Categories
мэдээ цаг-үе

БНХАУ руу визгүй зорчих хугацааг хэтрүүлбэл хоног тутам 500 юаниар торгуулна DNN.mn

БНХАУ-ын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан визгүй зорчих хугацааг хэтрүүлэх явдал гарсаар байна.

Монгол Улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой. Харин 30 хоногоос дээш хугацаанд зорчих тохиолдолд өөрийн зорилгод тохирох визтэй байх шаардлагатай юм.

Визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд суугаа улсын хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн торгууль оногдуулдаг. Иймд визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байхыг тус улс зорчиж буй нийт иргэддээ анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан этгээдэд зорчих эрхийг хязгаарлах ял оноов DNN.mn

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн насанд хүрээгүй хүүхдэд садар самууныг сурталчилсан, уруу татсан, заналхийлсэн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, Л гэгч нь 2022 оны тавдугаар сараас эхлэн Говьсүмбэр аймгийн ахлах ангийн нэр бүхий сурагчтай фэйсбүүк хаягаар танилцаж, насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэгийг үзүүлж, нүцгэн зураг бичлэгийг нь хийлгэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгох зэргээр садар самуунд уруу татаж, улмаар “мөнгө өгөхгүй бол нүцгэн зургийг чинь цахим орчинд тараана” гэж айлган сүрдүүлж заналхийлсэн байна.

Дээрх хэрэгт Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 16.8 дугаар зүйлийн 1 /Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Л-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар ярилцаж, сэрэмжлүүлж байх нь дээрх төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтойг прокурорын байгууллагаас зөвлөв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гаалийн 30 гаруй үйлчилгээг цахимаар олгож байна DNN.mn

Гаалийн байгууллаас “Цахим гааль” өдөрлөгийг Улаанбаатар хот дахь гаалийн газар зохион байгуулж, 140 орчим иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр гаалийн цахим үйлчилгээний гааль.мн систем, гэрээ бүртгэлийн нэгдсэн систем, экспорт, импортын мэдэгдэл гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн зэрэг цахим системийг танилцуулж зөвлөмж мэдээлэл өгчээ. Мөн ГЕГ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн газраас зохион байгуулсан экспорт, импортын мэдүүлэг нөхөн бичих, лавлагаа, тодорхойлолт авах, зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг нөхөн бичих сургалтад иргэд идэвхтэй хамрагджээ.

Иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирсэн саналын дийлэнх нь бусад гаалийн газар хороо цахим үйлчилгээндээ илүү анхаарах, цахим бичиг баримт хянаж шалгах албан хаагчийн хуваарилалтыг оновчтой болгох замаар зөвшөөрөгдөх төлөвт шилжих цагийг багасгах, экспорт хийж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн гэрээний үнийг оновчтой тогтоож өгөх зэрэг асуудалд чиглэж байсныг ГЕГ мэдээлэв.

Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шинэчлэл, ил тод, нээлттэй бодлогын хүрээнд Гаалийн ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан www.gaali.mn системийг шинэчлэн нэвтрүүлээд байгаа. Ингэснээр гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, гадаад худалдааны барааны статистик, барааны ангилал, тарифын мэдээлэл, тусгай зөвшөөрөл зэрэг 30 гаруй үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд цахимаар авах боломж бүрдүүлсэн байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон сууцны үнэ 0.2-11.3 хувиар нэмэгджээ DNN.mn

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 11.3, өмнөх сарынхаас 0.2 хувиар нэмэгджээ.

Шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ хоёрдугаар сард 3.46 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.77 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны үнэ ам метр нь дунджаар 3.30 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.97 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд онцолсон байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Бат-Ирээдүй: Геологийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах нь өнөөдрийн тулгамдсан асуудал DNN.mn

Монголын Геологийн холбоодын нэгдсэн Зөвлөлийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл “Геологийн улсын үндэсний зөвлөгөөн 2023” үйл ажиллагааг саяхан зохион байгуулсан. Энэ ажил хэр үр дүнтэй болсон бэ. Үр дүнгээс хуваалцахгүй юу?

-Сүүлийн 40 гаруй жилийн дараа манай салбарынхан анх удаа төрийнхөө ордонд чууллаа. Улсын зөвлөгөөний үр дүнг хараахан дүгнэхэд эрт байна. Яагаад гэвэл уг зөвлөгөөнөөр олон л асуудлыг хөндсөн. Тэр асуудлуудыг ганц зөвлөгөөн хийснээр бүрэн шийдэхгүй ч гэсэн холбогдох хууль тогтоогч, засгийн газрын эрх бүхий байгууллагад зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг уламжилж асуудлын араас хүч тавин ажиллана гэж бодож байна. Нөгөө талаар энэ салбарын талаар бага боловч эерэг мэдээлэл нийгмийн тодорхой хэсгүүдэд хүрсэн байх гэж бодож байна. Мэдээж үүнд манай хэвлэл мэдээллийн салбарын дэмжлэг их хэрэгтэй байгаа шүү. Геологийн салбар бол Уул уурхайн салбар биш л дээ, өөрийн гэсэн онцлогтой, газрын хэвлийд байгаа эрдсийн хуримтлалыг олж илрүүлэхээс гадна олон чиглэлийн шинжлэх ухааны суурь судалгааг давхар хийж байдаг учраас уг үр дүнг хэрэглэхгүй салбар гэж байхгүй.

