Categories
гадаад мэдээ

​БНХАУ-д ажилтай хүний тоо буурав DNN.mn


Сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахлын эдийн засагт үзүүлсэн нөлөө, хөдөлмөрийн насны хүн амын тоо хурдацтай буурч байгаагаас БНХАУ-ын хөдөлмөр эрхэлж буй хүн амын тоо 41 саяар буурчээ. Тус улсад 2019 онд хөдөлмөр эрхлэгчдийн тоо 774.7 сая орчим байсан бол өнгөрсөн онд 733.5 саяд хүрсэн байна. Мөн тэтгэвэрт гарах иргэдийн тоо хурдацтай нэмэгдэж байгааг Статистикийн хорооноос мэдээлжээ. Ийнхүү Бээжин тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаарыг өсгөх шаардлагатай тулгарч магадгүй болжээ.

Цар тахлын үеэр БНХАУ-д залуучуудын ажилгүйдлийн түвшин өссөн нь үүнд нөлөөлж буй бас нэгэн гол шалтгаан болсныг Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Стюарт Гител-Бастен онцолжээ. Мөн 2012 оноос хойш БНХАУ-д 16-59 насны хүн амын тоо тогтвортой буурсаар байгаа юм. Сүүлийн гурван жилд энэ насны бүлэгт хамаарах иргэдийн тоо 38 саяар буурч, 857.6 сая болжээ. БНХАУ-ын тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаар сүүлийн 40 жилд өөрчлөгдөөгүй бөгөөд тус улсын хүн амын дундаж наслалт нэмэгдсэн ч эрэгтэйчүүд 60 нас, эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гардаг хэвээр байгаа юм

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Цэнгүүн: Хэцүү үед бизнесмэнүүдээ торгохоор хэрэглэгчдэд яаж тусдагийг харуулах гэж гурилынхаа үнийг нэмсэн DNN.mn

“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүнтэй цөөн хором ярилцлаа. ШӨХТГ-аас тус компанид торгууль тавьсантай холбоотойгоор “Алтан тариа” гурилын үнийг нэмэгдүүлнэ гэж тэрбээр мэдэгдээд байгаа юм.


-ШӨХТГ-аас “Алтан тариа” ХХК-ийг торгосныг тодруулахгүй юу?

-ШӨХТГ-аас манайхыг гурилын үнийг нэмсэн гэж өнгөрсөн оны есдүгээр сараас хойш шалгаж байгаа. Шалгалтанд шаардлагатай баримт материалыг цаг тухайд нь бид гаргаж өгөөд явсан. Саяхан шийдвэр нь гарлаа. Тэр шийдвэр нь биднийг гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн, хэрэглэгчийг хохироосон хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэж торгосон. ШӨХТГ-ын энэ торгууль нь Монгол Улсын хуульд огт нийцэхгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байгаа.

Торгуультай холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ гэсэн таны байр суурь олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байна. ШӨХТГ-ын үйлдэл яагаад гурилын үнэ нэмэхэд хүргэчихэв?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмээр бол аливаа хувийн хэвшил, компани бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг хориглодоггүй. Нэмсэн тохиолдолд компани тэр үндэслэлээ тайлбарлах шаардлага ч байдаггүй. Хэрэв тэр компани зах зээл дээр давамгай байдалтай биш бол. Манайх давамгай байдалтай компани биш. Тиймээс бид тэр үндэслэлийг тайлбарлах ямар ч шаардлага байхгүй. Тиймээс ШӨХТГ-ын торгууль бол хууль бус шийдвэр. Нөгөө талаас хэрэглэгчийг хохироосон хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж юу яриад байгааг ч ойлгохгүй байна.

-Тэгээд та гурилынхаа үнийг яг нэмчихсэн үү?

-Яахав, бага хэмжээгээр дохио болгож нэмсэн. Нэгдүгээр гурилын үнэ 20 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бол “Та нарын үйлдэл чинь хууль бус” гэдгийг харуулсан дохио. Цаашдаа ч дураараа дургиж, хуульд байдаггүй үйлдлийг төрийн байгууллагууд хийж болдоггүй юм шүү гэдгийг ойлгуулах үүднээс үнээ нэмсэн.

