Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2023 оны төсвийн тухай тогтоолын төслийг батлав DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Эрдэнэсийн санд эрдэнэс худалдан авахдаа Шинжлэх ухааны академи, Соёлын яам, МУИС болон салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл бүхий мэргэжлийн зөвлөлийнхөө санал, дүгнэлтэд үндэслэн, Төв банк холбогдох шийдвэрийг гаргадаг байна. Харин зарлагын тухайд, Эрдэнэсийн санг үндсэн болон гүйлгээ санд хуваах бөгөөд үндсэн сан байнгын болон байнгын бус хэсгээс бүрддэг аж. Үндсэн сангийн байнгын хэсэгт байх хосгүй үнэт түүх, соёлын дурсгалт зүйлсийг худалдах, шилжүүлэх, захиран зарцуулахыг хуулиар хориглодог. Харин үндсэн сангийн байнгын бус хэсэгт олон улсын жишгээр цэвэршүүлсэн үнэт металл, засаж өнгөлсөн эрдэнийн чулуу, түүх, соёлын үнэт дурсгалт зүйл, үнэт болон бусад металлаар хийж нөөцөд авсан зоос байдаг бөгөөд эдгээрийг зөвхөн УИХ-ын шийдвэрээр бусдад шилжүүлэх, худалдан борлуулах зохицуулалттай гэдгийг дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тайлбарлаад “1994 оноос хойш УИХ энэ төрлийн ямар нэг шийдвэр гаргаагүй тул Эрдэнэсийн сангаас энэ хугацаанд ямар нэг эд зүйлс гаргаагүй” гэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 45 гишүүний 64.4 хувь нь дэмжснээр Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай тогтоол батлагдав.

Categories
мэдээ нийгэм

Хоёр автомашин шатжээ DNN.mn

Гуравдугаар сарын 29 болон 30 -нд хоёр авто машин шатсаныг ОБЕГ-ын алба хаагчид унтраалаа. Тодруулбал,

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар “Приус-30” загварын суудлын автомашин шатжээ. Уг суудлын автомашин Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан байна. Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид очиж 20 минут ажиллаж унтраажээ. Гал гарсан нөхцөл шалтгааныг тодруулахад Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Супергреат” загварын ачааны автомашины араас мөргөсний улмаас шатсан байна. Ослын улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат иргэн Л /25 настай, эрэгтэй/, Г /32 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргүүлжээ.

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Амын даваа” гэдэг газар иргэн Ч-ийн “Нөт” загварын автомашин шатжээ. Иймээс тус аймгийн Онцгой байдлын газрын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчдыг очиж 4 минут ажиллаж унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цэрэгт орон нутгийн суралцагчдыг хамруулахаар боллоо DNN.mn

“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах суралцагчийн тоог энэ жил 1,500 болгох шийдвэр өчигдөр гарсан билээ. Энэ талаар БХЯ-наас мэдээлэл өглөө.

БХ-ын сайд Г.Сайханбаяр “Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг “Е-Мongolia”-аар явуулж байна.

Гуравдугаар сарын 6-17-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулсан бөгөөд нийслэл дэх их, дээд сургуулиудын 1,000 гаруй оюутан бүртгүүлжээ. Оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голч дүнгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг цахим бүртгэлээс авч сонгон шалгаруулалт хийнэ.

Хөтөлбөрт зөвхөн нийслэл хотын оюутан залуус хамрагддаг байсан бол Батлан хамгаалахын сайдын хувьд шийдвэр гаргаж, орон нутаг дахь буюу бүх аймаг дахь их, дээд сургууль, коллежийн оюутан, МСҮТ-ийн суралцагчийг хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ жилээс эхлэн 1,500 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулах шийдвэрийн дагуу “Е-Мongolia”-д хүсэлт гарган нэмэлт бүртгэлийг гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн. Эцэг эх, асран хамгаалагч, оюутан залуусыг бүртгэлд идэвхтэй хамрагдахыг хүсэж байна” гэв.

Боловсролын мэдээллийн, технологийн төвийн мэдээллээр зөвхөн нийслэл дэх их, дээд сургуулиудад нэгдүгээр дамжааны 8,247 эрэгтэй оюутан суралцаж байгаа бөгөөд үүнээс “Оюутан-цэрэг” сургалтын шаардлага хангаж байгаа (сурлагын голч нь 2.8-аас дээш) 4,887 оюутан байгааг мэдээллээ.

Оюутан цэрэг хөтөлбөр 2020, 2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас завсардсан бөгөөд 2022 онд нийслэл дэх их, дээд сургуулийн 451 оюутан, коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг хамруулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд шаардлага хангаагүй 132, ашиглалтын хугацаа нь дууссан 800 гаруй лифт байна DNN.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-наас шугам сүлжээ, инженерийн байгууламжийн зуны их болон урсгал засвар, тохижилт бүтээн байгуулалт зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлээс стандартын шаардлага хангахгүй байрлуулсан хаягийн байгууламжийг цэгцлэх ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны хооронд хоёр үед шаттайгаар зохион байгуулж буй.

Энэ долоо хоногт шаардлага хангаагүй 1,259 самбарыг буулгаж, 2,851 самбарт мэдэгдэл хүргүүлжээ. Байгууллагууд дур мэдэн самбар босгодог байдлыг арилгана гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээллийн үеэр онцлов.

