2023 оны аравдугаар сарын 9-ний байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус буурсан байна.
Month: October 2023
Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.10.12-13/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д | ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ЦАГ | ТАНХИМ |
1 | · Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Бусад · Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсох |
10.00 | “Их хуралдай” |
– УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА –
“Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь жилдээ Шангри-ла Их танхимд зохион байгуулагдаж байна. Уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ. Тус чуулганаар эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадварыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын шинэ орчныг бүрдүүлсэн эрх зүйн шинэчлэл, бүтээгдэхүүний тээвэрлэлт, дэд бүтцийн төслүүдийг онцолж, байгал орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд хийгдэж буй ажлуудыг танилцуулж байгаа юм.
Тус арга хэмжээнд Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа гэдгийг албаныхан хэллээ.
Чуулганы эхний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээнд оролцогчдод болон гадны хөрөнгө оруулагчдад хандан үг хэлсэн. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 10 мянган гаруй орд, илрэлийг тогтоож, улсын эрдэс баялгийн сан хөмрөг арвижсан. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын орлогын 90 гаруй хувь, төсвийн орлогын 30 орчим хувь, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 шахам хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж, эдийн засаг, төсөв, санхүүгийн гол судас болон хөгжиж байна. Олборлолтоос боловсруулалтад шилжих шилжилтийг богино хугацаанд амжилттай хийхэд онцгой анхааран ажиллаж, зэсээ бүрэн баяжуулж, нүүрсээ гүн боловсруулахаас эхлээд уул уурхайн баялгаа нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох учиртай” гэсэн юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТУХАЙН УЛСЫН ХУУЛЬ, БОДЛОГЫГ НЬ ХАРААД Л ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЭСЭХЭЭ ШУУД ТОДОРХОЙЛДОГ БОЛОМЖИЙГ НЭЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ
Харин чуулганы хоёр дахь өдрийн хэлэлцүүлгээр яригдсан чухал сэдэв бол Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсан явдал байлаа.
Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж, хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгаа талаар албаныхан хэллээ.
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: -Энэхүү арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхүүтэй оролцуулах, татах чиглэлээр цааш цаашдаа уламжлал болгон зохион байгуулна. Арга хэмжээгээр яригдаж байгаа гол асуудал бол эрх зүйн орчинг сайжруулах. Тэр утгаараа Ашигт малтмалын хуулийг шинэчлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болох зэргийг голлож ярилаа. Хүнд үйлдвэртэй холбоотой аж үйлдвэржилтийн бодлогоо бид бас тодорхой болгох ёстой юм байна. 2020 оноос Ашигт малтмалын хуулийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж эхэлсэн байдаг. Уг хууль өөрөө орон нутгийн уялдаа холбоог хангах, салбар хоорондын уялдаа холбоог хангах хамгийн том ач холбогдол бүхий хууль. Тэр утгаараа багагүй хугацаанд энэхүү хуулийн төслийг судалж, одоо бэлэн болоод байна.
Хуульч, өмгөөлөгч К.Жархынбек: -Мэдээж уул, уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт асар их шаардлагатай. Тэр утгаараа бид гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг дээр анхаарах ёстой. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд манай улсын хууль эрх зүйн орчин тодорхой, ойлгомжтой, тогтвортой байх шаардлагатай.
Үүнд л хамгийн гол зүйл оршиж байгаа юм. Батлагдсан хуулиа бид хөрөнгө оруулагчдадаа танилцуулах, цаашид ямар байдлаар эрх зүйн орчин өөрчлөгдөх вэ гэдгээ сайн хэлж, таниулж байх учиртай. Тэгэж байж бид хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авна. Итгэл байгаа цагт хөрөнгө оруулагчид орж ирэх нь гарцаагүй. Тиймээс юун түрүүнд бид хууль, эрх зүйн орчноо маш зөвөөр, ойлгомжтой тодорхой гаргах шаардлагатай байна. Хоёрдугаарт, татварын бодлого тогтвортой байх ёстой.
