Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЕГ: Цахим гадаад паспортын үнэ 77 500 төгрөг DNN.mn

Өнөөдрөөс эхлэн шинэчлэгдэн батлагдсан Үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалах боломжтой болжээ.

Дараах нэгжүүдээс харьяалал харгалзахгүй авна. Үүнд:

  • Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
  • Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/
  • 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс эхлэн тав хоногийн турш иргэд музейгээр үнэгүй үйлчлүүлнэ DNN.mn

Гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг. Уламжлал ёсоор энэ сарын 1-5-ны өдрүүдэд улс даяарх төрийн болон орон нутгийн өмчит музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргах юм.

Түүнчлэн хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хот дахь музейнүүд:

Музей

Хаяг

Цагийн хуваарь

Утас

1.

Монголын үндэсний музей

Төрийн ордны баруун талд

Өдөр бүр 09:00-18:00

70110913

2.

Чингис хаан үндэсний музей

Төрийн ордны баруун хойно

Даваа-Ням гарагт 09:00-17:00

Үзвэрийн сүүлийн цаг 16:30

70212222 70217777

3.

Дүрслэх урлагийн музей

Барилгачдын талбайн зүүн талд

Өдөр бүр 09:30-16:30

326060

4.

Байгалийн түүхийн музей

Ялалтын талбайн чанх хойно

Мягмар-Ням гарагт 09:00-18:00

70000171

5.

Богд хааны ордон музей

Хан-Уул дүүрэг, Оргил рашаан сувиллын уулзвар

Мягмар, лхагва гарагаас бусад өдрүүдэд 10:00-17:00

Үзвэрийн сүүлийн цаг 16:15

343071

6.

Театрын музей

Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт /хойд талын хаалга/

Өдөр бүр 09:30-17:00

311320

7.

Чойжин ламын сүм музей

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэндэнгийн гудамж

10:00-16:30

324788

Categories
баннер мэдээ нийгэм цаг-үе

ШӨХТГ: “Юнивишн” ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон суваг дамжуулах, гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Улаанбаатар хотын бүсэд “телевизийн олон суваг дамжуулах” үйлчилгээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон “Юнивишн” ХХК нь өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх буюу 1.163.740.176 төгрөгийн торгууль ногдуулжээ.

“Юнивишн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталсан №В22/043 дугаартай үндсэн багцуудын шинэчилсэн нөхцөлд Улаанбаатар хотын бүх орон сууцанд өрхийн үйлчилгээний “S plus” багцыг 39.900 төгрөгөөр, гэр хороололд яг ижил үйлчилгээтэй “S plus” багцыг 43.900 төгрөгөөр хэрэглэгчдэд дамжуулахаар шийдвэрлэсэн байна.

Өрхийн үйлчилгээний төлбөрийг орон сууц болон гэр хороолол гэж ангилан ялгавартай үнэ тогтоосон нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан үйлдэл юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар,

– “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
– “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал” Засгийн газрын тогтоолын төсөл,
– Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
– Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг 20 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Чингис хаан” онгоцны буудалд, хилийн зурвас дээр гацаад буй халимаг эр Бормагнайн Баатар: Монгол миний эцсийн найдвар болчихоод байна DNN.mn

