УИХ-ын нэр бүхий гишүүд “С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрийг хууль бусаар зассан” талаар нийтийн сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл гараад буй. Хууль тогтоох засаглал шүүх засаглалын үйл ажиллагааг шүүхээр хөдөлж буй энэ үйл явц хуулийн хүрээнд зөв эсэх талаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Сангийн сайд асан С.баярцогтыг дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, гурван шатны шүүх шийдвэрээ гаргасан байдаг. тэгвэл уг шийдвэр зөв эсэхийг Уих-ын гишүүд сонсгол хийн шүүх хэрэгтэй гэсэн агуулгаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэсэн мэдээллийг та дуулсан байх. Хуульчийн хувьд та үүнийг хэрхэн үзэж байна вэ?
-Ард түмний саналаар хууль тогтоох дээд байгууллагад сонгогдож гарч ирсэн УИХын гишүүн ямар эрх, үүрэгтэйг Монгол Улсын их хурлын тухай хуулиар нарийвчлан зааж өгсөн байдаг. Үүнийг субъектив байдлаас нь харахаас өмнө 1600-аад оны үед Францын философич, социологич Ш.Монтескьегийн гаргаж ирсэн онолын хүрээнээс эхэлж харах ёстой. Ардчилсан Үндсэн хуультай улс орны тулгын гурван чулуу бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэдэг бүтцийн хүрээнд том зургаар нь харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллагаас шүүх засаглалын шийдвэрлэсэн хэргийн хүрээнд хөндлөнгөөс нь оролцох гэсэн, шүүх байгууллага Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд
гурван шатаар яваад шийдвэрлэсэн хэргийг буцаагаад задалж, “Сонсгол хийн, юу болсон юм бэ гэдгийг эргэж харна” гэдэг агуулга харагдаад байна гэж харж байна.
Үндсэн концепц нь засаглалынхаа хэмжээнд хууль тогтоох засаглал яагаад шүүх засаглал руу дайраад унав гэдэг нэг ойлголт. Сая болж өнгөрсөн Акуа гарден зэрэг бусад кейсүүдээс ч харахад Засгийн газар, улстөрчид “Ерөөсөө шүүх болохгүй байна. Шүүх авлигачдыг барьж хорихгүй байна” гэдэг байдлаар дайралт их хийх болсон.
Ингэж дайрсан ч шүүгч юм хэлэхгүй байх хуулийг нь УИХ-ын чуулганаар батлуулчихсан. Тиймээс шүүгчид хуульдаа баригдаад дуугарч чаддаггүй. Шүүгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй ШЕЗ ажиллаад байгаа юм шиг боловч тууштай, хуулийн тайлбар хийж харагдахгүй байна.
-Хууль тогтоох засаглал шүүх засаглал руу халдаж байгаа нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил болох байх аа?
-“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулиар гэм буруутай эсэхийг тогтоон ямар ч шийдвэр гарсан хамаагүй бид задалж яримаар байна” гээд шүүх байгууллагын хийсэн ажлын урдуур УИХ-ын гишүүд орж ирж болохгүй. Ёс суртахууны хэм хэмжээндээ ч нийцэхгүй үйлдэл.
2019 оныг саная. МАН эрх барьж байсан өмнөх дөрвөн жилдээ Үндсэн хууль руу гар дүрж, нэг өөрчлөлт хийсэн. Энэ нь магадгүй хууль тогтоох байгууллагын субъектууд буюу УИХ-ын гишүүд Засгийн газрынхаа өмнө бөхийж болох өөрчлөлт хийчихсэн гэж би хуульчийнхаа хувьд хардаг. Тухайлбал, Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг УИХ-ын гишүүд дураараа өөрчилж болохгүй гэсэн санаа. Засгийн газраас оруулж ирсэн төсөв гэхээр Ерөнхий сайд гэсэн үг. Ерөнхий сайд бол эрх баригч намын дарга. Намын дарга дараагийн сонгуульд хэн, хэнийг нэр дэвшүүлэх вэ, хэнийг гаргах вэ гэдгийг шийддэг. Одоогийн УИХ-ын гишүүд намын даргаасаа “Сонгогдсон тойрогтоо, аймаг сумандаа ахиухан мөнгө тавиад өгөөч, би таны оруулж ирсэн ямар ч шийдвэрийг гараа өргөөд дэмжинэ” гэнэ. Учир тэр төсвийг намын дарга нь шийдэж байна шүү дээ. Нэг ёсондоо УИХ-ын гишүүн гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнд “Таны үгээр байя” гэдэг айхавтар заалтыг Үндсэн хуульд 2019 онд оруулчихсан гэж харж байна. Тэгэхээр үүнийг нэг байгууллага нөгөө байгууллагынхаа үйл ажиллагаанд нөлөөлдөг шиг ойлгож болохгүй.
