Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.05.30) нэгдсэн хуралдаан 14 цаг 44 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Засгийн газрын өрийн нийт хэмжээг хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн болон төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүдийн холбогдох тооцоог бодит байдалд үндэслэж тооцоолон гаргаж, мэдээлж байх талаар асуулт асууж, тодруулга авсан байна. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Оюутолгойн далд уурхайн олборлолт, зэсийн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж байгаа тул орлогын тооцооллыг бодитой нягтлах, мөн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэн тэгшитгэх арга хэмжээг авах, цаашид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөж 2024 оны төсвийн төсөлд одоо батлагдах төсвийн хүрээний мэдэгдлийн тооцооллыг хатуу мөрдөж ажиллахыг онцгой анхаарах саналыг хэлсэн байна.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Төсвийн хүрээний мэдэгдэл дэх тооцоололд Монгол Улсад байгаа боломжуудаа бүрэн дайчилж, төлөвлөхгүй байгаа талаар шүүмжилж, өнгөрсөн 2021, 2022 оны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг харьцуулсан мэдээллийг дурдсан юм. Монгол Улсын хувьд байгалийн баялгаа зөв менежментээр ашиглаж чадвал өндөр үр дүнд хүрэх, орлогыг бүрэн дайчилж бүтээн байгуулалтууд хийх боломжийг ашиглахтай холбоотой санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсгээс хариулахдаа, төсөлд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь хэмээн тооцсон. ДНБ 65.4 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон бөгөөд энэ тооцооллыг 2022, 2023 оны гүйцэтгэл дээр суурилж тооцсон байна. 2022 онд 46.5 их наяд төгрөг хэмээн батлуулсан бол гүйцэтгэлээрээ 52.8 их наяд төгрөг буюу 6 их наяд төгрөгийн өсөлттэй байсан аж. 2023 оны төсвийг батлуулахдаа 56 их наяд төгрөгөөр тооцсон, үүнд суурилан ирэх онд ДНБ 10 орчим их наяд төгрөгөөр тэлж 65 их наяд төгрөгт хүрэх боломжтой хэмээн тооцоолж, төсөлд тусгасан байна. 2023 онд нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн гэдгийг ажлын хэсгээс онцлоод ирэх онд энэ үзүүлэлтийг ахиулах, ханшийн нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлж чадвал бодит өсөлт болох боломжтой гэдэг тооцооллыг хийснээ тайлбарласан. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг төлөвлөхдөө гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан тооцсон байна.

Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

No description available.

Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Төслийг эцсийн хэлэцлүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх хууль зүйн техникийн засваруудыг хийсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулсан байна. Тэдгээр саналын томьёолол тус бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хэлэлцүүлгийн явцад тусгагдсан саналуудтай холбоотой хөрөнгө оруулалт, санхүүжилт нь төсөл дэх 2024 оны шинэ хөрөнгө оруулалтын дүнгээс давахуйц байгааг гэдгийг тодотгоод, энэ талаар тодруулсан. Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусгасан, гэхдээ 2024 оны улсын төсвийн төслийг төлөвлөхдөө эдгээрийг эрэмбэлж, холбогдох шаардлагад нийцүүлэн төлөвлөнө гэдэг хариултыг Б.Баттөмөр гишүүн өгсөн. Мөн санхүүжилтийг нь эхлүүлж, он дамнан үргэлжилж байгаа зарим нэг төсөл төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэр заагдаагүй, үлдсэн байгааг Ж.Батжаргал гишүүн сануулж, тодорхой төслүүдийн талаар лавлав. Нэгэнт ажлыг эхлүүлсэн, санхүүжилтийг нь өмнөх онуудад төсөвлөөд, үргэлжилж байгаа төслүүдийг дуусгах зарчмыг Засгийн газар баримталж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлээд, тухайлан лавласан төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг холбогдох журам, шаардлагад нийцүүлэн боловсруулж, төлөвлөх талаар байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан зарлага, зардлын талаарх гишүүний асуулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хариулт, тайлбар өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар өргөн хэрэглээний хүнс, бараа, үйлчигээний инфляцыг хэрхэн бууруулах талаар, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эргэлтэд оруулах, төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох талаар саналаа илэрхийлсэн. Тэрбээр, 2023 оны эхний 4 сарын инфляц болон үнийн өсөлт 11.3 хувь байсан бөгөөд үүнийн 42 хувь нь цэвэр хүнсний инфляц гэдгийг тодотгов. Энэ дунд махны үнэ өндөр байгаа нь их нөлөө үзүүлж байгааг тэмдэглэсэн. 70 сая малтай улс атлаа махны үнэ он гарснаас хойш 18 хувиар өссөн байгаа нь анхаарууштай асуудал болохыг сануулав. Хэдийгээр нөөцийн мах худалдаалж байгаа ч махны нийлүүлэлтийн “гинжин хэлхээ” алдагдаж байгаа тул нийлүүлэлтийн шинэ механизм бий болгох, махны бүсчилсэн сүлжээний зангилаа (hub) үүсгэх саналыг хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, төсөл дэх ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөлт болон ядуурлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулав. Төсөлд өрхийн орлого болон ажлын байрыг нэмэгдүүлэх 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан хэмээн ажлын хэсэг хариулав. Энэ онд 55.211 ажлын байрны захиалга бий болно хэмээн төлөвлөсөн байсныг дурдаад хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдолтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 2024 онд 60.000 ажлын байр бий болно гэдэг төлөвлөлт, тооцооллыг танилцуулсан юм.

