Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт ахмадын 1.4 хувь нь магистр, докторын зэрэг хамгаалжээ DNN.mn

Манай улсад энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт хүн амын 7.8 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. Тэдний 59.6 хувь нь эмэгтэй, 40.4 хувь нь эрэгтэй.

Хүн амын дундаж наслалтыг харвал 1992 онд 62.7, 2011 онд 68.3 байсан бол 2021 оны байдлаар дундаж наслалт 71 болжээ. Үүнээс эрэгтэйчүүд 67, эмэгтэйчүүд 76 насалж байна.

2021 оны эцэст нийт 427,809 хүн өндөр насны тэтгэвэр, тэтгэмж авч байгаагаас 83 хувь нь Нийгмийн даатгалын сангаас, 17 хувь нь Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа юм.

Ахмадуудын боловсролын түвшнийг харвал, нийт ахмадын 16.2% нь техникийн тусгай мэргэжлийн дунд, 23% нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой бол 1.4% нь магистр ба докторын зэрэг хамгаалжээ.

Улсын хэмжээнд 100-аас дээш настай 155 иргэн байгаа бол Монголын хамгийн өндөр настан 112 настай байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тулга: Бид бионик гараа хүний хэрэглээг бүрэн хангадаг болтол нь хөгжүүлэхийг зорьж байна DNN.mn


Сим бионик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тулгатай ярилцлаа.


-“Энгийн мөрөөдөл” гэх төслийг хэрхэн эхлүүлэх болов. Яагаад энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон түүхээсээ яриагаа эхлүүлье?

-Анх Монгол Улсын хэмжээнд 580 гаруй гарны бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн судалгааг хийсний үндсэнд тэдний багахан ч гэсэн хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх зорилго тавьж хийж эхэлсэн. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг асуудлуудыг мэргэжлийнхээ зүгээс хэрхэн шийдэж болох вэ гээд бионик гар хийж үзье гэж бодсон юм. Төслийн хувьд 2019 онд анх санаачилж, судалгаа хийгээд, үндсэн ажлынхаа хажуугаар сайн дурын чиглэлээр уг төслийг давхар авч явах санаачилга гарч байсан. Тухайн үед гурван инженер маань судалгаа, зураг, кад гээд төрөл бүрээр туршиж, судалж үзэж байсан. Одоогоор хөгжүүлэлтийнхээ эхний нэг пазыг дуусгачихсан явж байна. Яг бүрэн бүтээгдэхүүн болоогүй, бүтээгдэхүүн болоход нэлээн ойртчихсон явж байгаа гэж ойлгож болно.

-Та бионик гарыг танилцуулахгүй юу, хэдэн үйлдэл хийдэг вэ?

-Төслийн зорилготой холбоотой гэвэл дэлхийн зах зээл дээр бионик гарын үнэ ханшийг судлаад үзэхэд ерөнхий зарагддаг бионик гар хамгийн доод тал нь 20-45 мянган ам.долларын ханштай байдаг. Энэ үнээр мэдээж жирийн монгол өрх бионик гар авахааргүй өндөр өртөг юм.

Манайх бионик гарыг яаж сайжруулах вэ гээд хямд төсөр аргаар, өөрсдийн боломжоор, ижил үйлдэлтэй хийх гээд үзье гэдэг алсын хараатайгаар эхэлсэн. Манай гарны хувьд үндсэн материал нь 3D принтерээр хэвлэгддэг, гадна карбон бүрэлтийн хувьд Монголд хийдэг. Бионик гарт хэрэгтэй тоног төхөөрөмжийг АНУ, БНХАУ, Хонконг гэх зэрэг олон жилийн туршлагатай брэнд үйлдвэрлэгчдээс чанартай гэсэн эд ангиудыг авдаг.

Энэхүү гар нь үндсэн найман хөдөлгөөн хийх боломжтой. Хөдөлгөөний ялгалт нь 2-3 хөдөлгөөн байсан ч тухайн хүүхдэдээ их хэрэгтэй байгаа. Удирдлагын арга нь булчингаас ирж буй дохиог хүлээж авч түүнд нь тааруулаад хөдөлгөөнүүдээ ангилаад үзүүлдэг гэсэн үг юм. Манай үйлдвэрлэж байгаа бионик гар ерөнхийдөө булчингаас мэдээллээ авдаг. Булчин яаж ажилладаг вэ гэвэл тархинаас долгион очиж тэр хэсгийн булчинг агшааж тэлж хөдөлж байгаа, тэр агшиж тэлж байгаа жижигхэн хүчдэлийн өөрчлөлтийг нь бид өөрсдөө ямар нэг сенсор ашиглаж уншиж түүнд нь ямар нэгэн шүүлтүүр, боловсруулалт хийж ялгаатай хөдөлгөөнүүдийг үүсгэхээр моторуудаа программчилж байна гэсэн үг.

-Та бүхний бүтээж байгаа гар хэр хэмжээний өртөг шаардаж бүтэж байгаа вэ?