Учир нь УИХ гэдэг төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэчихсэн. Ард түмэн “Манай сумыг, манай аймгийг төлөөлөөрэй” гээд явуулахаар сонгуульд ялсны шагнал болсон Ерөнхий сайдын үгэнд ордог болчихоор үндсэндээ тогтолцооны гажуудал руу орчихож байгаа юм. Нэг ёсондоо хууль тогтоох засаглал шүүх засаглалын хоорондын сөргөлдөөний эх суурийг тавьчихсан гэж хардаг. Бүхэл бүтэн Үндсэн хуулийн эсрэг, материаллаг хуулиудын эсрэг ийм өөрчлөлт орчихсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, хүний эрхийн зөрчил гэж ярих жижиг асуудал болчихож байгаа юм.
-Жижиг асуудал ч гэсэн ярья л даа. Ардчилсан Үндсэн хуулийн гол зарчим нэг ч гэсэн хүний эрхийг хамгаалах явдал. Гэтэл гудамжинд байгаа хүнийг хууль тогтоох засаглал дуудаж авч ирээд гэм бурууг нь хэлэлцэхээр болж байна шүү дээ?
-Би хуульч хүн учраас шууд субъектив байдлаар ярих нь зохимжгүй. Хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооно гэсэн тунхагтай 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг 460 гаруй депутат, 21 аймгийн өнцөг булан бүрээс өөр өөрийн онцлог, зан заншлыг шингээн хүний гэм буруутайг шүүх л шийдвэрлэнэ гэж зааж өгсөн. Шүүх бол УИХ-аас батлан гаргаж өгдөг хууль тогтоомжийн хүрээнд ажлаа хийдэг ярьдаг хууль шүү дээ.
Тэгэхээр анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шат гээд бүхэл бүтэн Монгол Улсын шүүхийн тогтолцоог дамжаад эцсийн шийдвэр гарчихсан байна. Гэм буруутай, гэм буруугүй эсэхийг шүүх шийдчихсэн байхад “Таны буруутай үгүйг бид нийтийн сонсгол хийж шийднэ. Би хууль тогтоох байгууллага мөн л дөө. Та ч шүүх засаглал. Бид нэгнийхээ үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй ч энэ удаад бид таны ажлыг хиймээр байна” гэж байгаа нь хүний эрхийн маш том зөрчил. Хэрэв ингээд явах юм бол Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаасаа ухарсан явдал болно. НҮБ дээр энэ тусгаар улс мөн эсэхийг ярилцахад хүрнэ. Ийм эрсдэлтэй нөхцөл байдал руу аль ч нам, аль ч цаг үед оруулж болохгүй. Ийм түрэмгий, хүний эрхийн бүдүүлэг зөрчлийг гаргаж болохгүй. Удахгүй сонгууль болно. УИХ-ын гишүүн гэдэг мөнхийн алба биш.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд сайн муу ч дөнгөн данган бүрэлдүүлж чадсан тогтолцоог нурааж болохгүй. Хэдийгээр энэ тогтолцоо хүний нүдэнд барилга байшин шиг харагддаггүй учраас олон нийт ойлгодоггүй. Түүнийг улстөрчид, дарга нар далимдуулж дураараа өөрчлөлт хийх гэж оролддог. Гэтэл энэ тогтолцоог дэлхийн улс гүрнүүд олон зуун жилийн турш алдаж онож засч сайжруулж шинжлэх ухаанаар нотолж чадсан байдаг. Ингээд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх байгууллага гурван биенээсээ хараат бус, хэн хэндээ нөлөөлж болохгүй гэдэг зарчимтай болсон. Үүнийг бид 30 жилийн өмнө Үндсэн хуульдаа суулгаад өгчихсөн. Хэрэв ийм үйлдэл болбол Үндсэн хуулийн хяналтын субъект болсон Үндсэн хуулийн цэцэд иргэдээс мэдээлэл очих шалтгаан болно. УИХ-ын гишүүн эргүүлэн татагдах шалтгаан ч үүсч болно. Үүнийг улс төрийн хүчин, намынхан нь харж бодолцож байгаа болов уу.
