Categories
story-news

БНХАУ хилээр орж ирж байгаа иргэдээс “Ковид-19” шинжилгээний хариу шаардахгүй

БНХАУ хилээр орж ирж байгаа иргэдээс “Ковид-19” шинжилгээний хариу шаардахгүй

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Э.Цолмон: Иргэний боловсролын хичээлийн агуулгаас өөрийгөө дөвийлгөх, бусдыг ялгаварлан гадуурхах үзэл харагдаж байна DNN.mn

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь Хөтөлбөрийн газрын Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмонтой ярилцлаа.


-Хүүхдийг “Ивээх Сан”-гийн зүгээс иргэний боловсролыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн нь бидний сонирхлыг татаж байна. Та төслөө товч танилцуулна уу.

-Монгол Улс Үндсэн хуульдаа улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож байгаа улс болохоо зарласнаас хойш өдгөө 31 жил улирч байна. Бид 2020-2022 онд “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг хот хөдөөд хоёр жилийн хугацаатай, судлаачид, иргэний нийгмийн нөхөдтэйгөө хамтран сурагч, оюутнуудыг оролцуулан хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд, ардчилсан засаглал, иргэдийн оролцооны талаар зааж буй иргэний боловсрол, нийгмийн ухааны хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйд шинжилгээ хийж, ардчиллын талаарх ойлголтын талаар өсвөр үеийнхэн, залуучуудын дунд судалгаа хийсний үр дүнд залуучууд ардчилсан үнэт зүйлсийг өөрсдөөсөө хол биш илүү ойроор хүлээж авахыг бид дэмжих хэрэгтэй нь харагдсан юм. Иргэд ардчиллын үнэт зүйлсийн талаар мэдлэгтэй байх тусам оролцоотой байна. Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын тулд оролцоогоо нэмэгдүүлж, хяналтаа сайжруулах ёстой. Иргэдийн оролцоо нь ардчилсан засаглалыг хамгаалах, хөгжүүлэх гол тулгуур учраас иргэний боловсролд ардчиллын үнэт зүйлсийн талаарх агуулга чухал байдаг.

-Та сая сурах бичгийн агуулгын судалгаа хийгдсэн талаар дурдлаа. Үүний үр дүн ямар байна вэ?

-Бид төслийнхөө хүрээнд иргэн болохуйд бэлтгэх агуулга талаас нь сурах бичгийн агуулгыг судлаач, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран шинжилсэн.

Иргэний боловсролын агуулгаар дамжуулан уламжлал, зан заншил гэсэн агуулгаар хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхсан ойлголтыг хүүхдэд улам бэхжүүлж хоногшуулах, хүйс, нийгмийн байдал, үндэс угсаа, арьсны өнгө, мэргэжил зэргээр ялгаварлан гадуурхах нь хэвийн гэсэн ойлголтыг түгээх сөрөг үр дагавар ажиглагдаж байсан. Мөн түүхэн тайлбарыг хийхдээ шовинист буюу бусдаас өөрийгөө дөвийлгөх үзэл шингэсэн төдийгүй эх оронч байх гэсэн ойлголтын цаана бусад үндэстнээс аугаа, илүү гэсэн санаа давхар агуулж байгааг анхаарвал зохих талаар манай судалгааны баг маань зөвлөмждөө тусгасан. Жендэрийн мэдрэмж, түүнийт тэнцвэртэй байдлыг хангах, жендэрийн эрх тэгш байдлыг зөвхөн хоёр хүйсээр илэрхийлж байгаа нь нийгмийн ялгаатай, цөөнх бүлгийг хүлээн зөвшөөрөх хандлагыг төлөвшүүлэхэд учир дутагдалтай. Сурах бичгийн агуулгыг хүний эрхийн өнцгөөс нягтлан харахад тэгш байдлыг хангах, үл ялгаварлах, иргэний оролцоо, эгэх хариуцлагын талаар цогц, уялдаа холбоотой, өргөн хүрээг хамарч, иргэний нийгэм, төрийн байгууламж, мөн хувийн хэвшлийн үр нөлөөг тэнцвэртэй, түншлэгч байдлаар дүрслэн үзүүлэх шаардлага нийтлэгээр харагдаж байна. Сурах бичгийн агуулга нь багшид суралцагчидтай харилцах, тэдний суралцаж байгааг удирдан чиглүүлэхийн хамт сургалтын стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ажиллахад удирдлага болдог. Сурах бичгийг сургалтын стандарт, хөтөлбөрөөс шалтгаалан өөрчлөх, эсвэл хэвлэхгүй хоцроох, нэг бол багшийн арга зүйг заагаагүй үед хэвлэн тараах нь сөрөг үр дагавартай бөгөөд суралцагчийн зүгээс сурах бичигтэй байсан ч агуулгыг бүрэн ойлгохгүй байх нөхцөл бүрддэгийг бас судлаачид маань дурдсан байгаа.

-Иргэний боловсролыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын чиг хандлага ямар байдаг юм бэ?

-Олон улсын туршлагаас үзэхэд тухайн улсын зүгээс өөрийн үндэстний амин чанарт тулгуурлан дэлхий дээр амьдрах хүн төрөлхтний идэвхтэй гишүүн байхын тулд суралцагчдын үйл хэрэг болгох чадамжийг тусгайлан анхаардаг. НҮБ, Европын зөвлөлийн хүний эрхийн боловсрол, ардчиллын боловсрол, иргэний боловсролын агуулгын хүрээг чадамжаар нь дараах байдлаар илэрхийлж байгаа нийтлэг хандлага байна.

Үүнд: 1. Хүмүүс хоорондын харилцааны ур чадвар: Харилцааны ур чадвар, зохион байгуулах ур чадвар, багаар ажиллах, хамтрах, нийгэмтэй харьцах, хамтран амьдрах, нинжин сэтгэл, хичээл зүтгэл гэж юу болох, яагаад чухал болох; 2. Хувь хүний ур чадвар: Өөрийн хүмүүжил, бие даан сурах чадвар, уян хатан, дасан зохицохуй, өөрийгөө мэдэх,тууштай байдал, өөрийгөө сэдэлжүүлэх, идэвх чармайлт гэж юу болох, яагаад чухал болох, өөрийн хүндлэл, чигч байдал/integrity; 3. Шүүн тунгаах, шинийг санаачлах сэтгэлгээ: Бүтээлч байдал, энтерпренер сэтгэлгээ, эх сурвалжтай харьцах, хэрэглээний ур чадвар, эргэцүүлэх сэтгэлгээ, үндэслэлтэйгээр шийдвэр гаргах; 4. Мэдээлэл, харилцаанд нэвтэрсэн байдал: Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ёс зүйтэй хэрэглэх, мэдээлэл, медиа агуулгыг шүүн тунгаах чадвар, мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан мэдээлэл авах, задлан шинжлэх чадвар; 5. Иргэний боловсрол: Өөрийгөө мэддэг байх, нээлттэй байх, ялгаатай байдлыг хүлцэн тэвчих, хүндэтгэх, зөрчилдөөнийг шийдвэрлэх хариуцлага, ур чадвар, ёс зүйн болон соёл хоорондын ойлголттой байх, ардчилсан оролцоо, эх дэлхий байгаль орчноо хайрлах/хүндэтгэх болон үндэсний амин чанар бөгөөд хамаарал, ижилсэхээ мэдрэх мэдрэмжийн асуудал, 6. Бусад: Эрүүл амьдралын хэв маягийг таашаах, шашны үнэт зүйлсийг хүндэтгэх зэрэг чадамжуудыг ерөнхий агуулгад оруулах чиглэлтэй байна.