Цаашдаа Монгол Улсын хууль нь ийм байна, бодлого нь ийм байдаг юм байна гээд хөрөнгө оруулагчид шууд хардаг, итгэдэг болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төрийн бодлого, хууль эрх зүйн орчин нь ийм юм байна. Тэгэхээр бид ийм хөрөнгө оруулалтыг ингэж хийвэл бидэнд тийм хэмжээний ашигтай байх нь гэдэг ерөнхий тооцоолол хийх боломжоор нь бид хангах шаардлагатай. Тэгэж чадаж байж бид хөрөнгө оруулагчдыг татна. Маш энгийнээр хэлбэл хууль, тогтоол, татварын бодлого хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, боломжийг нь нээж өгсөн байдлаар гарчихсан байх шаардлагатай гэсэн үг. Товчхондоо хөрөнгө оруулагчид тухайн улсын хууль, бодлогыг нь хараад л хөрөнгө оруулах эсэхээ шууд тодорхойлдог боломжийг нээх хэрэгтэй.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: -Хайгуулын салбар манай улсад зогсонги байдалд орсон. Үүнийгээ дагаад гадаадын хөрөнгө оруулалт удааширч, эрдэс баялгийн сангийн нөөц хомсдож байгаа. Монгол Улс одоогоор хайгуулд 42 сая ам.доллар зарцуулсан бол дэлхий нийт 11.2 тэрбум ам.доллар зарцуулж байна. Дэлхий ногоон эдийн засаг, хөрөнгө оруулалт руу чиглэж байгаа энэ үед мэдээж нүүрсний салбарт хөрөнгө оруулалт бага байх нь тодорхой харагдаж байгаа учраас зэс, алт, газрын ховор элементийн нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай.
АНУ, Канадын бизнесмэн, тэрбумтан Роберт Фридланд: -Дэлхийн улсууд уул уурхайн салбарын хөгжил тогтвортой, ногоон ирээдүйн төлөө чиглэж байна. 2035 он гэхэд дэлхийн зэсийн хэрэглээ 82 хувьд хүрч өснө. Тухайлбал, АНУ сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлд ирэх онд 397 тэрбум ам.доллар зориулахаар байгаа. 2022 онд тус улсын хэрэглээ 44 хувь байсан бол 2035 он гэхэд 65 хувь болж өсөхөөр байна. Түүнчлэн монголчууд Оюутолгойн ордоос олон үе дамжин ашиг хүртэнэ. Ирээдүйд Оюутолгой шиг 20 орд бий болсноор дэлхийн зэсийн хэрэглээг хангана. Монголын өмнийн говь зэс болон нефтийн асар их нөөцтэй. Тиймээс шинэ нөөц тогтоох хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Сүүлийн 20 жилд дэлхийд өрөмдлөг хийхгүйгээр нөөц тогтоодог өндөр технологи нэвтэрсэн. Тиймээс Монгол Улс тогтвортой ногоон хөгжлийн дэмжих орчин үеийн өндөр технологийг ашиглаж шинэ орд нээх боломж байна. Мөн шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулснаар дэлхийн бусад оронд туршлагаа экспортлох боломж бас байна.
Монголчууд уул уурхайн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж бусад орноос ялгарч болно. Конго болон Монгол Улс ойрын хугацаанд уул уурхайн салбарын хөгжлөөр тэргүүлэх боломжтой. Манай Конго дахь Оюутолгойн ордтой дүйцэхүйц зэсийн том орд долоо хоногт 301366 тонн зэс үйлдвэрлэдэг. Цаашид 650 мянган тонн зэс баяжуулна. Өөрөөр хэлбэл, Дэлхийд гуравт орох ногоон үйлдвэрлэлийг эрхэлсэн том орд. Энэ ордын орлогын 50 хувь нь улсдаа үлддэг.
Э.МӨНХТҮВШИН
Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 100 жилийн ойн хүрээнд “Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолт 2023 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 19:00 цагт Улаанбаатар театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.
Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчдийн Улаанбаатар театрын үндэсний хөгжмийн “Хангарьд” найралтай хамтран хийх энэхүү тоглолтонд Анатолийн бүс нутгийн “Саз” хэмээх чавхдаст хөгжмийн зэмсэгээр төрөл бүрийн ардын хөгжмийн дээжийг өвөрмөц арга барил, техникээр тоглож Монголын ард түмэнд толилуулна.