Ийнхүү гишүүд Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэссэн юм. Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 41 гишүүний 73.2 хувь нь дэмжин, баталлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцдаа Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг анхаарах, түүнчлэн хувийн хэвшлээ дэмжиж, хамтран ажиллахад онцгой анхаарахыг чиглэл болгов. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

МҮБХ: Зургаан бөхөд ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргажээ DNN.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр болж, улсын харцага Ш.Уламбаяр, Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасан нарын барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Улсын харцага Ш.Уламбаярыг 2023 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн байна.

Сумын заан М.Баасанг учраа бөхөө мөргөсөн гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж барилдах эрхийг түдгэлзүүлэхээр болжээ.

Харин учраа бөхөө цохисон, дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилсон, өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн гэж үзэн дөрвөн бөхийн барилдах эрхийг 1-2 жилийн хугацаагаар хасахаар болсныг МҮБХ-ноос мэдээлэв.

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурлаас гаргасан шийдвэр бүрэн эхээрээ:

  1. МҮБХ-ны дүрэмд заасны дагуу тэргүүлэгчдийн хуралдааны ирцийг Хяналтын зөвлөл хянан үзэж, зарим тэргүүлэгчдийг дараагийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй байвал чөлөөлөх,
  2. 2023 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй, улсын харцага Ш.Уламбаярт МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
  3. 2023 оны тавдугаар сарын 20-ны өдрийн барилдаанд учраа бөхөө мөргөсөн Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасанг гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
  4. 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн барилдаанд өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх, ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан Т.Батсүрэнгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
  5. 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохисон Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн начин Д.Урианхайгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
  6. 2023 оны тавдугаар сарын 21-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохисон Ховд аймгийн Үенч сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6, 7.6.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хоёр жилийн хугацаагаар хасах,
  7. 2023 оны тавдугаар сарын 27-ны өдрийн барилдаанд жаяг дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдаанд өмсгөл шалгагч”-аар ажиллах эрхийг түдгэлзүүлж, МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг 1.5 жилийн хугацаагаар хасах шийдвэрүүдийг гаргав.

Дээрх шийдвэрүүдийг аймаг, сумын бөхийн салбар холбоод даган мөрдөх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах бүх барилдаанд хариуцлага ногдуулсан хугацаанд бүртгэлд оруулахгүй байх, бүртгэж барилдаанд оруулсан тохиолдолд тухайн барилдаанд шөвгөрч, үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүдийн амжилтыг МҮБХ-ны албан ёсны эрэмбэд оруулахгүй.

Өөрийн гаргасан ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээсэн бөх хөдөө орон нутагт зохиогдох аливаа барилдаанд оролцвол хариуцлагын хугацааг нэмэгдүүлж тооцох болно.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Энэ парламентын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадвал түүхэнд үлдэнэ DNN.mn