-Хичээлийн хөтөлбөр, агуулгыг шинжлэхээс гадна хүүхдүүдийн ойлголт хандлагыг бас тодруулсан юм байна. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Иргэний ёс зүйн боловсрол, нийгмийн ухааны хичээлээр ардчиллын тухай ойлголтыг залуучууд хэрхэн олж авдаг вэ, хичээлээр авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж чаддаг уу, төрийн байгууллага болон ардчиллын үйл явцад залуус оролцохдоо ардчилсан үнэмшлээ ашиглаж чадаж байна уу? Эдгээр асуултад илүү оновчтой хариулт олж авсанаар ардчиллын талаарх залуусын өнөөгийн түвшнийг үнэлж цэгнэх боломжтой. Судалгаанаас үзэхэд, ардчилал, түүний үнэт зүйлсийн талаар эерэг бодолтой буюу ардчилал нь тэдний өнөөдрийн болон ирээдүйн амьдралд маш чухал нөлөөтэй зүйл гэж олонхи, залуус үзэж байна. Залуучууд ардчилал, ардчиллын үнэт зүйлсийг мөнгө, эдийн засгийн боломж зэргээс илүү ач холбогдол өгч үнэлж байна. Мөн Монгол Улс ардчилсан улс байж хөгжих нь үнэт зүйл мөн гэж тэдний 83.6 хувь нь хариулжээ Залуучууд хүний эрхийг дээдлэх, хуулиар баталгаажуулах, нийгэмд хүн бүр хүний эрхийг дээдлэн, тэгш эрхтэй байх, иргэний үүргээ ухамсартай биелүүлэх, хэн нэгнийг шашин шүтлэг, гарал үүсэл, нийгмийн байдлаар нь ялгаварлахгүй байх, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүүхэд залуучууд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, төрийн байгууллагад өөрийн дуу хоолойг хүргэх зэрэг ардчиллын тулгуур ойлголтын талаар зөв үнэлэмж, эерэг бодолтой байна. Гэвч ардчилал, түүний үнэт зүйлийн талаарх онолын ерөнхий мэдлэг, ойлголтыг өнгөн талдаа хүлээн зөвшөөрч, дэмжихийг илэрхийлж буй боловч тухайн ойлголтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх, уламжлалт зан заншил, ёс суртахуун зэргээс ялгаж ойлгох байдал тааруу байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл уламжлалт байдлаар тэдэнд болон нийгэмд өвлөгдөн ирсэн зан үйл, заншил, хэв маягийг эрхзүйгээр баталгаажиж, дэлхийн хүн төрөлхтний хэмжээнд хүлээн зөвшөөрсөн ардчиллын үнэт зүйлстэй хольж ойлгох байдал ажиглагдаж байв. Өсвөр үеийнхэн маань ардчилсан сонгуулиар төр, засгийн байгууллагыг сонгож байгуулахын чухлыг ухамсарладаг хэдий ч тэдгээр байгууллагын үйл ажиллагаа, иргэдийн өмнө хүлээх үүрэг, иргэн хүн хэрхэн оролцож, санал бодлоо илэрхийлж ажиллах тухайд мэдлэг, ойлголт, практикт чадвар дутмаг байна. Ялангуяа залуучууд, иргэдэд хамгийн ойр байх ёстой нутгийн удирдлагын байгууллага ИТХ, ИНХ-ын талаар ойлголт төсөөлөл муу байгаа нь харагдаж байна. Залуучууд сонгуульд оролцох нь чухал гэж дүгнэж байгаа хэдий ч улс төрийн намын үүрэг хариуцлага, мөрийн хөтөлбөр зэргийн талаар ойлголт төсөөлөл тааруу, зөвхөн нэр дэвшигчийг хувь хүнийх нь чадвар, туршлагыг нь эрхэмлэж сонгоно гэсэн өрөөсгөл хандлага харагдаж байна. Сурагчид ардчилал, түүний үнэт зүйлсийн тухай мэдлэгийг ихэвчлэн сурах бичгийн хэмжээнд, онолын ойлголтын хүрээнд дунд зэргийн мэдлэг олж авдаг гэсэн байдлаар хариулжээ. Иргэний боловсролын сургалтын нэмэлт материалын хүрэлцээ хангалтгүй, эндээс орчин үеийн ойлголт, мэдлэгийг тааруу олж авдаг гэж дүгнэсэн байна. Залуучууд ардчиллын тухай мэдлэгийг ихэвчлэн хичээлээс болон интернэт, вэб сайт зэрэг цахим орчноос олж авдаг байна. Хүүхэд, залуучууд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нийгэмд хувь хүн төлөвших хамгийн чухал дадал юм. Гэвч тэдний томчуулд тавьсан асуудал шийдэгддэггүй (үр дүнгүй), тэдэнтэй харьцах арга замаа сайн олдоггүй зэргээс шалтгаалж, зарим талаар багш, сургуулийн захиргаанаас эмээдэг (нээлттэй биш) бэрхшээлээс болж хүүхдүүд сургуулийн орчинд асуудлаа шийдвэрлэхээс төвөгшөөдөг тал нийтлэг ажиглагдав. Боловсролын хөтөлбөр боловсруулалт дээр манай төрийн байгууллагууд, их дээд сургуулиуд, судлаачид, ОУБ-ууд, ИНБ бүх талаасаа судалж ажиллаж байгаа нь сайшаалтай. Олон ургальч үзэл хандлага, нотолгоонд суурилсан арга зүй, агуулга дээр хамтран ажиллавал цаашид улам боловсронгуй болох болов уу. Бид сурагч оюутнуудынхаа бие даах чадвар, иргэн болохуйн боловсролыг олгох маань нийгмийн сайн сайхан байдал, хүний эрх, хариуцлага, оролцоотой нийгмийн гишүүн болж амьдрахад дэмжлэг үзүүлэх байдлаар хөтөлбөр цаашид шинэчлэгдэн боловсронгуй болно гэж итгэдэг.

Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив DNN.mn

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын чухал гуравдагч хөрш ХБНГУ-тай өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх, шат ахиулахад Элчин сайд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Х.Р.Кулитц 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг үр дүнтэй тэмдэглэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллахаа онцлов.

Categories
гадаад мэдээ

“BRICS” өргөжив үү, агшив уу? DNN.mn

Энэ жилийн “BRICS”-ийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулсан ӨАБНУ-ын ерөнхийлөгч Сирил Рамафоза шинэ гишүүдийг сонгох зарчим, стандарт, шат дараалал дээр одоогийн гишүүд санал нэгдэж чадсан тухай мэдээлэв. Гэхдээ тэр яг ямар шалгуурууд тавьсан талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тухайлбал 274 сая хүн амтай Азийн хүчирхэг орон Индонез хүсэлт гаргасан ч элсэж чадаагүй байна. Нийт 20 гаруй улс элсэх хүсэлт гаргаснаас “BRICS”-ийн одоогийн таван гишүүн орны санал нэгдсэн улсуудыг энэ удаа сонгон шалгаруулсан гэжээ.

Өрнөдийн хөгжингүй орнуудтай өрсөлдөж, хүчний харьцааг тэнцүүлэх зорилготой “BRICS”байгууллагыг Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсууд үүсгэн байгуулсан.Хөгжиж буй улсуудын эдийн засгийн бүлэг болох энэхүү “BRICS” байгууллагад Иран, Саудын Араб, Египет, Аргентин, Арабын нэгдсэн Эмират, Этиоп улсууд ирэх оноос эхлэн гишүүнээр нэмэгдэх болж байна. Гэхдээ эдгээр шинэ гишүүн орнууд хоорондоо нэлээд ялгаатай буюу дарангуйлагч дэглэмтэйгээс эхлээд хөгжиж буй ардчилалтай, дунд орлоготойгоос бага орлоготой гээд янз бүрийн түвшний орнууд байгаа юм.

