Categories
мэдээ нийгэм

Солонгосын хилийг нэвтэрч чадахгүй буцаж байгаа иргэдэд хэл мэдэхгүй нийтлэг алдаа байдаг гэв DNN.mn

 

Солонгосын хил дээрээс монголчууд олноороо буцаж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар Гадаад харилцааны яам, Консулын газраас тодруулахад “Манайх энэ асуудлыг мэдэхгүй Солонгосын Элчин сайдын яамнаас тодруул” гэлээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тодруулахад “Манайх зөвхөн визний асуудлыг л мэдэж олгодог. Тухайн улс очсон иргэдийг яагаад буцааж байгааг бид мэдэхгүй. Солонгосын гадаадын иргэн харьяатын байгууллагаас энэ асуудлыг хариуцдаг. Тиймээс Солонгосын иргэн харьяатын газраас тодруулах шаардлагатай” гэсэн хариултыг өглөө.

Энэ асуудлаар Солонгост амьдарч байгаа иргэдийн группүүд болон Солонгост зорчиж буй иргэд олон нийтийн сүлжээнд бичихдээ “Солонгост гурван сарын визтэй ирж байгаа хүмүүсийн нийтлэг алдаа нь хэлний асуудал байна. Солонгосын гадаадын иргэн харьяатын ажилтан хаана ямар зорилгоор очих, яах гэж ирсэн тухай асуухад ямар ч хэл нэвтрэлцэх чадваргүй учир хариулж чаддаггүй. Хаашаа очих хаяг нь тодорхойгүй. Дээрээс нь гурван сарын хугацаатай аялахаар ирсэн гэдгээ тайлбарлаж чадахгүй нутаг буцаж байна.

Иймд Солонгост гурван сарын визтэй ирж байгаа бол ойр зуурын хэдэн өгүүлбэр сураад, өөрийгөө танилцуулчихдаг, хаашаа ямар зорилгоор очих гэж байгаагаа мэддэг болоод ирээрэй” гэсэн зөвлөгөөг өгсөн байна.

 

Categories
мэдээ нийгэм

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Т.Ганболд: Гоё сайхан үг, амлалтыг хэн ч өгч чадна, хамгийн чухал нь ажлын үр дүн DNN.mn

– АМЛАСНАА ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАЖ БАЙВАЛ АЖИЛлаЛА, ҮГҮЙ БОЛ ӨӨРӨӨ ОГЦОРДОГ ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ НЬ МИНИЙ ЗАРЧИМ –

Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, оролцоог нь нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг нь сайжруулах эрхэм зорилготой Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын ээлжит XXI их хурал өнөөдөр эхэлж байна. Уг хурлаар МҮХАҮТын ерөнхийлөгчийг сонгоно. Тэр утгаараа тус танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигч, “Алтан Дорнод Монгол” ХХКийн захирал Тордайн Ганболдтой ярилцлаа.

-Өнөөдөр МҮХАҮТ-ын ээлжит их хурал эхэлж байна. Таны хувьд тус танхимын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа. Тэр утгаараа танаас шулуухан асуухад яг ямар, шаардлага, зорилгоор нэр дэвшээд байна вэ?

-Юуны өмнө тус байгууллагын түүхээс нь эхэлж танд хэлье гэж бодлоо. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хэмээх байгууллага нь өөрөө Монголын нийгмийн шилжилтийн он жилүүдэд буюу социализмын үед төрийн яамны бүтцэд харьяалагдаж байсан. Улмаар олон нийтийн байгууллага болсон түүхтэй. Анх бизнесийг өмгөөлөх, бизнест дэмжлэг үзүүлэх, Монголын бизнесийн орчин, бизнесмэнүүдийг олон улсын зах зээлд нэвтрүүлж, таниулах, ингэснээрээ хөрөнгө оруулалтыг татах зэрэг өргөн цар хүрээтэй бодлогыг хэрэгжүүлсэн МҮХАҮТ хэмээх байгууллагын тулганы чулууг миний ах С.Дэмбэрэл хэмээх хүн анх тавьж байсан түүхтэй.

Өөрөөр хэлбэл Монгол Улсдаа анх удаа бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан, олон улсын жишигт нийцсэн хүчирхэг, үндэсний байгууллагыг бий болгосон хүн хэмээн ахаараа бахархдаг. Нөгөөтэйгүүр Монгол Улсын төр засгийн бодлогод бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг хүргэж чадсан том байгууллага болтол нь өсгөж, бойжуулж торниулсан хүн. Энэ утгаараа МҮХАҮТ хэмээх байгууллага нь өөрөө Монгол Улсын зах зээл, эдийн засгийн салбарт хүндтэй үүрэг гүйцэтгэж яваа гэж боддог.

-Гарцаа байхгүй дэлхийн бусад улс орнуудын жишгийн дагуу энэхүү байгууллагын хөгжих суурийг тавилцсан хүн бол С.Дэмбэрэл гуай байх аа…?

-Мэдээж ахын маань хийсэн, бүтээсэн болгоныг Монголын ард түмэн, тэр дундаа бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид тодоос тод ярих байх. Ахынхаа энэхүү замнал, хийж бүтээх үйлсээр нь ч би өнөөдөр бахархаж, энэ л зарчмаар нь ажиллаж, амьдрахыг өдий болтлоо хичээж яваа хүн. Мэдээж ахтай маань хамт мөр зэрэгцэн зүтгэсэн удирдлагууд болон үе үеийн дарга нарын хийсэн бүтээснийг бид үгүйсгэхгүй. Өмнөх удирдлага, баг хамт олны зорьсон үйлсийн төлөө дараа дараагийн удирдлагууд, баг хамт олон энэхүү байгууллагын үйл ажиллагааг улам чамбайруулан авч явна гэдэгт итгэлтэй байдаг. Тэр утгаараа МҮХАҮТ-ын ээлжит их хурал өнөөдөр болж байна. Бид хурлаараа дараагийн бүрэн эрхийн хугацаанд энэхүү байгууллагыг удирдаж явуулах хүнээ сонгох гэж байна. Энэ байгууллагыг удирдаж явж чадна гэсэн хүсэл сонирхолтой олон залуучууд нэр дэвшин өрсөлдөж байгаа нь өөрөө бахархалтай сайхан санагдаж байна. Тэр утгаараа юуны өмнө надтай хамт нэр дэвшин өрсөлдөж байгаа хүмүүст амжилт хүсье гэж хэлмээр байна. Нэр дэвшиж байгаа арав гаруй хүмүүс дунд таних ч хүн байна, танихгүй шинэ залуу бизнес эрхлэгчид ч бий. Мэдээж эдгээр хүмүүс салбар салбартаа шилдэг нь байж, амжилтын үнэрийг мэдэрчихсэн баялаг бүтээгчид болов уу гэж ойлгож байгаа.

-Олон нэр дэвшигч дундаас нэг л сонгогдон гарч ирнэ. Энэ бол нэг талдаа уралдаан шүү дээ?

-Мэдээж хэрэг, тэгэлгүй дээ. Уралдаан, өрсөлдөөн дундаас тодорч гарч ирэх шиг сайхан зүйл үгүй. Сайхныг нь бататгах хамгийн гол зүйл бол өрсөлдөөн шударга явагдах асуудал. Аливаа өрсөлдөөн шударга явагдаж, түүн дотроос гарч ирсэн хүн яах аргагүй удирдагч, манлайлагч байдаг. Дагаад ажил үйлс нь ч бүтэмжтэй байдаг нь байгалийн нэгэн бичигдээгүй хууль гэж үздэг. Тиймээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр өрсөлдөөн цэвэр, шударга явагдаасай. Тэртээ тэргүй танхимын гишүүд, байгууллагууд хэн нь хэн бэ, хэн нь юу хийж чадах вэ гэдгийг хэнээр ч хэлүүлэлгүй мэдэж байгаа. Манай бизнесийн салбарынхны гол чадвар бол хүнийг маш сайн таньж чаддаг хүмүүс байдаг. Тиймээс хэнийгээ ерөнхийлөгч болгох вэ, хэнийг дэмжих вэ гэдгийг гишүүд, байгууллагууд, баялаг бүтээгчид хүнээр заалгалгүй шууд шийднэ байх. Нэг зүйл хэлэхэд хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, зан араншинтай. Монголын гурван сая хүн битгий хэл дэлхийд оршин суугаа найман тэрбум хүн бүр өөр өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл баримтлалтай. Тиймээс аливаа өрсөлдөөн өөрөө мэтгэлцээн, үзэл бодлын зөрчилдөөн явагдах нь эрүүл үзэгдэл байдаг. Гэхдээ аль болох хурал тайван, шийдэлтэй, хүлээцтэй, хамгийн чухал нь үр дүнтэй болоосой гэж би хүсч байна. Хуралд оролцож байгаа хүн бүр л үүнийг хүсч байгаа.

-Таны хувьд танхимын ерөнхийлөгч болчихвол яг ямар ажилд анхаарч, хэрэгжүүлэх вэ. Нөгөөтэйгүүр баримталж байгаа зарчим тань юу вэ?