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталсан. Тэр цагаас өдийг хүртэл эцэг хуульдаа бид дөрвөн удаа гар хүрчээ. Өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэж байгааг оруулбал таван удаа гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байсан парламентын гишүүд хэлсэн үгтэйгээ бүгд түүхэнд нэрээ үлдээсэн. Үүнтэй адил түүхэнд нэрээ үлдээх том боломж өнөөгийн парламентын гишүүдэд тохиож байна. Ер нь эцэг хуулиа өөрчлөх түүхэн аз завшаан тэр бүр УИХ-ын гишүүдэд тохиохгүй. Нөгөөтэйгүүр төр засаг өнөөгийнх шигээ цааш явъя гэвэл энэ олон хулгайн асуудал шийдэгдэх нь битгий хэл улам нэмэгдсээр л байна. Нүүрсний, банкны болоод сангуудын хулгай улам гаарна. Улмаар Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал ч яригдах дээрээ тулах аюул байгааг судлаачид хэлж байна. Тиймээс үүнийг нэн даруй өөрчлөхгүй бол болохгүй. Өөрчлөх хамгийн зөв гарц гаргалгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэдгийг судлаачид, эрдэмтэд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд дор бүрнээ сануулсаар байна. Товчхондоо өөрчлөлт хийх нь маш зөв гэдгийг хэлээд байгаа юм. Тиймдээ ч УИХ-аар ҮХӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа. Удахгүй эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод үүрэг болгоно. Угтаа парламентын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд оруулж байгаа нь нийгмийн өөрчлөлтийн эхлэлийг тавьсан гэсэн үг. Одоо л бидний ирээдүйд гэрэл харагдаж байна гэж залуучууд дуу нэгтэйгээр хэлж байна. Үнэндээ тийм. Бид хөгжлийн шинэ түвшинд гарах ёстой. Улсынхаа хөгжлийг бодитоор эхлүүлэх цаг нь болсон. Монголчууд бид аюулгүй, ардчилсан нийгэмдээ аз жаргал, баяр баясгалантай амьдрах ёстой. Сайхан амьдралын саадыг арилгах гол хүчин зүйл нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм аа. Засгийн газраас ҮХӨ-ийн төслийг анх өргөн барихдаа гишүүдийн тоог 152 гэсэн заалттайгаар оруулж ирсэн. Угтаа 126 биш бүр 152 байсан бол нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт илүү хурдтай явагдах байсныг судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл 152 гишүүнтэй, үүний 76 нь тойргоос 76 нь намын жагсаалтаар орж ирэх хувилбар нь хамгийн зөв байсан гэсэн үг. Ингэсэн бол улс орон бодит утгаараа эзэнтэй болж, ард түмний төлөөлөл төр, засагт бүтэн орж ирэх байв. Гэвч уг асуудлыг улс төрийн зорилгоор нийгмийн түвшинд улс төржүүлснээс болоод гишүүдийн тоо 126 болж багаслаа. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар тоог бүр багасгах тухай ярьж байна. Ингэвэл өөрчлөлт хийсний ямар ч үр дүнгүй болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс энэ парламент ҮХӨ-ийг аль нэг нөлөөллөөс үл хамаарч улс орныхоо хөгжлийг шинэ түвшинд гаргахын төлөө заавал хийх ёстой. Үүнийг нийгэм, цаг үе өнөөгийн УИХ-аас шаардаж буй. Энэ цаг үед Монголын ард түмний хувь заяа та бүхний гарт байгаа учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтойгоор, өнөөдрийн өчүүхэн эрх ашгийг умартан, эргэлзэлгүйгээр хийхийг олон нийт хүсч байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх хүсэл 100 жилийн дараа дахин дайралтад өртлөө

Эрх баригчид өөрсдийнхөө хулгай зэлгий, булхайтай холбоотой шуугианыг дарах зорилгоор Боловсролын зээлийн сантай холбоотой элдэв баримт гаргаж ирлээ. Энэ сантай нэр холбогдсон хүн бүрийг шахам өдөр өдрөөр нэр цохон гаргаж ирж нийгмээр жигшүүлэн зэвүүцүүлж хэргээ бүтээв. Харин энэ их гүтгэлэг, харлуулалтын эсрэг баруунд боловсрол эзэмшсэн тэдгээр эрдэм номтой залуус ганхийсэнгүй шүү.

Монгол Улсын түүхэнд баруунд боловсрол эзэмшсэн, эзэмшиж буй, эзэмшихээр зориг шулуудсан хүүхэд залуусыг ингэж чичилж, доромжилж сошиалаар “цаазалж” буй нь анхны тохиолдол биш. 100 жилийн өмнө баруунд боловсрол эзэмшсэнийхээ төлөө цаазлуулсан бодит түүх баримттайгаа байна.

1926-1930 онд Герман, Франц улсад эхлээд 35 сурагчаа сургуульд явуулсан байдаг. Хичээл сурлагадаа шалгарсан, биеийн эрүүл мэнд сайн, сургуулийн төгсөх ангийн сурагчдыг ийнхүү сонгож баруунд боловсрол эзэмшүүлэхээр явуулж байсан нь хоёр хөрш төдийгүй, олон улсын анхаарлыг гойд татсан байдаг. Өнөөдрөөс бараг 100 жилийн өмнө монгол охид, хөвгүүд баруунд сурахаар явсан бөгөөд анхны 35 хүүхдийн араас Их Д.Нацагдорж тэргүүтэй зургаан хүүхдийг явуулсан байдаг.