Мөн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Орон сууцнуудын лифттэй холбоотой асуудлыг иргэдийн зүгээс хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтын шаардлага хангаагүй акт гаргасан 132 лифт, ашиглалтын хугацаа нь дуусчихсан, осол гэмтэл гарах магадлалтай 800 гаруй лифт байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглалтад 8,600 гаруй лифт байдаг. Ингэхдээ 140 орчим ААН ашиглалт үйлчилгээг нь явуулдаг байна.

Нэмж мэдээлэхэд нийслэлд ашиглалтад байгаа 8,600 орчим орон сууцны лифтийг “UB инженеринг” нэгдсэн системд бүртгэлжүүлэх, QR коджуулах хүрээнд лифтнүүдийн бүртгэл судалгаа болон ашиглалт, техник үйлчилгээ хариуцсан байгууллагуудын мэдээллийн санг нэгтгэх үүрэг даалгаврыг өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгчээ.

Categories
мэдээ нийгэм

М.Баяраа: Дулааны шугам засварын ажлыг тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл хийхээр төлөвлөсөн DNN.mn

УБЗАА-наас шугам сүлжээ, инженерийн байгууламжийн зуны их болон урсгал засвар, тохижилт бүтээн байгуулалт зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “2023 оны зун дулааны гол шугам сүлжээний 19 байршилд засвар шинэчлэлийн ажлыг тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд хийхээр төлөвлөсөн. Иргэдийг зуслан, хөдөө орон нутагт зорчих хугацааг ашиглаж, дунджаар 10-14 хоногийн хугацаанд дулааны шугамын өргөтгөл, халуун усны шугамын өргөтгөлийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Дулааны шугамын зогсолтын график хугацаатай уялдуулан нийтийн орон сууцны ашиглалт хариуцсан конторууд болон ААН-үүд их урсгал засварын ажлуудаа хийж гүйцэтгэнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Цонхоор харсан хүн” DNN.mn

Г. Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Т.ЕсөнЭрдэнэ өөрийн шинэ ном “Цонхоор харсан хүн”-ээ гарын үсэг зурж бэлэг болгон барихуйд: Энэ номын хавтас дээр наймыг үржих нь 12 гэхээр нийт 96 цонх байгаагаас долдугаар давхарт ганц л цонх гэрэлтэй байна. Шөнийн 03 юм уу, 04 цагийн орчим л байх. Тэр бол жилийн эцсийн тайлангаа гаргаж буй нягтлан бодогчийнх юм уу, томоохон зохиол эхлүүлчихсэн зохиолчийн гэрийн л цонх байх гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн л дөө. Гэтэл “Цонхоор харсан хүн” хэмээх нэрийг хавтасны зурагтай уяж ухваас энэ гэрэлтэй цонхны цаана хэн нэгэн хайртай, дотны хүнээ хүлээн гадагш харж зогсож байгаа байх, түүнээс биш 03, 04 цаг бол бөх нойрсож байдаг үе шүү дээ. Эсхүл нойр нь хулждаг өвчтэй хүн ч байж мэдэх юм, ковидоос хойш хүмүүс нойргүйдэлд автлаа гээд байдаг болсон гэж дэмий шахам юм бодож амжив. Ийм бодлууд төрсөн даруйд номыг дэлгээд шүлгүүдийг, мөртүүдийг уншив.

… Албан тасалгааны хос цонх цэлийтэл нээлттэй ахуй

Алийг нь сонгож үсрэх вэ чи гэж ялаа намайг тохуурхана

Цонхоор би харлаа… Хоосон руу өнгийх мэт харлаа…

…Хайран тэр дуу

Халж улайссан од мэт хага тэсрээд

Харанхуй цээжний минь алсад

Хар нүх мэт удаан хугацаанд үлдэх бололтой

. . . Цаг хугацааны төгсгөлд аваачих

Цасан гудамжийг цасан хүн л гатална

…Бас бид худал хэлдэг

Эхнэрүүд заримдаа итгэдэггүй

Ихэнхдээ амьдрал бидэнд итгэхгүй Бид хуурдаг.

…Хуучин хослолтой хоёр хөгжимчин эр

Бүрээ үлээн хорших нь 47-гийн тоо мэт…

…Сэтгэл дүүргэгч энэ нүдээрээ чи

Саран дээрээс дэлхий рүү харвал

Бүгд над шиг чамд татагдана даа

…Өнгө өнгийн харандааг үзүүрлэж суух энэ үдэш

Үлгэрийн номоо хүү минь уншиж дуусгалгүй унтаж орхижээ

…Дотно андын минь орцны цахилгаан шат дахин дахин гацаж

Догдлон задлаад дахин балгаагүй анхны тэр шар айрагны амт мартагдаж… .

. . Ганцаардал гоморхлын ташуу шулуун зураасыг

Ганц баллуураар арилгаж барахгүй зүдэрнэм

Амьдралд бид

. . . . Хайрлах сурах . . . тэр нас ирснийх…

…Халаас дотроо бяцхан халаас нуусан Шинэ хүрэм өөртөө авлаа

Хуучин бяцхан дурсамжаа тэнд хадгалъя… .