-Мэдээж үнийн асуудал манай улсад олон жил яригдаж байгаа сэдэв. Аливаа салбарыг чөлөөт зах зээлээр нь хөгжүүлэх ёстой гэж ярьдаг. Гэхдээ гурил бол стратегийн бүтээгдэхүүнд орно. Тиймээс үнийн асуудал олон нийтийн эрх ашиг болоод явчихна шүү дээ…?

-Энэ асуудлаар олон нийтийн дунд өрнөсөн, хүмүүсийн талцаж хуваагдсан асуудал их сонирхолтой зүйлийг давхар харууллаа. Манай нийгэм өөрөө хуучин сэтгэлгээтэй, хуучны үзэл барилтай, социалист үеэрээ сэтгэдэг хүмүүс их байна. Нэг ёсондоо төр бүхий л зүйлд оролцож байна. Гэтэл өнөөдөр бид зах зээлийн эдийн засагтай улс. Үнэ гэдэг бол зөвхөн зах зээлийн эрэлт нийлүүлэлт дээр явагдана гэдгийг ойлгох цаг нь болсон байх.

-Гол нь энэ явдалд хэрэглэгч буруугүй биш үү. Үнийн нэмэгдэл хэрэглэгчийн нуруун дээр л ирнэ?

-Өмнө нь хэлсэн. Ямар ч татвар, НӨАТ, нийгмийн даатгал, онцгой албан татвар, хураамж, ер нь төрөөс хурааж байгаа бүх төрлийн мөнгийг бизнесмэнүүд барааныхаа үнэ өртөгт шингээж явдаг. Тиймээс энэ хэцүү, хямралтай байгаа үед бизнесмэнүүдийг ингэж торгоно гэдэг бол эцсийн дүнд хэрэглэгчдэд ч хүнд тусдаг, давхар торгууль ногдож байгааг ойлгоосой гэдэг үүднээс энэ асуудлыг хөндсөн.

-Та шүүхэд хандана гэв үү?

-Шүүхэд хандана. Шүүхэд хандаад яаж тайлбарлахыг харъя. Монгол Улс хууль дүрэмтэй. Түүнийхээ дагуу шийдэх байх. Ер нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийг хамгаалах ёстой байгууллага нь огт эсрэг, тэсрэг юм хийгээд байгаа юм. Хэрэглэгчийг хамгаална гэчихээд өрсөлдөөнийг маш ихээр боомилдог. Хэрэглэгч бол байнга хямд үнийг сонгож авдаг. Гэтэл хямд үнэтэй байх ёстой гээд үнэ бууруулаад хуйвалдаад байвал зах зээл дээр өрсөлдөөн байхгүй болно. Шинэ санаачилга, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлдвэрлэгч, шинэ хэрэглэгч, шинэ нийлүүлэгч огт гарч ирэхгүй. ШӨХТГ өөрөө өрсөлдөөнийг хааж боомилсон, эсрэг байгууллага болж хувирчихаад байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хөгжлийн банкны гурав дахь удаагийн сонсголд Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар гэрчээр оролцоно DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн /2542 төсөл/, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ын хяналт шалгалтын хуульд заасны дагуу сонсголоос 7 хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу 3 дахь удаагийн сонсголын талаар та бүхэнд мэдээлэл хүргэе. УИХ-ын түр хорооноос Хөгжлийн банктай холбоотой нотлох баримтыг хянан шалгах нээлттэй сонсголуудыг хоёрдугаар сард зохион байгуулсан. 3 дахь удаагийн буюу төгсгөлийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол энэ сарын 13-17 ны өдрүүдэд болно. Энэ удаагийн сонсголоор хоёр үндсэн асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, арилжааны банкнуудаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийн асуудлыг ярина. Энэ зээл нь нийт 1.6 их наяд төгрөгийн үнийн дүнтэй юм. Хоёрдугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкнуудад Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан нийт 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн. Тус банкны Мөнгөн удирдлагын асуудлыг ярина гэсэн үг. 3280 хадгаламжийг байршуулсан болон буцаан татсан асуудлыг багцалж хэлэлцэх юм.

