Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзжээ DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ.

Тэрбээр бүрэн эрхээсээ татгалзах шалтгааны тухайд “Нэгдүгээрт, настай ээж минь гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон.

Хоёрдугаарт, концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтээр олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг маш их явууллаа. Эдгээр асуудалтай холбоотойгоор намайг шалгах шаардлагатай бол УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээр илэрхийлж байна” гэв.

Гишүүнийг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиртай.

зураг

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Энэ хоёрдугаар сард болох барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • Хоёрдугаар сарын 01-нд 20:00 цагаас “Алтанцом” шигшээ барилдаан Увс & Булган
  • Хоёрдугаар сарын 02-нд 20:00 цагаас “Алтанцом” шигшээ барилдаан Баян-Өлгий & Өвөрхангай
  • Хоёрдугаар сарын 03-нд 20:00 цагаас “Алтанцом” шигшээ барилдаан Төв & Баянхонгор
  • Хоёрдугаар сарын 04-нд 16:00 цагаас “Алтанцом” шигшээ барилдаан Архангай & Завхан
  • Хоёрдугаар сарын 04-ний өдөр 10:00 цагаас Хавдрын эсрэг өдөрт зориулсан Сумын цолтон болон залуу 256 бөхийн барилдаан Аварга БТДС-ийн заланд болно.
  • Хоёрдугаар сарын 05-нд 12:00 цагаас “Жем интернэшнл” группийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 06-нд 20:00 цагаас “Алтанцом” шигшээ барилдаан Булган & Өвөрхангай
  • Хоёрдугаар сарын 07-нд 20:00 цагаас “Алтанцом” шигшээ барилдаан Увс & Төв
  • Хоёрдугаар сарын 08-нд 20:00 цагаас “Алтанцом” шигшээ барилдаан Архангай & Баян-Өлгий
  • Хоёрдугаар сарын 09-нд 20:00 цагаас “Алтанцом” шигшээ барилдаан Завхан & Баянхонгор
  • Хоёрдугаар сарын 10-ний өдөр 09:00 цагаас Онцгой байдлын Ерөнхий Газрын албан хаагчдын дунд зохиогдох 128 бөхийн барилдаан Онцгой байдлын газрын спорт заланд болно.
  • Хоёрдугаар сарын 11-нд 11:00 цагаас “Алтанцом” шигшээ барилдаан Булган & Баян-Өлгий
  • Хоёрдугаар сарын 11-нд 16:00 цагаас “Алтанцом” шигшээ барилдаан Төв & Өвөрхангай
  • Хоёрдугаар сарын 12-нд 11:00 цагаас “Алтанцом” шигшээ барилдаан Архангай & Баянхонгор
  • Хоёрдугаар сарын 12-нд 16:00 цагаас “Алтанцом” шигшээ барилдаан Увс & Завхан

Сар шинийн цуврал барилдааны урьдчилсан хуваарь

  • Хоёрдугаар сарын 14-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 15-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 16-нд 12:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
  • Хоёрдугаар сарын 17-нд 12:00 цагаас Ахмад бөхчүүдийн барилдаан /50-аас дээш нас/, Өсвөрийн бөхийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 18-нд 12:00 цагаас АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа
  • Хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүхбаатар дүүрэг одонтой ээжүүдэд болон ахмадуудад өгөх бэлгийн багцын тендерээ цуцалжээ DNN.mn

Сүхбаатар дүүрэг одонтой эхчүүдэд өгөх бэлгийн багцын ₮900 сая, ахмадуудын бэлгийн багцын ₮1.3 тэрбумын тендер зарлаад байв. Дүүргийн ЗДТГ-аас тендерүүдийг цуцалжээ. Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа цахим хуудсандаа нийтэлсэн байна.