Харамсалтай нь харьд суралцсан оюутан, сурагчдыг эргэж ирж сурсан мэдсэнээ эх орон, ард түмэндээ зориулах гэтэл гэнэт “Үндсэрхэг үзэлтэн”, “Хувьсгалын эсэргүү”, “Фашистуудын тагнуул” гэсэн элдэв зохиомол хэрэг үүсгэж эвлэл, намаас нь хөөж, сонгуулийн эрхийг нь хасч, улмаар байцааж эхэлсэн байдаг. Ингээд баруунд боловсрол эзэмшсэн анхны 35 хүүхдээс гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, тав нь сэжиг бүхий нас барсан байдаг.

Гэтэл энэ түүх яг 100 жилийн дараа Монголд дахин давтагдлаа. Монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх хүсэл 100 жилийн дараа дахин дайралтад өртлөө. Эрх баригчдын хулгайгаа мартагнуулах гэсэн зорилгоор зориуд гаргаж ирсэн Боловсролын зээлийн сантай холбоотой шуугиан нь үнэндээ монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх гэсэн хүсэл зоригт цохилт болж байна. Баруунд хойч үеэ сургана, тэндхийн боловсролыг эзэмшүүлнэ гэдэг хөгжил дэвшил шууд утгаараа Монголд ирж байгаа хэрэг. Нэг ёсондоо хөгжлийн хурдасгуур. Тийм учраас энэ сангаас эрэлттэй, хэрэгцээтэй мэргэжлээр хүүхдүүдээ баруунд сургасаар ирсэн юм. Шууд 100-400 мянган ам.доллар гаргаад хүүхдээ сургачих бололцоотой монгол хүн бараг байхгүй шүү. Барууны тэр нэр хүндтэй, дэлхийн хэмжээний өндөр боловсрол олгодог сургуулиудад зөвхөн тэнцсэн хүүхэд нь явдаг. Өөрөөр хэлбэл, тэр сургуулиуд өөрсдийнх нь босгыг давж тэнцсэн хүүхдүүдэд үүдээ нээдэг. Тэдгээр сургуулиудад сошиалаар цуураад байгаа шиг хүүхдүүдээ хахуульдаж, мөнгө өгч, арын хаалгаар суулгадаггүй юм аа.

Боловсролын зээлийн сангийн шуугианыг дэвэргэж буй хүмүүсийн бичиж, хэлж, ярьж буйг анзаарахаар “Мөнгөөр, арын хаалгаар хүүхдээ тэнд сургачихсан байна” гэж байгаа юм.

IBT, TOEFL зэрэг хэлний шалгалтуудад шууд тэнцдэг хүүхдүүдийг харахаар багаасаа англи хэл сурчихсан, тусгай болон төлбөртэй сургуулиар явчихсан байх нь элбэг. Ямар айлууд хүүхдэдээ багаас нь англи хэл заалгадаг вэ гэхээр ихэвчлэн сэхээтэн айлын хүүхдүүд байдаг л даа. Сэхээтэн гэдэг нь голдуу төрийн өндөр албан тушаалтнууд, компани, байгууллагуудын эздийн хүүхдүүд, юм мэддэг сэхээлэг давхаргын айлын хүүхдүүд байдаг. Анхдагч хэрэгцээгээ бүрэн хангачихсан, өнөө маргаашийн хоол, өр лизингийн асуудлаа ерөнхийд нь шийдчихсэн, хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх зорилготой ийм сэхээлэг давхаргын айлын хүүхдүүд л тэр том шалгалтуудад нь тэнцчихдэг. Өнгөрсөн жил хэлний бүх шалгалтуудад тэнцэж, дэлхийн нэр хүндтэй дөрвөн их сургуулиас тэтгэлэг авсан охин “Би энэ амжилтад хүрэхийн тулд нэгдүгээр ангиасаа англи хэл үзсэн. Надад чөлөөт цаг гэж байгаагүй. Би 12 жилийн турш Toefl-д бэлтгэсэн” гэж ярьж байсан. Хүүхдээ англи хэлний төлбөртэй сургуульд сургахын тулд аав ээж нь өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг бол үр хүүхэд нь аав ээжийнхээ тэр их хайрыг зүтгэлээр хариулахын тулд 12 жил хичээлээ хийдэг байх нь. Тэгж байж энэ айлд Боловсролын зээлийн сан, тэтгэлэг ирдэг байх нь ээ. Гэтэл үүнийг нь Боловсролын зээлийн сантай холбоотой худал сенсааци дэгдээж байгаа бүлэг хүмүүс нь өөрсдөө ойлгохгүй, ойлгохыг огтоос хүсэхгүй, атаархаж сүйд болцгоож, үүн дээр нь хар масс гэгдэх сошиал дахь ажилгүйчүүд нь нэмэгдээд баахан орилолдов.