Ийм болохоор улс үндэстний хөгжлийн түлхүүр гэж олон хүн ярьж, бичиж байдаг. Хөдөөгийн малчинд хүртэл бидний судалгаа маш их үүрэгтэй, хамгийн наад захын жишээ гэхэд л газрын геоэкологийн болон газрын гүний усны судалгаа нь гэхэд л ирээдүй төлөвлөлтөө хийхэд өндөр ач холбогдолтой юм. Энэ өргөн хүрээний мэдээллийг манай ард иргэд ашиглаж, хэрэглэж сурвал маш олон зүйлд шинжлэх ухааны үүднээс хандах боломж бүрдэхээс гадна салбарын үр шимийг ч жирийн иргэн хүн хүртэл ашиглах, хүртэх боломжтой, нээлттэй байгаа юм. Салбарын хэмжээний олон талт асуудлаа хэлэлцдэг ийм зөвлөгөөн урьд нь хийж байгаагүй. Энэ зөвлөгөөнийг Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл санаачилга гарган зохион байгуулахад салбарын олон зуун хүн дэмжин ирсэн нь цаанаа асар хүлээлт ихтэй байсныг зөвлөгөөний явцаас харж болохоор байсан нь бас нэг үр дүнгийн илрэл гэж хэлж болохоор байна.

-Улс орны эдийн засгийн гол тулгуур бол геологийн салбар байдаг. Геологийн салбар, геологи сайн байж улс орны эдийн засгийн бодит хөгжлийн тулгуур байх болно. Сүүлийн үед геологи, уул уурхай хэрэггүй гэсэн яриа санаатай хийгээд санамсаргүйгээр их гарч байна. Сая энэ тухай ярьсан уу?

-Өнөөдөр улс эх орны геополитикийн онцгой салбар болох энэ салбар уналтын байдалд байгаа нь олон хүчин зүйлээс хамаарч байна. Олон оронд тэр дундаа уул уурхай өндөр хөгжсөн орнуудад энэ салбарыг ил болон далд хэлбэрээр маш хүчтэй бааз суурьтай тусгайлан хөгжүүлдэг. Эрдсийн баялгийн нийлүүлэлт нь дэлхийн олон орны хөгжлийн хурдац, чиг хандлага, геополитикийн бодлогыг тодорхойлж байдагт оршино. Геологийн судалгааны ажил нь 20-30 жилийн түрүүнд уул уурхайн болон хүнд үйлдвэрийн салбараасаа хөгжиж явах учиртай юм. Тэгж байж экспорт болон дотоодын хэрэгцээг хангахаас гадна баялгийн сангийн хуримтлалыг бий болгох нөхцөлийг бүрдүүлдэг. Манай улстөрчид ард иргэдэд таалагдах гэсэндээ сүүлийн жилүүдэд энэ салбарын уналтад нэрмээс болохоос гадна эрх зүйн орчноор олон удаа оролдсон нь салбарын хөгжлийг боомилох хандлага руу орсон гэж болно. Тэрний тод жишээ нь манай улсын нутаг дэвсгэрийн 76 хувь нь ямар нэг тусгай болон орон нутгийн хэрэгцээ нэрийн дор явж байгаа нь тэр нутаг дэвсгэрт геологийн судалгаа явуулах боломжгүй болгосон гэж ойлгож болно. Уул нь геологийн судалгаа нь шууд газар ухаж төнхөөд байдаг зүйл биш. Харин эрх зүйн орчныг сайжруулах нь өнөөдрийн тулгамдсан асуудал болж хувирлаа. Энэ ажлыг хийгээгүйгээс болж бид баялагтай ч юм шиг баялаггүй ч юм шиг нөхцөл байдал үүсээд байна л даа. Судалгааны баримт байхгүй үндэслэл муутай, тодорхой бүлэг улсуудын эрх ашгийг харж улс төрийн өнцгөөс оноо авах гэсэн зарим нэг хүний бодлогогүй шийдвэрээс уул уурхайгүй бүс нутаг болно гэж зарлах нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж байгаатай адил юм. Геологийн судалгааг харин ч хамгийн түрүүнд хийлгэх нь улс эх орны язгуур эрх ашигт нийцэхээс гадна гарсан үр дүнг орон нутгийн хөгжилд ашиглах боломжийг ханган ажилласнаар шинэ хөгжлийн гарцыг бий болгох, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бас нэг боломж гэж харах хэрэгтэй байгаа юм.

-Хаана юу байгааг, хөгжлийн түлхүүр хаана байгааг геологичид л тодруулж, илрүүлдэг шүү дээ?

-Энэ салбарын нийгмийн хөгжилд үзүүлэх дам нөлөө нь асар их. Геологийн судалгааны хүрээнд хийж байгаа бүх л мэдээлэл улс ардын аж ахуйн нийт салбарыг хамардаг. Энд үлдэх салбар гэж үгүй. Тухайлбал, барилгын салбар байна. Геологийн судалгаа хийхгүйгээр энэ салбарын хөгжлийг төсөөлөх аргагүй. Яг үүнтэй адил зам тээвэр, дэд бүтэц гээд бүх л салбарт газрын доорх баялгийн судалгааг хийж, урьдчилж үнэлж байж трассыг нь тогтоодог. Аль ч улс оронд геологийн судалгаа тухайн улсын хар хайрцгийн бодлогын нэг хэсэг болж явдаг юм. Энэ нь олон улс орны жишээн дээрээс тодорхой харагддаг. Ойрхны жишээ гэхэд л Австрали улс байна.

-Геологийн нөөц нь тогтоогдож судалгаа хийж буй ямар орд, газрууд байгаа вэ?

