Categories
мэдээ нийгэм

Энэ оны нэгдүгээр улиралд 10.167 гэмт хэрэг бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 10,167 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Нийт гэмт хэргийн 7,144 буюу 70.3% нь Улаанбаатар хотод 3,017 буюу 29.7% орон нутагт гарсан бол хилийн чанадад зургаан гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

2022 оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд нийт 1,015 хэрэг буюу 9.1 хувиар, орон нутагт 385 хэрэг буюу 11.3 хувиар, нийслэлийн хэмжээнд 632 хэрэг буюу 8.1 хувиар тус тус буурчээ.

Харин хилийн чанадад үйлдэгдсэн гэмт хэрэг хоёр буюу 50 хувиар өссөн байна.

Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:

  • 6,593 буюу 64.8 хувь нь Өмчлөх эрхийн эсрэг тухайлбал:/Залилах, хулгайлах, мал хулгайлах гэмт хэргүүд/
  • 2,212 буюу 21.8 хувь нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг,
  • 273 буюу 2.7 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг,
  • 131 буюу 1.3 хувь нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 1,133 буюу 11.1 хувь нь согтуугаар үйлдэгдсэн. Нийт 4,924 хүн гэмт хэрэгт холбогдсоны 3,680 буюу 74.7 хувь нь эрэгтэй, 1,034 буюу 21 хувийг эмэгтэй, 210 буюу 4.3 хувийг хүүхэд эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас 9,926 иргэн, 31 хуулийн этгээд хохирч, иргэн, хуулийн этгээдэд учирсан 85.3 тэрбум төгрөгийн хохирлын 14.6 тэрбум төгрөг буюу 17.2 хувийг нөхөн төлүүлж, 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгийг хүлээн авч уулзлаа DNN.mn

Энэтхэг улсын Дели хотноо энэ сарын 14-26-ны өдрүүдэд болсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэгийг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Тэрбээр Энэтхэгийн тамирчин Ниту Нитуатай аваргын алтан медалийн төлөө тулалдаж, 5:0-оор хожигдсоноор мөнгөн медаль хүртсэн юм.

Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дахинд цуурайтуулан, дэлхийн дэвжээнээс эмэгтэй боксчдын анхны мөнгөн медалийг хүртэж, оргил амжилтын эзэн болсонд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: ​Хэн чамайг уурлуулна, тэр чамайг удирдана DNN.mn


Энэ үгний үнэ цэнийг өнөөдөр ойлгох цаг болжээ. Ухаантай хүний хэлсэн алдартай үг л дээ. Өнөөдөр хүмүүсийн амьдрал хүндэрч байна. Нийгмийн амьдралаа дагаад монголчуудын бухимдал улам нэмэгдэж байна. Уур уцаартай, өөрийгөө барьж хянахгүй хүмүүс олон болжээ.

Ардчилсан нийгэмд шилжээд 30-хан жил болж байгаа монголчуудын хувьд сэтгэхүйн нэг алдаа байгааг мэргэжлийн хүн бичжээ. Угаасаа хувьдаа хөрөнгө мөнгөтэй байж үзэлгүй амьдарсан 70 жил. Ийм нийгмийн сэтгэл зүй угаасаа дутуугийн комплекстэй байдаг гэж эрдэмтэд үздэг юм байна. Тэр нь юу гэхээр өөрт нь үнэн үг хэлж байгаа, хатуу үгээр ойлгуулахыг хичээж байгаа, зөв шаардлага тавьж байгаа хэнийг ч байсан “Намайг дээрэлхээд байна, дарамтлах гээд байна, доромжлоод байна” гэж хүлээж авдаг. Ийм буруу хандлага монголчуудад давамгайлжээ. Үүнийг монголчууддаа зориулж Европт төгссөн мэргэжлийн сэтгэл зүйч бичсэн байна. Дээрэлхүүлээд байна гэж бодож байгаа хүн бүхэн уурлана, стрессдэнэ, орчноо тав тухгүй болгоно. Тэр нь нийгмийн бухимдал болдог. Угтаа бол хүлээцтэй тайван байж “Миний төлөө, намайг сайжруулах гэсэн, сайн мэргэжилтэн болгох гэсэн хүний үг юм байна” гэж мэдрэх ёстой аж.

Зөвөөр хүлээн авч, зөв байх тухайд нэг л зарчмыг өөртөө суулга гэж сэтгэлзүйч бас хэлжээ. Тэр нь “Чамд тэр хүн сайнаар ханддаг бол чи ч бас сайнаар ханд” гэж. Өнөөдрийн монголчуудын нэг гэм нь өөрт нь сайнаар хандаж байгаа нэгэнд яагаад ч юм бэ, муугаар ханддаг гэж. Тэгж муухай зан гаргах нь ч амархан. Дорж зорилготойгоор Бат дээр очоод “Чамайг Баатар ингэж муухайгаар хэлж байна лээ” гээд хэлчихэд л Бат шууд “Яадаг муу новш вэ” гээд босоод ирдэг. Гэтэл өнөө Баатар нь Батдаа үргэлж сайнаар хандаж ирсэн байх жишээтэй. Ийм л буруу хандлага өнөөдрийн монголчуудын ёс суртахууныг доройтуулж, хөгийн амьтад болгож байгаа гэнэ дээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Ундрам: Боловсролын багц хуулийн гол зорилго нь ялгаатай байдлыг арилгах DNN.mn

Боловсролын багц хуулийн талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Монголд өнөөдөр бололцоотой айлын хүүхэд үнэлгээ өндөртэй сургуульд, бололцоогүй нь хуучирсан байшинд гал түлж сурч байна. Энэ нь бүхэл бүтэн нийгмийн давхаргыг бий болгох хэмжээнд хүрчихээд байгаа нь нууц биш. Тиймээс сурагчид ижил тэгш гараанаас гарах бололцоог энэ хуулиар яаж хангаж байгаа вэ?