“BRICS”-ийн шинэ гишүүд тус байгууллагаас юу хожих нь тодорхойгүй байна. Одоогоор энэ нь юу юунаас илүү бэлгэдлийн чанартай, дэлхийн дэг журмыг өөрчлөх гэсэн хөгжиж буй ертөнцийн хүсэл эрмэлзэл мэт харагдаж байна” гэж Америк хоорондын яриа хэлэлцээ байгууллагын Ази, Латин Америкийн хөтөлбөрийн захирал Маргарет Майерс тайлбарлан хэлжээ. Энэ байгууллага Иран улсыг элсүүлснээр улам бүр өрнөдийн эсрэг, ардчиллын эсрэг, улс төржсөн байгууллагын шинжтэй болж байна. Харин Аргентины хувьд эдийн засгийн хүндрэлээсээ гарахын тулд шинэ боломж, шинэ зах зээл хайж байна. “BRICS”-ийн гишүүн болсноор шинэ зах зээлд нэгдэх, хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг өсгөх гарц гэж харж байгаагаа тус улсын ерөнхийлөгч Альберто Фернандес илэрхийлсэн. Мөн Этиоп улсын хувьд “бага орлоготой” улсын ангилалд багтдаг “BRICS”-ийн цорын ганц гишүүн болж байна.

“Хятад, Оросын хувьд энэ нь ялалт болж байна. Тэд “BRICS”-ийг өргөжүүлэх бодлогыг сүүлийн таван жилийн турш тулгаж байсан. Хятадын хувьд Бээжинд төвтэй дэг журмыг тогтоох зорилго нь үргэлжилж байна. Оросын хувьд энэ нь одоогийн ганцаардлаас гарах нэг боломж юм. Харин Бразил, Энэтхэг улсууд Хятад зэрэг илүү хүчирхэг гишүүний дэргэд нөлөө нь буурч байгаа тул өргөжүүлэх сонирхол төдийлөн байгаагүй гэж бодож байна” гэж Олон улсын стратеги судлалын төвийн дэргэдэх Америкийн хөтөлбөрийн захирал Риан Бэрг хэлжээ.

“BRICS”-ийн өргөжилтөд хайхрамжгүй хандаж болохгүйг судлаачид бас анхааруулж байна.“Энэ бол Их долоо болон өрнөдийн бусад тоглогчдын хувьд хайхрамжгүй хандаж болохгүй чухал үйл явдал. Шинэ гишүүдээр өргөжсөнөөр, ялангуяа газрын тосны том үйлдвэрлэгч нэмэгдсэнээр “BRICS” нь дэлхийн эдийн засаг, хүн амд том байр суурьтай болж байна” гэж Маргарет Майерс хэлжээ.

ӨАБНУ-д болж өнгөрсөн энэ удаагийн “BRICS”-ийн чуулган эдийн засгийн гэхээсээ улс төрийн “тоглолт” болж өндөрлөв. Учир нь “BRICS” дэлхийн мөнгөний 25 хувийг л бий болгодог. Энэ бүлэг цаашид ам.доллараар худалдаа хийхгүй гэж байгаа бол хэдэн гишүүн нэмсэн ч эдийн засаг нь улам л агшиж энэ тоо улам л багасна.Энэ удаагийн улс төрийн тоглолтод өөр улсад очиж баривчлагдахаас айсан Путин цахимаар оролцов. Чуулганы гол зорилго болох “Манай байгууллага олон гишүүнээр өргөжих гэж байна” гэсэн мессеж нь үнэндээ Хятад, Орос гэх мэт дарангуйллын тогтолцоотой улсуудын дотооддоо зориулсан тоглолт байв. Мөн дэлхийн улсууд дарангуйлагч, дундыг баригч, ардчилсан гэсэн бүлэгт нэгэнт хуваагдан нэгдсэн нь энэ чуулганаар бүрэн тодорхой болов. Учир нь НҮБ-ын гишүүн улсуудын 3/2-оос хамаагүй илүү гарах улсууд ардчилсан улсуудын бүлэгт нэгдээд байгаа бөгөөд энэ нь ирэх саруудад болох НҮБ-ын нэгдсэн чуулганаар дүрэмдээ өөрчлөлт оруулан Орос, Хятад хоёрыг Аюулгүй байдлын Байнгын хорооны гишүүнээс түдгэлзүүлэх эсвэл хасахад хангалттай “хүч” юм. Иймээс “BRICS” үнэн хэрэгтээ өргөжөөгүй харин ч эрчимтэй агшиж байна.

Г.АМАРСАНАА

Categories
нийгэм цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.


2023 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 09 дүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 02-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +20…+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна.

Categories
нийгэм цаг-үе

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Өнөөдөр буюу наймдугаар сарын 29-ний мягмар гарагт сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14-ний өдрийг дуустал автомашины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар тушаал гаргасан.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Эзэнгүй ноорхой Улаанбаатарын эзэн бүр нь хөдөөнийх… DNN.mn

Улс түмнээрээ Улаанбаатарт амьдардаг, Улаанбаатраас хамааралтай байдаг нь хоттой холбоотой шуугиан бүрээс харагддаг. Хүн бүр хот хөдөөгүй шуугьдаг биз дээ. Энэ зун үер усанд урсах шахсан, зарим газартаа урссан Улаанбаатарынхан бүгд л нэгэн дуугаар хотын захирагч Д.Сумъяабазарыг зүхэв. Одоо залгуулаад их түгжрэл эхэллээ. Бас зүхэх ажилдаа орцгоолоо.

Түгжрэлтэй холбоотой ярьж байгаа хүмүүсийн ганц сэдэв нь “Түгжрэл бууруулна гэж улсын төсвөөс өгсөн 420 тэрбум төгрөг чинь хаачив аа” гэж. Бодит байдал дээрээ Засгийн газраас нийслэлийг “420 тэрбум төгрөгийн татвараа олоод, түүнийгээ хот мэдэж захиран зарцуул” гэсэн шийдвэр. Гэвч 420 тэрбум төгрөг нь нийслэлд татвараар цуглаагүй, тэгсгээд Засгийн газраас 420 тэрбумын эрхийг нь “Улсын төсөв хүндэрсэн учраас…” гээд буцаагаад татчихсан. Үүнийг Нийслэлийн Засаг дарга нь ч иргэддээ хэлэхээс жийрхдэг, Засгийн газар, УИХ-ын зүгээс ч ийм юм болсон талаар тайлбар өгөх сонирхолгүй. Ердөө л ийм л зүйл болсон нь бодит үнэн. Нийслэлийн нэг сая гаруй иргэд, тэр дотроо учир мэдэх сэхээтнүүд, юмны наад цаадхыг гадарлах, улс төрд ойр байдаг хүмүүс юу болсныг гадарладаг ч Сумъяабазарт муу байдаг юм уу… “Өнөө 420 тэрбумаа яачиваа…” гээд л хар масстай хамтран нийгмийн сүлжээгээр нэхээд, зүхээд өнөөдрийг хүрлээ. Ер нь нийслэл хотын эргэн тойронд энэ мэт маш олон асуудал байгааг, тэр бүгдийн үнэнийг ард түмэн мэдэхгүй явж ирлээ. Мэдүүлэхийг хүсэхгүй далд хүчин зүйлсийн хайчин галд нийслэлийн удирдлагууд баларч байгаа. Энэ сэдвийг ингэсгээд орхиё.

