Categories
мэдээ нийгэм цаг-үе

БШУЯ: 70 дугаар сургуулийн сурагчид азийн наадамд бэлтгэж байна DNN.mn

70 дугаар сургууль 345 сурагчтай. Сургуулийн барилга харьцангуй том учраас нэг ээлжээр хичээллэж байна. Энэ нь бусад сургуультай харьцуулахад давуу тал болж байгаа юм. Тиймээс үдээс хойш буюу хичээл тарснаас хойш сэргээн засах, өдөр өнжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг үүрэг болголоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн тухайд аав ээжийн аль нэг нь хөдөлмөр эрхлэх боломжгүй байдал үүсдэг. Тиймээс хичээл тарсны дараах цагийг сургууль дээрээ үр бүтээлтэй өнгөрүүлснээр хүүхдийг хөгжүүлэхээс гадна хөдөлмөр эрхлэх боломжийг эцэг, эх, асран хамгаалагчдад бүрдүүлж өгөх юм.

70 дугаар сургуулийн тухайд спорт засал чиглэлд түлхүү анхаарч байна. Ханжоугийн азийн наадамд хоёр тамирчин сурагчийг оролцууулахаар бэлтгэл хангаж байна. Хөгжлийн ялгаатай сурагчид азийн болон олон улсын спортын наадамд амжилт үзүүлж байсан тохиолдол олон. Тиймээс багш, сурагчдад амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөр өргөхийг ерөөлөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд 70 дугаар сургуулийн удирдлагуудад орчин нөхцөлөө сайжруулах, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад сургуультай хамтран менежментээ сайжруулах чиглэлд онцгой анхаарахыг санууллаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

 Ачаа тээвэр хэвийн байна гэв DNN.mn

Онлайн худалдаа эрхлэгчид, Карго тээврийн компаниуд ачаа бараа орж ирэхгүй удаж байгаа талаар мэдээлсэн юм. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Сайханзаяагаас тодрууллаа.

-Ачаа бараа орж ирэхгүй удааширч байна гэсэн мэдээлэл байна. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Хятадын боомтууд хэд хоног ажиллахгүй амарсан. Одоо хэвийн горимондоо орчихсон ажиллаж байгаа. Замын-Үүд-Эрээн боомт есдүгээр сарын 29 болон аравдугаар сарын 1, 3-ны өдрүүдэд амарсан. Энэ хооронд авто замын боомт нь бас амарсан. Түүнээс болж хэд хоног ачаа овоорсон байх магадлалтай. Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Хавирга, Ханги, Булган, Бургастай, Сүмбэр, Рашаан боомтууд аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл амарсан юм байна. Одоо бол хэвийн горимдоо орсон.

-Олон нийтийн сүлжээгээр оросын ачаа 15 төгрөг, монголын ачаа 100 төгрөгөөр тээвэрлэж байна гэсэн зүйл яваад байх юм. Энэ ямар учиртай юм бол?

-Түүнийг гаалийн байгууллага мэдэхгүй. Ачаа тээврийн компаниуд үнээ хэрхэн тогтоох нь тэдний дотоод асуудал л байх.

Ингээд үнэ болон төмөр замын ачаа тээврийн талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба, чингэлэг тээврийн хэлтсийн дарга А.Алтаншагайгаас тодрууллаа.

-Ачаа тээвэр орж ирэхгүй удаад байна гэх юм. Чингэлэг тээвэр дээр нөхцөл байдал ямар байна вэ?

-Удаж байгаа юм байхгүй. Сая хятадын тал арваад хоног амарсан. Өчигдрөөс ажил нь эхэлсэн байх. Манайд ирсэн ачаа бараа хүлээгдэхгүй шууд наашаа ачаад оруулж байгаа. Хятадын боомтын асуудлыг төмөр зам зохицуулахгүй шүү дээ. Монгол Улсын хилээр орж ирсэн юмыг л бид нааш нь тээвэрлэж авчрах үүрэгтэй. Улаанбаатар хотын терминалууд хэвийн ажиллаж байна. Замын-Үүдийн шилжүүлэн ачих анги хэвийн ажиллаж байгаа. Тээвэр хэвийн явж байна ямар нэгэн гацалт, саатал байхгүй.

-Олон нийтийн сүлжээгээр оросын ачаа 15 төгрөг, монголын ачаа 100 төгрөгөөр тээвэрлэдэг гэх зүйл яваад байна. Энэ ямар учиртай юм бол?

