Тоонот нутгийн уул толгод болгоныг ээжийнхээ дээлийн хормой мэт бодон үргэлж хайрлаж явах билээ. Уулсын оройг ээжийнхээ энгэртэй зүйрлэн санадаг. Гэтэл илүү дотночлон бодох, ойртон санах дэнж дэвсэг бас байх билээ. Талын булаг багийн Хөв хэмээх өгсүү уулын бэл, уруудуу хонин бор толгод, цаашаа дэлхэн уудам тал үргэлжлэн Дөргөн нуур уужимших, эл уулс толгод, тал, нуурт эх нутгийн энхрий дунд орших, эцэг дээдсийн үнэт өв болсон буурь нутаг юм. Хөв гэхээр хайр гэх шиг сонсогддог билээ. Хөв бол миний ээжийн айлын бэр болж ирээд, уул Алтай, орон дэлхийд айлын бэр, шинэ айлын гэргийн цолоор анхны цайны дээжээ өргөсөн газар юм. Чингэж бодохоор сэтгэлд дулаан сайхан нь чанад болоод эцэг, эхийнхээ залуу цагийн зургийг эрхгүй гаргаж үзмээр санагддаг.
Дэлхий хишгээр чинэсэн тэр сайхан дэвсэгт аав ээжийн хурим болоод, сумын төв рүү нүүж ачааллах ахуйд, зуухны өр доороос урт хайрхан гарч ирсэн гэж хуучилдаг. Би түүнийг эцэг эхийн минь голомт гарцаагүй ариун газарт анх тулгалж гэж бэлгэшээдэг. Мөн дэнжид, тэрхүү хуримын үеэр банаг майханд мах шүүс, ногоо цагаа цалгилж байснаас үлдсэн бололтой байдаг, зэрлэг сонгино хожим хэдэнтээ ургасныг хөгшин аавууд мөн хуучлан хөөрөлдөж байсныг эдүгээ тод санан боддог. Түүнд би бас л бэлгэшээн зөн билэг, оюун санааны ам ингэж өгүүлдэг.
Амьдрал шалгарлын замд ашиддаа тэмцэлтэй байхуйн тухай эргэцүүлэх шалтгаан болдог. Ээжийн маань амьдралын зам тэмцэл зүтгэл, сэтгэлийн хат, чин үнэн, бодит тэмүүллийн хөлгөн далай байж ирсэн нь асуултгүйгээр ойлгогддог. Миний ээж Дарьсүрэнгийн Сэсээр Тахилт багийн хүн. Есөн хүүхэдтэй айлын том. Энэ амьдралын харгуйд найман дүүгээ дөрвөн хүүхдүүдээсээ дутуугүй хайрлаж, өргөж бөөцийлж ирсэн энгийн боловч их гавьяатай хүн гэж бодогддог. Ээж аав нь насан эртэд тэнгэр болж, дүү нартаа эцэг эхийг нь орлох хариуцлага үүргийг насан залуугаас үүрсэн.
Энэ үүргийн үүрэлтэд аав маань түших бөөр, хайрлах зүрх болж байсан нь үнэн билээ. Миний ээж монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй хүн. Чандмань сумынхаа сургуульд идэр насныхаа, эгшиглэнт гоо сайхан ахуйнхаа, сэтг л хийморийнхоо бал дээжийнхээ хүртээмжээр ажиллаж, ард зоныхоо хүүхдэд эрдэм мэдлэг, эрхэм хүмүүн байхуйн хичээл сургаалийг хэнд боловч чамлагдахааргүй зааж сургасан багш гэж нот итгэгддэг нь олон олон шавийнх нь итгэл үнэмшил, хайр энэрлээс ойлгогддог. Ил шулуун зантай хүн, миний ээж. Хэлэхээ хэлсэн шиг хэлж, хэнээс ч аюун ширвээдэх огтын улбаагүй. Үнэн байх, үнэн орших, мөн хэрээр хүн хүнтэй нэгэн үзүүрт тосот сэтгэлээр ойлголцон бэхэждэг харилцаа, хүн ёсны хандлага ээжийн минь зарчим юм. Миний ээж аав хоёр хоёулаа маш гоё бичигтэй хүмүүс. Бичгийнх нь тэр гаргацтай, уран гоё зурлага, эмх цэгцтэй илэрхийллээр би ээж аав хоёрыгоо ойлгож боддог.