. . Шүрэн арал дээр ганцаар осолдсон нисгэгч

Сөнөсөн онгоцоо цөхрөнгүй ширтэх мэт Ганцаардал ирэв.

. . . Ээжтэйгээ хааяа утсаар ярих өвдсөн тухайгаа нуух…

. . . Ширээний чийдэн дэвтэр рүү минь өнгийж

Шүлгүүдийг минь гайхаж, намайг гайхна.

Хачин чамин, уран тансаг үгс, чихэр чимэглэл нь хэтэрсэн магтаал, ихэсгэл, багасгалгүй ийм үнэн агаад энгийн шүлгүүд, мөртүүд “Цонхоор харсан хүн”-д байна.

Categories
мэдээ цаг-үе

Амралтын өдрүүдэд цаг агаар сэрүүснэ DNN.mn

Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар өнөөдөр цасан шуурга, бусад нутгаар шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.

2023 оны 4 дүгээр сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

4 дүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ DNN.mn

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тавив. Тэрбээр илтгэлдээ, сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр жендерийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагаа улам эрчимтэй явагдаж байгааг онцлоод, дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь бодит оролцоог нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг сайн жишиг хэдийнээ тогтоод байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь улс орны бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй гэр бүлийн орлогыг өсгөж, амьдралын чанар сайжруулан, хүүхдийн эрүүл мэнд, боловсролд оруулах хөрөнгө оруулалт дөрөв дахин нэмэгдүүлдэг тухай судалгаа байгаа нь нийгмийн олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх чухал хөшүүрэг гэж үздэг юм. Улмаар эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо нэмэгдэх нь хүн амын өсөлт, улс орны ирээдүйн хөгжилд онцгой чухал үүрэгтэй гэсэн юм. Мөн тэрбээр, манай улс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй холбоотой ангиллыг эрх зүйн хүрээнд албан ёсоор тодорхойлж төрийн бодлогоор дэмжих талаар нарийвчилсан эрх зүйн зохицуулалтгүй явсаар иржээ. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар Монгол Улсад бизнес эрхлэгчдийн хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байна. Энэ нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна гэлээ. Түүний дурдсанаар, 2021 оны байдлаар манай улсад 147 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэний 37 хувь нь эмэгтэй, 63 хувь нь эрэгтэй захиралтай байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл илтгэлдээ, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгаснаар нийгмийн харилцааны бүхий л салбарт хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах нь тогтвортой хөгжлийн суурь болдог гэж үздэг. Энэ хуулийн төслийг боловсруулах болсон хууль зүйн үндэслэл нь, Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцын 11 дүгээр зүйлийн, Эрэгтэй эмэгтэйчүүдэд ажлын хувьд тэгш хандах ажлын чанарыг адил үнэлүүлэх, банкны зээл авах, үл хөдлөх хөрөнгө барьцаалах болон бусад хэлбэрээр санхүүгийн зээл авах эрхээр хангах тухай олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх юм. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан хүн амын бүлэг бүрийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эмэгтэйчүүдэд нийгмийн амьдралын бүх хүрээнд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах, тэгш боломжоор хангагдах боломж бүрдүүлэх зорилтууд хангагдана. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн хуулийн ач холбогдол нь хүйсээр ангилсан нэгдсэн мэдээллийн сан бий болж, түүнд суурилсан бодлого хөтөлбөр хэрэгжинэ. Бодлого хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх замаар санхүүгийн хөшүүргүүд зорилтот бүлэгтээ хүрнэ. Олон улсын санхүүгийн төрөлжсөн үйлчилгээнүүдэд эмэгтэй бизнес эрхлэгчид хамрагдах боломж бүрдэнэ. Банк санхүүгийн байгууллагууд эмэгтэй бизнес эрхлэгчдэд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх хөшүүрэг болно. Жендерийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт хэрэгжинэ. Ижил төрлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хоршоолон, хамтарч ажиллах боломжууд нэмэгдэнэ. Өнөөдөр дэлхийн 35 орон эмэгтэй бизнес эрхлэгч хэн бэ гэдгийг тодорхойлсон хуультай байна. Азийн хөгжлийн банкны судалгаагаар, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнээ 16.1 хувиар өсгөх боломжтой байдаг үзүүлэлт гарсан байна. Тиймээс эмэгтэй гишүүд бидний санаачлан боловсруулсан Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эд эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж өгөхийг та бүхнээсээ хүсье гэлээ.