Тендерийг цуцалсан тухай тайлбартаа “Төсвийн болон төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан 2020-2022 онд ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулаагүй. Энэ жил цагаан сарын баярыг ард нийтээрээ тэмдэглэхээр бэлтгэж байгаа энэ үед ахмадуудын амьдралд бодит дэмжлэг болохуйц гурил, будаа, тавгийн еэвэн өгөхөөр дүүргийн ИТХ-аар батлуулан уг сонгон шалгаруулалтуудыг зарласан.

Гэвч зарим нэг хэвлэл хэвлэл мэдээллийн байгууллага сошиал орчинд хандалт авах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн ташаа ойлголт нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулан ахмадуудад ул боов, бэлэг дурсгал болгон тараах гэж буй мэтээр асуудлыг хэт нэг талаас тайлбарлан олон нийтийг төөрөгдүүлсэнд харамсаж байна.

Иймд ахмадуудад хүнсний дэмжлэг үзүүлэхээр зарласан тендерүүдийг цуцалж, уг худалдан авах ажиллагааны хөрөнгийг дүүргийн ахмадууд болон олон хүүхэдтэй эхчүүдийн нийгэм, соёлын болон эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээ болгон өөрчилж байна.

Дүүргийн ахмадууд, одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсон тул хүлцэл өчье” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ман-ын “цагаан ордон” уйлаан майлаан, уур бухимдлаар дүүрэн өнжжээ DNN.mn

Эрх баригч МАН-ын төв байрыг зарим нь “цагаан ордон” хэмээн өргөдөг болсон. Энэ байр уржигдар хөл хөдөлгөөнтэй өнжлөө. Эмэгтэйчүүдийн холбоо нь ээлжит бус Их хурлаа хийсэн юм. Ээлжит бус их хурал Олон жил НАМЭХ (Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо) гэгдэж ирсэн нэрээ өөрчилжээ. Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болж, СДЭХ хэмээн товчилдог болсон байна. Бас хурлын хэлэлцэх асуудалд байгаагүй тус холбооны ерөнхийлөгчийг солих талаар гэнэт орж ирсэн байна. Уг нь МАН-ын албан мэдээлэлд “Энэ удаагийн ээлжит бус Их хурлаар Шинэ сэргэлтийн бодлогод эмэгтэйчүүдийн оролцоо, социал демократ үзэл баримтлал эмэгтэйчүүдийн оролцоо сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд хэлэлцүүлнэ. Мөн НАМЭХ нэр болон дүрэмдээ өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх юм” гэж байв.“Бусад зохион байгуулалтын асуудлууд” гэдгийн нэгээр ерөнхийлөгч Д.Сарангэрэлээ өөрчлөхөөр ярьсан байна.

Нэг үгээр хэлбэл, энэ ээлжит бус Их хурлаар НАМЭХ нэрээ СДЭХ болгож, дүрэмдээ өөрчлөлт оруулаад, түүнийгээ дагуулаад ерөнхийлөгчөө өөрчилжээ. Шинэ ерөнхийлөгчөөр Боомтын сайд Х.Булгантуяа тодорсон байна.

Д.Сарангэрэл нь 2019 оны аравдугаар сард болсон НАМЭХ-ны Их хурлаар тус холбооны ерөнхийлөгч болж байсан. Тухайн үед Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тэр хурал дээр орж ирээд “НАМЭХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дэвшүүлж, дэмжих саналтай байна. Намын даргад дүрмээр олгосон онцгой эрх нь намын дэргэдэх байгууллага, холбооны удирдлагыг нэр дэвшүүлэх байдаг. Тиймээс НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр хэнийг нэр дэвшүүлэхээ нэлээд бодож, хүмүүстэй санал бодлоо солилцсон. Намын дэргэдэх институци нь намын гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, намын даргатай хамгийн ойр хамтран ажиллах шаардлагатай, хариуцлагатай албан тушаал юм. Энэ бүхнийг тунгаасны эцэст шийдвэрээ гаргасан” гэж байв. Сонирхолтой нь, тэр үед сая ерөнхийлөгч болсон Х.Булгантуяа заалнаас нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Харин Д.Сарангэрэл 75.4 хувийн саналаар ялж байв.

