Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 23.4 хувиар өсчээ DNN.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сарын байдлаар 18.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 52.8 хувиар буюу 6.4 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт билээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний найман сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 13.3 их наяд төгрөг болсон байна. Өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөгөөр өсөхөд,

  • чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 3.6 их наяд
  • металлын олборлолт 907.0 тэрбум
  • газрын тос олборлолт 555.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин дараах бүтээгдэхүүний хэмжээ ес дахин өссөн байна. Үүнд,

  • зэсийн баяжмал
  • хүрэн нүүрс
  • мөнгөний баяжмал
  • чулуун нүүрс
  • баяжуулсан нүүрс
  • газрын тос
  • хайлуур жоншны баяжмал биет хэмжээ өсжээ.

Харин цайрын баяжмал, цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдэр нь өмнөх оны мөн үеэс 1.2-45.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Мөн боловсруулах аж үйлдвэрийн салбарт самнасан ноолуур, ус, ундаа жүүс, цэвэр спирт, шингэн сүү, янжуур тамхи, цемент, металл бэлдэц, малын мах, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 3.5 дахин өссөн байна. Харин катодын зэс, гурил, цагаан архи, нүүрсэн шахмал түлш, шохой зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9–26.6 хувиар буурсан хэмээн Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.

Categories
нийгэм цаг-үе

Т.Бадамжунайд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32,433, мөрдөн байцаалтын 2,481 хэрэгт хяналт тавьж, нийт 186 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94, өмчлөх эрхийн эсрэг 52, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, хүний амьд явахын эсрэг 8, авлига, албан тушаалын 4, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нэг хэрэг байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээ дүгнэсэн баримтуудад гарын үсэг зурж, төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн Нийслэлийн соёл, урлагийн газарт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Иргэн Л.Э, С.А нар нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан хэргийн хариуцагч “Б” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор шүүгчид хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Ташрамд дурдахад сайд асан Т.Бадамжунайг Шувуу ажиллагааны хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсаас авчирч, тухайн сарын 7-ноос эхлэн цагдан хорьж байв. Улмаар түүнд хилээр гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ-тай зорчих нөхцөлийг визтэй болгох хэрэгтэй DNN.mn

Буриадын ерөнхийлөгч Алексей Цыденов манай улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцлоо. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа АНУын Засгийн газар Монголд төрийн эргэлт хийхээр оролдож байна гэж мэдэмхийрэв. Улмаар “Одоо Монголд байдал тун хүнд байна. Украин төрийн эргэлт хийхэд нөлөөлсөн АНУ-ын Төрийн департаментын дэд дарга Виктория Нуланд Монголын ард түмнийг, тэр дундаа залуучуудыг нь сургахаар оролдож байна. Монголчууд хүчтэй ард түмэн. АНУын утсан хүүхэлдэй болохгүйн тулд үүнийг эсэргүүцэх хангалттай хүч байгаа гэж найдаж байна. Одоо ч гэсэн монголчууд давна гэж бодож байна” гэх зэргээр дэлхий нийтэд цацагдаж буй телевизэд ярилцлага өгөөд сууж байх юм. Буриад улсын төрийн тэргүүн хүн энэ үйлдлээрээ бүхэл бүтэн тусгаар улсыг үл тоолоо. Бидний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоод зогсохгүй ард түмнийг өдөөн турхирсан өнгө аяс илэрхийлэв. Угтаа аливаа улсын тэр дундаа уламжлалт найрсаг харилцаатай хөрш орныхоо талаар ингэж амныхаа зоргоор ярих нь дипломат ёсонд харш гэдгийг мань хүн мэдэхийн дээдээр мэдмээр сэн. Олон улсын харилцааг зохицуулдаг гэрээ конвенцууд, холбогдох хууль журмуудад “Нэг улс нөгөө улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн зарчим үйлчилдэг. Ингэж байж энэ дэлхийд энх тайван ноёрхоно. Ийм л энгийн логиктой. Харин эрхэм ерөнхийлөгч Алексей Цыденов дипломат хүнд баймааргүй ноцтой алдаа гаргалаа. Сураг сонсох нь ээ, энэ хүн Сэлэнгэ, Дархан-Уул аймагт нэлээд төвхнөсөн гэх юм билээ. Хүссэн үедээ, дуртай цагтаа манай улс руу орж, гардаг бололтой. Яагаад гэвэл, ОХУын иргэд Монгол руу визгүй зорчдог учраас аягүй хялбархан чөлөөтэй ирж, буцаад байна. Тэр байтугай гэртээ байгаа юм шиг тухлан амьдардаг гэлцэх.