Эдгээр хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ч.Ундрам нарын санаачилж 2022 оны наймдугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны гуравдугаар сарын 28-ны хуралдаанаараа хэлэлцсэн талаар мэдээлээд, хуулийн төсөлд, аж ахуй эрхлэгч эмэгтэй, аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдээс бүрдсэн хуулийн этгээдийн нэр томьёо, тодорхойлолтыг тухайлан хуульчилснаар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ийн зөвлөмжийн 24 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах болон улмаар хуулийн этгээдийн ил тод байдал хангагдаж олон улсын байгууллагаас санхүүжилт авах боломж бий болох юм. Хуулийн төсөлд тусгасан дэмжлэг гэдэг нь аль нэг хүйсийн аж ахуй эрхлэгчийг онцгойлон дэмжиж байгаа харилцаа биш. Гагцхүү хэрэгжүүлж байгаа бодлогын 40-өөс доошгүй хувийг аж ахуй эрхлэгч эмэгтэй бүрдүүлэх, доод шалгуурыг тогтоох, орон нутгийн түвшинд аж ахуй эрхлэгч эмэгтэй бүрдүүлэх аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэх тохиолдолд эмэгтэй аж ахуй эрхлэгчийг хамруулах талаар тухайлан зохицуулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн нийгмийн нэг бүлгийг төлөөлж эдийн засаг бизнесийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг төр хувийн хэвшлээс дэмжих эрх зүйн орчин бүрдэх бөгөөд улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ гэв.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Нийгмийн бодлогын байнгын хорооноос Улсын Их Хурлын www.d.parliament.mn парламент цахим хуудаст байршуулан санал авч байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдаад, тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед 2020 оноос хойш буюу Ковид-19 цар тахлын халдварын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөр, Сангийн яам, Азийн хөгжлийн банк зэрэг бусад эх үүсвэрээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамрагдсан хувь хэмжээ, хамрагдаж чадаагүй шалтгаан нөхцөлийн талаар асууж, мэдээлэл авсан тухайгаа танилцуулав. Мөн Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хуулийн төслийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай нийцэж байгаа эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төслийн нэр томьёо, аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүд гэсэн ойлголтод албан бус секторт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд хамрагдах эсэх талаар, мөн аж ахуй эрхэлж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг төрөөс дэмжих дэмжлэгийг оновчтой тодорхойлсон эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төсөлд тусгагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг тэргүүн ээлжид хамруулах талаар судалгаа тооцоолол хийсэн эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хуулийн төсөл батлагдсанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон бусад хөгжлийн сангуудаас аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүд тэргүүн ээлжид хөнгөлөлттэй зээл авах боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан хуулийн төсөлд малчин эмэгтэйчүүд болон хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах талаар асуулт асууж хариулт авсан байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжсэн тул Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр тохиож буй “Олон улсын эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Монголын нийт эмч, эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүд болон нийт ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, хүний хөгжлийг хэмждэг гол үзүүлэлтүүдийн нэг нь хүн амын дундаж наслалт юм. Тэртээ 1950 оноос хойш монгол хүний дундаж наслалт бараг хоёр дахин өслөө. Өнөөдөр монгол хүний дундаж наслалт 71 хүрсэн байна. Энэ бол нийгмийн хөгжлийн үр дүн, манай эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг цохон тэмдэглэе. Ковид-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад ч манай эмч, эмнэлгийн ажилтнууд нөр их хөдөлмөр, өндөр үүрэг гүйцэтгэснийг бид мартаагүй байна. Тийм учраас Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах ариун үйлст эрдэм мэдлэг, хүч чадлаа харамгүй зориулан ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нартаа болон түмэн олондоо эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе гэлээ.

