Categories
мэдээ нийгэм

Сагсан Бөмбөгийн Холбооны үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд дуусахад 11 хоног үлджээ DNN.mn

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны үндэсний дээд лигийн шинэ улирал нээлтээ хийгээд хоёр сарын хугацаа өнгөрч, улирлын тоглолтууд дуусах дөхөөд байна. Улиралд тус бүр эмэгтэй багууд 10 тоглолт хийх бол эрэгтэй багууд 18 тоглох юм.

Үндэсний Дээд лигийн улирал хоёрдугаар сарын 10-нд дуусах буюу эмэгтэй багуудад 1-2 тоглолт, эрэгтэй багуудад 2-3 тоглолт үлдээд байна. Нийт 120 тоглолт болохоос 102 тоглолт явагдаж одоо 18 тоглолт дутуу.

Хасагдах шатанд эмэгтэй багуудаас дөрөв нь, эрэгтэй багуудаас найм нь шалгарах журамтай. Плэйоффын байрлалын өрсөлдөөн эрэгтэй багуудын чанар чансааг тодоор харуулж буй. Хоёрдугаар байрнаас зургаадугаар байрны багуудыг ердөө нэг хожил зааглаж байгаа билээ.

Эмэгтэй лигийг Улаанбаатар Амазонс эрэгтэйг Эрдэнэт Майнерс багууд улирлыг тэргүүн байраар дуусгах нь албан ёсоор тодорхой болоод байгаа бол хасагдах шатны бусад байрлалууд улирлын үлдсэн тоглолтуудаас шалтгаална.

Харин эмэгтэй лигт Хил Хамгаалах Аравт, эрэгтэй лигээс Баянгол Харцага багууд албан ёсоор плэйоффт орох боломжгүй болсон. Хасагдах шатны нэгдүгээр шат таван тоглолтоор түрүүлж гурав хожсон баг нь цааш шалгарах бол хагас шигшээ цувралаас эхэлж долоон тоглолтоор түрүүлж дөрөв хожсон баг нь цувралын ялагч болох юм.

Улирлын онцлох өдрүүдээс дурдвал хоёрдугаар сарын 10-нд улирал албан ёсоор дуусна, хоёрдугаар сарын 12-нд бүх оддын тоглолт болох бол гуравдугаар сарын 3-нд Үндэсний Дээд лигийн плэйофф эхлэх тов гараад байна.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилтыг зохион байгуулна DNN.mn

Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх стратегийн команд штабын дадлага сургуулилтын талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр “Улаанбаатар хотод томоохон хэмжээний газар хөдлөлт болсон тохиолдолд бэлтгэл ажил ямар байгааг шалгах үзүүлэх сургуулилалтыг тавдугаар сарын 24-26-нд зохион байгуулна. Гуравдугаар сард зохион байгуулдаг байсан Газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах цугларах дадлага, сургуулилтыг энэ удаа хийхгүй. Сургуулилалтын үр дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна” гэлээ. Газар хөдлөлтийн үед холбогдох байгууллагууд ямар чадавхтай байгааг тодорхойлж гаргаж ирэх нь энэхүү сургуулилалтын гол зорилго аж.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2 дахин их байна DNN.mn

Эрүүл мэндийн салбарын цаг үеийн нөхцөл байдал, эмийн сангуудын эмийн нөөц, хүрэлцээ хангамжийн талаар НЭМГ-ын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүнд 63.1 байгаа нь алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэсэн үг. Нийт өвчлөгсдийн дунд 0-1 насны хүүхэд 21, 2-4 насныхан 24 хувь, 5-9 насныхан 13.4, 10-15 насныхан 6.2 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 3.8 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч хүндрэл их байгаа. Нийслэлийн хэмжээнд үндсэн 835 орон дээр 404 орыг нэмэлтээр ажиллуулж байна. Мөн төрөлжсөн зургаан эмнэлэгт үндсэн 726 ор дээр нэмэлтээр 226 орыг дэлгэсэн. Томуугийн амбулаторийн цагийг ажлын өдрүүдэд оройн 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цаг болгож, уртасгасан цагаар ажиллуулж байна. Мөн хүлээн авах тасагт нэмэлтээр 21:00, ид ачааллын үед 00:00 цаг хүртэл өрхийн эмч, амбулаторийн эмчээ ажиллуулж байгаа. Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2, сувилагчийнх хоёр дахин их байна” гэлээ.