Харин одоо хүн бүр гадарлах хэрнээ дуугардаггүй сэдвийг энд бичье. Сая баахан аймаг, сумдын тэгш ойнууд боллоо. Ирэх жил энүүнээс олон ой болох сурагтай. Тэдгээрийг тэмдэглэхэд улсын төсвийг хуваариладаг УИХ-ын гишүүд гол дүр нь байцгаана. Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд ч аймаг сумдын ойн арга хэмжээнүүдийн гол дүрүүд байна. Тэд бүгдээр тэгш ойтой тэдгээр аймаг сумдад төсөв хуваарилаж, наадмын талбай, 500 метр хүрэхгүй асбальтан зам, хашаа хайс… юу юунд ч улсын төсвийн мөнгийг тарж бутаргахыг таашгүй. Хөдөөд хуваарилан тараах лоббиг хүчтэй хийцгээнэ. Үр дүнд нь Улаанбаатар хот төсөвгүй сүйрнэ. Өнөөх гишүүд аймаг сумдын тэгш ойн индэрт торгон дээлтэй, эхнэр хүүхдүүдтэйгээ ханхалзана… Ердөө энэ.

Сая харав уу, тэднийг тэгж явах хойгуур нь тэдний ажиллаж амьдардаг, бизнес нь хийгддэг, амь амьдрал нь болсон Улаанбаатар хот урсаж, өнөө муу С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёр хараалган зүхүүлэн шавар шалбаагт унасныг. Мань хоёрын зүгээс “Төсөв нь хангалттай бол… өнгөрсөн 30 жилд жаахан ухаалаг, шударга энэ хотыг удирдсан бол…” гэхээс өөр хэлэх үггүй хөлсөө шувтран хүрз шуудайтай ноцолдов. Өнөөдөр ч махаа зулгаацгааж байна.

Эзэнгүй ноорхой нийслэлд С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёроос өөр хүнгүй юм шиг, энэ хотын эзэн бүр нь хөдөөнийх болоод явчихдагт л зовлон нь байна. Үүнтэй маргах хүн байна уу. Хүн амынх нь талаас илүү хувь нь амьдарч, энэ улс орны эдийн засгийн 70 хувь нь эргэлдэж байгаа Улаанбаатарын төсвийн ихэнхийг нь өнөө хотын хөдөөнийнхөн орон нутаг руугаа зөөж байна. Хорин өрхтэй багийн төв дээр 200 хүүхдийн сургууль барьж, жилдээ ганц удаа хаалгаа нээдэг сумын клубыг нь хэдэн тэрбумаар Соёлын төвийн барилга болгон өргөтгөж байна. Тэдгээрийг нь тэгээд бас УИХ-ын гишүүдийн түрийвч болсон жижиг барилга засварын компаниуд бариад байгаа шүү. Яг үнэндээ жилдээ хоёр үзэгдэж, сонгогчидтой уулзалтаа хийдэг Соёлын төвийн барилгад зориулж Нийслэлийн төсвийг тэр чигээр нь хулгайлаад байхаар Нийслэл чинь асуудлаа яаж шийдэх юм бэ. Цаагуураа өөрийнх нь бизнес болчихсон байдаг орон нутаг дахь улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг бүгдийг нь Улаанбаатарын төсөвт шингээх цаг одоо болжээ. Өнөөдөр нэхээд, сүйд болоод байгаа 420 тэрбумыг нийслэлээс Засгийн газар буцааж авсан нь ийм л учиртай.

Ингээд үр дүнд нь хот эзэнгүй юм шиг, эзэн гэж байгаанууд нь бүгд хөдөөнийхөн болчихсон, тэгсэн хэрнээ амьдардаг хотоосоо чанар шаардан попорч сууцгаана. Шулуухан хэлэхэд хөдөөгийн ард түмэнд саймширч, саналыг нь худалдан авдаг нөхдийн золиос Улаанбаатар хот боллоо. Худлаа гэвэл энэ зун та нар тэгш ой нь болсон аймаг, сумдын наадмыг харсан. Хотынхон тэр чигээрээ байгаа биз дээ. Өнөө төсөв бүрдүүлдэг, хуваариладаг, мэддэг хүн бүр тэдгээр тэгш ойнуудад “Би энэ сумын, энэ аймгийн хүүхэд шүү дээ” гээд торгон дээлтэй очоод сууцгаачихсаныг. Тэдний тэр сум аймагтаа аваачиж бэлэглэж байгаа бүгд нь Улаанбаатарыг хөгжүүлэх ёстой мөнгөнүүд байгааг. Үүнд хамгийн үүрэг рольтой нь Нутгийн зөвлөлүүд. Аав ээж, эмээ өвөө, удам судартаа хайргүй хүмүүс гэж хаана ч байхгүй. Гэхдээ учиртай хандмаар байна. Учир нь юу гэвэл “Нутгийн зөвлөл” нэрээр Монголын эдийн засгийн гол төвөө самран доройтуулж, мөнгө хөрөнгийг нь цөлмөдөг.

Өнөөдөр та бүгдээрээ хөдөөнөөс нийслэл Улаанбаатартаа эргэн ирцгээлээ. Баруун талд Эмээлтийн шалган даваад л түгжрэл зовлон. Зүүн тал Баянзүрхийн товчоогоор орж ирээд л “Яагаад тэгш сондгой гээд гэр рүү минь явуулахаа байчихав аа…” гээд фэйстээ, твитертээ бичээд, машиныхаа цонхоор хараал урсгаад эхэллээ. Үүнд тэгээд хэн буруутай юм бэ. Амьдарч, амьжиргаагаа залгуулж, бизнесээ тэлж, сайн сайхан амьдарч байгаа Улаанбаатартаа эзний сэтгэлээр хандаж чадахгүй байгаа та бидний буруу. Яг ийм сэтгэхүйтэй байгаа та бидний сонгосон УИХ-ын гишүүд, төр засгийг удирдаж байгаа хүмүүс, тэдэнд үйлчилдэг “Нутгийн зөвлөл” хэмээх мафийнхны буруу.

Өнөөдөр өгөрч гандах зам дээрээ дүнсийж байгаа аймгийн наадмын талбайг хэдэн тэрбумаар Хэнтий, Говь-Алтай, Архангайд барих ямар шаардлагатай байсан юм бэ. Тэр их мөнгөөр түгжрэлийн асуудлаа шийдэхэд нэмэрлэх нь зөв байгаагүй юм уу.

Удахгүй утаа эхэлнэ. Бүр урьдын урьдынхаас аймшигтай ихээр утаан дунд улаанбаатарчууд энэ өвлийг авах нь тодорхой болсон. Яагаад гэвэл өнөөх сайжруулсан түлшний үйлдвэр чинь Хятадын хогоор барьсан, тэрийгээ монголчлон байж өнгөрсөн өвлийг давсан, өнөөдөр нэг мөр зогссон. Энэ үнэнтэй эвлэрцгээ. Тэгш ойгоо хийсэн тэдгээр аймаг сумдад 300-400 дуучин хуурчин аваачиж цэнгэн хөгжилдсөн төсвөө хагас коксжсон нүүрсэндээ зарцуулсан нь зөв байгаагүй юм уу.

Яг үнэндээ, энэ зун 100 жилээ хийсэн дөрвөн аймаг, 40 гаруй сумдын ойд үрсэн мөнгөөр та нар эзэн нь байгаа Улаанбаатарт хагас коксын үйлдвэр байгуулчих байсан шүү. Эсвэл нийслэлчүүдийн түгжрэлийн төв цэг болсон Сүхбаатарт дүүрэгт түгжрэлийг эрс бууруулах гүүрэн болон нүхэн гарц, дугуйн зам, гэрлэн дохионы ухаалаг зохион байгуулалтыг хийчих байсан шүү гэдгийг онцгойлон хэлэх байна.