Харин уржигдар болсон ээлжит бус Их хурал дээр нь холбооныхоо нэрийг сольсных нь дараа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ очжээ. Тэрээр нөгөө л “Хулгай луйвартай тэмцэх тал дээр хатуу байр суурьтай ажиллана” гэдгээ хэлсэн байна. Улмаар У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлдэг шиг Х.Булгантуяаг нэр дэвшүүлж, заал түүнийг 94.6 хувиар дэмжээд ерөнхийлөгчөө болгосон байна. Д.Сарангэрэл ч “Залуустаа боломж олгоё” гээд тамгаа өгсөн талаар эх сурвалжуудаар мэдээлж байна.

МАН-ын иймэрхүү албан мэдээ, олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс НАМЭХ-ныхон эвтэйхэн хуралдаж СДЭХ болоод, Д.Сарангэрэлийгээ Х.Булгантуяагаар сольсон мэт харагдана. Гэхдээ хөшигний ард нэлээд үйл явдал өрнөжээ. Эмэгтэйчүүд болоод ч тэр үү, “Авна авахгүй, өгнө өгөхгүй” гэсэн маягтай бөөн уйлаан майлаан болсон байна. Харин МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь хувьд хүч түрэх байдлаар ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж, дүнд нь Х.Булгантуяа сонгогдсон байна. Ингэснээр МАН-ын тулгуур гэгддэг дөрвөн холбоо үндсэндээ залуусын гарт орж байгаа юм. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа байран дээр очсоных гэсэн шиг өөр бусад “хэрэг” ч тариад авчээ. Нарийн бичгийн дарга нар, гол газар хэлтсийн дарга нараа цуглуулж байгаад үүрэг чиглэл өгсөн талаар МАН-ын “цагаан ордон”, Төрийн ордон хавиар өчигдөржин яригдав. Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайд холбогдсон гишүүдийг намаасаа түдгэлзүүлэх саналыг намынхаа Хяналтын хороонд оруулах талаар ярилцсан гэж байна. Түүнчлэн зарим гишүүнийг УИХ-ын гишүүнээс татгалзаж шалгуулах асуудлыг ч хөндсөн бололтой. Үүнээс болоод гишүүд МАН-ын “цагаан ордон”-оор дүүрэн ил далд уур бухимдлаа илэрхийлж өнжжээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 94.7 хувьтай байна DNN.mn

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт нэгдүгээр сарын 31-ний өдрийн 20 цагийн байдлаар улсын хэмжээнд 94.7 хувьтай байна.

Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан УИХ-ын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 хүн хамрагдана. Тусгайлан бэлтгэсэн мэдээлэл цуглуулагчид улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авч байна.

Зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт энэ сарын 2-ны өдрөөр дуусгавар болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсний хулгайн хэрэг дүрэлзэж эхэлсэн ч одоо уугих өнгөндөө орчихлоо DNN.mn

Нүүрсний хулгай гэх тодотголтой 44 их наядын мөнгөн дүнтэй том хэрэг шуугиан дэгдээж, нийгмийг донсолгон өвлийн жавартай өдрүүдээр олон мянган иргэн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлж, гадны мэдээллийн томоохон агентлагууд ч энэ хэргийн талаар дэлхий даяар цацаж, хүн төрөлхтний чихэнд хүргээд амжсан. Яг энэ үедээ уг хэрэг олны анхаарлын төвд анх орохдоо галаар зүйрлэвэл дүрэлзэх байтугай бүр тэсрэлт, дэлбэрэлттэй адил байлаа. Ямар их хэл ам дагуулж, яасан их шуугиан, дуулиантай эхлэв ээ. Гэтэл энэ хэрэг одоо яав, дүрэлзэж байснаа болиод унтрах маягтай болж, уугих өнгөндөө орчихлоо. Гал гээч юмыг бид мэднэ. Дүрэлзэн асч байсан юм унтрах дөхөхөөрөө утаа май хаялаад эхэлдэг. Нүүрсний хулгайн хэрэг уугиад утаа май савсуулахаас өөр юмгүй болж байх шив дээ.