Энэ хүн монголчуудад атаархдаг нь тодорхой. Яагаад гэвэл Буриад бол ОХУ-ын бүрэлдэхүүн орнуудын нэг. Түүхээс харвал, XVII зуунд Оросын эзэнт гүрний мэдэлд очсон. Олон зууны турш эрх чөлөөгөө хумиулсан ийм жижиг улсын дэргэд Монгол бол диваажингийн орон. Ардчиллын туган доор тусгаар тогтнолоо бэхжүүлж, энх тайвныг эрхэмлэдэг улс. Ийм эрх чөлөөтэй нийгмийг байгуулж чадсан монголчуудыг хараад дотроо байж суухын аргагүй тэвдэж байгаа. Мэдээж улсынх нь ард түмэн Монгол шиг бие даасан, эрх чөлөөтэй орон болохыг хүсч мөрөөднө. “Ардчилал хөгжсөн орон хэнээс ч хараат биш, амар амгалан байдаг юм байна. Хүсвэл Монгол шиг ийм сайхан амьдарч болдог юм байна. Гэтэл манай дарга нар яагаад биднийг ингэж амьдруулахгүй байгаа юм бэ” гэж Буриадын зон олон өөрийг нь зүхээд босоод ирнэ гэхээс зүрх нь хагарах шахаж байгаа байх. Тэгээгүй л юм бол Алексей Цыденов бидэн рүү ам хэлээрээ халдаж эхлэхгүй. Олон улсын мэдээллийн агентлагт зориуд Монголын талаар байр сууриа илэрхийлж, манай дотоод хэрэгт оролцож байгаагаас нь харвал ОХУ-ын эрх баригчид тэрэн дотроо буриадын дарга нар бидэнд үнэхээр хорсож буй аж. Ер нь буриадын сэхээтэн эрх баригчид хэзээнээсээ биднийг орост барьж өгч байсан байж магадгүй гэж ярьдаг. Саяхан хэлмэгдлийн өдрийг бид тэмдэглэн өнгөрүүлсэн. Түүхэнд оросоос 117 хүний нэр ирсэн гэдэг. Хэн энэ нэрсийг өгсөн байж таарах вэ. Тэр оросууд манайд байгаа хүмүүсийг нэрсээр нь мэднэ гэж үү. Бас оросын октябрын хувьсгалаас зугтаж ирсэн хүмүүсийг хэн тэгж сайн мэдэх вэ. Монголчууд бол “аа энэ хойгуур нутаглаж байсан шиг байна лээ” л гэж их сайндаа ярина. Гучаад онд Чит хавиар нутаглаж байсан монголчуудыг гадаадад амьдарч байсан гэж ч бараг мэдэхгүй. Яагаад гэвэл тэр нутаг нь хэзээнээсээ л манайхны ирж буцаж байсан л өвөлжөө хаваржаа. Энэ бүгдээс харахад буруу санасан оросыг бишрэн шүтдэг буриадууд л тэр нэрсийг гаргасан байх өндөр магадлалтай байдаг. Түүхээсээ үндэстэн нэгтнээ барьж өгч байсан энэ их атаархал, хорсол монголчуудад хүндрэл бэрхшээл учруулж болзошгүй. Түүний энэ өдөөн турхиралт даамжирсаар Украин шигээ юм болохыг ч үгүй гэх ч газаргүй.

Дайнтай холбоотой Орос орны байдал улам доройтсоор байна. Украиныг Беларусьтай адил дагуулаа болгоно гэж ассан энэ улс өнөөдөр цагаан тугаа өргөхөд ойрхон байгаа. Сүүлийн үеийн мэдээллээр Орос оронд задрал явагдаж, зэвсэгт бүлэглэлүүд үүсч, хоорондоо бужигнах шинж тэмдэг ажиглагдах боллоо. В.Путин ард түмнээ иргэний дайны ирмэгт авчирлаа гэж дэлхий дахин буруушааж байна. Дээрээс нь ОХУын эдийн засаг шалдаа буулаа. Дайн эхэлснээс хойш ядуурал хүрээгээ тэлсэн. Ядуу нийгэм ямар ч ёс зүйгүй болдгийг бүгд мэднэ. Хулгай, дээрэм, тонуул, аллага, луйвар, хүний наймаа гээд болохгүй бүхэн цэцэглэнэ. Аажимдаа энэ үйл явц 1917 оны иргэний дайны хэмжээнд хүргэхээр байна. Энэ үгийг оросын ерөнхийлөгч хаврын Пригожины үймээний үед хэлж байсан нь санамсаргүй тохиолдол биш. Үүний хор уршиг хаяа залгаа нутагтай бидэнд л хамгийн их халтай. Адаглаад л зэр зэвсэг агссан хэдэн хүн хулгайгаар орж ирнэ. Бөглүү зэлүүд газруудын малчин өрхүүдийг дээрэмдэж, ан гөрөө хийх жишээний. Энэ зэргээс харвал манай улсын хилийн аюулгүй байдал хүндрэх шинжтэй болж байна. Тиймээс ОХУын иргэдийг Монгол руу визтэй зорчдог болгох хэрэгтэй.