Тус тоглолтыг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Улаанбаатар теарт хамтран зохион байгуулж байгаа юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн зэрэгцээ хэд хэдэн дээд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа. Гадаад харилцааны сайдын хувьд энэ удаагийн Ассамблейн гол онцлогийг дүгнэж хэлэхгүй юу?
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт 90 улсын төрийн тэргүүн, 42 улсын засгийн газрын тэргүүн, 44 улсын гадаад хэргийн сайд оролцож дэлхий нийтэд тулгарсан сорилтуудын талаар байр сууриа илэрхийлж цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан. Ерөнхий хэлэлцүүлэг “Итгэлцлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлэх” гэсэн сэдэвтэй, энэ сэдвийн хүрээнд “тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон зорилтуудыг дэлхийн нийтийн энх тайван, хөгжил дэвшилд чиглүүлж эрчимтэй хэрэгжүүлэх” гэдэг агуулга орсон байгаа. Тэгэхээр хэлэлцүүлэг үндсэндээ дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх зэрэг өргөн хүрээнд өрнөж улс орон бүр өөр өөрийн хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг дэлхий
нийтийн сонорт хүргэхийг хичээлээ.
-Гол онцлогийн тухайд хэлэхгүй юу?
-Мэдээж цаг үеийн нөхцөлтэйгээ уялдаад бүс нутгийн хямрал сөргөлдөөн, дайн энхийн асуудал хамгийн чухал сэдэв байсан боловч үг хэлсэн олон хүмүүс хиймэл оюуны хөгжлийн талаар онцгойлон дурдсан нь энэ удаагийн ерөнхий хэлэлцүүлгийн анзаарагдах нэг онцлог байлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий хэлэлцүүлэгт олон улсын харилцааны тулгамдсан асуудлаарх манай улсын байр суурь, гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, зорилтууд, нийгэм, эдийн засгийн байдал, саад бэрхшээлүүд, төр, засгийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ирэх 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг зарласан. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд 2021 оноос хойш тогтмол оролцож байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ерөнхий хэлэлцүүлгийн хажуугаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гүтэрэш, орлогч нарийн бичгийн дарга И.Тио, мөн Чех, Словени, Швейцар, Казахстан, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайдтай уулзсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой боллоо. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахус нартай уулзаж хамтарч ажиллах талаар санал солилцсон.
-Та дээд хэмжээний уулзалтуудад оролцож хэд хэдэн улсын гадаад хэргийн сайд нартай уулзалт хийсэн. Эдгээр уулзалтын үр дүнгээс хуваалцвал?
-Олон улсын томоохон арга хэмжээний үеэр гадаад харилцааны сайд нар уулзаж хоёр талын асуудлыг ярилцаж, хамтын ажиллагааг урагшлуулах талаар санал солилцох боломж гардаг. Гадаад харилцааны сайд нар тэр болгон харилцан айлчлал хийгээд байх цаг наргүй улс. Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Мюнхэнд болдог аюулгүй байдлын бага хурал, АСЕАН-ын Бүсийн чуулган зэрэг жил болгон болдог олон талт арга хэмжээнүүд гадаад хэргийн сайд нарыг нэг дор цуглуулж уулзаж ярилцах өргөн боломж олгодог. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр би Румын, Беларусь, Латви, Колумби, Серби, Португалын гадаад харилцааны сайдтай уулзсан. Ихэнхдээ салбар хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, ялангуяа олон улсын авто тээврийн хэлэлцээрийн дагуу өрнүүлдэг яриа хэлэлцээг эрчимжүүлэх, эцэслэн байгуулах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, сэргээгдэх эрчим хүч болон бусад салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон.
