Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг батлав DNN.mn

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэг, 42 дугаар зүйлд заасан журмын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураасан бол хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 2 санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн байна.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл дэх “мажоритар” гэдгийг олныг төлөөлөх гэж, “пропорционал” гэдгийг хувь тэнцүүлэн хуваарилах гэж нэг мөр ойлгож, хэрэглэх талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулсан болохыг санал, дүгнэлтэд дурдав.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарыг саналын томьёоллын хамт бэлтгэБайнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ш.Раднаасэд, О.Цогтгэрэл, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж тодруулсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хариулт өгсөн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг баталсанд Улсын Их Хурлын нийт гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй энэ өөрчлөлтөөр Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны суурь реформ эхэлж байгаа гэдгийг тэмдэглэн хэлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын нэг гишүүнд ногддог эрх мэдлийн төвлөрлийг үгүй болж, парламентын шийдвэр чанартай, бодитой болох нөхцөл бүрдсэн хэмээлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах нь Улсын Их Хурлын нийт гишүүдээс эр зориг шаардсан, нөгөөтээгүүр ирээдүй, алсаа харсан шийдвэр байсныг цохов. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар жендерийн том дэвшил гарч, жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу шилжиж, нийгмийн бүлгүүд рүү хандсан чухал өөрчлөлтүүд гарна хэмээн Ерөнхий сайд хэлсэн юм. Мөн гадаадад байгаа монголчуудын төлөөлөл парламентын сонгуульд оролцох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогдох эрхээ эдлэх, улс төрийн намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг болох, улс төрийн намуудад бодитой, шударга өрсөлдөөний үүд хаалгыг нээж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байв.

Дараа нь хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний 98.5 хувь нь дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж заасны дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд 90.9 хувийн саналаар дэмжиж, баталлаа.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангийн орлого 199.2 тэрбум төгрөгөөр өсөв DNN.mn

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 4 сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 199.2 (19.5 хувь) тэрбум, зарлага 1.2 их наяд төгрөг болж, 155.2 (14.9 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дээрх хугацаанд 500 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 122.5 (32.4 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, зарлага 554.5 тэрбум төгрөг болж, 166.5 (23.1 хувь) тэрбум төгрөгөөр буурав. Нийт зарлага буурахад Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 153.4 (22.3 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн Ч:63Б чиглэлд өөрчлөлт орно DNN.mn

Хүүхдийн баяраар нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл явах бөгөөд хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ.

Мөн Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа дуусах цаг буюу 21:30 цагаас долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэх юм. Тодруулбал,

  1. “Цэцэг” төв-Хайлааст
  2. “Цэцэг” төв-Дүүхээ дэлгүүр
  3. МУБИС /хойд/-Ханын материал
  4. “Ард” кино театр-Орбит
  5. “Ард” кино театр-Нисэх
  6. Сүхбаатарын талбай-Улаанхуаран
  7. Сүхбаатарын талбай-Шархад чиглэлд үйлчилнэ.

Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дээрх зураглалын дагуу үйлчилгээ үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацааг нягтлаарай DNN.mn

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын ахлах байцаагч Б.Хонгор дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Бид нийтийг хамарсан баяр ёслолын үеэр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг тогтмол хийдэг. Энэ удаа 98 хүнсний сүлжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийж, зөвлөмж хүргүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн. Мөн Хүүхдийн баяраар бэлэг, хиам, хиаман төрлийн бүтээгдэхүүн, торт үйлдвэрлэл, худалдаанд хяналт тавьж байна. Тэрчлэн явуулын хоолны үйлчилгээнд зөвлөмж хүргүүллээ. Хяналт шалгалтаар шошгын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаалж байгаа, түргэн муудах бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалаагүй, зориулалтын бус саванд хоол савласан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн” гэв.

Иймд иргэдийг бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацаа, зориулалтын хөргүүрт байгаа эсэхийг нягтлахыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэж байсныг илрүүлжээ DNN.mn

Тэсэрч дэлбэрэх болон мөнгөн усыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг илрүүлжээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр иргэн “С” болон “Ж”, “С” нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах, тээвэрлэх, олж авахыг хориглосон “Нитронит П” гэх нэршилтэй 17 ширхэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг тэслэгч хэрэгслийн хамт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн.

Иргэн “Б” гэгч нь дээрх бодисыг дээрх иргэдэд худалдсан, мөн Баянхонгор аймагт байрлах өөрийн эзэмшлийн хашаанд гараашдаа зоорь ухаж хууль бусаар тээрмийн үйл ажиллагаа явуулсан.

