Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 дахин нэмэгджээ DNN.mn

ҮСХ: Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 30 орчим хувиар нэмэгдсэн | Mand.mn

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2023 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (2.2 дахин) их наяд төгрөгөөр өслөө.

Үүнд уул уурхай олборлолт 1.3 (2.8 дахин) их наяд, боловсруулах үйлдвэрлэл 62.3 (19 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2023 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (2.8 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.1 (8.9 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 117.3 (20.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, хүрэн нүүрс, мөнгөний баяжмал, хайлуур жоншны баяжмал, чулуун нүүрс, цайрын баяжмал, газрын тос олборлолтын биет хэмжээ 13.9 хувиас 24.6 дахин өсөж, харин хайлуур жонш, төмрийн хүдэр, цэвэршүүлээгүй алт өмнөх оныхоос 11–41 хувиар багасжээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, металл бэлдэц, гурил, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 0.7 хувиас 2.4 дахин өсөж, харин янжуур тамхи, шингэн сүү, цагаан архи, катодын зэс, цэвэр спирт, шохой, ноолууран сүлжмэл эдлэл, нүүрсэн шахмал түлш, самнасан ноолуур, амны хаалт, гар ариутгагч зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1–96.5 хувиар багассан байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2023 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (2.2 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 1.7 (2.8 дахин) их наяд, цахилгаан хий, уур агааржуулалтын борлуулалт 49 (32.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхэс 1.7 (2.8 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.4 (10.2 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Гадаад зах зээлд 2023 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 2.4 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх аж. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 57.9 хувийг нүүрс, 37.1 хувийг металлын хүдэр, 4.3 хувийг газрын тос, 0.7 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2023 оны 1 дүгээр сард 237.3 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 29.7 нэгж хувиар нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Уужмын холоос гүйдэлтэй уртын сайхан хүрэн DNN.mn


Цас ханзарч, байгаль дэлхий цоо шинэ амьдралаа эхэлж ахуй. Хөх яргуй цасан дороос зүтгэж, … ханш нээх өдөр айсуй. Энэ л үед монгол адуу төрсөн нутгаа гүйдэг сэн. Эсвэл доороос намартаа тэд самсаа татан, төрсөн нутгаа үнэрлэсээр ирдэг билээ.

Эрдэнэт хүлэг эх нутгаа довтолгон газрын хол усны уртаас гүйсэн тухай үлгэр домог, роман зохиол, уран сайхны кино хүртэл бий.

Эл гайхамшигт бүтээлүүдийн эх болов уу гэлтэй уртын дууны тухай энд өгүүлнэ.

“Уртын сайхан хүрэн” бол судлаачдын ихэнх нь төв халхын уртын дуу ухэмээгээд буй юм.

“Уртын сайхан хүрэн” дууг хэд хэдэн уран бүтээлчид амилуулсан байх ба түүний дотроос алдарт Б.Лхамжавын дуулснаар илүү их сонсголонтой олон түмэнд хүрч байжээ. Харин энэ дууны талаар МУГЖ уртын дуучин Д.Ганбаатар “Дуучид ихэвчлэн төв халх аялгуугаар дуулдаг. Миний бодлоор, хамгийн сайхан дуулсан нь алдарт дуучин Б.Лхамжав, Базарбат гэж дуучин. Мөн ч сайхан дуулсан. Би залуудаа Б.Лхамжав гуайн дуулсан ая дангаар “Уртын сайхан хүрэн”-г ганц нэг дуулж л байлаа. Дуучны хоолойны цараа чадал сорьсон, гүн гүнзгий утга учиртай бүтээл. Тэр болгон дуучин дуулаад байдаггүй юм.Энэ дууг дуулахад төвөнхийн цохилго, хоолойн цохилго, шуранхай гээд бүгд л орж дуулагддаг ийм сайхан дуу юм” гэж байлаа.

