явж өгсөн байна лээ. Тэр бүү хэл гэр орондоо цахилгаан хэрэгсэл хүртэл авчээ. Энэ бүхэн аудитын дүгнэлтээр ил цагаан болсныг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан ярих шив дээ.

Хүүхдүүдээсээ голоо тасартал харамладаг манай төр малд мөнгө өгөхдөө их өгөөмөр. Ямааны ноолуур, үнээний сүүнд гээд л мөнгөө цацаж өгнө. Өнгөрсөн хавар үхэр ээмэгжүүлэхэд 13 тэрбумыг зориулна гэж салбарын сайд нь мэдэгдэж байлаа. Тэгсэн хэрнээ хүүхдийн мөнгөн дээр яаж үхэн хатан эсэргүүцлээ дээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хүүхдүүдэд 100 мянган төгрөг өгдгөө болимоор юм. Хөдөө хүүхэд болгон дугуй унаж байна” гэж байна. Ингэхэд яагаад хүүхэд дугуй унаж болдоггүй юм бэ. Энэ бол хамгийн наад захын хэрэгцээ шүү дээ. Хүүхдийн 100 мянган төгрөг өгснөөс болж айл өрхүүд баяжаад толгой дарааллан дугуй авч унаад байна гэж гомдолсон. Тэд дугуйгаар наадаад эрхэм гишүүнд ажил хийж өгөхгүй байгаа гэнэ. Хүүхдийн мөнгөөрөө амьдраад иргэд ажил хийхээ байлаа гэж мушгисан. Ганц Ц.Даваасүрэн ч биш өчнөөн олон гишүүн ил, далд хүүхдийн мөнгийг болиулах гэж гүйсэн. Ард түмний боломжийг хулгайлж, хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгө цуглуулчихсан төрийн түшээд нь хүртэл ийм муухай үзэлтэй. Энэ бүх зүйл дээрээс монголчууд хүүхэд хөгшиддөө ээлгүй улс гэдэг нь харагддаг. Хүч чадалгүй сул дорой нэгийгээ дээрэнгүй ханддаг хулчгар улсын л зан юм даа. Одоо үүнийгээ болих хэрэгтэй.

Сая Дорноговь аймагт харамсалтайгаар амиа алдсан 12 настай охины үхэл монголчуудын жинхэнэ нүүр царайг харууллаа. Таксинаас эхэлье л дээ. Машинтай хүн болгон таксинд явдаг болсон. Одоо энэ асуудлыг цэгцлэх ёстойг хөөрхий охинд тохиолдсон эмгэнэлт явдал гашуун сургамж болов. Такси бол үйлчилгээний нэг төрөл. Таних тэмдэг, стандарт гэж байх ёстой. Гэтэл хэн дуртай нь болсон болоогүй таксичид гэж галзуурдгийг зогсоомоор байна. Дээрээс нь нийгэмд үгүйлэгдэж байгаа хамгийн том асуудал бол камержуулалт. Мэдээлэл технологийн эрин үед манайх шиг ийм харанхуй улс алга. Зургаан жилийн өмнө Замын-Үүдэд Д.Сэржмядаг охиныг алга болоход л орон нутагт камер тавина гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа. Хүүхдүүд алга болсоор, амиа алдсаар л байж байг уу. Яс юман дээр улсаас камер суурилуулаарай гээд мөнгө өгөөгүй биш, өгдөг юм билээ. Харамсалтай нь хөгийн шимигчид тэр мөнгөнөөс нь хулгай хийж идчихээд юу ч болоогүй юм шиг сууж байна. Камержуулсан дүр үзүүлдэг. Дараа нь камерын засвар үйлчилгээний мөнгө гэж дахиж төсөв өгдөг ч тэрийг нь хуу хамаад дуусдаг. Энэ бол монголчуудын дээрээсээ доошоо хүртэл бүх шатанд хулгай хийж гаршсаны үнэн төрх. Тэр дундаа хүүхэд хэл ам хийхгүй болохоор бүр ч дээрэнгүй хамдаг.