-Боловсролын хуулийг парламент анх удаа багцаар нь хэлэлцэх гэж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Боловсролын тухай хуульд 26 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10, Мэргэжлийн боловсролын тухай хуульд долоо, Бага, дунд боловсролын тухай хуульд 13, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд зургаан удаа тус тус өөрчлөлт хийсэн байна.

Ингэхдээ багцаар нь хэлэлцэж байгаагүй. Оруулсан өөрчлөлт нь ихэвчлэн томилгооны ч гэдэг юм уу, жижиг өөрчлөлтүүд байсан.

Тэр бүү хэл Мэргэжлийн боловсрол өөр яаманд харьяалагдаж байсан үе ч бий. Тиймээс 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш 31 жилийн дараа анх удаа Боловсролын хуулийг багцаар нь өөрчлөхөөр энэ парламент ажиллаж байна.

Энэхүү багц хуулийн өөрчлөлтийн хамгийн гол зорилго нь хүүхэд бүрд амьдралын гарааны тэгш боломжийг боловсролоор дамжуулж олгох юм. Бид энэхүү зорилгыг тавихын өмнө өнгөрсөн 30 жилд юу болоод өнгөрөв гэдэгт үнэлэлт, дүгнэлт хийсэн. Өнгөрсөн 30 жилд бид боловсролын салбараа төдийлөн хангалттай анхаараагүй. Анхаарсан ч зарим буруу бодлогын улмаас боловсролын ялгаа гарсан. Манай улсад удахгүй давхарга үүсэх нөхцөлийг боловсролоор бүрдүүлсэн нь үнэн. Мөнгө төгрөгтэй, бололцоотой айлын хүүхэд хамгийн сайн орчинд, хамгийн сайн багштай, гадаад хөтөлбөртэй сургуульд сурч байна. Ингээд сурагчдын нэг хэсэг нь төгсөөд шууд гадаадын гайгүй сургуульд орох боломжтой болж байна. Мөн хотын төвийн лаборатори гэгддэг улсын төсвөөс арай ахиу мөнгө зориулагддаг сургуулийн сурагчид нь дотоодын сайн их сургуульд орох магадлал өндөртэй нэг хэсэг бий болж. Түүнчлэн захын хорооллын болон алслагдмал сумын сурагчид гээд ялгаатай амьдрах давхарга боловсролын салбараар бэлддэг болчихоод байна.

Сурагчдыг ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөд нь амьдралын их өрсөлдөөнд ялгаатай гараанаас оруулж байгаа нь шударга бус байгаагаас гадна хүний эрхийн мэдрэмжгүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн хандлага шүү дээ. Тиймээс энэ хуулийн амин гол зорилго нь боловсролоор дамжуулж хүүхэд бүрд тэгш боломж олгож амьдралын ялгаатай байдлыг арилгахад оршино.

-Энэ ялгааны голлох шалтгаан нь сургалтын хөтөлбөр болов уу. Хөтөлбөртэй холбоотой ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Өнөөдөр Монгол Улсад үндэсний, кэмбрижийн болон гадны бусад хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гадаадын хөтөлбөр болон үндэсний хөтөлбөрийн гол ялгаа нь англи хэл.

Дэлхийн мэдлэгийн сан, шинэ нээлтүүд ихэнх нь англи хэл дээр хэвлэгдэн гарч, хамгийн бодит мэдээлэл, цаг хугацаа алдалгүй англи хэл дээр нийтлэгдэж байгаа энэ үед манай улс шиг цөөн хүн амтай орон иргэдийнхээ эх хэлний боловсролоос гадна англи хэлэнд анхаарах нь зүйтэй юм. Англи хэлтэй хүүхэд гадаадын шилдэг их дээд сургуульд сурах, сайн ном олж унших, шилдэг компаниудад орж ажиллахаас авахуулаад ажил, амьдралд нь олон давуу талтай. Сүүлийн үед Англи улсын Ерөнхий сайд, Лондон хотын захирагч, Дэлхийн банкны ерөнхийлөгч, цахиурын хөндийн том компаниудын гүйцэтгэх захирлууд гээд Энэтхэг, Пакистан гаралтай хүмүүс томилогдож байна. Энэтхэг, Пакистан улсуудын үндсэн гадаад хэл нь англи хэл учраас өөрийн боловсролоо дэлхийн түвшинд ашиглах давуу талыг олгож байна. Тийм учраас монгол хүүхдүүдэд эдгээр боломж байгаасай гэж бодож миний бие англи хэлний боловсролыг дэмжих лобби бүлэг хүртэл байгуулж ажиллаж байна. Бүх сургуульд тодорхой түвшнээс эхлээд заавал англи хэл заах асуудлыг хуулийн төсөлд оруулсан.

-Сургалтын хөтөлбөр улстөрчдийн “тоглоомын нүүдэл” болсон. Сайд солигдох бүртээ хөтөлбөр өөрчилдөг. Ер нь хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой байлгах чиглэлд ямар зохицуулалт орж байгаа вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 12 жил тогтвортой байлгана гэж орж байгаа. Энэ нь хөтөлбөрийг тогтвортой байлгах том дархлаа болно гэж бодож байна.