Одоо амьдарч байгаа Улаанбаатараа хар!!! Эзэн нь байх ёстой та нарын хөдөөнийх байгаа сэтгэхүйн чинь төлөөс, бас гай. Өөр буруутныг хайх хэрэггүй. Та нийслэл хотдоо эзэн шиг нь бай, эзэн шиг нь ханд. Та бол хөдөөнийх биш хотын хүн, Улаанбаатарын иргэн шүү.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Инженер Х.Ганболд: Нийтийн тээврийн зөв шийдэл бол тусгай замын автобус DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганболдтой ярилцлаа.


-Замын түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин болсон. Гарц шийдэл юу байж болох талаар мэргэжлийн хүнээс шууд асуумаар байна?

-Түгжрэл бодит асуудал болсон гэж зөв хэллээ. Гэхдээ өнөөдөр бий болчихоогүй, сүүлийн 20 30 жил бидний гаргасан шийдвэр ийм байдалд хүргэчихсэн. Мэргэжлийн хүний зүгээс харахад 20, 30 жилийн хугацаанд үүссэн түгжрэлийг арилгахын тулд урт удаан хугацааны зөв бодлого, төлөвлөлттэй менежмент, дээр нь ганцхан замын салбарыг ярьж болохгүй. Түгжрэлд хүргэж байгаа маш олон факт шалтгаанууд байна. Энэ бүх талаас нь харж урт удаан хугацаанд зөв менежмент авч хэрэгжүүлэх ёстой. Одоогийн хотын удирдлагууд түгжрэлийн үр дүнтэй тэмцээд байна. Мэдээж хот төлөвлөлт нэг номерын асуудал. Өнгөрсөн хугацаанд хот төлөвлөлтийг алдсан. Дэвшилттэй нь сүүлийн үед бүгд энэ талаар ойлгож ярьдаг боллоо. Дээр нь нийтийн тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалт, хууль дүрэм, хөрөнгө санхүүгийн асуудлыг цогцоор нь шийдэж байж Улаанбаатар хотын авто замаар зогсохгүй хүн амьдрахад тав тухтай орчин бүрдэх эсэхийг шийдэх гаргалгаа юм.

-Метро, LRT гээд ярьдаг. Биелэхгүй юм. Биелж болох, хамгийн ойрын хугацаанд үр дүнтэй хийж болох ажил байна уу?

-Эрх баригчид маань нэг бол метро, нэг бол дүүжин тээвэр, эсвэл тусгай замын автобус, LRT гээд жил хүрэхгүйн хугацаанд бодлогоо өөрчлөөд байна.

Гэхдээ нэг сайн тал нь нийтийн тээврийг сайжруулах ёстой гэдгийг ойлголоо. Нийтийн тээврийг сайжруулахгүйгээр хотын авто замын түгжрэлийг шийдэх ямар ч боломжгүй. Гэлээ гээд нийтийн тээврээ сайжруулаад авто замаа хаяна гэсэн үг биш. Тэгэхээр бүгдийг зэрэг хөгжүүлэх ёстой. Ямар нэгэн байдлаар шийдвэрээ гаргаад аль болох хурдан хугацаанд нийтийн тээврийн масс тээвэрлэлтийн системийг хийх ёстой. Одоо манайд массын нийтийн тээвэр гэж алга. Автобусаар л шийдэж байна.

Миний харж байгаагаар манай улсад нэг номерт тусгай замын автобус хэрэгтэй гэж хэлнэ. Энэ бол нөгөө хэдийгээ бодвол анхны хөрөнгө оруулалтын зардал харьцангуй бага. Тээвэрлэх хүчин чадал метротой дөхөж очдог. Өөрөөр хэлбэл, метро барих тусгай замын автобус барих төсөл хэрэгжүүлэхэд нэвтрүүлэх өнгөрүүлэх чадвар бараг адилхан, харин өртөг нь метрогоосоо бага.

-Тусгай замын автобус гэдгээ тодруулаач?

-Замынхаа зориулалтын эгнээ гаргаж өгнө. Түүгээр нь зөвхөн автобус явдаг. Дэлхийн ихэнх улсууд замын дотор талд хийдэг. Автобусны буудлуудаа голд нь байршуулах замаар хийдэг. Ингээд зөвхөн угсаа урт автобусууд явна. Автобусны буудлууд нь битүү байх жишээтэй. Гэхдээ энэ манайд шинэ зүйл биш л дээ. 10-аад жилийн өмнө Азийн хөгжлийн банкны 200 гаруй сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотод хоёр тэнхлэгийн төсөл эхэлсэн. Бүр төсөл хэрэгжүүлэх нэгжээ байгуулж, зураг төслөө хийсэн. Яг төсөл хэрэгжүүлэх шатанд зогссон. Тухайн үед энэ ажил хийгдсэн бол өнөөдөр том дэвшил гарчихсан байх ёстой. Дараа нь метро ярилаа, одоо LRT ярьж байна. Дундуур нь дүүжин тээвэр гэж баахан юм ярилаа. Манайх шиг хөрөнгө мөнгө буурай улсад тусгай замын автобус маш зөв шийдэл.

-Гэхдээ бас л тодорхой цаг хугацаа, хөрөнгө шаардагдах нь. Ядаж энэ намар, өвөлдөө замын түгжрэлээ бууруулж болох хувилбар сонсох гээд л?

-Богино хугацаанд үндсэн хоёр ажил хийх хэрэгтэй. Нэгд, хууль дүрмийн хэрэгжилтийг чангатгах. Авто замын хөдөлгөөний дүрэм журмын мөрдөлтийг чангатгах ёстой. Дүрэм зөрчдөг, хориглосон газарт зогсдог, хотын төв хэсгийн бүсэд өглөө машинаа хаячихаад орой ажлаа тарах хүртэл байрлуулдгийг цэгцэлнэ гэсэн үг. Зогсоолуудаа төлбөртэй болгож, зогсоолын цагдаа гаргах хэрэгтэй. Машин ачдаг шиг биш. Машин ачаад байгаа чинь үр дүн багатай, ачиж байгаа нь өөрөө хөдөлгөөн нэмж байгаа явдал. Хамгийн өртөг зардал багатай нь зогсоолын цагдаа. Газар дээр нь торгууль бичдэг, асуухгүйгээр бичдэг. Зогсох ёсгүй газарт зогссон, дүрэм зөрчиж байгаа жолооч бүрд шууд газар дээр нь торгууль бичнэ. Торгууль нь өндөр дүнтэй, хүнд цохилт өгөхүйц, дахиж дүрэм зөрчиж болохгүй гэдгийг ойлгуулна. Харин тэр торгуулийн мөнгө нь буцаад замын түгжрэлийг бууруулахад зарцуулагдах ёстой.

-Зогсоолоо шийдээгүй байж торгож, машин ачих нь хэр зохистой вэ?

-Угаасаа дэлхийд бүх зогсоол хүрэлцээтэй газар нэг ч байхгүй. Зогсоолыг хүрэлцээтэй болгох боломж ч байхгүй. Хүн байгаа зогсоолыг хууль дүрмийн хэмжээнд ашиглах ёстой. Үнэхээр очих газар нь зогсоолгүй бол машинаа аль болох зогсож болох газарт байрлуулж, эсвэл нийтийн тээврээр явах ёстой. Харин нийтийн тээвэр нь сайн үйлчилгээтэй байх хэрэгтэй. Хэрэгцээтэй газар бүрд зогсоол гаргаж өгөөд, түүний дараа хууль дүрэм зөрчихөө больё гэдэг боломжгүй зүйл.