3 дахь удаагийн нээлттэй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хүрээнд нийт 210 албан тушаалтныг гэрчээр дуудна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, М-Си-Эс групын үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, Таван богд трейд групын үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, гэсэн нийт 210 хүнийг гэрчээр дуудна” гэв.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Орон нутагт эрүүгийн 1 хэрэгт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 45 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 836 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт орон нутагт эрүүгийн 1 хэрэгт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “А” нь “Д”-г ажлын байранд болон гудамжинд удаа дараа зодож гэмтэл учруулж байсан, энэ тухай гаргасан гомдлыг удирдлага нь хүлээж авахгүй, хэргийг шийдвэрлэхгүй дарагдуулж байна гэх;
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын удирдах албан тушаалтан “А” нь байгууллагын багш, ажилчдын нэр дээр ур чадварын урамшуулал олгож, өөрийн данс руу шилжүүлүүлэн хувьдаа авдаг байсан гэх;
  • Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтнууд хохирогч, гэрч нарын мэдүүлгийг өөрчилсөн, хэргээс нотлох баримт үрэгдүүлсэн гэх;
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан “Э” нь тус газрын ерөнхий нягтлан бодогч “Ц”-тай бүлэглэн бусдаас хахууль авсан гэх;
  • Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга “А”, Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга “Ц” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, төсвийн өмчийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан “А” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын өмч хөрөнгийг бусдад худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах аргаар иргэдээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт нэр бүхий компани нөхөн сэргээлтийн ажил хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэх үйлдэлтэй хэрэгт орон нутгийн болон хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамтран оролцсон, хээл хахууль өгсөн, авсан гэх;
  • “Г” нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.
Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар
Categories
мэдээ нийгэм спорт

Сагсан бөмбөгийн 14 хүртэлх насны УАШТ эхэллээ DNN.mn

Амьдралын тод хөтөч

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны U14 насны өсвөр үеийн УАШТ өнөөдөр “Спортын төв ордон”-д эхэллээ. Энэ удаагийн улсын аваргад эрэгтэй 32 баг эмэгтэй 8 баг өрсөлдөж байна. Үүнээс Эрдэнэт, Өмнөговь, Замын-үүд, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь, Багануур зэрэг аймгуудаас шигшээ багууд хүрэлцэн ирж аваргын төлөө өрсөлдөж буй. Тэмцээний хэсгийн тоглолтууд даваа, мягмар, лхагва гарагуудад явагдах бөгөөд аваргууд ирэх баасан гарагт тодорно.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Монгол Улсад сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой тохиож байна DNN.mn

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байв. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.

Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь” сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, Төрийн байгууллагуудад тараагддаг байсан түүхтэй.

Цөөхөн хэдэн ширхгийг нь иргэдэд худалдаалдаг байсан нь түүхийн шаргал хуудаснаа бий. Ингээд XXI зууны мэдээллийн эринд шударга үнэний дуу хоолой байж, түмэн олны харах нүд, сонордох чих, дэнслэх ухааныг чиглүүлэгч луужин болох хүндтэй үүрэг хүлээсэн үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтан та бүхэнд энэхүү ойн баярын мэндийг хүргэе.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

35 музейгээр 174512 хүн үйлчлүүлжээ DNN.mn

“Музейн нээлттэй өдрүүд” тав хоногийн турш Монгол орон даяар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн өмчит 35 музейгээр 174512 хүн үйлчлүүлж эх орныхоо соёлын өвтэй танилцсан байна. Үүний 92462 нь том хүн, 80991 нь хүүхэд, 1059 нь тусгай хэрэгцээт иргэд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутан цэргийн бүртгэл эхэллээ DNN.mn

Бүртгэлийг гуравдугаар сарын 6-10-ны хооронд И-Монголиагаар дамжуулан цахимаар явуулна. Түүнчлэн шаардлага хангасан оюутнууд гуравдугаар сарын 14-ний өдрөөс сургуулийнхаа харьяа дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулах юм.

