Categories
мэдээ нийгэм

Авто зам, замын байгууламжийн ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлнө DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны есдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ автозамын салбарын төлөөлөлтэй 2023 оны наймдугаар сарын 28-нд “Өглөөний уулзалт” хийсэн. Энэ уулзалтын дүнгийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ.

Танилцуулгатай холбогдуулан, Авто замын сангийн бие даасан байдлыг хангах, олон улс болон улсын чанартай авто замын их засварын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Авто замын тухай хуульд үнэлгээ хийж шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах, авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит болон урсгал засварын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх, замын чанар, стандартыг шинэчлэх, цаашид бүс нутгийн онцлогт тохируулан хүнд даацын авто зам барьж байгуулах зэрэг асуудалд арга хэмжээ авахыг  Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Categories
гадаад мэдээ

Ричард Бэрронс: Украины ялалтад хоёр жил шаардагдана DNN.mn

Их Британийн Зэвсэгт хүчний нэгдсэн командлалыг 2013-2016 онд удирдаж, Афганистан, Косово, Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцож, одоо тэтгэвэрт байгаа бригадын генерал, сэр Ричард Барронсын “BBC”-ийн Украин дахь сурвалжлагч Ирене Таранюкт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Оросууд 2014 онд Крымд цөмрөн орсны дараа Украин хойд хөршийнхөө бүрэн хэмжээний түрэмгийллээс урьдчилан сэргийлэх хангалттай зэвсэгтэй байж чадаагүй явдал нь барууны бодлого буруу байсныг баталсан явдал болсон гэж Британийн генерал хэлжээ.Харин 2022 оны хоёрдугаар сараас эхлэн барууны орнууд Украины армийг дэмжих ажиллагаагаа шийдэмгий, шуурхай болгож эхэлсэн.Гэхдээ барууны холбоотнууд Украины Зэвсэгт хүчинд өгсөн тусламжаа “шат ахиулах” зарчмаар явуулсан. Одоо ч барууны орнуудын цэргийн тусламж үзүүлэх явдал удаашралтай байна гэж Барронс тэмдэглэв. Энэ нь дайныг өргөжүүлэн алдаж Орос, НАТО-гийн мөргөлдөөн болон хувирахаас сэргийлэх гэсэн барууныхны хүсэл эрмэлзэлтэй холбоотой. “Энэ зарчим Украинд пуужингийн систем, далавчит пуужин нийлүүлэхэд хэр зэрэг шат дамжлага зарцуулснаар нотлогдож байна” гэж генерал хэлэв. Тиймээс одоо Украинд оросуудын эзлэн түрэмгийллийг бүрэн зогсоох хангалттай техник хэрэгсэл, сум, сургалт, мөнгөтэй болоод буй нөхцөл байдал үүсэн Украины цэргүүд байлдааны талбарт тактикийн жижиг ялалт байгуулах боломжтой болсон. Энэ нь Украины Зэвсэгт хүчин одоогийн сөрөг довтолгоонд шийдвэрлэх эргэлт гаргах ялалтад хүрэх бүрэн боломжтой болсон гэсэн үг гэж генерал хэлсэн байна. Тэрбээр “Гэхдээ Украины арми өвөл болохоос өмнө тулалдааны талбарт гайхалтай амжилтад хүрсэн ч энэ нь Оросын цэргийг Украинаас бүрэн хөөж гаргахад хангалтгүй байх болно. Өөрөөр хэлбэл, одоогийн Украины хүчин чадал нь газар нутгаа нэмж алдахгүй байхад хангалттай, нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байхад хангалттай, гэхдээ ялахад хангалттай биш юм” гэж хэлсэн байна.

Одоо барууны орнуудын цэргийн тусламжийн гурав дахь үе шат эхэлж байгааг “Энэ бол сонголтын үе шат” гэж Барронс тэмдэглэв. Барууныхан Украинд шаардлагатай хэмжээгээр нь зэвсэг, сургалт, мөнгөн дэмжлэг үзүүлэх үү, үгүй юу гэсэн асуулт юм. “Миний бодлоор энэ бол Украин Оросыг байлдааны талбарт ялж, бүх газар нутгаа чөлөөлөх боломжтой болоход дор хаяж хоёр жилийн хугацаа хэрэгтэй. Энэ бол маш том асуудал бөгөөд Орос улс ч бас яг эсрэгээр нь төлөвлөж байгаа гэдгийг бид мартаж болохгүй. Орос дахин зэвсэглэхийн тулд түр зогсолт хийж хугацаа хожин, илүү хүчтэй цохихын тулд буцаж ирэх ёстой биш гэж үү? Тэгэхээр энэ дайн одоо маш хүнд үе шатандаа хүрээд байна гэв.