-Нийтийн тээврийг яаж хөгжүүлнэ гэж?

-Нийтийн тээврийг нэгд, эдийн засаг нь зөв бүтэцтэй болгох хэрэгтэй юм. Нийтийн тээврийн систем өөрөө ашигтай ажиллах ёстой. Зорчигч нь өөрөө мөнгө төлдөг, зардлаа гаргадаг байх хэрэгтэй. Нийтийн тээврийн орлого жил ирэх тусам буурч байгаа. Автобус компаниуд өмнөх жилүүдэд 50-60 тэрбум олдог байсан бол өнгөрсөн жил 30 гаруй тэрбумын орлого олсон. Зорчилтын тоо багасаагүй хэрнээ орлого нь буурсан. Учир нь үндсэн систем маань буруу болохоор улсын татаасаар яваад байгаа юм. Өмнө нь жилд 80 тэрбумын татаасыг улсаас автобус компаниудад өгдөг байлаа. Одоо явсаар байгаад 200 тэрбум болчихлоо. Систем буруу болохоор улсаас гарч байгаа энэ их мөнгө элсэнд ус асгаж байгаатай адил алга болчихоод байгаа юм.

Нийтийн тээврийн компаниуд татаас аваад сурчихсан учраас үйл ажиллагаагаа сайжруулах сонирхол байхгүй, зорчигчоос бүрэн мөнгөө авах хүсэл ч байдаггүй. 2022 оны тоон мэдээллээс харахад манай нийт зорчилтын 60 орчим хувь нь үнэгүй явдаг. Улсаас татаас өгчихдөг болохоор автобус компаниуд зорчигчоос мөнгөө бүрэн авах сонирхолгүй. Тэгэхээр энэ зорчилтыг зөв болгох ёстой, улсаас татаас өгөхийг болиулах ёстой.

-Тасалбарын үнэ нэмэх шаардлагатай гэдэг?

-Тасалбар нэмэх шаардлагагүй. Улсын татаасыг автобус компаниудад биш нийтийн тээврээр үнэгүй явах шаардлагатай нийгмийн бүлгүүдэд картанд хийж өгөх боломжтой. Бусад нь толгой дараалан мөнгөө төлөхөд компаниуд өөрсдөө анхаараад явчихна. Ингээд нийтийн тээврийн эдийн засгийн системийг зөв явуулбал ашигтай ажиллуулж болно. Тэгвэл компаниуд өрсөлддөг болно, үйлчилгээндээ, зорчигчдод анхаарч эхэлнэ. Гэтэл одоо бол тэгэх шаардлага алга. Улсаас мөнгийг нь өгчихнө, автобус аваад өгчихнө. Одоо бүр 400 тэрбум төгрөгөөр 1800 автобус авна гээд ихэнхийг нь авчихлаа. Нийтийн тээврийн системийг нь өөрчлөөд өгвөл хүссэн хүсээгүй үйлчилгээ сайжирна.

-Та авто замын инженер хүн. Манай хотын авто замын стандарт, сүлжээ хэр сайн бэ?

-Манай авто замын стандарт олон улстай харьцуулахад сайн шүү. Гол нь аливаа нэг системийн хэрэглэгч нь зардлаа төлдөг байх ёстой. Авто замын системийг хэрэглэж байгаа хэрэглэгч нь ч мөнгөө төлөх ёстой гэсэн үг. Одоо Улаанбаатар хотод авто зам ашигласны төлбөрт жилд нэг машинаас 20-40 мянган төгрөг авдаг. Улаанбаатарт явж байгаа нэг машин өдөрт 87 төгрөг төлдөг гэсэн үг. Хотын нийт авто замын сүлжээ 1000 гаруй км. Дэлхий дээр ийм хямдхан төлбөртэй ямар ч улс байхгүй. Жишээ нь, Бээжин хотод жижиг оврын машин ойролцоогоор автомашины дугаар зүүсний татвар, авто зам ашигласны төлбөрт 1500 юань, манайхаар жилдээ 700 мянган төгрөг төлдөг. Тэр мөнгө нь авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулахад зарцуулагддаг.

Яахав, манайд нэг машины авто замын төлбөрийг 300 мянга болгоё гэхэд нийслэлийн авто зам ашигласны хураамжид 200 гаруй тэрбум төгрөг цуглуулах боломжтой. Үүгээрээ замаа өргөжүүлэх, түгжрэлээ багасгах эх үүсвэр болгоход боломжийн зардал. Энэ мөнгийг авах нь шударга. Түгжрэлийн төлбөр ингэж гарах ёстой.

-Сайхан шийдлүүд ингээд яригддаг. Зарим шийдвэрүүд олон нийтийн эсэргүүцэлтэй тулаад л зогсчихдог. Бодитой шийдлүүд хэрэгжихгүй байна шүү дээ?

-Манайд гарч байгаа саналууд дандаа мөнгө зарцуулах шийдвэрүүд байдаг. 400 тэрбумаар автобус авлаа, жилд 200 тэрбумыг нийтийн тээвэрт татаас олгож байна. Харин буцах урсгал нь байхгүй. Ингэж явсаар төсөв дийлэхгүй. LRT барина гээд байгаа. Гэхдээ манай нийтийн тээврийн систем одоогийнх шигээ байвал мянган гоё метро, LRT бариад эдийн засгийн хувьд урагшаа явахгүй. Өөрийгөө авч явж чадахгүй, нэг цэгт очоод дахиад л дампуурна, дахиад л улс татаас өгдөг цемент болно. Өөрөө ажиллаж мөнгөө олдог байх ёстой гэдгийг л бид ухаарч ажиллах ёстой.

Нөгөө талаар хот төлөвлөлт гэж том асуудал бий. Төвлөрлийг сааруулах ёстой. Үүнийг нийтээрээ ойлгож байгаа. Улаанбаатарт ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх төсөл хэрэгжиж байгаа. 17 байршилд хийж байна. Хуучин Нэхмэлийн шар, Төмөр замын шар гээд барилгуудыг буулгаад шинэ барилга барьж байна. Үүний менежментийг хот маш буруу зохион байгуулсан. Төсөл хэрэгжүүлэгч компанид тендер зарлаад өгчихнө. Хуучин 20-30 айлын байруудыг буулгаад доод тал нь 16 давхар барилга барьчихаж байгаа. Хуучин 20 айл байдаг газар дээр 200 айл амьдарч байна. Төвлөрөл саарав уу. Хуучин нэхмэлийн шар гэдэгт 300 айл байсан, одоо 3000 айл байна. Энэ бол бодлогын маш том алдаа. Араас нь 40, 50 мянгатууд ашиглалтын шаардлага хангахаа болино. Удахгүй угсармал байшингууд ашиглалтаас гарна. Дандаа ингэж хийх юм уу. Уг нь 20 айл байхад нь улс нөхөн төлбөрийг нь өгөөд худалдаад авчих байсан. Байшинг нь нураагаад ногоон байгууламж болгочих. Төвлөрөл саарна. Ингэж чөлөөлөөд байвал хотын төв 10 жилийн дараа гэхэд хоосорно.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ж.Дэлгэрсайхан: Богино хугацааны сэргэлтийг үр ашигтай ашиглах, хадгалах хэрэгтэй DNN.mn

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Оны эхний хагасын эдийн засгийн гүйцэтгэл гарлаа. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг та хэрхэн тодорхойлох вэ. Ер нь энэ намрын эдийн засаг ямар байхаар байна?