-Австрали болон Азийн томоохон улсуудтай иж бүрэн түншлэлийн хэлэлцээр хийгдсэн гэсэн мэдээлэл явсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол, Португалын хооронд дипломат, албан болон тусгай паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр, Монгол, Колумбийн техникийн хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Дашрамд тэмдэглэхэд өнгөрсөн долоодугаар сард Индонезийн нийслэл Жакарта хотод болсон АСЕАН-ын Бүсийн чуулганы гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр бид Австрали, Япон, Шри Ланка, Малайзын гадаад хэргийн сайд нартай уулзаж Австралитай харилцааны түвшинг ахиулж иж бүрэн түншлэлд хүргэхээр зарчмын хувьд тохиролцож, агаарын харилцааны тухай хэлэлцээр, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах, Австрали, Монголын эрдэс баялгийн хөтөлбөрийн гуравдугаар шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Австралийн Засгийн газрын тэтгэлгийн тоо болон ажиллах, амрах визэнд хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэхээр ярилцсан. Японтой энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтарч ажиллах талаар ярилцаж тохиролцсон. Жил болгон тогтмол болдог олон талт уулзалтуудын үеэр хоёр талын харилцааг урагшлуулан хөгжүүлэх өргөн боломж гардаг гэж би дээр дурдсан шүү дээ. Бид эдгээр боломжийг дээд зэргээр ашиглахыг хичээж үндсэн арга хэмжээний хажуугаар маш олон уулзалт товлож төлөвлөдөг.
-Энэ онд хэрэгжүүлсэн томоохон айлчлал арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү. Онцлох томоохон яриа хэлэлцлүүд юу юу байсан бэ?
-Монгол Улс “Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлоготой улс байна гэж манай гадаад бодлогын үзэл баримтлалд заасан байдаг. Өнөөдрийн нөхцөлд хоёр болон гуравдагч хөрш орнуудтайгаа тэнцвэртэй харилцаж хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Тиймээс энэ онд ч мөн идэвхтэй гадаад бодлого явуулж өнгөрсөн жилээс дутахааргүй олон айлчлал, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Хойд хөршийн хувьд хууль тогтоох дээд байгууллагын дарга нар харилцан айлчилсан бол бол өмнөд хөршид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор айлчилсан. Ерөнхий сайдын айлчлалаар Монгол Улсын шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа 2050 хөгжлийн стратегийг Хятадын бүс зам, даян дэлхийн хөгжлийн санаачилга зэрэг стратегитай уялдуулах талаар тохиролцоонд хүрсэн.
-Энэ жилийн зун манай улсад олон айлчлал боллоо. Та ирсэн айлчлал бүрийн товч дүгнэлтүүдийг хэлэхгүй юу?
-Түрүүний яриагаа дуусгачихъя. Ерөнхий сайдын айлчлалаар боомт болон хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, ялангуяа Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Бичигт зэрэг боомтыг хоёр талд харилцан ашигтайгаар багцлан хөгжүүлэх асуудлаар санал нэгдсэн. Мөн Бичигт, Хөөт, Чойбалсан чиглэлийн зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалт, санхүүжилтийн талаар гэрээ байгуулсан. Айлчлал олон байх тусмаа л бид дэлхийтэйгээ илүү харилцаанд орж байна л гэсэн үг. Мэдээж айлчлал бүр өөр өөрийн гэсэн дүгнэлттэй, ач холбогдолтой. Гуравдагч хөршүүдийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Франц, Польш, Киргизийн Ерөнхийлөгч, Гэгээн Ширээт төрийн тэргүүн нар Монгол Улсад албан ёсоор айлчилсан. Энэ жил Францын Ерөнхийлөгч анх удаа манай улсад айлчилсан нь түүхэн ач холбогдолтой байсан. Айлчлалыг дүгнэсэн Монгол, Францын хамтарсан тунхаглал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал ач холбогдолтой түүхэн баримт бичиг боллоо. Польшийн талтай хүнсний хангамж, аюулгүй байдал, тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутан залуусыг хамруулж Польшид сургахаар тохиролцлоо. Киргизийн Ерөнхийлөгчийн айлчлал Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой айлчлал байлаа. Айлчлалын үеэр Киргиз Улс Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээлээ. Гэгээн Ширээт төрийн тэргүүн, Ромын Пап Франциск Монгол Улсад түүхэн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр гадаадын олон зуун сэтгүүлч, сурвалжлагчид Монгол Улсад ирж Ромын Папын айлтгал болон төрийн тэргүүн нарын хэлсэн үгийг дэлхий нийтэд өргөн дэлгэр түгээсэн. Ромын Пап Франциск “Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, энх тайвныг цогцлоосон, амар амгалан улс” хэмээн онцлон тодорхойлж, манай алдартай яруу найрагчдын шүлгийг эш татаж байсныг та бүхэн анзаарсан байх. Үүнээс гадна АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилж агаарын тээврийн тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан, стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах замын зураглал, засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ бүгд бүхэлдээ гуравдагч хөршийн бодлого зарчмынхаа дагуу зөв явж байгаагийн эхлэл юм. Цаашид ч бид гуравдагч хөрштэй харилцахдаа нээлттэй, тэнцвэртэй бодлогыг баримтласаар л байна.