Бормагнайн Баатар гэх 58 настай, халимаг эр Монголын хилээр орж чадахгүй “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд, хилийн зурвас дээр зургаа хонож байна. Тэрбээр өөрийнхөө фэйсбүүк хаягаар Монголын хил дээр дөрөв хонож буйгаа тайлбарлаж, элэг нэгтнүүдээсээ тусламж гуйсан юм. Түүний постыг уншсан монголчууд “Халимаг эрийг Монголын хилээр оруулахгүй, чирч гаргах, баривчлах гэж оролджээ. Одоо хүртэл Хөшигтийн хөндийн терминал дээр дөрөв хонож байгаа юм байна. Оросоос зугтаж улс төрийн орогнол хүссэн хүнийг ингэж буцаан гаргах гэж оролдсоор байна”, “Халимаг, Тува, Өмнөд Монгол, Буриадууд зовсон цагтаа Монгол руугаа л тэмүүлдэг. Тэдний хувьд Ардчилсан Монгол Улс бол эрх чөлөөний диваажин байх ёстой. Түүнийг оруул”, “Монголын хил дээр орогнол хүсч ирсэн, дүрвэсэн монголчуудаа ямар ч хаалтгүйгээр хилээр оруулах нь эрх чөлөөт, ардчилсан орны нэгдүгээрх том шинж чанар. Оруулж ирээд тусад нь байлгах юм уу, хууль хяналтын байгууллагын хараанд байлгахад болох биш үү”, “Хэрвээ Монгол Улс Баатар гэх энэ халимаг эрийг хил дээрээсээ буцааж, Орост хүлээлгэж өгвөл Ардчилсан гэх зарчмаасаа ухарсан үзэгдэл болно”, “Монгол Улс олон улс болоод НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, орогнол хүссэн халимаг эрийг хилээрээ нэвтрүүлэх ёстой” хэмээн үзэл бодлоо илэрхийлж, хүний эрх талаас нь энэ явдлыг харж, түүнийг буцаалгүй, хил дээрээс паспортын асуудлыг нь яаралтай шийдэж, дүрвэгч гэх статусаар нэвтрүүлэх ёстой гэцгээж байгаа юм.

10:00 цагийн үед: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд очлоо. Хилийн зурваст буриад ч юм уу, халимаг ч юм уу нэгэн эр байгаа тухай уулзсан хүмүүс ярьж байлаа. “Нисэх буудлын ажилчид ээлж ээлжээр хоол өгч байгаа гэсэн”, “Даралт нь ихсээд эмчийн хяналтад байгаа гэсэн шүү” хэмээн элэг нэгтнийхээ тухай сонссоноо ярьж байна. Ямартай ч Орос руу барьж өгчихөөгүй байгаа юм байна, хилийн зурвас гэх энэ хананы цаана Монголоо гээд тэмүүлээд ирсэн халимаг эр Б.Баатар байгаа л юм байна гэдэг эхний мэдээллээ ийнхүү олж авлаа. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын захиргааны хувьд “Тэр хүн манай байгууламжид байгаа нь үнэн. Чухам ямар шалтгааны улмаас хил дээр гацаад байгааг бид мэдэхгүй, хилийн цэргийнхэн мэднэ” гэх тайлбар өгсөн юм. Бормагнайн Баатарын оруулсан постноос үзвэл 10 жилийн хугацаагаар авсан паспортын хүчин төгөлдөр хугацаа нь 2023 оны хоёрдугаар сарын 22-нд дуусчихаж. Яг тэр өдөр Б.Баатар Казахстаны нисэх буудал дээр Монгол руу нисэх нислэгээ хүлээж байжээ. Уг нь тэрээр хоёрдугаар сарын 20-нд Казахстанаас нааш Монгол руу нисэхээр бүх юмаа жин тан болгочихсон байж. Харамсалтай нь Казахстаны тал тодорхойгүй шалтгаанаар түүний Монгол руу нисэх хугацааг нь хойшлуулснаас энэ бүх асуудал дэвэрсэн байна. Хамгийн гол нь түүнийг дууссан паспорттой нь Казахстанаас Монгол руу хоёрдугаар сарын 23-ны өглөө нисгэчихсэн байхад Монголын тал ч мөн адил дайн байлдаантай улс орноос дүрвэж, орогнол хүсч ирж байгаа элэг нэгтнээ Казахстантай адил нэвтрүүлчихэж болох байж гэсэн өнцөг гарч байгаа юм.

Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь хилийн цэргийн 0218-р ангийн захирагчийн хувьд Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрмээ баримталж, паспортын хугацаа нь дууссан гадны иргэнийг хилээр нэвтрүүлэх боломжгүй гэсэн албаны тайлбарыг өгөв. Энэ талаас нь харвал мэдээж манай хилийн цэргийнхний зөв. Гадаад орныг зорьж буй хэний ч хувьд эхлээд гадаад паспортынхаа хугацааг хэзээ дуусахыг шалгадаг нь зайлшгүй хийх үйлдэл л дээ.