Би ээжийнхээ залуу цагийг эргэж бодох дуртай. Анхных нь төгссөн сургууль Сэлэнгийн Алтанбулагийн агротехникийн сургууль. Анхных нь мэргэжил агротехникч. Нэг үгээр хэлбэл үр шимийг ургуулах мэдлэг мэдээлэл бол ээжийн ажил. Мөн техникумд сурч байх үеийн нь зургууд онцгой. Хүний залуу нас мэдээж гоё, сайхан. Амьдрал үргэлжлэхийн дэлгэц бүрээс л харахад он жилүүдийн өмнөх дүр төрх гоо сайхан байдаг нь жам. Гэхдээ би ээжийнхээ тэртээ далаад оны оюутан ахуй үеийнх нь зургуудыг харахаар үлэмжийн сайхан, үлэмжийн энхрий явсныг зүйрлэх зүйл олддоггүй. Ээж минь болохоор юунд ч үгүйсгэгдэшгүй гоё нь мэдээж. Гэхдээ хэн ч харсан үнэхээр гоо явжээ, ээжийн чинь залуу нас гэж хэлэгдэхээр тийм онцгой гоо сайхан байсныг нь хэний ч өмнөөс бахдан зөвшөөрмөөр санагддаг. Эргээд бодоход энэ орчлонд авчирсан шигээ ээж маань намайг энэ амьдралын бүхий л замд хөлд оруулжээ, хурайлжээ. Манай нутаг чинь эм савдагтай юм шүү гэж Хавчигийн амыг заасан шигээ харгуй зам мөр бүрд хүүгийнхээ төлөө зөвийн зөөлнийг дэвсжээ. Хярын усны нуруунд манайхан айл хотлоороо зусна. Энэ нуруун дээрээс өмнөдөд номин цэнхэр тал тунаран, Дөргөн нуур цайвалзан жимийж ахуйд өглөө эрт би ээждээ үнээ ивэлгэнэ. Явган сандал нэг гартаа, нөгөө гартаа хувингаа бариад зэл өөд ирж яваа ээжийнхээ чилгэр тэнүүн алхаа, өнгө жавхааг эдүгээ санахаар ээжийгээ өрөвдөж бодох минь их болжээ.
Үнээ саан суухдаа, үлгэрийн мэт тэр л тал, нуур руу хараа сунган “Юутай сайхан бэ” хэмээн дуу алдаж суудаг нь, эдүгээ миний гоо сайхныг, юмны сайхныг олж харах мэдрэмжийг өнгийлгөж байсан нь эргэлзээгүй. Ээж маань сайхан дуу, урлагийн гоо сайхныг үлэмж доторлон мэдэх хүн юм. Хааяа бид хоёр мэтгэлцэнэ. Би мад тавиулахгүй хичээж “үзэлцэхээр”, би чамаасаа арай илүү харна гээд байдаг. Үнэн л дээ. Намайг үүсгэсэн хүн, надаас илүү байх нь машид тод тодорхой байхад миний өчих хэтийдсэн буруу нь ойлгомжтой. Ээжийгээ хайрлахын тулд эхлээд үг сөрдөггүй л болох учиртай нь хүний хүүгийн ухааны зэлний унага мэт байх учиртай.
Ээж оюун санааны эрчим, зөн билгийн оршихуй дорвитой хүн. Аливаа юмны утга учир, чанадын нөхцөлдлийг чанагш ойлгож мэдэрдэг. Тэр нь сайн сайхны зөн уриаг лимбэдэн урих дотоод сэтгэлийнх нь тэнхлэг. Энэ учир ээжийнхээ сайн сайхны уриа дуудлагаар олныхоо дунд тэгш алхаж яваа гэж итгэдэг. Сайн ээжийн хүү сайн явах учиртай гэж итгэдэг. Гэвч молхилон алдах, ээжийгээ зовоох мунхаглалыг бид гаргадаг. Адаглаад хундага харшуулсныг ч ээж зөнгөөрөө л “мэдчихдэг”. Амьсгаа өндөр, ажил алба нь бачимдуу, сэтгэл тавгүйг ч хэзээний мэдчихээд, ерөөл шившиж, сургаал өргөн амьдрал замыг минь бүтээж яваа билээ л. Бидэнд нэг тийм гэм байна. Ээж аавыгаа зовоож, сайн бусаар эмтэлчихээд, уучлал, өршөөлийг эрдэггүй. Эргээд бодохоор ээжээсээ өршөөн хэлтрүүлэхийг гуйх их олон мундрааг үүсгэжээ. Ээж ээ, молхи хөвүүнээ өршөөж уучлаарай, чин сэтгэлээсээ хэлье. Өршөөж уучлаарай гэж хэлэхээргүй тийм өндөр төгөлдөр явах ёстой нь аавын хүүхдийн, ээжийн хөвүүний үүрэг, ухаан билэг мөнийг хэлэлтгүй. Чингэвэл л ээж маань жинхэнэ жаргалтай байх учиртай бус уу. Жаргалыг нь танасан өөрийгөө уучламгүй. Адаглаад сархад дарс хүртэлгүй явах нь л, сайхан ээжийнхээ сэтгэлийн жаргалд нэмэр юм шүү гэж өөрөөсөө дүү, өрөөл бусдадаа хэлмээр санагддаг даа.