Х.Сампилдэндэвийн “Монгол ардын уртын дуу” номонд,

Уртын сайхан хүрэн чинь

Уужмын холоос гишгэгдэлтэй

Уйдашгүй та нараасаа

Ийм Уужмын л хол суудаг билээ

Манаран харагдах говь

Манай танай нутаг уу даа

Мартъя гэж санахнаа нь

Зүүдэнд гүйдэлтэй

минь илхэн үү дээ

Өндөр гэгчийн уул нь

минь нутаг

Униар Өөрийн Өвөрчлөн бодохноо нь

Энд минь үгүй л

Зүйр сайхан хүүрнэлдэн

Зүтгэж холоос хүрлээ шүү

Зүсний чинь тунгалгийг бодвоос

Зүүдэнд илхэн бий

Урд уулын хөтөл дээр

будан татна

Учир шалтгаан хоёрыг

Уулзан суугаад ярина би

Уралдаж сууваас

Урт сайхан хүрэн

Учирч сууваас

Ээжин ааван хоёр

Хатирч унахад

Хавтай сайхан морь

Хагацашгүй нөхөд та минь

Алс хол гэмээ нь

Сэтгэлээ битгий гуниглаарай

Ааш зангийнхаа сайхныг

Азнан битгий мартаарай

Идэр бага насандаа

Итгэж ханилна

Энэ бат сэтгэлээ

Уулзан байж хүүрнэе

Эзнээ орхидоггүй үнэнч монгол адуу учир байдлыг ойлгон, түүнийгээ орхин нутгаа гүйсэн нь дуунд ийнхүү мөнхөрчээ. Үйл явдалтай уялдуулан судалсан Хэл зохиолын хүрээлэнгийн сан хөмрөгт түүхт үйл явдал нь ийн судлагдаж.

Манжийн эзэн хаан гүнжээ Монгол ноён Лхаваандоржид хүчээр гэргий болгон богтлох мөртлөө, өөрийг нь Бээжинд суух гарцаагүй шахаанд оруулж л дээ. Нутгаасаа гарахдаа хөлөглөж гарсан уртын сайхан хүрэн нь эзэндээ хорогдовч мөнөө л хавар, намрын цагаар нутгаа довтолгон харьжээ. Эх нутгаа тэмцэн гүйсэн эрдэнэт хүлгийнхээ араас ихэд санааширч энэхүү дууг эх нутгаа буцаж чадахгүй суугаа Лхаваандорж сэтгэлийн гүнээсээ зохион дуулснаар дууны түүх эхэлжээ.

Мөн “Уртын сайхан хүрэн”-д өөлд хувилбар гэж буй. Архангай аймгийн настай хүмүүс энэ дууны талаар ярихдаа “Уртын сайхан хүрэн бол төв халх дуу юм. Эх нутгаа хүний нутгаас мөрөөдөж дуулсан их гунигтай дуу юм шүү дээ” гэснийг судлаачид дурдсан юм. “Архангай аймгаас олдсон 300 дууны бичмэл түүвэр”-т багтсан байсныг Хотонт сумын 3-р бригадын малчин Ишийн Аюурзанаас тэмдэглэж авав гэжээ. Энэхүү дууг Лхаваандорж зохиосон бөгөөд түүний дуулсан хувилбар дээр тус нутгийн тайжНамсрай нэмэн зассан гэж нутгийн хөгшид ярьдаг байжээ. Өөлдүүд энэ дууны домгийг харь газарт нөхөрт очсон эмэгтэй хүн зохиож дуулсан дуу хэмээн үзэж дараах хувилбараар дуулдаг байна.

1Уртын сайхан хүрэн

Уужим холд гишгэдэлтэй

Уян бага дүү нараасаа

Ийм л хол сууна

2. Магнай хүрэнгээ бариад

Монгол эмээлээ тохлоо

Ураг элгэн та нараасаа

Ийм л хол сууна

3. Төмөр цоргын эхэнд

Төгрөг будан татна

Төрөл элгэн та нараасаа

Ийм л хол сууна

4. Ар цоргын эхэнд

Алаг будан татна

Амраг элгэн та нараасаа

Ийм л хол сууна гэж дуулдаг ажээ. Уртын дууны гүн утга та бидний ухааныг тэлж хүмүүн бидний туулах амьдралыг хүүрнэн аргадна. Унага болж тэнцсэн уугуул нутагтаа газар үнэрлэн газрын холоос тэмүүлнэ гэдэг монгол адуунаас лзөвхөн гарах байгалийн тайлагдашгүй зөн юм. Түүнийг уламжилж ирсэн уртын дуундаа шингээж хойч үедээ үлдээнэ гэдэг ухаант өвгөдийн минь цаглашгүй бүтээл ажээ.

