Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

М.Бадарчийн цолыг хураахгүй. Э.Оюунболд нар ч цолоо эргүүлж авах боломжтой DNN.mn

Өнгөрсөн ням гаригт Спорт ба допинг хэлэлцүүлэг Монгол бөхийн өргөөнд болов.

Хэлэлцүүлэгт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Улсын аварга О.Балжинням, Монголын боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр нар оролцов. Хэлэлцүүлгээр бөхчүүдээс явцын шинжилгээ авах уу, допингийн зөрчил гаргасан тамирчдын эрхийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцлээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд туулж ирсэн асуудлуудаа нэгтгэн хэлэлцэв.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав бөхчүүдээс явцын шинжилгээ авах эсэх талаар “МҮБХ-ны зүгээс цаашид допингийн шинжилгээ авна гэсэн байр суурьтай байна. Үүний тулд нэг л асуудал бий. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (МОНАДА)-ын бүтэц зохион байгуулалт, засаглалыг өөрчлөх. Явцын үеийн шинжилгээ, бэлтгэлийн үеийн шинжилгээг авахад тусдаа комисс байх ёстой. МҮБХ-ны дэргэд ч тусдаа комисс байх шаардлагатай. Өмнө нь бид бөхийн дэвжээдээр явж нэрс цуглуулаад, олон санал авсан бөхийг допингийн явцын шинжилгээнд хамруулж байлаа.

Түүнчлэн МҮБХ-нд ирсэн саналыг харгалзаж шинжилгээ авч байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 148 бөхийг допингийн шинжилгээнд хамруулахад есөн бөх зөрчил гаргасан. Цаашид шинжилгээ авахаас өөр арга байхгүй” гэв.

Түүний онцолж байгаагаар МОНАДА болон МҮБХ-ны дэргэд комисс байгуулсны дараа допингийн явцын шинжилгээ авах гэнэ. Тухайн комисс эмч, хүний эрхийг хамгаалагч, хуульчийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээр бөхчүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх гэнэ. Тухайн баг явцын шинжилгээг хэнээс авах, допингийн зөрчил гаргасан тамирчинд хариуцлага оногдуулах үүрэгтэй байх гэнэ. Хэн нэгний хатгаасаар допингийн шинжилгээ авдаг, өрсөлдөгчөө намнадаг зэрэг үзэгдэл цэгцэрнэ гэдгийг бөхчүүд онцолж байна. МОНАДА-ын бүтэц зохион байгуулалтыг өөрчилж комисс байгуулагдтал бага биш хугацаа орох нь. Ямартаа ч ойрын хоёр жилийн хугацаанд бөхчүүдээс явцын шинжилгээ авахгүй юм байна.

Энэ асуудлын хүрээнд хуульч Э.Бат-Энхээс зарим зүйлийг тодрууллаа.

– Хэн дуртай тамирчнаасаа допингийн шинжилгээ авах эрх зүйн орчин бий юу. Энэ нь тамирчны эрхийн зөрчсөн асуудал уу. Зарим бөхчүүдийн зүгээс үүнийг хүний эрхийн зөрчил гэх байр суурийг илэрхийлж байна л даа?

– Манайх олон улсын допингийн эсрэг байгууллагад 2007 онд элссэн байдаг.

Ингэснээрээ ВАДА-ын стандартыг мөрдөх үүрэг хүлээсэн гэсэн үг. Допингийн шинжилгээ авахад нарийн стандарт бий. Энэ бүхнийг манайд мөрдөж ажиллахгүй байна. Зүгээр барилдахаар ирсэн бөхөөс шууд шинжилгээ авах нь тухайн тамирчны эрхийг зөрчиж байгаа үйлдэл мөн. 2007 онд нэгдсэн ВАДА-ын дүрмээ зөрчиж байгаа үйлдэл.

