
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнтэй ярилцлаа.
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэсэн байгууллагыг татан буулгаж чиг үүргийг нь тодорхой газруудад хувааж өгч байгаагийн нэг нь танайх. Хэчнээн байцаагч танай руу шилжиж ирж байна вэ?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөхдөө төрийн хяналтын нэгдсэн системийг чиглэл чиглэлийн төрийн байгууллагууд руу шилжүүлж байгаагаас 11 чиг үүрэг бүхий байгууллага хяналтын функцийг авч буйн нэг нь манайх л даа. Мэргэжлийн хяналтад хэмжил зүйн чиглэлийн улсын байцаагч 24 бий. 20 аймагт тус бүр нэг, нийслэлд дөрвөн байцаагч ажилладаг. Тэд манайд шилжиж ирж байгаа. Хэмжил зүйн байцаагчдын хувьд Монгол Улсын хэмжээнд байгаа сая 600 мянган хэмжих хэрэгсэл үнэн зөв ажиллаж байгаа эсэх, зөвшөөрөгдсөн загварын хэмжих хэрэгсэл мөн эсэхийг хянаж шалгадаг хүмүүс.
Ус, цахилгааны тоолуур, дэлгүүрийн жин, уул уурхайн том том пүүнүүд гээд яривал хэмжих хэрэгслийн төрөл маш олон. Өмнө нь манай байгууллага стандартыг мөрдүүлдэг ч хяналт тавьж, хариуцлага тооцох чиг үүрэггүй байсан бол ирэх оноос стандарт хэмжил зүйн асуудлыг цогцоор нь хариуцаад явна. Энэ бол маш том давуу тал.
-Хэмжил зүйн улсын байцаагч нийслэлд дөрөвхөн ажилладаг гэхээр тэр олон хэмжих хэрэгсэлд хяналт тавьж ажиллаж хүрэмгүй санагдах юм?
-Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлийн хэмжээнд дөрөвхөн байцаагч ажиллана гэдэг хэтэрхий цөөн л дөө. Хүний нөөцийн асуудал манай салбарын толгойн өвчин болоод удаж байна. Салбарын мэргэжилтнүүдийг ЗХУ болон бусад улсад бэлтгэж байсан уламжлал 1990-ээд оноос хойш тасарсан. Өнөөдрийн тухайд тэр үед номын дуу сонссон хүмүүсээ дагалдуулж, хичээл заалгаж хүмүүсээ бэлтгэж яваа. ШУТИС төгссөн инженер мэргэжилтэй хүмүүсийг дадлагажуулж ганцаарчилсан сургалтад хамруулан, ажилд тавьж байна. Гэхдээ Засгийн газраас урд хойд хөршид энэ салбарын хүний нөөцийг бэлдэх чиглэл яриа хэлэлцээ эхлүүлчихсэн яваа. Шадар сайдын онцгойлж анхаарч байгаа асуудлын нэг.
-Гуравдагч хөршид хүний нөөцөө бэлдэх асуудал ярьж байгаа юу?
-Хэмжил зүйн шинжлэх ухаанаар манай хоёр хөрш, Герман улс тэргүүлдэг. Тэр утгаараа эхлээд хоёр хөрштэйгөө энэ чиглэлээр хамтрах талаар ярилцаж байгаа юм.
-Та түрүүн хэмжих хэрэгсэлд нүүрсний пүү багтана гэж ярилаа. Нүүрсний хулгай яригдаж буй энэ үед нүүрсний пүүнүүд стандартаараа ажиллаж байгаа эсэхийг шалгах төлөвлөгөө танай байгууллагад байгаа юу?
-Нүүрсний хулгай, ашигт малтмалын орц гэх мэт олон асуудал яригдаж байна л даа. Энэ бүхний ард хэмжил зүйн шинжлэх ухаан хэмээх том салбар бий.