-Сүүлийн арав гаруй жил улс орны эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний томоохон ордыг илрүүлж тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэл бий. Энд дахиад л бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, геологичдын хөдөлмөрийн үнэлэмж, бүлэг нөхдийн шантааж гэх мэт олон шалтгаан бий. Оюу Толгой, Эрдэнэт, Эрдэнэс Таван толгой зэрэг томоохон ордыг эс тооцвол дэлхийд гайхуулах баялаг одоогоор бага байна. Эдгээр томоохон аж ахуйн нэгжүүд улс орны хүнд ачааг үүрч, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж яваа. Манайхан гадны туршлага судлах дуртай. Үнэхээр туршлага судалж байгаа бол эрдэс баялгийн хөгжил нь цогцоороо эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа нь болж хувирсан тийм улс орны жишгийг дагамаар байна.

-Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөл сүүлд зөвлөгөөнөө хийж, үр бүтээлтэй ажиллаж байна. Та бүхний дараагийн зорилго, чиглэл юу байна вэ?

-Аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд бүх салбарын эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага урган гарч ирдэг. Олон жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн хууль эрх зүйн орчин одоогийн орчинтой асар их зөрчилддөгийг бүгд мэддэг. УИХ-ын гишүүд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй онцгой цаг үе тохиож байна. Шинэ үндсэн хууль гаргахгүйгээр, нэмэлт өөрчлөлт оруулаад урагшлах нь нийгмийн хөгжлийн шаардлага гэж хүн болгон хараад эхэлчихлээ. Түүнтэй адил манай геологийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага бий. Манай салбар чинь харьяа яамынхаа нэрээс хүртэл хасагдаад олон жил болж байна.

Геологийн салбар гэдэг шинжлэх ухааны судалгааны нэг гол салбар. Гэтэл эрх зүйн орчин нь тодорхой бус байна. Тийм болохоор энэ салбарт хэрэгжүүлж буй Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль зэрэг гол эрх зүйн актуудад геологийн салбарын бүх үйл ажиллагаа процессыг хуульчилж өгөх нь онцгой чухал ач холбогдолтой гэж төрийн бус байгууллагуудын зүгээс үзэж байгаа. Манай салбарын гол хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх ажилтай цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь улсын зөвлөгөөн хийх үндсэн шалтгаан болсон юм.

Үндэсний геологийн албаа түшиглэн чиглэлийн бүс нутгийн судалгаанууд хийж салбарын мэдээллийн сан баазыг бэхжүүлэх улам боловсронгуй болгох, ажлын чанарыг шинэ өндөрлөгт гаргах, төсвийн хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэх, тэнд ажиллаж байгаа мэргэжилтэнгүүдийн цалинг 2-3 дахин нэмэхгүй бол боловсон хүчний асуудал хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байна, Үндэсний геологийн алба, Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны хүрээлэн зэрэг олон тооны төсвийн газруудыг ҮГА-нд нэгтгэн удирдлагаар ханган ажиллах бодлого боловсруулах хэрэгтэй юм. АМГТГ-ын чиг үүрэг арай өөр ч гэсэн энэ байгууллагыг бэхжүүлэх, хэрэгжүүлэх үүргийг илүү тодорхой болгох шаардлага харагдаж байгаа. Маш их асуудал байгаа тул ганц ярилцлагаар хангалттай мэдээлэл өгөх боломжгүй юм. Харин эрх зүйн орчныг сайжруулах нь өнөөдрийн тулгамдсан асуудал болж хувирлаа.

Хуулийн цоорхойг ашиглагч амин хувиа хичээгч улсын эрх ашгаас дээгүүр тавигчид ч олшрох хандлагатай байна. Байгалийн баялгийг зүй бусаар ашиглах, салбарын нэр хүндийг унагаж харлуулж байгаа, байгаль орчиндоо ээлтэй бус ханддаг цөөн тооны үзэгдэл нь иргэдийн дургүйг хүргэх суурь өвчин болоод байгааг бид онцгой анхаарах, салбараа ард түмэндээ таниулах ажлыг өөрсдөөсөө эхлэх, эв нэгдлээ ханган ажиллах шаардлага салбарын хамт олны өмнө тулгарч байгаа томоохон сорилт юм. Цаашид боловсон хүчний асуудал дээр онцгой анхаарал хандуулахгүй бол энэ салбарт ажиллах ирээдүйн мэргэжилтнүүдийн тоо жилээс жилд буурч байгаа нь томоохон асуудлыг бий болгох магадлал өндөр байна.

Хурал зөвлөгөөн хийгээд л асуудлыг шийдэх боломжгүй нь ойлгомжтой. Тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлууд гэвэл олон л доо. Оносон зүйлс ч их бий. Энэ бүхнийг тунгааж үзээд энэ зөвлөгөөнөөс юуны өмнө “Газрын хэвлийн тухай” Монгол Улсын хуулийг хэлэлцэж цэгцэлснээр “Ашигт малтмалын тухай” Монгол Улсын хуулийг хэлэлцэх нь давхардал, хийдлийг арилгасан эрх зүйн баримт бичиг, хууль болно гэдэг саналыг зөвлөгөөнд оролцсон хүмүүсийн болон нийгмийн сүлжээгээр явуулсан судалгааны дүн харуулж байгаа юм. Хуралдаанаас тодорхой зөвлөмж гарч байгаа болно. Түүнийгээ хууль тогтоогчдодоо хүргэхэд онцгой анхаарч ажиллахаас гадна хууль тогтоогчид анхааралдаа аваад явна байх гэсэн салбарын хамт олны хүлээлт их байна.

Бид төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх бодлогын хүрээнд салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийг бэлтгэн баталгаажуулах үүргийг хүлээж байгаа. Түүний хүрээнд 2022 онд холбогдох журам, дүрмийн хүрээнд салбарын 343 хүнд эдгээр зэрэг дэвийг сунгах буюу шинээр олгоод байна. Түүнийгээ салбарын цахим сүлжээнд оруулахаар холбогдох ажлуудыг хийж байгаа. 2023 оны сургалт эхлээд дуусах шатандаа явж байна.

-Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн хэдэн хувьд уул уурхайн үйлдвэрлэл явагдаж байна?

-Сүүлийн үеийн албан ёсны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 1.2 хувьд ашиглалтын, 2.6 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ нь маш хангалтгүй юм. Уурхайн яг үйлдвэрлэл явуулж байгаа талбай гэвэл бүр бага өчүүхэн хувийг эзэлж байгаа.

-Та сүүлд гадагшаа геологийн салбарын хурал, зөвлөгөөнд явсан болов уу. Олон улсад геологийн салбар ямар түвшинд хэрхэн хөгжиж байна вэ. Манай улс орны давуу тал, дутагдалтай зүйл нь юу байна вэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Австрали улсад зохион байгуулагдсан IM­ARC-2022 чуулга уулзалтад оролцсон, тэр чуулга уулзалтад манай салбарын Ж.Ганбаатар сайд, Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга тэргүүтэй төлөөгчид оролцож Монгол Улсын Эрдэс баялгийн салбараа танилцуулж байсан нь нэлээд ач холбогдолтой болсон гэж харж байгаа. Мөн саяхан Канадын Торонто хотод болсон PDAC-2023 буюу дэлхийн хэмжээний Геологи, уул уурхайн салбарын чуулга уулзалтад салбарын сайдын ахалсан өргөн баг бүрэлдэхүүн оролцсон нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татахад тодорхой хэмжээний үр дүнгээ өгнө гэдэг итгэлтэй байна. Ямар ч тохиолдолд бодлого тодорхойлогч нар ийм томоохон арга хэмжээнд оролцож энэ салбарт барьж байгаа дэлхийн олон орнуудын чиг хандлагыг тандан судалж байх нь өөрөө томоохон ач холбогдолтой юм. Газрын баялгийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ, эрэл, хайгуулын чиг хандлага, салбарт нэвтэрч байгаа шинэ техник, технологи, арга аргачлал гээд олон талт мэдээлэл авахаас гадна хамтын ажиллагааны чиг хандлагыг тогтооход гүүр болдгоороо онцлогтой.

Categories
мэдээ цаг-үе

Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв DNN.mn

НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар баталсан байна.

Эзэнгүй нохой, муурын тоо толгойг цөөлөх хүрээнд галт зэвсгээр устгах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий компаниар гүйцэтгүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд шатахуун, сумны үнэ эрс өссөн, мөн нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан өмнөх тарифаар гүйцэтгэх боломжгүй болсныг Улаанбаатар Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хэлэв.

Тиймээс эдгээр нөхцөл байдалтай уялдуулан нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэн батлах шаардлага үүсээд буйг тэрбээр онцолсон юм. Эзэнгүй нохой, муурын тоог цөөлөх өөр шийдэл олох, үржил хязгаарлах аргуудыг нэвтрүүлэх, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг саналыг төлөөлөгчдийн зүгээс дэвшүүлж байв.

Мөн “Геодез, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн усны барилга байгууламжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, ашиглалт хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журмын тухай болон Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэ: АН-ын хамгийн том маргаан болоод байсан тамганы асуудалд шүүх цэг тавьсан DNN.mn


УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс танд хадгалагдаж байгаа АН-ын тамга хүчин төгөлдөр гэж тогтоожээ. Энэ шийдвэр танай намын тамганы маргаанд цэг тавилаа гэсэн үг үү?

-Тийм ээ. АН-ын тамганы асуудал ингээд эцэслэгдсэн. Үүнээс өөр хуулийн ямар ч гарц байхгүй.

-Ингэхэд танай намын үл ойлголцол, тамганы маргааны эхлэл Ц.Туваанд та тамгаа өгсөнөөр эхэлсэн юм биш үү?

-АН-ын дүрэмд “Намын дэд дарга нь намын даргын өгсөн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ дүрмийн дагуу 2020 оны сонгуулийн дараа миний бие АН-ын дэд даргаар ажиллаж байсан Ц.Туваанд үүрэг өгч, намын тамгыг хариуцуулсан. Гэхдээ би түүнд намын тамгыг ашигла гэдэг эрх өгөөгүй. Харин дараагийн шинээр сонгогдож гарч ирсэн намын даргад шилжүүлж өгөх үүрэг өгөөд хариуцуулсан. Дээр нь Ц.Тувааныг “АН-ын дараагийн X их хурлыг хуралдуулаарай, намын даргын сунгааг зохион байгуулаарай. Тэр хүртэл намын даргын үүргийг хариуцлагатай хийгээрэй” гэсэн хугацаатай чиг үүрэг өгсөн. Харин Ц.Туваан наймдугаар сарын 23-нд хуралдах ёстой байсан намын X их хурлыг хуралдуулаагүй. Намын даргын сунгааг ч зохион байгуулаагүй. Эсрэгээрээ хууль бус үндэсний бодлогын хороог хуралдуулсан. Намын дүрэмд ҮБХ-г зарлах эрх Ц.Туваанд байхгүй. Гэтэл тэрбээр ҮБХ-ны хурлыг зарлаж өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн хуурамч тогтоол гаргуулсан байдаг.