Монгол Оросын хооронд 2014 оны арваннэгдүгээр сарын 14ний өдрөөс эхлэн харилцан визгүй явж эхэлсэн. Хоёр улсын Засгийн газрын энэ шийдвэр монголчуудад ямар үр өгөөж өгөв. Манай эдийн засаг хэр их олз омогтой байв. Статистик эргүүлээд харъя л даа. Харин ч эсрэгээрээ, хоёр улсын хооронд визгүй зорчиж эхэлсэн эхний жилд Буриад улсын худалдааны салбар эрс өссөн байх жишээтэй. Оросыг зорьсон монгол жуулчдын тоо нэмэгдэж, Буриадын худалдааны салбарынханд бизнесээ тэлэх боломжийг олгосон. Тэгвэл манайхаас тус улс руу 100гаад наймаачин гарч хэдэн хатсан жимс мэмсхэн, хуурамч виски зэрэгхэн авчирч монголчууддаа дамлаж шулж байгаа. Өөр юу ч худалдаалж чаддаггүй. Хоёр орны хооронд худалдааны 60100 хувийн татвартай. Тэгэхлээр яаж ч худалдаа наймаа хөгжих вэ. Яг үнэндээ ОХУд манай улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах орчин үеийн өндөр технологи ч бараг байдаггүй. Өнөөдөр бид голцуу Япон, Солонгос, Хятад, Герман зэрэг орноос хамгийн сүүлийн үеийн технологийн бүх шийдлийг олоод авчихаж байна. Тэгэхээр Оростой визгүй зорчдог болсны үр дүн бидэнд алга.

Монгол Улс улс хоёрхон хөрштэй. Олон улсын харилцаа талаас авч үзвэл бид хоёр хөршөө алагчилж байна. Хойд хөршөө болохоор дураар нь сул тавьчихсан. Дуртай цагтаа орж гарахыг нь зөвшөөрдаг. Харин урд хөршийнхөн манайд зочлохын тулд заавал виз хүсдэг. Энэ байдал шударга ёсонд нийцэх үү. Төр засгийн энэ буруу бодлого яваандаа аль, аль талдаа хүндрэл учруулж мэднэ. Урд хөрш “Өнөөдөр танай улстай ганц наймаа хийж байгаа нь хятадууд бид биш үү” гэх үед тэднийг визгүй оруулахгүй гэх нүүргүй шүү дээ. Энэ нь ч худлаа биш. Манай улсын гадаад худалдааны эргэлтийн гол цөм нь Хятад. Өнгөрсөн жил манай улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд БНХАУтай хийсэн худалдаа 64 хувийг эзэлж байв. Харин ОХУ-тай хийсэн худалдаа ердөө 12.7 хувь байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг харахад мөн л оросуудын эзлэх байр суурь өчүүхэн. Ердөө хоёр, гуравхан хувьтай. Дийлэнх нь Хятад болон гуравдагч хөрш орнуудын хөрөнгө оруулалт манай эдийн засагт жин дардаг. Ийм байхад бид хятадуудад виз өгөхгүй гэх шон байгаа юм уу.

Ер нь Буриадын ерөнхийлөгчийн өдөөн хатгалт, Оросын эдийн засгийн байдал, геополитикийн шалтгаан зэргээс харахад бид оросуудыг визтэй болгох нь зөв шүү. Хэнд зориулж, яах гэж хийсэн нь мэдэгдэхгүй энэ визгүй болгох нөхцөлийг даруйхан болиулах хэрэгтэй байна. Лав л монголчуудад орос руу визгүй зорчоод хожоод хөгжөөд байгаа юм харагдадгүй. Яах вэ элэг нэгтэй юм гээд бид буриадуудыг орж ирэхэд л дуртай байх юм даа. Тэдэнд маань өгөөжөө өгч байгаа л гэж найдахаас.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
нийгэм цаг-үе

Нисэх, Яармагийн нийтийн тээврийн автобус 06:00 цагаас явж эхэлнэ DNN.mn

Нисэх, Яармагийн иргэдийн үйлчлүүлдэг нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарьт өнөөдрөөс өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал Наадамчдын зам, Нисэх, Яармагийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өмнө нь 06:20 цагаас эхэлдэг байсан бол 06:00 цагаас иргэдэд үйлчилж эхэллээ.

Тухайн чиглэлүүд нь:

  • Ч:7 “Нисэх-МУБИС-Ард кино театр”
  • Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4 дэлгүүр”
  • Ч:77 “Нисэх-Яармаг-120 мянгат”.

Эдгээр чиглэлд нийт 42 автобус явдаг байна.

Харин өчигдөр шинээр ирсэн Skywell загварын 20 цахилгаан автобусанд смарт карт уншигч суулгах зэрэг бэлтгэл ажлаа хангаж дуусаад үйлчилгээнд явуулах аж.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Зам тээврийн салбарт гарч буй үр дүн л миний өмнөөс ярина байх даа DNN.mn

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхий сайд Дарханы замын нөхцөл байдалтай танилцаад он гарахаас өмнө бүрэн дуусгах чиглэл өгсөн. Хариуцсан сайдын хувьд энэ замыг дуусгах боломжтой гэж харж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Олон жил иргэдийг бухимдуулж бөөн чирэгдэл болсон энэ замыг энэ намар бүрэн дуусгана. Одоогоор хоёр урсгал дөрвөн эгнээ авто зам барилгын ажлын нийт гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна.

Ямар ч байсан ирэх 10 дугаар сарын 30 гэхэд хоёр урсгал дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр ажлаа шахаж чанартай, хурдтай ажиллахыг гүйцэтгэгч компаниудад чиглэл болгосон. Тиймээс ч зам барилгын талбайд хүн хүчээ нэмэгдүүлж ажиллах үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар нийт 398 машин тоног төхөөрөмж, 871 инженер техникийн ажилтан тэнд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл зогсоо зайгүй ажиллаж байна. Мөн өнгөрсөн намар хөдөлгөөн нээсэн нэг урсгал хоёр эгнээ зам дээрээ нэмж өнгө асфальт бетон хучилт хийнэ. Төлөвлөсөн хугацаанд нь ажлаа чанартай хийхэд гол анхаарлаа хандуулж байна.