Боловсролын зээлийн санг тойрсон энэ их хэл ам, атаа жөтөө талцал, үзэн ядалтын үр дүнд юу болов гэхээр баруунд боловсрол эзэмшье гэсэн хүүхдүүдийн хүсэл зориг мохож, эрдэм

суръя гэсэн чин хүсэлд нь саад тээг болж байгаа юм. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Кино урлагийг дэмжих сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Нийгмийн халамжийн сан, Соёл, урлагийг дэмжих сан, Спортыг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Улсын авто замын сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Эрүүл мэндийг дэмжих сан…гээд бичвэл урт жагсаалт болно. Цааш ухвал бараг ямаанд хүртэл зориулсан сан гараад ирж мэдэхээр юм билээ. Ийм хэрэгтэй, хэрэггүй ямаа мэтийн юмнуудад зориулагдсан сангуудыг бүгдийг нь зогсоогоод Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг улам дэмжиж, өргөжүүлж бүр ч олон хүүхэд, залуусыг дэлхийн боловсрол эзэмшүүлэхээр баруун руу бөөн бөөнөөр нь явуулмаар байна. Өнөөдөр Монголд хамгийн чухал, хэрэгтэй сан бол Боловсролын зээлийн сан.

100 жилийн өмнө Герман, Францаас ном сурч байсан хүүхдүүдээ авчраад цаазалж байсан бол өнөөдөр 2023 онд гадаадад сурсан, сурч байгаа, сурах гэж байгаа хүүхдүүдээ эцэг эхтэй нь, гэр бүлтэй нь хамтад нь сошиалаар “цаазалж”, нэр хүндийг нь гутааж, бараг баруун руу гаргахгүй Алтан тэвшийн хөндийдөө барьцалдаад яг ижил тэнцүү байя гэх ухааны юм ярьцгааж байна. Одоо наад мунхаглалаа даруй зогсоо!

Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар шүлсээ үсчүүлээд байгаа хүмүүс ээ, та нар одоо боль оо. Эрдэм ном өвөртөлж ирсэн хүүхдүүдэд битгий атаарх. Атаархаж, газар доор ортол нь муулж доромжилж, дэвслэхийн оронд эрдэм мэдлэгийг нь ашиглах хэрэгтэй. Харин ч энэ сангаар сурах дараа дараачийн хүүхдүүдийг баруун руу ар араас нь сургуульд явуулах тал дээр нийгмээрээ, нийтээрээ хөдөлье.

Хэл сурна гэдгийг ерөнхийд нь хоёр ангилж болдог юм. Нэгдүгээрх нь, англи хэлээр халтар мултар ч болтугай хэдэн үг сураад өл хоолоо залгуулах хэмжээнийх болох. Удаах нь, англи хэлийг академик түвшинд эзэмших. Академик түвшний англи хэл гэдэг тусдаа бараг шинжлэх ухаан маягтай. Академик англи хэлтэй болгохын тулд хүүхдийг хар нялхаас нь англи хэлтэй болгож, англи хэл дээрх шинжлэх ухаан, түүх, философи, сонгодог урлагийн сод бүтээлүүдийг уншуулж, танилцуулдаг. Гэтэл хоол олж идэх хэмжээний англи хэлтэй хүн шинжлэх ухааны англи хэлийг ойлгодоггүй. Монгол хэл ч тийм шүү дээ. Англи хэлийг унаган хэл шигээ эзэмшсэн, баруунд өндөр боловсрол эзэмшсэн хүүхэд, залуусаа бид харин ч эсрэгээрээ хамгаалж, сурч мэдсэнийг нь эх орондоо ашиглах тал дээр нэгдмэл байснаараа 100 жилийн өмнөх гашуун түүхийг давтахгүй байх боломж байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Хэвлэлээр гарсан шиг Ч.Хүрэлбаатар гадныхантай мөрийтэй тоглож, ууж, идээд явсан бол маш том ёс зүйн алдаа. Алдаа битгий хэл гэмт хэрэг ч байж болох үйлдэл DNN.mn