-2021 оны байдлаар нэг бионик гарыг таван мянган ам.доллараар үнэлнэ гэж гаргасан. Энэ нь яг одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр борлуулагдаж буй гартай харьцуулахад бараг таваас арав дахин хямдхан болж байгаа юм. Тэдгээр гартай харьцуулахад даах чадлын хувьд арай бага боловч хийх үйлдлийн хувьд боломжийн. Тухайлбал, тэр хүүхдийн хувцсаа бариад явах, цүнхээ өргөчих хэмжээний даацтай гэсэн үг. Ерөнхийдөө хямд төсөр аргаар өөрсдийнхөө мэддэг чаддаг зүйлээр дээд мөчдийн асуудалтай хүүхдүүдэд туслах гээд явж байна.

-Та бүхний хувьд нэг бионик гарыг ямар хугацаанд хэрхэн үйлдвэрлэдэг вэ?

-Нэг гар гэхэд хоёр сарын хугацаанд үйлдвэрлэлийн 11 шат дамжлагын дарааллаар бүтдэг. 3D принтер ашиглан PLA гэх пластик материалаар 3D хэвлэх технологиор хийдэг. Бусад хиймэл гартай харьцуулахад өртөг бага, үйлдвэрлэх хугацаа богино, хүүхдийн төсөөлөлд тааруулан хүссэн өнгө хэлбэрээр бүтээх боломжтойгоороо онцлогтой.

PLA материалын хувьд эрдэнэшишийн цардуулаас гарган авч, үйлдвэрлэгддэг учир ямар нэгэн хор нөлөөгүй. Бионик гарыг хэрэглэж буй хүүхдэд гаж нөлөө, харшил өгөхгүй зэрэг давуу талуудтай.

-Нэг жилийн дотор 50 хүүхдийг бионик гартай болгоно гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа гэсэн. Одоогоор ямар үе шатан дээрээ явж байна вэ?

-50 хүүхдийг бионик гартай болгоно гэсэн ч бидэнтэй холбогдож манай хөгжүүлэлттэй таарч байгаа хүмүүсийн тоо их цөөхөн

байгаа. Тухайлбал, дээд мөчдийн бэрхшээлтэй гэж байгаа ч гэсэн дотроо олон төрөл байдаг, шуунаас дээш, шуугаар, сарвууных гэх мэт. Бидний хувьд бол шуунаас доош хэсэг буюу тохойноос бугуй хүртэлх гэмтэлтэй хүүхдүүдэд таарч байгаа. Бидэнтэй холбогдсон хөгжүүлэлтэд таарч байгаа бүх хүүхдүүддээ ерөнхийд нь 3-4 жилийн хугацаанд үргэлж холбоотой байж, зөвлөх эмчтэй болгосон байгаа. Цаашдаа бионик гартай болсон хүүхдүүдээ түлхүүр хэрэглэгч болгож, тэднээсээ эргүүлэн санаа авч сайжруулах зүйлүүдийг сайжруулаад явна.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүүхдийг бионик гартай болгосон бэ?

-Бид давхардсан тоогоор 12 хүүхдийг бионик гартай болгосон. Давхардсан тоо гэдэг нь цэвэр механик удирдлагатай, мөн электрон удирдлагатай гээд хоёр төрлийн гар байгаа. Механик нь энгийн тохой хэсгээр нугаларахад шууд базах хөдөлгөөн хийдэг төрлийн гар юм. Монголд болохоор яг ийм бионик гар хийдэг газар байхгүй. Протез үйлдвэрлэлийн хоёр газар байдаг. Гадна харагдац байдлаар дутагдлыг нь нөхөх зорилгоор хүний арьстай ижил байдлаар урд хөрш БНХАУ руу захиж хийлгэдэг. Үнэ нь ойролцоогоор нэг сая орчим төгрөг, агаарын солилцоо ерөөсөө байдаггүй хүүхдийн биед их харшилдаг, улайлгадаг, ямар ч үйлдэл хийх боломжгүй. Мөн тухайн хүүхэд өснө тэгэхээр дахиад худалдаж авах шаардлагатай болдог. Тухайн газар нь хүүхдэд зориулсан байдлаар өөрсдөө хийж өгдөггүй.

-Хүүхдүүдэд бионик гарыг өгөхөд тэд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Бидний хувьд бол үзэг, аягаа барих зэрэг нь маш энгийн мэт санагдаж байгаа. Гэтэл эдгээр үйлдлүүдийг хийж чадахгүй хүүхдүүдэд тэр үйлдлийг хялбарчилсан чухал зүйл нь болж байгаа юм. Тэдний хувьд бол ялангуяа эцэг эхчүүдийн сэтгэл зүйн байдлын хувьд хүлээлт их байгаа.

Бидний хувьд тэр хүлээлтийг улам өндөрсгөх гэж эрмэлздэггүй, анхнаасаа нөхцөл байдлаа яг тодорхой процессоо хэлээд үргэлжлүүлээд явдаг. Тийм болохоор үлгэрийн юм шиг эмоци гаргахгүй ч талархсан мэдрэмжтэйгээр гараа авчихаад бөмбөг зэрэг барьж байхдаа их баяртай харагддаг.

-Танай компанийн хувьд цаашид бионик гар шиг өөр бүтээгдэхүүн хийх зорилт байна уу?