-Өнгөрсөн хугацаанд Зам тээврийн салбарт чамгүй олон ажил хийгдлээ гэж олон нийт ойлгож байгаа. Сайдын хувьд голлож ямар ажлууд хийсэн гэж хэлэх вэ?

-Энэ тал дээр би өөрөө нэг их яриад байх нь зохимжтой биш болов уу. Өмнөөс чинь хийсэн ажил чинь ярина гэж нэг үг байдаг даа. Гэхдээ ганц нэг ажлынхаа үр дүнг тодотгох нь зүйтэй байх. Олон улсын нислэгийн тоо давтамж эрс нэмэгдэж үнэ нь буурлаа. Дэлхийн 42 улсын 105 цэгт нислэг үйлдэх боломжтой боллоо. Өдөрт Солонгос, Япон, Турк, Хятад, Герман гээд олон орноос хэдэн арван нислэг хүлээн авч байна. Орон нутгийн есөн чиглэлд нислэг сэргээж онгоцны тийзний үнийг хоёр дахин буурууллаа. Авто тээврийн салбарт гэхэд өнөөдрийн байдлаар 40 гаруй сая тн ачаа тээвэрлэж тавьсан зорилтоо 160 гаруй хувиар давуулан биелүүлээд байна. Тээврийн өртөг зардал цар тахлын үеийнхээс 10-аас 20 дахин буурлаа. Улс орон нутгийн төсвөөр 540 гаруй км хатуу хучилттай авто зам шинээр барьж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй технологийн замуудыг нэмбэл шинэ баригдаж буй замын урт 1000 гаруй км болно. Монгол Улс төмөр замын экспортын ганцхан гарцтай байсан бол энэ оны сүүлээр Шивээхүрэн-Сэхээгийн хил холболтын төмөр зам ашиглалтад орно. Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажил ид хийгдэж байна. Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гээд урд хөрштэй холбогдох төмөр замын нийт таван гарцтай болох ажил эрчимтэй өрнөж байна. Шинэ сэргэлтийн таван тойрог хөтөлбөрөөр ирэх жилээс бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох ажил эхэлнэ. Сайншандыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Дорнодыг- Сүхбаатартай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Улиастайг- Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг-Ховдтой, Булганыг Арвайхээртэй гэх мэтээр аймгийн төвүүдийг хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина. Мөн урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын таван босоо коридортой болно. Тухайлбал одоогоор Алтанбулаг-Зам-Үүд АН-3, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур АН-4 чиглэлийн авто замын хоёр коридортой байна. Тэгвэл ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээ хүрэн, Бургастай-Арц суурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван шинэ коридорыг нэмж байгуулна. Мөн хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болох төлөвлөгөөтэй байна. Бид ирэх 2024 онд хамгийн их эвдрэлтэй болчихоод байгаа Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв, Өвөрхангай,, Баянхонгор зэрэг аймгийн нийт 660 гаруй км авто замд их засвар хийхээр болж байна. Урьд нь төсөв мөнгө дутмаг, дээр нь сутгал хандлага дутсан байдлаас болж энэ хэмжээний ээлжит болон их засварын ажил хийгдэж чаддаггүй байлаа.

-Агаарын тээвэрт хийгдсэн хамгийн том ажил бол АНУ руу шууд нислэгтэй болгож чадсан явдал. Удахгүй анхны шууд нислэг үйлдэх гэж байна. Үнэ ханш нь ямар байх вэ, цаашид энэхүү нислэгийн тогтмол хуваарь яаж гарахаар байгаа юм бэ?

-Энэ талаар иргэд маань чамгүй сайн мэдээлэлтэй байгаа байх. Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Open sky” хэлэлцээрт гарын үсэг зурсан. Түрүүчийн долоо хоногт Засгийн хуралдаанаар энэ хэлэлцээрийг эцэслэн баталлаа. Ингэснээр Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудал бүрэн албажиж байна гэсэн үг. АНУ руу жилд дунджаар 60 орчим мянган иргэн зорчиж, 2000-4000 долларын үнээр тийз авдаг. Тэгвэл шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1000-1500 доллар болж, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносох юм. Эхний ээлжинд ирэх оны эхний хагаст багтан эхлээд АНУ-ын Сан Франциско хот руу, цаашдаа боломжит бүх хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ер нь нэг зүйлийг онцлоход АНУ-тай байгуулсан “Open sky” хэлэлцээрийн эхний үр дүнгүүд аль хэдийнэ гараад эхэлчихлээ. Ганцхан жишээ хэлэхэд саяхан үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК аяллын код хуваах нислэгээр АНУ-ын Вашингтон, Чикаго хотууд руу нислэг үйлдэх боломжтой болсон. Үр дүнд нь МИАТ ТӨХК Вашингтон, Чикаго хот руу Туркиш Эйрлайнстай хамтарсан нислэг үйлдэхээр болж тийз борлуулалтаа эхлүүлээд байгаа. Тухайлбал Улаанбаатараас эхлэлтэй Вашингтон, Чикаго чиглэлийн нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Истанбул хот хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Туркиш Эйрлайнс компаниар дамжин Вашингтон, Чикаго хот руу аялах таатай боломж бүрдээд байна. Ингэснээр зорчигчдод нислэгийн сонголт нэмэгдэж, дамжин нисэх буудал дээр дахин бүртгэл хийлгэлгүй тав тухтай үйлчлүүлэх, ачаа тээшээ эцсийн цэгтээ хүлээн авах боломж олдож байгаа юм.