-Тийм зүйл ерөөсөө байхгүй. Төмөр замчдыг өнөөдөр транзит тээвэр тэжээж байна. Тэр ямар ч эх сурвалжгүй худал мэдээлэл.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт” үйлдвэрийн 1.26 тэрбум төгрөгийн зарлага Шилэн дансны хуулийг зөрчжээ DNN.mn

Эрдэнэт үйлдвэр 2023 он гарсаар данснаасаа 2.58 их наяд төгрөгийн зарлага хийснээс 1.26 тэрбумынх нь эзэн холбогдогч тодорхойгүй байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, ямар аж ахуйн нэгж, иргэнд ямар зориулалтаар шилжүүлсэн баримт, тайлбар байхгүй. Нийтэд нь “Батлагдсан төсвийн дагуу” гэх ерөнхий тайлбартайгаар шилжүүлсэн мэдээлэл тус үйлдвэрийн шилэн дансанд бичигджээ.

Энэ талаар Эрдэнэт үйлдвэрээс тодруулахаар Олон нийттэй харилцах хэлтэстэй холбогдоход “Манай байгууллага хууль зөрчсөн зүйл байхгүй. Бүх зарлага баримттай. Их хэмжээний мөнгөн гүйлгээнүүд учраас нэгтгэж амжаагүй байна. Удахгүй мэдээлэл өгнө” гэснээс өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Шилэн дансны тухай хуулийн зургадугаар зүйлд 6.4.4-т таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг, 6.4.5-д цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийг тодорхой бичнэ гэж заажээ

Шилэн дансыг төрийн өмчит байгууллагууд хэрхэн, яаж хөтлөх талаар аудитор И.Туяагаас тодруулахад “Шилэн дансны хууль бол төсвийн зарцуулалтыг ил тод, нээлттэй байлгаж олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой батлагдсан хууль. Тендерт оролцсон бол өрсөлдөгч байгууллагууд тухайн мэдээллийг ил тод нээлттэй авах эрхтэй. Мөн хөрөнгө оруулагч, татвар төлөгчид хэн бүхэн төсвийг хянах эрхтэй. Нэг ёсондоо төр нь ч хянана, олон нийт ч хянах зориулалттайгаар хууль батлагдаж, төрийн өмчит байгууллага бүр шилэн дансыг хөтлөх үүрэг хүлээсэн. Шилэн дансыг хөтлөхдөө тухайн байгууллагаас гарч байгаа зарлагыг зориулалт бүрээр нь тодорхой бичих ёстой. Ажил үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулсан бол түүнийг хавсаргах, тушаал шийдвэрүүд ч баримттайгаар орох ёстой юм. Гэтэл манай төрийн өмчит байгууллагууд тоо биччихээд л хуулиа хэрэгжүүлсэн дүр эсгэдэг болсон. “Батлагдсан төсвийн дагуу” гэдэг тайлбар, агуулга огт байх ёсгүй. Ийм маягаар худалдан авалтаа нууж байна гэсэн үг. Зарцуулалтаа нуух шалтгаан байгаа гэсэн үг” гэсэн юм.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Амартүвшин: Либертари нам яаж үзэл санаандаа тууштай байдгийг зааж өгнө DNN.mn

Либертари намын дарга Д.Амартүвшинтэй ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө танай нам анхдугаар их хурлаа хийлээ. Энэ хурлаар ямар асуудлууд шийдэв?

-Манай нам анхны хурлаараа намынхаа дүрмийг баталлаа. Туг, далбаа болон намынхаа удирдах багийг сонгож баталгаажуулсан байгаа.

-Ингэхэд Либертари нам ямар бүтэц, зохион байгуулалтаар ажиллах вэ?

– Манай намын бүтэц бол маш цомхон ойлгомжтой, авсаархан. Бага зардалтай бүтэц бий болгосон. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо цөөн. Бидэнд генсек гэж байхгүй. Харин менежэртэй байна. Энэ мэтчилэн манай нам бусад улс төрийн намуудаас ялгарах шинэлэг бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулна. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёр шиг нүсэр, данхайсан масс гишүүнчлэлийн бүтцээс манай нам татгалзаж байгаа.

-Танай нам ямар бодлого баримтлах вэ?

-Хэт их төвлөрсөн, данхайсан төрийн эрх мэдлийг бид аль болох өөрийнхөө чадах чинээгээр багасгах зорилготой бодлого хэрэгжүүлнэ. Жишээлбэл, хавтгайрсан халамжийг танах ёстой.

Төрөөс бүх төрлийн үнийг хянаж байгаа хяналтуудыг тодорхой шат дараатайгаар байхгүй болгох хэрэгтэй байна. Мөн ард түмний нуруунд хүнд дарамт болж байгаа хэт өндөр татваруудыг аль болох минимум хэмжээнд аваачих бодлого баримтална. Ер нь төрийн данхар бүтцийг хумья гэвэл төрийн албан хаагчдын болон яамдын тоог багасгах зайлшгүй шаардлагатай.

-Либертари нам хэдэн гишүүнтэй вэ. Ямар боловсролтой залуусын нэгдэл болов?