Нийгмийн бодлогын Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Т.Доржханд, Т.Энхтүвшин, Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ц.Сэргэлэн. Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн асуултад төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллы яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөр эрхлэлт, ажлыг байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтанхундага, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал, хуульч Х.Баасанжаргал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал, хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Лакшми, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, “Жүр Үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул, мөн зөвлөлийн гишүүн, “Траст трэйд” ХХК-ийн захирал Р.Сансармаа, мөн зөвлөлийн зөвлөх Л.Болормаа нар хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүд Монголын ТОП100 аж ахуйн нэгжийн захирлууд дотор болон банкны салбарын нийт зээлдэгчдийн дотор эмэгтэйчүүдийн эзэлж буй хувь, мөн улсын төсөв болон олон улсын байгууллагын эх үүсвэрээр хэрэгжүүлж буй зээлийн хөтөлбөр, төсөлд хамрагдаж буй эмэгтэйчүүдийн тоон мэдээлэл, бизнес эрхлэх, аж ахуй эрхлэх болон зээл, санхүүгийн ажилд хэрхэн үлгэр жишээ, сайн ханддаг талаарх жишээ баримт зэргийг тодруулж, хуулийн төслийг эмэгтэйчүүдийн зөвхөн аж ахуй эрхэлдэг хэсэгт чиглүүлэх бус нийт эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжихэд чиглүүлэх тухай, дийлэнх нь албан бус секторт хөдөлмөр эрхэлж байгааг хэрхэн албан сектор руу шилжүүлэх тухай, тэдний хэзээ ч үнэлэгддэггүй гэр ахуйн ажил хөдөлмөр, хүүхэд төрүүлснийхээ төлөө цалин орлогогүй болж хохирдгийг хэрхэн зохицуулах тухай, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бүтэц бий болгох эсэх, мөн хуулийн төсөлд тусгасан дэмжлэг, санхүүгийн дэмжлэг зэрэг томъёоллыг ямар агуулгаар ойлгох, хилийн заставт залуу нас, амьдралаа зориулж буй эмэгтэйчүүдийг дэмжих боломж энэ хуулиар бий болох эсэх зэрэг олон асуулт, асуудлыг хөндөж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт зөвлөмж өгч, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийн 27 нь буюу 27 хувь нь эмэгтэй захиралтай, нийт аж ахуйн нэгжийн 28.9 хувь нь өмчийн эзэмшлээрээ эмэгтэй бизнес эрхлэгчдэд хамаарч байгаа бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 31.2 хувь нь эмэгтэйчүүдийн эзэмшилтэй байна. Аж ахуйн нэгжийн тооллогын дүнгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 39.6 хувь нь эмэгтэй захиралтай байна. Түүнчлэн, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдийн 53.3 хувь нь эмэгтэйчүүд, үүний дотор өрх толгойлсон эхчүүд байгааг хувиараа эрхлэх аж ахуй, бичил бизнес эрхлэгчид гэж үзэн, хуулийн үйлчлэлд хамруулах асуудалд анхаарах ёстой. Олон улсын стандартаар “бизнес эрхлэгч эмэгтэй” гэж тодорхойлсон хэсгийн дээр нийт ажиллагсдын 50-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлж буй аж ахуйн нэгжүүдийг нэмж тооцон, хуулийн төсөлд нарийвчлан тодорхойлж ажиллах нь зүйтэй. Энэ хууль батлагдсанаар ялгаварлан гадуурхалт буюу Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн асуудал үүсэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүд асууж, ярьж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас Жендерийн ялгаатай байдлын индексийг дөрвөн үзүүлэлтээр дэлхийн 150 улсыг жагсаан гаргадгийн дотор манай улс эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо боломжийн талаарх үзүүлэлтээрээ 2022 онд гурван байр ухарсан байна. Монгол Улсад тулгарч байгаа энэ эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бизнесийн орчин дахь жендерийн тэгш бус байдлын асуудал бол нийгэмд бодитой оршин байгаа зүйл. Үүний дотор хамгийн тулгамдаж байгаа асуудал бол санхүүжилт. Өмч хөрөнгөө өрхийн тэргүүн эрэгтэйчүүдийн нэр дээр бүртгүүлдэг хандлага манай улсад түгээмэл байдгаас аж ахуй эрхэлдэг эмэгтэйчүүд барьцаа хөрөнгө хангалтгүй гэсэн үндэслэлээр зээл, санхүүжилт авч чадахгүй байгаа. Энэ нь цаанаа өмчийн харилцаатай холбоотой. Дараагийн чухал асуудал бол, хөдөлмөрийн үнэлгээ. Ижил төстэй ажлын байран дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин орлогын хэмжээ ялгаатай байна. Тэгэхээр Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүний нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгахын тулд авч хэрэгжүүлж байгаа тусгай арга хэмжээг ялгаварлан гадуурхалт буюу аль нэг хүйсийн давуу байдал олгосон гэж үзэхгүй гэж тодорхойлсон. Тийм учраас Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл эмэгтэйчүүдийг илүүд үзэх, харж үзэх гэж байгаа зүйл юм биш. Харин байгалийн онцлог, нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл сорилтуудыг даван туулахад нь тус болохуйц ийм хуульчилж, тодорхойлолтыг бий болгож, мэдээллийн сан бүрдүүлж ажиллах нь дэлхий нийтийн хандлага болсон байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог олон улсад хүлээн зөвшөөрсөн. Энэ чиглэлээр олон төсөл, хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байна. Иймд тогтолцоо бий болгохдоо жендерийн харилцан адилгүй нөхцөлөөс үүссэн тэгш бус байдлыг арилгахад хуулийн үзэл санаа, зорилго чиглэх ёстой гэлээ.

Байнгын хорооноос оруулж ирсэн саналын дагуу хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 67.5 хувь дэмжлээ. Ингээд Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын тээврийн тухай хуулиар либералчлал хийгдэнэ DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд зарчмын хувьд та ямар байр суурьтай байна?

-Урьд нь ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал орж ирж л байсан. Би өөрийн байр сууриа тодорхой илэрхийлж ирсэн л дээ. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зүйлээсээ гишүүд татгалздаг юм уу, эсвэл багасгах хэрэгтэй гэж үздэг. Хуулийн байгууллагын шийдвэрийн дагуу явдаг баймаар байна. Иргэд хуулийн дагуу асуудлыг шийдүүлдэг байхад гишүүд бүрэн эрх гэдгээр хуулийн хамгаалалтад ордог байж болохгүй. Энд парламентын дархлаа гэдэг ч юм уу асуудал хөндөгддөг л юм билээ. Гэхдээ парламентын дархлаа гээд улс орны тусгаар тогтнолын асуудалд хэр нөлөөлөхийг би хэлж мэдэхгүй байна. Үүний цаана асуудлаас нуугдаж халхлагддаг байдал их болох гээд байна. Тэгээд ч 76 гишүүн энэ гишүүний бүрэн эрхийн асуудлыг нь шийд гээд хаячихдаг. Нөгөөдүүл нь авч үлдлээ, авч үлдээгүй гэдэг асуудал яригддаг боллоо. Тийм учраас УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зүйлээсээ гишүүд татгалздаг юм уу, эсвэл багасгах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Нөгөө талаас хүн ёсны үүднээс үзвэл энэ бол ээдрээтэй асуудал. Хувь хүн өөрийнхөө төлөө болоод хамаатан садан, төрөл төрөгсдийнхөө төлөө мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байдаг шүү дээ.