– Яагаад зөрчил боддог юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

– Допингийн шинжилгээ авч байгаа байгууллага дэргэдээ үр дүнгийн удирдлагын багтай байх ёстой. Тухайн багт нь тамирчдаас хараат бус гэж гарын үсэг зурсан хүмүүс байх талаар Допингийн эсрэг үндэсний дүрэмд тодорхой заасан байдаг. Энэ хүмүүс допингийн шинжилгээнд хамрагдах тамирчдыг тодорхойлдог. Үүнд үндэслэж допингийн шинжилгээ авдаг. Үүнээс биш зүгээс нэг тамирчнаас хэн нэгний хатгаасаар ч юм уу шинжилгээ авдаг, өнөөх нь өвчин намдаах эм уусан явж таараад асуудал дагуулдаг. Ингээд шууд шонд өлгөдөг асуудал байж таарахгүй. Энэ бол тамирчны эрхэд халдсан ноцтой үйлдэл.

– МҮБХ-ны зүгээс өнгөрсөн хугацаанд 148 бөхийг явцын шинжилгээнд хамруулсан талаар Ц.Магалжав тэргүүн хэлж байна. Үүний тодорхой хувь нь Баяр наадмын бус үеийн шинжилгээ. Энэ үйл ажиллагааг дотоод журмаараа явуулсан талаараа онцолж байна л даа?

– Би дахиад хэлье. Манайд ВАДА-д элссэн. Үүгээрээ дүрэм, стандартыг нь мөрдөх үүрэг хүлээсэн. Үндэсний бөхийн холбоо дотоод журам баталж бөхчүүдээс шинжилгээ авдаг субъект биш. ВАДА-ын дүрмийг зөрчиж, тамирчдын эрхэд халдсан үйлдэл. Хэрэв МҮБХ бөхчүүдээс явцын шинжилгээ авах бол үр дүнгийн удирдлагын багтай байх ёстой.

Хэн нэгний хатгаасаар ч юм уу хэдэн бөхөөс нэр цохож шинжилгээ аваад зөрчил гаргасан бөхийг тэргүүлэгчид нь өөрсдөө шийтгэж байгаа нь ноцтой ажиллагаа. Тэдэнд ийм эрх зүйн чадамж байхгүй. Шууд хэлэхэд энэ бол хэлмэгдүүлэлт.

– Э.Оюунболд, Б.Лхагвадорж. Ц.Мөнхбаяр нараас авхуулаад олон бөх ийм жишгээр эрхээ хасуулсан шүү дээ. Тэд хэлмэгдсэн гэсэн үг үү?

– Дүрмийн бус үйл ажиллагааны хохирогч болсон гэсэн үг.

– Тэд эрхээ яаж хамгаалах вэ?

– Үндэсний спортын арбитрт хандаад л сэргээх боломжтой. Арбитрын шийдвэр эцсийнх.

Энэ үеэр Олон улсын болон Азийн буудлагын холбооны Эмнэлэг, Допингийн эсрэг комиссын гишүүн Н.Цогтсайхан олны анхаарал татсан зүйлийг онцолсон. Тэрбээр “Өнгөрсөн зуны наадмаар М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй гэж сонссон. Үүнийг би үндэслэлтэй гэж бодож байна. Допингийн эсрэг байгууллагатай зөвхөн М.Бадарч тохиролцож чадаагүй учраас нэр нь зарлагдсан. Улсын арслан М.Бадарч арбитрт хүсэлт гаргасан байдаг. Ингэхдээ шинжилгээ өгсөн бүх бөхийн шинжилгээний хариуг арбитрын журмаар татуулах хүсэлт гаргасан гэж сонссон. Энэ асуудал шударга байдлаар шийдэгдвэл маш ноцтой асуудал” гэв.

Өнгөрсөн зуны баяр наадмын түрүү бөх М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн. Улмаар Баяр наадам зохион байгуулах хорооны зүгээс түүний улсын арслан цолыг хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гаргаж Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлээд байгаа. Гэсэн ч М.Бадарчийн зүгээс Үндэсний спортын арбитрт хандсан байна. Үндэслэл нь өнгөрсөн жилийн наадмын шинжилгээний хариуг татан төвлөрүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл дээрх шинжилгээний үйл явц шударга явагдсан эсэхийг нягтална гэсэн үг. Хэргийг Үндэсний спортын арбитраас шалгаж байгаа юм байна.