-Хурлын үр дүнд нэг хүн танхимын ерөнхийлөгч болох нь тодорхой. Тэр хүн бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлэх гол ажлын нэг бол Танхимын хуулийг УИХ-аар яаралтай батлуулах ажлыг эрчимтэй явуулах ёстой. Нөгөөтэйгүүр миний ахын өөрөө явж, зүтгэж босгосон энэхүү танхимын барилга, үл хөдлөх хөрөнгийг МҮХАҮТ өөрийн эзэмшилдээ бүртгүүлж авах ёстой. Одоо бол төр засгийн нэрээр явж байгаа шүү дээ. Гуравдугаарт, МҮХАҮТ-ын өөрийнх нь хийх ёстой үүрэг, бодлого чиглэл өнгөрсөн хугацаанд алдагдаж ирсэн гэж дүгнэж байгаа. Үүнийг бид цаг хугацааны эргэлтэд алдах биш улам эрчимжүүлж, төр засгийн бодлогод хүчтэй нөлөөлж чаддаг болгох хэрэгтэй. Дөрөвдүгээрт, төр, засгийн зүгээс бизнес эрхлэгчдэд өгдөг элдэв янзын зөвшөөрлийг бизнесийг төлөөлж буй төрийн бус байгууллага нь өргөн цар хүрээтэйгээр өөртөө авах шаардлагатай. Улмаар түүнийгээ ямар нэгэн хүнд сурталгүй, авлигал, элдэв янзын шахалт, шаардлагагүйгээр бизнес эрхлэгчдэдээ олгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зэрэг үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж чаддаг болох хэрэгтэй.

-Тус танхим гадаад харилцааны хувьд ямар байдлаар ажиллах ёстой юм бэ. Бизнес гэдэг бол цар хүрээ нь тэлэх тусам эдийн засгийн урсгал нь улам нэмэгддэг зүйл шүү дээ?

-Монгол Улс хөгжлийнхөө шатанд явж байна. Товчхондоо бид ээдрээтэй цаг үеийг туулж байгаа гэсэн үг. Тиймээс бидний гол зорилго бол гадаад ертөнцөд зөв харагдах ёстой. Тэр дундаа МҮХАҮТ хэмээх байгууллага нь өөрөө Монголын бизнесмэнүүдийн нүүр царай болж дэлхийд танигддаг байгууллага. Тэр утгаараа бидний бодлого зорилт маш тодорхой, маш зөв байх учиртай. Гадаад ертөнцөд зөв харагдахын тулд өөрсдийгөө зөвөөр сурталчлах, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг эх орон луугаа улам их татах шаардлагатай. Ингэхийн тулд гадаадын томоохон компаниудыг эх орондоо нутагшуулах, бизнесийн орчныг нь нээлттэй болгох нь чухал. Тодорхой хэлбэл Монгол Улсыг дэлхий нийт бизнес хийхэд таатай орчин бүрдүүлсэн бүс нутаг шүү гэж хэлтэл нь бид ажиллах ёстой. Ингэхийн тулд юун түрүүнд засаг төртэйгөө зөв өнцгөөрөө нийлж, ойлголцох шаардлагатай байгаа юм. Бид дотооддоо асуудлаа ойлгуулж чадахгүй бол ямар юмаараа гадаадад өөрсдийгөө зөвөөр ойлгуулах вэ дээ. Тиймээс дотооддоо асуудлаа зөв ойлгуулах, цаашлаад зөв шаардлагаар, зөв бодлого гаргуулан дэмжүүлэх нь бидний ойрын хугацааны зорилго. Хамгийн чухал нь хийж байгаа ямар ч ажлаасаа үр дүн гаргадаг байхыг зорино. Энэ бол миний зарчим. Амьдралынхаа турш баримталж яваа хөдөлшгүй бат нот зарчим. Тиймээс энэ зарчмаа жанжин шугам болгон барьж явна. Ер нь сайхан гоё үг, амлалтыг бүгд л өгч чадна. Хамгийн чухал нь ажлын үр дүн.

-Та хэллээ л дээ. Төр, засгаас олгодог элдэв төрлийн зөвшөөрөл, шаардлага, шалгаруулалтыг МҮХАҮТ өөртөө авах ёстой гэж. Үүнийг би хувьдаа бизнесийн салбар руу бүдүүлгээр ордог төрийн оролцоог зогсоох хаалт гэж харж байна л даа. Угтаа бид чинь эрх зүйт төртэй, ардчилсан орны иргэд шүү дээ?

-Таны ойлгож байгаа асуудал нэг талдаа туйлын зөв. Монгол Улс өнөөдөр авлигын индексээрээ дэлхийн орнуудын сүүлийг мушгиж байна. Монголыг хамгийн өндөр авлигажсан улс гэдгийг дэлхийн орнууд хэлж, ярьж байна. Угтаа олон улс ярьсан, яриагүй үүнийг гудамжинд яваа монгол хүн бүр л хэлнэ, ярина, ойлгоно. Тэд бүгдийг нь мэдэж, мэдэрч байгаа. Зөвхөн тэр олон улсын байгууллагын судалгаа гарсан учраас монголчууд сая нэг мэдсэн зүйл огт биш. Манайхан 119 дүгээр байрт байна гэхээр гайхаж цочирдож байна лээ. Үгүй ээ. Монгол Улс маань ямар болчихсон бэ гэдгийг эгэл жирийн ард иргэд чинь бүгд мэдэж байгаа шүү. Захын залуу л үүнийг хэлээд өгнө. Учир нь авлигалын хор уршиг, улс орныг сөнөөж байна. Тэр залуугийн амьдралыг сөнөөж байна. Амьдрал дээр нь бодитой болоод байгаа зүйлийг мэдэхгүй өнгөрдөг хүн гэж нэг ч байхгүй. Гэвч манай иргэд мэдсэн ч мэдээгүй юм шиг явж байгаа нь харамсалтай. Энэ байдал нь удаан үргэлжлээд ирэхээр нийгэм өөрөө зэрлэгших, хэт нэг талын үзэл бодолтой болох, хэн нэгнийгээ даган дууриах гажиг үзэгдэл ихсэж байгаа нь өөрөө Монголын аюул. Товчхондоо Монголын нийгэмд монгол хүний оюун ухаан, сэтгэл зүйн хувьд мутаци явагдаж эхэлж байгаа нь эмгэнэлтэй.

-Нийгмийн сөрөг, гаж бүхэн авлигал, хариуцлагагүй байдалтай холбоотой гэж хэлэх гээд байна уу?

-Угтаа бид эрх зүйт төртэй, ардчилсан оронд амьдарч байгаа. Гэтэл эрх зүйт төр гэдэг маань авлигажсан төр гэх утгатай агаар нэг болчихоод байна. Бүр тодруулбал эрх зүй гэдэг үг авлига гэдэгтэй утга, агуулгаараа уусч, нэгдчихээд байна гэсэн үг. Шударга ёс гэдэг зүйл өнөөдөр Монголын нийгэмд байхгүй хий үзэгдэл мэт болж. Тэгэхээр энэ бүхний цаана улс орны хөгжил, хүний амьжиргаа сайжрах, дэлхийн хөгжилд хүрсэн улс орнуудтай хариуцуулахад бидний байгаа царай тоон үзүүлэлтээрээ бодитой харагдаж байгаа. Тиймээс энэ бүх алдаа завхралыг өөрчлөхийн тулд ганцхан төр засгийг хараад суух биш л дээ. Өнөөдөр ажил олгож байгаа, баялаг бүтээж байгаа, хамгийн чухал нь Монгол Улсын төсвийг бүрдүүлж байгаа эдгээр хүмүүс өөрсдөөсөө эхлээд зөв хандлагыг бий болгох ёстой. Дараа нь нийгэмд үлгэр жишээ зөв хандлагыг түгээх үйлийг хийх хэрэгтэй. Ингэснээрээ энэ хүмүүс нэгдэн нийлж, нэг үзэл бодлоор, нэг дуу хоолойгоор өөрсдийнхөө асуудлыг төр засагтаа хүчтэй хүргэж, шийдвэрлүүлж чадна. Төр засгийн хүнд суртал, боож, хааж байгаа бүх зүйлийг нээж, гэрэлтүүлж чадна. Ард иргэдээ ажлын байраар хангаж байгаа удирдагчид, баялаг бүтээгчид үлгэр жишээ, зөв хандлагатай болоод ирвэл нөгөө хүмүүстээ тод нөлөөлж эхэлдэг. Ингэснээрээ нийгэм өөрөө хэрсүүжин, нийгэм өөрөө тодорхой хэмжээнд боловсрогдож эхэлнэ. Нийгэм боловсролтой, соёлтой, олон ургальч үзэлтэй, аливаа зүйлд нухацтай хандаж эхлэхээр дагаад сонголтууд нь өөр болно. Тодруулбал, улс төрийн сонголт нь шал өөр болно.

-Улсын хөгжил хүнээсээ гэдэг үгтэй л дээ. Нөгөөтэйгүүр улс нь ямар байна, хүн нь тийм байна гэж ойлгож болох ч хүн нь ямар байна, улс нь тийм л байна гэж ойлгох хэрэгтэй юм шиг ээ?