Миний ээж амьдрал турш чигч шулуун, туйлбартай явж иржээ. Хүнийг илүү үзсэнгүй, хүнд илүү үзэгдсэнгүй. Хүнээс илүү байх гэж хүсдэггүй. Хүнээс дутуу байхыг боддоггүй. Олныхоо дунд нэр бүтэн, зүс бүрэн хүндтэй явж ирж. Хань ижлээ тэтгэн түшиж, миний аавыг сумын дунд сургуулийн багш, Ховдын багшийн дээдэд багш, тулхтай бодь сайхан эр явсны улбаа лундаа нь ээж минь. Сайхан эхнэртэй, санаа сэтгэл төвшин, амьдралын жаргал элбэг дэлбэг явсан эр хүн миний аав мөн үү гэвэл мөөн. Эхнэр, дөрвөн хүүхдээ гурван дугуйт шаахайдаа суулгачихаад, сумын наадам, баг бригадын төв, зуслангийн дэнж, цагаан сар, ногоо тарианы талбай гээд манай гэр бүл, бид хаа сайгүй л явдаг байж. Жаргалтайхан явжээ, манайх гэдэг айл, аав ээж бидэн. Бүтнээрээ, бүгдээрээ. Сум нэгдлийн тавин жилийн ойгоор би бээр аавын цээжирхэж соёолон, шүдлэн хоёр үрээ уяад , өөрөө унан уралдаж билээ. Шүдлэн үрээгээ уралдан унаж явахад, уралдааны морьдтой зэрэгцэн жаран ес машины цонхоор надад морио хэрхэн авхаалжтай залах тухай зөвлөж хашхирч явсан ээжийгээ эргээд одоо бодоход, тэнгэрийн гүнж хийморьтой, золбоотой явжээ. Амьдралын замд “давхиж” яваа хүүгээ яг л тэр зуны наадмын уралдаанд зааж сургасан шигээ зааж сургаж, он удаан жил яваарай гэж ээждээ одоо би ахин дахин хэлмээр байна. Ээж өөрөө хүүхэд ахуйдаа хурдан морь унаж, дүүгүүрийн чулуу явснаа бидний олхиогүйг заримдаа шүүмжлэхдээ хэлдэг сэн. Илүү ширхэгтэй, илүү сүйхээтэй явж дээ, өөрөө бага залуудаа.
Ээж хичээлээ заачихаад гэртээ ирж явдаг дүр дүрслэл нь миний санаанд үргэлж буудаг. Тэгш сайхан биед нь монгол дээл нэн зохидог. Сургуулиас нааш гэр рүүгээ чиглэн цүнхээ бариад, итгэл төгс алхлан айсуй дөтлөж яваа ээжийн маань монгол дээлтэй, итгэл төгс алхлал, илүү дутуугүй ширхэг ханасан гоё сайхан дүр төрхийг би байнга санадаг. Тиймээр би ээжийгээ өдөр бүр над руу ирж яваагаар хардаг. Ээж тэгж л бас над руу харсаар амьдарч байна. Ээжийгээ ирж яваагаар өдөр бүр бодох нь бурхны адислал, нинж төгөлдөр адислал билээ. Орчлон дээр үр хүүхдийнхээ төлөө өнгөө үл өөрчлөх ганцхан зүйл бол ээжийн сэтгэл. Түүнээс бусад ертөнцийн тоосон дунд бүгд л хувирч өөрчлөгддөг үнэнийг хэн хүнгүй мэднэ. Өдөр бүр хүүдээ ирдэг ээжийнээ э сэтгэлийг мөнх шүтнэм. Хөлийг нь хучнам. Урд голынхоо усыг хувингаар утган зөөж, цайгаа чанаж амьдарсан ээж минь, ухаан совин, зөн билгийнхээ шид рашааныг үргэлж надад сэлбэн зөөж ирлээ, өрөө би яаж төлөх билээ.