-Гадаад харилцаа тэр дундаа гуравдагч хөршийн бодлого Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй байгааг олон улс судлаачид хэлж байна. Салбарын сайдын хувьд уг асуудалд бодитой ямар ажил хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?
-Манай гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь гэж заасан байдаг. Гуравдагч хөршүүдтэйгээ бид бүх түвшинд уулзалт, яриа хэлэлцээ хийж, идэвхитэй, үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байна. Үүний тод жишээг өнгөрсөн жил болон энэ жил хэрэгжүүлсэн дээд, өндөр түвшний олон айлчлалуудаас харж болно. Өнөөгийн олон улсын харилцааны энэ амаргүй нөхцөлд Монгол Улс гуравдагч хөршүүддээ өөрийн нөхцөл байдлыг зөвөөр ойлгуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Үүний үр дүн ч гарч байгаа гэж бодож байгаа.
-Энэ жилийг Монголд зочлох жил болгон зарласан. Үүний хүрээнд Гадаад харилцааны яам ямар үүрэгтэй оролцов. Ямар үр дүн гаргаж ажиллаж байна вэ?
-Энэ хүрээнд бид 2023 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын чанартай 22 арга хэмжээний хуанлийг гаргаж олон улсад зарласан. Түүнчлэн Засгийн газар Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг 2023-2025 онд визийн шаардлагаас чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 98 улсын иргэдэд 30 хүртэлх хоногийн визийг цахимаар олгож байна. Гадаад харилцааны яам “Welcome to Mongolia” аяны хүрээнд мэдээлэл, сурталчилгааны цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна. Чойжин ламын сүм музейтэй хамтран бүтээж гадаадын 20 гаруй оронд толилуулсан “Хот мандал” хөдөлгөөнт үзэсгэлэнг “Мандала” нэртэйгээр 2023 онд дахин шинэчилсэн. Монголын байгалийн гэрэл зургийн “Amazing Mongolia” альбом гаргаж хөдөлгөөнт үзэсгэлэн болгон Европын орнуудаар аялуулан толилуулж байна. Хилийн чанадад суугаа манай Дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдөө арга хэмжээ зохион байгуулж Монголд зочлох жилийг идэвхтэй сурталчилж байна. БНХАУ, Бельги, Итали, Дани, Япон, Америк, Швед, Испани зэрэг нийт 16 орны 32 хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголд зочлох жилийн тухай мэдээллийг түгээн сурталчлах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын цахим хуудсанд Монголд зочлох жилийг сурталчилсан нийтлэл байршуулаад байна. ЮНЕСКО-гийн шугамаар НҮБ-ын гишүүн 193 оронд тараагддаг, олон улсад нэр хүндтэй “World Heritage Review” сэтгүүлд Монголын тухай тусгай дугаар гарсан, франц хэлтэй орнуудад аялал жуулчлалын салбарыг танилцуулдаг БНФУ-ын “Petit Fute” сэтгүүлийн 2023 оны хаврын дугаарын тэргүүн нүүрэнд Монгол Улсыг онцолсон сурталчилгааны дэлгэрэнгүй материал хэвлүүлж түгээсэн.
-Ойрын хугацаанд Монголд ирэхээр төлөвлөж буй томоохон айлчлал юу байна вэ?
-Энэ он дуустал, мөн ирэх онд дээд, өндөр түвшинд болон гадаад харилцааны сайдын түвшинд хэд хэдэн айлчлал, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Аливаа дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээг айлын талтайгаа тохиролцсоны дараа зэрэг зарладаг жишиг, уламжлалтай тул эдгээр айлчлал, арга хэмжээнүүдийн талаар цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх болно.