Харин гуравдугаар сарын 20-ноос эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж, биеийн тамирын шалгалт авна гэлээ. Гурван шатны сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа онолын сургалтад хамрагдах эрхээ олж авна. Онолын сургалтыг амралтын өдрүүдэд хоёр сарын хугацаанд зохион байгуулах талаар Батлан хамгаалахын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж мэдээллээ.

Дээрх шаардлагыг хангасан оюутнууд зургадугаар сарын 15-наас эхлээд хоёр сарын хугацаатай хээрийн дадлага сургуулилалтад явна. Ингээд цэргийн тангаргаа өргөснөөр цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж авна.

Оюутан цэрэгт элсүүлэх журам:

  • Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан
  • 2.8-аас дээш голч дүнтэй
  • 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх. Эдгээр шаардлагыг хангасан оюутан И-Монголиа системээр хүсэлтээ явуулах боломжтой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ч.Маралмаад холбогдох шүүх хурал болно DNN.mn

Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрөгч 12 дугаар сард хилийн хориг тавьсан билээ. Улмаар түүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр удаа хойшилж, өнөөдөр /2023.03.06/ 09:30 цагт товлогдоод байна. Өмнө нь Ч.Маралмаагийн талаас өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас татгалзсан тул шүүх хурлыг ийнхүү хойшлуулсан юм.

Шүүх хурал хаалттай явагдана. Учир нь насанд хүрээгүй хохирогчтой хэргийн бүх шатны шүүх хурлыг хаалттай явуулахаар хуульд заажээ.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн аравдугаар сард /2022.10.10/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан.

Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад буй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын соёлын өдрүүд Катарт эхэллээ DNN.mn

Монгол Улс Катар улстай дипломат харилцаа тогтоосны 25 жил, Кувейт улстай дипломат харилцаа тогтоосны 48 жилийн ой энэ жил тохиож байна. Дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд Монгол Улсыг сурталчлах зорилгоор “Welcome to Mon­golia” арга хэмжээг Катар улсад гуравдугаар сарын 4, 5, 6-нд, Кувейт улсад гуравдугаар сарын 8, 9-нд зохион байгуулахаар болсон билээ.

Тус арга хэмжээ Монголын Үндэсний урлагийн их театрын хамт олны тоглолтоор Катар улсад өчигдөр эхэллээ. Мөн “QMA” загварын агентлаг, топ моделиуд оролцон үндэсний хувцас, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудынхаа сонгодог загваруудаас танилцууллаа. Энэ үеэр С.Чулуунбаатар тэргүүтэй уран зураачдын монгол орныхоо өв соёл, аж амьдрал, түүх, ёс заншлыг харуулсан уран зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм.

Тайлбар байхгүй.

Өнөөдөр Монгол-Катар бизнес эрхлэгчдийн форум болно. Форумд оролцохоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгж, ноос ноолуур, аялал жуулчлал, зочид буудал, хөрөнгө оруулалтын чиглэлийн бизнес төлөөлөгчид Монголоос ирээд байгаа юм. Мөн энэ төрлийн бизнес эрхэлдэг Катарын компаниуд форумд оролцоно. Монголын компаниуд экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Хоёр талуудын бизнес эрхлэгчид уулзаж санал бодлоо солилцох, харилцаа холбоо тогтоох, цаашид хамтарч ажиллах анхны нөхцөл бололцоог нээж өгч байгаагаараа уг форум онцлогтой.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулж эх орноо сурталчлах зорилгоор Катар, Кувейт улсад болох “Монголын соёлын өдрүүд” ийнхүү эхэлж байна.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

Манай тусгай сурвалжилагч

Д.Оюунтуяа