Нэгдүгээр сарын 1-нээс улсын байцаагч нар маань манайд албан ёсоор шилжиж ирэнгүүтээ уул уурхайн бүс нутагт ажиллана. Тийм төлөвлөгөө гаргаад байна.Товчхондоо газар доорх баялаг буюу нийт ард түмний баялаг зөв хэмжигдэж, экспортод гарч байгаа эсэхийг шалгана. Цаашлаад Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй олон арилжааны жингүүдийг шалгахаар төлөвлөсөн. Хүмүүс ярьдаг даа, “Нэг кг мах авсан чинь гэртээ очоод үзэхэд 950 г байна” гэж. Үнэхээр тийм асуудал бий эсэхийг шалгана гэсэн үг. Энэ ажил цэгцэрсний дараа лаборатори, эмнэлгийн шинжилгээний багажууд зөв ажиллаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулна.
Цаашлаад таксины заалт зөв зааж байгаа эсэх гэх мэтчилэн цэгцлэх шалгах олон ажил байна. Өмнө нь шалгаж цэгцлээд дутагдал зөрчил илэрсэн тохиолдолд арга хэмжээ авах эрх нь бидэнд байгаагүй бол одоо байдал өөрчлөгдсөн. Дор бүрд нь хариуцлага тооцоод явна. Өөрөөр хэлбэл, бид он гараад хяналтаа ч тавина, арга хэмжээгээ ч авна, бодлогоо ч гаргаж ажиллана.
-Хэмжих хэрэгслүүдийг жилд хэчнээн удаа шалгадаг вэ, шалгалт хийдэг байцаагчдын ур чадвар, мэргэшил нь хэр бол?
-Бид төрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагуудад стандарт болон хэмжил зүйн асуудлаар сургалт хийдэг тусгай механизмтай. Стандартын шалгалт хийх гэж байгаа бол ийм шаардлага тавьж байгаа шүү гэх мэт мэдээлэл сургалтыг маш нарийн өгдөг. Тийм учраас байцаагчийн мэдлэг, мэргэшилд эргэлзэх асуудал байхгүй. Хэмжих хэрэгслийн тухайд давтан баталгаажуулалт буюу тохиргоо нь алдагдах магадлал зургаан сар, нэг жил байдаг. Тэр хугацаанд нь давтан баталгаажуулалт хийгээд явдаг. Түрүүн хэлсэн дээ, Улаанбаатарт дөрөвхөн байцаагч ажилладаг нь маш том асуудал гэж. Гэтэл манайтай нэгдсэнээр байдал өөрчлөгдөж байгаа. Манай байгууллагад хэмжил зүйн чиглэлээр ажилладаг жараад хүн бий. Энэ хүчийг нэгтгэвэл мэдэгдэхүйц үр дүн гарна. Монгол Улс дахь хэмжих хэрэгслийн тоо, импортолсон улс, хэдийнх нь баталгаажуулах хугацаа энэ жил дуусч байгаа гэх мэт бүх мэдээлэл манайд байдаг. Энэ мэдээллээ бид хяналтын байцаагч нартаа өгнө. Өөрөөр хэлбэл, эргэлзээтэй буруу заах магадлалтай, давтан баталгаажуулалтад хамрагдах хэрэгслүүдийн талаар нарийн мэдээлэл өгнө гэсэн үг. Тэр мэдээллүүдийн дагуу байцаагч нар маань хяналт тавих боломжтой.
-Хэмжил зүйн салбар үүсээд зуун жил болох гэж байгаа. Энэ хугацаанд дэлхийн түвшинд гэж ярихаар хөгжиж чадсан уу?
-Дэлхийтэй нэг түвшинд яваа. Монгол Улсын эталон лаборатори дэлхийн хэмжээнд хүрснийг олон улсын хэмжил зүйн байгууллага энэ жил хүлээн зөвшөөрч цахим хуудсаараа зарласан. Тодруулж хэлбэл, Монгол Улсын эталон хэмжил дэлхийн түвшинд хүрсэн нь нотлогдсон. Манай улсын хамгийн нарийн хэмжих хэрэгсэл, түүн дээр ажиллаж буй хүмүүсийн ур чадвар дэлхийн хэмжээнд байна гэсэн үг. Хамгийн зөв хэмжээсээр хэмжиж байна гэж ойлгож болно.
-Эталон гэдгээ тодруулаач?