УИХ-ын гишүүн асан, хуульч, өмгөөлөгч О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн энэ долоо хоногт гурав дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар явуулах гэж байна. Та хуульч хүний хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Уг нь анхнаасаа төсөл гэж байгаагүй. Төсөлгүй байж Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсныг би одоо болтол гайхдаг. Гэхдээ зарим хүмүүсийн хэлж байгаагаар ҮХӨ-ийн төсөл иймэрхүү байвал яах вэ гэсэн санал асуулга л байсан юм болов уу гэж бодож байна. Тэр утгаараа ҮХӨ-ийн төсөлтэй холбоотой санаанууд янз бүрээр явж байсан. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн асуудал, парламентын гишүүдийн тоог нэмэх эсэх тэр битгий хэл Ерөнхийлөгчийн статусыг өөрчлөх асуудал яригдаж байсан. Эцэст нь өргөн баригдсан ганц хуулийн төсөл, заалт нь гишүүдийн тоог нэмэх л асуудал боллоо. Үүнийгээ л УИХ одоо хэлэлцээд явж байгаа юм болов уу гэж ойлгож байна.

-Тэгэхээр таныхаар ҮХӨ-ийг хэлэлцээд явж байгаа нь хууль зөрчиж байгаа гэж үзэж байна уу?

-Миний хувьд олон хэлсэн дээ. Хатуухан хэлэхэд МАН маш их аархалтай байна. Угаасаа нууц биш байсан мэдээллийг нууц байдалтай байсныг гаргасан юм шиг өдөр болгон ард түмэнд сенсацитай мэдээллийг гаргасаар байна.

Энэ нь бусад том асуудлаа олны анхаарлаас авч хаях гэсэн оролдлого л доо. Нэг шуугианыг нөгөө шуугианаар дараад байна гэсэн үг. Угтаа цаанаа Монголын эдийн засаг сүйрчихсэн байна. Хоёрдугаарт, одоогийн өргөн баригдсан хууль бол өөрөө хууль зөрчсөн асуудал. Би үүнийг олон хэлсэн дээ. Гэхдээ аархаж байгаа намыг хэн ч дийлэхгүй л дээ. Ингээд батлаад явна биз. Энэ намыг цөөнх болгохын тулд хоёрхон арга л бий. Нэгдүгээрт, сонгуулиар ялна, үгүй бол хувьсгалаар ялна. Гэхдээ хоёр том гүрний дунд оршдог манайх шиг улсын хувьд өнөөгийн цаг үед хувьсгал яриад дэмий л дээ. Тэгэхээр сонгуулиар л энэ асуудлыг ялах шаардлагатай.

-Таны хувьд Ардчилсан намд хуулийн зөвлөх, нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал дээр хэвээрээ байна уу?

-Хууль ёсны нам нь С.Эрдэнийн нам л байсан. Намайг энэ намын дарга л баталсан. Миний ойлгож байгаагаар одоо ч гэсэн ямар нэгэн албан тушаалд томилсон болоод шинээр өөрчилсөн шийдвэр гаргаагүй байх. Өөрөөр хэлбэл бид намын даргаа сольё гээд хууль ёсны дагуу Л.Гантөмөр гэдэг хүнийг сонгож, баталсан. Тэгэхээр Л.Гантөмөр дарга одоогоор шинээр хүн томилох болон хуучин хүмүүсийг чөлөөлсөн зүйл алга л байна.

-Боловсролын зээлийн сангийн асуудал нийгэмд шуугиан дэгдээж байна. Таны хувьд энэхүү асуудлыг юу гэж харж байна вэ?

-2020 оноос хойш л ярьж байгаа. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар хүчтэй пиар хийж чадаж байгаа учраас олон нийтийн анхаарлыг татлаа.

Угтаа өмнө нь би ч гэдэг юм уу өөр хэн нэгэн энэ асуудлыг зөндөө л ярьсан. Олон нийтэд ингэж хүрээгүй л асуудал байгаа байхгүй юу. Миний хувьд Их хурлын гишүүн байхдаа ч тэр хэлж л байсан. Бүх зээлийн сан асуудалтай гэж. Өнөөдөр гэнэт шокроод хэрэггүй л дээ. Магадгүй хамгийн гайгүй зээлийн сан нь байж мэднэ шүү. Гайгүй гэдэг нь сайн муу ч Боловсролын зээлийн сан нь барьцаатай. Бусад сангууд бүр барьцаа ч байхгүй, үнэн дампуурчихсан системтэй. Түүнийгээ бүгдийг нь идэж ууж, цөлмөчихсөн. Тэр хүмүүс нь дандаа л дарга нар байдаг. Үүнээс юу харагдаж байна гэхээр монголчууд 30 жил ямар намыг гаргаж ирсэн юм бэ. Тэр намаа л жаргаагаад явж байна. Хуучин дал гаруй жил яг л ийм л байсан. Өөрөөр хэлбэл дарга нарын хүүхдүүдийг шударга, боловсролтой, мэдлэгтэй байх ёстой гээд ЗХУ руу явуулж сургадаг байсан. Харин одоо дарга нарын хүүхдүүд тэнэг байсан ч гэсэн сурах нэрээр барууны орнууд руу явдаг болж.