-Бид гуч гаруй жил зөвхөн дарга нарыг л шүүмжилж ирлээ. Тэглээ гээд өнөөдөр өөрчлөгдсөн зүйл юу байна вэ. Ерөөс бид ямар байна ,тэнд тийм л хүмүүс гарч ирээд байгаа юм. Бидний нэг муухай зан чанар байна. Хэт нэг талыг барьдаг, асуудлыг ганцхан талаас нь ойлгодог, нийгмээрээ туйлшрамтгай, ороо бусгаа, мэдэхгүй зүйлээ мэдэмхийрч улайрдаг. Мэдэхийн төлөө явъя гэсэн бодолгүй. Чаддагтаа гүн сэтгэлээсээ атаархуу. Чадахгүйдээ аархуу, сургачихъя, надтай адилхан болог гэсэн өчүүхэн ч сэтгэл байдаггүй. Ийм ахуйн шинжтэй хандлагаасаа болоод улс орны хэмжээнд гаргадаг том сонголтууддаа бид дандаа алдаа гаргадаг. Алдааныхаа эсрэг хариуцлага ярьж, нэхэж чаддаггүй. Тиймээс энэ олон том ажил олгогчид, бизнес эрхлэгчид гэдэг бол цаанаа олон хүнд нөлөөлөл үзүүлэх цар хүрээнд амьдарч байдаг. Товчхондоо эдгээр эрхмүүд нийгмийг өөрчлөхөд маш том хувь нэмэр оруулах бүтэц. Баялаг бүтээгчид л бид зөв хандлагатай, зөв бодлоготой, зөв сэтгэлтэй л байвал нийгэм биднийг дагаад зөв болно гэсэн үг шүү дээ. Би хувьдаа ингэж л ойлгодог. Үүнийгээ ажил хэрэг болгохын төлөө л явна. Хүнд суртлын цаана дандаа хуулийн тайлбар явдаг. Хуулийн тайлбар нь өөрөө авлигын дандаа халхавч нь байдаг. Энэ сөрөг зарчмын дагуу гуч гаруй жил төр засаг оршин явлаа. Ийм сөрөг зарчимтай төр засаг, ард түмэн байсан цагт олон арван уул уурхай нээгээд ч эдийн засгийн үр өгөөжид хүрч чадахгүй. Хүнд суртал, авлигал, буруу хандлагаасаа салаагүй цагт эдийн засгийн хөгжлийг ярих туйлын хэцүү, боломжгүй.

-Иргэдийн хандлагыг өөрчилснөөрөө улс орон хөгжинө, эдийн засаг өснө гэж байна. Гагцхүү хувь иргэний хандлагыг өөрчилж чадах, нөлөө үзүүлэгч нь хэн байх вэ?

-Эцсийн зорилго бол иргэдийнхээ хандлагыг өөрчлөх. Ингэснээрээ бидний амьдрал ахуй дээшилнэ. Иргэдийн хандлага гэдэг маань юм бүхний том суурь шалтгаан гэж хараад байгаа юм. Харин хэн өөрчилж чадах вэ. Үүнийг өөрчилж чадах хүн бол ажил олгогчид. Би юу гэх гээд байна вэ гэхээр ажил олгогчид зөв хандлагаар ажилчидтайгаа харилцаж, тэдэнд үлгэр жишээ болж явбал нийгэмд том өөрчлөлтийг богино хугацаанд бий болгоно. Бид өөрсдөөсөө зөв үлгэр дууриаллыг эхлүүлэх ёстой. Ингэж байж бид төр засгаа шаардаж, шахаж ажиллаж чадна. Бидний эргэн тойронд өдөр болгон харагдах болсон жишээ олон байна. Авлига авсан, хууль зөрчсөн үйлдэл нь олон нийтэд ил тод байхад л албан тушаалтайгаа зууралдсан сайд, дарга нар цөөнгүй байна шүү дээ. Үнэхээр албан тушаалд шуначихсан, авлигаар хөрөнгөжсөн учраас л тэрхүү халуун суудлаасаа босох дургүй байна шүү дээ. Тиймээс би үүний эсрэг ажиллана. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч заавал дөрвөн жил бүрэн эрхээ дуусгаж байж сая нэг суудлаасаа ховхордог байна гэсэн зүйл байхгүй. Нэг жил болоод л тайлангаа тавина. Тавьсан тайлан нь гишүүд, байгууллагуудын дэмжлэг, талархлыг хүлээж авч чадаагүй бол өөрийнхөө хүсэлтээр шууд ажлаа өгнө. Ийм ёс зүйтэй байх ёстой. Төр, хувийн хэвшил ер нь бүх шатанд л хариуцлага гэдгээ өөрсдөө эхлээд ухамсарлачихдаг болчихмоор байгаа юм. Заавал бүрэн эрхийн хугацааг нь дуустал хүлээх шаардлага хэнд яагаад төрдөг юм. Тэнд авлига албан тушаалын хэрэг явагдаж байна л гэсэн үг. Тиймээс наанадаж нэг жилийн хугацаанд ямар ажил хийсэн бэ. Ажил хийсэн үү, цаашид амласан, дэвшүүлсэн зорилтдоо хүрч ажиллаж чадах юм уу гэдгээ тайлагнаад гишүүд дэмжигчид, ард түмнээрээ нэг шүүлгэчих хэрэгтэй. Тэгээд чадаагүй бол явъя, чадаж байгаа бол үргэлжлүүлье гэдэг энгийн зарчмаар асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэчихдэг болмоор байгаа юм. Хаа хаанаа амар шүү дээ.

-Товчхон хариулбал таны ирээдүйн хүсэл юу вэ?

-Бид бүгд макро эдийн засгаас хамааралтай амьдарч байна. Мэдэх, зохистой байж чадах салбарыг хүчтэй тоглогч, хүчтэй нөлөөлөгч болгож чаддаг байх ёстой. Энэ л миний хүсэл зорилго. Би үндсэндээ бүх насаараа бизнесийн салбараар явсан. Өнөөдрийг тооцвол би гучин гурван жил бизнесийн салбарт зүтгэж яваа хүн. Энэ хугацаанд би өмч хувьчлал, тендер, концесс, ХБ, ЖДҮ, Боловсролын зээлийн сан гэх мэт нийтийн хөрөнгөд хэзээ ч хуруу дүрж үзээгүй. Би битгий хэл миний эх, эцэг, ах, дүүгийн хэн ч түүнд оролцож үзээгүй. Энэ үгээрээ эдгээр сангуудыг буруу гэж байгаа юм биш шүү. Монгол Улс авлигажсан улс учраас тэрхүү санд хүрч байгаа хүмүүс нь дандаа эрх мэдэлд ойр хүмүүс байна. Үүнийг нь монголчууд бүгдээрээ л ойлгож, өдөр болгон хэвлэлийн нүүрнээс харж байна. Гучин гурван жил бизнесийн салбарт явахдаа хийсэн, барьж авсан юм бүхэндээ дандаа амжилт гаргасан. Амжилт гаргасан бизнес болгон дандаа хүнд, асуудалтай бизнесүүд байсан. Амжилт болгоны цаанаа ямар нэгэн байдлаар төр засгаас эдэлж байсан давуу эрх огт байгаагүй. Энэ түүхээрээ, энэ салбарт нэр цэвэр явж байгаагаараа би өнөөдөр бардам амьдардаг. Хэний ч нүүр рүү бардам харж чадна. Би Монгол Улсын хөдөлмөрийн баатар Самбуу хэмээх хүний гар дээр л өссөн хүн. Хөдөлмөрч, хөдөлмөрийн баатар хүний гар дээр өссөн хүүхэд учраас хөдөлмөр гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож хүмүүжсэн. XX зууны алдартай модернист уран бүтээлч Constantin Brancusi-ийн “Create like a god. Com­mand like a king. Work like a slave” хэмээх үг байдаг. Орчуулбал, бурхан мэт бүтээж, хаан мэт удирдаж, боол мэт ажилла гэж байгаа. Энэ л миний зарчим даа.

Э.МӨНХТҮВШИН

Categories
story-news

Зүүн бүсийн эдийн засгийн чуулганаар Ардчилсан намынхан юу ярив

Зүүн бүсийн эдийн засгийн чуулганаар Ардчилсан намынхан юу ярив

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Дүүрэн: Ядаж Танхим тогтвортой байх ёстой DNN.mn

-Танхимаас улстөр, популизм, карьеризм хол байх ёстой. Энэ бол олон нийтийн ажил-

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтэй ярилцлаа. 

-МҮХАҮТ-ын XXI ээлжит их хуралхувийн хэвшил төдийгүй олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Хэчнээн нэр дэвшигч тодорсон бэ, та бас өрсөлдөж байгаа. Хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-МҮХАҮТ-ын одоогийн удирдлагын баг 2019 онд сонгогдсон. Танхимын түүхэнд анх удаа удирдлагын баг нь 100% бизнесээс сонгогдсон гэдгээрээ онцлог.Их хуралд оролцох гишүүдийн нэрс9 сарын 15-наар тодорхой болж, 18-нд өчигдөр Танхимын шинэ удирдлага, ерөнхийлөгчид нэр дэвшигчид хүсэлт, бичиг баримтаа өгч, өнөөдөр буюу 19-ний орой компаниуд мандатаа авч дууссан байх ёстой. Ингээд 20-ны өглөө нэр дэвшсэн хүмүүсийн дугтуй задарч, хэн хэн нэр дэвшиж байгаа нь тодорхой болно.