-Дэлхийн хамгийн зөв нэг кг-ын туухай Франц улсад хадгалагддаг юм. Монгол Улсын хамгийн зөв нэг кг-ын туухайг Франц руу явуулж өнөө туухайтай харьцуулахыг нэгж дамжуулалт гэдэг. Товчхондоо энэ нотолгоог бид хийчихсэн. Монгол Улс дэлхийн хэмжээний нарийвчлалтай багаж хэрэглэдэг гээд байгааагийн цаад утга энэ л дээ. Хэмжил зүй бол хими, физик, математикийн нарийн тооцоолол шаарддаг шинжлэх ухаан. Шинжлэх ухааны суурь нь хэмжил зүй хэмээдэг. Ийм салбараа бид сүүлийн гучин жил орхигдуулсан ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн салбар болж чадсан нь олзуурхмаар том өнцөг.
-“Шатахуун дутуу шахаад байна” гэсэн шүүмжлэлийг жолооч нар их хэлдэг. Ус, цахилгааны төлбөр их гарлаа гэсэн гомдол ч нийтлэг дуулддаг. Эдгээр гомдлууд ер нь хэр ортой байдаг бол?
-Цахилгааны болон усны төлбөр огцом их гарлаа, тогтмол өндөр гараад байна, шатахуун дутуу шахлаа гэсэн гомдлыг иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирүүлдэг. Засгийн газрын 1111 төвд ч иймэрхүү гомдол олноороо ирдэг. Энэ дагуу бид шалгалт явуулдаг л даа. Шалгалтын эцэст хэмжих хэрэгсэл дээр алдаа мадаг гарсан тохиолдол бараг байхгүй. Шатахуун дутуу шахдаг гэх гомдлын тухайд машиных нь эд анги доголдсон, хүйтэн сэрүүний улиралд ялгаатай “иддэг” гэх мэтээс шалтгаалсан байх жишээний. Нэмж хэлэхэд, Монголд байгаа бүх шатахуун түгээх станцыг зургаан сар тутамд шалгадаг болсон. Энэ хугацаанд ямар нэг алдаа мадаг гарсан бол шалгалтын үеэр залруулдаг.Ус, цахилгааны төлбөрийн тухайд ус алдсанаа мэдээгүй, дундаа тоолууртай хоёр айлын нэг нь илүү хэрэглэсэн гэх мэт ахуйн шалтгаанууд л байдаг юм. Цахилгааны төлбөр их гарсан гэх гомдол нэг хэсэг маш их гарсан. Гэтэл шалтгаан нь биткойн болж таарсан. Залуус биткойн олборлодог, асар өндөр тог “иддэг” машиныг ээж, аав, хөрш, оффиссын барилга түрээслэгчдэдээ хэлэлгүйгээр суурилуулсан тохиолдол цөөнгүй гарсан шүү.
-Стандарт хэмжил зүйн газрын тухайд хэмжил зүйгээс гадна стандарт гэсэн том чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Ажлаа авснаасаа хойш стандартын чиглэлээр яг ямар том ажил амжуулав гэсэн асуултад та ямар хариу өгөх вэ?
-Ажлаа авснаас хойш хийсэн нэг том зүйл бий. Өмнө нь стандарт гэхээр заавал дагаж мөрдөх баримт бичиг, сонгон хэрэглэх гэсэн хоёр сонголттой байсан юм. Харин одоо нэг л сонголттой болсон. Бүгд тохирох стандартаа сонгон хэрэглэх боломжтой. Заавал мөрдөх бичиг баримт биш болсон гэсэн үг. Тухайн бизнес эрхлэгчийн хувьд өөрт тохирох стандартыг сонгох эрхийг нээж өгсөн.Герман стандартаар герман талх үйлдвэрлэх үү, франц стандартаар багет үйлдвэрлэх үү гэдэг нь тухайн иргэний л асуудал болсон. Стандарт мөрдөх ёстой, гэхдээ алийг нь сонгох нь таны асуудал болсон гэсэн үг. Энэ бол маш том реформ.
-Өмнө нь заавал Монгол Улсын стандартыг мөрд гэж тулгахаар олон улсын сүлжээ дэлгүүр гэх мэт бизнесүүд орж ирдэггүй байсан. Гэтэл одоо CU, E-mart гэх мэт олон улсын сүлжээ бизнесүүд олон болсон. Сая таны хэлсэн реформын эерэг нөлөө юу?