-Бионик гар шиг ийм хөгжүүлэлт нь урт хугацааны хөгжүүлэлт байдаг. Нэг компанийн олон жилийн туршлага дээр цаашид ахиж дэвшиж байдаг зүйл. Тэгэхээр бид өөрсдийнхөө хэмжээнд 3D принтертэй анх эхэлж байсан яг тэр хүрээндээ бүтээгдэхүүн болоход нэлээн ойртчихсон байгаа гэж бодож байна. Гар бол бүтээгдэхүүн болоход ойртчихсон боловч зах зээл дээр худалдаалагдахуйц гэж хэлэхэд хэцүү. Ер нь үүнтэй адилхан хөлийг ч юм уу хийхэд хэцүү, урт хугацаа хэрэгтэй. Тиймээс эхлээд бионик гараа хүний хэрэглээг бүрэн хангадаг болтол цааш нь үргэлжлүүлээд явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль шинэ дотуур байртай болов DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен нар холбогдох төлөөллийн хамт Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллалаа.

Тус сургууль нь Монголын ашигт малтмалын салбарт мэргэшсэн инженерүүдийг бэлтгэдэг. 370 гаруй оюутантай, 69 багш, ажилтантай. Төгсөгчид нь 100 хувь ажлын байраар хангагддаг бөгөөд дотоод, гадаадын ашигт малтмал, уул уурхайн компаниудад ажилладаг. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон төсөл ашиглалтад ороход инженерүүдийн эрэлт хэрэгцээг хангахад уг сургууль хувь нэмрээ оруулах юм. Мөн Герман дахь түнш их, дээд сургуулиудтай хамтарч олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн академик стандартыг нэвтрүүлэхээс гадна оюутнуудын суралцах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажилладаг байна.

Сургуулийн хувьд 3 тэнхим, шинжлэх ухааны 8 лаборатори, 3 кампустай. Үүний нэг болох 360 гаруй ор бүхий хүчин чадалтай дотуур байртай боллоо. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Түүнчлэн хоёр талын уулзалтын үеэр Германы тал манай улсад олгодог хөгжлийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгохоор болов. Ингэснээр өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдийг үргэлжлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн өдөр талууд оюутнуудтай уулзаж, тэдний санал бодлыг сонсон харилцан ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

​ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА DNN.mn


“Сонин хэвлэлийн рулон цаас нийлүүлэх” тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Үнийн саналыг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13:30 цаг-аас өмнө “Өдрийн мэдээ” ХХК,

Монгол ньюс” ХХК-д ирүүлнэ үү. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн [14:00 цаг] -т нээнэ.

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Д/д Барааны тодорхойлолт 62см хэмжээтэй, 45гр нягтралтай, цаас байх.

1 Стандарт Олон улсын ISO9001:2008/9001:2015 болон SO14001:2004/14001:2015 стандартад нийцсэн дэлхийн зах зээлд танигдсан албан ёсны дистрибьютерийн гэрчилгээтэй, архивын нөхцөлд 100 хүртэл жилийн хадгалалтыг даах чадвартай.

2 Баглаа боодол Стандарт шаардлага хангасан зориулалтын сав баглаатай байх. Нийлүүлэгч нь дор дурдсан материалуудыг ирүүлсэн байна.

Үүнд: Үнийн санал /гарын үсэг тамгаар баталгаажуулсан байх мөн нэмэлт дагалдах урамшуулал, хөнгөлөлт санал болгох тухай/, Улсын бүртгэлийн гэрчилгээ, НӨАТ төлөгч байх, Компанийн дэлгэрэнгүй танилцуулга, Бичгийн цаасны гарал үүсэл, техникийн тодорхойлолт, чанарын сертификат Сонирхсон хувь хүн болон хуулийн этгээд техникийн тодорхойлолт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ардын эрх “Өдрийн сонин”-ы газар 401 тоот өрөө. Утас: 99112954, 99088689

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХУД-ийн Номингийн уулзвараас Орхон их сургууль хүртэл зам хаана DNN.mn

Хан-Уул дүүрэг, 19-р хороо Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын ажлын хүрээнд Номингийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны аравдугаар сарын 24-ний өдөр хүртэл хязгаарлан зам барилгын ажил хийж гүйцэтгэнэ. Иймд иргэд жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/384 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Журам батлах тухай” 192 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн хил орчимд ажиллалаа.

БОАЖЯ, ГИХГ, ТЕГ, ХХЕГ-аас хамтарсан аэлын хэсэг хил орчмын аялал жуулчлалын хөтөлбөрийг боловсруулах, зөвшөөрөгдөх маршрутыг газар дээр нь үзэн судлах зорилгоор Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтод ажиллаж байна.

Ажлын хэсэг газар дээр нь ажиллан дараах арга хэмжээний хүрээнд нэгдсэн ойлголттой боллоо.

Үүнд:

– 72 цагийн жуулчдыг нэвтрүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн нөхцөлийг сайжруулах,
– Хоёр талын аялал жуулчлалын байгууллагуудад ойлгомжтой байдлаар хилээр нэвтрэх процессыг зураглал тогтоох,
– Боомтын бүсэд цахим виз олголт, зөвшөөрлийн нөхцөл байдлыг сайжруулах
– Маршрутын хил хязгаарыг тогтоох

Эх сурвалж: БОАЖЯ


Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Илон Маск зохион бүтээж буй роботоо танилцууллаа DNN.mn

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск өчигдөр болсон “Tesla AI Day” хиймэл оюуны технологийн өдөрлөгийн үеэр өөрийн компанийн бүтээж буй хүн дүрст роботын туршилтын загварыг үзүүлжээ.