Миний хувьд, одоогийн удирдлагын баг ажлаа үргэлжлүүлж, цар тахлын үед алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж эхэлсэн ажлуудаа гүйцээх нь зөв гэсэн хатуу байр суурьтай байгаа. Яагаад гэвэл дараа жил шинэ сонгууль, Үндсэн хууль өөрчлөгдсөн цоо шинэ нөхцөл байдал биднийг угтаж байна. Улс төрийн нөхцөл байдал юу болох, хаашаа явахыг бид мэдэхгүй. 126 гишүүнтэй анх удаа бид амьдарч үзэх гэж байна. Хувийн хэвшилд ажиллаж, орлогоо залгуулан амьдарч буй нэг сая хүний амьдралд нөлөөлөх нөхцөл байдал, тиймээс  МҮХАҮТ-ын одоогийн удирдлагын баг залгамж халааны зарчмаа хадгалж, төрийн ой санамж нь болж, туршлага мэдлэгээ шинэ гарч ирэх Засгийн газарт, шийдвэр гаргагч нарт уламжилж, энэ хугацаанд ямар зүйлсийг туулж, юу юун дээр тохиролцоонд хүрч ойлголцсон, ямар бодлогыг үргэлжлүүлээд явах хэрэгтэй вэ гэдгийг зөв ойлгуулах чухал үүрэг бидэнд ногдож байгаа юм. Ийм л учраас бид үргэлжлүүлээд нэр дэвшиж, багаараа ажиллана гэсэн хатуу байр суурьтай байна.

-Танхимын ерөнхийлөгчийн сонгууль ямар зарчмаар явагдах вэ? Өнөөдөр МҮХАҮТ нийт хэчнээн гишүүнчлэлтэй болоод байгаа вэ?

-МҮХАҮТ нь сайн дурын үндсэн дээр гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны байгууллага.5000 гаруй гишүүнтэй. Үүний 60 хувь буюу 3500 нь 21 аймгаас бүрддэг. Улаанбаатар хотод 2000 гаруй гишүүн байдаг. Гэхдээ тэр болгон үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй, мэдээллээ аваад, солилцоод явдаг. Харин яг идэвхтэй оролцоотой, татвараа төлөөд явдаг 2000 гаруй компани бий. Үүнээс 1200 гаруй нь их хуралдаа оролцохоор бүртгүүлсэн.

2019 онд баталсан МҮХАҮТ-ын дүрмээр бол бүх гишүүдийн хурлаас ерөнхийлөгч, Удирдах зөвлөлөө сонгоно. Танхимын Удирдах зөвлөлд 75 компани ордог. Үүнээс 21 нь хөдөө орон нутаг, 51 нь Улаанбаатар хотоос сонгогддог.

 

-Нэлээд өргөн оролцогчидтой болох юм байна. Ирээдүйн дөрвөн жилээ тодорхойлохын тулд өнгөрсөн хугацаанд яаж ажилласнаа дүгнэх ёстой байх. Хэрэв үнэлгээ сайн байвал Танхимын гишүүн байгууллагууд одоогийн удирдлагын багийг үргэлжлүүлэн сонгох боломжтой шүү дээ?

 

-Өнгөрсөн дөрвөн жил ажиллаад манай баг тайлангаа тавьж, хурлын зааланд дүгнүүлнэ.Даравч далдайна, булавч бултайна гэгчээр МҮХАҮТ-ын өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг ер нь нийгмээрээ мэдэрсэн байх. Танхимнөлөөллийн хүрээгээ нэлээд тэллээ, судалгааны хүчин чадлаа нэмэгдүүлж, сайжруулсан. Анхнаасаа бидний тавьсан зорилго бий. Нэгдүгээрт, Танхим гэдэг хувийн хэвшлийг төлөөлж байгаа байгууллага учраас ямар нэгэн улстөржилтөөс ангид байх ёстой. Хоёрдугаарт, төр засгийг юм л бол болсон болоогүй байнга шүүмжилдэг биш, харин төр засагт шийдвэр гаргахад нь судалгаагаар нотлогдсон, бодитой зөв мэдээллийг өгч, зөв шийдвэр гаргах, эдийн засгийн орчноо сайжруулах тал дээр нь ажиллаж, бизнесийн орчны бодлогыг тодорхойлж манлайлж хэрэгжүүлжявна гэсэн зорилго тавьсан. Энэ зорилгын дагуу иж бүрэн судалгаа өрнүүлж, 2019 оны төгсгөлд “ЭЗЭН 2020” хөтөлбөрийг боловсруулж, тухайн үеийн төр засгийн удирдлага болон 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох бүх намуудад танилцуулж мөрийн хөтөлбөрт нь тусгуулсан. Үндсэн санаа бол нэгж хүнд оногдох ДНБ-ийг 2026 он гэхэд 8000 ам долларт хүргэх, уул уурхайн бус экспортыг 3 дахин өсгөх боломжтой, түүнийг хэрэгжүүлэх, төр хувийн түншлэлийн төслүүдийг хөдөлгөх бодит орчныг бий болгох. Зорилгодоо тодорхой хэмжээнд хүрсэн гэж бодож байна.

Мэдээж энэ хугацаанд бүх зүйл амар байгаагүй. Ажлаа аваад хагас жил ч болоогүй байтал цар тахлын нөхцөл байдал үүсэж, хоёр жил хил хаалттай байдалд ажилласан. Энэ үед маш богино хугацаанд уян хатан нөхцөлд шилжиж, тухайн онцгой нөхцөлд тохирсон, төр засгийг зөв мэдээллээр хангах, цар тахлын үеийн судалгаануудаа эрчимжүүлж явсан. Ингээд цар тахал дуусах үед төр засаг вакцинд анхаарч, иргэдийн эрүүл мэнд л энэ үед чухал байлаа шүү дээ. Хэн ч цар тахлын дараа юу болох вэ, бид бэлэн үү гэдэг тухай бодох сөхөөгүй байсан. Тиймээс цар тахлын дараа яах вэ гэдэгт бэлдэж эхэлье гээд Танхим бусдаас түрүүлж дэлхийн эдийн засгийн хандлага, томоохон эдийн засагчдын хэлж байгаа судалгаа, дүгнэлтүүдэд үндэслээд, өөрсдийн гэсэн, Монгол Улсад зориулсан бодлогын бичиг баримтыг боловсруулж, төр засагт санал болгосон. Тэр нь өмнөх “ЭЗЭН 2020” хөтөлбөр дээр суурилсан, цар тахлын дараах онцлогийг тусгасан “Их Сэргэлт” санаачилга юм. Энэ санаачилгаа Танхим төр засгийн бүх шатанд уйгагүй танилцуулж, цар тахалд хямарсан эдийн засгаа богино хугацаанд хэрхэн яаж босгох вэ, ямар арга хэмжээ цаг алдалгүй авч болох талаар маш тодорхой, судалгаанд суурилсан саналыг дэвшүүлсэн.

-Цар тахлын үед нэлээд олон судалгаа хийж, түүнд суурилан санаачилгатай ажилласныг нийгмээрээ харсан гэдэгтэй санал нэг байна. Бизнес эрхлэгчдийн эрх ашиг, дуу хоолойг төр засагт хүргээд зогсохгүй эдийн засаг, бизнесийн орчныг бүхэлд нь сэргээх тухай эрчимтэй ажлууд өрнөж байсныг тод санаж байна…?

-Цар тахлын үеийн онцлог нэг ажлыг эш татмаар байна. Мэдээж анх бол “ЭЗЭН 2020” хөтөлбөрийн дагуу бид уул уурхайн бус экспорт буюу Монгол улсын ноолуур, мах, самрын экспортыг онцгой анхаарч, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулбал богино хугацаанд, илүү хурднаар өндөр орлоготой амьдрах юм байна гэж дүгнэж байсан. Ялангуяа, Монголын эдийн засгийг, иргэдийн орлогыг тэтгэдэг, дэмждэг байсан нэг салбар болох аялал жуулчлал цар тахлын улмаас 100 хувь унасан. Энэ тохиолдолд уул уурхайн бус экспортоо онцгой анхаарах нь цорын ганц гарц байсан. Яагаад гэвэл одоохондоо манай улсад уул уурхайн баялаг шударга бусаар цөөн хүнийг хөрөнгөжүүлж, иргэдийн халаасанд шууд хуваарилагдаж ордоггүй шүү дээ.

Ингээд хамгийн түрүүнд хил хааж, тухайн үедээ “гомдоосон”, манай Монголын уул уурхайн бус экспортын хамгийн гол худалдан авагч болох Хятад улсад “Нэг малчин өрхөөс нэг хонь бэлэглэе” гэдэг санаачилга буюу 300,000 малчин өрхтэй улсын хувьд 300,000 хонь бэлэглэе гэдэг санаачилгыг бид гаргаж, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч намын дарга У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Уг санаачилгыг богино хугацаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцээд, явцын дунд 30,000 болсон юм билээ. Гэхдээ энэ санаачилга бол цэвэр манай удирдлагын багаас 2020 оны хоёрдугаар сарын 17-нд гарч байсан нь Засгийн газарын Хэрэг эрхлэх газрын архивт бий. Цар тахлын асуудал өндөрлөнгүүт бид уул уурхайн бус экспортыг онцгой анхаарч эхэлсэн гэдгийн нэг том сонирхолтой нотолгоо бол энэ.