Генерал Барронс мөн Украины зэвсэгт хүчин хамгаалалтын ажиллагааг гайхалтай гүйцэтгэсэн гээд “Киевийн амжилт дайны эхнээс л гадныхныг төдийгүй Украинд ч гэсэн олон хүнийг гайхшруулсан. Украины дайны эхний үе шатны амжилтууд нь Кремлийн системийн дампуурал, Оросын зэвсэгт хүчний чадваргүй байдлаас ихээхэн шалтгаалсан бөгөөд арми нь хамаагүй хүчтэй байсан ч тэд украинчуудаас илүү сайн байж чадаагүй. Харин одоо бид Украин тулалдааны талбарт санаачилгыг гартаа авсан өөр шатанд ирээд байна.Украины арми НАТО-гийн технологи, сургалтын ачаар хэсэг, хэсгээр урагшилж чадаж байна. Гэвч зургаахан сарын өмнө эдгээр украин цэргүүд мэргэжлийн цэргүүд биш байсан шүү дээ. Энэ бол компьютерийн тоглоом биш гэж Украины Батлан хамгаалах яамны тэргүүн “CNN”-д ярилцлага өгөхдөө онцолж Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгоо төлөвлөгөөнөөс хоцорсон ч төлөвлөгөөний дагуу явж байна гэж тэмдэглэн хэлсэн. Учир нь одоо тэд хамгийн хэцүү зүйл болох дайсны сайн бэхлэгдсэн, сайн бэлтгэгдсэн, сайтар хамгаалагдсан байрлал руу довтолж бага багаар урагшилж байна. Тэд үүнийг давуу хүчээр биш харин сайн бэлтгэж, төлөвлөсөн мэргэжлийн цэргийн цөөн хүнтэй бүлгийн хүчээр хийж байгааг мартаж болохгүй. Энэ нь хэрэв та Украины Зэвсэгт хүчинд “илүү их цаг, илүү их техник, илүү их мөнгө, илүү их сум” өгвөл тэд байлдааны талбарт оросуудыг ялж чадна гэсэн үг гэж Ричард Барронс хэлсэн байна. Британийн офицер бас Украины зэвсэгт хүчний авъяас чадвар, тухайлбал тэд арилжааны дроныг байлдааны хэрэгцээнд зориулан хэрхэн өөрчилсөн, интернэт болон хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгааг онцлон тэмдэглэв.

Дайнд их хохирол амссаны дараа Оросын цэргийн удирдагчид алдаандаа дүгнэлт хийсэн гэдэгт Ричард Барронс итгэлтэй байна. Тэд техникийн маш их хохирол амсаж, залуу цэргүүдийнхээ амийг хэт их зольсон нь тэд ямар нэгэн зүйлд суралцсан гэсэн үг. Үүнийг нэгдүгээрт, тэд Зөвлөлтийн байлдааны “сурах бичиг”-ийг орхиж мянга гаруй километрийн урттай фронтын шугамын дагуу хамгаалалтын шугам хэрхэн барьж байгаагаас харж болно. Энд бүрэн минажүүлж хамгаалсан траншейны гурван бүс, зарим газар зохион байгуулалттай сөрөг довтолгоонууд хийж байгаагаас харж болно. Түүнчлэн Оросын их буунууд урьдын адил Украины Зэвсэгт хүчний алсын тусгалын нарийвчлалтай цохилтын суурин бай болохгүй байхыг сурсан. Кремль батлан хамгаалах салбараа ч дайны байдалд бүрэн шилжүүлээд байна. Учир нь Украины дайсан Орос улс шүдээ зууж, Украинаас эзэлсэн нутгаа хамгаалах бас шинэ цохилт өгөх цэргийн хүчээ сэргээх гэсэн хоёрдмол бэрхшээлтэй тулгарсан. Энэ бол мэдээж бидэнд маш тааламжгүй боловч үнэн бодит зүйл. Ингэхгүй бол Орос цаашид тэмцэх чадваргүй болно” гэж Барронс хэлэв. “Миний тооцоолсноор Орос, өөрөөр хэлбэл Оросын удирдлага энэ дайныг зогсоохыг огт хүсэхгүй байна. Үүнд л Украин төдийгүй барууны орнууд дүгнэлт хийж Украиныг тууштай дэмжих ажлыг үргэлжлүүлэх ёстой” гэжээ.

Генерал Барронс Орос-Украины дайныг дуусах гурван өөр хувилбар байна гээд Украины ард түмэн аль замаар явахаа шийднэ гэж тэмдэглэв.