Энд онцлоход МОНАДА-ын тэргүүнээр ажиллаж байсан Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгаж байгаа. Түүний ар гэр болон ажлын байранд шалгалт оруулахад бэлнээр 140 сая төгрөг олдсон байдаг. Түүнчлэн бөхчүүдийг допингийн шинжилгээний хариуг БНСУ дахь лабораториос хувийн и-мэйл хаягаараа хүлээж авдаг, үүнийгээ устгасан зэрэг нь эхний байдлаар тогтоогдсон. Яг одоо АТГ устгасан и-мэйлийг сэргээх, БНСУ дахь допингийн шинжилгээний лабораториос дахин авах ажлыг шат дараатай зохион байгуулж ажиллаж байгаа. Үүний ард Допингийн эсрэг комиссын гишүүн Н.Цогтсайханы онцолсон допингийн зөрчил гаргасан гэх 16 бөхийн асуудал тодорхой болох нь

Ж.Хатанбаатар нь допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг, үүнийхээ шанд авлигал авдаг байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа. Үүнд нь зарим нөлөө бүхий улстөрчид ч холбогдсон гэх мэдээлэл бий.

Нэр бүхий этгээдүүд допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдээс мөнгө нэхэж хариуг далдалдаг, шээсийг сольдог асуудал өнгөрсөн хугацаанд явж ирсэн, үүнд нь тухайн бөхийн нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүд хутгалдаж ирснийг эх сурвалж онцолж байна. Зөвхөн өнгөрсөн наадмаар л гэхэд 16 бөх допингийн зөрчил гаргасан ч үүнийгээ аргалуулж, зөвхөн М.Бадарч л ойлголцож чадаагүйгээрээ “туг тахиулсан” асуудлыг мэдээллийн хамгийн ойр эх сурвалж Н.Цогтсайхан онцолж байна.

Тэрбээр “Допингийн шинжилгээний үед ямар нэгэн процессын алдаа гарахад тухайн шинжилгээ тэр чигээрээ хүчингүй болдог. Тухайн шинжилгээнд процессын алдаа гарсан эсэхийг арбитр тогтоодог. Спортын арбитрын шийдвэр эцсийнх” гэдгийг онцолж байна. М.Бадарчийн зүгээс Үндэсний спортын арбитрт хандаад байгаа. Энэ өдрүүдэд шалгалтын үйл явц үргэлжилж байгаа.

Допингийн шинжилгээний завхралтай холбоотойгоор Улсын арслан М.Бадарчийн цолыг хураахгүй өнгөрөх боломжтой тухай хуульчид хэлж байна. Бүр цаашлаад 2019 онд допингийн зөрчил гаргаж Улсын аварга цолоо хураалгасан Э.Оюунболд ч хуулийн байгууллагаар эрхээ хамгаалуулж буцаан авах боломжтой гэнэ.

Б.Сайнбаяр

Categories
мэдээ нийгэм

Нэг настай хүүхдийг чимхэх, өрөөнд цоожлох зэргээр хэрцгий харьцсан цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Дархан-Уул аймгийн прокурорын газраас “1 нас 2 сартай хүүхэдтэй хэрцгий харьцсан” цэцэрлэгчийн эрхлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” цэцэрлэгчийн эрхлэгч М нь тус цэцэрлэгт явж байсан бага насны хүүхдийг “бусад хүүхдийг хазлаа” гэх шалтгаанаар чимхэх, цохих, өрөөнд цоожлох зэргээр удаа дараа хэрцгий харьцсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Бүх төрлийн тээврийн орлого 4.5 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ “Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2023 оны эхний 9 сард 72.5 сая тонн ачаа тээвэрлэжээ” гэж мэдээлсэн байна.

Энэхүү тоон үзүүлэлтийг 2022 оны эхний 9 сартай харьцуулахад 32.5 сая тн буюу 81.3 өсөлттэй гарчээ. Энэхүү өсөлтөд:

  • авто тээврээр тээсэн ачаа 28.1 сая тн буюу 2.4 дахин,
  • төмөр замаар тээсэн ачаа 4.4 сая тн 22.7хувь тус тус өссөн нь нөлөөлжээ.