Торгуудууд, халимгуудаас авсан мэдээллээр Б.Баатарын аав Бормагнай нь түүхч, судлаач. Эх түүхээ нэлээд сайн судалсан хүн юм байна. Харин Б.Баатарын хувьд дэлхийн монголчуудын ардчилал, хүний эрх, үндэсний цөөнхийн төлөө тэмцэл, үйлсээрээ нэрд гарсан тэмцэгч, хүний эрхийн төлөөх зүтгэлтэн. Хэдийгээр хилийн цэргийнхэн түүнийг хилээр оруулах боломжгүй гэж байгаа ч Казахстан улс паспортын хугацаа нь дууссан, эх нутаг, элгэн түмнээ гэж зүдэрч, ядарч явааг нь ойлгоод хилээр гаргачихсан байгааг бас харж үзэх ёстой болов уу. Өөрийнх нь постолсноор түүнийг хоёр хүн чирч гулдарч, онгоцонд суу гэж албадаж, “пүрэв гаригт (маргааш) Орос руу чинь явуулна, Орост чинь хүлээлгэж өгнө” гэж хүрмийг нь урж тасдахын наагуур “оролджээ”. Энэ талаар хилийн цэргээс тодруулахад “Авиа компанийн хоёр ажилтан та онгоцондоо сууна уу гэхэд тухайн хүн татгалзсан. Түүнээс биш чирч хөөсөн зүйл байхгүй” гээд тухайн үед хийсэн бичлэгээ харууллаа. Бичлэгт Б.Баатар явагчдын танхимын сандал дээр хүрмийнхээ энгэрийг задгайлаад сууж байх бөгөөд энгийн хувцастай хоёр эр хоёр талаас нь татаж босгох гэтэл тэрбээр татгалзаж, гараа суга татаж аваад суудал дээрээ налсхийн гэдийж байгаа биеийн хэлэмжээс нь үзвэл буцах онгоцонд суухгүй гэдгээ илэрхийлжээ гэж дүгнэж болно.

13:30 цаг. Хилийн цэргийнхэнд зорьж ирсэн учраа дахин тайлбарлаж, Б.Баатар хилийн зурваст байгаа эсэхийг нүдээр үзэж, биеийнх нь байдлыг асууж мэдмээр байгаа тухайгаа хэлбэл дотогш нэвтрэх хориотой, түүнд эмнэлгийн тусламж үзүүлж, хоол, уух шингэн юм өгч байгаа хэмээгээд түүний зургуудыг харууллаа. Зургуудад Б.Баатар хилийнхэнтэй инээгээд энгийн яриа өрнүүлж байгаа ч хөлс нь бурзайж, нэлээд ядрангуй буй нь нүүрний өнгө төрх байдлаас нь шууд анзаарагдлаа. Хажууд нь онгоцны хоолонд өгдөг хачиртай талх гэх мэтийн идэх юм харагдав. Бас дүрдэг цай, цэвэр ус, кофены аяга ч байна. Хилийн цэргийнхэн өөрсдийн дарсан зураг, бичлэгийн хүрээнд иймэрхүү мэдээлэл өгөв.

14:00 цаг. Энэ үеэр мэргэжлийн эмчтэй холбогдож цусны даралт ихэссэн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг, хөлс нь асгарч ядрангуй харагдаж буй нь хэр аюултай эсэх талаар тодруулахад “Тэр хүний зургийг харсан. Царай нь нэлээд бараан харагдаж байна лээ. Шоконд орохоор хөлс бурзайдаг. Хөлс гарч, царай хүрэнтэнэ гэдэг цусны эргэлт удааширч байна гэж үзнэ. Ер нь бол энэ шинж тэмдгүүд энэ хүн бол ер нь эрсдэлтэй байгаа юм байна шүү, эмнэлгийн тусламж үзүүлээрэй гэсэн дохио” гэж зөвлөлөө.

Б.Баатар “Тернимал” гэж кино л санаанд орж байна. Яг тэр үйл явдал над дээр давтагдаж байна хэмээн бичсэн нь анхаарал татсан юм. Ээжийгээ хайхаар Европ руу явах гэж гараад Парисын онгоцны буудал дээр бичиг баримтын зөрчилтэй гэгдэн саатуулагдаж, терминал дээр 1988 оноос хойш бүхэл бүтэн 18 жилийн турш амьдарсан бодит хүний түүх бий. Түүний амьдралаас сэдэвлэсэн “Тернамил” гэж алдартай киног монголчууд үзсэн байх. Тэр үйл явдал яг одоо Монголын хил дээр, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр давтагдаж байна. Онцлог нь, дайнтай бүсээс, дайнтай улсаас ирж буй элэг нэгтнээ оруулахгүй байгаа нь энэ киноноос ялгаатай байна. Өнөөдрийн дотор ямар нэг арга хэмжээ авч, түүний асуудлыг ГХЯ нааштайгаар шийдүүлэх тал дээр дорвитой хөдлөхгүй бол Б.Баатар гэх энэ халимаг Монголыг Орост баривчилж өгөх нь Ардчилсан, энэрэнгүй Монгол Улсыг НҮБ болон олон улсад хүний эрхийн мэдрэмжгүй, хүний эрхийг хамгаалах алхмаасаа ухарсан үйлдэл хийлээ хэмээн дүгнэхэд хүргэх нь байна шүү. Хилийнхний хувьд “Бид мэдээж элэг нэгтнээ, монголчуудаа гэнэ. Гэвч тэр хүний паспорт дээр Оросын иргэн, энэ паспорт Орос улсын өмч гэж бичсэн байгааг мартаж болохгүй. Хугацаа нь дууссан паспорттайг нь мэдсээр байж хүлээж авах нь манай улсын хуультай харшилдаж байгаа юм. Энэ хүнийг нэвтрүүлбэл бид өөрсдөө хууль зөрчсөн болно. Энэ хүн шиг хил дээр ирж гацсан тохиолдолд нутаг руу нь л буцаахаас эндээ байлгаж, паспортын зөрчлийг нь арилтал байлгах хууль эрхзүйн баримт бичиг байдаггүй. Хэрвээ тийм хууль дүрэм байсан бол энэ хүнийг хилийн зурвас дээрээ байлгаж болно. Харамсалтай нь одоогоор тийм заалт байдаггүй учир түүнийг гаргахаас өөр аргагүй” гэсэн юм. Тэгэхээр Монголоо гээд ирж байгаа элэг нэгтнүүдээ хилээрээ оруулах нөөц заалт, холбогдох хууль дүрэм журам огт байдаггүй гэдэг нь Б.Баатарын энэ тохиолдлоос харагдлаа. Манай хууль санаачлагчид дүрвэж, орогнол эрж ирж байгаа элэг нэгтнээ хүлээж авдаг хуулийг яаралтай санаачилж, хэлэлцүүлж батлуулах цаг нь болчихжээ. Харин манай Гадаад харилцааны яам хойд хөрштэйгөө дипломат түвшинд яривал Б.Баатарын паспортын асуудлыг нэг өдөрт л нааштай шийдэх боломжтойг хүний эрхийн шинжээчид ярьж байна.

18:30 цагийн үед: Б.Баатартай холбогдоход маш их ядарч сульдаж, шөнөдөө унтаж чадахгүй байгаа учир нойр нь хүрч бараг зогсоогоор нүд нь анилдаж буйгаа хэллээ. Тэрбээр “Юуны түрүүнд монголчууддаа, элэг нэгтнүүддээ Сар шинийн мэнд дэвшүүлье. Миний хувьд Монгол Улсыг ардчиллын баянбүрд, эрх чөлөөний арал гэж дотроо итгэдэг билээ. Тийм ч учраас эцсийн найдлага тавьж Монгол руу тэмүүлсэн ч замдаа надаас шалтгаалахгүй гэнэтийн нөхцөл байдал үүсч паспортын зөрчил гарсанд харамсаж байна. Миний хувьд өөр очих газар, өөр тэмүүлэх нутаг үгүй. Монгол Улсын хил дээр ирээд паспортын зөрчил гаргасандаа хилийн алба хаагчдаасаа маш их уучлал хүсч байна. Миний буруу. Би нэгэнт зорьж тэмүүлээд маш их эрсдэлийг туулаад ирчихсэн учир надад буцах газар байхгүй. Монгол бол миний эцсийн найдвар болчихоод байгаа учир элэг нэгтнүүд минь миний нөхцөл байдлыг аль болох ойлгож хилээр нэвтрэхэд тусална уу хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Бид сүү, цайны дээжээ Монгол руугаа өргөж, хэзээ нэгэн цагт Монголдоо очно доо гэж ярьцгааж сэтгэл зүрх минь үргэлж нааш тэмүүлж байдгийг та бүхэн минь мэдээсэй гэж хүсч байна. Хэрвээ замдаа саатаагүй байсан бол Монголынхоо хилээр асуудалгүй нэвтрэх байсан. Бүх зүйлд би буруутай. Замдаа саатаж магадгүй гэж хоногоо дутуу тооцоолсондоо маш их харамсаж байна. Намайг хүлээж авна гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.

Тэрбээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь аюул учирч байгаа тул Монгол Улсад улс төрийн орогнол олгохыг хүсч буйгаа албан ёсоор илэрхийллээ.

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Отгонгэрэл: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх боломжгүй DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, профессор, хуульч, өмгөөлөгч С.Отгонгэрэлтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр иргэдийг төлөөлж байгаа төлөөллийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломж бий юу?

-Хоёр тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Энэ талаар эхлээд тайлбарлая. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 68.2-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно” хэмээн заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 51 гишүүний саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэсэн үг л дээ. Түүнчлэн мөн заалтад “Уг санал асуулгыг Үндсэн хуулийн 25.1.16-д заасан үндэслэлийн дагуу явуулна” гэсэн байдаг.

Тэгвэл ард нийтийн санал асуулга явуулах зохицуулалт болох 25.1.16-д Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэж байгаа юм.

Энэ заалтад хамгийн гол нь сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцно гэж заасан байна. Гурван сая 400 мянган иргэний хоёр сая нь сонгуулийн эрх бүхий иргэн гэж бодъё л доо. Тэгвэл үүний олонх гэхээр нэг саяас дээш иргэн дэмжсэн тохиолдолд ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцох нь. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дараагийн гарц нь Үндсэн хуулийн 69.1-т зааснаар УИХ-ын нийт гишүүдийн ¾ доошгүйн саналаар буюу 57 гишүүний дэмжсэн саналаар өөрчлөлт оруулах нь. Жишээ нь, 2019 оны нэмэлт өөрчлөлт, 2022 оны наймдугаар сарын давхар дээлтэй холбоотой өөрчлөлт шиг.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр УИХ-ын гишүүдийн тоог нэмж болох уу?

-Болохгүй. Үндсэн хуульд 21.1-д УИХ нэг танхимтай 76 гишүүнтэй байна гээд заачихсан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж гишүүдийн тоог нэмж болно.

-Харин сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуулиар бус Сонгуулийн тухай хуулиар өөрчилж болох нь гэж ойлголоо?

-Тийм. Сонгуулийн тогтолцоог Сонгуулийн тухай хуулиар өөрчлөх нь нээлттэй. Үндсэн хуулийн 21.2-т УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэсэн байгаа. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг зааж өгөөгүй. Ийм ч учраас 2012 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явуулсан. Хэрвээ бид Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжгүй байлаа гэхэд Сонгуулийн тухай хуулиар өөрчлөх боломжтой. Манайхан мажоритар системээр улсаа ганцхан тойрог болгоод байгаа нь буруу. Европын орнууд тухайн улсыг хэдэн ч тойрогт хувааж болдог. 26 тойрог байлаа гэхэд түүнийг хэд ч хувааж болдог. Манайх 26 тойргоо бүсчилж ч юм уу эсвэл гурав хувааж болно шүү дээ.

-76-хан гишүүнтэй байх нь ард нийтийн төлөөллийг хангаж чадахгүй байна, нэмэх хэрэгтэй хэмээн нийгмийн тодорхой хэсэг дүгнэдэг. Тэгвэл заавал ҮХНӨ оруулахгүйгээр Цэцэд гомдол гаргаад ч юм уу, үүнийг шийдэх боломжгүй юу. Давхар дээлийн асуудал шиг?

-Болохгүй. Нэгдүгээрт, Үндсэн хуульд анхнаасаа л 76 гишүүнтэй байхаар заачихсан. Өөрөөр хэлбэл, 76 гишүүнтэй байх заалт нь Үндсэн хуулийн суурь заалт. Цэцээр шийдвэр гаргуулбал Үндсэн хуульд халдсан үйлдэл болно. Их ч маргаан гарна. Харин давхар дээлтэй холбоотой заалт бол 2019 онд нэмэлтээр орсон заалт шүү дээ. Нэг талаас 2019 онд орсон заалт бол хязгаарлачихсан байсан. Засаглал хуваах онолын хувьд энэ заалт нь болохгүй байгаа юм. Учир нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн 1.1-д зааснаар Бүгд найрамдах улс. Үндсэн хуулийн 20.1.1-т УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гээд заачихсан байгаа юм. Үүнээс үзвэл манай улс парламентын бүгд найрамдах улс. Парламентын бүгд найрамдах улсад Ерөнхий сайд нь хүчтэй байдаг. Сонгуулиар манай намыг сонгоорой гээд иргэдийн дэмжлэгийг аваад олонх болсон тохиолдолд сонгуулийн ялалтад нөлөөлсөн тухайн намын хүчтэй лидерүүд Засгийн газарт орж ажиллаж хариуцлагаа хүлээх ёстой. Сонгодог парламентын зарчмаар олонх болсон нам нь Засгийн газрын ажлаа давхар хийдэг. Жишээ нь, АНУ ерөнхийлөгчийн засаглалтай улс. Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалынхаа тэргүүн нь болдог. Гэтэл манайх дөрөв гээд хязгаарласан нь засаглал хуваах онолоор болохгүй байна хэмээн Цэц долоон үндэслэлээр тайлбарласан шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Малын тэжээл үйлдвэрлэх нь Монголд хамгийн ашигтай бизнес баймаар юм DNN.mn

Зуд турхантай, нийт нутгийн 60 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Өвсний үнэ тэнгэрт хадаж эхэллээ. Хаврын хаварт болдог энэ мэт зовлон бэрхшээл эхнээсээ дуулдаж, хөдөөгүүр нөхцөл байдал хүндэрч, энэ сарын 16-ны мэдээгээр улсын хэмжээнд 284.8 мянган мал зүй бусаар хорогдоод байна. Анх удаа ингэж байгаа юм биш л дээ. Малчдыг өвлийн бэлтгэлээ сайн базаагаагүй, өвс тэжээлээ хангалттай бэлдээгүй гэж буруутгахаар өөдөөс “Гантай байгаад чадсангүй. Өвс хадлан муу гарсан” гэж ам тагладаг. Эсвэл “Сүхбаатар, Дорнод гэсэн хадлан гайгүй гарсан газарт очоод өвс хадаж байгаад түймэр тавьчихлаа” гэх зэрэг юм чих дэлсэж, өвс хадланг дагасан хэл ам намар, өвөл, хаваржингаа үргэлжилдэг.

Дүн өвөл, урт хаврын өдрүүдэд нов ногоон өвс олно гэдэг хэцүү л дээ. Хүн малын зоо тэнийтэл дахиад хэдэн сар бий. Тэр хүртэл малаа юугаар тэжээх вэ гэхээр малын тэжээл л аминд орно.

Малын уурагт тэжээл гэж сайхан юм байна. Найрлагад нь шар буурцаг, рапсын шахдас, хивэг, өвс, буудай, хужир, шохойн чулуу оржээ. Саалийн үнээ, бог, бод малд өгөх заавар нь шуудайны бөөрөн дээр нь хадаатай байна. Энэ тэжээлийг малд өгөхөд жишээ нь моринд өдөрт 100-150 грамм л хангалттай. Хөдөө аж ахуйн их сургуулийн хийсэн туршилтаар өдөрт 7 литр сүү өгдөг саалийн үнээг “Уурагт тэжээл”-ээр тэжээхэд сүүний гарц нь 21-25 литр болдог юм байна. Өдөрт 20-30 грамм уурагт тэжээлээр тэжээсэн хоёр сартай хурга биеэрээ бэлчээрийн маллагаатай төлөгтэй эн чацуу байна гээд бод доо. Туршилтаар батлагдсан бодит үр дүн энэ шүү.

40 кг-аар савласан нэг шуудай уурагт тэжээл таван кг-аар савласан 6.4 шуудай хивэг, 11 боодол өвстэй тэнцэхүйц чанартай байна гэхээр малын тэжээл ямар их зардал хэмнэсэн инновацийн бүтээгдэхүүн болохыг хэн ч ойлгохоор. Дээр дурдсан орцуудыг буталж, нунтаглаад нунтаг, хорголжин болгож гаргахад уг нь айхавтар олон шат дамжлага, үйлдвэрлэлийн өндөр хүчин чадал шаардахгүй. Бүр энгийнээр хэлэхэд, ганц цахилгаан мотор асаагаад хоёр булан дундуур орцуудаа гүйлгэж бутлаад гаргаж ирээд шуудайлчих үйл явц. Ийм амархан. Малын тэжээл бэлддэг ийм үйлдвэр, цехүүдийг аймаг, сум болгонд бий болгох хэрэгтэй. Үүний дараа үйлдвэр, цехүүдээсээ гаргасан уурагт тэжээлүүдээ малчдад хүргэдэг, малчны хотонд ойртуулдаг, малчдыг байнгын хэрэглэгч болгох дадалд сургах ажил бол хамгийн чухал шүү.

Хургыг уурагт тэжээлээр өдөрт 20-30 грамм өгч тэжээхэд хоёр сарын дараа төлөгний дайтай болж томорч байгаа гэхээр 40 кг-ын шуудайтай ганц тэжээлээр 40 гаруй хургыг сар тэжээчихэж болох нь. Хэрвээ 40 хургыг өвөл, хаваржингаа өвсөөр тэжээе гэвэл хэдэн сая төгрөг зарцуулах вэ. Хонинд өдөрт 50-70 грамм л хангалттай учир 1000 хоньтой айл өвлийг өнтэй, мал бүтэн онд мэнд оръё гэвэл 50 шуудай уурагт тэжээлтэй байхад л болох нь байна. Бүх юм ийм энгийн байхад яагаад өдийд өвсний асуудал босдог вэ гэхээр малчдад малаа тэжээлээр тэжээж, бордох тухай ойлголт огт байдаггүйтэй холбоотой. Малдаа тэжээл өгдөг, өвөл, хаврын үед хонь малдаа эрдэс бодис, хэрэгтэй шим тэжээлийг өгдөг шүү гэдгийг малчдад танин мэдүүлж, бүр хэвшүүлэх хэрэгтэй. Ингэхийн урьд малын тэжээлийг олон сонголттойгоор үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх ёстой. Хаашаа л харна, малын тэжээл элбэг байх тийм хэмжээнд энэ чиглэлийн үйлдвэрлэлийг улсаас дэмжих нь зөв. Малын тэжээлийг элбэг болгоно гэдэг нь гаднаас импортоор оруулж ирэх тухай ойлголт огтоос биш шүү. Өөрсдийнхөө малын уурагт тэжээлээ дотооддоо, сум болгондоо үйлдвэрлэх тухай юм.

Ийм үйлдвэрүүдийг бий.

Мал жил бүр өсдөг ч хавар нь зуднаар хэдэн зуун мянгаар хорогдлоо гэдэг мэдээг жирийн, энгийн мэт л хүлээж авдаг. Угаасаа тэвээрэг муутай нь үхэх ёстой гэдэг хоцрогдсон ойлголттой. Мал хавартаа хорогдоод байдгийн том шалтгаанууд байдаг. Нэгдүгээрт, монгол мал хавар өлсөөд өлдөөд үхчихдэг юм. Хоёрдугаарт, өвөл нь хөлдөөд, жиндээд үхчихдэг. Малаа дааруулдаггүй, жиндээдэггүй дулаан сав, байр ховор. Энэ асуудал цаашилбал цөлжилттэй тэмцэх үндэсний хэмжээний ажил болж хувирна л даа. Бараг 100 сая малтай, бэлчээрийн даац хэдийнэ хэтэрчихлээ гэцгээдэг.

Хэрэвзээ малын уурагт тэжээлийн үйлдвэрүүдийг аймаг, сум бүрд байгуулчихвал малчдын эдийн засагт хэмнэлт гарч, малын тоо толгой хорогдохгүй болж, цаашлаад цөлжилт багасах боломжтой. Яваандаа нөгөө хүсээд байгаа фермерийн, суурин мал аж ахуй гэдэг юм чинь суман дахь тэжээлийн үйлдвэрүүдээ тойроод хүссэн хүсээгүй бий болно гэсэн үг.

Хамгийн их хэрэглэгчтэй бизнес хамгийн ашигтай. Эдийн засгийн хэллэгээр бол эрэлтээ дагаж нийлүүлэлт өсдөг учир хөрөнгө оруулагчид эрэлт ихтэй буюу хэрэглэгч олонтой салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Зах зээлд шилжээд 30-аад жил болсон монголчууд үүнийг хэнээр ч заалгахгүй мэднэ. Гүйлгээ сайтай бараа л ашиг авчирдаг. Тэгвэл энэ 90, 100 сая малыг тэжээхэд хэрэгтэй уурагт тэжээлийг үйлдвэрлэхээс өөр ашиг өгөх ямар бизнес байгаа юм бэ. Үүнийг яагаад хийхгүй байгаа юм бэ. Энэ чиглэлийн бизнес, үйлдвэрлэлийг бизнес эрхлэгчид, харьяа яам нь анхаарч хөдөлбөл ашгаа өгөх бүхэл бүтэн том орон зай гэж харж байна.

Оросын тэжээлийн үйлдвэр гэж том үйлдвэр байсан даа. Бүтээгдэхүүний орц нь юу байсан юм гэхээр, сүрэл, будаа, давс. Сүрлээ жижиглэж хэрчээд, будаагаа няцлаад, давсаа хутгаад л малын тэжээл нь бэлэн болдог байв. Долоон давхар өндөртэй том үйлдвэр байсныг зарим хүмүүс санаж л байгаа байх. Ганц мотор ажиллаад л орцуудаа буталж, нэг бункерээр асгаж түүнийгээ канвераар урсгаад шуудайлчихдаг байсан даг. Одооны үйлдвэрүүдтэй харьцуулахад үгүй ээ мөн хялбархан шат дамжлагатай байж шүү.

Өнөөдөр малын тэжээл үйлдвэрлэе, уурагт тэжээл хийе гэвэл орц, найрлага нь хангалттай, техник, технологи нь ч бэлэн байна. Одоогийн байдлаар малын уурагт тэжээл үйлдвэрлэдэг цөөн газрууд нь эрэлтээ хангаж дийлдэггүй бололтой юм билээ шүү. Монголдоо үйлдвэрлэсэн уурагт тэжээлээ эрсэн, сурсан малчид, хувь хүмүүс олон байгаа харагдана.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 1, Буд гариг. Билгийн
тооллын 10, хэрцгий охин одтой,
шар морь өдөр. Өдрийн наран
7:34 цагт мандан, 18:35 цагт
жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой,
морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв
үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс
эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах,
зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг
эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр,
байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх,
хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай,
морь, бич, тахиа болой. Хол газар яваар
одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эрч, хүч ихсэнэ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт -1 хэм хүйтэн байна DNN.mn

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд болон өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -37…-42 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -28…-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11…-16 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчмоор -17…-22 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр -2…+3 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчим, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Нармай МОНГОЛ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн Монгол Улсаас Кувейт
улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд
П.Сэргэлэн “манай улс булангийн
орнууд руу экспорт хийж эдийн
засгийн үр ашгаа дээшлүүлэх
боломж байна”
гэснийг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Чингис хаан” онгоцны буудалд, хилийн зурвас дээр
гацаад буй халимаг эр Бормагнайн Баатар “Монгол миний эцсийн
найдвар болчихоод
байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Нармай МОНГОЛ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Санхүүгийн шинжээч А.Өлзийдэлгэр “Ам.долларын бодлогын хүү
ковидын өмнөхтэй адил түвшинд очвол
төгрөгийн ханш тогтвортой байх боломжтой” гэлээ.

Монгол Улсын ардын
жүжигчин А.Долгор “Бодлын цагаан хун”
намайг таниулсан
шүтээн дуу” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