Эхний хувилбар бол Украин тэмцлээ үргэлжлүүлэхээс татгалзах явдал юм. Шалтгаан нь оросуудыг эзэлсэн нутаг дэвсгэрээсээ бүхэлд нь хөөж гаргахад хэтэрхий их хүчин чармайлт, цус, мөнгө, хөрөнгө зарцуулна гэдгээс шантран ялалтдаа үл итгэх явдал гарч магадгүй юм.”Миний бодлоор, энэ бол зүгээр л аймшигтай шийдвэр байх бөгөөд Украин үүнийг хийнэ гэдэгт би л лав итгэхгүй” гэж тэр онцлов. Нөгөө нэг арга нь зэвсэгт тэмцлээ түр зогсоох явдал юм. Дайны талбарт ялалт байгуулах цэргийн хүч байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, эвлэрэх бус, түр зуурын гал зогсоохыг тунхаглана гэсэн үг. “Энэ бол ялагдал, алдагдлыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш, харин одоогийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох явдал юм. Харамсалтай нь хоёр тал түр завсарлагааг ашиглан хүч чадал, зэвсэглэлээ сайжруулж, дайн цаашид улам их үхэл, сүйрлээр дахин үргэлжлэх учир энэ бас л боломжгүй хувилбар. Гэтэл барууны зарим улстөрчид Украиныг шахаж энхийн хэлэлцээр хийхийг шаардан барууны дэмжлэгийг зогсооно гэж заналхийлэх явдал гарч байна. Гэхдээ бас “Хүч чадал нь хангалтгүй байх үедээ ялах гэж оролдохын өртөг нь Украин Оросын хүчирхэг хамгаалалтад цохилт өгөх гэж хүчээ шавхсанаар олж авсан бүх зүйлээ алдах болно гэдгийг мартаж болохгүй” гэж Барронс хэлэв. Өөрөөр хэлбэл, Украины Зэвсэгт хүчин фронтын шугамд байгаа оросуудад байнгын дарамт шахалт үзүүлж, өвлийн улиралд ч гэсэн хүчийг нь аажмаар шавхаж дуусгах ёстой. Энэ хооронд барууны дэмжлэг Украины цэргийн хүчийг бүрэн чадавхжуулан хүчирхэг болгон хөгжүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр дараа жил нь тулалдааны талбарт итгэл үнэмшилтэй ялалт байгуулна.Учир нь чи илүү давуу хүч бий болгож чадвал ялалт хурдан ирэх төдийгүй хүлээх алдагдал ч бага байх болно” гэв. “Ийм зүйл бий болгохын тулд Хар тэнгисийн флот руу байнга довтолж, Оросын олон нийтийн санаа бодолд нөлөөлөх замаар Оросын байлдааны чадавхыг газар сайгүй улам бүр сулруулах хэрэгтэй. Тиймээс Москвад дроноор цохилт өгөх нь цэргийн биш юмаа гэхэд Украин ялна гэдгийн бэлгэдэл болсоор байх болно” гэж Барронс хэлэв.

Энэ гурав дахь хувилбарын онцлог нь Украины ард түмнээс урт удаан, хүнд хэцүү дайнд бэлэн байхыг шаардаж байгаа явдал юм.Үүний тулд барууны тогтвортой дэмжлэг хэрэгтэй.

Генерал Барронс Украинд жил бүр 100 тэрбум ам.доллар өгөх нь “баруун орны эдийн засагт сөрөг нөлөөгүй нийцэх боломжтой” гэж онцлов.

Барронс дайн хурдан дуусахгүй гэж таамаглаж байна гээд би ийм ямар ч урьдчилсан нөхцөл олж харахгүй байна гээд “Одоо тодорхой байгаа цорын ганц зүйл бол энэ дайн дуусаагүй байна. Хоёр тал цаашид тулалдах шийдвэр төгс байгаа бөгөөд барууны орнууд Украиныг аль болох урт хугацаанд дэмжихээ амлаад байгаа явдал” гэж хэлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
story-news

Авто зам, замын байгууламжийн ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлнө

Авто зам, замын байгууламжийн ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлнө

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Хагас коксоор сайжруулсан түлш агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлнэ гэв DNN.mn

Ирэх өвлийн туршилтамжилттай болж, агаарын бохирдол хоёрдахин буурах уу?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ирэх арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31 хүртэлх 45 хоногийн хугацаанд турших хагас коксын шахмал түлшний талаар хэвлэлийнхэнд танилцуулав. Хагас коксоор үйлдвэрлэсэн түлш агаарын бохирдлыг 50 хувиар буюу хоёр дахин бууруулна гэв. Гуравдугаар шатлалын нүүрс гэгдэх хагас коксон сайжруулсан түлшийг олон улсын жишгээр ойрын хугацаанд хэрэглээндээ нэвтрүүлэхээр 10 сарын хугацаанд судалгаа явуулжээ.