-Олон улс руу шууд нислэг хийгдсэнээрээ эдийн засгийн хувьд ямар үр өгөөж үзүүлэх бол?

-Түрүүн бий хэлсэн. АНУ руу гэхэд 2000-аас 4000 долларын үнэтэй нисч байгаа бол шууд нисдэг болсноор 1000-аас 1500 доллар болж нислэгийн үнэ хоёр дахин буурна. Иргэд цаг хугацаагаа хэмнэнэ. Үржүүлэгч нөлөө нь эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын салбарын хөгжилд шууд өгөөжөө өгнө. Бид шууд нислэг үйлдэх том онгоцтой болсон учраас одоо монголчууд олноор амьдрах болсон Австрали зэрэг улс руу ч бас шууд нислэг хийх хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг зорьж байна.

-Сайны хажуугаар саар гэгчээр хийж байгаа олон ажлын хажуугаар хэл аманд орох зүйл бас гарч ирсэн. Тодруулбал Драгон автотээврийн товчоог та яагаад нүүлгэж байгаа юм бэ. Үүнийг зарим хүмүүс яагаад эсэргүүцээд байна вэ?

-С.Бямбацогт нүүлгэлээ гээд л хэсэг бүлэг нөхөд эгдүүцээд байгаа бололтой юм билээ. Тэнд чинь барилгын ажил явагдаж байгаа. Автобус зогсох байтугай жижиг тэрэг зогсоход ч бэрх болсон. Би Драгон холдинг компанийн захирал С.Баярт гэж хүнийг сүүлд хүлээж авч уулзсан. Учир байдлыг танилцуулсан. Өөрийнх нь үг саналыг ч сонссон. Би энэ долоо хоногт Драгон болон Зорчигч үйлчилгээний төв шилжин байрласан Номингийн талбай дээр очиж бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар төлөвлөөд байна. Нэг зүйлийг хэлэхэд Драгонаас Номин руу нүү гэсэн миний ямар ч тушаал, шийдвэр, чиглэл байхгүй. АТҮТ өөрийн эрхлэх асуудал, чиг үүргийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулж, сонгон шалгаруулалт хийж сонгосон асуудал юм билээ. Миний хувьд нэгдүгээрт нийтийн эрх ашиг, иргэдийн аюулгүй байдал, үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хамгаас чухал гэдэг өнцөгөөр асуудалд хандаарай гэсэн шаардлага л тавьсан. Оносон уу үгүй юу, нүүлгэх нь зөв байж уу үгүй юу гэдгийг иргэд, түүгээр дамжин хот хөдөөд зорчдог 800 мянган иргэн л дүгнэнэ. Хэвлэлээр, сошиалаар онилоод балбаад байвал иргэдийн талд гаргасан шийдвэрийг айж хулчийгаад цуцалчих байх, больчих байх гэж зарим нөхөд бодож байгаа бол эндүүрэл шүү. Монгол Улс чинь төртэй, хуультай, дүрэмтэй, журамтай, стандарттай улс. Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд Үндсэн хуульдаа хуульчилчихсан. Тэгээд тэр заалт, тэр нийтийн эрх ашгийн төлөө нэг ч гэсэн зүйл дээр хатуу зогсож чадахгүй бол төрийн нэрийн өмнөөс алба хашаад яах юм. Үнэхээр тэр Драгон нь орчин нөхцөлөө сайжруулаад, барилга байшингаа барьж дуусчихаад, стандартаа хангачихаад юм ярьж байгаа бол өөр хэрэг. Тэгсэн цагт нь асуудал ярихаас барилгын ажлын талбай болчихсон газар дээр хөдөө гадааны олон мянган хүний амь насаар дэнчин тавьсан харалган үйл ажиллагааг бол дэмжихгүй.

-Төрийн албан хаагчдын автомашины дугаарыг цэнхэр өнгөөр ялгах болсон. Энэ нь зарим хүмүүст бас таалагдаагүй. Ер нь ялгах гол шалтгаан юу байв. Нөгөөтэйгүүр энэ ажилд ямар хэмжээний төсөв зарцуулсан бэ?