Хүүхдүүдээ зүгээр л хөсөр хаячихжээ, манай улс. Хүүхдийн хажууд архидан согтуурах нь энгийн үзэл. Энэ байдлыг нийгмээрээ хүлээн зөвшөөрчихсөн. Цэцэрлэг дотор архидаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч нарыг “Яахав дээ ганц баярын өдрөөрөө наргиж цэнгэж л байг” гээд өмөөрцгөөх. Гол нь хүүхдийн орчинд согтууруулах ундаа хэрэглэж байгаа зохисгүй үйлдлийг нь огт олж харахгүй шаагилдах юм. Бас хүүхдээр морь унуулна. Монголчууд өөрсдийнхөө зугаа цэнгэл, дур хүслээ гүйцээхийн тулд хүүхдүүдийг адгуусан дээр мордуулаад барианы цаана хөөрч зогсцгоодог. Хүүхдүүдийн эрх зөрчигддөг өөр нэг асуудал бол дотуур байр байна. Аймаг, сумын төвд зургаан настнуудыг аав, ээжээс нь салгаад дотуур байранд аваачаад хашчихдаг. Ийм балчир хүүхдүүдэд ямар ч шоронгоос илүү тамын газар. Гэр бүл, өсч торнисон орчин, адаглаад тоглоомоо хүртэл санаж бэтгэрнэ. Ээж, аавынхаа энгэрээс салж үзээгүй зургаан настнуудын хувьд дотуур байранд өдөр өнгөрөхгүй. Нэг хоног бүтэн жил шиг л удаан санагддаг. Гэтэл манайхан дотуур байр шиг сайхан жаргалтай газар байхгүй гээд л ярьцгаадаг. Бодит үнэн гэвэл дотуур байранд хүүхдүүд яаж ганцаарддаг, өлсдөг бүүр цаашлаад амиа хорлох явдал гарсаар байгааг парламентын танхимд хэлэлцэж л байна шүү дээ. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа өөр нэг орчин бол сургууль байна. Өнөөдөр нэг анги бараг 60 хүүхэдтэй хичээллэдэг. 20 хүүхэд суух стандарттай өрөөнд гурав дахин их хүүхэд бөөгнүүлж хашчихаад юу сурна гэж найдаж хүлээх юм бэ. Ядаж л амьсгалах агаарын хүрэлцээ ямар байхыг бодолцох ёстой. Цонхоо онгойлгох юм бол хөлдөж үхчих гээд хэцүү. За тэгээд тэр олон хүүхдэд дуу хоолойгоо хүргэх гээд багш самбарын өмнө өдөржин орилно. Орой нь тэр багшийн яриа хүүхдүүдэд дуулдах уу. Хүүхэд хичээлээ ойлгох уу. Хүүхэдтэй холбоотой бүх юмаа эргүүлээд нэг бод доо.