Ингэхдээ агаарын бохирдлын асуудалтай улс, орнуудын туршлагыг судалсан талаараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ярилаа. Тодруулбал, тэд Английн Лондон хот, БНСУ-ын Сөүл, Хятадын Бээжин хотын туршлагыг судалжээ.

Сүүлийн таван жил миддлингийн дулааны аргаар боловсруулсан сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотод хэрэглээнд нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Цаашид сайжруулсан шахмал түлшний технологид сайжруулалт хийх боломжгүй учраас түлшний түүхий эдийг хагас коксоор солих шаардлагатай байгаа гэнэ. Улаанбаатар хотод 230 гаруй мянган өрх нүүрс түлж буй. Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед миддлингээр хийсэн шахмал түлш агаарын бохирдлын хэмжээг бууруулахгүй гэв. Тиймээс хүрэн болон чулуун нүүрсийг угааж баяжуулсан нунтаг болох хагах коксыг БНХАУ-аас худалдан авч Эрдэнэс тавантолгой ТӨҮГ дээр сайжруулсан түлш үйлдвэрлэж 45 хоногийн хугацаанд туршилт явуулах юм.

Дэлхийн олон улс оронд хэрэглээнд амжилттай нэвтрүүлсэн хагас коксжуулсан түлшийг БНХАУ-д хэд хэдэн удаа туршжээ. Тэгэхдээ зөвлөх баг авч ажиллуулсан байна. Хорвуу чанарууд нь буурсан туршилтаар мидлингтэй харьцуулахад хүхрийн хэмжээ 2.4 дахин, дэгдэмхий 22-оос 10.5 болж буурчээ. Энэхүү туршилтад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 242 сая төгрөгийг зарцуулсан байна. Түүнчлэн 80 тонн хагас коксжих нүүрс ашиглаж, Таван толгой түлш компанид дөрвөн төрлийн түлш хийсэн байна. Ийн зургаан лабораторид 100 гаруй дээж өгч, дээр дурдсан үр дүнг гаргажээ.

Энэ талаар ЭХЯ-ны БЗХГ-ын дарга Б.Насантогтох “Өнгөрсөн хавар туршилтыг дөрвөн хувилбараар хийсэн. 30 хувь, 50 хувь, 70 хувь, 100 хувиар мидлингтэйгээ хольж туршсан. Тэгэхэд үндсэн үзүүлэлтүүдэд томоохон өөрчлөлтүүд гараагүй. Лабораториудад шинжилгээг хийлгэсэн. 100 хувиар хийхэд хорвуу чанарууд буурсан үзүүлэлтүүд гарсан. Тиймээс 100 хувьтай байх нь зүйтэй гэж үзсэн. Туршилтаар илчлэгийн хувь 10 орчим хувиар илүү байсан. Хагас кокс үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн учраас түүхийн эдийн техникийн үзүүлэлтийг зааж өгнө. Тийм учраас асуудал гарахгүй, яг ижил байна. Хагас коксоор сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар батлагдсан” гэлээ. Хагас коксоор үйлдвэрлэсэн шахмал түлшийн туршилтаар тоосонцорын хэмжээ 73 хувь, хүхэрлэг хийн хэмжээ 86 хувь, агаарын хий 11 хувь, азотын исэл 24 хувиар буурсан байна. Тиймээс нийслэлд босгох гэж байгаа 500 тэрбум төгрөгийн бондоос 177.5 тэрбум төгрөгийг 45 хоногийн туршилтын хагас коксын түүхий эдийг худалдан авахад ашиглах саналыг гаргасан байна.

Хэрэв энэ өвлийн туршилт амжилттай болбол ирэх онд хагас коксын шахмал түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, төр түлшний үнийн зөрүүнд 300 тэрбумыг төсөвтөө багтаахаас өөр сонголтгүй гэнэ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “2022 оны эхний хагасын үнэлгээгээр Тавантолгой түлш компани нэг тонн түлшийг 450 мянган төгрөгөөр үйлдвэрлэж, 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Зөрүү 300 мянган төгрөгийн татаасыг Эрдэнэс Таван толгой ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн дөрвөн жил санхүүжүүлсэн. Хагас кокс шахмал түлшийг үйлдвэрлэхэд 450 мянган төгрөгийн өртөгтэй түлш маань 650-700 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Ийнхүү татаасын хэмжээ 300 орчим тэрбум төгрөг болж нэмэгдэх урьдчилсан тооцоо бий. Гүйцэтгэлээс шалтгаалж таван хувиар нааш цааш хэлбэлзэх магадлалтай. 150 мянгаараа борлуулна” гэлээ. Хоёр долоо хоногийн өмнө Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 45 хоногийн хугацаанд хагас кокжсон түлшээ борлуулж үзэх саналыг Эрчим хүчний яамнаас танилцуулжээ. Импортлоход шаардлагатай 177.5 тэрбум төгрөгийн 120 орчим нь хагас коксыг импортлох зардал, гааль, НӨАТ, гадаад дотоод тээврийн өртөг гэнэ.