-Манай нам 1050 гишүүнтэй. Гишүүдийн маань 94 хувь нь 18-38 насны залуучууд байгаа. Боловсролын хувьд хувиараа бизнес эрхэлдэг, ажил олгогчид голдуу байна. Бизнесийн салбарт хүчээ сорьж байгаа залуусаас гадна тодорхой албан тушаал эрхэлдэг, яг өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явдаг дундаж давхаргынхан, жирийн иргэд маань ч Либертари намд итгэл үнэмшлээрээ нэгдээд байна.

-Жижиг намуудыг МАН-ын халаасны нам гэж нийгэм шүүмжилдэг тал бий. Ялангуяа сонгуулийн жил ойртсонтой холбоотой улс төрийн намууд шинээр мэндэлж байгаа нь санал хуваах зорилготой гэх нь ч бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс бол олон намын тогтолцоотой. Өнөөдөр манай улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй нам байна. Тэгвэл эдгээр намууд сонгуульд санал хуваадаггүй юм уу. Яагаад шинээр байгуулагдсан намууд санал хуваана гэж. Харин ч эсэргээрээ манай нам бол Монголын анхны үзэл санааны нам болох зорилготой. Тэгэхээр санал хуваах, үгүй гэхээсээ илүү нам ер нь ямар байх ёстой юм. Үзэл санаа гэж юу юм. Яаж үзэл санаандаа тууштай байдаг юм бэ гэдгийг зааж өгөхийн тулд бид Либертари намыг байгуулсан юм.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 14, Санчир гариг. Билгийн тооллын битүүн, Тугчин одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 07:09 минутад мандан, 18:07 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж, 9 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх болон Байдраг голын хөндийгөөр -4…-9 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1…+4 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, ОрхонСэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө сэрүүсэж +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө сэрүүсэж +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +6…+8 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ нийгэм эдийн-засаг

Аргентины төв банк бодлогын хүүгээ 133 хувь болгож нэмэгдүүллээ DNN.mn

Аргентин улсад инфляцын томоохон асуудал үүсээд байгаа билээ. Тэгвэл тус улсын төв банк ерөнхийлөгчийн сонгууль болохоос 10 өдрийн өмнө буюу пүрэв гарагт /2023.10.12/ бодлогын хүүгээ 118 хувиас 133 хувь болгож нэмэгдүүлжээ.

Есдүгээр сарын инфляцын түвшин танилцуулагдсаны дараа төв банк бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргасан байна. Тус улсад инфляцын түвшин есдүгээр сард өмнөх сартай харьцуулахад 12.7 хувь, өмнөх жилийн есдүгээр сартай харьцуулахад 138 хувь болсон аж.

Цаг ирэх тутам бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь Аргентинд амьдарч буй таван хүн тутмын хоёрыг нь ядуурлын түвшин рүү түлхжээ. Тус улсын төв банк пүрэв гарагийн орой /2023.10.12/ эдийн засагчдаас санал асуулга авч инфляцын түвшин энэ жилийн төгсгөл гэхэд өмнөх жилтэй харьцуулахад 180 хувь болно гэж судлаачид таамаглаж буй мэдээлсэн байна.

Зарим шинжээчид төв банкны бодлогын хүүгээ нэмэх шийдвэрийг хэтэрхий оройтож гаргалаа гэж үзэж байгаа юм. Тухайлбал нэрээ нууцлахыг хүссэн хувийн банкны менежер “Одоо бодлогын хүүгээ өсгөөд нэмэргүй. Хүүгээ өсгөлөө гээд песог ам.доллароор их хэмжээгээр сольж байгаа явдал зогсгохгүй” гэжээ.

Categories
нийгэм

Зургаан ханатай гэр шатаж, хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн амиа алджээ DNNmn

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрс булан” гэдэг газар зургаан ханатай гэр шатаж, 22 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн өртөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ тухай дуудлага мэдээлэл ОБЕГ-т өчигдөр 17:49 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 18:18 цагт очиход иргэн А-ийн зургаан ханатай гэр шатаж дууссан байжээ. Улмаар уг гал түймэрт иргэн М /22 настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын багц хуулийг олон нийтэд таниулах ажил үргэлжилж байна DNN.mn

УИХ-ын чуулганы 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал өнөөдөр Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн 200 гаруй албан хаагчдад танилцууллаа.
Тодруулбал, “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулт өглөө.
Танилцуулгад Зөвлөх, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш, Доктор, Дэд проффессор С.Ариунаа оролцож албан хаагчдын асуултад зөвлөгөө, мэдээлэл өглөө гэж ХНХЯ-наас мэдээллээ. 
Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзлаа DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, НҮБ-ын Хүүхдийн сан, Хууль зүй, дотоод хэргийн яам хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хүүхэд хамгааллын чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баримталж буй бодлого, хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгчдийг бэлтгэх, чадавхжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хүүхэд хамгааллын чиглэлээр тус яамнаас хэрэгжүүлэх бодлогыг бүрэн дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран төсөл хөтөлбөр, сургалт зохион байгуулах бүрэн боломжтойг дурдав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.