-Оны эхний эдийн засгийн гүйцэтгэлээр ДНБ-ний өсөлт 6.4 хувийн өсөлттэй гарсан гэж ҮСХ-ноос мэдээлсэн. Үүнд голлох эерэг нөлөөллийг уул уурхай, үйлчилгээний салбар бий болгосон байна. Үүнээс гадна гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, төсвийн орлого гэх мэт макро олон үзүүлэлт нэлээд сайн гүйцэтгэлтэй гарсныг харах боломжтой. Эдгээр нь эдийн засгийн агуулгаараа сайн зүйл мөн. Бидний хувьд эдийн засгийн байдал цар тахлын дараах сэргэлтийн үед шилжсэн гэж хэлж болох. Гэхдээ энэхүү өсөлт чухам юунаас хамааралтай, хэр удаан үргэлжлэх, Монгол Улсын эдийн засгийн суурь асуудал шийдэгдэх, цар тахлын нөлөөллөөр бий болсон ул мөр арилах цаг болсон уу гэдэг өнцгөөс харвал асуудал арай өөрөөр тайлбарлагдах болов уу. Энэхүү эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд нь оны эхний хагаст эрдсийн бүтээгдэхүүний экспорт маш сайн байсантай холбоотой. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт ийм байдалтай өсөлтүүд хэд хэдэн удаа тохиосны нэг юм.

Үүнтэй холбоотойгоор дээрх макро эдийн засгийн үзүүлэлтүүд өндөр гарч байгаа хэрэг. Тиймээс энэ нь хэр удаан үргэлжлэх, үүнийг дунд хугацаанд хэвээр хадгалах боломж байгаа тал дээр анхаарах нь чухал. Бидний хувьд энэ оны эдийн засгийг тав орчим хувийн өсөлттэй гарна гэсэн таамаглалтай байгаа. Өнөөгийн нөхцөл байдалд энэхүү өсөлт нь энэ оны хувьд хэрэгжих бүрэн боломжтой. Нөгөө талаас эдийн засгийн суурь нөхцөлийг бид илүү анхаарах шаардлагатай. Чанаргүй зээл, зээлийн хүү, санхүүгийн зах зээлийн, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн оролцоо гэх мэт хөдөлмөрийн захын үзүүлэлтүүд таагүй байна. Үүнээс гадна өрхийн бодит орлого, түүний бүтцийн асуудал эргэлзээтэй хэвээр байгааг бид анхаарах ёстой. Чухамдаа энэ нь эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байгаа хэдий ч ядуурал, ажилгүйдэл зэрэг эдийн засгийн суурь асуудлууд хэвээр байгааг илтгэж байна гэж бодож байна.

Иймээс намрын хувьд эдийн засгийн нөхцөл байдалд томоохон сөрөг нөлөөлөл байхгүй байж болох ч бид дараа жилийн эдийн засгийн болзошгүй эрсдэлийг тооцох ёстой. Ингэхийн тулд богино хугацааны энэ сэргэлтийг үр ашигтай ашиглах, хадгалах, эдийн засгийн бусад салбарт өсөлтийг бий болгох тал дээр илүү анхаарах хэрэгтэй.

-Инфляци буурсан үзүүлэлттэй гарлаа. Инфляци өсөх эрсдэл ажиглагдаж байна уу?

-Инфляцийн эрч буурч байгаа нь сайн. Таамаглаж байснаас арай эрт нэг оронтой тоогоор хэмжигдэж эхэллээ. Харамсалтай нь бид 20 гаруй сар хоёр оронтой тоо бүхий инфляцитай явчихсан. Энэ нь нийлмэл байдлаараа хоёр жилийн дотор ерөнхийдөө 30 орчим хувийн дарамт иргэдийн нуруун дээр ирсэн, цаашдаа ч нөлөөлсөөр байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тодруулбал, бид хэрэглээний үнээр тооцсон үнийг ерөнхий өсөлтийг инфляцийн тооцоололд ашигладаг. Тэгвэл иргэдийн орлогын түвшин, хэрэглээний бүтцээс хамааруулан нарийвчлан тооцвол ялангуяа бага, дунд орлоготой хүмүүст үүнээс ч өндөр үнийн дарамт ирж байгаа. Цаашид инфляцийг бууруулах, өсөх эрсдэлийг багасгах тал дээр илүү ач холбогдол өгөх хэрэгтэй. Миний таамаглаж буйгаар цар тахлын нөлөөллөөр өрхүүдийн ерөнхий худалдан авах чадвар, амьжиргааны чанар тодорхой хэсэгт нэлээд суларсан. Иймд бид цаашид өндөр инфляцитай удаан явах нь тэдгээр талуудыг улам доройтуулна. Тиймээс инфляцийг хазаарлахаас биш эдийн засгийн өсөлтийг хадгалах, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх талаас асуудалд хандах нь чухал. Гол эрсдэл нь мөнгөний нийлүүлэлт, төсвийн тэлэлтийн асуудал. Дараа жилийн улс төрийг угтсан намуудын акцууд, төсвийн тэлэлт нь гол эрсдэл байх болов уу.

-Зэс, нүүрсний экспорт, үнэ ханш ямархуу байх бол?

-Монгол Улсын эдийн засаг эрдсийн бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтайг дээр дурдсан. Эдгээр голлох эрдсийн бүтээгдэхүүний үнийн хувьд ойрын хугацаанд үнийн хэт буурах эрсдэл их биш гэж харж байна. Зэсийн үнэ 3.7, нүүрсний үнэ 149 орчим ам.доллар байгаа нь энэ хавар бага зэрэг доошилсон түвшинээс харьцангуй өссөн үзүүлэлт. Нүүрсний үнийн хувьд Австрали улс дахь байгалийн хийн салбарын хямрал нөлөөлсөн гэж үзэж байгаа. Гэвч БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдалтай холбон харахад ч энэхүү нөхцөл байдал хэвээр хадгалагдах боломжтой гэж үзэх үндэслэл бий. Хэдийгээр БНХАУ-ын эдийн засгийн гүйцэтгэл оны эхний хагаст төдийлөн сайнгүй гарсан ч эдийн засгийг дэмжих зорилгоор аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт томоохон арга хэмжээнүүд хэрэгжүүлэх, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх зэргийг төлөвлөөд байгаа нь оны сүүлийн хагас дахь эрэлт, эрдсийн үнэд эергээр нөлөөлөх боломжийг бий болгох магадлалтай юм. Иймээс богино хугацаанд үнийн томоохон эрсдэл гарахгүй болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Өнөө зун хур ихтэй байлаа, ирэх намар ч бороо элбэг байх төлөв бий гэж цаг уурчид хэлж байна. Хэрвээ ургацад цаг уурын энэ байдал нөлөөлбөл эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ?

-Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх том салбар юм. Эдийн засгийн өсөлтөд ч томоохон нөлөөтэй тул энэ салбар дахь сөрөг нөлөөлөл нь эдийн засаг, инфляци гэх мэтээр өргөн цар хүрээтэй. 2022 оны хувьд эдийн засаг 4.8 өсөхөд тус салбар 1.7 хувийн эерэг нөлөөтэй байсан. Харин оны эхний хоёр улирал, ялангуяа хагас жилийн гүйцэтгэлээр мал аж ахуйн салбартай холбоотойгоор өндөр бууралттай гарсан гэж ойлгосон. Цаг уур, түүний нөлөөллийн талаар би хувьдаа тухайн чиглэлийн хүн биш тул хэлэх боломжгүй. Харин тариалалтын хувьд голлох буюу үр тариа, төмсний хувьд өмнөх жилүүдээс харьцангуй бага байгаа гэсэн статистик мэдээлэл бий. Харин мал аж ахуйн салбар дээр нэмээд газар тариалангийн салбарын байдал хүндэрвэл эдийн засгийн өсөлтөөс гадна хэрэглээний үнийн бууралтад сөрөг нөлөөтэй.