Хагас коксон түлшийг түлэхэд зориулалтын асаагч шаардлагатай. Тиймээс 20 орчим тэрбум төгрөгөөр асаагчийг цуг импортлохоор төлөвлөжээ. Зориулалтын цахилгаан асаагчийн нэгжийн үнэ 80 мянган төгрөг байх бөгөөд эхний ээлжинд иргэдэд үнэгүй тараах ажээ. Туршилтын түлшний талаар Б.Чойжилсүрэн “Хэд хэдэн барьцалдуулагчийг оруулж ирж, түлшнийхээ чанарыг өөрчилж үзнэ. Ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд хагас коксон түлшээ оруулаад ирвэл арванхоёрдугаар сарын 15 хүртэл 115 мянган тонн түлшийг үйлдвэрлэж, туршилтын түлшийг түлж үзэх урьдчилсан төлөвлөгөөтэй байна” гэлээ.

2025 оны зургадугаар сарын 30 гэхэд хагас коксын үйлдвэртэй болно гэв

ЭХЯ-ны ТБХЗГ-ын дарга И.Лувсанцэрэн “Хагас коксын үйлдвэр барих судалгааны, техник эдийн засгийн үндэслэлийн ажлууд явж байна. Тэр хүртэл туршиж үзье. Үнэхээр боломжтой байвал 16-18 сарын хугацаанд үйлдвэрээ барих бүрэн боломжтой” гэлээ. Хагас коксыг дотооддоо үйлдвэрлэх зорилготой ТЭЗҮ ирэх есдүгээр сарын дунд гэхэд бэлэн болно. 2023 оны дөрөвдүгээр улиралд тендерийг зарласан тохиолдолд 2024 оны нэгдүгээр улиралд тендерийн компани тодорхой болно. 2025 оны зургаадугаар сарын 30 гэхэд хагас коксын үйлдвэртэй болохоор төлөвлөжээ. Багануурын уурхайг түшиглэн 600 мянган тонн түлш үйлдвэрлэх үйлдвэрийг гаднын хөрөнгө оруулагч барих аж. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Монголын тал үйлдвэр барих газрыг гаргаж өгнө. Үйлдвэрт нийлүүлэх нүүрсийг 10 жилийн хугацаанд Багануурын уурхай нийлүүлнэ. Тиймээс нүүрсний үнийг тодорхой болгож өгнө. Үйлдвэрээс хагас кокс, давирхай, хий гэх гурван төрлийн бүтээгдэхүүн гарна. Хий нь ойролцоогоор 30-50 мвт-ын цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Бид түүнийг Эрчим хүчний хуулийн дагуу төвийн эрчим хүчинд холбох ажлыг хийнэ” гэв. Таван толгой түлш компани шинээр баригдах үйлдвэрээс 600 мянган тонн түлшийг арван жилийн хугацаанд худалдаж авах гэрээг хийнэ гэв. Давирхайг бусад орнууд руу түүхий эд болгож экспортлох аж.

Үйлдвэр ашиглалтад орвол 2025-2035 он хүртэл хагас коксон түлшийг хэрэглэх бөгөөд энэ хугацаанд Монголын газар нутгаар дайран өнгөрч буй хийн хоолойгоос түлш авах нөхцөл боломжууд үүсэх магадлалтай хэмээн Эрчим хүчний сайд тооцоолж байгаа бололтой. Энэ үеэр Эрчим хүчний яам гурван үе шаттай агаарын бохирдолтой тэмцэхээр төлөвлөж байгаа танилцуулсан юм. Тодруулбал, хагас коксоор хийсэн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, хагас коксын үйлдвэртэй болох, 2030-2050 оны хооронд хийн хангамжийн нэгдсэн сүлжээг бий болгох, шахмал түлшний хэрэглээг бууруулах, урт хугацаанд төвлөрлийг сааруулж, дагуул хотуудыг хөгжүүлэх, иргэдийг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Хагас коксын шахмал түлшийг ердийн галлагаатай зууханд хэрхэн ашиглах, шатаах тухай танилцуулгыг хийв. Энэ үеэр монгол, хятад, цахилгаан, мод гэх дөрвөн төрлийн асаагуураар мидлинг болон хагас коксын шахмал түлшийг асааж, үр дүнг нь харуулсан юм. Ийн практик дээр хоёр түлшийн утаа ялгаруулалтын хэмжээг харьцууллаа.