-Төрийн өндөр албан тушаалтнууд тэр дундаа улс төрийн албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм, эрх, үүргийг тусгайлан хуульчилж өгсөн байдаг шүү дээ. Нөгөөтэйгүүр МАН-ынхан дэндүү аархуу байна гэж та хэлсэн. Саяхан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар шөнө оройн цагаар гадныхантай уулзалт хийлээ, хоол унд идлээ, уулаа гэсэн мэдээ нийгэмд тархсан. Үүнийг та юу гэж үзэж байна. Та бас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн шүү дээ…?

-Ч.Хүрэлбаатарын тухайн гаргасан үйлдлийн талаар ярьж байгаа бол би мэдэхгүй байна. Өөрөө ч тайлбар хэлсэн байна лээ. Би тэр тайлбарыг нь харсан. Бас ч гэж муугүй тайлбар хийчихжээ л гэж ойлгосон. Шулуухан хэлэхэд би ч гэсэн гадна дотны хүмүүстэй төрийнхөө төлөө хүсэхгүй байсан ч гэр бүл бүх зүйлээ түр орхиод уувал уугаад, идвэл идээд, яривал яриад л явдаг. Учир нь улс эх орныхоо төлөө л гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг ёс зүйгүй үйлдэл гэж яримааргүй байгаа юм. Нөгөөтэйгүүр хэвлэлээр гарсан шиг Ч.Хүрэлбаатар гадныхантай мөрийтэй тоглож, архи дарс ууж идээд явсан бол энэ нь маш том ёс зүйн алдаа. Алдаа битгий хэл гэмт хэрэг ч байж болох үйлдэл. Гэхдээ мань нөхрийн хэлж байгаа шиг гадныхантай хоол унд идээд, төрийн ажил хийгээд явж байгаа нь өөрөө зарчимын л асуудал шүү. Угаасаа аль ч улсад ийм соёл байдаг. Тухайлбал, бид Солонгост очлоо гэж бодъё. Тэгвэл яах вэ, тэд зочдоо хүндэтгээд орой ч байна уу, өдөр ч байна уу дагуулж яваад хоолонд оруулж, цайлна. Үүнийг бид өнөөдөр ёс зүй гэж яриад улсаараа тоглож болохгүй.

-Ер нь хууль ном нь ямар байдаг юм бэ. Төрийн өндөр албан тушаалтан гадны хүмүүстэй хаана, ямар уулзалт хийж, яаж харилцах ёстой вэ гэдгийг л асуугаад байгаа юм?

-Би харин танд хэлээд байна шүү дээ. Америкт ч юм уу Хятадад бүр аль ч улсад очсон биднийг хоолонд оруулна. Гадны гэдэг байдлаар нь хэн нэгэн хүмүүстэй хоолонд орж, хоолонд оруулсан эсэх асуудлыг бид өнөөдөр шууд утгаараа шүүмжилж огт болохгүй. Үүнийг би найман жил төрд байсан хүний хувьд хэлмээр байна. Ч.Хүрэлбаатар гэдэг хүн надад таалагддаггүй байж болно. Гэхдээ зарчим гэж байна. Зочноо дайлах нь хувь хүний асуудал. Улс орны тэр дундаа монгол төрийн нэг шаардлага байхгүй юу даа.

-Энэ тэгэхээр дипломат ёсонд байдаг л харилцаа, ойлголт гэж хэлэх гээд байна уу та?