Тэр үед нь би түүнд хэлсэн л дээ. “Яагаад ийм дүрмийн бус зүйл хийгээд байгаа юм бэ. Одоо үүнийгээ боль. Цаашдаа намын эв нэгдэл, дараа, дараагийн үйл ажиллагаанд асар том сөрөг үр дагавар авчирна шүү дээ. Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна” гэхэд тэрбээр “Ний нуугүй хэлэхэд, Ерөнхийлөгчийн зүгээс янз бүрийн дарамтууд ирээд байгаа. Би адилхан зохицуулах гээд явж байна” гэж тайлбарлаж байв. Гэтэл мань эр сүүлдээ давраад намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Манай намын дүрэмд одоо байгаа Ерөнхийлөгч дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол дүрмийн дагуу бүх гишүүдээс санал авах ёстой байдаг. Тэгэхгүйгээр дүрэмд өөрчлөлт оруулаад явсан. Тэгэхээр нь би “Больё, тамгаа авъя” гэтэл Ц.Туваан бүтэн хоёр сар шахам хугацаанд ор сураггүй алга болсон. Хууль дүрмийн дагуу би Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т гомдол гаргасан. Энэ асуудлын талаар УБЕГ хуулийн дагуу 14 хоногийн хугацаатай сонсох ажиллагаа явуулдаг юм билээ. Тамга тэмдэг нь алдагдаж, үрэгдсэн юм уу ямар шалтгаантай юм судалдаг юм байна л даа. Ингээд Ц.Туваан гэдэг нөхрийг хэд хэдэн удаа дуудсан боловч очоогүй. Хоёрдугаарт, нэгэнт хариуцагч этгээд сураггүй алга болчихсон. Тийм учраас тэр тамгыг үрэгдсэнд тооцоод УБЕГ-ын улсын байцаагчийн акт гарсан. Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүйд тооцсон. Ингээд надад хууль ёсны дагуу шинээр тамга хийх хяналтын дугаар олгосон юм. Тэрнийх нь дагуу би тамга хийлгэсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Ийм процесс явсны дараа Ц.Туваан гэнэт гарч ирээд “Надад тамга байхад яахаараа С.Эрдэнэд дахин тамганы дугаар олгодог юм бэ. Энэ бол хууль зөрчсөн байна” гэж гомдол гаргасан. Ингээд УБЕГ-ын Хяналт шалгалтын газрыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Ийм маргаан үүсэнгүүт би сөрөг нэхэмжлэл гаргасан. Ц.Туваан бол АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш” гэж миний бие захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр орсон.

-Энэ маргаан гурван жил орчим үргэлжилчихэв үү?

-Тэгсэн. Хэд дахин ч буцав. Нөгөө тал миний мэдэхийн арав, хорин удаа шүүх хурлыг янз бүрийн байдлаар хойшлуулж, саатуулсан. Явсаар байгаад хоёр сар орчмын өмнө Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргаад Ц.Тувааны нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгосон. Тэгэнгүүт тэд дахин давж заалдаад, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Анхан шатны шүүхийн шийдвэрт процессын алдаа байна. Наадуулаа дахиж хянаж хэлэлц” гээд анхан шатны шүүх рүү буцаасан. Ингээд уржигдар буюу гуравдугаар сарын 28-нд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шүүх дахиж хуралдаад Ц.Тувааны нэхэмжлэхийг хүлээж авахаас татгалзаад хэрэгсэхгүй болгосон. Өнгөрсөн хугацаанд АН-ыг хагаралтай мэтээр харагдуулсан хамгийн том эрх зүйн маргаан бол тамганы асуудал байсан.

-АН-ын аливаа үйл ажиллагаа тамгаар баталгаажна биз дээ. Тэгэхээр Л.Гантөмөрт байгаа нь хүчингүй болсон тамга уу?

-Булган аймгийн АН-ын даргыг томилоход гаргасан миний тушаалыг Л.Гантөмөр сая хүчингүй болгосон байна лээ. Ингэхдээ Х.Баттулга дээр байсан АН-ын хүчингүй тамгыг дарсан харагдсан. Л.Гантөмөр мордохын хазгай гэдэг шиг боллоо. Тэрбээр Дээд шүүхийн бүртгэсэн тогтоол шийдвэрт хүндэтгэлтэй хандаад асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх боломжийг хүлээгээд сууж байх ёстой. Гэтэл түүнд хууль ёсоор улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй. Ингэхээр тамга олгогдохгүй гэсэн үг. ОДоо Л.Гантөмөрт АН-ын хүчин төгөлдөр тамга бас гэрчилгээ байхгүй. Эрх зүйн хувьд ямар ч боломжгүй, зүгээр л бүртгэгдсэн гэсэн нэртэй дарга байж байгаа шүү дээ. Дээрээс нь Улсын дээд шүүхийн бүртгэсэн үйл ажиллагааг бид Захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн байгаа. Ийм маргаантай үйл явц дунд Л.Гантөмөр тушаал гаргаад явж байгаа нь арай дэндүү, хууль бус, дүрмийн бус үйл ажиллагаа.

-Тэгвэл Дээд шүүх мэдсээр байж яагаад Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсан юм бол. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн Улсын дээд шүүх улс төрийн намын даргыг бүртгэх бүрдүүлбэр хангах журмаа зөрчсөн. Дурдвал маш олон зөрчил байгаа. Нэгдүгээрт, эрх бүхий намын даргын гарын үсэгтэй тодорхойлолт бичгээр очсон байх ёстой. Хоёрдугаарт, улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа байх ёстой. Гэтэл Л.Гантөмөр, С.Баярцогт нарын ээлжит бус их хурал ямар ч эрх зүйн чадамжгүй.

-АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонхын саналаар сонгогдсон шүү дээ?