-Танхимбизнесийн байгууллагуудын маш том нэгдэл. Гэтэл улс төр, бизнес хоёр хэт хутгалдахаараа тэр дотор авлига бий болдог, том том хэргүүд ар араасаа гарлаа шүү дээ. Гэтэл нөгөө талд энэ хоёр яаж түншлэх ёстой юм бэ? Магадгүй төр зарим чиг үүргээ хувийн хэвшилд шилжүүлж, түншлэл маягаар ажиллана гэж байгаа. Тэгэхээр энэбалансыг яаж төрдөө ч хүндрэл учруулахгүй, бизнест ч дарамтгүй, ээлтэй байлгах боломжтой гэж Танхимын зүгээс үздэг вэ?

-Өнөөгийн нөхцөлд бидний өмнө тавигдаж буй хамгийн чухал асуудал бол энэ. 126 гишүүн байна уу, Үндсэн хуулийн өөрчлөлт байна уу, тэр бол яахав болчихно. Хамгийн гол асуудал нь бизнесийн салбарт төрийн оролцоо хэр хэмжээнд байх юм бэ гэдэг асуулт.

Бид социализм буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг болохгүй, мухардалд ордог юм байна гэдгийг 70 жил амьдарч, ойлгоод татгалзчихсан. Ингээд зах зээлийн эдийн засгийг сонгоод явж ирсэн боловч өнөөдөр төрийн эрх мэдэл, төрийн оролцоо улам бүр томроод, сүүлдээ ойлгогдохоо байчихлаа. Бид социализм руугаа буцаж байгаа юм уу, Монголын ард түмэн энэ талаар мэдэж байгаа юм уу гэдэг дээрээ тулж ирлээ. Та ч мөн асууж байгаатай адил хүн бүрийн өмнө энэ асуулт гарч ирээд байгаа хэрэг. Хэрээс хэтэрч байгаа зүйлс ч их байна.

Төрийн оролцооны улаан шугам, зааг хаана байх юм бэ гэдгийг одоо тодорхойлж чадахгүй байгаад байна шүү дээ. Үүнийг тодорхойлоход хамгийн тогтвортой ажиллаж байгаа, 21 аймагт салбартай, залгамж халаа, ой санамжтай томоохон бүтэц гэвэл МҮХАҮТ яах аргагүй мөн. Монгол Улсын Засгийн газрын дундаж насжилтыг 1.8 жил байж ирсэн. Өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд л гэхэд бид нэг сонгууль, гурван Засгийн газрын нүүр үзлээ, салбар болгонд гурван өөр сайдтай ажиллаж үзлээ. Шинэ сайд гарч ирэх болгонд бид нэг зүйлээ гурван удаа тайлбарлах хэрэг гарсан. Нөгөө хэд маань зөв ойлгож аваад дэвшилтэт, давуу тал, сул талыг нь ойлгох гэсээр байтал хамгийн багадаа гурван сар гэхээр есөн сар урсчхаж байгаа юм. Цар тахлын хоёр жилийг хасаад идэвхтэй ажилласан хоёр жилийнхээ талыг нь бид зөвхөн гурван өөр сайдад нэг л зүйлийг ингэж тайлбарлаж, ойлгуулах гэж алдсан гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн энэ Танхимын их хурал ямар чухал вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Яагаад гэвэл дараа жил бид өмнөхөөсөө ч бүр ойлгомжгүй, хэн ч амьдарч үзээгүй цоо шинэ нөхцөлд очих гэж байна. Гэтэл тэр үед нь Танхимын сонгуулиар нэг популист юм уу, улс төрийн карьер хөөж яваа, эсвэл энийг карьерын нэг шат гэж бодоод, Танхимын нэр хүндийг ашиглах гэж байгаа хүн гараад ирвэл дараа жилийн ойлгомжгүй улс төрийг дагаад намирчих юм уу. Тэгвэл хувийн хэвшил маань яах вэ, бодлого хаана зангидагдах вэ гэдэг зүйл рүү очно.

Зах зээлийн эдийн засагт төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг зарчим бий. Тэгэхээр төрийн оролцоо хаана байх гээд байна вэ гэдэг заагийг л бид дараа жил илүү сайн тодорхойлж өгч, шинээр гарч ирэх, шинэ бүрэлдэх 126 гишүүн, шинэ Үндсэн хуулиар амьдрах тэр орчинд МҮХАҮТ бодлогын гол манлайлагч, хамгаалагч болж оролцох ёстой.

Тэгэхээр бид албан тушаалтай зууралдах гээд юм уу, дулаан газраа үлдэх гээд байгаа юм биш. Яалт ч үгүй бид өнөөгийн хүрсэн дэвшил, ололтоо, сүүлийн дөрвөн жилд олсон судалгааны болон цар тахлын бүх сургамжаа дараагийн шинээр бүрэлдэх төр засагт зөв байр сууринаас, зөв хамгаалж, төрийн оролцох зааг хэтэрвэл ард түмний амьдрал улам дордоно гэдгийг томъёолж өгөх туршлагатай, мэдлэгтэй баг нь бууриа сахиж үлдээд, улс төрийн, яаж ч мэдэх эргэлзээтэй шуурганд автаж магадгүй, энэ үед ядаж нэг бүтэц нь тогтвортой байя гэдэг итгэл үнэмшлээр сонгуульдаа оролцож байна.

-Маш олон төрийн бус байгууллага, холбоод байдаг. Тэдэнтэй яаж уялдаж ажилладаг вэ. Эсвэл хэдэн хувийг нь гишүүнээр элсүүлчихсэн учраас тэднийг төлөөлөл гэж үзээд Танхим ажилладаг уу. Ер нь олон улсад Танхим гэдэг жишигямар байна вэ?

-Ер нь аливаа улс орны эрх зүйн тогтолцоо Англосакс ба Ром-Германы гэж үндсэн хоёр чиглэлд хөгжсөн байдаг. Түүнтэй адил төр, бизнесийн харилцаа ч бас тухайн орныхоо хуулиас хамаараад яг үндсэн хоёр зарчмаар хөгжсөн түүхтэй. Жишээ нь, Англосакс хуультай улс оронд ихэнхдээ Танхимын гишүүнчлэл нь сайн дурын үндсэн дээр, одоогийн манай Монголынх шиг явдаг. Гэхдээ тэнд төр нь үүсэхээс өмнө хувийн, бизнесийн харилцаа үүсчихсэн байсан. Эх газрын буюу илүү Ром-Германы тогтолцоонд суурилсан улсад ихэнхдээ тухайн улсад бүртгүүлсэн компани бүр автоматаар Танхим дээрээ бүртгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, шинээр үүсэж байгаа компаниудын төртэй харьцах гол гарц нь Танхимболж өгдөг.

Манай 1996 онд батлагдсан хуулиар бол сайн дурын үндсэн дээр гээд гарчихсан. Тухайн үед нэгдүгээрт, компани цөөхөн байсан. Хоёрдугаарт, Монголын хүн ам газар зүйгээрээ хөдөө орон нутагт жигд тархсан байсан. Одоо бол 30,000 компанитай, дийлэнх нь Улаанбаатартаа төвлөрчихсөн. Гэтэл 2000 гаруйхан нь л Танхимын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Цаана нь байгаа  27,000 гаруй компани юу бодож, хаанаас мэдээллээ авч байгаа вэ гэдэг асуудал байгаа биз. Тэд байр сууриа илэрхийлмээр байгаа. Тэрийг нь төр сонсож чадаж байна уу. Төр олонхын төлөөллөөсөө саналыг нь сонсож чадахгүй учраас шийдвэр нь буруу гараад ч байгаа юм билүү. Төр засгийн буруудаа ч биш, мэдээллээ зөв авч чадахгүй, судалгаагаа зөв хийж чадахгүй байгаа учраас шийдвэрээ буруу гаргаад байж магадгүй шүү дээ.

Тэгвэл 2019 онд гарч ирсэн шинэ удирдлагууд бидний тавьсан зорилго бол ерөөсөө л тэр байсан, Танхимын нөлөөлөл, гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх. Үүнийг хуулийн хүрээнд шинэчлэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд бүртгэгдсэн компанийн мэдээлэл буюу утасны дугаар, и-мэйл хаяг нь Танхим дээр автоматаар ирээд, ядаж төр засгаас гаргаж байгаа хууль, мэдээлэл, ямар өөрчлөлт орох гээд байгаа зэрэг мэдээллээ солилцдог болохоос гадна тэр компаниуд саналаа хэлж, бодлогод тусгуулдаг байх юм. Одоо бол ямар ч мэдээлэлгүй, алх цохьчихсон, өнгөрсөн хойно нь яагаад ийм болчхов гээд төр, бизнес хоёрын харилцаа улам л холдоод байна шүү дээ.