Төрд нүүрлэсэн хулгай, төрийн компаниудад шургалсан хулгайч нартай хэрхэн тэмцэх, тэднийг ямар хувилбараар яаж явуулбал улс орон нь хождог талаар манай сонин удаа дараа бичиж байгаа. Төрөөс, ард түмнээс мөнгө хулгайлсан иймэрхүү том хэргүүдийг огт шалгахгүй, аясаар нь явуулах замаар улсаа хөгжүүлэх гарц байж болох юм гэж үзээд үүн дээр Катарын жишээг эш татсаныг уншигчид санаж байгаа байх. Тус улсад яг одоо манайд илрээд байгаа шиг төрийн хэмжээний хулгайн хэргүүд гаарсан юм билээ, нэг хэсэг. Гэвч тэд төрөөсөө хулгай хийсэн ч хулгай хийсэн хэрээрээ улсаа хөгжүүлэхээ мартаагүй байсан нь онцлох жишээ болсон л доо. Яг энэ замаар бид төрд үүрлэсэн хулгайч нарыг илрүүлсэн ч тэдэнд улсаа хөгжүүлэх, улсдаа хулгайн мөнгөнөөсөө зарцуулах боломжийг олгох хувилбар байж болох юм гэсэн санааг дэвшүүлсэн.

Эсвэл, төрөөс хулгай хийгсэд болон авлигачидтайгаа амжилттай тэмцэж чадсан Финланд, Норвегийн явж ирсэн зам, баримтлалаар Монгол Улсаа хөгжүүлбэл зүгээр юм гэсэн хувилбарыг санал болгосон билээ.

Казахстан улсыг ч жишээгээр татаж болно. Тус улс хөгжилд хүрчихсэн. Энэ улсыг өдий зэрэгтэй болоход Назарбаевын зүтгэл бараг 100 хувь гэж хэлж болно л доо. Гэвч улсаа хөгжүүлэх замдаа тэрээр өөрийнхөө тойрон хүрээлэгчид, ойр дотны хүмүүс, хамаарал бүхий этгээдүүдтэйгээ нийлж төрөөсөө хулгай хийж, хагартлаа баяжсан ч улсаа хөгжүүлчихсэн л байгаа юм. Улсаа улсын дайтай болгочихсоныг бүгд харж байна. Харин сүүлд тэдгээр тойрон хүрээлэгчдээс нь улсын хөрөнгийг хурааж авч байгаа юм дуулдаж л байна, тэр бол тус улсын дотоод асуудал. Харин манай улсын хувьд нүүрсний хулгайтай холбогдсон хүмүүс, бүлэглэлийг шалгаад эхэлчихсэн буюу Норвеги, Финландын жишгээр явж авлига, хулгайтайгаа тэмцэж байна. Нэгэнт шалгаад эхлүүлчихсэн юм чинь дундаас нь болиулаад тэдгээр хүмүүсийг улсаа хөгжүүлэхийг харъя гэж хэлэх боломжгүй. Тиймээс шалгаад, эцсийг нь үзэхээс өөр сонголт үгүй. Шалгаж байцаагаад улсаас хулгайлсан мөнгөөрөө босгосон хууль бус хөрөнгийг нь хурааж аваад эцсийн цэг тавих хүртлээ Норвеги, Финланд улс шиг авлигагүй, аз жаргалтай орон болохын төлөө явах хэрэгтэй байна.