-Гудамжинд байсан нөхөд өөрсдийгөө АН-ын ҮБХ-ны гишүүн гэж зарлаад, 293 хүн хуралдсан болсон байдаг. Тэрнээс 152 хүний саналаар Л.Гантөмөр намын дарга гэж сонгогдсон. Манай намын дүрэмд ҮБХ намын даргыг сонгох дүрмийн заалт байхгүй.Харин АН-ын дарга нийт гишүүдээс сонгогддог дүрэмтэй. Жишээлбэл, би намын дарга болохдоо тавуулаа өрсөлдөөд, 21 аймгаар явсан. Ингээд хамгийн өндөр санал авч АН-ын даргаар сонгогдож байлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд намын даргын сунгаа зохион байгуулагдахад Д.Ганбат 79 мянган гишүүний санал авсан шүү дээ. Гэтэл түүнийг бүрдүүлбэр дутуу гэж Дээд шүүх буцаасан хэрнээ 152-хон санал авсан Л.Гантөмөр гэдэг хүнийг бүртгэсэн. Тамга байхгүй, албан бланкгүй, улсын бүртгэлийн гэрчилгээгүй, хурлын протокол гээд хэдэн хуудас материал очсон байх. Ямар ч эрх зүйн боломжгүй хурал гээчээс гарч ирсэн өөрийгөө АН-ын дарга гэж нэрлэсэн этгээдийг Улсын дээд шүүх ямар үндэслэлээр бүртгээд авчихаж байгаа юм бэ. Жишээлбэл, аль нэг байгууллагын удирдлагын асуудлыг гудамжинд яваа таван хүн хуралдаад нэгийгээ дарга болгочихож болдог юм уу. Тэгвэл УБЕГ тэднийг бүртгэж авах уу. Тэгж болдог бол Монгол Улсад төр, хууль байхын хэрэг байна уу. Улсын бүртгэл дээр албан ёсны бүртгэлгүй хэн ч хууль бус. Ямар ч бүртгэлийн гэрчилгээгүй хүмүүсийг АН-ын эрх бүхий байгууллага гэж үзэж хурлын протоколийг хүлээж авч байгаа юм бэ. Ямар нотлох баримтаар АН-ыг төлөөлөх эрхтэй гэж үзээд байгаа юм бэ.

-Ер нь танд АН-ын тамгыг өөр хэн нэгэнд шилжүүлж өгөх сонирхол байна уу?

-Геополитикийн хүрээнд гадаадын нөлөөлөл Монголын улс төрд орж ирж байна. Хоёрдугаарт, манайх авторитор дэглэмтэй хоёр том гүрний дунд оршиж байгаа жижиг улс шүү дээ. Энэ улс дээр парламентын засаглалыг, хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг Монгол Улсын тусгаар тогтнолыг 100 хувь хамгаалж зогсч байгаа цорын ганц улс төрийн хүчин бол АН байна. Тийм учраас АН өнөөдөр түрэмгийллийг эсэргүүцэж байгаа.Энэ шударга ёсны төлөө АН дуу хоолойгоо өргөөд л зогсож байгаа. Яг үнэндээ АН-ыг устгах, бүр болохгүй бол эрх мэдэл, удирдлагыг ямар ч аргаар хамаагүй булааж авах нь гадны сонирхол байна. Та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө Х.Баттулгын ҮАБЗ-ийн гишүүд Орос руу гараад, хайрцагтай 20 сая ам.доллартай буцаж орж ирээд сураггүй болсон. Тэр мөнгө одоо хаана байна вэ. Хэн ашиглаж байна вэ. Араас нь яагаад хууль хяналтын байгууллага ажиллахгүй байгаа юм. Би үүнийг шууд улс төрийн зорилгоор ашиглаж байгаа гэж хардаг. Өнөөдөр УИХ-д Х.Баттулгын лобби, нөлөөллөөр гишүүн болсон нөхдийн бүх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд энэ мөнгө зарцуулагдаж байгаа гэж хардаж байна.

Би М.Тулгатыг гурван удаа АН-ын даргад дэвшүүлсэн боловч Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Сая дахиад Д.Ганбатыг бүртгүүлэх гэсэн боловч хүлээж авсангүй. АН-ын эв нэгдэл, шударга ёсны зарчим, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зогсдог энэ байр суурин дээр зогсч чадах дараагийн дарга гараад ирэх юм бол хэн ч байсан би энэ тамга, суудлаа өгөхөд бэлэн. Тэрнээс би АН-ын эрх мэдлийг гадны улс оронд, эрх баригчдад ашигтайгаар ашиглуулах тийм этгээдүүдэд өгөхгүй. Иймд Л.Гантөмөр бол АН-ын хууль ёсны намын дарга биш. Тэгээд ч түүнд АН-ын дарга хийх эрх зүйн чадамж болоод улс төрийн туршлага байхгүй. Яагаад гэвэл энэ нөхөр гарч ирээд л Х.Баттулга дээр очоод наалдчихсан. Л.Гантөмөрийн бүрдүүлсэн АН-ын хэрэг эрхлэх газар гэж нэрлээд байгаа бүтэц дээр дандаа Х.Баттулгын нөлөөний хүмүүс очсон байна лээ.

-Нийгэмд та л муухай хүн болж харагдаж байна…?

-Намайг 2018 оноос хойш хорвоогийн хамгийн муу хүн болгох ажлыг Х.Баттулга гэдэг хүн эрх барьж байгаа намтай хамтарч хийсэн шүү дээ. Миний тухай янз бүрийн зураг, постерууд хийсэн. Гэтэл яг үнэндээ би ЖДҮС, Хөгжлийн банкны хөрөнгө идчихсэн юм уу, нүүрс хулгайлсан уу. Надтай холбоотой ямар хэрэг байгаа юм бэ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө идсэн гээд л байдаг. Харин ч би сайд байх үедээ энэ сангийн хөрөнгийг 265 тэрбум төгрөгөөр хүүгийн ашиг болгож арвижуулж байсан.Хэрэв намайг гэм буруутай гэж үзэж байгаа бол аливаа үйлдлээр нотлогдож, хохирлын тоо хэмжээ гарсан байх ёстой. Надтай холбоотой ямар ч төсөл тендер байхгүй. Би улсын төсвөөс тендер хэзээ ч авч үзээгүй. Уул уурхайн ашиглалтын байтугай хайгуулын лиценз ч надад байдаггүй. Намайг зөндөө л ухлаа шүү дээ.