Хөтөлбөртэй холбоотой өөр зохицуулалтаас дурдъя. Өнөөдөр Монголд гадны хөтөлбөртэй сургууль цөөнгүй бий. Тэрхүү сургуульд сурч байгаа хүүхдүүдийг монгол хүн гэдэг утгаар бэлтгэх ёстой. Монгол хэл, бичиг, уран зохиол, Монголын түүх зэрэг монгол хүнийг тодорхойлдог хичээлүүдийг заавал оруулах ёстой гэж үзсэн. Мэдээж хөтөлбөрийн нарийн агуулгыг хуулиар зохицуулах боломжгүй ч ерөнхий агуулгын шаардлага, зарчимуудыг тодорхойлсон.

Монгол Улсын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогын баримталж байгаа бөгөөд үүнд өнөөдрийн дэлхий ертөнцөд амьдрахуйц өрсөлдөх чадамжтай байх ёстой гэдэг зарчим багтана. Ер нь улс орон бүрд ямар иргэн бэлтгэх вэ гэсэн хар хайрцагны бодлого байдаг. Тиймээс ч би УИХ-ын гишүүн болсноосоо хойш үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэсэн асуудлыг их хөндөж байсан. Салбарын хүрээнд ч үндэсний хөтөлбөр чухал хэмээгдэж байгаа. Тиймээс зөвхөн үндэсний хөтөлбөр зааж байгаа сургуулиудад хувьсах зардлыг олгох зохицуулалт энэ хуулийн төсөлд орсон.

-Хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбоотой асуудлууд сүүлийн үед хөндөгдөх болсон. Хуульд энэ чиглэлээр ямар зохицуулалт орж байгаа бол?

-Боловсролын багц хуультай хамт Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль хэлэлцэгдэж Боловсрлын ерөнхий хуульд нэгтгэгдэж байна. Хуулиар албан боловсролоор зөв зан чанарыг хүүхдэд төлөвшүүлэх асуудал орж байна. Зан чанар гэдэг ойлголтын цаана ихэнх хүмүүсийн шаарддаг хөдөлмөрч байх, цаг баримтлах, ёс суртахуун гээд өргөн хүрээний асуудал багтана.

-Сурагчдын сургалт, хүмүүжлийг багш л хариуцах ёстой юм шиг орхидог болсон. Эцэг эхчүүдийн оролцоог хэр хангаж байгаа вэ. Өөр ямар чухал өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Боловсролын үр дүн хүүхэд, сургууль, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа дундаас гарч ирдэг. Ер нь боловсролын багц хуулийн гол өөрчлөлт нь хүүхэд нэгдүгээр ангидаа юу сурсан байх ёстой юм бэ, хоёрдугаар ангид юу чаддаг болсон байх вэ гэдэг мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг боловсруулсан. Бүх хүүхдийг 12 дугаар анги төгсдөг болгох зохицуулалт орж байна. Өнөөдөр сурагчдын нэг хэсэг нь дунд ангиа төгсөөд мэргэжлийн боловсролын сургууль руу, эсвэл мал дээр гардаг ч гэдэг юм уу 12 дугаар ангиа төгсөхгүй байх тохиолдол гардаг. Хүүхэд бүрийг 12 дугаар анги төгсгөснөөр гэмт хэргийн тоо болон ажилгүйдэл буурах зэрэг олон дам нөлөө гардаг тухай судалгаа байдаг юм билээ.

Мөн хувийн сургуулиуд ашгийн төлөө болон ашгийн бус байдлаар ажиллаж болно гэсэн зохицуулалт оруулж байна. Ашгийн бус хэв шинжтэй сургуулийн сонгодог жишээ бол Харвардын их сургууль, Стэнфордын их сургууль гээд байна. Өөрийн олсон орлого болон бусдын өгсөн хандив тусламжийн мөнгийг боловсролын байгууллагадаа, эсвэл салбараа хөгжүүлэхэд зарцуулдаг. Тиймээс ашгийн бус зорилгоор ажиллавал төрийн бус байгууллагын хуулиар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг тараахгүйгээр олж байгаа орлогоо тухайн сургууль болон салбараа сайжруулах чиглэлд зарцуулах нь. Харин ашгийн төлөө ажиллавал компанийн тухай хуулиар зохицуулагдана. Татвараа төлнө.

Ашгийн болон ашгийн бус мөн төрийн өмчийн бус сургуулиудад тодорхой хариуцлагуудыг үүрүүлж байгаа. Жишээлбэл, урьдчилж суудлын мөнгө авахыг хориглох зохицуулалт орсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургах квот ногдуулж байна. Төрийн бус өмчийн, үндэсний цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиудад сургалтын төлбөрөөс хамаарч хувьсах зардал олгоно. Гадны хөтөлбөрөөр зааж байгаа бол улсаас ямар ч зардал өгөхгүй байх зохицуулалт орсон.

Үүнээс гадна гадаадад олон монголчууд амьдарч байна. Тиймээс гадаад амьдарч байгаа хүүхдүүдэд Монгол хэл, соёлын боловсролыг олгодог байгууллагуудад хувьсах зардал олгохоор болж байна. Өөрөөр хэлбэл, гадаадад Монголын боловсролыг олгохоор үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг дэмжинэ гэсэн үг.

Түүнчлэн цахимаар суралцах боломжийг хуульд тусгаж байна.

Дээд боловсролын хувьд Монгол Улсын хөгжилд чухал жишээлбэл, металлургийн инженер, газрын тосны мэргэжилтэн ч гэдэг юм уу хомсдолтой байгаа чухал мэргэжлүүдэд төрөөс тэтгэлгээр өөрийн улсдаа сургаж бэлтгэнэ. Их сургуулийн санхүүжилтийн багагүй хувийг тэтгэлэг маягаар олгох өөрчлөлтийг ярилцаж байна. Ирэх долоо хоногийн байнгын хороо болон чуулганаар Боловсролын ерөнхий хууль хэлэлцэгдэнэ.

-Багшийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд ямар зохицуулалт орж байгаа вэ?

-Багшийн нийгмийн асуудлыг өндөрт тавьж байгаа. Багш нарыг үе шаттайгаар сургана, хөгжүүлнэ. Мөн байр орон сууцаар хангах ч гэдэг юм уу нийгмийн асуудлыг авч үзэж байна. Жишээлбэл, төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль болон политехникийн коллежид 15-аас дээш жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад төлбөргүй суралцуулна гэсэн заалт орж байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван настай хүүг зодсон гэх Э-г цагдан хорьж, яллагдагчаар татна DNN.mn

Цагдаагийн ерөнхий газраас гурван настай хүүг зодож гэмтээсэн гэх хэргийн талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Гурван настай хүүг зодсон гэх хэрэгт Э-г нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон. Мөрдөн шалгах ажиллагааг явуулаад яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж байгаа.

Хүүгийн биеийн байдал дээрдэж, өнөөдөр Турк улс руу эмчилгээнд явахаар болсон тухай ар гэрийнхэн нь хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгсөн байсан.

Түүний ээжийг яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас тавьж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ААН-үүдийн 2022 оны татварын буцаан олголтыг шилжүүлжээ DNN.mn

“Аж ахуйн нэгжийн 2022 оны татварын буцаан олголт болох 55.2 тэрбум төгрөгийг ААН-үүдэд яг одоо шилжүүлж байна” хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Хууль шинэчлэгдэж, жилд 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН 10%-аар татвараа төлөөд төлсөн татварынхаа 90%-ийг буцаан авдаг болоод буй.

Мөн алс зайн хөнгөлөлт, тусгайлан дэмжих салбарт үйл ажиллагаа явуулсны хөнгөлөлт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгосны хөнгөлөлт зэрэг бусад хөнгөлөлтүүдийг татвар төлөгчид эдэлдэг байна.

Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал “Буцаан олголт авах татвар төлөгчдийн тоо, буцаан авах дүн жил бүр өсөж байгаа нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татварын хууль тогтоомжийн мөрдөлт сайжирч байгааг илтгэж байгаа эерэг үзүүлэлт юм” гэв.

2022 оны буцаан олголтоор 3,475 ААН-д 55.2 тэрбум төгрөгийг шилжүүлэх юм байна.

зураг

Жилийн 300 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой байгууллагууд ААНОАТ-ыг 1%-аар төлдөг байна.

Categories
мэдээ улс-төр

Нүүрсний экспортын анхны шанг татсан “Ажнай”-г алдаршуулахын оронд адалдаг нь ямар учиртай вэ! DNN.mn

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар нүүрсний гэх хэрэгт холбогдсон нэр бүхий гурван гишүүний асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэхүү чуулганаар шийднэ. Нэр дурдагдсан дээрх гишүүдийн дотор Өмнөговиос сонгогдсон хоёр гишүүн байгаа нь сонин. Хэрэв энэ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлчихвэл Өмнөговийн 73 мянган иргэдийн төлөөлөл парламентад үгүй болно гэсэн үг. Нөхөн сонгууль явагдах боломжтой боловч ээлжит сонгууль хаяанд ирчихсэн учир бүтэн жил гаруй хугацаанд төлөөлөлгүй болох магадлал өндөр.

Төлөөлөлгүй болно гэхээр Өмнөговьд хэрэгжих олон төсөл хөтөлбөр гацна, бүтээн байгуулалтууд зогсоно, орон нутгийн иргэдийн эрх ашиг хаагдана гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр яагаад энэ аймгийн хоёр гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа вэ гэдэг нь сонин.