Нүүрсний хулгайн мөнгөөр баригдсан, баригдаж буй спорт цогцолбор, орон сууц, хаус хорооллуудыг хурааж авч байгаа шуурхай ажлынхаа араас одоо нүүрсний хулгайч нарын нуусан мөнгө, бариулж босгосон объектуудыг нь, дээрээс нь оффшорт хийсэн мөнгөнүүдийг нь олж авах хэрэгтэй. Оффшор дахь мөнгөнүүдийн багцааг авахад амархан. Хилээр гаргасан нүүрсний хэмжээ, Хятадаас орж ирсэн мөнгөн дүн хоёрыг тулгахад багцаа гарна. Энгийнээр бодоход шүү дээ. Мэдээж асар их эмжээний зөрүү буюу хулгай илэрч таарна. Тэр үед нь өөрөөс нь хулгай хийсэн бүлэглэл, хүмүүст төр төмөр нүүрээ харуулж тохирох ял шийтгэлийг нь оногдуулах байх. Харин одоо шалгалт, байцаалтын ажлаа идэвхтэй үргэлжлүүлж, эрчээ алдахгүй байх тал дээр Ерөнхий сайд гойд анхаарч алгуурлаж болохгүй хариуцлагатай өдөр хоногууд үргэлжилж байна.

Нүүрсний хулгайн хэрэг дээр анхаарах бас нэг асуудал байна. Хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнууд, ажилтнууд шалгагдаад үнэн мөн нь тогтоогдоод ялаа авах нь аваад явах нь явчихаар тэдний орон тоонд дахин хүн томилж таарна, нам нь. Хатуугаар хэлбэл, нэг хулгайч нь явахад өөр хулгайч ирнэ гэсэн үг. Яагаад гэвэл хулгай хийх бэлээхэн схем нь байгаа юм чинь. Хулгай хийх бэлэн жортой учир магадгүй дараагийнх нь хүмүүс хулгай хийх ээлжээ хүлээж байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл энэ хулгайг яаж зогсоох вэ?

Монгол жижигхэн шүү дээ, хараа хяналтдаа байлгавал зохилтой хэдхэн том объект, үйлдвэр, уурхай бий. Худлаа жүжиг тавиад байлгүй хяналтаа сайжруулж манаад зогссон ч яадаг юм. Таван толгой, Эрдэнэт, Оюу толгой гэсэн том газрууд байна. Оюу толгойг шалгаад байх ч юу байх вэ, тэртэй тэргүй барууны том хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа нь хэвийн явдаг, хөл хорио, эдийн засгийн уналттай яваа эдгээр он жилүүдэд Монголыг чирч яваа уурхай. Дотооддоо хяналт, шалгалтаа сайн хийж стандартаа барьдаг учир хулгай зэлгийн талаар энэ уурхай дээр ярих юм үнэндээ байхгүй.

Том объект, уурхай, үйлдвэрүүддээ хяналтаа сайжруулах нь нэгдүгээрх асуудал боловч дахин хулгай хийлгэхгүй байх нэг том хөшүүрэг бол бол шударга ажилтан, шударга албан тушаалтнуудтай болох.

Ял, зэмээ үүрээд явж байгаа албан тушаалтнуудын орон тоонд шударга, сайн хүмүүсийг тавь. Шударга хүнийг ажиллуул. Монголд шударга хүн хангалттай бий шүү. Харин нам дотроос шударга хүнийг хэзээ ч бүү хай. Намд шударга хүн байх ямар ч боломжгүй. Яагаад вэ гэвэл намд хулгай хийх гэсэн хүмүүс ордог гэдэг нь онолоороо ойлгомжтой. Онол нь угаас тийм юм. Хэдүүлээ нийлж засгийн эрхийг авъя, засгийн эрхийг авснаараа хэдүүлхнээ баяжина гэсэн улсууд л нийлж нам байгуулдаг. Хэдүүлээ баяжихын тулд “Улс эх орноо хөгжүүлнэ, та нарыг ядуурлаас гаргана” гэж ард түмэнд ярья гэж үгсдэг. Ингэж зөвхөн ярихад л хүмүүс бидэнд санал өгнө гэж тэд төлөвлөгөөгөө гаргадаг. Харин засгийн эрхийг авсан хойноо нэн тэргүүнд өөрсдийнхөө тойрон хүрээлэгчид, намаа байгуулалцсан хүмүүсээ баян чинээлэг болгочихоод, улс эх орон, ард түмний эрх ашгийгхоёр, бүр дөрөв, тавдугаарх асуудал болгож эрэмбийг нь хойшлуулчихдаг. Тийм учраас нам гэдэг бүтэц, нам гэдэг байгууллагаас шударга, сайн хүн битгий хайгаарай. Шударга хүмүүс тэр хүрээллээс ангид, хол байхыг хичээдэг нь өөрөө шударга байгаагийн том шалгуур. Баруунд боловсрол эзэмшсэн, нам бус, шударга улсуудыг Таван толгойн уурхай зэрэг томоохон газар, хариуцлагатай албан тушаалд томилж ажиллуулдаг болгох нь хамгийн ухаантай сонголт болно. Одоо явагдаад байгаа сонгон шалгаруулалтыг анзаарахад боломжтой, шударга байх шаардлагыг хангахаар хүмүүс мэр сэр харагдаж байна лээ.