-С.Баярцогтын хууль бус үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг зассан гэж нийгмийн зарим хэсэг үзээд байгаа юм байна. Та С.Баярцогт нарын хэрэг дээр ажиллаж байсны хувьд уг хэргийн шүүхийн шийдвэр рүү буцаж, тайлбарлаж болох уу?
-Тухайн үед далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг хоёр жил гаруйн хугацаанд шалгасан, шүүсэн процесс өрнөсөн. Уг хэрэгт улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүн холбогдсон. Яллагдагчаар татагдсан хүмүүс шүүх танхимд орж ирээд үгээ хэлсэн. Тэдний дунд Сангийн сайд асан С.Баярцогт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шал өөр зүйл ангиар шүүгдсэн. Энэ шүүх хурлын процессыг нийтэд нь Дубайн гэрээ гэдэг агуулга дор сошиалаар харлуулах ажил явагдсан. С.Баярцогтын холбогдсон хэрэг авлигынх биш, шал өөр зүйл ангитай хэрэг. Гэвч авлигын хэргийн малгайн дор оруулж байгаад хариуцлага хүлээлгээд явуулсан. Анхан шатны шүүхээс гэм буруутай, давж заалдах шатны шүүх ч түүнийг бататгаж, хяналтын шатны шүүх дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдаад явдаг кейс.
Одоо энэ хэргийн үнэн зөв шүүсэн эсэх гэдэг дээр өмгөөлөгч юм хэлэх шаардлагагүй. Учир нь шүүх гурван шатны шүүхээр шийдвэрээ гаргасан бол хуульч, өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нөхцөл байдал мөн. Яахав тухайн үед өмгөөлөгч байсан хүмүүс процессын болон хууль хэрэглээний алдаа гарсан талаар ярьдаг, шүүмжилдэг байсан. Бид цаашид иймэрхүү алдааг дахиж давтаж болохгүй юм байна. Хүний эрхийг хамаагүй зөрчиж болохгүй гэдгийг хууль тогтоомжийн хүрээнд сайжруулаад явах ёстой. Бид 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг маш эгзэгтэй үед, боломж таарсан үед баталж, хүний эрх, эрх эрх чөлөөг баталгаажуулж авсан учраас маш сайн хамгаалах үүрэгтэй. Иргэд ч шүүхийн тогтолцоо, шүүх засаглалыг ойлгох учиртай. УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд шүүх болохгүй байна гэж зүхээд л, зарим нь бүр цаазын ялыг сэргээе гэж ярьж байгаа нь маш зохимжгүй.
Үүн дээр нэг зүйлийг бас тодруулах ёстой. Цагдаа, прокурор бол Засгийн газрын харьяаны гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Яг үнэндээ жинхэнэ хэрэгтнүүд, буруутай этгээдүүд цагдаа, прокурор дээр л сугарч үлддэг. Уг нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл ороод ирэхэд шүүх хуулийнхаа хүрээнд шийдчих гээд байдаг. Гэвч жинхэнэ буруутнуудыг шүүх рүү шилжүүлдэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгсэн атал Засгийн газраараа “Шүүх яаж шийдэхийг харъя” гээд нөлөөллийн үйлдэл гаргаад байгаа нь шүүх засаглалд маш аюултай нөхцөл байдал руу явуулж байна. Үүнийг иргэд, хуульч өмгөөлөгчид, сэтгүүлчид та бүхэн ч энэ тогтолцоог ойлгож, хамгаалах ёстой юм.
Б.ЭНХЗАЯА