Optimus нэртэй энэхүү робот одоо Тесла компанийн цахилгаан автомашины үйлдвэрт туршигдаж байгаа ба ойрын хэдэн жилийн дотор бөөнөөр үйлдвэрлэгдэж, зах зээлд гаргах гэнэ.

Маск арга хэмжээнд оролцогчдод цэцэг услах, хайрцаг зөөх, металл эд анги өргөх зэрэг энгийн үйлдэл гүйцэтгэж буй Оптимусын дүрс бичлэгийг үзүүлсэн байна.

Гурваас таван жилийн дотор зах зээлд гарахдаа Оптимус нь $20,000 хүрэхгүй үнэтэй байх гэнэ.

“Бидний мэдэх соёл иргэншил үндсээрээ өөрчлөгдөх цаг үе ойртож байна” гэж Илон Маск танилцуулгын үеэр хэлжээ.

Гэвч хөрөнгө оруулагчид, зах зээл судлаачид Тесла компани цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх үндсэн бизнестээ төвлөрөхийн оронд хүн дүрст робот зохион бүтээж байгаад гайхаж, санаа зовж байгаагаа илэрхийлцгээжээ.

Харин Маск энэ төслөө хиймэл оюуны салбарын хамгийн чухал асуудлуудын нэг болох хүнийг машинаар бүрэн орлуулах чиглэлд хийгдэж буй ажил гэж тайлбарласан байна.

“Бид роботыг Терминаторын замаар явуулахгүй байхад үргэлж анхаарал тавьж, болгоомжтой хандах ёстой” гэж тэр ярьжээ.

Маск бас робот нь эрсдэлтэй тохиолдолд “зогсоох” товчтой байх ба Тесла компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ чиглэлд хувь нэмрээ оруулах шаардлагатай болсныг хүмүүст тайлбарласан байна.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр хасах 5 градусыг давж цочир хүйтэрнэ.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар тогтвортой хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 10-р сарын 01-ний 20 цагаас 10-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зүур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 2-7 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Малыг малчдад DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ: НАЙМАН ЖИЛИЙН ӨМНӨХ ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА


Өдрийн сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, сэтгүүлч Б.Цэнддоотой манай сурвалжлагч Ж.Гангаа ярилцав. Тухайн үедээ нийгмийн сэтгэл зүйд гайхалтай нөлөө үзүүлж, шинэ цаг үеийг хүсэн мөрөөдсөн мянга, мянган хүний сэтгэлд гэгээ нэмсэн нэгэн бүтээлийн талаар түүнтэй хөөрөлдлөө.


-Яриагаа социализмын төгсгөлийн жилүүдэд гарсан хамгийн эсэргүү, намын төрийн бодлогын эсрэг өнгө илэрхий санаатай өгүүллээс эхэлье. Мэдээж тэр өгүүллийн зохиогч нь та байсан. Нэгэн үеийн шийтгүүлмээр зүйлс дараа үеийн сайшаалтай юм болдог гэдэг.

-Тэр үед хожмын сайшаал, шагналын тухай бодохтой манатай. Тэгсэн атлаа бичихгүй байж чадахгүй байсан юм аа.

-Яг хорин жилийн тэртээ таны “Малыг малчдад” өгүүллээрээ нэгдлийг тарааж, малыг нь эргүүлэн өгөхийг шаардаж. Өөрчлөн байгуулалт өрнөж байсан ч гэсэн ардчилал руу ороход бас цөөн хоног үлдсэн, пролетарийн диктатур алга болчихоогүй байсан цаг. Миний ойлгосноор бол тэр үеийн МАХН-ын улс төрийн товчоо хэмээх төр засгийн эрхийг үнэмлэхүй барьдаг байгууллагаас нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргаад байсан…Тэгэхээр бичлэгийн чанар чансаанаас илүүтэйгээр асуудлыг сөхөж бичих зориг, зүрхийн тухай асуудал яригдаж таарна.. Уучлаарай, таныг зоригтой л байснаас биш тааруу бичсэн гэх гээгүй юм шүү.

-Яг нарийндаа бол би тийм зориг зүрхтэй нэгэн биш. Харин ч зөөлөн халирхай хүн шиг байгаа юм. Гэхдээ зориг гээч юм олон янз бололтой. Яг л Зориг нэртэй боловч ардчиллыг эсэргүүцдэг хүн байж л байдаг шиг. Чөтгөртэй газраар шөнө ганцаараа явахаас айдаггүйгээс эхлээд Тайсонтой зодолдохоос сийхгүй цөс ихтэй, зүрх зоригтой нөхөд байна. Гэтэл орой зургаан цагаас хойш гадаа гарахаас айдаг мөртлөө өөрөөс нь дэндүү хүчирхэг төр засгийн машинтай үзэж тардаг, учирч болох дарамт, ял шийтгэлээс хулчийдаггүй, шударга үнэн гэж үзсэн зүй­лийнхээ төлөө амь амьдралаа зо­риулахад бэлэн хүн ч таа­ралддаг. Тэгтэл гарт нь зэв­сэг юмуу, эрх мэдэл ороод ирэхийн цагт арслан барс ч “сур харвамаар” сүр ба­рааг олдог нэгэн ч байх. Бас таарсан болгонтойгоо муудалцаж хэрэлдэж явдгаа ихээхэн зориг зүрхтэйд тооц­дог улс тааралддаг. Ингээд бодоход хэн нэгний тухай зо­риг зүрхтэй гэж ярих их амар­гүй болцроод байна л даа.