-Ингээд янз бүрээрээ хэлүүлэн байж АН-ын тамга тэмдгийг дараад суух хэрэг байна уу. Та тамгаа өгөөд орхиод явчихаж болдоггүй юм уу?

-Би өнөөдөр энэ улс орныхоо төлөө өөрийн амьдралынхаа 33 жилийг зориулсан. Ганцхан зүйлд л би итгэл үнэмшилтэй явдаг. Монголд АН байгаа тохиолдолд тусгаар тогтнол байна. Ардчилал байхгүй тэр цагт Монголын тусгаар тогтнол устана. Өнөөдөр орос ах нар гээд байдаг. Бүр нарийн түүхийн хэмжүүрээр ярих юм бол оросууд Хятадаас илүү Монголыг хорлож байсан. Би улс төрд албан тушаал эрх мэдэлд хүрэх гээд улайраад байгаа юм биш. Би өнөөдрийнхөө зорилгоос ухрахгүй. Хатуу зогсоно. Нэгэнт надад хувь тавилангаар гэх юм уу ийм үүрэг оногдсон. Тийм учраас миний хувьд зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л мөрөөрөө амьдаръя гэдэг хүсэл биелэхгүй.

-Бүгдээрээ тойрч суугаад зөвшилцөж болдоггүй юм уу?

-Би Л.Гантөмөр, С.Баярцогт хоёрыг ҮБХ-ны хуралдаан гээд хууль бус улс төрийн жүжиг тавих гэж байхад нь хэлж байсан. “Намын эв нэгдлийг хангах гэж байгаа юм бол хууль ёсны нам дээрээ ирээд даргын сунгаанд өрсөлд өө. Би удахгүй намын даргын сунгааг зарлана. Шударгаар сонгууль явуулах бүх боломжоор хангая. Тэнд нэр дэвшээд өрсөлд. Үнэхээр гараад ирэх юм бол надад ямар ч асуудал байхгүй. Одоо хууль бус, дүрмийн бус ҮБХ гэдэг улс төрийн жүжиг тавих юм бол би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй шүү” гэж хэлж байсан. Яг энэ үгээ би С.Баярцогтод бас хэлсэн. Аль аль нь тухайн үедээ хүлээж аваагүй. Сүүлд бодоод байхад эд нар яриа тохироогоо эрх баригчидтай, хууль хяналтын байгууллагуудтай хийчихсэн байсан юм билээ л дээ. Би тэрийг нь мэдээгүй.

-С.Эрдэнэ дээр байсан хүмүүс Л.Гантөмөр рүү оччихлоо гэж гадуур ярьж байна. Л.Гантөмөр нь Х.Баттулгатай нэгдчихлээ. Та л энэ намыг эвлүүлэхгүй гүрийгээд байгаа хүн шиг харагдаад байгаа шүү дээ?

-Өнөөдөр АН-ын анхан дунд шатан дээр миний томилгоогоор үүрэг гүйцэтгээд ажиллаж байгаа аймаг, дүүргийн дарга яг 50 хувьд нь байгаа.

Ер нь УИХ-д байгаа АН-ын гишүүд үндсэндээ тухайн үеийн эрх баригчдын үнэмлэхүй олонх байсан МАН-тай нийлж хуйвалдаж байгаад Х.Баттулгын захиалгаар гарч ирсэн улсууд шүү дээ. Бүхэл бүтэн хоёр жил Х.Баттулгын үүдэнд суугаад л түүний үүрэг даалгаврыг биелүүлдэг утсан хүүхэлдэйнүүд байсан. Үүнийг монголчууд тэр чигээрээ мэдэж байгаа. Өнгөрсөн гурван жил манай намын нэрээр ард түмнээс сонгогдож УИХ-д суугаа нөхдөөс хэн дуугарсан бэ. Тэр байтугай 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид намайг нэр дэвшиж байхад хаа хамаагүй бие даагчаар гарч ирсэн Н.Алтанхуяг гэдэг хүнийг дэвшүүлэх гэж СЕХ-ны тогтоолыг хүчингүй болгуулахын тулд Х.Баттулгын зохион байгуулсан УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад онигоо болж байсан биз дээ. Тэд яг үүн шигээ ард түмний төлөө яагаад өлсгөлөн зарлаагүй юм бэ. Яагаад өнөөдөр хэдэн саяараа ядуурсан байгаа монголчуудынхаа төлөө өлсгөлөн зарлаагүй юм бэ. С.Эрдэнэ гэдэг хүн өнөөдөр АН шударга ёсны байр суурин дээр байх ёстой гэдэг зарчим дээр зогсч байгаа. Өөр ямар ч зарчим булаацалдаагүй. Намайг гэм буруутай гэж үзвэл шалгаж болно шүү дээ. Надад хийсэн гэм буруу байхгүй. Би үүнийг хаана ч шударга хэлнэ.

-УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Сонгуулиас өмнө та бүхэн нэгдэж чадах уу?

-Үнэхээр Монголд хууль гэж байдаг бол хуулийн дагуу асуудал шийдэгдэнэ. Хэрэв хүчирхийллээ энэ чигээр нь үргэлжлүүлээд явах юм бол Монголд хууль байхгүй, төр байхгүй юм байна. Зүгээр коммунист дарангуйлал бий болчихсон юм байна гэдгийн хамгийн том нотолгоо болно гэж харж байгаа. Эрх баригчид үнэхээр АН-аас айгаагүй юм бол, үүрэг хариуцлагаа шударгаар хүлээж чадна гэж байгаа бол сөрөг хүчнээ өөрсдийн мэдэлд байгаа хууль шүүхийн байгууллагаар бужигнуулдгаа болих хэрэгтэй.