Монголчуудын сэтгэлгээнд хүүхэдтэй болбол хариуцлага хүлээдэг гэдгийг нутагшуулах ёстой юм байна. Сүүлдээ хүүхнүүд нөхрөө тогтоохын тулд бушуухан хүүхдийг нь гаргана гэж ярьдаг болсон ч байх шиг. Хүүхэд ямар завхайрлын золиос юм уу. Тэгэх хүүхдийн эрх, амьдрах орчин гээд бүхий л зүйлсийг нь стандарт, ном журмын дагуу болгох хэрэгтэй байна. Шийдэл нь мэдээж хуулийн гаргалгаа гэдэг. Саяын хэрэгтэй холбоотой хүүхэд хүчирхийлэгчдэд өршөөл үзүүлдэггүй больё гэж ярьж байна. Ингэж ярихаасаа урьдаар хүчирхийлэл үүсдэг орчныг нь болиул л даа. Өнөөдөр Монголд хүүхдийг яаж л бол яаж хүчирхийлж болохоор байна. Эрхбиш монголчууд номхон тулдаа л тэсээд байх шиг. Дотуур байр, хонины бэлчээрт охид бэлгийн хүчирхийлэлд өртдөг явдлыг яагаад зогсоож болдоггүй юм бэ. Суурин газраас илүү сум орон нутагт хэдэн малчдын хүүхдүүд ийм айдастай нүүр тулан амьдарч байгаа. Зэлүүд сумын нэг захаас нөгөө зах хүртэл сургуульдаа алхаж явдаг хүүхдүүд олон. Аль ч суманд очвол өсвөр насны охин 4-5 км-ийн зайтай сургуулиасаа гэр рүүгээ шөнө оройн цагаар алхаад явж л байгаа. Хэн ч түүнийг хүүе, хаая гэж анхаараад хүргэж өгч, тосдоггүй. Үеийн хөвгүүд нь татаж чангаана. Хүүхэд болсон хойно ичиж, ээж аавдээ хэлж зүрхлэхгүй. Насанд хүрсэн эрчүүл нь харин нэрээ хичээгээд гайгүйхэн өнгөрөх юм даа. Хүн цөөнийх л байдаг байх. Хэн гуай явуулахгүй байсан гээд ярьвал нүдний булай л даа. Энэ бол манайд өдөр бүр л болдог асуудал. Энэ бүхнийг бий болгож байгаа орчныг нь үгүй болгох ёстой. Наад зах нь сумын сургуульд хүүхдийн унаа авч өгөх хэрэгтэй байна. Хүүхэд хамгаалах ажлыг ингэж л хийдэг байх. Тэрнээс хэдэн утасны дуудлаганд хариулаад тоон дүнг нь нэгтгээд, сургалт явуулсан болоод төсвийн мөнгийг үрэн таран хийхийн нэр биш шүү. Хэрэв энэ янзаараа яваад байвал Монгол Улс хүүхдийн яргын орон хэвээрээ л байна.

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжөөд 100 жилтэйгээ золгох гэж байна. Ардчилсан хүмүүнлэг нийгмийг цогцлоосон гэж дэлхий дахинд үнэлэгддэг бид хүүхдүүддээ дэндүү харгис байгаа нь нүүдэлчдийн хатуу ширүүн орчинд аминчхэн үзэлтэй явж ирсэний л гай. Суурин иргэншилд шилжсэн бид одоо энэ зангаасаа салах хэрэгтэй байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Хүрэлбаатар: Нийгэмд сенсаци зориуд гаргаж, түүнийхээ сүүдэр дор парламент хоорондын комисс гэх Оросын нөлөөг Монголын төрд нутагшуулж байна DNN.mn

Ардчилсан намын гишүүн, зөвлөх хууль, улс төр судлаач Т.Хүрэлбаатартай Орос, Монголын парламент хоорондын хамтарсан комиссын асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг Орос, Монголын парламент хоорондын хамтарсан комиссын асуудлыг хуульчдаараа судлуулна гэж мэдээлэл өгч байсан. Зөвлөх хуульчийн хувьд энэхүү асуудлыг юу гэж ойлгож байгаа вэ?

-Юуны өмнө ийм комисс байгуулагдсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болохыг бид баримттай ярьж байгаа. Учир нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. УИХ ард түмний төлөөллөөс бүрддэг. Тэр утгаараа УИХ-аар батлагдаж буй хууль, журам болгон ард түмний саналыг тусгасны үндсэн дээр хэлэлцэгдэж баталдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын хэрэгжүүлж байгаа үйлдэл, гаргаж байгаа шийдвэр болгоны цаана ард иргэдийн санал байнга явж байдаг гэсэн үг. Үүгээрээ ард түмэн төрийн эрхийг барих Үндсэн хуулийн эрхээ эдэлж байгаа гэж ойлгож болно. Гэтэл УИХ-ын дарга нь гадны улс орны парламенттай хамтрах асуудлыг ард түмэн битгий хэл УИХ-ын гишүүдээс асууж, саналыг нь авалгүйгээр дангаараа төлөөлж комисс хүртэл байгуулсан нь өөрөө Үндсэн хуулийн ноцтой зөрчил. Тиймээс АН-ын хуульчид энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр бэлтгэж байгаа.

-Хууль зөрчсөн үйлдэл юм байж. Улс төрийн өнцгөөр нь харвал энэхүү комиссыг ямар зорилгоор байгуулсан гэж та харж байна вэ?