Харин хүний мэргэжил эзнээ өөрийнхээ ёс зүй, үнэнч шударга зүтгэл рүү хөтөлж явдаг. Сайн муу ямар ч эмч өвчтөнөө үхээд байг гэж бодохгүй, өөрийн гар дээр ирсэн болгоноо эдгээгээд байхсан гэж бодно. Цагдаад сайн муу ажилтан бишгүй байгаа ч ерөнхийдөө л хууль бус үйлдэлтэй тэмцэх хүсэл зориг нь нийтлэг л байгаа. Тэрэн шиг сэтгүүлч хүнд нийтэд хүргэх зайлшгүй шаардлагатай мэдээлэл, бусад зүйл байгаа цагт тэрийгээ гаргахгүй бол санаа амардаггүй нэг зан байдаг. Чи мэднэ дээ, сонины удирдлага ерөнхий бодлогоо л барина уу гэхээс сэтгүүлчдийнхээ яг юу бичихийг бүгдийг нь заах боломж байдаггүй болохыг. “Дорж бол муу хүн, чи нэг сайхан муулаад өг” гэхэд за гээд баахан хараал урсгаад ирдэг, дараахан нь дуудаад “Өнөө Дорж чинь хүний хайлан байсан ажээ. Магтаад ир” гэхээр дорхон нь хэдэн хуудас ерөөл туурвидаг сэтгүүлч байх нь байдаг байх, хүн л юм хойно. Гэхдээ ийм хүмүүс өнөөгийн монголын сэтгүүл зүйн өнгө төрхийг тодорхойлохоо нэгэнт больчихсон.

-Миний асуултын эхлэл рүү яасан удаан дөхөж байна аа.

-Та социализмын хамгийн том ололт, “нэгдэлжих хөдөлгөөн ялснаар социалист үйлдвэрлэлийн харилцаа ялсан” гэж үздэг тэр “аугаа” үйл явдлынхаа ойг социалист төр нь тэмдэглэх гэж байхад шүүмжилж чаддаг яасан баатар зүрхтэй хүн бэ, гэж ойлгогдох асуулт тавьсан аа даа. Уг нь “Тиймээ би ч үнэхээр зоригтой хүн шүү. Муусайн коммунистууд намайг яавал ч яаг, ариун үйлсийн төлөө үхсэн ч яахав гэж бодоод л үзгээ шүүрч байлаа” гэхчилэнгээр бүлтрээд эхэлбэл амархан л байна л даа. Үнэн хэрэгтээ би бичсэн юмнаасаа айж эргэлзэж, тэр ч байтугай гаргахаасаа өмнө их бодсон доо. Мэдээж ХХ зууны хорь, гучаад он шиг алж шулаад хаячихгүй ч гэсэн нам төрийн дайсны пайз зүүгээд Лоохууз гуай энэ тэр шиг хээр хөдөө цөлөх бол бодитой л байсан цаг. Хамгийн гол нь хүүхдүүд нялх нярай байсан, тэднийгээ зовлонд унагах вий гэсэн айдас байлаа. Гэхдээ гаргахгүй, бичихгүй байж чадаагүй. Яагаад гэдгийг тайлбарлахын тулд л эр зориг олон янз байж болох тухай ярив даа. Ингээд харахад над бас нэг шалихгүй жаахан иргэнлэг зориг зүрх байжээ, тэр нь миний төрөлх чанараар, эсвэл миний эзэмшсэн сэтгүүлчийн мэргэжлээр уламжлан төлөвшсөн юм болов уу, гэж.

-Орон даяар магтан сайшааж, 30 жилийнх нь ойг тэмдэглэх гэж байсан үйл явцын буруу нь юундаа байгаа вэ?

-Өнгөрсөн зууны 59 онд малчдын малыг “сайн дурын үндсэн дээр” хүчээр хураан нийгэмчилснээр найман зууны түүхтэй Монгол Улсад хувийн өмчийг устгасан. “Хувийн өмч байхаар хүн баяжаад, баяжихаараа бусдыгаа сорон мөлжөөд эхэлдэг тул нийт ардыг жаргаахын төлөө өмчгүй болгосон нь МАХН-ын их гавьяа” хэмээн сургаж байлаа. Хувийн өмч нэгэнт байж болохгүйгээс хойш хүний ойр зуурын хэрэгцээний шальгүй эд өлгийг “амины өмч” хэмээн өхөөрддөг байж. Гэтэл малчид нь малгүй бол тураад үхнэ биз дээ. Ингээд амь зогоох амины малыг нь богийн толгойд шилжүүлснээр хангайн бүсэд 50, говьд 75 толгой хэмээн тогтоосон. Энэ тооноос илүү гарвал улсдаа “дүүрэн баяртайгаар” хураалгах үүрэгтэй төдийгүй жил бүр малд нь сүү, мах, ноосоор дамжуулан чамгүй татвар ногдуулна. Түүндээ “Сайн дурын үндсэн дээр тушаах ногдол” хэмээх наргианы нэр өгөх ба муу дур гарган тасалдуулбал хатуу шийтгэнэ. Ингээд шальгүй хөлсөөр “нийгмийн” гэсэн тодотголтой эзэнгүй мал малладаг, дээр нь өөрийнхөө малыг өсгөвөл хураагаад авчихдаг учраас мал өсөхөө байчихсан юм. Би энийг л буруушааж мал өсөхгүй байгаагийн буруу нь тэр “ялсан социалист үйлдвэрлэлийн харилцаа” гэдэгт чинь байна аа. Иймд бүх малаа буцаагаад малчдад нь тараагаад өгчих, тэгвэл мал өснө гэж л бичсэн хэрэг. Нэг талаасаа гэмгүй юм шиг боловч нам засгаас социализмын том ялалтын нэг гэж үзээд 30 жилийн ойг нь тэмдэглэх гэж байгаа зүйлийг буруушаасан зүйл л юм даа. Ухаад байвал хувийн өмч нь нийгмийн өмчөөс давуутай юм биш үү гэсэн санаа.