Аръяа. Доржханд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зудтай болон зудархуу сумын тоо буурлаа DNN.mn

Энэ сарын 03-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд буюу Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн өмнөд, Баян-Өлгийн баруун, Ховд, Булган, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим газраар 1.0-29.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүр 29.0 см, Увсын Малчин, Давстад 23.0 см, Завханы Тэсд 22.0 см, Увсын Тэс, Баруунтуруун, Хяргас, Завханы Баянтэсд 20.0 см, Увсын Зүүнговьд 16.0 см, бусад нутгаар 1.0-15.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Нийт нутгийн цасны тогтоц өмнөх 7 хоногоос 20 хувиар буурч Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Хяргас, Өндөрхангай, Баруунтуруун, Малчин, Наранбулаг, Бөхмөрөн, Зүүнхангай, Ховдын Алтай, Үенч, Зэрэг, Булган, Завханы Тэс, Хөвсгөлийн Цагаан-Үүрт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай (5 аймгийн 18 суманд) бол Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Сагил, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалан, Завханы Баянхайрхан, Улиастай, Цэцэн-Уул, Сантмаргац, Баянхонгорын Галуут, Баянтэс, Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Улаанбаатар Багануур, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Сүхбаатарын Халзан, Дорнодын Булганд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу (9 аймгийн 17 сум) болж зудтай болон зудархуу сумдын тоо 25-аар буурлаа.

Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр малын тарга хүчний байдал 2 дугаар сарын сүүлчээр нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв:

3 дугаар сард нийт нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байхаар байна. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим орохоор байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаарч, дундуур бага зэрэг сэрүүснэ. Хугацааны эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас багатай ба сүүлийн хагаст тунадас ахиу байх буюу үе үе ихэнх нутгаар нойтон цас орж, цасан болон шороон шуургатай байх төлөвтэй байна.

Categories
гадаад мэдээ

Сергей Лавров эвгүй байдалд оржээ DNN.mn


Энэтхэгийн нийслэл Дели хотод болсон “Их 20”-ын чуулганы үеэр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров эвгүй байдалд оржээ. Тэрээр эрчим хүчний асуудлаарх салбар хуралдаанд оролцохдоо Украины дайн Оросын эрчим хүчний стратегид хэрхэн нөлөөлж буй талаар сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Лавровыг “Бид зогсоохыг хичээж байгаа, манай эсрэг өдөөсөн дайн…” гэжярьж эхлэхэд танхимд цугларсан хүмүүс нир хийтэл инээлджээ.Тэрээр инээдээр тасалдсан яриагаа үргэлжлүүлэхийг хичээж “Мэдээж Украины ард түмэнд ч нөлөөлж байгаа…” гэж хэлэхэд сонсогчид дахин нир хийтэл инээлдэж танхимаас“Come on!” гэж хашгирч байжээ.

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Авлига албан тушаалын 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 03-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.508, мөрдөн байцаалтын 2965 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 144, Өмчлөх эрхийн эсрэг 73, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 22, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Авлига албан тушаалын 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Хууль бусаар ан агнах 5, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 3, Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх ашиглах тус тус 2, нийт 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас иргэн О, Д, Б, Х, Н нар нь бүлэглэн БНХАУ-ын нэр бүхий иргэнийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд Н-ыг хүчиндсэн гэж 100 сая төгрөг өгөхийг шаардан айлган сүрдүүлж 8 сая төгрөг авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн байцаагчаар ажиллаж байсан С нь зөрчилд холбогдогч иргэн М-ээс торгуулийн шийтгэлд бэлнээр өгсөн мөнгөнөөс авч өөртөө ашиглан давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 19 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан Г нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 8-нд Буриадын Ханх-Монд боомт ажиллахгүй DNN.mn