Нүүрс экспортолдог, олборлодог, нүүрсний уурхайтай учраас тус аймгаас сонгогдсон гишүүд нь хулгайч гэж үү. Тэрэн дээрээ тулбал хулгайч өөрөөсөө хулгай хийх үү. Ажнай Д.Бат-Эрдэнэ гишүүнийг анх улс төрд орсноос нь хойш өдийг хүртэл янз бүрээр бичиж, гүтгэж, харлуулж ирсэн. Тэр утгаараа түүний хийсэн, бүтээснийг орон нутгийн иргэдээс бусад нь бараг мартаж. Монгол Улсын эдийн засаг өдий зэрэгтэй байгаагийн нэг тулгуур нь нүүрс. Нүүрсний экспорт нэмэгдэх тусам улсын эдийн засаг өснө. Улсын эдийн засаг өсөх тусам ард түмний амьдрал сайжирна. Товчхондоо энэ шүү дээ. Тэгвэл тэрхүү нүүрсний экспортыг эхлүүлж, анхны шанг татсан нөхөр нь Ажнай хэмээх Д.Бат-Эрдэнэ гишүүн. Үүнийг хүн ер нь мэддэг болов уу. Хоёр мянгаад оны эхээр Монгол Улсад нүүрсний экспорт хийдэг ганцхан компани байсан нь “Пүүшин” гэх 100 хувь хятад ажилчидтай, хятад компани байв. Үнэндээ бид нүүрсээ олборлож, гадагшаа экспортлох нь битгий хэл 100 тонны даацтай “Шланз” гэх машиныг хараад нүд нь орой дээрээ гартлаа ангайдаг үе байлаа шүү дээ. Тухайн үед аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс тус компанийг Монгол, тэр дундаа Цогтцэций сумын иргэдийг ажилд авахыг шаардахад, “Танай иргэд том машин барьж чадахгүй учир ажилд авах боломжгүй” гэсэн хариу өгч ганц нэг хүнийг хашааны манаач, харуулаар ажилд авч нойлын цаас, хог хаягдлаа түүлгэдэг. Тэр ч бүү хэл аймаг, сумын дарга нарыг хашаандаа оруулдаггүй, гаднаас нь явуулдаг байсан гэдэг. Тухайн үед буюу 2004 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ УИХ-д Өмнөговь аймгаас сонгогдон ажиллаж байлаа. Тэрбээр нутгийн иргэдийн эрх ашгийн төлөө, хятадуудын чадаж байгаа ажлыг монголчууд тэр дундаа өмнөговьчууд чадах учиртай хэмээн 30 сая ам.долларын хөрөнгөөр уурхайн олборлолтын том техник, тээврийн шланз машиныг оруулж ирж үндэсний тээврийн “Таван толгой транс” компанийг байгуулсан түүхтэй. Машин техник оруулж ирэх нэг хэрэг, түүнийг монгол залуус эзэмшинэ гэдэг амаргүй ажил байсан гэдэг. Өмнөговь аймгийн 15 сумын 350 гаруй иргэдэд том тэрэг барьж сургах ажлыг зохион байгуулан монгол жолооч нарын анхны цуваа нүүрс тээвэрлэж эхэлж байжээ. Ийнхүү Монгол Улсад нүүрс тээврийн шинэ бизнес эхэлж, нүүрс тээврийн жолооч гэсэн шинэ мэргэшил бий болж, нүүрс тээврийн эхлэл тавигдсан нь үнэн. Товчхондоо түүний татсан жимээр өдгөө “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс” зэрэг олон арван үндэсний компани нүүрс экспортолж байна. Энэ худлаа биш. Энэ бол өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийн түүх. Тэр утгаараа нүүрсний экспортын анхны шанг татсан Ажнай Д.Бат-Эрдэнийг алдаршуулах ёстой. Монгол хүн анх сансарт ниссэн шиг л… Гавьяа шагналыг нь байг гэхэд гай болгондоо нэрийг нь холбож зүхдэгийн учир нь юу вэ. Тэр говийн хүн. Угтаа говийн хүний тэвчээр, хүн чанарын мөсөөрөө өөр рүү нь мөндөр мэт чиглэсэн гүтгэлэг бүхнийг тэвчиж ирсэн нь тодорхой. Түүнийг прокуророос гурван үндэслэлээр нэр холбогдуулан яллагдагчаар татсан. Тэрхүү гурван үндэслэл нь үнэхээр энгийн агаад инээдтэй. Яаж хүнийг ингэж ялладаг байна вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрүүлнэ. Ингэж байгаа юм. Нэгдүгээрт, “Таван толгой” ХК болон “Таван толгой транс” компанийн хоорондын өр авлагын хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа. Угтаа Д.Бат-Эрдэнэ гишүүн нь орон нутгийн гэгдэх Таван толгой хувьцаат компанийн 19 хувийг эзэмшдэг нь үнэн. Тус компанийн 51 хувийг аймгийн ИТХ, 49 хувийг бусад хувьцаа эзэмшигчид бүрдүүлдэг. Улмаар 51 хувийнхан таван хүн, 49 хувийнхан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-ийг бүрдүүлдэг. Тэр утгаараа тус компаниас гарч буй томооохон шийдвэрийг ТУЗ гаргана гэсэн үг. Тиймээс хоёр компанийн дундах өр, авлагын асуудал байгаа бол үүнийг гүйцэтгэх удирдлага, ТУЗ нь шийдэж явдаг нь ойлгомжтой. Түүнээс биш Д.Бат-Эрдэнэ асуудлыг нь шийдсэн гэдэг нь үндэслэлгүй болж байгаа юм. Хоёр дахь үндэслэл нь Д.Бат-Эрдэнийг Шүрэнхишиг, Сэддорж нартай гэмт бүлэглэл буюу мафи болж, ногдол ашгийг илүү авсан гэх. Үүнээс та нэг үгийг сайн хараарай. Мафи болж ажилласан гэж байгаа. Мафи гэдэг чинь хууль үйлчилдэггүй, өөрсдөө үзэгддэггүй зохион байгуулалттай гэмт байгууллага биш юм уу. Үүнээс харвал мафи гэх сүржин үгийг үндэслэлдээ оруулж, нийгмээр яллуулах гэсэн явцгүй улс төр гэж ойлгогдохоор.