Дээр дурдсанчлан энэ байдлыг засахын тулд Танхимын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хуульд хоёр үндсэн зүйл бий. Нэгдүгээрт, Монгол Улсад бүртгэлтэй компаниТанхимаас ямар нэгэн байдлаар мэдээлэл авдаг байя. Төртэй харилцах тогтвортой суваг нь Танхим байя. Хоёрдугаарт, 1996 онд анх хууль гарч байх үеийг бодоход Улаанбаатар хот ДНБ-ий 80 хувийг үйлдвэрлэж, нийт хүн амын 70 хувь нь энд ажиллаж, амьдарч байна. Гэтэл нийслэлд ганцхан Танхим байна. Бүх асуудалд бид хүний нөөц, ачааллын хувьд хүрэлцэхгүй байгаа юм. Нэг талаас, байгалийн баялаг, хөдөө аж ахуй суурьтай хөдөө орон нутгийн хариуцсан танхимаа хүчирхэгжүүлэх ёстой, тэгж байж орон нутгийн Танхимууд онцлог асуудлаа төр засагтаа хүргэнэ. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод барилга, аялал жуулчлал гээд эдийн засгийн тусгай салбаруудыг хариуцсан төрөлжсөн Танхим байж, тус тусад нь ажиллахгүй бол 32 салбарын хурал, хэлэлцүүлэгт Танхимын ерөнхийлөгч ба Захирал хоёрхон хүн зэрэг сууж чадахгүй, хүрэлцэхгүй байгаа юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тогтоолоор янз бүрийн зөвлөл байгууллаа гэхэд тэнд Танхимын удирдлага л ордог, ажилтан орох боломжгүй болчихдог.

-Мэргэжлийн холбоод нь тэднийг төлөөлөхгүй юу?

-Мэдээж иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод нь байгаа. Тэр болгон өөрийн гэсэн зорилготой. Жишээ нь, Ноос ноолуур үйлдвэрлэгчдийн холбоо, Ноос экспортлогчдын холбоо, Ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн холбоо байлаа гэхэд бүгд өөр өөрийн зорилготой, өөр өөрийн байр суурийг л хамгаална. Харин ноос, ноолуурын салбар бүхэлдээ яах вэ гэдэг дээр нэгдсэн манлайлал, бодлого байх ёстой. Тэгэхээр эдийн засгийн салбарын танхим үүсгээд, ерөнхий асуудлыг нь ярилцдаг байя гэж байгаа. Энэ тохиолдолд Үндэсний Танхимнь салбар танхимуудаас бүрдэх ба зөвхөн Хөдөлмөрийн тухай хууль, Татварын ерөнхий хууль яах вэ гэдэг ерөнхий зүйл дээрээ илүү төвлөрөх юм. Энэ нь хамгийн зөв сонголт юм гэдгийг бид ойлгосон. Үүнийг бид зүгээр нэг бодож олчихоогүй, төр засагтай ярилцсан, УИХ-ын төлөөлөл, эрх барьж байгаа болон бусад нам, эвслүүдтэй ярилцсан. Төрийн туршлагатай, салбарыг төлөөлж байгаа Яам, Тамгын газар ч хамгийн боломжит хувилбар нь энэ юм гэдэг сонголтыг хийсэн. Үүнээс гадна Герман, Австри гээд олон улс, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 орон, хуучин соц бүтэцтэй байсан улс орны танхимууд яаж хуулиа өөрчилсөн талаар зөвлөх үйлчилгээ авсны дүнд тэр бүх туршлагыг нэгтгээд, социалист нийгмээс зах зээлийн эдийн засагт шилжээд, хөгжиж буй одоогийн Монгол Улсын хувьд ямар тогтолцоо нь зөв юм бэ гэдэг хуулийн үндсэн өөрчлөлтийг санаачилсан. Хуулийн өөрчлөлт маань энэ ондоо багтаад батлагдах байх гэж найдаж байна.

Ирэх жил шинэ Үндсэн хууль хэрэгжихээс өмнө бид түрүүлээд хөрс сууриа бэлдчихсэн байх зорилгоор хуулиа боловсруулсан. Үүнийг төр засгийн одоогийн эрх барьж байгаа нам, төрийн удирдлага ойлгож байгаа.

Эцэст нь хэлэхэд, энэ бүх ололтоо төр засгийн өмнө, шинэҮндсэн хуулийн өөрчлөлтийн нөхцөлд шинээр бүрэлдэх төр засагт зөвөөр ойлгуулах гэж бууриа сахиж үлдээд, тайван сайхан тайлбарлаад өгье гэж байгаа юм. Яагаад үүнийг дахин дахин хэлээд байна вэ гэвэл анх орж ирээд, энэ нөхцөл байдлыг ойлгохын тулд бид дор хаяж есөн сарыг зарцуулж байгаа шүү дээ. Тэгэхэд дараагийн цоо шинэ нэг хүн орж ирээд, дахиад жил зарцуулах хооронд сонгууль болоод, Засаг бүрэлдээд өнгөрчихсөн, хувийн хэвшил яахыг хэн ч мэдэхгүй болчихсон сууж байх вий гэдэг асуудал байгаа юм. Ийм нөхцөлд улс төрийн карьер хөөсөн, эсвэл Танхимаар нэр хүндээ өсгөх гэсэн, эсвэл цаашдын карьерын шат гэж бодсон хүн санамсаргүй байдлаар Танхимын сонгуулиар гараад ирвэлхарамсалтай. Энэ олон нийтийн байгууллага, нэг том компанийн өмчбиш, улстөрчдийн тоглоом биш. Хувийн хэвшилд бизнес хийж, цалин авч буй 1 саяхүний асуудал. Хоёрдугаарт, улс орны ирээдүйд ч гэсэн. Бид ойлгомжгүй байдал руу орох гэж байна шүү дээ.Тэгэхээр энэ бол маш чухал сонгууль. Бизнесийнхний өөрсдийнх нь шийдэх асуудал.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё DNN.mn

Халамжийн бодлого хэт хавтгайрсан Монголд маань ажил хийдэг хүнгүй болжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хичнээн хүнд, хэдэн төрлийн халамж олгосныг дор үзүүлье.

-Тэтгэврийн даатгалын сангаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар 489.0 мянган хүнд 1619.7 тэрбум төгрөг олгосон.

-Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2023 оны эхний хагас жилд 73.5 мянган хүнд 17.3 тэрбум төгрөг олгосон.

-Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2023 оны эхний хагас жилийн байдлаар 57.4 мянган хүнд 92.4 тэрбум төгрөг олгосон.

-Нийгмийн халамжийн тэтгэмжид 2023 оны эхний хагас жилд 114.9 мянган хүнд 55.8 тэрбум төгрөг олгосон.

-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2023 оны эхний хагас жилд 109.1 мянган хүн хамрагджээ.

Үүн дээр хүүхдийн мөнгө, “Эхийн алдар” одонгийн мөнгөн урамшуулал, Ахмад настанд үзүүлэх тусламж, Алдар цолтон, ахмад настанд үзүүлсэн нэмэгдэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, Насны хишиг, Цаатан иргэний тэтгэмж гээд нийт 2.3 сая орчим хүнд төрөөс ямар нэгэн тэтгэмж олгосон байна.

Бэлэн мөнгө орж ирээд, хоосон хоночихгүй байхад ажил хийе гэж боддог хүн ховор. Сар сараар амь зуулгыг нь таслахгүй байхад хүн гэдэг амьтан улам л залхуураад хэвтчихдэг гэмтэй. Үүнийг одоогийн бидний амьдрал бэлхнээ батлан харуулж байна. Ялангуяа ковидын хоёр жилд энэ байдал эрс даамжирсан. Хоёр жил гэртээ хоригдож, элдэв тэтгэмж, тэтгэвэр аваад сурчихсан хүмүүс хөл хорио тавигдмагц аялал зугаалгын талбарт сая саяараа бэлчсэн. Хорионы уйдаа нь гараа байлгүй гээд харахад дараа жил нь бүр олуулаа болоод найрлаж, зугаалж байв. Залгуулаад аймгуудын 100 жилийн ой давхцаж, аль нь баян аймаг болохоо харуулахаар уралдаа юу гэлтэй л юм боллоо. Аймгаас гадна сум, сургуулийн ойн баярууд ар араасаа залгуулаад ажил хийлгэхгүй, “амарч зугаал” гэж байгаа мэт даллан дуудаастай. Арай гэж ойн нүсэр баярууд дууслаа гэтэл төгсөлтийн, гэр бүлийн баяр, ураг удмын наадмууд залгаж хөгжилдөнө. Энэ их найр цэнгэлийн хаагуур нь ажиллах билээ. Ер нь баярлаж найрлаж л суувал аз жаргалтай байдаг ард түмэн болчихжээ. Их баяр цэнгэл “өнөө л ажилгүйдэл, мөнгөгүйн зовлон, түрээс, зээл”-ийн өрийг түр ч гэсэн мартагнуулдаг болохоор хүмүүс бүр л их шунан дурлаж байна. Сар бүр орж ирдэг тэтгэмжиндээ бас сэтгэл ханана.

Үнэндээ Монголд маань ажил хийдэг хүн тун цөөн болжээ. Ажилгүйдэл, ядуурлын түвшин нэмэгдэх бүр халамж хавтгайрч, найр цэнгээн олширно. Дуу хуур нэмэгдэнэ. Урлаг, уран сайхан, лам, эдийн засагч, хуулийн сургуулиуд оюутнуудаар дүүрч, хими, физикийн сургалттай сургуулиуд хоёр гуравхан оюутантай байх нь гомдмоор үнэн.

