Categories
мэдээ нийгэм

Аврах ажиллагааны 106 удаагийн дуудлага бүртгэгдэж, 84 иргэний амь насыг авран хамгааллаа DNN.mn

Он гарсаар улсын хэмжээнд аврах ажиллагааны 106 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгаалсны 65 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм.

Мөн гэмтэж, бэртсэн 5 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэн, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

ЗГ: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулга хийлээ.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар эхлээд мэдээллээ. 159 дэд, тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөхийг чөлөөлсөн, сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин хэрэглэхийг хязгаарлаж 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн, төсвийн байгууллагад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол энгийн ангиллаар зорчих болон төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, төсвийн байгууллагын өдөр тутмын ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулж нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ. 2022 онд нэмж 5.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр байна.

Мөн төрийн өмчийн үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн 104 тэргүүн дэд, дэд, орлогч даргыг чөлөөлж 4.4 тэрбум, зохион байгуулалтын бүтэц чиг үүргийг оновчтой тодорхойлох, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталснаар 5,6 тэрбум, сургалт семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт, удирдлагын харилцаа холбооны зардал болон бусад зардлыг хэмнэх, нийтийн арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 26.2 тэрбум, төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит компанийн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 43,1 тэрбум төгрөг тус тус хэмнэжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Ажлын хэсэг гарган ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ -2022” олон улсын цахим хурал болно DNN.mn

Монгол Улсын санаачилгаар боловсролын салбарын шинчлэлийг хурдасгах, хүнсний тогтвортой тогтолцоог бий болгох, хүртээмжтэй эдийн засгийг тэтгэж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зэрэгт томоохон түлхэц өгч буй дижитал шилжилтийн талаар улс орнуудын туршлага солилцох яриа хэлэлцээг эхлүүлэхээр Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран 2022 оны 09 дүгээр сарын 5-наас 6-ны өдрүүдэд “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурлыг цахимаар анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус хуралд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцох бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан дижитал шилжилтийн стратегийг дэлхийн улс орнууд хэрхэн хэрэгжүүлж, тулгарч буй бэрхшээл сорилтыг хэрхэн даван туулж буй талаар өөр хоорондоо туршлага солилцох бөгөөд Монгол Улсын хувьд НҮБ-ийн гишүүн бусад улс орнуудад өөрсдийн туршлагаа хуваалцах юм.

“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь дэлхийн болон бүс нутгийн түвшний хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд 2023 онд болох “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт”-аар эцэслэн батлагдах “Дэлхийн дижитал гэрээ хэлэлцээний талаарх зөвлөлдөх уулзалт”-ад дижитал ирээдүйн хамтын зарчмуудыг бий болгох зорилготой юм. Энэхүү уулзалтаар цахим засаглал, цахим хуваагдал, цахим ялгаварлан гадуурхалт, өгөгдөл хамгаалах, хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Тус олон улсын цахим хуралд Бангладеш, Эстони, Энэтхэг, Шинэ Зеланд, Австрали зэрэг олон улсын удирдагчид, бодлого боловсруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн зэрэг өндөр түвшний илтгэгч, шинжээч, мэргэжилтнүүд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тэмдэглэснээр, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд асар их боломж төдийгүй шинэ эрсдэл дагуулж буй технологийн эрин үе ирж байна. Энэхүү “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь бидний хүсч буй ирээдүйн талаарх үндсэн асуултуудыг хөндөж, шийдэлд урам зориг өгөх, дижитал өөрчлөлтийн үед бид хүүхдүүддээ ямар ертөнц үлдээх гэж байгааг тодорхойлох зорилготой юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ЗГ: Гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргана DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж, гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2023 онд хүн амын гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гарган шийдвэрлэж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Сайжруулсан шахмал түлшний нийт нөөц, борлуулалтын цэгүүдэд байгаа түлшний үлдэгдэл, борлуулалт, эрчим хүчний үнэ тарифын талаар болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд зохиомол хомсдол үүсгэх, үнийн хөөрөгдөл бий болгохоос сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун нарт үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Шинээр авсан 25 автобус есдүгээр сарын 5-наас сурагчдад үйлчилнэ DNN.mn

хүүхдийн автобус | News.MN

Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй.

