Улаанбаатарын цагаар 2023 оны гуравдугаар сарын 9-ний үүрийн 03:00 цагаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байдены хамт жил бүр болдог Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслолыг Цагаан ордонд зохион байгуулж, 2023 онд тус шагналыг хүртэх болсон 11 бүсгүйн бахдам зориг, хүч чадал, манлайллыг өргөмжлөн шагнал гардуулна.
Шагнал гардуулах ёслолыг www.state.gov цахим хуудсаар шууд дамжуулна.
Бригадын генерал Г. Болор нь Монгол Улсын зэвсэгт хүчинд 30 орчим жил зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд саад бэрхшээлийг давж шинэ үүд хаалга нээсэн олон шинэ замналын анхдагч болсон гавьяагаараа энэ шагналыг хүртэж байна. 2022 оны гуравдугаар сарын 18-нд Монгол Улсын зэвсэгт хүчний анхны эмэгтэй бригадын генерал цолтон болсноор Болор ахин нэг анхдагчийн эзэн болсон юм. Тэрээр 2010 онд Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Чад Улсад, 2013 онд Өмнөд Судан Улсад тус тус НҮБ-ын Төлөөлөгчийн газрын ажилтан болон Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицерээр ажиллаж, эмэгтэй алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд оролцоход учирдаг янз бүрийн саадыг багасгахад өөрийн хичээл зүтгэлээрээ үлгэрлэсэн юм Одоо Бригадын генерал Болор Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын даргаар ажиллаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны бүхий л салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байна.
Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал хүртсэн 11 эмэгтэй манлайлагчийн нэг Бригадын генерал Ганболдын Болороор бахархаж байна. Энэ шагнал бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаас энх тайван, шударга ёс, хүний эрх, жендэрийн тэнцвэр, эрх тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг хамгаалах үйлсэд өөрийн амь насыг эрсдэлд оруулан байж онцгой хатан зориг, хүч чадал, манлайлал үзүүлсэн дэлхийн өнцөг булан бүр дэх эмэгтэйчүүдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал юм. Болорын болон шагнал хүртсэн бусад эмэгтэйчүүдийн түүх дэлхийн охид, эмэгтэйчүүдийг жендэрийн саад бэрхшээлийг сөрж, тэгш эрхийг ханган илүү гэрэлтэй ирээдүйг цогцлооход урам зориг төрүүлэх байх хэмээн би найдаж байна.
Монгол Улсын зэвсэгт хүчний анхны эмэгтэй бригадын генерал цолтны хувьд Болор генерал зөвхөн эрчүүд авдаг уламжлалтай байсан цэргийн цолыг эмэгтэй офицер авах үүд хаалгыг нээж, мөн мөрдөст бүсгүйчүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд алба хаах жимийг эхлүүлсэн юм.
Би болон манай хамт олон 3-р сарын 8-нд Вашингтон хотноо Цагаан ордонд болох Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслол дээр Бригадын генерал Болор Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Тэргүүн хатагтай Жилл Байден нараас уг шагналыг гардаж авах мөчийг цахимаар үзэхийг догдлон хүлээж байна.
Элчин сайд Ричард Буанган
Хатан зоригт эмэгтэйчүүд илүү сайхан ертөнцийг цогцлоох урам зоригийг бидэнд өгдөг билээ. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Төрийн нарийн бичгийн даргын нэрэмжит Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал нь энх тайван, шударга ёс, хүний эрх, жендэрийн тэнцвэртэй, эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг хамгаалах үйлсэд өөрийн амь насыг эрсдэлд оруулан байж онцгой хатан зориг, манлайллыг үзүүлсэн дэлхийн өнцөг булан бүр дэх эмэгтэйчүүдийг шагнадаг. 2007 оноос хойш дэлхийн 80 гаруй орны 180 гаруй эмэгтэйд Төрийн департаментаас уг шагналыг гардуулсан байна. АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдийн суугаа орноос тус бүр нэг эмэгтэйг нэр дэвшүүлдэг бөгөөд Төрийн департаментын ахлах албан тушаалтнууд эцсийн шатны шалгаруулалтыг хийж баталдаг аж. Шагналын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.state.gov/secretary-of-states-international-women-of-courage-award/ хуудаснаас авна уу.
Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслолын дараа Бригадын генерал Г. Болор хоёр долоо хоногийн хугацаатай IVLP буюу Олон улсын зочин манлайллын хөтөлбөрт оролцон Америк дахь өөрийн мэргэжил нэгтнүүдтэй уулзах юм. Тэрбээр Кливланд болон Лос Анжелес хотуудаар зочилж, салбарын мэргэжил нэгтнүүдтэйгээ холбоо тогтоон дэлхий даяарх охид эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх өөрийн төлөвлөгөө, санал санаачлагаа хуваалцана.
Олон улсын зочин манлайллын хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын мэргэжлийн солилцооны голлох хөтөлбөр бөгөөд хөтөлбөр нь бусад улс орны салбар салбарын манлайлагчид АНУ-д богино хугацааны айлчлал хийн тус орны түүх, соёлтой танилцахын сацуу Америк түншүүдтэйгээ урт хугацааны харилцаа холбоог хөгжүүлэхэд чиглэдэг.
Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд PasPress@usembassy.mn хаягаар хандан дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл манай шагналтантай ярилцлага хийх хүсэлтээ явуулж болно. Та бүхнийг мөн нийгмийн сүлжээн дээр #IWOC2023 болон #WomenOfCourage хаштагийг дагаж шинэ мэдээлэл авахыг уриалж байна.