Үүнтэй төстэй зүйл. Парламент ч гэсэн нэг гэр бүл. Нэг нэгэндээ өөрийн чиглэлийн салбар, өөрийн тойргийн аж амьдралыг таниулдаг. Улс орны өмнө тулгарсан бүх л асуудлыг бүгдээрээ тойрч суугаад хэлэлцдэг нэг л гэр бүл шүү дээ. 76 гишүүн 76 тойргийн онцлогийг нэг дор оруулж ирж, шийдэж байгаа нэг гэр бүл. Та энэ гэр бүлийн хүнээ шүүх үү, шүүхгүй юу гэж хаяна гэдэг нь буруу. Мэдээж хүн болсон хойно аваад үлдэх магадлал өндөр. “Чи битгий хулгай хий. Ёс зүйгүй муухай зүйл. Болохгүй…” гэж мянга хэлээд тэр хүн шуудхан больчихно гэж байхгүй. Хамгийн гол нь хулгай хийхгүй байх нөхцөлийг нь бий болгох хэрэгтэй. Тиймээс нэг нэгнийгээ өмгөөлж авч үлдлээ гэж байгаа бол өмгөөлж үлдэхгүй байх нөхцөлийг бий болгох хэрэгтэй.

-Тийм шүү. Гишүүний бүрэн эрхийг парламент шийддэг байдал нь нөгөө талаас парламентын нэр хүндэд ч нөлөөлж байна. Нүүрсний хэрэгт эхлээд таван гишүүн нэр зарлагдсан. Гэтэл гурав болж буурсан. Нэр нь зарлагдсан ч үлдсэн гишүүдийг нийгэм дүгнэхдээ мөнгө төгрөг, нөлөөгөөрөө үлдлээ хэмээн шүүмжилж байна?

-Тийм. Үүний цаана УИХ-д хулгайчид орогнодог гэсэн ойлголтыг ч нийгэмд өгч байна. Энэ бол парламент нэр хүндээ алдах том шалтгаан болж байна.

-Хөгжлийн банк, тусгай сангууд, нүүрсний хулгай гэхчилэн олон хэрэгт УИХ-ын гишүүд холбогдох болсон. Эрх мэдэлтнүүдийн оролцсон хэргүүд ар араасаа гарч ирж байгаа энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Гарах ёстой юмнууд гарч байна гэж бодож байна. Нийгэм хөгжиж, алдаа завхарлаа засаж байгаагийн нэг илрэл бол энэ. Бид хөгжлийнхөө нэг үе шатыг тэр дундаа цэвэршилтийн үе шатыг туулж явна. Үүсээд байгаа ихэнх асуудал МАН, АН-тай холбоотой гэж нийгэм үзэж байна. Нэг талаас энэ нь намын хувьд том шинэчлэлийг эхлүүлж байна.

МАН 30 дугаар их хурлаараа социал демократ үзэл баримтлалаа тунхагласан. нэгдүгээрт, энэхүү үзэл баримтлалаар хүний эрхийн асуудлыг нийгэмд тунхаглаж байгаа нь маш чухал. Хоёрдугаарт, үүний цаана ядууралтай тэмцэх, дундаж давхаргыг бий болгох, хууль засагладаг болох гэхчилэн зүйлүүдийг МАН өндөрт тавьж байна. Мөн манай нам нам дотроо байгаа бурангуй зүйлтэй, хууль бус зүйлтэй тэмцэнэ гэдгээ зарласан. Хоёрдугаарт, нүүрстэй холбоотой асуудлыг намын дарга буюу Ерөнхий сайд манлайлж гаргаж ирсэн. Түүнчлэн 5Ш ажиллагааг эхлүүлж байна.

Энэ бүх үйл ажиллагаагаар төрийн албатай холбоотой асуудлууд, хууль бус зүйлүүд гэхчилэн нийгэмд бугшаад байгаа бүхий л асуудлыг шийдэхийг зорьж байна. МАН эрх барьж байгаа энэ дөрвөн жилийн хугацаанд, мөн Намын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан энэ бодлогууд нь шинэчлэлийг дагуулж байна.

Тиймээс бид энэ шинэчлэлийг цааш үргэлжлүүлэх нь хамгийн чухал байна. Өнгөрөгч даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн. Сонгуулийн тухай хуульд энэ шинэчлэлийг оруулмаар байгаа юм. Муу нэртэй хэдэн гишүүд дахиад сонгуульд орох бус шинэчилмээр байна. Туршлагатай, мэдлэгтэй, боловсролтой, ёс зүйтэй боловсон хүчнийг энэ саарал ордонд орж ирэх боломжийг Сонгуулийн хуулиар нээж өгөх ёстой. Бидний хийх гээд байгаа шинэчлэлийн нэг том алхам энэ байх ёстой. Үнэхээр үр хүүхдийнхээ ирээдүй хойчид санаа зовж байгаа бол, нийгмээ цэвэршүүлье гэж байгаа бол саяны асуудлуудыг зоригтойгоор гаргаж тавьсан шигээ нэг мөр шийдэх хэрэгтэй.