Хэдий одоо томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог байгаа ч цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай. Иймээс олон нийтийн газар амны хаалт зүүх хэрэгтэйг ч сануулж, уриалсан юм. Ковидын дэгдэлт харьцангуй гайгүй байгаа ч бэлэн байдлыг хангаж, эмнэлгүүдэд эмийн гурван сарын нөөцийг бэлтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Нямхишиг: Энэ ханиаданд эм тариа гэхээсээ асаргаа сувилгаа, хоол тэжээл чухал DNN.mn

Уламжлалтын эмчилгээний “Наран М” клиникийн их эмч Э.Нямхишигтэй ярилцлаа.


-“Ханиад эдгэхгүй юм, 14, 21 хонолоо, сар боллоо. Толгой өвдөж байна, хий ханиалгаж байна” гэсэн зовуурь ярьсан хүмүүс их байна. Энэ бүгд ковидын дараах хүндрэл мөн үү?

-Ковид-19 цар тахал гэдэг утгаараа өвчний хүндрэл үлдэц их өгч байгаа. Ганцхан уушгинд биш, зүрхний судас, бөөрний судас, тархины судас гэмтээдэг учраас уушгины хатуурал, тархины цусан хангамжийн алдагдал, артерийн даралт ихсэх, пульс тогтворгүй болох шинж тэмдгүүд ихээр илэрч байна. Мөн архаг өвчнүүд сэдрэх, хүндрэх тохиолдлууд их гарч байна.

-Танай эмнэлэгт ямар шинж тэмдэг, өвчлөл, зовуурьтай хүмүүс голчлон хандаж байна вэ?

-Толгой өвдсөн, тэнцвэр алдагдсан, нойргүй боллоо, ядарч байна, даралт ихэслээ, ханиаж, амьсгаадаж байна, дархлаа суларсан, нуруу бөөр, үе мөч, зүрх өвдлөө, цээж хөндүүрлэж байна, амьсгаа боогдох мэдрэмжтэй, ой тогтоолт муудсан, анхаарал суларсан гэсэн зовуурьтай хүмүүс ирж байгаа.

-Тэдгээр хүмүүст ямар эмчилгээ хийж байна вэ?

-Манай эмнэлэг Монголын уламжлалт анагаах ухааны хануур, зүү, бумба, бариа, тан, заслаар эмчлэхийн зэрэгцээ шаардлагатай тохиолдолд эм тариа, дусал витамин хэрэглэдэг.

-Уламжлалт анагаах ухаанд цусыг шингэн байлгах, цусны эргэлтийг зөв байлгах нь эрүүл байхын үндэс гэж үздэг. Цусны аливаа үзүүлэлтээ хэвийн байлгахын тулд хувь хүн амьдралын ямар хэвшил мөрдвөл зүйтэй вэ?

-Цус хэт шингэн ч биш, өтгөн ч биш байвал цусны эргэлт хэвийн, судасны хана уян хатан байдлаа алдахгүй хийн болон цусан бүлэн үүсэхгүй. Уламжлалт анагаах ухаанд цус идээний тунгалгаас төлжиж, хүний биеийн хоёр дахь тамир болон биеийг шимжүүлж илчийг үүсгэнэ гэж үздэг. Вакцин хийлгээд даралт ихэсч, зүрх өвддөг боллоо гэсэн зовуурьтай хүмүүс ирээд байгаа. Дархлаажуулалтын үр дүнд вирусийн хоруу чанар багасч, өвчлөл үхэл буурсан ч суурь өвчтэй хүмүүст цус өтгөрөх шинж илэрч байна. Цусаа шингэн байлгахын тулд өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн 30-40 минут хийж, усыг биеийн килограмм жинд 30 мл-ээр бодож ууна.

