Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнө Архангайн зүүн, Булганы өмнөд хэсгээр их хэмжээний бороо орно DNN.mn

Өнөө шөнө Архангайн зүүн, Булганы өмнөд хэсгээр их хэмжээний бороо орно.

Малчид, иргэдэд анхааруулах мэдээ:

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо үргэжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Зургадугаар сарын 1-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +6…+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо DNN.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал /2023.05.30/ боллоо. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7,6 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрснээр Засгийн газраас Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар болсон. Энэ хүрээнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхээр төсөвлөсөн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлд тэтгэмж нэмэх асуудлыг танилцуулж, санал солилцлоо.

Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх саналд нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэх саналын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн гишүүд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй эцэг, эхчүүдэд асаргааны тэтгэмжийг нэмж, ялгаатай олгох саналыг тавилаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, тус зөвлөлийн тэргүүн Д.Амарбаясгалан Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс хүний эрхийг хангах асуудал нэгдүгээрт байх зарчмыг баримталж буйг илэрхийлээд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод үйл ажиллагаагаа нэгтгэх нь зүйтэй гэдгийг хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулагдах төсөв нь олон холбоо руу хуваарилагддаг нь эргээд төсөл хөтөлбөр, бодлого шийдвэр гаргахад хүндрэл учруулдаг байна. Тиймээс холбоод нэгдэж, нэгдсэн байдлаар ажиллаж байж томоохон бодлого шийдвэр гаргадаг болно гэсэн байр суурьтай байгаагаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ бямба гаригт нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn

“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээн зургаадугаар сарын 3-ны өдөр буюу энэ бямба гарагт зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 40 чиглэлд өөрчлөлт орох юм байна. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам/, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны авто замуудын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах аж. Тиймээс тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 439 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

-Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС

-Нарны замаар явах чиглэл нь Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр

-Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн

-Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэм

-Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 зөрчил бүртгэгдэв DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нийт 1808 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1400 гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

​Хүчтэй нь ялдаг бус хэрэгтэй нь ялдаг хорвоо DNN.mn


Философи нь шинжлэх ухааны зарчим учир хүмүүнлэгийн ухааны нэг хэсэг юм. Философи нь зүй тогтлын талаар бодитой мэдлэг өгдөггүй, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны аргуудыг ашигладаггүй учраас шинжлэх ухаан биш. Бүр “Бүх шинжлэх ухааны дээр оршдог учраас Философи бол шинжлэх ухаан биш” гэж үзэгсэд хүртэл бий. Философи шинжлэх ухаан биш гэдэг нь зөв. Шинжлэх ухааны дээр оршдог гэдэг нь бол худал зүйл. Учир нь философи бол замын хажууд тавьсан зам заагч тэмдэг юм. Гэхдээ таны явах зам дээр хэн нэгний сайн дураараа авчирч тавьсан тэмдэг билээ. Худал заах магадлал хэт өндөр, дураараа авчирч тавьсан зам заагч замаасаа илүү үнэлэгдэнэ гэж юу байхав.

Судлаачид эхлээд таамаг дэвшүүлдэг. Дараа нь энэхүү таамаг нь цэгцэрч онол бий болно.Тэгээд энэхүү онолоо баталж байж сая шинжлэх ухаан болдог жамтай. Таамаг, онол хоёр нь субъектив буюу хийсвэр харин баталгаа нь объектив буюу бодитоор оршин буй зүй тогтол юм. Таамаг, онол хоёр алдаа гаргах магадлалтай бол харин батлагдаж, нотлогдсон шинжлэх ухаан нь гагцхүү үнэн байдаг онцлогтой. Иймээс таамаг, онол хоёрын дунд сэлгүүцэгч философи нь бодит зүйл болох шинжлэх ухаан биш юм. Таамаг-Онол-Шинжлэх ухааны бодит жишээ нь “Пангей” билээ.

Биологичид, палентлогичид, геологичид тивүүд нэг байсан байж магадгүй юм байна гэсэн таамаг дэвшүүлж байв. Эдгээр таамгууд нэгдэн “Пангей” гэх онол бий болов. Хожим нь бие даасан 20 гаруй нээлтээр манай тивүүд нэг тив байсан нь батлагдаж сая шинжлэх ухаан болсон түүхтэй. Харин хүн төрөлхтний бий болгосон хамгийн “үмбүү” онол бол “хүчтэй нь ялдаг” гэсэн үзэл юм.