Би чуулганы завсарлагааны үеэр тойрогтоо ажилласан. Нийгэм их шүүмжлэлтэй байна. Манай намын гишүүд, дэмжигчид их бухимдалтай байна. Тэд “МАН-даа 62 суудал өгч ялуулсан. Гэтэл өчнөөн асуудалд орооцолдож, холбогдсон хүмүүс гарч ирж байна. Өөрсдөө болохгүй, бүтэхгүй зүйлүүдийг хийж байна” хэмээн шүүмжилж байна лээ. Өнөөдөр улс төрд болж байгаа үйл явцууд бол нийгмийн шаардлага хэрэгцээгээр гарч ирж байгаа задрал. Нийгмийн хөгжлийн явц. Гагцхүү үүнийг хэн хийж, гаргаж ирж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Манай нам өөрсдөө манлайлж гаргаж ирж байна. Дахин хэлэхэд, нэгэнт гаргаад ирсэн асуудлыг цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй.

-Парламентын түүхэнд бичигдэх анхны хянан шалгах сонсголыг та бүхэн хийлээ. Та ажлын хэсэгт орж ажилласан. Сонсголын үр нөлөөг хэрхэн дүгнэж байна вэ?

-Парламентын түүхэнд онцгойлон тэмдэглэх ажил болсон. Бугшсан асуудлыг парламент олон нийтэд нээлттэй болгож, хэлэлцүүлж, мэдээлсэн. Энэ бол шүүх хурал биш шүү дээ. Олон нийтэд мэдээлэл өгөх сонсгол болсон. Хууль тогтоогчид үүнийг гаргаж байгаа нь парламент шинэчлэгдэх, тэр түвшинд шударга ёсыг тогтоох алхам, босго болсон. Сонсголын анхны нээлттэй хэлэлцүүлгийг миний бие удирдсан. Хуулиар зөвхөн УИХ-ын гишүүн гэрчээс асуулт асуух эрхтэй байсан. Миний хувьд үүнийг задалж өгсөн. Зарим нь намайг хууль зөрчлөө гэж байсан. Хэвлэлийнхэнд асуух боломжийг өгөхгүй бол ямар юмны нээлттэй хэлэлцүүлэг байх вэ гээд эхний хэлэлцүүлэгт хэвлэлийнхнээс асуулт асуух эрхийг нээлттэй болгосон.

Гурван шаттай хэлэлцүүлэг боллоо. Эдгээр хэлэлцүүлэгт Монголын ихэнх улстөрч оролцлоо. Ямар учраас тийм шийдвэр гаргасан. Ямар учраас холбоотой вэ гэдгийг нийгэмд ил гаргаж тавьснаараа их ач холбогдолтой болсон.

Дараагийн сонсголыг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор хийх гэж байна. Энэ зөв. Оффтэйк гэрээнээс эхлээд олон асуудал гарч ирсэн. ҮАБЗ-өөс шийдвэр гарсан, гараагүй гэж яригдаж байна. Тиймээс гэрээг хэн гаргасан. Ямар хүмүүс зөвшөөрөл өгсөн гэхчилэн мэдээллийг иргэдэд өгөх нь маш зөв.

Хоёрдугаарт, үүнтэй уялдуулж Г.Ёндон сайдын үед өргөн баригдсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдлаа. Би хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хууль чухал ач холбогдолтой болсон. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гэрээ хийж, үнийн зөрүү дээр ажилладаг байдлыг энэ хуулиар хаасан. Биржээр гурван удаа арилжаа хийгдлээ. Эхний арилжаан дээр 17 удаагийн дуудлагаар 12.5 хувиар үнэ нь өсч зарагдсан. Энэ мэтээр нүүрсний арилжаатай холбоотой бүх зүйл нээлттэй болж байна. Биржийн хууль зургадугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Одоохондоо бид Хөрөнгийн биржээр дамжуулж худалдаалж байна. Хуулийн хүрээнд цаашид уул уурхайн том биржтэй болъё гэж байгаа юм билээ. Бүхий л худалдаа биржээр явдаг болно.

-Дараагийн сэдэв ҮХНӨ. Энэ хаврын чуулганаар парламент ҮХНӨ хийх үү?

-Дөрөвдүгээр сард оруулж ирэх төлөвтэй байгаа. Гэхдээ амжих уу, үгүй юу. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Бид холимог тогтолцоо руу зайлшгүй орохгүй бол өнөөдрийг хүртэл бүс нутгийн, дов жалганы үзлээс гарч чадахгүй болчихоод байна. Ямар ч гишүүн өөрийн сонгогдсон тойрогтой холбоотой ямар ч асуудал дээр дэмжиж кноп дарна. Гэтэл тэр нь улс орны эдийн засагтай холбоотой асуудалтай зөрчилдөхөөр бол яах вэ. Тэр тойргийн иргэдийн итгэлийг хүлээсэн гэдэг утгаараа тойргийн эрх ашгаа илүүд үзэх магадлал өндөр шүү дээ. Тиймээс нэн тэргүүнд улс орны эрх ашгийг боддог байх нөхцөлийг парламентад бий болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол тойргоосоо буцаад сонгогдохын тулд яах билээ гэдэг асуудлыг тавьж, жалга довны үзлээр асуудалд ханддаг болчихоод байна. Үүнээс гарах гарц нь холимог тогтолцоо. Түүнчлэн гишүүдийн тоог нэмэх асуудал хөндөгдөж байна. Одоо бол 76-хан улстөрч ихэнх асуудлыг мэдээд байна шүү дээ. Одоогийн яригдаж байгаа 152 ихдэж байна гэвэл миний бодлоор 120 гишүүн байх бололцоотой гэж харж байна. Нөгөө талаас цөөн байх нь улстөрчдийг өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өсгөөд байна. Оросын нэг нэвтрүүлгийг үзэж байхад парламентын гишүүнийг замын цагдаа зогсооход гүйж хүрч ирээд бичиг баримтаа шалгуулж байгаа юм. Тэнд би УИХ-ын гишүүн гэж томорч байгаа юм алга. Загнаж байгаа юм алга. Манайд болохоор УИХ-ын гишүүн гээд хүндлээд байхаар тэр гишүүн нь хүн л юм болохоор би том хүн юм байна гэсэн ойлголт аваад байна. УИХ-ын гишүүн энэ танхимд орж ирээд эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Энэ саарал байшингаас гараад эрх дарх гэхгүйгээр яг л иргэдийнхээ дунд амьдармаар байна. Тоо нэмэгдүүлэх гол ач холбогдлыг би энэ өнцгөөс хардаг. Ингэж байж хүн эрх мэдлээ давуулж ашиглахгүй байх нөхцөл бий болно. Тоог тодорхой хэмжээгээр нэмэх бололцоотой байх ёстой.