Хол явахад ээж их санаа зовно. Хүний газарт хүмүүсийн д унд хүн шиг яваасай л гэж бодоод байгаа хэрэг. Би ээжтэйгээ Этиопоос, Энэтхэгээс, Мексикээс, Америкаас, Панамаас , Францаас ярьж байлаа. Сайн явж байна гэж хэлж байгаа юм. Санаагаа битгий зовоо гэж хэлж байгаа юм. Сайхан танаас төрсний учир ертөнц хорвоогоор аялж явна гэж хэлж байгаа юм. Санаандаа та надтай бас энд явна шүү, сайхан хорвоог үзүүлсэн ээж тандаа баярлаж байна гэж хэлж байгаа юм. Санааг нь амар байлгахыг л хүссэн хүүгийн илэрхийлэл. Хүү болгож төрүүлсэн ээжийгээ хүж дэлхийг үзүүлэх үүргийг бид хүлээх учиртай. Хүж дэлхийг үзүүлж чадахгүй байгаа нь үнэн байна. Хүү нь өөрөө хүн шиг хүн явж, хүн шиг үйлстэй амьдарч чадахын төлөө эрмэлзэж ээжийгээ бид баярлуулах учиртай гэж бас л дүү нартаа, найз нөхдөдөө хэлмээр бодогддог. Хэлдэг . Сайн явах нь л ээждээ дэлхийгээс ч том баяр итгэлийг өгч байгаа явдал гэх мэргэдийн үгийг санадаг. Ээжийгээ би Эйфелийн цамхаг үзүүлэх минь яалаа даа гэж харамсахгүй амьдрахыг хичээх хэрэгтэй бодогддог. Хэрэг дээрээ би ээждээ Эйфелийн цамхаг нь, чин нотдоо ээж минь миний Эйфелийн цамхаг билээ л. Амьдралын гоо сайхан бүрийг үзүүлсэн, үзүүлсээр байгаа ер бусын гоо сайхан цамхаг бол хайртай ээж минь билээ. Бишрэлтэй.
Би ээжийн хээн урууг хүүхэд байхдаа л угааж өгснөө санаж байна. Хар Тэрмэсийн амралтад очицгоогоод, Хяргас нуурын бүлээн шорвогдуу усаар ээжийнхээ нурууг угааж өгч байсан минь юутай сайхан үйлс байгаа вэ. Хожим Дөргөн нуурынхаа хөвөөнд ээжийгээ хөтөлж нэг бус алхлаа. Алхсаар ч байх болно. Нурууг нь ч угаана. Ээждээ би Ганга мөрний эх авах газрын усыг авчирч өгсөн, хүртүүлсэн, нүүр зулайг нь угаалгасан. Гималайн цасны усаар ээжийгээ тэтгэв гэж нэгэнтээ тайвширсан. Өөрийнх нь надад өгсөн ариун сэтгэлийн мөрөн далайн дэргэд энэ юусан билээ. Дөргөн нуурын ус цэнгэг. Үнэхээрийн үлэмж гоо цэнгэг. Ээжийнхээ сэтгэлийг цэнгэгшүүлж , ээжийнхээ хайрыг ойлгон дэлхэж өөрөө цэнгэгших шиг жаргал гэж үгүй. Хайрлуулахын сайхнууд дотроос ээжийнхээ хайрласныг мэдрэх л жаргалын чанадын мэдрэмж юм. Туулсан жаргал, зовлонгийнхоо энгээр нөмөрлөн хайрлаж, эвийлэн өргөсөн ээжийнхээ өлмийд мэхийнэм. Хайрласан хайрынх нь хариуд хайрлаж дээдлэхийн учгийг сэтгэл бодлынхоо тольтод мөнх сийлнэм, би, бидэн. Аз жаргал хүсье ээж ээ, тандаа хурайлъя. Ээжийнхээ тухай би дөнгөж бичиж эхэлж байна, их бичнэ, бүр их бичнэ, ижий минь та надтай бичилцээрэй. Ингэж гэрэлтээрэй, илүү гэрэлтээрэй. Та бол миний ГЭРЭЛТЭЭН, миний мөнхийн ГЭРЭЛ юм шүү.
Баастын ЗОЛБАЯР