Италид гарсан таамаг үзэл болох фашизмыг германчууд “үндэсний социалист” онол болгов. Германчуудад энэхүү онолоо батлан шинжлэх ухаан болгох шаардлага үүсэв. Ингээд буган цох мөргөлдүүлэн хүчтэй нь ялдаг юм байна хэмээн кино хийж бүх нийтэд сурталдаж бусад улсад довтлон дэлхийн дайн үүсгэв. Дайны дараа “хүчтэй нь ялдаг” гэдэг нь биологийн зүй тогтол учраас хүний нийгэмд тохирохгүй гэж зарлав. Гэхдээ өнөөдөр ч энэ онолоо баримталсаар байгаа нь нууц биш. Ийнхүү “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч нь болж өнөөдөр хөгжингүй улсуудын хүн ам хөгширч биологийн хувьд мөхөл рүүгээ явж байгаа билээ. Тэгээд хүчтэй нь ялж байна уу? Харин ч хүчтэй нь аажмаар мөхөж байна. Хүчтэй нь ялдаггүй гэдэг нь ийнхүү батлагдаж байна. Иймээс цөөхөн монголчууд бидний хувьд энэ зам руу орж болохгүй гэдэг нь тодорхой бөгөөд орох ч үгүй биз ээ. Учир нь ийм юм. Хэдэн зуун сая жилийн өмнө амьтад ургамлын хойноос хуурай газарт гарч ирэв. Хуурай газарт гарсан учир олон мянган нойтон өндөгний тоог бууруулж хатуу хальстай цөөн өндөг гаргах шаардлага үүсэв. Өндөгнөөс эхлээд ангаахай буюу дутуу хөгжилтэй үр төл, хожим нь илүү дэвшилтэт дэгдээхэй гарах болж өндөгний тоо эрс буурав. Байгалийн шалгарлаар хөхтөн бий болж шууд амьд зулзага гаргах болсноор үр төлийн тоо ганц, нэгээр тоологдох боллоо. Ингэснээр гарсан ганц үр төл нь эцэг, эхийн бүх удмын генийг хадгалагч болсон учир хосгүй үнэт зүйл болж хувирав. Монгол эхийн “Үхтэл үр харам” гэдэг үгийн учир энэ бөгөөд цөөхөн монголчууд эхийн тухай дууны тоогоор Геннисийн номд төвөггүй бүртгүүлэх болзол хангасны цаад үнэн учир нь ч энэ билээ. Иймээс 4,1 тэрбум жилийн байгалийн шалгарлаар бий болсон дээд амьтан болох хөхтний эх үрийн энэхүү зүй тогтлыг алдахгүй хамгаалж хуульчилсан тохиолдолд монголчууд биологийн мөхөл рүү явахгүй, монголчуудын цаашид мандан бадрах гол үндэс болно. Хөгжингүй улсууд энэхүү зүй тогтлыг гээчихсэн учир хөгшчүүл нь давамгайлчихаад байгаа хэрэг.