-Ирэх жил бол сонгуулийн жил. Тэр утгаараа улс төрчид, намуудад сонгуульд оролцох хөрөнгө санхүү асар их хэрэгтэй болсон. Тэр утгаараа эрх баригчид тэр дундаа УИХ-ын дарга сонгуулийн мөнгөө босгохын тулд Оросын нөлөөнд орж иймэрхүү хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй. Шууд улс төрийн өнцгөөр нь харъя, хардъя гэвэл иймэрхүү дүр зураг ажиглагдаж байна л даа. Нөгөөтэйгүүр УИХ-ын дарга УИХ-ыг төлөөлөх эрх байхгүй. Гэтэл яагаад дангаараа ийм шийдвэр гаргасан бэ гэдэг асуудал гарч ирнэ. Би үүнд нэг хариулт л хэлье. Эрх баригчид үнэхээр хүчиндээ солиорсон байна. Дарга болчихвол бүгдийг шийдвэрлэнэ, би л бүх юмыг мэднэ, миний өөдөөс дуугарах хүн байхгүй гэх коммунист үзэл суртлаар явж байна. Тэд ардчилсан орон, эрх зүйт төртэй улс гэдгээ таг мартчихаж. Босоо удирдлагын тогтолцоо МАН-д хүчтэй ноёрхож эхэлсний нотолгоо бол энэ. Дарга л бүгдийг мэддэг гэсэн үзэл агуулгаар асуудлыг шийдвэрлэх гэж муйхарлаж байна.

Энэхүү хамтарсан комиссыг ямар учраас байгуулсан, ямар зорилготой вэ гэдгээ УИХ-ын дарга болон холбогдох албаныхан тайлбарлаж байгаа. Тэдний хувьд хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах, стратегийн иж бүрэн харилцааг өргөжүүлэх зорилготой гэж үзэж байна. Энэ нь УИХ-ын хийх ёстой ажил уу?

-Мэдээж үгүй. Үүнийг Ерөнхийлөгч эсвэл Засгийн газрын түвшинд бүрэн хийгээд явах боломжтой. Харин УИХ-ын зүгээс гадаад бодлогын баримт бичгийг хуулиар боловсруулах л үүрэгтэй. Түүнээс биш УИХ гал тогооны ажилтай зууралддаг байгууллага огт биш шүү. Эрх баригчид давхар дээлийг хязгааргүй болгосон. Үүнээс болоод Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь давхар дээлтэй байна. Тэр утгаараа засаглалын эрх мэдэл, тогтолцоогоо хольж хутгасан. Хаана нь УИХ-ын

үйл ажил яваад байна, хаана нь Засгийн газрын бодлого хэрэгжиж байна гэдгээ ялгаж салгахаа больсон гэсэн үг. Угтаа УИХ хууль тогтоох үүргээ хэрэгжүүлж, гаргасан хуулийг нь Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ Засгийн газартаа чиглэл өгч, хяналт тавьж ажиллах тогтолцоотой гэсэн үг. Гэтэл давхар дээл, намын хэт дарангуйлал, босоо тогтолцоотой болсны хар гайгаар МАН засаглах зарчмаа гээсэн байна. Тэд нийгэмд сенсаци зориуд гаргаж, түүнийхээ сүүдэр дор парламент хоорондын комисс гэх Оросын нөлөөг Монголын төрд нутагшуулж байна гэж ойлгож байгаа.

-Ер нь бусад орнуудад парламент хооронд хамтрах туршлага байдаг юм болов уу?