-Тэгээд ийм санаатай зүйлийг амархан хэвлэсэн гэж үү?

-Миний “Малыг малчдад” өгүүлэл “Хөдөлмөр” сонины 1989 оны 9 сарын 15-ны дугаарт гарсан юм. Одоогоос хорин жил хоёр хоногийн өмнө. Ардчилсан холбоо мэндлэхэд бас хэдэн сар дутуу, харин Бат-үүл эд нар бол нууц бүлгэмээ байгуулдгаа байгуулаад, ухуулах хуудсаа наагаад, НАХ Яаманд гардуулдгаа гардуулчихсан байсан цаг. Бичсэн миний бие бөөн эргэлзээтэй, хэрдээ айдастай байсан юм чинь нийтэлсэн сонины хариуцлагатай хүмүүст тун амаргүй байсан байх. Тэр үед С.Жамбалдорж гуай эрхлэгч, Цогсүрэнгийн Ганболд хариуцлагатай нарийн бичгийн дарга нь байжээ. Яг сониноо гардаж хийдэг байсан хүний хувьд Ц.Ганболд чамгүй иргэний зориг гаргасан даа. Үүнийх төлөө тэдэнд талархах учиртай.

-Хасаж барьсан юм байна уу?

-Бараг үгүй дээ. Нэг өгүүл­бэр дарагдсан байсан нь бич­лэгтээ тийм ч нөлөөгүйн дээр тэр үедээ арай ч сэрүүдэхээр юм байсан юм. Нэг ийм утгатай “Дэлхий даяар маш олон суут төрсөн байхад зөвхөн Маркс, Энгельс, Ленин гээд гуравхан хүний сургаалыг дагаж байгаа нь арай цөөдөж байгаа юм биш үү” гэсэн гэнэндүү өгүүлбэр байсан юм.

-Та тэр үед “Үнэн” сонинд сурвалжлагч байсан гэсэн. Яагаад өөр сонинд юм аа гаргасан юм бэ?

-Би тэр өгүүллээ “Үнэн” сониндоо гаргах гэтэл татгалзаад, тэгэхээр нь “ та нар болих л гүй юү” гэж ирээд л , “Хөдөлмөр” сонинд бариад очтол уухайн тас гаргасан юм бол биш ээ. Би их сургууль төгсөөд “Үнэн” сонинд очсон. Намайг Л.Түдэв гуай тэнд авсан юм. Тухайн үедээ “Үнэн” сонин өөрчлөн байгуулалтын талд зогсож, тэр цагтаа зоримогт тооцогдох нийтлэлээрээ гайхуулж, анх удаа улс төрийн товчооны гишүүдээ шүүмжилж байсан нь бас үнэн юм. Би социалист систем нуран унаж, ардчилал зах зээлд шилжинэ гэж тэр үед боддоггүй байсан. Ер нь Баабар нарын хэдэн хүнээс өөр хэн хэн тэгж боддог байсан юм бол доо?

“Социализм байгуулах яв­­цад алдаа гарсан бай­на, тэрийгээ өөрчлөн бай­гуу­лалтаар засаад, улам сайж­раад, зөв социализм байгуулах” юм байна л гэж төсөөлдөг байсан мянга мянган хүний л нэг. Манай орон тусгаар тогтнолоо сэр­гээсэн, тусгаар тогтносон улс байхад зайлшгүй хэ­рэг­тэй суурин иргэншил-хотшил бий болгосон зэрэг нь социализмтай холбоотой гэдгийг монголчууд сэтгэл зүрхээрээ мэдэрдэг байсан болохоор ээл болсон систе­мээ сөнөөх тухай төсөөлөхөд амаргүй ч байсан байж ма­­гад. Хожим мэдэхнээ монголчуудын заяа түшиж, дэлхийн дайн, ялалтын дараах дахин хуваагдал, коммунист хүчирхийлэл зэргийн яавч хүсээд баймгүй үйл явдлын хаялагаар тусгаар тогтнолоо сэргээгээд зөндөөн юм хожоод гарсан байдаг. Өнөө “хортныг номхотгогч бурхад ямар ч дүрээр заларч болно” гэлээ гэдэг шиг.