Дээд амьтад болох хөхтөн ганц зулзага гаргах болсон нь нэгэн том аюулыг бий болгов. Энэ бол цус ойртолт болон хэт холдсон ген бүхий амьтантай үржвэл удамшлын өвчин бүхий амьдрах чадваргүй үр төл үлдээх аюул байлаа. Хэт адил эсвэл хэт өөр гентэй хүнтэй үржихгүй байх генийн бүрдлийг биологийн шинжлэх ухаанд генотип гэнэ. Энэ нь үндэстэн дотроо л үр хүүхэдтэй болох нь зөв гэсэн үг. Хөхтөн амьтан болох хүмүүсийн хувьд нэг жалганыхан эсвэл өөр үндэстэнтэй гэрлэвэл удамшлын өвчтэй, амьдрах чадваргүй хүүхэдтэй болдог учир нь энэ юм. Мэдээж байгалийн шалгарлаар үүнээс сэргийлэх арга бий болжээ. Энэ бол хөхтөн амьтны төрөлх үнэр билээ. Хөхтөнүүд төрөлх үнэр нь таалагдаж байгаа амьтантай үржилд орж, ямар ч нөхцөлд дасан зохицож амьдрах чадвартай, баялаг ген бүхий үр төл үлдээдэг бөгөөд та ч үр хүүхдэдээ “үнэртэй ус нь биш төрөлх үнэр нь таалагдаж буй хүнтэй гэрлээрэй” гэж онцгойлон захих ёстой гэсэн үг юм. Удмын бичиг энэ тэрээ бол Философитой адил бидний тархийг угааж, ахиухан мөнгө олох гэсэн хэн нэгний арга, заль төдий зүйл. Бүх монголчууд бичиг үсэг төгөлдөр байж удмын бичиг хөтөлдөг байсан гэдэг бол зүгээр л онигоо. Таамаг, онол нь хийсвэр харин шинжлэх ухаан нь бодит зүйл буюу зүй тогтол гээд буйн цаад учир нь ердөө л энэ. Эр амьтад хоорондоо хүч үзэн, ялсан нь үлддэг нь зүгээр л эм амьтдад зориулан эрүүл эр амьтдын тооны бүрдэл бий болгож буй зүй тогтол. Харин хэнтэй нь үржих вэ гэдгийг эм амьтад үнэрээр нь сонгодог. Иймээс сүргийн эзэн азарга, арслан гэдэг нь зүгээр л бидний хийсвэрлэл болохоос бус бодит амьдрал дээр заан, арслан, адуун сүргийг нэг эм амьтан л удирддаг. Тэгэхлээр хүчтэй нь биш хэрэгтэй нь удирддаг гэсэн үг.

Энэ нь биологийн хуулиуд нийгэмд арай хялбарчилсан байдлаар яг адилхан давтагдан явагддаг гэсэн үг билээ. Жишээ нь улс бол биотоп, үндэстэн бол дэд зүйл харин аль ч улсын ДНБ бол биотопын биомасс юм. Биотоп нь экосистемийн хамгийн бага нэгж бөгөөд амьд болгон сүргийн эрх ашгийн төлөө амьдарч байж оршин тогтнодог. Тухайлбал, хоёр залуу арслан нийлж сүргийг хамгаалж байсан арсланг хөөж явуулаад нялх үр төлийг нь бүгдийг нь алчихдаг. Энэ бол нэг арслангийн ген арслангийн сүрэгт олшрохоос сэргийлж буй явдал. Бас “хар бэлэвсэн эхнэр” гэх эм аалз үр тогтонгуут эрийгээ бариад идчихдэг нь ч үнэндээ бол сүргийнхээ генийн бүтцийг нэг төрлийн гентэй болохоос хамгаалж буй нийтийн төлөө үйлдэл юм. Бас экосистемийн амьд организм бүр ДНБ болох биомассыг нэмэгдүүлэх л үүрэг хүлээж амьдралаа зориулдаг. Өөрөөр хэлбэл, манай төр, засгийнхан татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн үрж нийгэмдээ гай тарихаа зогсоож энэ мөнгийг үржүүлдэг болж нийтийн төлөө үйлдэл хийдэг болох цаг болсон гэсэн үг. Ерөөс нийгмийн шинжлэх ухаан болох Эдийн засаг, Улс төр, Социологи, Нийгмийн сэтгэл зүй, Хууль зүй, Түүх, Газар зүй гээд хүнтэй холбоотой бүх шинжлэх ухааныг бид цоо шинээр харах шаардлага үүсч байна гэсэн үг. Учир нь шинжлэх ухаан бол бодит төдийгүй хөгжин, дэвшиж байх ёстой зүйл билээ.