-Тэгж хэлж болно. Энэ боломжийг нээж өгсөн хууль 2017 онд батлагдсан. Намайг байгууллагынхаа тэргүүн дэд даргаар ирсний дараа жил батлагдсан хууль байгаа юм.
Сонголттой болгосон гэдгээ дэлгэрүүлж тодруулъя. Хэрвээ хэн нэг бизнес эрхлэгч Хятадын зах зээлд гарах гэж байгаа бол үндэсний стандартыг заавал мөрдөх шаардлагагүй. Хятадын стандартыг авч болно. Европт бүтээгдэхүүнээ экспортлох бол европ стандарт мөрдөж болно. Өмнө нь заавал монгол стандартаа дага гэдэг байсан л даа. Монгол стандарт нь гадны стандартад нийцдэггүй гэх мэт асуудлууд шийдэгдсэн гэсэн үг. Намайг ажлаа авах үед Монголд 5600 стандарт мөрддөг байсан. Тэдгээр стандартын 37 орчим хувь нь олон улсын стандарт байлаа. Гэтэл өнөөдөр Монголд байгаа 6700 орчим стандартын 43 хувь нь олон улсынх. Стандарт дотроо олон улсын стандарт нь жин дарж байгаа. Товчхондоо экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүн маань олон улсын стандарт хангасан бол саад тотгоргүй гадаадын зах зээлд гарах боломж бүрдчихлээ. Үндэсний үйлдвэрлэгчид маань хүчээ нэгтгэж, олон улсын зах зээлийг зорих хэрэгтэй. Бид хамтарч ажиллахад бэлэн. Эхний тод кейс нь ноолууран бүтээгдэхүүн болоод байна. Дэлхийн зах зээлд чөлөөтэй гарч байгаа. Өмнө нь нийт ноолуурын 90 хувь нь урд хөрш рүү түүхийгээр гардаг байсан бол одоо бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг улсдаа үйлдвэрлээд экспортолж байна.
-Стандартын хувьд илүү либералчлагджээ гэж ойлголоо.
-Та зөв харсан байна. Стандартын хувьд олон улсад хууль дүрэм журам биш хамтаар хэлэлцээд баталдаг баримт бичиг. Хэрэв амьдралд нийцэхгүй стандарт байгаа бол зоригтой өөрчилж болох нөхцөл бүрдчихсэн. Стандарт шинээр бий болгох нь ч хуулиар нээлттэй. Иргэн, аж ахуйн нэгж, холбоо, улс аль нь ч хийж болно.Стандарт батлах процедур нь хамтаараа хэлэлцдэг зарчимтай яваа. Наад захын жишээ гэхэд барилгын техникийн хороо барилгын стандартыг хэлэлцээд баталдаг. Өөрөөр хэлбэл, агентлагийн дарга биш салбарын экспертүүд нь стандарт баталдаг гэсэн үг. Намайг зарим хүн стандарт баталдаг гэж ойлгодог. Би стандарт баталдаггүй, зөвхөн албажуулдаг. Барилгын стандартыг гэхэд л барилгын зөвлөх инженерүүд сууж байгаад баталдаг юм. Стандартын салбарт хуулийн ийм реформ хийгдсэний хамгийн том давуу тал гэвэл монгол хүний амьдрах орчин шинэчлэгдэж сайжирч байгаа. Түрүүн таны хэлсэнчлэн олон улсын сүлжээ дэлгүүрүүд, сургуулиуд Монголд орж ирж байна. Энэ бүхний ард олон улсын стандарт яваа. Гадны стандартыг шууд хэрэглэх боломжийг нээснээр ийм урсгал бий болсон. Тээвэр ложистик дээр гэхэд Японы том компаниуд орж ирэхээр судалгааны ажил эхэлчихсэн яваа. Махны том үйлдвэрүүд Европ, Солонгос, Япон руу мах экспортлох зорилгоор олон улсын стандартад нийцсэн үйлдвэрүүд ажиллуулах гэж байна. Наад захын жишээ гэвэл ОХУ руу мах гаргадаг компани тушёнк хийдэг үйлдвэр нээгээд ажиллаж байгаа.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэ мега төслийг ажил болгоход мянга гаруй стандарт хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Тэр бүх стандарт дээр танай газар ажилладаг уу?