Аргын тооллын аравдугаар сарын 12, Бархасбадь гариг. Билгийн тооллын 28, Харцага одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 07:06 цагт мандан, 18:11 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, үхэр хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
10-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5…-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна. 2023 оны 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
|
14-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, 16-наас нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Мэргэжлийн социологичдын холбооны үүсгэн байгуулагч Н.Батзориг “Нийгмийн асуудлуудыг “хагархай цонхны онол”-оор шийдвэрлэж явбал зөв системийг удаан хугацаанд хадгална” гэснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.
АН-ын хуулийн бодлого хариуцсан дэд дарга Ч.Өнөрбаяр “Төрийн нууцын тэмдэг эрх баригчдын хулгай луйвраа халхавчилдаг арга хэрэгсэл болсон” гэлээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Шүдээр ярьдаг холбоо” нийтлэл хэвлэгдлээ.
ЭЛЧИН САЙД БИЧИЖ БАЙНА: Хятад Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг гар нийлэн байгуулцгаая, зүрх сэтгэлээрээ холбогдсон хөрш орнууд
Монгол Улсын эрдмийн их сургуулийн Докторантыг дэмжих төвийн захирал, доктор, дэд профессор Т.Бат-Эрдэнэ “Улаанбаатарыг олон төвт хот болгох хэрэгтэй” хэмээн ярилаа.
Соёл урлагийн их сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал “Монголчууд эртнээс охидоо нандигнан хайрлаж өсгөдөг байсан уламжлалтай” хэмээн ярьсныг “Нийгэм” нүүрээс уншаарай.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Пүрэв гаригт Израильд айлчлана гэж Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер хэллээ. 1000 гаруй хүний аминд хүрсэн халдлагын дараах айлчлал нь эв санааны нэгдлийг илэрхийлнэ гэж үзэж байна.
“Энэ нь эв нэгдэл, дэмжлэгийг илэрхийлнэ. Энтони Блинкен мэдээж Израилийн удирдагчдын яриа, тэдэнд тулгарч буй нөхцөл байдлын талаар шууд сонсохыг хүсч байгаа. Тэдэнд юу хэрэгтэй байгаа, бид тэднийг яаж дэмжих талаар сонсохыг хүсч байгаа” гэж Миллер хэлэв.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр Блинкен дараа нь Йорданд айлчилна.
Дашрамд дурдахад, цэргийн тоног төхөөрөмж бүхий АНУ-ын анхны илгээмж Израилийн өмнөд нутгийн Неватим агаарын баазад өнөөдөр иржээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израилийн ерөнхий сайдтай утсаар ярьж, дэмжлэгээ илэрхийлсэн байна.
Хамас бүлэглэл өнгөрсөн Бямба гаригт Израиль руу гэнэтийн дайралт хийснээр олон зуун хүн амь үрэгдсэн. Вашингтон дахь Израилийн Элчин сайдын яамнаас мэдээлснээр халдлагын улмаас 1000 гаруй хүн амь үрэгджээ. Анхны халдагын дараа Израилиас Газын зурваст цохилт өгсөн байна. Бямба гаригаас хойш Палестины талд 830 хүн амиа алдаж, 4250 хүн шархаджээ. Мөн 180 мянга гаруй хүн Газын зурваст орон гэргүй болсныг НҮБ мэдээллээ.
Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 11 дүгээр хороодыг холбосон Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянхошууны авто замаас Гүнжийн нуур, 105 дугаар сургууль, 127 дугаар цэцэрлэг, Хувьсгалчдын гудамжны авто зам хүртэл 2.5 км зам шинээр ашиглалтад орлоо. Энэ зам ашиглалтад орсноор Баянхошууны Жанцан, тойргийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, түгжрэл, ачааллыг бууруулж байгаа юм.
Тус авто зам нь Баянхошууны хөтөл Хилчин хотхонтой холбогдож байгаагаараа онцлог юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 11 дүгээр хорооны 112-р авто замаас 7-р хорооны Баянхошууны 15-р авто замтай шууд холбогдож байгаа бөгөөд СХД-ийн ЗДТГ, 21-р хороолол, Ханын мартериал орох иргэд товч замаар зорчих боломж бүрдэж байна.