Categories
мэдээ нийгэм цаг-үе

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих хуулиуд DNN.mn

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Энэхүү хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хүчингүйд тооцно. Хуулийн онцлох заалтууд:

  • Согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд цахим орчин, холбооны хэрэгсэл, өөртөө үйлчлэх автомат машин ашиглан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хаягаар хүргэхийг хориглоно.
  • Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулна.
  • Барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно.
  • Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байх ба танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
  • Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0.33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.
    Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгана.

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 550 МЯНГА БОЛНО

Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоов.

Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсныг 31 хувь буюу 130,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.

ЦАЛИНГИЙН ОРЛОГООС ХАМААРАН ШАТАЛСАН ТАТВАР ТӨЛЖ ЭХЭЛНЭ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Уг өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авна. Сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд хамаарах юм. Тодруулбал цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгах аж.

  • 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
  • 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
  • 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар.

Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын нэгтгэсэн тайлангаас харахад цалин ба түүнтэй адилтгах орлого олсон 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош татвар ногдуулан цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа юм.

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) хүчингүй болж улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагдаж байгаа бүх тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг нэгтгэж нэгдсэн нэг тогтолцоог бий болгох юм.

Одоогийн байдлаар ойролцоогоор 914 тусгай болон бусад зөвшөөрөл байгаа нь Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор 363 болж багасах ба бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулах юм.

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

Шинэчлэн найруулагдсан “Шүүх шинжилгээний тухай хууль” 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн гол зорилго нь хэргийн бодит үнэнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, шүүхийн шатанд яллах, цагаатгах шийдвэрийг гаргах, хүний эрхийг хангахад оршиж байна.

Хуульд шүүх шинжилгээ хийх процессыг илүү нарийвчлан зохицуулагдаж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хуульчиллаа.

Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрд хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно.

Мөн энэ хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээгээр тогтоож, үнэлгээг тооцох, цахим технологи, инженер техникийн шинэ төрлийн шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад нэвтрүүлж байна.