Нам бол эрх мэдэлд шунагсдын цуглуулга байдаг учраас хариуцлагатай, том мөнгө эргэлддэг, улс эх орны эдийн засгийг хөдөлгөдөг албан тушаал дээр аль болох нам бус, шударга хүмүүсийг тавьдаг жишиг тогтооё. Шударга хүмүүсээ томилсон тохиолдолд хангалттай цалин өгч ажиллуулах хэрэгтэй. Хулгай хийх сэдэл өгөхөөргүйгээр хангалттай цалинжуул. Дэлхийн том компаниуд сард 3-5, 8-10, 10-15, 15-30 мянган ам.доллар, түүнээс ч дээш дүнтэй цалин санал болгодог. Тэр хэмжээний өндөр цалинг тэдгээр шударга албан тушаалтнуудад шууд өг. Үр дүнгийн урамшуулал, шагналыг нь нэмж олгож, шударгаар хөдөлмөрлөснийхөө төлөө хангалттай цалин авч баяжиж болдгийг тэднээр харуул. Ингэж харуулж чадсан шударга хүмүүс л улс эх орноо хөгжүүлдэг, иргэдийг өөрсөд шигээ баян болгохын төлөө зүтгэдэг.

Иймээс нүүрсний хулгайн хэргийг битгий уугиулаад бай, галыг нь өрдөөд хэргийг дүрэлзүүлж олны хараанд байнга байлга. Боловсролтой, шударга, нам бус хүмүүсийг хариуцлагатай албан тушаалд томилдог эрүүл тогтолцоог бий болго.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар
сарын 1, Буд гариг. Билгийн
тооллын 11, гөрөөсөн толгой
одтой, цагаан бар өдөр.
Өдрийн наран 8:20 цагт
мандан, 17:51 цагт жаргана. Тухайн өдөр
нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух,
тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх
зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг
буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх,
хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг,
цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь
тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл,
бэрийн үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу,
могой, хонь, нохой болой. Хол газар яваар
одогсод баруун урагш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эрхтэн хурц болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Ард түмэн” бол нохойд барьдаг мод” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын генсек
И.Мөнхжаргал “Бүгд нэгдэж
нийлэхгүй, тус
тусдаа хуралдаад
байгаа нь
асуудлыг улам
төвөгтэй болгож
байна гэснийг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

2020 оноос хойших АН-ын
дарга нар юу хэлэв?

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Ард түмэн” бол нохойд барьдаг мод” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Zogii.mn сайтын эрхлэгч
Ш. Оюунбаатар “Хакухо аваргын рекордыг
эвдэх хүн ойрын 10 жилд
гарахгүй” гэв.

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан
туулай жилийн Шороон үхрийн зурлага

“Монголын Алт” (МАК)
ХХК-ийн тэргүүн дэд
ерөнхийлөгч, Техникийн
ухааны доктор (Ph.D)
Г.Цогт “Монголын уул уурхайн зуун жилийн
түүхийн гуравны нэгийг хамт
бичилцжээ
” хэмээв.

Эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэн “Монголын эдийн засагт дархлаа хэрэгтэй байна” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