Б.Түвшин

Categories
улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар албан ёсны уулзалт хийв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис төрийн айлчлал хийж байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын үеэр эртний түүхэн харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын найрсаг харилцааг өргөжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов.

Монголын эзэнт гүрний хаадууд XIII зуунд тухайн үеийн Пап нартай элч шийтгэн захидлаар харилцаж, улс түмний асуудлаар хэрэг хэлэлцэж байснаас хойш хоёр улсын албан ёсны харилцаа эхлэлтэй гэж судлаачид үздэг.

Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд илгээсэн захидал болон түүний хариу болгож илгээсэн 1246 оны захидал бол хоёр улсын түүхэн харилцааг нотлох үнэт эх сурвалж юм.

Categories
нийгэм цаг-үе

ЗГ: Багш бүрийг компьютержүүлэх арга хэмжээг 2024 оноос үе шаттайгаар хэрэгжүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны есдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд  Засгийн газар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ


Монгол Улсын Засгийн газар есдүгээр сарын 1-ний энэ өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа.
1.         Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний түвшний багшийн хөгжлийг дэмжих төвүүд байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах;
2.         Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандарт холбогдох дүрэм, журмыг шинэчилж боловсронгуй болгох, багш бэлтгэх, давтан сургах хөтөлбөр, арга хэмжээний санал боловсруулж батлуулах;
3.         Магадлан итгэмжлэгдсэн багш мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөр, багш нарыг магистрын болон гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтын зардлыг 2024 оны төсвийн жилээс төрөөс санхүүжүүлэхтэй холбоотой журам, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах;
4.         Төрийн өмчийн багш бэлтгэх сургуулийн хичээлийн болон дотуур байрыг шинээр барих, өргөтгөх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэх;
5.         Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож урамшууллыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих төвүүдийн цаашид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусган шийдвэрлэх;
6.         Багшийн нийгмийн баталгааг хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, багш бүрийг компьютержүүлэх арга хэмжээг 2024 оноос үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Categories
нийгэм цаг-үе

Дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барина DNN.mn

Түгжрэлийн эсрэг цогц бодлогын хүрээнд авто замын хөдөлгөөний эрчмийг хязгаарлагчийг дөрвөн байршилд хийнэ.

Тодруулбал, Таван шарын төмөр зам, Геологийн төв лабораторийн уулзвар, Гермес төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар буюу Нарантуул захын уулзвар зэрэг дөрвөн байршилд БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр авто замын нүхэн гарц шинээр барих төслийн барилга угсралтын бэлтгэл ажлыг хийж байна.

Нүхэн гарцын бүтээн байгуулалтыг 2024 онд дуусгахаар төлөвлөжээ.

Categories
цаг-үе эдийн-засаг

Гашуунсухайт боомтоор 194.948 тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Гашуунсухайт-Ганцмод боомтоор наймдугаар сарын 31-ний өдөр 1512 тээврийн хэрэгслээр 194 мянга 948 тонн нүүрс экспортолсон байна.

Энэ нь Монгол Улс нүүрс экспортод гаргаж эхэлснээс хойших 30 гаруй жилийн хугацаанд нэг өдөрт хилээр гаргасан нүүрсний экспортын дээд хэмжээ болж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

2019 онд Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байсан юм. 2023 оны нэгдүгээр сараас нэгнээс наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс 23 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээг давуулаад байна.

Засгийн газар 2023 онд Гашуунсухайт боомтоор 35-38 сая тонн нүүрс экспортод гаргах зорилт тавиад байгаа юм.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ DNN.mn

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсний дараа цэргүүд ёслолын хүндэтгэлийн жагсаалаар алхан өнгөрөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн хоёр улсын төлөөлөгчид, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Пап Францис Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар ганцаарчилсан уулзалт хийв.

Пап нь дэлхийн 183 улстай дипломат харилцаатай Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн бөгөөд 1,3 тэрбум гаруй сүсэгтэнтэй католик шашны тэргүүн юм.

Тэр бээр Гэгээн Ширээт Улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг өмнөх үеэс илүү идэвхтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013-2023 онд 62 улсад, үүнээс Мьянмар, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Бахрейн зэрэг улсад  анх удаа айлчилжээ. 

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис

2013 оны 03 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон. Европ бус тив болон Есүсийн нийгэмлэг буюу Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап. 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентин Улсын Буэнос Айрес хотноо төрсөн.