-Та өөрөө энгийнээр нэг бодоод үзээрэй. Гадаадад явж байсан бол биднийг янз бүрийн дайллага цайлгад аваад л ордог. Үгүй юм уу. Хоолонд орж, оруулахын цаана өөр өөрсдийнхөө улс оронд ашигтай юу байна тэрийг бүгд л яридаг. Гэхдээ Ч.Хүрэлбаатар сайдын хувьд үнэхээр Элчин сайдын яамнаас зохион байгуулсан уулзалт байв уу, үгүй юу. Би мэдэхгүй байна. Гэхдээ үүнийгээ тодруулах, ил болгох шаардлагатай. Миний хувьд Ч.Хүрэлбаатарыг өмөөрч байгаа зүйл огт байхгүй шүү. Түүний хэлсэн тайлбараас харвал тодорхой зочинтой хоолонд орсон гэдэг асуудал л байгаа юм шиг байна лээ. Тэгвэл дипломат ч байна уу юу ч бай хамаагүй, ийм зүйл байдаг. Нөгөөтэйгүүр гаднаас ирсэн зочинтойгоо хоолонд орсон бол тэнд юу яригддаг вэ. Мэдээж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөө л ярина. Өөр юу ярих вэ дээ. Би хэлээд байна шүү дээ. Хамгийн гол нь үнэхээр ийм уулзалт болсон уу. Уулзалт боллоо гэхэд проткол бий юу. Бүр болохгүй бол түүнийгээ ил тод олон нийтэд зарлачихаж болохгүй юу. Эцэст нь хэлэхэд адны зочид төлөөлөгчтэй орой үдшийн цагаар ч байна уу хамаагүй уулзаад хоолонд орох нь байдаг л харилцаа, байдал л хүндэтгэл шүү. Үүнийг ёс зүйгээ алдлаа, хариуцлагагүй үйлдэл гаргалаа гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар
сарын 31, Буд гариг. Билгийн
тооллын 11, тэргүүн дагуул одтой,
шарагчин үхэр өдөр. Өдрийн
наран 4:58 цагт мандан, 20:41
цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой,
морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв
үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай
нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг
даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх,
мал арилжих, буг дарах, газрын ам бооход
сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь
тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эрхтэн хурц болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатрууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан АН-ын даргын зөвлөх
С.Эрдэнэ “АН-ын маргаан эрх баригчдад том боломж олгож
байсан учраас зөв ч, буруу ч
үүнийг зогсооё гэсэндээ тамгаа
өгсөн” хэмээн ярилаа.

Түүх, социологийн
ухааны доктор Райнэр
Цитэлманн “Эдийн засгийг
хөгжүүлэх цорын ганц бодитой
шийдэл бол гадаадын хөрөнгө
оруулалтыг татах” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатрууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай “70-100 ам.доллараар зарагдаж
байсан нүүрс бирж ажиллаж эхэлснээр
140-180 ам.долларын үнэтэй болсон” гэв.

Хуульч Б.Агар-Эрдэнэ “Олон нийтэд ил тод мэдээлсэн хэргүүд
хэрхэн шийдэгдсэнийг эргэж мэдээлэх нь зөв” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Идэр, өврийн Чигэстэй, Буянт, Увс нуурын савын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, Идэр, Чигэстэй гол олон жилийн дундаж түвшинг 15-60 см давсан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо элбэг байх тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байгаа юм.

Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 2.4 сая мод тарьжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд урьдчилсан мэдээгээр улсын хэмжээнд 4 мянга гаруй байгууллага, 25 мянга иргэний оролцоотой 2.4 сая мод тариад байна.

Энэ талаар БОАЖЯ-наас өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын ахлах мэргэжилтэн Б.Алтансүх мэдээлэв.

Энэ онд нийслэл, 21 аймгийн хэмжээнд 42.9 сая мод тарихаар төлөвлөжээ. Нийслэлд 8 байршилд, нийт 198 га талбайд шинээр мод тарьж ургуулжээ. Энэ үйл ажиллагаанд 380 гаруй компани, ААН, 160 гаруй иргэд оролцсон байна. Мөн өмнө нь тарьж ургуулаад буй 17 мянга гаруй модыг арчилжээ.

Тарьж ургуулаад буй 17 мянга гаруй модыг арчилжээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2458 бүртгэгдсэн нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад 6.5 хувиар буурсан байна. Мөн хугацаанд 1259 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь мөн хугацаанаас 8.9 хувиар өссөн үзүүлэлт аж.

Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй гудамж талбай, олон нийтийн газар, эмзэг цэгүүдийг эргүүлийн хяналтад авч, 141 алба хаагч 88 чиглэлд үүрэг гүйцэтгэж буй. Тухайлбал, 1678 иргэн, 1215 тээврийн хэрэгсэл, 56 аж ахуй нэгж байгууллагыг шалгаж, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах асап санд зарлагдсан 54 хүнийг олж тогтоожээ.

Тээврийн Цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 179 цэгт Тээврийн цагдаагийн албаны 510 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 36 мянга гаруй зөрчил илрүүлж, арга хэмжээ авч ажиллалаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил нэмэгдсэн байна. Түүнчлэн зам, тээврийн ослын дуудлага өссөн үзүүлэлттэй байгаа” гэлээ.