Анхны Монгол жолоочдын нүүрс тээврийн цуваа. 2005 он

Нөгөөтэйгүүр ногдол ашгийг илүү авч, Капитрон банкаар дамжуулан мөнгө угаасан гэдэг. Угтаа ногдол ашгийг тараах эсэхийг тус компанийн ТУЗ, нийт хувьцаа эзэмшигчдийн хурал нь шийддэг. Хөрөнгийн бирж хянадаг. Таван толгой хувьцаат компани хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани. Тэр утгаараа хувьцаа, ногдол ашигтай холбоотой бүх үйл ажиллагааг Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор явуулдаг. Нээлттэй хувьцаат компаний хувьд ногдол ашгийг гүйцэтгэх захирал, нягтлан, нэг, хоёр хувьцаа эзэмшигч нар тохиролцон илүү дутуу хуваарилах боломжгүй. Товчхондоо нэг хувьцаа эзэмшигчийн нөлөө, компанийн гүйцэтгэх захирал, нягтлан нарын оролцоо байх боломжгүй. Тус компанийн санхүүгээс хувьцаа эзэмшигч Бат-Эрдэнийн тухайн жилийн ногдол ашгийг шилжүүлэхдээ түүний гэр бүлийн хувьцааны ногдол ашгийг Бат-Эрдэнийн харилцах данс руу хамтад нь шилжүүлсэн нь хувьцааны ногдол ашиг илүү авсан гэх хардлагыг төрүүлсэн бололтой. Нөгөөтэйгүүр Д.Бат-Эрдэнэ хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нэлээн хэдэн компанийн хувьцаа эзэмшигч гэдгийг түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Түүний нэг нь Капитрон банк. Д.Бат-Эрдэнийн хувьд орон нутгийн Таван толгой хувьцаат компаниас өөрийн хувьцаанд ногдож ирсэн ногдол ашгаар Капитрон банкны дүрмийн санг өсгөснийг тус банкаар дамжуулж мөнгө угаасан хэрэг үүсгэжээ гэх. Ямар ч бизнесмэн нэг бизнесийнхээ ашгаар нөгөө бизнесээ өргөжүүлдэг. Түүнийг буруутгаж байгаа үндэслэлүүд дотор “51 хувь буюу Өмнөговь аймгийн ногдол ашгийг дутуу олгосон” гэсэн үг өгүүлбэр байгаа. Гэтэл энэ нь Даланзадгадын дулааны станцад засвар хийх хөрөнгийг “Таван толгой” ХК-аас гаргаж, Өмнөговь аймагт оногдох ногдол ашгаас суутган тооцох тухай аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу хийгдсэн ажил аж.

Эцэст нь Таван толгой орд, Эрдэнэс Таван толгой ХК, Таван толгой ХК-уудыг андуурч төөрч будилаад байгаа хүмүүст багахан тайлбар мэдээлэл хэлье. Монгол Улсад ашиглалтын “улаан” лиценз 1000 гаруй байдаг. Таван толгой орд газарт Төрийн өмчит Эрдэнэс Таван толгой ХК 68468 га буюу бүлэг ордын 90 хувь, хувийн өмчит Энержи Ресурс ХХК 2960 га буюу бүлэг ордын найман хувь, хувийн өмчит Хангад эксплорэйшн ХХК 12821 га, хувийн өмчит Аурум Ауруг ХХК 36390 га, орон нутгийн өмчит Таван толгой ХК 276 га буюу Таван толгой бүлэг ордын хоёр хувийн талбайг тус тус эзэмшиж олборлолт явуулдаг. Мөн орон нутгийн өмчит Таван толгой уурхайн бүлэг ордын нийт талбайн хоёрхон хувь буюу 276 га талбайд үйл ажиллагаа явуулж жил бүр өндөр ашигтай ажиллаж, жилдээ 70-100 тэрбум төгрөгийн татвар төлдөг төдийгүй өнгөрсөн хугацаанд 568 тэрбум ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгодог Монгол Улсын топ аж ахуйн нэгжийн нэг. Тус компани 2022 онд 290 гаруй төгрөгийн ашигтай ажиллаж түүнээс 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах талаар мэдээлэл гарч байна. Үүний 51 хувь буюу 73.4 тэрбум төгрөг Өмнөговийнхоо төсөвт орж, Өмнөговьд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэнэ. Жил бүр л тодорхой ашигтай ажиллаж ногдол ашиг хуваарилдаг. Ганцхан Таван толгой ХК-ийг биш бусад Төрийн болон хувийн өмчит компаниудыг ямар ашигтай ажиллаж байгаа, ямар татвар төлж байгааг илүү анхааралтай ажиглах хэрэгтэй. Эцэст нь энэ мэт үндэслэлээр Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага үнэхээр байгаа юу. Улс төрийн зорилготой энэ мэт хэргээс болж парламентын дархлаа, чадавх улам л суларч байгааг УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн мэддэг үү.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлнэ DNN.mn

2018 онд нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 49.4 хувьтай байсан бол 2022 оны байдлаар 50.8 хувь болж өссөн. Харин ажилгүйдлийн түвшин 2018 онд 7.5 хувьтай байсан бол 2022 онд 4.8 хувь хүрч буурчээ.

Өнгөрсөн онд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл /ХЭҮЗ/-өөс баталсан долоон хөтөлбөр, 28 арга хэмжээнд 69.3 мянган иргэнийг хамруулж, 21.4 мянган ажлын байр бий болгосон байна. Түүнчлэн эрх бүхий хөдөлмөрийн 14 биржтэй ганцаарчилсан болон бүлгийн сургалт, зөвлөгөө өгөх гэрээ байгуулж ажилласан бөгөөд 4387 иргэнийг ажилд зуучилж, 6043 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг хүргэжээ. Харин хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг 37 удаа зохион байгуулж, 64 ажил олгогчоос зарласан 2014 ажлын байранд 1101 иргэн тэнцэн, ажилд зуучлуулсан.

Мөн мэргэжлийн чиглэлийн буюу барилгын цахилгаанчин, эсгий урлал, хүнд машин механизмын оператор, үсчин, гоо сайханч, тогооч, сантехникч, нярав, талх нарийн боов, барилгын засал чимэглэл, гагнуурчин, фермер, гар урлал гэхчлэн 20 гаруй салбарын эрх бүхий 28 сургалтын байгууллагатай гэрээ хийж, 1130 иргэнийг богино хугацааны танхимын сургалтад хамруулав. Харин оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс 382 ажил олгогчийн 7013 цагийн ажилд зуучилсан юм. Түүнчлэн залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох Шилдэг старт ап уралдааныг зарлан, дүүрэг бүрээс хоёр баг шалгаруулж, нийт 18 шилдэг багт эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгожээ.

Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд өрхийг гэрээт малчнаар ажиллуулах сургалтыг зохион байгуулсан байна. Ийнхүү 19 аймгаас 1356 ажлын байрны захиалга ирж, 12 өрх зургаан аймгийн 12 сум руу шилжин суурьшжээ. Мөн ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажилгүй 177 иргэн, ойжуулах мэргэжлээр сурч буй 30 оюутан, нийт 207 иргэнийг мод тарих арга хэмжээнд хамруулж, түр ажлын байраар хангасан. Үүний дүнд Нийслэлийн Байгаль орны газрын мод тарих төлөвлөгөөнд тусгасан байршлуудад нийт 2213 мод нөхөн тарьж, 9510 шинэ мод суулган, 6729 хэвийн ургалттай модны усалгаа, арчилгаа, бордоо болон орчны хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн байна.

Эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжих чиглэлээр “Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийг зарлан 12 төсөл хүлээн авчээ. Ийнхүү шилдэг гурван төвийг шалгаруулж, эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Харин 2023 онд ХЭҮЗ-өөс баталсан зургаан үйл ажиллагааны хүрээнд 33 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

  1. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ
  2. Хөдөлмөрт бэлтгэх сургалтын үйл ажиллагаа
  3. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа
  5. Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаа
  6. Засгийн газар болон ХЭҮЗ-өөс тодорхойлсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.

Хурлын үеэр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэйг гишүүд онцолж байлаа. Иймд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Улаанбаатар агропарк”-д хүнсний ногоо тариалах боломжоор хангаж, мэргэжлийн агрономичийн удирдлага дор сургалт явуулж, түр ажлын байраар ханган, өрхийн орлогыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. 11 жилийн турш хэрэгжсэн уг хөтөлбөрт 8596 иргэн хамрагдаж, түр ажлын байраар хангагдан, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн юм.

Энэ жилийн тухайд төвийн зургаан дүүргийн 650 иргэнийг хамруулах бөгөөд 43 га талбайд хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Иргэд уг хөтөлбөрт хамрагдсанаар өрхийн орлогоо нэмэгдүүлэхээс гадна эрүүл хүнсний ногоогоор өрхийн хэрэгцээгээ хангах, газар тариалан эрхлэх мэдлэг чадвартай болох, төмс, хүнсний ногоог хадгалах, нөөшлөх арга барилд суралцах гэхчлэн олон талын ач холбогдолтой.

Төлөвлөгөөнд тусгасан дээрх үйл ажиллагаануудыг дөрөвдүгээр сарын 5-наас нийслэлийн хэмжээнд албан ёсоор зарлах бөгөөд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйлчилгээ авах, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд харьяа дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

Categories
мэдээ спорт энтертаймент-ертөнц

Мэргэжлийн сумогийн түрүү бөх Кирибаяма Б.Лхагвасүрэнгийн аав Я.Бямбачулуун: Хүүгийнхээ түрүүлэхийг хараад хөл газарт хүрэхгүй баярлалаа DNN.mn

Малчны гэрт төрсөн Б.Лхагвасүрэн хүү Япон улсын үндэсний спорт мэргэжлийн сумогийн дээд зиндаанд анхны түрүүгээ хүртсэн нь спортын ертөнц дэх онцлох үйл явдал байв. Б.Лхагвасүрэнгийн гэр бүлийнхэн өнөөдөр ч Дорнод аймгийн Сэргэлэн сумандаа малаа маллан амьдарч байна. Түүний аав Я.Бямбачулуунтай ярилцаж баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.


Таны хүү мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүллээ. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Их баяртай байна аа. Б.Лхагвасүрэн бол миний бага хүү. Хүүгийнхээ түрүүлсэн барилдааныг замд явж байгаад харж амжсангүй. Яг түрүүлдэг өдөр нь хотоос гараад Дорнод руу буцаж явсан юм. Гэртээ ирээд зурагт харахад миний хүү эзэн хааны цом тэврээд уйлаад зогсож байдаг юм даа. Хөл газарт хүрэхгүй баярласан. Хүүгийнхээ барилдааныг харах хүсэл байсан ч ардаа ажилтай учраас замд гарчихсан юм. Хүн бүр л над руу залгаж баяр хүргэж, хүүд маань чин сэтгэлээсээ амжилт хүсэж байна. Танихгүй хүмүүс хүртэл залгаж баяр хүргэх юм. Хүний сайн сайханд баярлаж, догдолдог нь монгол хүний гайхамшигтай гоё чанар юм даа. Олны сайхан ерөөлөөр миний хүү илүү сайн барилдаж энэ их спортын оргилд нь гарах байх аа.

-Б.Лхагвасүрэн маань багадаа ямар хүүхэд байв?

-Би өөрөө бөх үзэх их дуртай.Овооны наадмуудад хүүгээ дагуулаад л явна. Хүүхдүүдийг хооронд нь барилдуулахад Лхагвасүрэн маань түрүүлж, үзүүрлэдэг байсан юм. Хүү маань сайхан бөх болох нь дээ гэх горьдлого миний дотор яваад л байв. Нутгийн өвгөд ч “Хүү чинь бөх болох нь” гэж урамшуулна. Хүү маань өөрөө ч их дуртай. Ингээд дунд сургуулиа төгсөөд “Аварга” сургуульд элсэж гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүүгийн шавь болсон. Овооны наадам хэсч байсан бид хоёр хотод ирээд заалны барилдаанууд хайдаг боллоо. Нэгдүгээр курсийн хүүхэд ч яах вэ ганц нэг даваад унана. Харин зуны амралтаараа ирэхдээ төрөлх нутаг Сэргэлэн наадамд үзүүрлэж аавыгаа баярлуулсан нь санаанаас гардаггүй. Их амжилтын аяндаа ингэж л мордож дээ гэж боддог юм. Миний хүү үндэсний бөхийн сумын заан цолтой.