-Оюу толгойгоос өөр том төсөл алга. Өөр төслүүд хэрэгжиж байж эдийн засаг тэлнэ. Хэрэгжих боломжтой төсөл гэвэл ураны салбарт л байна. Ураны төслүүд хэрэгжих гэхээр цөөн иргэд эсэргүүцээд болиулчихдаг байдал ажиглагддаг л даа. Энэ тал дээр засгаас ямар шийдэл, хандлагатай ажиллах ёстой гэж та хардаг вэ?

-Өнөөдөр эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүй бидэнд уран чухал гэдэг нь гарцаагүй. Харин уул уурхай, бусад томоохон бодлого, төслүүдийн хувьд би өөрийн гэсэн байр сууриа хэлье. Өнөөдөр бидний хөгжлийг хойш нь чангааж байгаа нэг зүйл энэхүү уул уурхайн салбарт хүчтэй илэрч байна гэж би хувьдаа боддог. Тэр нь төр засгийн зүгээс тууштай бодлого, шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх чадвар дутагдаж байгаагийн илрэл. Гаргаж буй бодлого шийдвэр нь шинжлэх ухаанч бус байгаатай холбоотой. Товчхондоо бид шинжлэх ухаанаас улам л холдсоор байна. Энэ нь өнөөгийнхөөс даамжирвал улс орны хэмжээнд ихээхэн хөнөөлтэй зүйл. Зах зухыг нь гэлтгүй бид үзээд л явж байна.

Ямар сайндаа нэг нөхөр 200 тэрбум шахам төгрөгөөр улсынхаа тал хүн ам дээр “туршилт” хийх санал дэвшүүлээд тэрийгээ баталгаажуулах зорилгоор хэдэн хүн аваачиж “гал түлж” үзүүлээд байж байх вэ дээ. Үүнд хүн итгэж дэмжихэд үнэхээр хүндрэлтэй. Энэ бол бидний эмгэнэл шүү. Иймд миний санал бол шинжлэх ухаанч судалгаа шинжилгээнд суурилсан бодлого, шийдвэр гаргаж, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх, хэн нэгэн саад болохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Нэг нь зөвшөөрөл өгөөд орон нутгийн захиргаа, эсвэл хэдэн хүн эсэргүүцээд болиулж болдог байвал гадаадын байтугай дотоодын хүн ажиллахад хэцүү шүү дээ. Мэдээж тэрхүү шийдвэр нь Монгол Улсын нийт иргэдийн язгуур эрх ашигт нийцсэн байх ёстой.

-Эдийн засгаа тэлэх өөр ямар гарц байна вэ?

-Эдийн засгаа аварна гэхээр бид уул уурхай болон бусад салбарыг хэрхэн хөгжүүүлэх тухай ярьдаг. Үүнийг олон жил ярилаа. Миний хувьд ч гэсэн уул уурхайн салбараас олж байгаа орлогоор эдийн засгийн суурь дэд бүтцийг дэмжих томоохон зам, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Мөн боломжтой салбаруудаа тодорхойлж төрийн зөв бодлогоор дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй нь үнэн. Тэгвэл яагаад бид олон жил яриад хэрэгжихгүй байна вэ гэдгийг сүүлийн үед илүү анхаарах болсон. Учир нь өнөөгийн намуудын төлөвшил, түүнээс хамаарсан засаглалын доройтол, авлига хэрсэн нөхцөлд энийг бид хийж чадахгүй байна гэсэн дүгнэлт юм. Иймээс бид засаглал, тогтолцоогоо, эрх зүйн орчноо сайжруулахад нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Тэгээд цаашид шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбараа тэргүүлэх салбар болгож түүнийгээ дагаж эдийн засгаа хөгжүүлэх дарааллаар хөгжлийн бодлогоо тодорхойлох шаардлагатай. Тэгээд хүн бүр өөрийн боломжийг ашиглан шударгаар бизнес хийх, хөдөлмөрлөх орон зайг бүрэн тэлэх гэдэг нь эдийн засгийг тэлэх гол гарц юм.

Тэгэхгүй бол бид жаахан нүүрс зараад тараагаад л байхгүй бол зээлээд л хөтөлбөрт хамрагдаад явдаг энэ байдлаасаа гарахад хүнд гэж би хувьдаа бодоод байгаа.

-Ам.долларын ханш энэ зун айхавтар савласангүй. Цаашид валютын ханш яаж өөрчлөгдөхөөр ажиглагдаж байна вэ?

-Тогтвортой байсан ханш сүүлийн нэг сард бага зэрэг хөдөллөө. Энд нэг зүйлийг дурдахад гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл эерэг байгаа боловч Монгол Улсын валютын нөөц дорвитой нэмэгдэхгүй байна. Өнөөдөр 3.8 орчим тэрбум гэдэг нь бараг цар тахлын өмнөх үеийн түвшин. Гэтэл энэ хугацаанд валютын ханш, төсөв, мөнгөний нийлүүлэлт, эдийн засгийн хэмжээ зэрэг ихээхэн нэмэгдэж зарим нь хоёр дахин өссөн. Тиймээс би хувьдаа нэмэгдэхгүй байгаа байдал болон нөөцийн түвшин өнөөдрийн эдийн засгийн хувьд хангалттай гэж хэлэхгүй. Цаашдын өөрчлөлтийн хувьд бид бас л нэг л тулгууртай. Тэр нь эрдсийн бүтээгдэхүүний үнэ, гарц буурахгүй байвал ханш харьцангуй тогтвортой байх.

-Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон томоохон төслүүд хэрэгжихээр яригдаж байгаа. Эдгээр төслүүд хэзээнээс үр дүнгээ өгч эхлэх бол?

-Эдийн засгаа тэлэхийн тулд эрүүл засаглал, шударга бизнесийн орчин хэрэгтэй гэж хэлсэн. Тэгвэл энэ тал дээр сүүлийн үед Засгийн газрын зүгээс шинэ сэргэлт, “5Ш” гэх мэт бодлогын хүрээнд засаглал, шударга ёс, авлига, хулгайтай тэмцээд байгааг үр дүнд хүргэж чадвал дэмжлэг болох боломжтой. Ялангуяа нэг сэргэлт нь засаглалын сэргэлт байгаа нь ихээхэн зөв санаа юм. Энэ эхэлсэн ажлын зорилго нь зөв, үр дүн нь тодорхой байгаасай гэж хүлээж байна. Богино хугацаанд бидний олон жил ужгирсан олон асуудлыг хөндөж заримыг нь ил гаргалаа. Хулгай, авлигатай ямартай ч тэмцэл эхлүүлж байгаа харагдсан. Эдийн засгийн хувьд ч боомтын сэргэлт зэрэг бодлого нь үр дүнгээ өгч эхлээд байгаа гэж харж байна. Харин нэг зүйлийг нэмэхэд эдгээр нь хөгжлийн нэгдмэл, цогц үзэл баримтлал итгэл үнэмшилд суурилсан судалгаа шинжилгээтэй байвал хэрэгжих магадлал илүү өндөр юм. Мөн бид эдгээр сэргэлтийн бодлогыг үргэлжлүүлж 2050-д чиглэж хөгжихийг хүсч л байгаа бол азаар өнөөдөр анхаарч эхлээд байгаа боловсрол, эрүүл мэндийн салбарыг нэн тэргүүнд тавьж хөгжүүлэх шаардлагатай.

Categories
story-news

ТОЙМ: “Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа юм” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа юм” хэмээн өгүүллээ