Жимс, ногоо ахиу хэрэглэж хоолондоо ногоон ургамал хийж, мах бага хэрэглэх нь зөв. Эрт унтаж сайн амрах хэрэгтэй.

-Цус өтгөрснөөр ямар ямар өвчин, хүндрэл үүсэх вэ?

-Тархины цус хомсрох, харвалт, зүрхний шигдээс, судасны бүлэн үүсэх, бодисын солилцооны эмгэг үүсэх эрсдэл бий.

-Цус өтгөрч буйг мэдэх энгийн аргууд бий юү?

-Толгой өвдөх, эргэх, ядрах, арьс загатнах, цусны даралт өндөр байх, нойргүйдэх, суурь өвчнүүд сэдрэх, ойр ойрхон өвдөх, дархлаа сулрах шинж тэмдгүүд илэрнэ. Хамгийн гол нь шинжилгээгээр эритроцит гемоглобин ялтас эс ихсэх, улаан эсийн тунах урвал уртсах, фибриноген, өөх тос, шээсний хүчил, холестрин ГГТ ШФГ ЛДГ сахар ихэснэ. Цус бүлэгнэл ихсэх юмуу багасдаг. Мөн цусны эзлэхүүнд өөрчлөлт гардаг. Харин энэ үед уламжлалт анагаах ухаанаар цус шингэлж цусны судсан доторх хуйлрах хөдөлгөөнийг нэмэгдүүлж биеэс үхсэн болон үүрэг гүйцэтгэж чадахгүй эсийг гадагшлуулахад үр дүнтэй арга бол хануур засал гэж үздэг. Цулын өвчнийг хануураар, савны өвчнийг туулгаар зас гэдэг.

Даралт пульс ихсэх, төрөл бүрийн шалтгаант хаван, хуян хөөрөх, артер венийн судас бөглөрөх, цус зогсонгиших, захын цусан хангамж буурсан тохиолдолд хануур самнуур заслууд илэрхий үр дүнтэй байдаг шүү. Эмчилгээ хийлгээд нүд тунгалагшиж хараа сайжирлаа гэж үйлчлүүлэгчид маань хэлдэг.

Цус шингэлэх болон холестрин бууруулах, өвдөлт намдаах болон даралтны эмүүд нь гаж нөлөө ихтэй олон жил уусан хүмүүс ходоод, нарийн бүдүүн гэдэсний шарх, улайлт үүсгэх, судасны уян хатан чанарыг алдагдуулж, шохойжилт хоёрдогчоор тулай үүсэх тохиолдол гардаг.

Мэргэжлийн эмчийн хяналтад орж тан болон байгалийн органик бүтээгдэхүүн хэрэглэж шинжилгээтэй уялдуулан хануур засал хийлгэж явбал өндөр үр дүнтэй.

-Ковидын дараах хүндрэлийг бариа засал, зүү, төөнүүр, хануураар эмчлэх нь өндөр үр дүнтэй байгааг иргэд ч хүлээн зөвшөөрч байна?

-Энэ жилийн хувьд агаарын бохирдол ихтэй, агаарт байх хорт бодис ихэссэнтэй холбоотой амьсгалын замын халдварууд, мэдрэл болон цусан хангамжийн өөрчлөлт, арьсны харшил, халдвар, хордлогын шалтгаант эмгэгүүд ихэссэн.

Хүүхдийн өвчлөл ихэссэн нь мөн утаа ихсэж ойр ойрхон халдвар авсантай холбоотой. Ихэвчлэн вирусийн гаралтай учраас тохирох эм тариа ховор, антибиотикт мэдрэг бус нянгийн халдвар учраас эмнэлэгт хэвтээд эм тариа хэрэглээд үр дүн муутай байгаа тал ажиглагдаж байна. Эмнэлэгт хэвтээд гарлаа, сайн үр дүн өгсөнгүй гэж ярих хүмүүс ч ирж байна. Хүүхдүүдийн хувьд тан уулгаж асаргаа зөв хийвэл эдгэрч байгаа.