-Төмөр замын тээврийн тухай хуулийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэхүү хуульд орж байгаа гол өөрчлөлт нь юу вэ. Төмөр замыг либералчлах асуудлыг энэ хуулиар хөндөж байна уу?

-Хөндөж байгаа. Миний хувьд төрийн өмч бага байх ёстой гэж боддог. Яахав, стратегийн ач холбогдолтой цахилгаан станцууд, дэд бүтцийн гол шугамууд улсын өмчид байх нь зөв. Иргэдэд очих үйлчилгээний хөлсийг хэт өндөр байлгахгүйн тулд үүнд стратегийн бодлого барих нь зөв. Гэхдээ нийгмийг иргэд, аж ахуйн нэгж авч явдаг. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийн хийх ажлыг төр булааж авах, эсвэл зэрэгцээд дайраад байх хэрэггүй гэж боддог. Жишээ нь, би иргэний нисэхийн либералчлалыг эхлүүлсэн. Төр дээрээс нь зохицуулж МИАТ гэдэг компанийг үндэсний компани гэж нэрлээд бүх эрхийг МИАТ-т төвлөрүүлж үнийг нь барьсан. Өрсөлдөгчгүй олон жил явсан. Би салбар хариуцсан сайдаар ажиллах хугацаандаа МИАТ-тэй бусад аж ахуйн нэгжийг өрсөлдөх боломжийг бий болгосон. Энэ нь өрсөлдөөнийг бий болгосон. Энэ либералчлалыг үргэлжлүүлж хийх хэрэгтэй байна. Үүнтэй адил төмөр замд мөн либералчлал хийгдэнэ. Энэ хуулийн гол зорилго нь ерөөсөө энэ.

Энэ хуулиар доод, дээд бүтэц нь тусдаа болно. Энгийн ярианы хэллэгээр хэлбэл, хоёр ган төмөр бүхий төмөр зам нь тусдаа болно. Дээгүүр нь явах тээвэрлэгч нь мөн тусдаа аж ахуйн нэгж байхаар гэж оруулж байна.

Монголд өнөөдөр Улаанбаатар төмөр зам буюу Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл гол төмөр зам үйл ажиллагаа явуулж байна. Мөн төр, хувийн хэвшлийн Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам, Болдтөмөр Ерөө гол, Зүүнбаян-Тавантолгойн төмөр зам, Зүүнбаянгаас Хангимандал гэсэн төмөр замууд бий. Эдгээр төмөр зам хоорондоо харшлахгүйгээр нэг системээр, нэг үнэ өртгөөр явдаг нөхцөлийг энэ хуулиар бий болгож байна. Жишээ нь, өнөөдөр “Болдтөмөр Ерөө гол” ХХК төмрийн хүдрээ Бугат руу экспортоллоо гэхэд Улаанбаатар төмөр замаар явсны тодорхой төлбөрийг төлдөг. Наашаа Таван толгой төмөр замаар явахаар мөн тус компанид мөнгө төлдөг. Энэ хоорондын зохицуулалтыг энэ хуулиар хийж өгч байгаа юм. Нэг нь илүү үнэ хэлдэг ч юм уу, эсвэл миний төмөр замаар чи явахгүй гэж дарж хэвтдэг. Эсвэл би өөрийнхөө ачааг зөөнө гэдэг ч юм уу ямар ч хориг байхгүйгээр нэг сүлжээ болгож либералчилж байгаа юм. Хоёрдугаарт, тээвэрлэгч компани хэний ч зам байсан нэг л төлбөр төлөөд нийтийн дүрэм, стандартаар тээврээ хийх боломжийг нээж өгч байна. Энэ бол том либералчлалыг бий болгосон хууль. Ажлын хэсэг анх өргөн баригдсан хуулийн талаас илүү хувийг нь шинэчилсэн.

Ер нь төмөр замын тухай анх батлагдсан хууль бол хуучин ЗХУ-ын хуульд үндэслэсэн нэг компанид зориулагдсан хууль байсан. Одоо бол либералчлагдсан олон компани өрсөлдөхүйц эрхийг нээсэн хууль болсон.


Categories
мэдээ цаг-үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний баасан гаригт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.