Монгол Улсад ашиглахыг хориглосон “Мөнгөн ус” нэршилтэй химийн хортой бодис хадгалсан үйлдлийг тус тус илрүүллээ.

Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг баталлаа DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын гишүүний 78 нь олныг төлөөлөх, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн саналыг 63 гишүүн дэмжиж, 92.6 хувийн саналаар батлагдлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн баяраар 14 байршилд үйл ажиллагаа зохион байгуулна DNN.mn

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна. Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголн хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалт болон хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Бумцэнд:-Сүхбаатарын талбайд 20 асраар хүнс, хүүхдийн тоглоом худалдаж, явуулын үйлчилгээтэй 13 цэгээр түргэн хоол борлуулахаар болсон. Мөн Монголын хүүхдийн ордны гадна 20 асраар худалдаа, үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн гадна талбайд тав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 40, Үндэсний соёл амралтын хүрээлэнд 20 газар худалдаа, үйлчилгээ эрхэлнэ. Эдгээр байгууллагад холбогдох албаныхан хамтарч хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулсан гэлээ.

НЭМГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Шинэдаваа:-Хүүхдийн баярын үеэр манайхаас урьдчилан сэргийлэх чиглэлээр таван байршилд 163 цэгт 46 улсын байцаагч хяналт тавин ажиллана. Үүнээс гурван байршилд нь түргэн тусламжийн машин байршуулна гэв. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, ил задгай худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх, жимс, жимсгэнийг угааж идэхийг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Баярын арга хэмжээний үеэр хүүхэд төөрвөл 102 дугаарын утсанд мэдээлээрэй DNN.mn

Зургадугаар сарын 1-нд болох хүүхдэд зориулсан арга хэмжээний үеэр тэдний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

НЦУГ-ын Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан дэд хурандаа П.Болормаа “Олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үеэр нэг хором алдахад хүүхэд төөрөх тохиолдол гардаг. Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд анхаарал тавих нь зүйтэй.

Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр хүүхэд төөрвөл 102 дугаарын утсанд мэдээлж, үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид мэдэгдэхийг зөвлөж байна.

Гэр бүлээрээ голын эрэг дагуу амрах үеэрээ хүүхэд гол усанд унаж, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх нь зөв юм” гэв.

Categories
мэдээ нийгэм

Тамхи татдаг 10 хүний ес нь уушгины хавдраар нас бардаг DNN.mn

Уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүэлтэй. Тамхи татдаг 10 хүний 9 нь уушгины хавдраар нас бардаг.

– Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх шалтгаан болдог.

– Тамхи зүрхний шигдээс үүсгэнэ. Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтнүүдэд тэжээл дутагдаж зүрх, тархины шигдээс үүсгэдэг.

– Тамхи үр удмыг хөнөөнө. Жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татахад хэвлий дэх ураг 5 дахин илүү хордоно.

– Хорт хавдрын – 38 хувь, Зүрх судасны өвчний – 34 хувь, Амьсгалын эрхтний өвчлөлийн 28 хувь нь дан ганцхан тамхи татсанаас болж үүсэж байна. Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ.


Тамхи хэрхэн эрүүл мэндэд өлөөлдөг вэ?

Тамхины бохь – УУШГИ МЭНГЭРТЭНЭ

Тамхины бохь нь зөвхөн уушгийг харлуулдаг төдийгүй хавдар үүсгэхэд нөлөөлдөг олон бодисыг ихээр агуулж байдаг. Нэг жилийн турш өдөр бүр 20 ширхэг тамхи татвал 1 аяга тамхины бохь уухтай тэнцүү.

Тамхи татдаггүй хүн тамхины утаатай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хорт бодисоор амьсгалж байна гэсэн үг.


Тамхины талаарх буруу ойлголтууд:

– Миний бусад эрүүл зан үйл, зуршлууд маань намайг эрүүл байлгана.

– Зөөлөн, нарийн шүүлтүүртэй тамхи татах нь намайг эрсдлээс аварна.

– Би маш олон жил татаж байгаа учраас аль хэдийнэ эд эрхтэн хордсон. Тамхинаас гарсан ч, гараагүй ч ялгаа байхгүй.

– Тамхинаас гарна гэхээр их стресс дагуулдаг.

– Тамхинаас гарахаар эргээд таргална гэж айдаг.

– Никотин хэрэглэх нь тамхи татахаас хортой.

Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 2-нд болно DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр товлолоо.

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалтыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэнтэй холбогдуулан гаргах санал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн зөвшилцөх санал, “Анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох” асуудлаар зөвшилцөх саналтай танилцана.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг боловсруулах бэлтгэл ажил, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдээлэл ирүүлэх тухай” албан бичигтэй тус тус танилцахаар товложээ.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх