Улаанбаатар” театрын Уран сайхны удирдагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Равдангийн Мөнхсайхантай ярилцлаа.
-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Шагнал хүртэх болсон албан ёсны мэдээгээ өөрөө мэдээгүй байхад хүмүүс надад баяр, мэндчилгээ хүргээд эхэлсэн, их мэдээлэл сайтай байдаг юм байна. Би шагнал хүртэх болсон тухай албан ёсны мэдээгээ хүлээгээд бага зэрэг сандарсан. Ерөнхийлөгчийн тамгын газраас надтай “Та Равдангийн Мөнхсайхан мөн үү, танд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн шагнал хүртээх ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Танд баяр хүргэе” хэмээн холбогдсон. Шагнал хүртэхээсээ өмнө бэлтгэлтэй байсан гэх юмуу. Тэгээд албан ёсоор Ерөнхийлөгчийн тамгын газраас холбогдоход маш их баярласан. Төрийн шагнал хүртсэн хүмүүс шагналаа “Энэ бол олон түмэн та бүхний шагнал шүү” гэж их ярьдаг нь олон хүний мэндчилгээ, баяр хүргэсэн мессэж зэргээс тийм сэтгэгдэл, мэдрэмж төрдөг юм билээ. Маш олон хүн надад баяр хүргэж, сэтгэгдлээ бичиж, ярихаар тэдний магтаалд умбаад энэ олон хүний ерөөл буян хишгийг даах ёстой юм байна шүү гэсэн сэтгэгдэл төрдөг юм билээ. Сайхан мэндчилгээ хэлж, баяр хүргэсэн хүмүүсийн үгс чин сэтгэлийнх учраас цаашид хийж буй уран бүтээлээ эрч хүчтэй хийх энерги, үүрэг өгсөн. Ийм учраас л та бүхний шагнал шүү гэж хүмүүс ярьдгийг ойлгосон.
-Та урлагт анх хөл тавьж байсан үеэ дурсахгүй юу?
-Гитар хөгжим урлагт орох замыг маань зааж өгсөн гэж энэ хөгжимд их баярлаж явдаг. Одоо ч гитар хөгжмөө тоглодог. Багаасаа тухайн үеийн хүүхдийн пионерын ордонд ангийнхаа хоёр найзтай хөгжим тоглодог байсан. Тэр хоёр найзын маань нэг нь н.Тамираа гээд сүүлд циркт бөмбөр тоглож байгаад “Мөнгөн хүрхрээ” хамтлагт тоглож, шилдэг бөмбөрчдийн нэг болсон мундаг бөмбөрчин. Мөн Ц.Оюунболд гээд “Соёмбо” хамтлагт дуулж байгаад “Мөнгөн хүрхрээ” хамтлагт дуулж байсан хүн бий. Миний хувьд арван жилийн сургуулиа төгсөөд ОХУ руу театрын сургуульд суралцахаар явсан юм. Гитар хөгжмөө тоглосоор, сургуулийнхан маань дэмжсээр байгаад урлагийн хүүхэд болсон гэх үү дээ. Тэгэхээр намайг гитар хөгжим их урлаж өгсөн. Дөч гаруй жил урлагт хүчин зүтгэж явна даа.
-Та 1988 онд Соёмбо хамтлагийн “Байна уу байна уу” дууны үг аяыг, “Хуучны пянз” дууны шүлгийг бичсэн гэж сонссон. Энэ дууны үг аяыг бүтээж байсан түүхээсээ хуваалцвал?
-“Соёмбо” хамтлаг 1984 онд үлээвэр хөгжимтэй жазз хамтлаг байсан. Тэдэнд зориулж жазз маягийн дуу хийсэн, нэг нь рок-н-ролл дуу байсан. Ийм дуунуудыг хийж “Соёмбо” хамтлаг дуулж, тоглоход тэр дуу хүмүүст их хурдан хүрч дуртай болсон. “Соёмбо” хамтлагийн тоглолтыг найруулж хийлгэж байлаа. Тэр үеийн “Соёмбо” хамтлаг гэдэг бол ер нь “Харанга” хамтлаг шүү дээ. “Соёмбо” хамтлагаас “Харанга” хамтлаг үүсэж гарсан учиртай.
-Та 1990 оны эхээр “Аясын салхи” метал рок хамтлагт дуулж, гоцлол гитар тоглодог байсан шүү дээ. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Тийм. 1989 онд эстрад хамтлагуудын дунд уралдаан зохиогдоод би гоцлол гитар тоглож орж байсан. Тэр үед аваргууд маань байхгүй, би шилдэг гитарчин болж байлаа. Тэр үед метал тоглодог метал гитар Монголд дэлгэрээгүй байсан. Ер нь рок хөгжмийг хүмүүс сайн ойлгоогүй байсан үе л дээ. Одоо ч гэсэн сайн ойлгосон үгүйг нь мэдэхгүй шүү дээ. Рок хөгжмийн талаар мэдээлэл түгээх, рок гэж юу вэ гээд амьдралын хэв маягт орсон. Тэр үедээ л цоо шинэ юм байсан байх. Метал, рок дуу дуулахаар хүмүүс айдаг, гайхдаг тиймэрхүү л байсан үе л дээ. Хуучин пост-социалист орнууд болох Польш, Унгар, Чех, Унгар, Орос хамтлагууд нь далд байж байгаад ил гарч ирсэн үе. Энэ жишгээр 1990-ээд оны үед Монголд “MS” гээд рок клуб байгуулсан. “Харанга” хамтлаг байгуулагдахад би Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан. “Харанга” хамтлагийнхан сүүлд 30 жилийн ойгоороо ярьсан юм. “Чи л аймаар яриад байдаг байсан” гэхээр нь би юу яриад байдаг байсан юм гэхээр “Мэдэхгүй ээ, чи аймаар яриад л байсан” гээд. Тэгэхээр би Рок хөгжмийн л талаар л тэдэнд яриад байсан юм шиг байгаа юм. Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байхдаа “Бардам туулай” мюзиклийг Чингисийн Жагаа ах (Д.Жаргалсайхан) хөгжмийг нь зохиож, “Соёл-Эрдэнэ” хамтлаг хөгжмийг нь тоглож, хүнийг амьтдаар төлөөлүүлсэн инээдмийн хүүхдийн жүжиг анх хийж байсан юм. Түүн дээр анх Поп Б.Сарантуяа миний дууг дуулж байсан. Ингэж бид уран бүтээлээрээ анх танилцаж байсан юм. Энэ жүжиг драмын театрын хамгийн их тоглогдсон анхны мюзикл гэдэг юм билээ. “Харанга” хамтлаг театр дээр цугларсан үед би драмын театрын уран сайхны зөвлөлийн гишүүн байсан. Уран сайхны зөвлөлд орсон хамгийн залуу хүн нь би байсан юм. Театрын удирдлагатай яриад анхны цахилгаан хөгжим аваад, хөгжмөө өөрөө очиж сонгоод театртаа авчирч түүн дээр хөгжимдсөн хамтлагийн нэг нь “Харанга” хамтлаг юм. “Залуучууд” театрын өмнө сууцгаачихсан. Би ачааны машин дээр хөгжмөө нэг тал дээр нь гаргаад аччихсан, гитараа дээш өргөчихсөн, театрын хаалгаар орж байсан тийм дүр төрх надад мартагдашгүй нандин сайхан дурсамжтай үлдсэн байна. Рок хөгжмийг би багаасаа сонирхсон л доо. “Соёмбо” хамтлагийн дуучин Ц.Оюунболд бид хоёр манай гэрт дандаа рок хөгжим сонсдог байлаа.
Манай ах Орост сурдаг байхдаа нэг өрөөнд байдаг гадаад залуу нь зуныхаа амралтаар Англи руу явж ажил хийдэг. Англиас ирэхдээ рок пянзнууд авч ирж манай ахад өгдөг. Манай ах тэрийг нь худалдаж авсан гэсэн. Пянз тоглуулагч, пянзнууд авч ирээд буцаад сургууль руугаа явахад би пянзнуудыг нь хариуцаж үлдээд Ц.Оюунболд бид хоёр сонсоод л, тэр үед Монголд бас их олон хүн пянз сонсдог байлаа.