Ковид, ханиад томуугаар хүнд хөнгөн ямар ч хэлбэрээр өвдсөний дараа заавал нөхөн сэргээх уламжлалт эмчилгээ хийлгээрэй. Жилийн өмнө л ковидоор өвдөж байсан одоо мартамхай боллоо, үе мөч өвддөг, даралт пульс тогтворгүй, уушги хатуурсан гэсэн хүмүүс их ирж байна.

Ковидын вирусийн онцлог нь судасны эндотель буюу дотор ханыг гэмтээдэг учраас хатуурал сорвижилт үхжил бөглөрөл үүсгэдэг. Үүнтэй холбоотой инфаркт цус харвалт төрөл бүрийн шалтгаант буглаа ихэссэн. Нөхөн сэргээх эмчилгээг тууштай сайн хийхгүй бол удаан хугацаагаар хий ханиагаад намдахгүй яваа хүмүүсийн уушги хатуурч хоёр жилийн дараа эрхтэн шилжүүлэх хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна. Жилийн өмнө ханиад хүрсэн, одоо ч ханиалга намдахгүй байна гэсэн хүний уушгины СТ зургийг хүүхдүүд нь Франц руу явуулахад тийм хариу ирсэн. Тэгэхээр нөхөн сэргээх эмчилгээгээ тууштай хийлгээрэй гэж захия.

-Ханиадны үед хөлс гаргах нь нэн чухал гэдэг. Хөлсөө гаргах ямар арга байдаг вэ. Мана 4, Норов 7, Лидэр 7 зэрэг танг монголчууд түгээмэл хэрэглэдэг болжээ. Тангууд хөлөргөдөг гэв үү?

-Эдгээр тангууд нян нядлах, халуун бууруулах, дархлаа зүгшрүүлэх, идэвхжүүлэх, цус шингэлэх, хордлого тайлах, өвдөлт үрэвсэл намжаах үйлдэлтэй.

Хөлөргөх үйлдэлтэй борви, тойг зэрэг гурав, дөрвөн шимтийн ясны шөл Жонлон-5 Агар-15, Тунгалаг-5 зэрэг тан бий. Долоон баншны шөл ч хөлөргөх үйлчилгээтэй шүү дээ. Чанадаг тангуудыг ясны шөлөнд чанаж уувал илүү үр дүн өгдөг. Ер нь ямар ч танг удаан хугацаагаар уухад хөлс, тосны сүвийг нээснээр хөлөрч арьс чийглэг болдог.

Гадуур дэлгэрээд байгаа энэ ханиаданд эм тариа гэхээсээ асаргаа сувилгаа, хоол тэжээл чухал бөгөөд ажил амралтаа зөв зохицуулах нь тустай байгааг үйлчлүүлэгчдийнхээ жишээн дээрээс харж байна. Вирусийн гаралтай ханиад эмэнд дарагддаггүй.

-Сүүлийн үед ханиад хүрвэл хордлогод орох нь их болсон гэх юм. Бас эмийн хордлого ч газар аваад байна. Хордлогод орсон тохиолдолд уламжлалтын ямар эмчилгээ зохилтой вэ?

-Хордлогонд зүү, бумба, шивүүр тохирдог. Хүнд хордлоготой үед хөл, гарын 20 хурууг шивэх нь бий. Хоолой өвдсөн, хоол шингэлт муудсан үед эрхий хурууны зэтэр хатгаж эмчилдэг.


Categories
гадаад мэдээ

Казахстаны 18 настай бүсгүй Оросын их мастерыг хожив DNN.mn

Москва хотод болж буй “Шатрын одод 2023” олон улсын шатрын тэмцээний үеэр Казахстаны 18 настай тамирчин бүсгүй Оросын их мастер, дэлхийн шилдэг тамирчдын нэг Сергей Карякиныг хожиж, дуулиан тарьжээ. Рапид гэх түргэн тоглолтод Бибисара Асаубаева их мастерыг буулгаж авсан тухай Казахстаны Спорт, Соёлын яам өчигдөр мэдээлсэн байна.

Тэмцээний түргэн буюу блиц төрлийн тоглолтууд нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Шилдэг шатарчид оролцож буй “Шатрын одод 2023” тэмцээн $216,247-ын шагналын сантай юм байна.

Асаубаева нь эмэгтэйчүүдийн шатрын түргэн тоглолтын дэлхийн аварга бөгөөд олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер цолтой юм.Карякин энэ тоглолтынхоо дараа Асаубаеваг “маш сайн тоглодог дэлхийн аварга юм” гэж магтжээ. Өнгөрсөн онд Украинд хийсэн Оросын эзлэн түрэмгийллийг дэмжсэнийх нь төлөө Карякины тэмцээнд өрсөлдөх эрхийг Олон Улсын Шатрын Холбоо зургаан сараар цуцалж байжээ. Одоо 33 настай тэрээр Крымд төрсөн бөгөөд 2009 оныг хүртэл шатрын тэмцээнд Украиныг төлөөлж байжээ. Карякины дэлхийн чансаа одоо 10 дугаарт байгаа ба оргил үедээ 2011 онд 4-т оржбайсан гэж Kazinform” мэдээлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 28 ажлын 773 нэгж талбарыг чөлөөлнө DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 83.6 хувьтай байжээ. Тухайлбал, зуслангийн бүсийн орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор барилга, байгууламж, байгаль орчин, хог хаягдал зэрэг гурван чиглэлийн найман арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас суурь судалгааг авч, нэгтгэх ажлыг хийж байна.

Мөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор саарал усны шинэ технологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины баттерей, моторын тос, тосол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон юм.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автомашины баттерей, моторын тос, тосол дахин боловсруулдаг байгууллагуудад хяналт шалгалт хийхээр удирдамжийг боловсруулж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 28 ажлын 773 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх эрх зүйн орчны бүрдүүлэх журам боловсруулах, Нийслэл, дүүргийн хаягийн мэдээллийн сангаар зэрэгцүүлэн хаягийн мэдээлэл үүсгэх, холбогдох стандартын дагуу хаягжуулах, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байгаа. Үүнээс 898 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 188 барилга хүчитгэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хоёрдугаар үе шатны ажил эхэлсэн. Төслийн хүрээнд гурван Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх ажлын эрх зүйн орчныг бий болгох, барилгын зураг төслийг бий болгох, хүчитгэх ажлыг зохион байгуулах гэсэн гурван арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Мөн манай газар Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 28,971 барилга, гудамж, талбайн нэршил, зип кодын мэдээллийг тоон байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн. Хаягийн мэдээллийг системд хөрвүүлэх ажил 80 хувьтай байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МИАТ: Бээжин чиглэлд тогтмол нийслэг үйлдэж эхэллээ DNN.mn

МИАТ ТӨХК нь Ковид цар тахлын хязгаарлалтын улмаас гурван жил гаруйн хугацаанд завсарлаад байсан БНХАУ-ын Бээжин хотын зорчигч тээврийн нислэгээ өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс дахин эхлүүлж байна.

МИАТ ТӨХК долоо хоног бүрийн Даваа, Баасан гарагуудад тус хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ. Тус чиглэлийн нислэгийн тийз 1,208,000 төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд эрт захиалах тусам илүү хямд байх болно гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүүгч нар “Шударга ёсны талд зогсоно” хэмээн ерөнхий сайдад мэдэгджээ DNN.mn

Сүүлийн үед “Засаг, шүүх хоёр заамдалцлаа” гэсэн яриа нэлээд газар авлаа. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгнээс илүүтэй мэдрэгдэж байна.Тэрээр 2022 оны аравдугаар сарын 20-нд иргэний нийгмийн байгууллагынхантай уулзаад “Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг шийдэхэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. Эдгээртэй холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкны хэрэг дээр л гэхэд бүх баримт бичгийг хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн. Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай” гэжээ.

Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ “Хуулийн байгууллагын удирдлагуудтай хэд хоногийн өмнө хэд хэдэн хэргийн талаар ярилцсан. Шүүхэд нөлөө үзүүлж болохгүй ч иргэний хувьд яаж шийдэхийг нүд цавчихгүй харж байгаа гэсэн. Миний ойлгож байгаагаар прокуророос шүүх рүү шилжихэд ойрхон болсон гэж ойлгосон. Засгийн газар мөрдөх байгууллага, шүүх, прокурорын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ нүүрсний хулгайтай холбоотой том ажлын хэсэг гарсан учраас том үр дүн гарсан. Хөгжлийн банкны асуудал том үр дүн гаргасан. Тийм учраас энэ асуудал эцэслэгдэн, шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан.

2023 оны нэгдүгээр сарын 18-ны Засгийн газрын хуралдаан дээр “Шүүх хэрэг барьж удаана гэдэг бол өөрөө авлига шүү. Бид гэм бурууг тогтоохгүй. Гэхдээ буруутай, эсвэл үгүй гэдэг шийдвэрийг гаргалгүй 7-10 жилээр барьж байгаад замхруулдаг шүүхийн тогтолцоонд авлига байгаа эсэхийг олон нийтэд илчилж болно шүү дээ. Мөн шүүх хурал яагаад хаалттай явагдах ёстой юм бэ. Гэмт хэрэг, тэр дундаа авлигын хэрэг хөшигний цаана шийдэгдэж болохгүй. Шүүхийн ил тод байдлыг олон нийт шаардах эрхтэй. Энэ бол шүүхэд нөлөөлөх хэлбэр биш. Харин шүүхийн улс төрийн нөлөөг багасгаж чадах хөндлөнгийн хяналт болж чадна” гэжээ.

Энэ мэтчилэн шүүх рүү хандсан үгийг байсхийгээд л хэлдэг болсон. Үнэхээр ч олон жил яригдсан, анхаарал татсан хэргүүд шүүх рүү шилжиж байна. Хөгжлийн банкны хэрэгт гэхэд л 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдсон. Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжжээ. Хэргийг шүүгч нарт хуваарилжээ. Удахгүй анхан шатны шүүхийн шийдвэр гарч эхлэх бололтой.

Бас Ерөнхий сайд, Ерөнхий шүүгчийн хооронд таатай бус харилцаа үүссэн талаар албан бус мэдээлэл ихээхэн яригдаж байна. Шүүхийн талаар “үг” хэлсэн Ерөнхий сайдын талаар, эсвэл хариу болгож ингэж тэгж хэллээ гэсэн цуу үг цөөнгүй бий. Гэвч эдгээр нь албан бус учрсаас баталгаагүй гэсэн үг.

Уг нь Үндсэн хуульд 2019 онд хийсэн өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийн 2021 оны нэгдүгээр сарын 15-ны шинэчилсэн найруулгаар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, сахилга хариуцлагын асуудлыг улс төрийн нэг бүтцээс хамааралтай байдлыг халсан гэж ойлгодог. Гэвч шүүх эрх мэдэлд хөндлөнгийн нөлөөлөл, ялангуяа улс төрийн нөлөөлөл өнөө хэр нь байсаар байна уу. Ийм асуулт байна. Мөн л итгэхэд бэрх олон мэдээлэл дуулдсаар удлаа.