“Үнэн” сонин ч Михайл Горбачевийн эхлүүлсэн өөрчлөн байгуулалтад л хамаг найдвараа тавьж байсан. Тийм болохоор “ намын ба намынхаа байгуулж буй социализмын үнэт зүйл” рүү халдаж зүрхэлдэггүй, боломж ч байхгүй байж. Энэ нь сонины буруу байгаагүй, угаасаа намын хэвлэл тийм л хувь заяатай, үүнийг би ардчилал зах зээлээс хойш МСДН-ын “ҮГ” сонинд ажиллаж байхдаа харж байсан. Тэгээд “МАХН ба социализмын үнэт зүйл”-ийг хөндсөн бичлэгээ МҮЭ-ийн хэвлэл, илүү либерал бодлоготой “Хөдөлмөр” сонинд өгсөн хэрэг. Ийм л учиртай.

-Баабараас өөр хэн хэн л тэгж бодож байсан бол… гэсэн юм сая та хэлчихвээ?

-1989 онд Тянь Аньминий талбайд гарсан бослогыг цус урсган дарсны дараахан Баабар надад хэлж байсан. “Ардчилал, социалист ардчилал хоёр адилхан юм шиг санагдавч зарчмын хувьд өлгүүр, дүүжлүүр хоёр шиг ондоо гэдэг юм. Горбачевийн болоод Дэн сяопины өгч байгаа зүйл ардчилал биш. Дэглэм дотроо, тодорхой хязгаартай жаахан боломж л өгч байгаа зүйл. Өгсөн хязгаараас нь даваад ирэхээр толгойг нь тайрдаг юм. Ардчилал гэдэг манайхны ойлгож байгаагаас өөр юм. Тэр хүртэл ардчилахыг зөвшөөрнө гэдэг ойлголт байж болдоггүй” гэж байсан. Наяад оны эхнээс үерхсэн найзын хувьд Баабарын яриаг, нийгмээ тогтоцоор нь дамжуулан өөрчлөх тухай санааг арай л дэврүүн мөрөөдөл байхаа л гэж боддог байсан юм аа. Үнэндээ Завхан аймагт төрж, сумандаа 10 төгсгөөд МУИС –аас диплом авсан залуу хархүү социалист нийгмээ тэр чигээр нь унагаад эх орондоо капитализм байгуулах нь зүйтэй гэдгийг ухаарах амаргүй л дээ. Учир нь тэр системийн бий болгосон боловсролын тогтолцоо шилбүүр барьж төрсөн гарт минь үзэг атгуулсан байлаав шүү дээ. Социализм нурж эхэлсэн тэр өдрүүдэд л бидний оршин амьдарч буй систем үеэ өнгөрөөж байгааг харсан мянга мянган хүний нэг нь би юм. Хамгийн гол нь монголын ардчиллыг угтаж ч дэмжсэн, зэрэгцэж ч тулалцсан хувь заяандаа бахархдаг.

-Малыг малчдад гэдэг санааг хүмүүс яаж хүлээж авсан бол?

-Ерөнхийдөө дорвитой өөрчлөлт нэхэж байсан олон түмэн халуунаар хүлээн авсан. Маш олон хүн тэр үед гуч хүрээгүй байсан намайг их өөрөөр, ахмад буурь сууртай хүнээр төсөөлж байсан гэдэг. Нэгдэлд хөрөнгөө хэд хэд хураалгачихсан , хоршоолох хөдөлгөөнд хонзонтой, нэлээд настай хүн гэж бодох нь элбэг байж. Баабар Хөвсгөлд явж байгаад нэг өвгөнтэй уулзсан чинь “Тэр Цэнддоо гуай айхавтар зөв юм бичжээ. Малыг нийгэмчилсэн нь ямар буруу зүйл болсныг хүүхдүүд та нар сайн мэдэхгүй ээ. Цэнддоо гуай бид нар бол сайн мэднэ” гэж ирээд л ярьсан гэсэн. Зарим нь үүний цаана “намын эсрэг бүлэг байна” гэж оношлосон ч байдаг л юм. Ямарч байсан миний болоод манай монголчуудын аз гийж үүнээс 10 -хан сарын дараа анхны чөлөөт сонгуулиар Ардын их хурлын депутатуудаа сонгож билээ.

Сонирхуулахад 1990 оны эхээр хөдөө аж ахуйн тэргүүний сайчууд ба “Малчдын төлөө хөдөлгөөн”-ийнхнийг зурагтаар яриулж билээ. Нөгөө талын магнайд хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд гуайгаар толгойлуулсан “одон тэмдэг бүхий” малчид ярайгаад л. Тэдний үүрэг бол малыг нийгэмчилсэн нь хичнээн зөв болохыг өөрийн жишээн дээр батлах явдал. Аварзэд гуайг ч ярих юм биш. Малчид нь болохоор, нэгдэл тарвал бид турж үхнэ, мал өгсөн ч авахгүй гэлцээд л байж билээ, зайлуул. Цаанаас нь л тэгж заавардсан хэрэг л дээ. Үнэнээ ярьж болдог цаг ирж байгааг мэдсэн бол их ондоо байх байсан биз ээ. Харин би тэднийг мал сүргээ аваад сайн сайхан амьдарч байгаа гэдэгт итгэж байна.