Томхон үйлдвэрүүд, ажил үйлчилгээний төвүүд шинээр нээгддэггүй. Хичнээн давхар шилэн байшин боссон ч давхар бүрд нь жижиг жижиг худалдааны лангуунууд дүүрэн. Бидний чаддаг нэг зүйл байгаа нь ченж ажиллагаа. Гаднаас бэлэн хүнс, бараа бүтээгдэхүүн олж ирээд үнийг нь хэд дахин нэмж зарна. Дотооддоо ч адил, мах гурил, хүнсний ногоог хямдаар аваад үнэд хүргэж хожно. Бэлэн юмны завсраас л мөнгө унагаж тоглодог болохоос ашдын ирээдүйд хэрэг болох томхон үйлдвэр үйлчилгээ бий болгох талаар боддоггүй. Хувь хүнээс гадна төрийн бодлого нь ч лазан хүнд. Ажил хийе гэсэн хүнд зориулсан тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл зэрэг нь жирийн бизнесмэнүүдэд олддоггүй.

Нийтээрээ ажил хийдэггүй, ашиг орлогогүй, халамж харж амьдардаг болохоор нийгэм маань яг л ийм төрхтэй болж байна. Адаглаад хүний хамгийн эрхэм чанар ёс зүй гэдэг зүйл нимгэрсээр. Өвгөдийн яриад байдаг хүний жудаг улам л ховордож эхэллээ. Нэг нэг приус уначихаад хүүхдээ зөөдөг, дур нь хүрвэл халтуур хийдэг хүмүүс сошиалын үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээнд итгээд бөөн уур уцаар, хэрүүл шуугиан тарина. Тухайн мэдээлэл баталгаатай эх сурвалжаас гарсан уу, бодит амьдрал дээр ийм байх боломжтой эсэх талаар ерөөсөө боддоггүй. Бүр хийх юмаа олж ядаад согтуу солиотой нь мэдэгдэхгүй хүмүүсиийн шууд бичлэгийг хэдэн зуугаараа үзэж баясана.

Ийм байхаар улс орон ядуу тарчиг байхаас ч яахав. Ядуу ард түмнийг сошиалын ганц комментоор удирдах боломжтой болохоор улстөрчид нь ард түмнээ яг ийм чигээр нь байлгах сонирхолтой байдаг. Энэ хэдэн улстөрчөөр дамжуулан гаднаас явуулж байгаа бодлого ч юм билүү гэж хардахад хүрч байна.

Угтаа бол хэдүүлээ нийлж гутал хийгээд зарахад, хуушуур бууз хийгээд худалдахад элдэв төрлийн зөвшөөрөл, бичиг цаас нэхмээргүй байгаа юм. Орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл явуулах гэхээр хэдэн поп нөхөр очоод хаагаад хэвтчихдгээ болимоор байна. Бүхий л үйлдвэрлэл эцсийн дүндээ мөнгө болдог. Мөнгөтэй бол хөгждөг. Хөгжихийн тулд үйлдвэрлэлд стандарт мөрдүүлэх. Ердөө тогтсон стандарт хангах ёстой гээд гаргаад өгчих ёстой юм. Төрийнхөн ингэж ярьж байгаа ч амьдрал дээр хэрэгждэггүй. Монголдоо хийсэн бүтээгдэхүүнийг гадагш нь гаргахад ч төрөөс түмэн зөвшөөрөл нэхэж, хориг тавиад боломж олгодоггүй. Яаж ийгээд мөнгө олох боломжуудыг хаачихаа төр нь андахгүй юм, гайхмаар.

Ажил хийж байгаа хүнийг алдаршуулан магтдаг болмоор, энэ тал дээр хэвлэл болон сошиал инфлүүнсэрүүд тогтож анхаардаг болмоор байна. Хоёрын хооронд хандалт авах алиа хошин бичлэгүүдээ багасгаж “хөрөнгөтөн хүн гэмт хэрэгтэн биш” гэдгийг олон нийтийн тархи толгойд бат хоногшуулж өгөх хэрэгтэй. Эсрэгээрээ ядуу хоосон, халамжинд найдан суугаа хүмүүсийг “улс орныхоо хөгжилд тээг саад бологч” гэсэн ойлголт нийгэмд суулгах ёстой. Бид нэрэлхүү хүмүүс болохоор хүний дор орохгүй гээд л ажиллаад эхлэх ч юм билүү. Үүнийгээ больё гэхэд ажил хийдэг ард түмэн хий хоосон горьдлого тээж, найр наадамд сатаардаггүй. Нийгмийн сүлжээг дагаж нийтээрээ намирдаггүй. Элдэв аар саар зүйлийг тоохоо больдог.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Зүүн бүсийн эдийн засгийн чуулганаар Ардчилсан намынхан юу ярив DNN.mn

Ардчилсан намаас бүс нутгийн онцлогийг шингээсэн эдийн засгийн бүсчилсэн форумыг зохион байгуулж буй. Тэгвэл Зүүн бүсийн эдийн засгийн форум өнгөрөгч бямба гаригт Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа. Тус чуулганы зорилго нь улс орны нөхцөл байдлыг зөвхөн улстөрчид нь шийддэг бус, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид оролцож нийтээрээ хэлэлцдэг, иргэдийн санаа бодол бодлого шийдвэрт тусдаг байх ёстой. Хамгийн гол нь энэ ажил биеждэг байх ёстой хэмээн үзсэн аж.

Форумд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч, АН-ын Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа тэргүүтэй УИХ дахь Ардчилсан намын гишүүд, АН-ын дэд дарга нар оролцож илтгэл тавилаа.

Тухайлбал, АН-ын Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа судалгаанд үндэслэсэн бодлого ямар ач холбогдолтой талаар илтгэл тавилаа.

Тэрбээр “Хүн өнгөрүүлсэн амьдралынхаа замыг эргэж хараад зөв үнэлж чадвал очих зам гэрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд Ардчилсан нам Монголд ардчиллыг хөгжүүлэхийн тулд хийсэн, хэрэгжүүлсэн бодлого ямар байсан бэ гэдгээ зөв дүгнэж чадвал ирээдүйд хүрэх хөгжлийнхөө зураглалыг бодитоор зөв гаргаж чадна.

Сонгуульд оролцохдоо улс төрийн намууд хэрэгжих, хэрэгжихгүй олон амлалтыг иргэдэд өгдөг. Бидний хэрэгжүүлэхийг зорьсон зүйлүүд ямар үр дүнд хүрэв. Найман удаагийн мөрийн хөтөлбөрөө зэрэгцүүлж байгаад дүгнэсэн үе Ардчилсан намд бий юу. Байхгүй. Найман удаагийн өрсөлдөөнд Ардчилсан намынхаа мөрийн хөтөлбөрийг дүгнэх хэлтэс манай намд байгаа юу. Байхгүй. Би энэ намд орж ирээд 18 жил болж байгаа. 18 жилийн хугацаанд Ардчилсан намын өнгөрсөн үеийн хэрэгжүүлсэн бодлогын үр нөлөө нь энэ байж, бидний алдаа сорилт нь энэ байж гэж нэг ч удаа яриагүй. Бид цаашид тавьж байгаа зорилтоо дандаа алдаатай тавиад байдаг юм биш биз гэсэн сэтгэгдэл төрж байна” гэв. Мөн тэрбээр “Өнөөдөр эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт орсон 15 том мега төслөөс яг зорилгоо олоод хэрэгжиж байгаа төсөл алга.

10.111 хүнийг хамруулсан судалгаа хийсэн. Судалгаагаар төрийн бодлого оновчгүй байна. Төрийн үйлчилгээ бидний сэтгэлд хүрэхгүй байна гэдгийг судалгаанд хамрагдсан иргэд хэлж байна. 100 хувь сэтгэл ханамжтай гэвэл таван оноогоор үнэлэх байсан. Өнөөдөр тав битгий хэл дөрвөн хувиар үнэлэгдэх нэг ч салбарын бодлого алга. Бидний дараагийн зорилт. Ард түмнээ сайхан амьдруулах Засгийн эрхийг барихын тулд бодит зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй байна. Учир нь бодит үр дүнд хүрэх зүйлийг хийгээч гэдгийг иргэд хэлж байгаа. Өнөөдрийн засаглалын тогтолцоо дээрх асуудлын үндсэн суурь болж байна. Улс төр тогтворгүй, бодлого тогтвортой үргэлжилдэггүй, улс төрийн намуудын бодлого хэрэгждэггүй болохоор иргэд итгэхгүй байна гэсэн дүгнэлт судалгаагаар батлагдсан. Эрх барьж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг иргэдээс асуухад иргэдийн сэтгэл ханамж дээр хэлснээр гарсан. Харин хөндлөнгийн байгууллагаар судалгаа хийж үнэлүүлэхэд нийт амлалтынх нь 45.6 хувь огт хэрэгжих боломжгүй хөтөлбөрийг тавьсан байна гэж дүгнэж байна. Хэрэгжих боломжгүй 45.6 хувийн арга хэмжээнд 11.5 их наяд төгрөгийг цацаж байна. Ямар ч хэрэггүй олон зүйлд ямар их баялгийг үргүй зарж байгааг энэ судалгаанаас харж болно. Бид нэгдэж нэг тамга, нэг гэрчилгээтэй сонгуульд орох гэж байна. Хамгийн гол нь бидний нэгдэл хэр хэврэг бол, хэр алсыг харсан бол. 30 жилийн дараагийн улсын хөгжлийг хийж чадах нэгдэл үү. Эсвэл сонгуульд орох, сонгуульд өөрсдийн хүнээ дэвшүүлэх нэгдэл үү гэдэгтээ бид дүгнэлт тавих ёстой. Хуурамч нэгдэл бидэнд хэрэггүй. Улсынхаа, намынхаа хөгжлийг дээд лимитэд хүргэх холын стратегитай нам болох тэр нэгдэл хэрэгтэй” гэв.