Боловсрол:

  • 1986 онд ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг,
  • 1970-1971 онд Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг,
  • 1967-1970 онд Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг,
  • 1963 онд Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг,
  • 1958-1960 онд Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан,
  • 1955-1958 онд Буэнос Айрес хотын Католик шашны Вилья-Девото сургууль,
  • Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал:

  • 2013 оны 03 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон,
  • 2001-2013 онд Гэгээн Ширээт Улсын Кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд ажилласан,
  • 1998-2001 онд Буэнос Айресын тэргүүн хамба,
  • 1992-1998 онд Буэнос Айресын хамба,
  • 1986- 1992 онд Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан,
  • 1980-1986 онд Сан Хосегийн коллежийн ректор,
  • 1973-1979 онд Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн,
  • 1969-1973 онд Аргентин дахь Иезутын нийгэмлэг,
  • 1969 онд Сахил хүртсэн,
  • 1964-1966 онд Санта Фе, Буэнос Айрес хотын Католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш,
  • 1958 онд Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн,
  • Испани, итали, герман хэлтэй.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Баярцэнгэл: Ажилтнуудын хоорондох хөндий уур амьсгал ажлаас халшрах үндсэн шалтгаан болж байна DNN.mn

Сэтгэлзүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.


-Нийгмийн бухимдалтай холбоотойгоор ч тэр юм уу хүмүүс сэтгэлзүйчид хандах нь түгээмэл болжээ. Танд хандаж байгаа хүмүүсийн цөм нь ямар шалтгаантай байна вэ?

-Янз бүрийн л шалтгаанаар хүмүүс ирдэг. Энэ бүгдээс анзаарахад ажлаас халшрах үзэгдэл түгээмэл болсон байна. Сэтгэл зүйн гутралтай холбоотойгоор хийж бүтээх урам зориггүй болсон хүмүүс ирэх юм. Тэднийг анзаарахад ид хийж бүтээх, гялалзаж явах залуус байгаа нь анхаарал татдаг.

-Таны тухайд кейсүүдэд дүн шинжилгээ хийж ажилладаг байх. Залуус ажлаас халшраад байгаа шалтгаан нөхцөл нь яаж харагдаж байна вэ?

-Төрийн ч, хувийн ч бай байгууллагын ажилтнуудын хоорондын харилцаа таагүй болсон байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хоорондын харилцаанд нэгнийгээ гадуурхах, ганцаардуулах, нэгэндээ атаа жөтөө санаж хорсох явдал түгээмэл болж. Энд би насанд хүрсэн хүмүүсийн харилцааны талаар ярьж байгаа юм шүү. Бүрэн төлөвшөөгүй жаахан охидын тухай биш. Төрийн байгууллага болоод хувийн хэвшилд ажилладаг ид хийж бүтээх эмэгтэйчүүдийн хоорондын харилцааны асуудлыг хөндөж байна. Тэд нэгэндээ атаархаж, янз бүрийн явуулга хийж нэгнийгээ ганцаардуулдаг, сэтгэл гутралд оруулдаг явдал олон кейсээс харагдлаа. Энд ганц жишээг л онцолъё. Нийслэлээс алслагдсан аймагт байршилтай сувилалд ажилладаг эмэгтэй зөвлөгөө авахаар хандсан юм. Ярилцаад үзэхэд өнөөх сувиллын ажилтнууд нь хотоос очиход нь ажиллах боломж олгодоггүй, эсэн бусын цуу яриа гаргаж, нийлж гадуурхсан байгаа юм. Энэ явдал даамжирч өнөөх эмэгтэй сэтгэл гутралд орж, хэрхэн даван туулах талаар надаас зөвлөгөө авсан. Ярилцах явцад ажлаасаа халширсан нь ил цагаан харагдсан.

Энэ мэтчилэн төрийн болон хувийн хэвшилд нэгнийгээ гаднах өнгө үзэмж, амьдралын нөхцөл байдлаар нь гадуурхаж сэтгэл санааг нь хямраадаг болж. Үүнээс дүгнэлт хийхэд ажлаасаа халшрах үндсэн шалтгаан нь эмэгтэйчүүд хоорондын таагүй харилцаа, хүйтэн хөндий уур амьсгал болсон нь хэд хэдэн жишээгээр батлагдлаа. Эндээс гарах үр дагавар нь илүү хортой.

-Энэ талаараа жаахан тодруулахгүй юу?

-Сэтгэл санаагаар унасан хүн өвчлөх нь амархан байдаг юм байна. Зүрх, толгой гээд эрхтнүүд нь өвдөнө. Хоол, унднаас гарах нь наад захын асуудал. Хоолноос шим тэжээл авч чадахгүй болохоор л өвчний суурь нь тавигдчихаж байна л даа. Гол нь залуу хүмүүс сэтгэл гутралд орж, эрүүл мэндээрээ хохироод байгаа нь харамсалтай.