-АН нэг туган доор цул болох ямар гарц шийдэл байна вэ?

-Хуулийн хүчирхийллийг зогсоох юм бол АН-ын одоо байгаа бүтэц нь сөрөг хүчний хувьд улс төрийн ямар ч сорилтод ороход бэлэн. Ний нуугүй хэлэхэд АН-ын өнөөдрийн үйл ажиллагаа, АН-ын бүтэц зохион байгуулалт дээр зориуд санаатайгаар эрх баригч, улс төрийн хүчин, өөрийн мэдэлд байдаг хууль хүчний хүчирхийллийг ашиглаж үймүүлж байна. Үүнд манай намд байгаа эрх баригчидтай хуйвалдсан, худалдагдсан хэсэг нь оролцож өнөөдөр АН-ыг самарч байна. Жишээлбэл, би эрх баригчтай ямар наймаа хийсэн юм бэ. Нэг ч хүнийг томилуулаагүй. Нэг ч зөвшөөрөл, лиценз гуйгаагүй. Ер нь би эрх баригчтай ямар тохироо хийсэн юм бэ. Гаргаад ир л дээ.

-Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригчидтай тохиролцож, албаар унасан гэж танай намынхан шүүмжлэх юм билээ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд би өөрөө дэвшсэн. Яагаад гэвэл Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг дэвшүүлэхгүйн тулд. АН-ын мандатыг хэн нэгэн луйварчинд алдахгүйн тулд би дэвшсэн. Би өөрийгөө ялахгүй гэдгээ мэдэж байсан. Яагаад гэвэл, эрх баригчид аль эртнээс Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэлчихсэн. Улс орон даяар асар их мөнгө хөрөнгө зарцуулчихсан. Маш их эрх мэдэл тэдэнд төвлөрчихсөн нөхцөлд өрсөлдсөн. Тийм том зохион байгуулалттай, улс төрийн хэт нэг тал нь давамгай өрсөлдөөнд орохдоо би айгаагүй. Хоёрдугаарт, би 76 мянган сонгогчийн санал авсандаа маш их баярласан. Энэ бол их хурлын хоёр гишүүн гардаг сонгуулийн мандат гэсэн үг. Яг үзэл санаа, үнэт зүйл дээрээ тууштай зогсож, шударга байж чадсан, дарангуйлалгүй Монголыг хүссэн 76 мянган хүн надад саналаа өгсөн. Тэрний цаана АН-ын мянга мянган гишүүдийг зохион байгуулалттайгаар санал хураалтад оруулаагүй. Үнэхээр үзэл санаа, үнэт зүйл нь нэг юм бол хэн нэр дэвшиж байгаа нь хамаагүй АН-ыг ялуулъя гэсэн хүсэл эрмэлзэл байсан бол нэгэнт намын шийдвэр гарсан бол дэмжих л ёстой шүү дээ. Гэтэл намайг зарим аймагт очиход намын байраа цоожлоод зугтааж байсан. Тийм нөхцөлд би өрсөлдсөн. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч гээд эрхэм хүндтэй суудал дээр сууж байсан хүн эрх мэдэл, албан тушаалаа зуун хувь ашигласан. Зөвхөн миний эсрэг төрийн одон медалийг хайр наргүй тараасан. 2020 оны сонгуульд АН-ыг ялагдуулахын тулд АН-ын лидерүүдийг толгой дараалан барьж хорьсон. Би худлаа яриагүй. Би үндэслэлгүй яриагүй. Өчигдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч, АН-ын дотоод зөрчил дээр хамгийн их хурцдаж байсан тамганы маргааны асуудал эцэслэгдсэнд баяртай байна. Энэ хүртэл надтай хамт, үзэл санаа, үнэт зүйл дээрээ тууштай байсан эрхэм журмын мянга, мянган нөхдөдөө талархал илэрхийлж, баярлалаа гэж хэлмээр байна. Та бүх үнэний төлөө тууштай зогссон баатрууд юм шүү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 31, Сугар гариг. Билгийн тооллын 10, найралт эх одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 6:34 цагт мандан, 19:19 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар салхи, шороон шуурга, маргааш өдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасан шуурга, бусад нутгаар шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 03-р сарын 30-ны 20 цагаас 03-р сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр хүйтэрч -8…-13 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр хүйтэрч -4…+1 градус, говь, талын нутгаар +16…+21 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 2-7 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +13…+15 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 2-7 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 2-7 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “АН гурав тасравч ИЗНН-ын дайтай” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Төмөр замын
тээврийн
тухай хуулиар
либералчлал
хийгдэнэгэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Д.Бат-Эрдэнийн бүрэн
эрхийг яаралтай сэргээх
ёстой гэв.

ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан,
Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг
түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг авч
үлдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “АН гурав тасравч ИЗНН-ын дайтай” хэмээн өгүүллээ.

Барилга МН-ийн үүсгэн
байгуулагч Г.Батсүх “Ипотекийн зээл зогссоноор шинэ
орон сууцны үнэ буурах хандлагатай байна” гэлээ.

Улс
төр судлаач Д.Оргил “Намууд
ардчилалтай, жендэрийн
хариуцлагатай болж
чадвал Монголын улс
төр аяндаа төлөвшиж,
цэвэршинэ” хэмээн ярилаа.

Сэтгэцийн клиникийн
зөвлөх эмч Б.Золбоо “Шизофрени, сэтгэл хөөрөл, гутрал
зэрэг өвчин эмчилгээний явцад засал авах ч
бүрэн эдгэхгүй” гэснийг “Эмч” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