Байгальд хүчтэй нь бус ямар ч орчинд дасан зохицох чадвартай баялаг ген бүхий эр амьтад эм амьтдын сонголтоор үр төлөө үлдээж цаашид оршин тогтнодог нь тодорхой болсон зүйл. Харин нийгмийн хувьд баялаг ген бүхий тогтолцоо гэдэг нь бусдаасаа илүү ард иргэддээ сайхан амьдрах боломж олгох нийгмийн дэвшилтэт тогтолцоо юм. Тухайлбал, эртний Грекийн хот улсууд тулгамдсан асуудлаа гадаад талбайд цуглан зөвшөөрсөн нь цагаан, зөвшөөрөөгүй нь хар чулуу вааранд хийж тоолон олонхын саналаар асуудлаа шийдэн цэнгэлийн манлайд хүрсэн. Ромчууд сенат гэх байнгын парламент бий болгож цезарь гэх гүйцэтгэх засгийн тэргүүнтэй байсан. Харин монголчууд Их хуралдай гэх байнгын бус парламент бий болгож хаан гэх гүйцэтгэх засгийн тэргүүнтэй, хамгийн гол нь үндсэн болон процессын хуулийн үүрэг гүйцэтгэх Их засаг хуультай болсон. Чингис хаан хүртэл Их засаг хуулийг сахих үүрэгтэй байсан учир тухайн үеийн Монгол нь эзэнт гүрэн бус Их Монгол Улс гэгддэг. Их Британи хууль баталдаг, баталсан хуулиудыг холбооны улсуудын эрх ашигт тохируулан хянах үүрэгтэй хоёр дахь танхим бүхий сонгодог парламентын засаглал бий болгон өнөөдөртэй золгоод байна. Иймээс манай УИХ-ын гишүүдийн Үндсэн хуульдаа оруулах өөрчлөлт гэдэг нь бусад улсаас илүү нийгмийн тогтолцоо бий болгох асуудлыг хуульчилна гэсэн үг юм. Бусад улсаас илүү гарсан нийгмийн тогтолцоо гэдэг нь улстөрчид, төрийн түшмэд бүгд биологийн хуулийн дагуу баялаг бүтээгчид болж иргэд нь сайн сайхан амьдрах боломжтой болно гэсэн үг болж таарч байна. Өөр зам гэж үгүй. Биологийн хууль нь ийм юм.

Хүн төрөлхтний бий болгосон хамгийн “үмбүү” онол болох “хүчтэй нь ялдаг” гэсэн таамгийн тухай товч дурдахад ийм байна.



Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Агар-Эрдэнэ: Олон нийтэд ил тод мэдээлсэн хэргүүд хэрхэн шийдэгдсэнийг эргэж мэдээлэх нь зөв DNN.mn

Хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Ойрын үед интернэт сошиал хуудсуудаар гэмт хэргийн холбогдолтой мэдээллүүд цацагдаж байна. Байрны гадаа үрлэн сумтай буугаар тоглож байгаад хүүхдийг нь оносон гэх шалтгаанаар 14 настай хүүхдийг зодсон гэдэг мэдээлэл гарсан. Энэ тохиолдолд хуулиар ямар хариуцлага оногдуулах вэ?

-Тэр мэдээллийг харсан. Түүн дээр гэмтлийн зэргийг нь тодруулахаар шинжээч томилуулсан гэж байна лээ. Тэр шинжилгээний хариу гарснаас хамаарч эрүүгийн шинжтэй эсхүл зөрчлийн шинжтэй хариуцлагыг тухайн хүүхдийн биед халдсан этгээдэд оногдуулна. Хэрэв гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн санкциар шийтгэнэ. Хэрэв гэмтлийн зэрэг хөнгөн бол Эрүүгийн хууль 11.6 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэдэг зүйл ангиар “450-аас. 1300 хүртэлх нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байгаа. Мөн гэмтлийн зэргээс шалтгаалж Эрүүгийн хуулийн хариуцлага хүндэрч болох магадлалтай.

-30 настай, эмэгтэй “Д” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасныг илрүүлж, тухай этгээдийг саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл цацагдсан.

-Энэ тохиолдолд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам”-ыг зөрчсөн гэдэг зүйл ангиар эрүүгийн хариуцлага оногдуулна.

Тухайн гэмтэл учруулсан хүн нь согтуу байсан бол 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ” үйлдсэн тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэж тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасч зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байгаа. Тухайн этгээд нь ослын газраас зугтсан гэдэг шалтгаанаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйл “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэдэг зүйлээр 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульд заасан байгаа.

-GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж буй ахимаг насны эмэгтэй тус дэлгүүрийн худалдагч эмэгтэй С-ийг хэл амаар доромжилж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд тавигдсан. Иймэрхүү тохиолдлуудад хуулийн хариуцлага хүлээлгэдэг үү?