-Газрын тос боловсруулах үйлдвэрт мянга гаруй стандарт хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй ч бид бүтээн байгуулалтад оролцдог гэсэн үг. Ер нь бид Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон мега төслүүд болох нефть боловсруулах үйлдвэр, хийн хоолой, төмөр замтай холбоотой олон улсын стандартуудыг орчуулж, үндэсний болгож тухайн мега төслийг стандартаар хангаж ажиллаж яваа.
-Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам гэх мэт бүтээн байгуулалт анхнаасаа стандартын шаардлага хангасан түвшинд өрнөж байгаа гэсэн үг үү?
-Технологийн алдаагүй, стандартын шаардлагад нийцсэн бүтээн байгуулалт өрнөж байгаа гэж ойлгож болно.
-Гадны стандартыг нутагшуулах чиглэлээр чамгүй ажил өрнөөд байх шиг анзаарагдаж байна. Жилдээ олон улсын стандарт хэчнээнийг нутагшуулж байна вэ. Өмнө нь энэ чигийн ажил тийм эрчтэй өрнөж байгаагүй. Шалтгаан нь юундаа байсан юм бол?
-Олон улсын стандартуудыг нутагшуулах ажлууд эрчтэй хийгдэж яваа гэдэгтэй санал нэг байна. Жилдээ 200-250 стандартыг үндэснийх болгож байна. Энэ дотроо олон улсын стандарт нь дийлэнх хувийг эзэлдэг. Олон улсын стандартуудыг өмнө нь яагаад нутагшуулж чаддаггүй байсан гэхээр төсөв мөнгөтэй л холбоотой.Орчуулгын зардлаа шийдэж чаддаггүй байсан юм. Одоо бол Монгол Улсад ямар олон улсын стандарт хэрэгтэй байна тэр бүгдийнх нь төсөв мөнгийг шийддэг болсон.
-Стандарт хэмжил зүйн лабораториуд дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гэж та түрүүн хэлсэн. Таныг ажлаа авахад лабораториуд ийм байсан уу, эсвэл сүүлийн үед л сайжирч байна уу?
-Анх намайг ажил авахад манай Стандарт хэмжил зүйн газрын хэмжил зүйн лабораториуд дэлхийн хэмжээнд байгаагүй. Лаборатори гэдэг бол маш нарийн орчин шаарддаг газар. Манайх олон улсын түвшинд хүрсэн гэдгээ нотлох гэж олон жил ажилласан. Гаднаас хүн хүрч ирж шалгаад “Танай лаборатори шаардлага хангахгүй байна” гээд буцсан жилүүд олон. Лабораторийн чийгшлийн тухайд нарийн орчин шаарддаг, гэтэл танайх 20 хувь байна гэх мэт шалтгаан хэлээд хүлээн зөвшөөрдөггүй байсан нь ердөө саяхны зовлон байсан. Гэхдээ бид сүүлийн хоёр жил эрчтэй ажиллаж тун богино хугацаанд лабораториудаа олон улсын жишигт нийцүүлэн тохижуулж, чийгшил, температурыг нь шаардлага хангах нөхцөлд аваачиж чадсан. Энэ бүхний эцэст олон улсын түвшинд хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн.
-Мэргэжлийн хяналт тойрсон том шүүмжлэл бол ерөөсөө л авлига, хүнд суртал. Мэргэжлийн хяналтын ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх яриа дуулдах боллоо. Хувийн хэвшлийг яг ямар зарчмаар яаж ажиллуулна гэсэн үг вэ?