-Сая би хэллээ. Монгол улс хуультай улс аа гэж. Хэрэгжүүлэх гэж хууль байдаг болохоос нэгэнт батлагдсан хуулийг үүнийг нь хэрэгжүүлнэ, харин үүнийг нь хэрэгжүүлэхгүй гэдэг байж болохгүй асуудал. Төрийн хэмнэлтийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Юу гэхээр “Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн хэрэгсэлд бусад автотээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ” гэж заасан. Өнөөдрийн байдлаар Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын хэмжээнд суудлын 5300, ачааны 2100 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Хууүь хэрэгжүүлэх үүднээс, Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс төрийн байгууллагын машины улсын дугаарыг тод хөх өнгийн дэвсгэртэй болгох ажлыг би зам тээврийн салбараасаа эхлүүлсэн. Өмнө нь баахан л хэл ам гарч байсан биз дээ. Дарга нар төрийн машинаар сургууль цэцэрлэгт хүүхдээ зөөлөө, дэлгүүр хоршоо хэслээ, хөдөө гадаа амарч зугааллаа, хувийн ажилдаа зайдаллаа гээд. Тэгээд энэ асуудлыг олон нийтийн хараа хяналтад оруулж, төрийн машиныг тэмээнээс тэмдэгтэй болгож, байгаа зөрчлийг таслан зогсооё гэхээр шүүмжлээд унадаг. Эртээд нэг цэнхэр дугаартай нөхөр машиных нь дугаар явахгүй өдөр явж байгаад олон нийтийн хараанд өртсөн. Хэрэв тэр нөхөр иргэдийн адил энгийн дугаартай байсан бол төрийн машин зайдагнаж байгаад баригдахгүй. Чухам ингэж л хяналтад оруулж, амин хувьдаа албаны машин ашигладаг, дүрэм журам зөрчдөг дабль стандарт гээчийг нь арилгах гээд зүтгээд байгаа юм. Хууль хэрэгжүүлэх гэж зориод байгаа юм. Цэнхэр дугаарыг шүүмжлээд, өөлөөд байгаа нөхдийн ард унадаг төрийн машин нь олон нийтийн хараанд өртдөг болсонд унтууцсан хэдхэн нөхөр л байгаа. Одоо бүр цэнхэр дугаартай машиныг цагдаа зогсоохгүй давуу эрх үүсэх нь гэж хүртэл мушгиж байна лээ. Замын хөдөлгөөний дүрмээс авахуулаад дүрэм журам зөрчиж л байгаа бол зогсоо, торго, арга хэмжээгээ ав. Энэ нь Тээврийн Цагдаагийн албаны ажил. Цэнхэр дугаар бол давуу эрх биш, харин олон нийтэд хянах эрхийг нь олгож байгаа шийдэл. Батлагдсан хууль бодитой хэрэгжүүлж байгаагийн илрэл. Төрийн машины шатахуун тос хувийн холхионд үрэгддэг байдлыг арилгаж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж байгаа хэрэг.Төрийн машин унаж буй төрийн албан хаагчид иргэдээсээ илүү эрх дарх эдэлдэг байж таарахгүй. Тэгүүлэхгүйн тулд цэнхэр дугаарыг бий болгосон. Одоо харин иргэд олон нийт цэнхэр дугаартай машин дүрэм зөрчиж байвал, дэлгүүр хоршоо, сургууль цэцэрлэгийн гадна сойлттой байвал дор бүр нь мэдээлээд байх хэрэгтэй. Төрийн машины цэнхэр дугаарын ард чухам ямар байгууллага албан тушаалтан буйг бид ил тод болгох, мэдээлэл нь тодорхой байх асуудалд анхаарч байна.

-Чингэлгийн бөөгнөрлийг арилгах чиглэлд ямар ажил хийгдэж байна вэ?

-Ноднин яг өдийд намайг сайдын ажлаа авахад хамгийн тулгамдсан асуудал наадах чинь байлаа. УБТЗ-д чиглэл өгч, Хятадын Элчин сайд болон Тээврийн сайдтай удаа дараа биечлэн болон цахимаар уулзаж байж тухайн үед нэг сарын дотор энэ асуудлыг цэгцэлсэн. Гэхдээ энэ асуудалд нэг удаагийн гал унтраах төдий бус урт хугацааны даацтай шийдэл хэрэгтэй юм билээ. Саяхан би БНХАУ-ын Жинжөү боомтод очиж ажилласан. Энэ боомт Ази, Европыг холбосон ложистикийн нэг том зангилаа нь. Хятадын Ляонин мужийн баруун хэсэгт, Бөхай тэнгисийн баруун хойд хэсэгт оршдог. Жилдээ 100 сая тн ачаа боловсруулах хүчин чадалтай Хятадын хамгийн хойд талын боомт гэсэн үг л дээ. Ганцхан жилд нэг сая 100 мянган чингэлэг боловсруулах хүчин чадалтай. Манай улсын хувьд жилд 90 мянган ширхэг чингэлэг ачаа импортоор авч 80 мянган чингэлэг буцаагддаг. Тэгэхээр энэ боомтыг ашиглах нь стратегийн хувьд онцгой ач холбогдолтой. Манай импортын ачааны ихэнх дамждаг Тяньжин боомт жилд 500 сая тн ачаа боловсруулдаг. Гэхдээ тэнд, Тяньжинд манай импортын чингэлгүүд байсгээд л бөөгнөрдөг, түгжирдэг, уддаг. Энэ хүндрэлийг бүрмөсөн арилгахын тулд Жинжөү боомтыг ашиглах, үүний тулд зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа барьж далайн боомттой холбогдсон хоёр дахь гарцтай болохыг чухалчилж байна. Жинжөү боомт манай улсаас хамгийн ойр буюу ердөө 866 км. Нийт 3397 мянган метр квадрат агуулах талбайтай, дэлхийн 100 гаруй улс орон, Ази, Америк, Европ, Африк тивийн бүс нутгуудтай навигацийн харилцаатай. Тэгэхээр бид энэ боомтыг ашигласнаар чингэлгийн бөөгнөрөл арилж цаашдаа тээврийн үнэ буурч, манай, улсын импортын ачаа маш хурдан ирдэг болно гээг нь тодорхой харагдаж байгаа биз дээ. Тиймээс бид эн түрүүнд Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслүүдээ хурдан хэрэгжүүлэх, Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн терминалуудыг барьж байгуулах, Бичигт хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг нэн хурдтай хийж хэрэгжүүлэх бодит шаардлага байна. Үүний тулд хөрөнгө оруулагчидтай нээлттэй, ил тод ажиллах зарчим баримталж байна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл яг хэзээ дуусах вэ. Хэзээ цахилгаан үйлдвэрлэж эхлэх вэ. Одоо тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?