-Таны хүү Япон руу хэзээ, яаж явж байв?

-“Аварга” дээд сургуульд сурч байхдаа шалгаруулалтад орсон юм билээ. Хариу нь ч тэр доороо гарч тэнцсэн. Ер нь Япон явах шийдвэрээ миний хүү өөрөө бие дааж гаргасан. Миний хувьд дотроо үндэсний бөхөөрөө барилдаад үзвэл гэж бодож байсан ч хүүгийнхээ шийдвэрийг хүндэтгээд дэмжсэн. Жаахан хүү маань тэр том бүдүүн хүмүүстэй яаж барилдах юм бол доо гэж

эргэлзэж байсан ч тухайн үед нь хүүдээ хэлээгүй. Эргээд харахад миний хүү боломжоо олж хараад ийм шийдвэр гаргаж дээ.

-Анх очиход амар байгаагүй л байх. Гэр рүүгээ утсаар холбогддог байв уу. Юу ярьж байв?

-Миний хүү чинь ээж аавынхаа дэргэдээс холдож үзээгүй үедээ л зоригтой шийдвэр гаргаж Япон явсан. Сумо өөрөө хатуу дэг жаягтай спорт. Олон хүн оролдож үздэг ч амжилт гаргах нь цөөн. Голоос нь шантрах нь элбэг. Анх очоод хүүд маань амар байгаагүй л дээ. Аав, ээж рүүгээ залгаад л нөхцөл байдлаа зах зухаас нь хэлнэ. Би ч “Миний хүү зориод очсон юм чинь юуг ч тэвчинэ шүү” гэж захина. Миний хүү чинь ердийн л малчин айлын хүү. Морь мал дээр л дэрвэж өссөн. Хөдөөний бидний ажил ундарч л байдаг. Тэр бүрийн зах зухаас миний хүү хийдэг л байлаа. Ингэж өсөхдөө л тэвчээртэй болж

төлөвшсөн юм билээ. Ээж аав нь хүүгээ их хүлээнэ. Цай, сүүний дээжээ өргөөд л залбирдаг байлаа. Сүүлд гурван жилийн өмнө л жүрёо зиндаанд дэвшиж, чөлөөгөөр шагнуулаад гэртээ ирэхдээ уул шиг том болчихсон байж билээ. Тэгж их өссөнийг нь хараад сүрдээд ч байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрж байсан шүү. Гэлээ гээд ээж, аавдаа эрхэлдэг зан нь янзаараа л байсан даа, миний хүүгийн. Хүүгийнхээ сайн сайхан явахыг харахаас өөр аз жаргал гэж юу байх билээ. Нутаг орныхон маань гэрт ирж баяр хүргээд, манай хот айл хөл газарт гишгэх зайгүй л бужигналдаж байна.

-Одоо хүү тань мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлээд гэртээ ирэх нь. Лхагвасүрэн маань түрүүлээд хамгийн эхэнд л гэр бүлийнхэнтэйгээ баяраа хуваалцсан болов уу. Юу хэлж байна?

-Баярлаад олигтой юм ярьж чадахгүй байна лээ, хөөрхий минь. Аав, ээж нь хүүгийнхээ амжилтад баярлаж нулимс унагачих гээд л. Ярих гэж их юм болно. Ирэх зургадугаар сард эх орондоо ирэх сураг байна. Тэр нь юу болох нь уу. Сумо өөрөө хатуу дэг, жаягтай спорт. Чөлөө өгөх нь үү, яах нь уу. Хүүгээ санах л юм. Гэхдээ цаашид туулах хол зам байгаа. Наашаа, цаашаа явж бэлтгэлээ цалгардуулчих вий ч гэж бодох юм. Энэ их өрсөлдөөнтэй талбарт завсар зайгүй хөдөлмөрлөсөн хүн л амжилтад хүрнэ. Миний хүү аварга ах нарынхаа халааг авч дээд зиндаанд түрүүлсэнд их баярлаж байна. Шинэ хүүхэд очиход нь дэм болж байсан ах нарынхаа ачийг хариулж дээд зиндаанд түрүүллээ. Одоо цаашид илүү хариуцлагатай байж сайн барилдах байх. Хамгийн гол нь бэртэл гэмтлээс л хол байгаасай гэж залбирах юм. Сумо ч өөрөө хатуу ертөнц шүү дээ. Хүү минь амар биш зам туулж энэ хүрсэн.

-Таны хүүгээр олон хүн бахархаж байна. Ийм үед нь та юу захиж байна вэ?

-Тэвчээртэй, нуруутай байгаарай л гэж захилаа. Өөр юу хэлэх билээ. Миний хүү ч сэтгэлийн хаттай, тэвчээртэй хүн. Хүүдээ итгээд л хүлээж байна. Бидний гэр бүлийн баяр баясгаланг хуваалцсан та бүхэнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

МУГЖ Ө.Уянга Киргизийн дуурийн театрт урилгаар дуулна DNN.mn

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга Киргизийн дуурийн театрт урилгаар дуулах гэж байгаагаа дуулгалаа. Тэрбээр тус улсын театрын тайзнаа дөрөвдүгээр сарын 1-нд Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолеттагийн дүрд дуулах болжээ.

Мөн дөрөвдүгээр сарын 4-нд “Монгол сонгодог Речитал” романсын тоглолтоо тоглох аж.