Дахиад онцлоход энэ нь хамт ажиллагсдын таагүй уур амьсгал, хүйтэн хөндий харилцаа, гадуурхах үзэгдэлтэй шууд хамааралтай. Ажил гэдэг хүний хоёр дахь гэр байдаг. Ажил дээрх таагүй уур амьсгал гэр бүлд нь дам нөлөөлж байгаа нь олон жишээнээс ажиглагдсан. Хамгийн хортой нь сэтгэл гутралаас үүдэж, ажлаас халширна, цаашлаад хорт зуршилд татагдаж байна. Энэ их зах замбараагүй архидалт, тамхины хэрэглээ нэг талаараа ажлын байрны таагүй уур амьсгалтай холбогдож байна.

-Тухайн байгууллагадаа ч хор хөнөөлтэй байх нь?

-Энэ үзэгдэл мэдээж аль аль талдаа хор хөнөөлтэй. Ажлаас халширсан хүний хөдөлмөрийн бүтээмж муудна. Албан байгууллага нь тэр хэмжээгээр алдагдал хүлээнэ. Хүний нөөцийн хажуугаар боломжуудаа ч урсгаж байна. Байгууллагын ажил удааширдаг нэг шалтгаан нь ч энэ байж болно.

Нөгөө талд ажилтан сэтгэл гутралд орж, эрүүл мэнд эд эрхтнээрээ хохироод үлдэнэ. Жижигхэн тулга тойрсон асуудал мэт боловч хор хөнөөл нь ийм их.

-Ажлын байрны хүйтэн хөндий харилцааны нөлөөгөөр сэтгэл гутралд орсон ч үүнийгээ анзаарахгүй яваа тохиолдол байж болно. Ийм үед сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?

-Сэтгэл хөдлөлийн тодорхой шинжүүд байдаг. Тархины үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдолд орсноор амьдралын буруу хэвшлүүд үүсдэг. Гэнэт хэт их кофе уух, утсаа хэт их оролдох, идэвхгүй байдалд шилжих, ахуйн шинж чанартай

холбоотой буруу зуршлууд бий болох, нойргүйдэх, хэт их идэх эсвэл хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Иймд тархийг амраахад чиглэсэн зүйлсийг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Тайван орчин бүрдүүлээд сайн нойр авч, амрах гэх мэт. Түүнчлэн ойр дотны хэн нэгэнтэй ярилцах. Насанд хүрэгчдийн харилцааны хувьд хэнд нууцаа ярих вэ гэдгийг ухамсарладаг, тодорхой мэдрэмжтэй болсон байдаг. Ойр дотны, итгэлтэй хүмүүстэйгээ ярилцаж дараа нь тухайн найз нөхөд, эцэг эх нь мэргэжлийн хүнд хандахыг зөвлөдөг байх жишээтэй. Харин өсвөр насны хүүхдүүдийн хувьд найз нөхдийн орчинд хэтэрхий их хувийн асуудлаа хуваадаг талтай. Дараа нь нэгнийхээ итгэлийг эвдэх тохиолдол их. Хүүхдүүд санаандгүй байдлаар нэгнийгээ гомдоох тохиолдол гарч болно.

-Сэтгэл санаагаа удирдах, тогтвортой байлгах тал дээр та юу зөвлөх вэ?

-Сэтгэл хөдлөл байнга тогтвортой, өөдрөг байх боломжгүй. Хүн өөрөө нийгмийн бүтээгдэхүүн. Нийгмийн хүрээлэл дэх нөлөөллөөс шалтгаалаад сэтгэл хөдлөл тогтмол өөрчлөгддөг. Нийгмийн харилцааны хувьд өдөр тутамд аливаа зүйлсээс суралцаж, тодорхой сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг авснаар тухайн хүний зан төлөв, чиг баримжаа тогтдог. Иймд аливаа асуудлыг хүнд тусган авахгүй байх нь маш чухал. Нийгмийн харилцааны үед олж авсан, шаналал, гуниг аливаа эмгэгийг үүсгэх хүчин зүйл болдог. Олон жилийн өмнө сонссон үгэндээ ч шаналаад, голдоо ортол гомдчихсон, тэр хэмжээгээр өөртөө итгэх итгэл буурч, өөрийгөө хаадаг тохиолдлууд бий. Хүмүүстэй харилцахдаа өндөр хүлээлт тавьж болохгүй. Учир нь хүмүүс санаатай, санаандгүйгээр бусдадаа сэтгэл зүйн сөрөг цочрол өгч, сэтгэлийг нь гэмтээдэг.