-Бараг 60 жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл гараанаас хөдөлсөн. Энэ оны зургаадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд гацаатай байсан асуудлууд эцэслэн шийдэгдсэн. Сая Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа энэ оны сүүлээр юм уу, ирэх оны эх гэхэд гэрээ контрактын зарим нэг асуудал бүрэн эцэслэж бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг дуулгасан. Нэг бүтээн байгуулалтын ажил эхэлчихвэл 5-6 жилийн дотор баригдаад ашиглалтад орчих юм билээ. Өдрөөс өдөрт эрчим хүчний, тэр дундаа УЦС-ын техник технологи хөгжиж шинэчлэгдэж буй учраас түүнээс ч бага хугацаанд ажил хэрэг болох боломж бий. Ямар ч байсан энэ УЦС ашиглалтад орсноор импортын эрчим хүчний төлбөрт хойд урд хөршид өгч байгаа валютын урсгал татарч, эрчим хүчний тусгаар тогтнол баруун бүсэд батажна. Ирэх жилүүдэд Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын УЦС, 35 МВт-ын нарны дөрвөн эх үүсвэр ашиглалтад орвол баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэр 125 МВт болж нэмэгдэнэ. Ингэснээр бид БНХАУ-ын импортын эрчим хүчнээс даруй 10 дахин хямд эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болно. Чухам үүнийг л эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ гэж хэлээд байгаа юм аа.

-Та Ховдоос сонгогдсон УИХ-ын гишүүн. Тэр утгаараа ховдчуудын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Маш гэрэлтэйгээр харж байна. Манай аймаг сүүлийн 13 жилд 1300 шахам км хатуу хучилттай авто замтай болсон. Хойд урд хөрштэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо. Монгол Улсын Ерөнхий сайд бүх сумаа хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг Ховд байх болно гэдгийг онцоллоо. Ирэх жил гэхэд Эрдэнэбүрэн, Ховд, Чандмань сумд хатуу хучилттай авто замтай болж Дөргөн, Цэцэг сумыг замтай болгох ажил эхэлнэ. Ховд-Улаангомыг хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Байтаг боомтын замын ажил хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. Энэ бүрхний үр дүнд Ховд аймаг урдуураа ч хоёр боомттой, хойгуураа ч хоёр боомттой хатуу хучилттай замаар холбогдоно. Улаанбаатартай урдуураа хатуу хучилттай авто замаар холбогдсон бол хойгуураа ч бас холбогдоно. Гэр хорооллын 5700 айл өрхөө бүгдийг нь цэвэр бохирын шугамд холбож, хашаандаа сайхан амьдрах боломжийг бодитоор бүрдүүлнэ. Одоогоор 400 шахам айлыг инженерийн шугамд холбож, 3000 айл өрхийн гудамжинд цэвэр бохирын шугамыг нь оруулаад байна. Ингэхээр анхны бүх сум нь замтай, бас анхны аймгийн төв нь агаар хөрсний бохирдолгүй ая тухтай аймаг болох боломж ойрхон байна. Мөн улсын хэмжээнд хоёрхон газарт малын гаралтай түүхий эд боловсруулах ҮТП байгуулагдаж байгаагийн нэг нь манай Ховд. Ховд агро парк төслийн хүрээнд хүлэмжийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, эрдэнэшишийн тариалалтад онцгой анхаарч байна. 3000 га-д усалгаатай газар тариалан хөгжүүлж ойрын үед энэ хэмжээг 10 дахин өсгөх бодлого баримталж байна. Арван аймаг одоо л дулааны цахилгаан станцтай болох тухай яригдаж байхад бид аль хэдийнээ хос Дулааны цахилгаан станцтай болж одоо дулааны цахилгаан станцаа улам өргөтгөх тухай ярьж байна. Өнгөрсөн хугацаанд баруун бүсийн бахархал болсон Ховд эко цементийн үйлдвэр ашиглалтад орж баруун аймгууд хотын үнээр Ховдоос цементээ авах боломж бүрдлээ. Энэ бүхэн цогцоороо ШИНЭ ХОВД-ын СЭРГЭЛТ болж баруун бүсэд хөгжлийн нэгэн татах хүчийг бий болгож байгаа юм.