-Парламентын тогтолцоотой оронд ийм үзэгдэл миний мэдэхийн лав байхгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар гадаад улсуудтай ингэж хамтарлаа л гэж сонсож байснаас хууль тогтоогч байгууллагууд хоорондоо хамтарсан комисс байгуулж ажилладаг жишээ, жишиг дэлхийд байхгүй л болов уу. Манай өнөөгийн УИХ-ын хувьд бүлгийн хэмжээнд гадаад улсын парламенттай хамтарч ажиллах, хууль, эрх зүйн арга туршлага солилцох асуудал байдаг. Хамтарсан бүлгийн даргууд ч бий. Харин бүтэн парламент хоорондын хамтрал олон улсад байхгүй ч манайд л шинээр ийм улс төрийн комисс байгуулагдаж байгаа нь сонин. Комисс байгуулагдсан. Одоо хэрэгжүүлэх үүрэг чиглэл нь юу юм бэ гэдгийг би хувьдаа ойлгохгүй байгаа. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг. Ард түмэн өөрийн төлөөллөөрөө дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ гэж хуулиараа зааж өгсөн. Гэтэл одоо Оросын ард түмэнтэй хамтарч энэхүү эрхээ эдлэх болж байна уу. УИХ-аас баталж гаргаж байгаа хууль монголын иргэдэд болон оросын иргэдэд мөн хамааралтай болох уу. Эсвэл оросын парламентаас гаргасан шийдвэр монголын иргэдэд ч бас хамаарч үйлчлэх үү. Тэгвэл бид тусгаар тогтнол гэж яриад яах юм. Оросын нэг колон улс болох зүг рүүгээ орчихож байгаа юм биш үү. Парламент гэдэг бол хууль л тогтоох үүрэгтэй байгууллага. Тиймээс хоёр улсын парламент хоорондын хамтарсан комисс гэдэг бол хууль л гаргана. Гаргаж байгаа хууль нь хэнд үйлчлэх вэ. Парламент Засгийн газар шиг хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг байхгүй. Тэр утгаараа стратегийн ямар бодлого зохицуулалтыг шийдвэрлэх гээд байгаа юм. Хуулиар шийдвэрлэлээ гэхэд ямар хууль гаргах вэ. Гаргалаа гэхэд хэн тэрийг нь мөрдөх вэ.

-Хоёрын улсын Ерөнхийлөгчдийн гаргасан шийдвэрийг мөрдүүлнэ гэж хэлсэн. Энэ хүрээндээ ажиллах юм биш үү?

-Орос бол Ерөнхийлөгчийн засаглалтай холбооны улс. Манайх парламент засаглалтай ардчилсан улс. Тэгэхээр нэг талдаа Ерөнхийлөгч нь төрийн эрх барьж байна. Нөгөө талдаа УИХ гэдэг байгууллага нь төрийн эрхийг барьж байна. Гэтэл ийм зөрүүтэй засаглал дээр яаж хоёр улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийг ижил түвшинд мөрдүүлэх вэ. Энэхүү комисс нь явж явж Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхийг нэмэгдүүлэх гээд байгаа юм уу. Манай Ерөнхийлөгч дангаараа хууль батлаад явах болж байна уу. Ер нь хуульч хүнийхээ хувьд хэлэхэд ямар ч тохиолдолд энэхүү хамтарсан комиссоос гаргасан шийдвэр, үйл ажиллагаа явах боломжгүй. Явлаа гэхэд араасаа асар олон хууль эрх зүйн зөрчил үүсгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 10, Ангараг гариг. Билгийн тооллын 26, Их морь одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:03 цагт мандан, 18:15 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна DNN.mn

 10-р сарын 10-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16..+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 11-нээс 10 дугаар сарын 15-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд говь, талын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Мөрдөн байцаалтын нууц гэгчийг хэвлэл мэдээлэл мөрдвөл “С.Зориг амь эрсдэв” гэж мэдээлээд дуусах байлаа” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Уул уурхай, хүнд ү йлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Аи-92” бензинийн таталт өчигдрөөс хэвийн болсон учир өнөөдрөөс эхлээд түгээлтийн асуудал бүхэлдээ жигдэрчихнэ” гэснийг” Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, доктор Ж.Батбаатар “Сэтгүүл зүйн мэргэжлийн өнцгөөс харахад мөрдөн байцаалтын нууц задаллаа гэдэг бол үндэслэлгүй тайлбар” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Мөрдөн байцаалтын нууц гэгчийг хэвлэл мэдээлэл мөрдвөл “С.Зориг амь эрсдэв” гэж мэдээлээд дуусах байлаа” гэв.

Эдийн засагч Г.Батзориг “Ирэх жилийн төсвийг сонгуульд бэлдсэн данхар дүнтэй төсөөлжээ” хэмээн ярьсныг I болон III нүүрээс уншаарай.