-Мэргэжлийн хяналт гар хардаг, хүнд сурталтай гэж хүмүүс шүүмжилдэг нь үнэн л дээ. Одоо бид хуулийн том реформ хийж, хяналтын том үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх гэж байна. Хувийн хэвшил нь хувийн хэвшлээ хянадаг болно, төр оролцохгүй гэсэн үг. Салбар салбарт нь мэргэшсэн чадварлаг хувийн компаниуд бий болгоё гэж байгаа юм. Салбарынхан нь хяналтаа тавиг. Хяналтын үүрэг гүйэтгэж буй компанийг харин төр хянадаг тогтолцоонд шилжих юм. Олон улсад ийм зарчмаар яваа. Хувийн хэвшил хариуцсан салбарынхаа компаниудыг хянахдаа стандартын шаардлага хангасан бол гэрчилгээ өгнө. Энэ компани хоол үйлдвэрлэлийн стандартын шаардлага хангасан байгууллага байна гээд гэрчилгээ өгнө. Аливаа түвшний хяналтын байгууллага очиход гэрчилгээгээ үзүүлэхэд давхар хяналт хийгдэхгүй гэсэн үг. Хэрэв тухайн байгууллагад хамаатай гомдлыг аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс тавибал ШӨХТГ гэх мэт хяналтын байгууллага очиж шалгана. Зөрчил илэрвэл тухайн гэрчилгээг олгосон байгууллагатай төр хариуцлага тооцох зарчмаар ажиллана. Дэлгүүр нээх боллоо гэхэд дэлгүүрийн чиглэлээр мэргэшсэн байгууллагыг дуудаад агуулах нь ийм, түргэн мууддаг бүтээгдэхүүн хадгалдаг хөргөгч нь ийм, агааржуулалт ийм гэж үзүүлж шаардлага хангаж байвал гэрчилгээ олгох юм.
-Зөвшөөрөл авна гэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд хэцүү даваа байдаг. Энэ процесс төвөггүй хялбар шийдэлтэй болж байгаа гэсэн үү?
-УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа Зөвшөөрлийн хуулиар энгийн болон тусгай зөвшөөрлийг стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгж хялбаршуулсан журмаар авах эрх зүйн зохиуулалт бий болж байна. Бизнест төрөөс ямар ч дарамт үзүүлэхгүй. Стандартаа л мөрд гэсэн шаардлага тавина. Ийм зарчимд шилжих юм.Төрийн үйлчилгээ иргэнд тэгш хүртээмжтэй очих ёстой гэдэг зарчмыг бид барьж байгаа.
-Тэгш хүртээмж гэдгээ тодруулаач?
-Улаанбаатарт бидний үзүүлж байгаа үйлчилгээ бусад аймагт ч тэгш очих учиртай. Нэг үйлчилгээ авах гэж Баян-Өлгийгөөс нийслэлийг зорих шаардлагагүй.Үүний тулд тоног төхөөрөмж, хүний нөөцийг орон нутагт бий болгох зорилт тавьсан.
-Хөрөнгө мөнгө их шаардах ажил байх даа?
-Судалж үзэхэд энэ ажлыг хийхэд дор хаяж 80 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах юм билээ. Нэг, хоёр жилд энэ бүх ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй. Олон улсын стандарт хэмжил зүйн байгууллагууд, донор орнуудад энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал хүргүүлж, өөрсдийн нөөц бололцоогоо шавхан ажиллаж байна. БНХАУ энэ талаар уриалгахан хандаж, ажилтнуудыг маань урт, дунд хугацааны сургалтад хамруулъя гэж байгаа. Иргэд стандарт хэмжил зүйн үйлчилгээг цахимаар болон тухайн аймагт ажилладаг газар хэлтсээс авах боломжтой болгох том зорилттой ажиллаж байна.
-Жишээ нь танайтай холбоотой ямар үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломж бүрдсэн бэ?
-Цахим үйлчилгээг хурдтайгаар салбартаа нэвтрүүлж байгаа. Мэдээллийн нэгдсэн бааз байгуулсан. Ингэснээр иргэд шатахуунаа авдаг станцын тоолуур найдвартай эсэхийг цахимаар харах боломжтой болсон. Энэ бол үйлчилгээгээ шилэн болгож буй нэг жишээ.Регистрийн юм уу утасны дугаараа хийснээр таны гэрт байгаа хэмжих хэрэгслүүд баталгаатай юу гэдгийг харах боломж бүрдчихсэн.