-Хүний бие махбодид шууд халдаж ямар нэг хохирол учруулаагүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэж ойлгож болохгүй. Үндсэн хуульд /16.13/ хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэж заасан. Үүнд зөвхөн тухайн хүний бие махбодь гэдгээс гадна сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд зэргийг ч агуулгын хувьд хамааруулах боломжтой. Мөн нөгөө талаасаа Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т зааснаар иргэн бүр “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” үүрэгтэй. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага оногдуулахаар төр хуульчлах үүрэгтэй.

Олон нийтийн газарт, эсхүл орон байранд: хэрүүл маргаан үүсгэж, Бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, Үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн шинжүүдээс аль нэгийг нь хангасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” гэдэг зүйлчлэлд хамаарч хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

GS25-д болсон жишээн дээр бол сүүлд дурдсан ААНБ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэгт хамаарч зөрчлийн хариуцлага оногдуулна. Үүнээс гадна тухайн этгээд ажилтны биед хохирол учруулахгүйгээр халдсан бол эхний тохиолдолтой ижил Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Төрийн өндөр албан тушаалтныг татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан баг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Иймэрхүү төрлийн гэмт хэрэгт ямархуу хэмжээний ял оногдуулдаг вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд тодорхой хуульчилсан байдаг. Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан зэрэг шинжтэй үйлдэлтэй тохиолдолд 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэдэг байгаа. Мөн үүнтэй хамт мөнгө угаасан зэрэг үйлдэлтэй бол давхар зүйлчлэгдэх боломжтой. Энэ бүхнийг цагдаагийн болон бусад эрх бүхий этгээд шалгаж тогтоон түүнийг шүүхээр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь эцсийн байдлаар шийднэ, түүнээс өмнө тухайн этгээдийг гэмт хэрэгтэн гэх мэт янз бүрээр нэр хоч өгч, нэр төрд нь халдахгүй байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Эдгээр хэргүүдийг яагаад жишээ татав гэхээр бүгдийг нь ЦЕГ, АТГ, УЕПГ-аас албан ёсоор олон нийтэд ил мэдээлсэн. Энэ талаар хэсэг шуугиад л дараа нь тухайн этгээдүүд зохих ёсны хариуцлага хүлээсэн эсэх нь тодорхойгүй намжаад байдаг. Нийтэд ил мэдээлсэн хэргүүдээ яаж шийдсэн, ямар хариуцлага оногдуулсан зэргээ буцаагаад ил мэдээлээд байж болдоггүй юм уу?

-За энэ их сонирхолтой асуулт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллахаар хуульчилсан. Үүнээс прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болохоор хуульчилсан. Яагаад гэдэг асуулт гарч ирнэ ойлгомжтой. Учир нь түрүүн дурдсан хүн бүр халдашгүй байх эрхтэй гэж. Тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж, шалгагдаж байгаа этгээд хууль бус үйлдэл хийсэн ч эцсийн эцэст хүн гэдэг утгаараа хуульд заасан тодорхой эрхүүдийг эдлэх ёстой. Хуулийн зүйл заалт дурдахгүй энгийн утгаар бодсон ч ямар ял авсан зэргийг нь нийтэд зарлаад байхаар тухайн хүний гэр бүл ойр тойрны хүмүүст тэр тусмаа өөрт нь ямархуу байдлаар тусах талаас нь бодох л хэрэгтэй. Тэртээ тэргүй буруутай үйлдэлд нь шүүхээс зохих ялыг өгч байхад нэмж нийгмээрээ тухайн хүнийг жигшин зэвүүцээд, гадуурхаад эхлэхээр бас тухайн хүний эрхийг нэг талаараа нэмж боомилж байна гэсэн үг л дээ. Бас нэг талаасаа гэмт хэргийн мэдээллүүдийг их цацахтай холбоотой зүйл гэвэл хэтэрхий олны анхааралд өртсөн хэргийг шүүх гэж буй шүүгч хараат бус байж чадахгүй талтай. Тухайн хэргийн шийдвэрийг сонирхож буй этгээдүүдэд таалагдах гэж нотлох баримтад буруутай этгээдийг зөвтгөх, хөнгөрүүлэх бага ч гэсэн баримт байхад түүнийг үл харгалзан хэт өндөр ял өгдөг ч юм уу байдлаар шийдэх эрсдэлтэй. Тиймээс шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэдэг бол маш чухал зүйл. Зарим хуульч, өмгөөлөгч нар энэ тал дээр ёс зүйтэй байж хэргийн явцын талаар нийтэд хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүлээр зарлахгүй байхыг уриалж байна.