Энэ сарын 08-ны өдөр ОХУ-тай хиллэдэг шалган нэвтрүүлэх боомт амарна. Тухайлбал, Монголын хилтэй залгаа Түнхэн аймгийн Ханх-Монд хилийн боомт нэг өдөр амрах аж. Энэ нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байгаатай холбоотой талаар Оросын хэвлэл мэдээлжээ. Хилийн боомт гуравдугаар сарын 9-ний пүрэв гаригаас хэвийн ажиллаж эхлэх юм

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол энэ сарын 13-наас 17-ны өдрүүдэд болно DNN.mn

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр (2023.03.06) мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлдэг бөгөөд энэ удаагийн сонсголыг 2023 оны 03 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр ярианыхаа эхэнд тэмдэглэлээ.

Тэрбээр үргэжлүүлэн, нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1.6 их наяд төгрөгийн нийт 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг хэлэлцэнэ гэдгийг онцлов. Түүнчлэн 2011-2020 оны хооронд Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээллийг сонсож, арилжааны банкуудад байршуулсан нийт 3280 мөнгөн хадгаламжид дүн шинжилгээ хийснийг танилцуулах юм.

Энэ удаагийн сонсголоор хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан хянан шалгагч, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг өргөтгөсөн бөгөөд нийт 210 хүнийг гэрчээр оролцуулахаар дууджээ. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Н.Батшугар, сонсголын үеэр цугларсан бүхий л нотлох баримтуудыг олон нийтэд нээлттэй танилцуулж, дээрх төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт зориулалтын хэлбэрээр зарцуулагдсан эсэхийг хянан шалгахад онцгой анхаарах ёстой гэдгийг тодотголоо. Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголыг МҮОНРТ-ээр шууд дамжуулах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах, зорчих эрхийг 2 жилээр хязгаарлах шийтгэл ногдуулав DNN.mn

Урсгал сөрөн хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаагийн гэм бурууг шүүх хурал өнөөдөр боллоо.

Анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийтгэл ногдуулав.

Түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж, хяналтад байлгахыг ШШЕГ-т даалгасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Энэ оны гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын хуваарийг танилцуулж байна.

Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр гуравдугаар сарын 14, 24-нд олгох бол насны хишиг гуравдугаар сарын 14, 24-ний өдрүүдэд олгох юм байна. Харин энэ сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 21-ний өдөр буюу шинийн 1-ний өглөө иргэдийн данс руу шилжүүлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг цагаан сарын баяртай холбогдуулан урьдчилан олгосон байдаг. Тиймээс энэ сард хүүхдийн мөнгө олгохгүй.

Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын хуваарь:

  • Асаргааны тэтгэмжийг гуравдугаар сарын 14, 24-нд
  • Амьжиргааны дэмжих мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14, 24-нд
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14-нд
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт гуравдугаар сарын 14, 24-нд
  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж гуравдугаар сарын 14, 24-нд
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гуравдугаар сарын 14, 24-нд
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гуравдугаар сарын 14-нд
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж гуравдугаар сарын 14, 24-нд
  • Насны хишиг гуравдугаар сарын 14, 24-нд
  • Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж гуравдугаар сарын 20-нд тус тус олгох талаар Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 9,10-нд явагдана DNN.mn

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, бүртгүүлэх иргэн эхлээд Халамжийн нэгдсэн санд нэвтэрч бүртгүүлнэ. Хэрэв EHALAMJ.MN сайтад нэвтрэх ӨӨРИЙН ЦАХИМ ХАЯГ, НУУЦ ҮГ-ийг мартсан бол https://www.youtube.com/watch?v=_ZG-QmOHt2c зааврын дагуу нэвтрэх эрхээ сэргээх боломжтой. СХТТШ-ын бүртгэл 3-р сарын 9,10-ны өдрүүдэд явагдана.