Нөгөө нэвтрүүлэгчийг орсон “сайн малчид ба удирдагч” нар чинь боорлож дайраад ерөөсөө яриулдаггүй, тэгээд хөтлөгч Цагаан гуай (сая гавьяат болдог) зүтгэж байж төгсгөлд нь үг хэлэх боломж олгосон. Бидний үг их товчхон байсан нь “Тэртэй тэргүй нэгдэл тарна даа” Тэр намар нь Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан оргил” өөрийгөө тарж байгааг зориглон зарлаж билээ.

-Таныг “малыг малчдад өгсөн гавьяатай хүн” гэж үзэж болох нь ээ?

-Яалаа гэж дээ. Ардчилал л малчдад малыг нь өгсөн шүү дээ. Социализмын үед жил бүр л 9 сая төл бойжуулах, малаа 24 сая толгойд хүргэх зорилт тавьдаг. Бүтдэггүй боловч нэрэлхээд тэрийгээ хэлдэггүй, хойтон нь дахиад л өнөө зорилтоо тавьдаг байсан. Гэтэл мал эзэндээ очингуут л өсөөд юун 24 сая вэ, гучин сая гараад, өнгөрсөн жил дөчин сая хүрлээ. Одоо бараг 50 сая болоо байх аа, малчид хэзээ хэзээнээс малаа “дардаг” гээд бодоход.

Харин энэ эрүүл зүй тогтлыг ялихгүй хугацаагаар боловч угтан харж сэтгүүлчийн ажиглалт, зөн совингоор мэдэрч байсандаа, бас хэрдээ зориглож чадсандаа сэтгэл хангалуун байдаг уу, гэвэл тийм. 1990 онд яруу найрагч Б.Батхүү бид нар тэр үеийн ХААДС-ийн багш нар болох Андрей, Эрдэнэцогт, Алтангэрэл, Нямгэрэл…гээд олон хүний хамт “ Малчдын төлөө хөдөлгөөн” байгуулаад нэгдлийг яаралтай тарааж, малыг хувьчлах, малчдыг фермерийн зохион байгуулалтад оруулахад туслахыг шаардан, дуу хоолойгоо өргөж явсан удаа бас бий.

-Танд коммунизм эргээд сэргэж, өмчийг нийгэмчлэх вий гэж бодогддог уу?

-Коммунизм эргээд сэргэхгүйн хамгийн том баталгаа бол коммунистууд өөрснөө хамгийн түрүүнд хөрөнгөтөн болсон явдал. Зарим тохиолдолд хүнд нь биш өмчид нь найдах хэрэгтэй байдаг юм.

2009 оны 11 сарын 17


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Есөн-Эрдэнэ: Үр тариа 20 гаруй хувь, төмс, хүнсний ногооны хураалт 30-40 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.


-Энэ жил хичнээн мянган га газарт тариалалт хийв. Одоогийн байдлаар ургац хураалт ямар шатандаа явж байна вэ?

-2022 онд улсын хэмжээгээр 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийсэн.Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан. Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 30.3 мянган га-гаас 36.3 мянган тонн улаанбуудай, 7.9 мянган га-гаас 92.9 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 35 мянган тонн хүнсний ногоо, 2.9 мянган га-гаас 9.4 мянган тонн тэжээлийн ургамал, 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна. Өөрөөр хэлбэл, үр тариа хураалт 20 гаруй хувьтай, төмс 50 гаруй хувь, хүнсний ногоо 30-40 хувьтай үргэлжилж байна.

-Энэ жил газар тариалангийн зарим бүс нутагт зуншлага тааруу байсан. Ургацын хэмжээнд нөлөөлөх болов уу?

-Энэ жилийн тухайд баруун аймгуудад зуншлага тааруу байгаа. Тариалангийн гол бүс нутгуудад зуншлага харьцангуй сайн байсан учраас ургацын хэмээнд нөлөө үзүүлэх хэмжээнд хүрэхгүй байх гэж таамаглаж байна. Бид ирэх сарын дундуур гэхэд ургац хураалт бүрэн дууссан байх болов уу хэмээн таамаглаж байна. Цаг агаар огцом хүйтэрч, талбайд мал орохгүй байвал энэ жилийн ургац хураалтыг хүндрэл багатай туулах болов уу хэмээн найдаж байна.

-Цаг агаарын урьдчилсан төлөвөөр ургац хураалтын үеэр цочир хүйтрэх төлөв ажиглагдаж байна уу?

-Энэ сар хэд хэдэн удаа цас, бороо орсон нь ургац хураалтын үйл явцыг багахан саатуулсан. Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хур тунадас орж, цочир хүйтрэх төлөв ажиглагдахгүй байна.

-Ургац хураалтыг хугацаанд нь дуусгахад хүн хүчний нөөц хамгийн чухал. Нийт хичнээн оюутан залуус ургац хураалтад ажиллаж байна вэ?

-Улсын хэмжээнд таван их, дээд сургууль ЗХЖШ-ын 18 анги нэгтгэлээс нийт 3102 оюутан цэргийн албан хаагч ургац хураалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

-Дизель түлшний нөөцөө иргэд, ААН-үүд хангалттай бэлдэж чадсан болов уу?

-Ашигт малтмал, газрын тосны газраас өгч байгаа мэдээллээр ургац хураалтад ашиглагдах шатахууны нөөц хангалттай байгаа. Түүнчлэн үр тариа болон төмс, хүсний ногооны агуулах сав хангалттай хүрэлцэхүйц хэмжээнд бий.