-Халзан Бүрэгтэй орд яагаад олны хэл ам болоод байдаг юм бэ. Ном журмаар нь ашиглаад үйл ажиллагааг нь жигдрүүлэх боломжгүй юм уу. Угтаа ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн өсөлт бий болох гээд эерэг зүйлүүд олон байгаа байх даа?

-2019 онд миний ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж баталсан ҮХНӨ-өөр “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэсэн заалт орсон. Иргэдийн энэ мэдэх эрхийг хангаж байж л дараачийн асуудал яригдах ёстой. Байгаль орчинд, Хар-Ус нуурын ай савд, хүний эрүүл мэндэд хортой эсэхийг нь эхэлж тогтоогоогүй байж дан ганц эдийн засгийн агуулгаар нь, ашиг орлого мөнгөний нүдээр харж таарахгүй. Тийм болохоор аливаа байгалийн баялгийг ашиглахдаа тухайн нутгийн иргэдээс, тухайлбал Мянгад сумын иргэдээс саналыг нь авч шийдэх ёстой. Энэ асуудал яг жилийн өмнө яригдаж байхад ч би ийм л байр суурьтай байсан. Өнгөрсөн зун Алтан Хөхийн тахилгаар иргэд байр суурийг маань асуухад ч яг л энэ үгээ хэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халзан бүрэгтэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ гэдгээ ч сая ховдчуудтай уулзахдаа тов тодорхой хэлчихлээ шүү дээ. Би ч бас ийм л байр суурьтай байсаар ирсэн, одоо ч, хойшид ч энэ байр суурь дээрээ бат зогсоно.

-Намрын чуулганаар УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар хуулийн төсөл боловсруулан ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Намрын чуулганаар УИХ-ын гишүүний хувьд гэхээс илүүтэй Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдын хувьд Авто тээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барихыг зорьж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар бид Иргэний нисэхийн тухай, Төмөр замын тээврийн тухай гээд салбарын гол тулгуур хуулиудаа батлуулж, эрх зүйн орчныг нь гайгүй сайн бүрдүүлээд авсан. Одоо автотээврийн салбарын эрх зүйн орчноо илүү тодорхой, ойлгомжтой болгож хуулиар чөдөр тушаа болсон, олон жил шийдлээ хүлээж өдийг хүрсэн асуудлуудыг цэгцлэх бодолтой байна даа.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 19, Ангараг гариг. Билгийн тооллын 4, онгоц одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6:34 цагт мандан, 18:58 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19, 20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол уламжлал академийн тэргүүн Л.Дашням “Намайг хотод ирэхэд хамгийн гоё барилга Урт цагаан байлаа” хэмээн ярилаа. Ярилцлагыг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Зүүн бүсийн эдийн засгийн чуулганаар Ардчилсан намынхан юу ярив. Энэ тухай I болон II нүүрээс уншаарай.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Ядаж Танхим тогтвортой байх ёстой” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё” хэмээн өгүүллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа ХУД-ийн гал унтраах 30 дугаар ангийн жолооч, ахлагч Х.Баттулга “Гал дүрэлзсэн байшингаас хүүхдийн уйлах чимээ сонсоод л ухасхийсэн” гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Орхон голд 52 настай эрэгтэй автомашинтайгаа осолджээ DNN.mn

Бэлэндалай багийн Ар булан гэдэг газар иргэн Б  суудлын автомашинтай Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг есдүгээр сарын 17-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 33 км замыг туулан 11:40 цагт очсон. Хүч нэмэгдүүлэн Сайхан сумын мэргэжлийн ангийнхан 3.5 тн-ийн даацтай өргөгч автомашинтай 13:12 цагт очиж голын усанд живсэн “Хьюндэй Соната-6” загварын суудлын автомашиныг 13:46 цагт хоёр метрийн гүнээс татан гаргахад бүхээг дотор нь Орхон сумын харьяат иргэн 52 настай эрэгтэй Б-ын цогцос байсныг сум дундын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Categories
мэдээ нийгэм

“Шувуу” ажиллагааны хүрээнд 50 этгээдийг олж тогтоожээ DNN.mn

Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээд эрэн сурвалжлаж байгаагаас 2023 оны есдүгээр сарын 18-ны байдлаар Интерполын Улаан булант зар мэдээгээр дөрөв, Хөх булант зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоожээ.

Цагдаагийн байгууллага олж тогтоосон этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогын байдлаар 28 этгээдэд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй үлдсэн 42 этгээдүүдээс оршин байгаа газар нь тогтоогдсон 25 /үүнээс Ази тивд 15, Америк, Европ тивд 10/ этгээд байна.

Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохих хууль, журмын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, 29 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох гадруудад мэдээлэл дамжуулжээ.

Мөн “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” байгуулсан улс орнуудаас 12 этгээдийг шилжүүлэн авахаар тухайн улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд оршин суугаа улс нь одоогоор тодорхой бус үлдсэн этгээдүүдийг Олон Улсын Цагдаагийн байгууллага буюу Интерпол болон бусад байгууллагын дэмжлэгтэй эрэн сурвалжлах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.