Харин Намын дарга Лу.Гантөмөр “33 жилийн өмнө Ардчилсан нам Монголын ард түмэнд маш тодорхой зүйлийг амласан. Бид та нарыг эрх чөлөөтэй болгоно. Үгээ хэлж чаддаггүй байсан ард түмнийг үг хэлдэг болгоно гэж хэлсэн. Бодсоноо бичиж чаддаггүй байсан ард түмнийг та нар бичиж болно гэж хэлсэн. Дураараа сонин гаргаж болно, хараарай. Ардчилал гэдэг сонин бид гаргалаа шүү. Хэн ч сонин гаргаж болно. Бид телевиз байгуулах эрхийг чинь өгье. Бид үг хэлэх эрхийг чинь өгье. Сонгодог эрхийг чинь өгнө. Сонгогддог эрхийг чинь өгнө. Эхлээд өмчтэй болгож өгье гэсэн. Өмчтэй болгож өгнө гэж хэлээд малчдад малыг нь өгсөн. Харамлаагүй. Татвар аваагүй. Дундаас нь зувчуулаагүй. Тариаланчдад газрыг нь олгосон.Ардчиллын стратеги бол гайхамшигтай.Социализмын үед өмчийг нь булааж аваад малыг нь өсгөөд өгнө гэсэн. Гэтэл 40 саяд ч хүрэхгүй байсан. Хүрэх ч боломжгүй. Учир нь яг үнэндээ тэр өмч иргэдийнх биш дарга нарын өмч байсан. Нэг ширхэг төлөг гаргаад идэх эрх малчдад байгаагүй. Үнэхээр өгч чаддаг. Хийж чаддаг. Амласандаа хүрдэг нам бол Ардчилсан нам байсан. Ийм хүчтэй стратеги манай намд байжээ. Харамсалтай нь бид болчихлоо гээд бодчихсон юм байна. Хүмүүсээ хөрөнгөтэй болгочихлоо. Малчдаа малтай болгочихлоо. Иргэд маань 0.7 га газартай болчихлоо. Өмнөговийнхон уул уурхайн баялгаа олборлох эрхийг нь өгчихлөө. Монголчууд эрх чөлөөтэй болчихлоо гэдгээ хэсэг хугацаанд мэдэрсэн. Ардчиллын үед үг хэлсэн хүнийг шоронд хийхийг нь болиулсан. Ардчиллын үед хүнийг цаазаар авахыг нь болиулсан. Ардчиллын үед хүн хэлмэгдүүлэхийг нь зогсоосон. Цаашид ард түмэн ажлаа хийгээд, төр засаг нь бодлогоо хэрэгжүүлээд явах жирийн нийгэмтэй боллоо гэсэн бодлоос хойш Ардчилсан нам стратегигүй болж эхэлсэн. Манай лидерүүд, манай намынхан зорьсон зорилгоо биелүүлчихлээ гэж бодсон. Ингээд зорьсон зорилгодоо хүрсэн учраас одоо би яах вэ гэж эхэлсэн. Тэрнээс хойш хувь хувийн ухаан, хувь хувийн хөтөлбөр, тактикаа гаргаад эхэлсэн. Хувийн тактикууд мөргөлдсөн. Энэ мөргөлдөөн Ардчилсан намын хагарал болсон. Тиймээс АН-ын энэ удаагийн нэгдэл би биш, бид гэдэг соёл дээр суурилна. Бидний зорилго биелсэн үү гэж өөрсдөөсөө асуусан.

Бидний зорилго биелээгүй гэдгийг сүүлийн жилүүдэд маш тод томруун харлаа. Үг хэлсэн хүнийг бидний нүдэн дээр шоронд хийж байгааг бид харж байна. Шүүмжилж бичсэн сэтгүүлчдийг бидний нүдэн дээр цагдаа өдөр бүр дуудаж байцааж байгааг харж байна. Бизнесүүдийг авч ирээд шүүж байгааг бид харж байна. Өмчийг нь дээрэмдээд авч байгааг харж байна. Ковидын үед хаалттай нийгэм, дарангуйлагч Засгийн газар, дарангуйлагч төр гэж юу байдгийг бид олж харсан. Сум хооронд явах эрхийг хаасан. Аймаг хооронд явахыг зогсоосон. Бүр сүүлдээ байшингаасаа гарах эрхийг хаасан. Бид тэгэхэд юу мэдэрлээ. Ардчиллын 33 жилийн стратеги нурж унахад их амархан юм байна. Ингээд болчихдог юм байна гэдгийг олж харсан. Мэдэрсэн. Тиймээс шинэ стратегийг гаргах тэр цэгтээ бид ирчихлээ.

Тэрхүү шинэ стратеги нь танд аймаг хооронд зорчих эрхийг тань өгнө гэдэг шиг энгийн байх ёстой.Монголчууд тэр үед итгээгүй. Гайхаж байсан. Тэр үед сум, аймаг хооронд явахад томилолт, тодорхойлолт авдаг. Тэр нь жирийн жолоочид олддоггүй. Жижигхэн хурган дарганцар байж л тэрийгээ олж авна. Тийм цаг үед тэр хэлж байсан зүйлс биеллээ олсон байна. Тиймээс бидний дараагийн стратеги ийм энгийн байна. Монголчуудын амьдралд бодитоор байгаа бэрхшээлүүдийг бид шийднэ. Мачийж байгаад мянган малтай болсон ч яагаад аз жаргалтай, хангалуун амьдарч чадахгүй байна вэ. Талх жигнээд, гуанз ажиллуулсан ч яагаад амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Ардчилсан намын нэгдэл Монгол түмэнд байгаа зовлонг олж илрүүлэхэд суурилж байгаа. Асуудлын учир шалтгааныг олж Монголын ард түмэнд зориулсан шинэ стратеги гаргана. Энэ нэгдэл Монголыг босгоно. Бид МАН шиг найман жил төр баривал нэгдүгээрт, Монгол Улс өргүй болох ёстой. Дундаж орлоготой иргэдийн эзлэх хувь 50 хувь руу орж байх ёстой. Монголын ард түмэнд эрх чөлөө өгнө гэсэн том стратегийн ард гарч чадсан юм чинь одоо Монгол түмнийг ядуурлаас гаргах стратеги руу бүгдээрээ шилжье. Шударга, үнэ цэнэтэй боловсролын тогтолцоо руу шилжье. Ядаж эм нь үйлчилдэг эрүүл мэндийн салбартай болъё. Эрүүл мэндийн салбарыг шинэчилье. Өвчнөө эмчилж чаддаг улс болъё. Монголын улс төрийг ёс суртахуунтай болгоё. Ийм ялзарсан төрийг ёс суртахуунаар нь засъя. Ёс суртахуун гэдэг за бол ёогүй байхыг хэлж байгаа юм. Тиймээс олон юм амлахгүй. Маш цөөхөн юмыг маш чанартай хийнэ. Монголын ард түмэнд өгсөн бидний амлалт бол 100 хувь биелдэг баймаар байна. Монголын “за” бол андгай буй за гэж. Ардчилсан намынхан “Ардчиллын за бол андгай буй за” гэдэг үгийг чанд тогтоож, хэвшүүлэх ёстой” хэмээв.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 20, Буд гариг. Билгийн тооллын 5, онгоц одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 6:35 цагт мандан, 18:55 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 24-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд  нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 22-ноос нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Чонотой нийлсэн нохойн авир” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Т.Ганболд “Гоё сайхан үг, амлалтыг хэн ч өгч
чадна, хамгийн чухал нь ажлын үр дүн” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ховд аймгийн Засаг  дарга Э.Болормаа “Шударга ёсыг сахиулж, санаачилсан ажлынхаа үр дүнг гаргаж тултал ажиллана”  гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Чонотой нийлсэн нохойн авир” хэмээх нийтлэл хэвлэгдлээ 

“No double standart” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр “Санаатай ажиллагаа явуулж үлдсэн хугацааг минь хорих ялаар
солихоор улайран зүтгэж байна” гэлээ.

Эдийн засагч А.Батпүрэв “Бодит цалинг өсгөхийн тулд бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой” хэмээв.

 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Чонотой нийлсэн нохойн авир” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Чонотой нийлсэн нохойн авир” хэмээх нийтлэл хэвлэгдлээ