Хуульч Ц.Мөнхбат “Нийгэмд нэг асуудал дэгдэнгүүт түүнийг намжаах зорилгоор юу ч хамаагүй ярьж, хуулийн зохицуулалтуудаа өөрчлөөд байж болохгүй” гэлээ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу.https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Афганистанд газар хөдөлсний улмаас 10.000 гаруй хүн гэмтжээ DNN.mn

Афганистан улсын Херат мужид өнгөрсөн бямба гарагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 10000 гаруй хүн гэмтэж бэртэн, олон зуун байшин барилга нуржээ.

Тус улсын баруун бүсэд болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 2400 давсан гэж эрх баригч Талибаны бүлэг мэдээлээд байна. Талибаны бүлгийн уг мэдэгдлээс өмнө олон улсын байгууллагууд газар хөдлөлтийн улмаас мянга гаруй иргэн амь үрэгдэж, 500 орчим хүн сураггүй байгаа хэмээн мэдээлжээ.

Байгалийн гамшгийн дараа Херат болон зэргэлдээ мужуудын эмнэлэг дүүрчээ. Зарим эмнэлэгт өвчтөнүүд багтаагүй тул гадаа нь эмчлүүлэхэд хүрсэн байна. Амь үрэгдсэн иргэдийн цогцсыг бүхээгтэй тэргээр тээвэрлэн авчирчээ. Энэ удаагийн газар хөдлөлт Афганистанд 20 орчим жилд тохиосон хамгийн их гарз дагуулсан байгалийн гамшиг гэж мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Монголд пауэрлифтингийн ДАШТ болж байна DNN.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, 39 орны 430 орчим тамирчин шахалт, суулт, таталтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрөлд өрсөлдөж байна.
Тус тэмцээний нээлтийн ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга оролцож, хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын зүгээс тавьсан эерэг хандлагатай, эрүүл иргэнтэй болох зорилгын хүрээнд энэ арга хэмжээг зохион байгуулж, монгол иргэдийг эрүүл байлгах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа Монголын пауэрлифтингийн холбооны удирдлагуудыг сайшааж, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.
“Holiday Inn” зочид буудлын их танхимд болж буй тус тэмцээнд 40-49, 50-59, 60-69 нас болон 70-аас дээш гэсэн насанд эрэгтэйчүүд 59-өөс +120 кг хүртэл найман жинд, эмэгтэйчүүд 42-оос +83 кг хүртэл найман жинд хүч чадлаа сорьж байгаа юм. Тэмцээнийг олон улсын зэрэгтэй 43 шүүгч дэнсэлж байна. Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад хоёр дахь удаагаа болж буй бөгөөд анх 2018 онд болсон удаатай юм.
Categories
мэдээ нийгэм

Дэлхий нийтэд өвчлөлийн 5.1 хувь нь архинаас шууд хамааралтай гэсэн судалгаа гарчээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлхүийн санаачилсан “Эрүүл моннгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах нь” салбар дундын  хэлэлцүүлгийг 2023 оны аравдугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг болон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд болон ХЗДХЯ, ТЕГ, ГЕГ, НЭМҮТ, ЦЕГ-ын холбогдох албаныхан оролцсон.

Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигийн хэрэгжилтийн тоймыг Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан танилцуулсан. Тэрбээр зарлигийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнгөрсөн онтой харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт 12,5 хувиар, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчил 15,8 хувиар буурсан үзүүлэлт гарсныг онцлон дурдаад “Бид өвчилсний дараа нь оношлох, эмчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Түүний хор уршгаар жил ирэх тусам бүх төрлийн өвчлөл нэмэгдсэн. “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний үйл ажиллагаа нь иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд чиглэж байна. Судалгаанаас үзэхэд  монгол хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл нь архи, согтууруулах ундаа юм. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч, зохих арга хэмжээг авч ажиллаж байна” гээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санг байгуулсан талаар танилцуулсан.