-Тэгвэл шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, шийдвэрийг өөрчлөх магадлалтай юм бол хэргүүдийг яагаад олон нийтэд цагдаа, хууль хүчний байгууллагууд өөрсдөө мэдээлээд байгаа юм бэ. Ингэж мэдээлэх нь зөв үү?

-Хуульд урьдчилан сэргийлэх үүднээс л гэмт хэргийн талаар тодорхой хэмжээнд Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хүртэл мэдээлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр хууль, хүчнийхэн, цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар урьдчилан сэргийлэх л зорилготой биш бол олон нийтэд мэдээлэх нь буруу.

-Тэгтэл зарим хэргүүдийг бүр үйл явдлыг нарийн тайлбарлаж детальчилж мэдээлдэг шүү дээ. Жишээ нь, 461 дүгээр урьдчилан хорих ангиас хүн оргуулсан. Оргуулахдаа гэж нарийн үйлдлүүдийг дурдсан байдаг. Энэ нь хууль зөрчсөн гэсэн үг үү?

-Дахин хэлэхэд гэмт хэргийн талаарх мэдээллийг урьдчилан сэргийлэх зорилгоор л олон нийтэд мэдээлдэг. Тэгэхээр энэ мэдээж буруу.

-Бүр Засгийн газар нь өөрөө “Шүгэл үлээж” байна хэмээн нүүрсний хэрэгтэй холбоотой нэрсийг зарласан. Өөр олон хэрэг ч зарлалаа. Засгийн газар нь “Шүгэл үлээгч” мөн үү?

-Засгийн газар “Шүгэл үлээгч” биш л дээ.

-Тэгвэл албаны байгууллагууд хууль зөрчин хэргийг мэдээлсэн юм чинь, хууль зөрчин шийдвэр, хариуцлага хүлээлгэсэн байдлаа адилхан зарлах нь зүйн хэрэг бус уу?

-Нэгэнт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр ил тод мэдээлсэн хэргүүдийн хариуцлагыг олон нийт шахаж шаардана. Тэгэхээр олон нийтэд детальчилж ил тод мэдээлсэн хэргүүдийнхээ шийдвэрийг ч гэсэн мэдээлэх нь зүйн хэрэг байх. Хууль эрх зүйн үүднээсээ анхнаасаа мэдээлэх нь буруу байсан. Гэвч нэгэнт мэдээлчихсэн учир тэр хэргүүдийнхээ шийдвэрийг олон нийтэд ил тод танилцуул. Хуулийн хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй олон мэдээллийг нийтэд ил тод мэдээлэх нь сүүлдээ хэргийг хэргээр дардагтай адил харагдах боллоо.


Categories
мэдээ нийгэм

Алга болсон нэг настай хүүхдийг олжээ DNN.mn

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Даланзадгад сумын төвөөс урд зүгт 20 км зайд орших Дундцагаан гэх газраас өчигдөр \2023.05.30\ 19.00 цагийн үед 1 ой 6 сартай хүүхэд хөдөө гэрээсээ алга болжээ.

Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, өнөөдөр өглөөний 09 цаг 40 минутад хүүхдийг эсэн мэнд олсон байна.

Алга болсон хүүхдийн асран хамгаалагч нь архины хамааралтай тул охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авчээ. Мөн аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэн биеийн байдлыг үзүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа DNN.mn

Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр зам болон Ачилтын тойрог замыг /2023.05.30/ байнгын ашиглалтад хүлээн авлаа.

Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар тушаалаар байгуулагдсан Улсын комисс Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг хангасны үндсэн дээр Улсын комиссын гишүүдийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулж байна.

May be an image of train and railway

Categories
мэдээ нийгэм

Т.Бадамжунайг дахин нэг сарын хугацаагаар цагдан хорихоор болжээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс дахин 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: 2023 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит \2023.05.31\-ний өдрийн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар болон бусад асуудлаар хэлэлцэж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 12.30 цагт мэдээлэл хийхээр төлөвлөж байгаа аж.