Ерөнхий шүүгч Д.Ганзориг 2021 оны аравдугаар сарын 18-нд Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын Үндэсний чуулганд илтгэл тавихдаа “Цаашид шүүгчийн хараат бус байдалд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна. Социализмын үеийн шүүхийг тодорхойлдог telephon justice буюу дээр байгаа даргаас утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь хуульчилсан тунхаг, хэлбэр төдий зохицуулалтаар “шилэн хорго”-нд амь бөхтэй явж ирснийг пост-социалист улсууд халахыг зорьж, шүүхийн шинэтгэлдээ тасралтгүй анхаарсаар байна” гэж байсан юм. Тэгвэл энэхүү “telephon justice”-ын дагуу одоо шүүхэд хэрэгждэг үү. Түүнчлэн selective justice буюу ялгавартай шударга ёс хэрэгжсээр байгаа юу. Иймэрхүү эргэлзээ шүүхийн эргэн тойронд байгаа нь нууц биш. Тухайлбал, саяхан шүүхэд шилжсэн Хөгжлийн банкны хэргээс төрийн өндөр албан тушаал хашдаг этгээдийн ойрын хамааралтай хүн “чөлөөлөгдөөд” үлдсэн тухай эх сурвалжууд ярьж, бичээр байна. Энэ нь чухамдаа, тэр дурдсан selec­tive justice юм.

Гэхдээ Монголын 600 шүүгч бүгдээрээ telephon justice дагуу шийдвэр гаргаж, selective justice тогтоодог гэвэл худлаа болно. Үүний нэг нотолгоо болох мэдээлэл өнгөрсөн долоо хоногт улс төр, хууль хяналтынхны дунд яригдлаа. Тэр нь, Ерөнхий сайдад 30 гаруй шүүгч “Улс төр, эрх мэдлийн нөлөөллөөс ангид ажиллаж, шударга ёсны талд зогсоно” хэмээн албан бусаар мэдэгдсэн гэх мэдээлэл юм. Тодруулбал, шүүгч нар Л.Оюун-Эрдэнийн яриад, хийгээд яваад байгаа “шударга ёсны тэмцэл”-ийг дэмжиж, 30 жилийн булхай луйврыг таслан зогсоохыг дэмжиж ажиллана хэмээжээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг 45 хүнийг баривчилжээ DNN.mn

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг НЦУГ-ын дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав танилцуулав.

Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 13,940 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногоос 8.3 хувиар буурсан үзүүлэлт. Гэмт хэргийн шинжтэй 2714 гомдол, мэдээлэл хүлээж авсан нь 4.2 хувиар буурсан. Хүний амь хохирсон дуудлага, мэдээлэл 17.1 хувиар өссөн байна. Хулгайлах, залилах гэмт хэргийн дуудлага мөн өссөн. Дээрх хугацаанд 7692 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3.7 дахин өссөн үзүүлэлт. Эргүүл, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлсэнтэй холбоотойгоор зөрчлийн илрүүлэлт сайжирсан.

Зөрчил гаргасан 7327 хүнд торгуулийн арга хэмжээ авч, 750 хүнийг эрүүлжүүллээ. 14 хоногийн хугацаанд 803 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 17.6 хувиар буурсан” хэмээв.

Сүүлийн гурван жилийн хугацаанд приус маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ийм 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь илрүүлж, нүүрсэн яндан хулгайлдаг дөрвөн бүлгийн 45 хүнийг баривчилжээ. Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл нь яндантай тээврийн хэрэгслээс нүүрстөрөгчийн дутуу ислийг 4.5 дахин их хэмжээгээр ялгаруулж байгаа нь тогтоогдсон байна.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдэд үлгэр жишээ болохуйц ажлыг Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гурав, 12 дугаар хороонд хийж, Ногоон бүсийг бий болгожээ. Ингэснээр тухайн бүсэд гарсан гэмт хэрэг, дуудлагын мэдээлэл 40.3, халаасны хулгайн гэмт хэрэг 18.3, танхайрах, олон нийтийн амгалан, тайван байдлыг алдагдуулах зөрчил 69.8 хувиар тус тус буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн эерэг үзүүлэлт байгааг дурдсан юм. Дээрх бүсийн 225 байршилд 553 камер байршуулжээ.