Уг хуулийн 213 дугаар зүйлд зааснаар тус сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай юм.  Онцгой албан татварын тухай хуулийн 6.11-д заасны дагуу ногдуулан хураасан татварын орлогын гүйцэтгэлээс татвар ногдсон согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд тус санд оны эхний зургаан сарын байдлаар 14,6 сая литр согтууруулах ундаа борлуулсан орлогоос 4.3 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан тухай мэдээллийн Т.Мөнхсайхан зөвлөх өгсөн.

Хэлэлцүүлэгт оролцсон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте  “Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь Нийгмийн эрүүл мэндийн хувьд томоохон асуудал бөгөөд дэлхий даяар үүнээс шалтгаалан гурван сая хүн нас барж, олон сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, эрүүл мэндийн доройтолд орж байна” гээд дэлхий нийтэд өвчлөлийн 5.1 хувь нь архинаас шууд хамааралтай гэсэн судалгаа гарсныг хэлж байлаа. Түүнчлэн Монгол Улсад 270 хүн тутамд архи, согтууруулах ундаа борлуулах нэг цэг ногдож байгаа нь  дэлхийд маш дээгүүрт орох үзүүлэлт. Тиймээс шинээр гарсан хууль тогтоомж, “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөр дамжуулан энэ тоон үзүүлэлтийг бууруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад сүүлийн таван жилд согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэл тасралтгүй нэмэгдсэн байдгийг “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан”-ын үйл ажиллагаа” илтгэлийг тавьсан Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа дурдсан.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга  Д.Баярболд “Согтууруулах ундааны эрүүл мэнд, нийгмийн хор хөнөөлийг бууруулах чиглэлд Эрүүл мэндийг дэмжих сангаас сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа”, Татварын ерөнхий газрын татвар хураалтын удирдлага арга зүйн газрын дарга Р.Мягмаржав “Согтууруулах ундаанд ногдуулах орлогын албан татвар, борлуулалт”, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Оростогоо “Архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг, зөрчил /харьцуулсан судалгаа”, vэтгэцийн эрүүл мэндийн төвийн ерөнхий захирал В.Баярмаа “Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, донтох эмгэгийн үеийн тусламж үйлчилгээ”, Гаалийн ерөнхий газрын  хяналт бүрдүүлэлтийн газрын гаалийн улсын байцаагч  Л.Амартүвшин “Импорт, экспортын  согтууруулах ундааны биет хэмжээ, өөрчлөлтийн төлөв”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Исгэлтийн үйлдвэрлэл, хангамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл “Монгол Улсын исгэлтийн салбарын өнөөгийн байдал, үйлдвэрлэл” илтгэлийг тавьж Ерөнхийлөгчийн Тамгын газрын  “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах талаар байр сууриа илэрхийлж, тодорхой санал санаачилга гаргаж байлаа. Наркологийн эмнэлгийн дарга Д.Ганбат “Манай байгууллагад жилдээ 2500-3000 хүн эмчилгээ хийлгэдэг. Хэлэлцүүлгээр эмчилгээний чанар, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зэрэг олон асуудал яригдаж байна. Бид өнгөрсөн жил  Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Итгэл” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ жил 900 иргэнийг хамруулан зохион байгуулахаар ажиллаж байна. Архи согтууруулах ундаатай холбоотой асуудалд маш олон байгууллага хамтарсан бодлого боловсруулж  байж үр дүнд хүрдэг.  Түүнчлэн манай улсад мансуурлын мэргэшсэн мэргэжилтэн байхгүй” хэмээсэн юм.

Согтууруулах ундааны борлуулалтын хувьд 2022 оны эхний хагаст 16,8 сая  литр, харин 2023 оны мөн үед 14,6 сая литр болж, архины худалдан авалт 2.2 сая литрээр багассан эерэг өөрчлөлт гарсан. Үүнийг өргөн хэрэглэдэг 0.5 литрээр тооцож үзвэл 4.4 сая шил архи хэрэглэхээс зайлсхийсэн, насанд хүрсэн нэг хүнд ноогдох архи 2 шил архиар багассан гэж үзэж болно. Мөн импортолсон согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багассан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан нь  Монгол Улсад анх удаа архи, согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.