Бүх төрлийн тээврийн орлого 2023 оны эхний 9 сард 4.5 их наяд төгрөгт хүрчээ. Түүнийг 2022 оны эхний 9 сартай харьцуулахад 1.9 их наяд төгрөг буюу 69.6 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд:

  • авто замын тээврийн орлого 1.2 их наяд төгрөг буюу 65.7хувь,
  • агаарын тээврийн орлого 364.8 тэрбум төгрөг буюу 2.1 дахин,
  • төмөр замын тээврийн орлого 305.2 тэрбум төгрөг буюу 58.6хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.
Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Видео тоглоом дуурайн санамсаргүй нэгнийхээ хэвлий орчимд хутгалсан гэх хэргийг шалгаж байна DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны тоотод “Хүүхдүүд тоглож байгаад нэгийгээ гэмтээсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус тоотод насанд хүрээгүй 4 хүүхэд “Counter Strike” гэх видео тоглоом дуурайн тоглож байгаад санамсаргүй байдлаар нэгийнхээ хэвлий орчимд хутгалсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн насанд хүрээгүй хүүхдүүддээ санамсар, болгоомжгүй байдлаас өөрт болон бусдад гэмтэл учруулж болзошгүй тоглоомоор тоглохгүй байх, хутга мэс болон гал гаргах зүйлээр тоглох нь эрсдэлтэй талаар тайлбарлан ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Л.Месси 8 дахь удаагаа “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо DNN.mn

 “France Football” сэтгүүлээс улирлын шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” (Ballon d’Or) шагналыг “Интер Майами“ багийн довтлогч Лионель Месси найм дахь удаагаа хүртлээ.

Шагнал гардуулах ёслол Парис хотын “Шателет” театрт даваа гарагт болсон байна. “Интер Майами” клубын хувьцаа эзэмшигч, Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм энэ шагналыг Л.Мессид гардуулжээ.

2022 онд уг шагналыг “Реал Мадрид”-ын хөлбөмбөгчин Карим Бензема хүртэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон даваануудад халтиргаа гулгаа үүсчээ DNN.mn

Завхан аймгийн ихэнх суманд цас орж зарим улсын чанартай авто зам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүсчээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр аравдугаар сарын 29-ний 20:00 цагаас эхлэн шөнөдөө ихэнх нутгаар 0.0-0.5 мм цас орсон байна. Нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 0.0-0.7 см болжээ.

Түүнчлэн Загастай, Ганц, Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс ард иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчино уу.

Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын болон дэд, түр хороод хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Байнгын болон дэд, түр хороодын 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Хууль зүйн байнгын хороо ·    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэнанхны хэлэлцүүлэг/

· Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Инновац, цахим бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсгол”-ын тайлан

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловруулах  үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

09.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Төсвийн зарлагын хяналтын дэд хороо ·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ 10.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ·      Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ 14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
4 Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/ ·      Хянан шалгагч, шинжээч томилох тухай асуудал

·      Түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгах түр хорооны төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай/

14.30 “Их засаг”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малдаа яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ DNN.mn

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн нутаг аймгийн төвөөс баруун зүгт 45 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т орших Хар-Эрэг хэмээх газарт тус сумын харьяат малчин А нь аравдугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагт явганаар малд яваад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар 19:20 цагт хүлээн авсан байна. Тус багийн Засаг дарга Г.Наранбатын ахлан 16 хүн, есөн автомашинтай 57 настай малчин эмэгтэйг эрэн хайх ажилагааг зохион байгуулж 20:30 цагт Хотонт багийн Оросын шороо гэдэг газраас гэрээс нь баруун зүгт 7 км газраас эсэн мэнд олжээ.

Иймд хүч нэмэгдүүлэн эрэлд гарахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны 10-р сарын 30-ны 20 цагаас 10-р сарын 31-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр -11…-16 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн,  Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0…+5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-14 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө үүл багасаж,  хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Шөнөдөө үүл багасаж,  хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

2023 оны 11 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 05-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1, 2-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 метр, 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө 0…-5 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 3-наас ихэнх нутгаар хүйтэрнэ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн эзэмшлийн талбайд халтирч унавал 50 метрийн ойролцоох ААН-ээс хохирлоо нэхэмжиллэх боломжтой DNN.mn

Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журамд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 50 метр хүртэлх эдэлбэр газар болон дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах үүрэгтэй байдаг.

Хэрэв байгууллага, аж ахуйн нэгжүүд журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн иргэд халтирч унаж, бэртэж гэмтсэн тохиолдолд хохирлоо тухайн байгууллагаас нэхэмжлэх хууль, эрх зүйн үндэслэлтэй. Журмын хэрэгжилтэд дүүргүүдийн МХГ, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих үүрэгтэй.