Уг төслийн хүрээнд 75 хүүхдийн автобусыг НЗДТГ, “Моннис” ХХК-тай гэрээ байгуулсан ба 25 автобус ирсэн, 50 автобус нийлүүлээгүй хүлээгдэж байна. Иймд үлдсэн 50 автобус нийлүүлэх хүртэлх хугацаанд 24 автобусыг 24 чиглэлд есдүгээр сарын 5-ны өдрөөс явуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.

Нэг автобусыг Багахангай дүүрэгт хуваарилсан бөгөөд алслагдсан хорооноос дүүргийн төвийн сургууль руу зорчдог сурагчдыг зөөх юм.

Төвийн дүүргүүдийн тухайд түгжрэлд нөлөө бүхий сургуулийн сурагчдыг автобусаар зөөдөг. Ингэхдээ ойролцоо байршилтай сургуулийн сурагчдад хамтад нь үйлчилдэг онцлогтой. Жишээлбэл, 84, 21, 111 дүгээр сургууль, 23, 24 дүгээр сургууль, 5, 50 дугаар сургуул, 1, 45 дугаар сургуулийн сурагчдыг хамтад нь хүргэдэг ажээ.

Автобусны маршрутыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас баталдаг бөгөөд нийтдээ 56 сургуулийг багтаасан 61 чиглэлийг гаргаад буй юм.

Нийслэлийн хэмжээнд 245 автобусаар сурагчдад үйлчилнэ

Нийслэлийн хэмжээнд цөөнгүй сургууль өөрийн өмчлөлийн болон түрээсийн автобусаар сурагчдаа гэр сургуулийн хооронд тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ 102 сургуульд 220 “Хүүхдийн автобус” үйлчилдэг. Эдгээр сургуульд нийт 80 гаруй мянган сурагч суралцдаг бөгөөд тэдний 10 гаруй хувь нь хүүхдийн автобусаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо гарчээ.

“Хүүхдийн автобус”-тай сургуулийн олонх нь төрийн бус өмчийн сургууль байгаа юм. Тодруулбал: Төрийн өмчийн 37 сургууль 41 автобус, төрийн бус өмчийн 65 сургууль 179 автобусаар сургуулийнхаа сурагчдад үйлчлэх аж

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ихэнх нутгаар хур бороо багатай, дулаан байна.

2022 оны 08-р сарын 31-ний 20 цагаас 09-р сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Говь-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-наас ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэй сагсан бөмбөгчид Азийн аваргад оролцохоор Энэтхэгийг зорилоо DNN.mn

Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Бангалор хотод есдүгээр сарын 5-11-ны хооронд болно.

Тэмцээний B зиндаанд Монгол Улсын шигшээ баг оролцох бөгөөд өнөөдөр Энэтхэгийг зорилоо.

Монголын өсвөрийн эмэгтэй шигшээ баг нь олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тивийн тэмцээнд анх удаагаа өрсөлдөх гэж байна.

Шигшээ баг хэсгийн шатанд Хонконг Малайз, Йорданы шигшээ багуудтай учраа таарсан ба есдүгээр сарын 5-д Хонконг 6-д Малайз 7 нд Йорданы шигшээ багуудтай тус тус тоглох юм.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ DNN.mn

ТАНИЛЦ: И-Монголиа системд орсон эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж Улсын бүртгэлийн байгууллагаас 266,451 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхний чипэнд суулган олгосон бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, олон нийтийн хяналтыг бий болгож, нээлттэй, ил тод шуурхай байлгах зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах цахим суваг болон үндэсний цахим шуудангийн системийг нэвтрүүлж иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдлийг хүргүүлэх, өргөдөл гомдол хүлээн авч, хариу хүргүүлэх боломжтой болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Гэрлэх ёслолын ордны үйлчилгээний үнэ нэмэгдэнэ DNN.mn

Гэрлэх ёслолын ордон захиалгаа цуцаллаа

Наймдугаар сард нийт 320 хос Гэрлэх ёслолын ордонд ёсолжээ. Энэ талаар Гэрлэх ёслолын ордны Гэр бүл сургалтын багш М.Пүрэвсүрэн ийнхүү ярьсан байна. Тэрээр “Өнгөрсөн хоёр жил коронавирусийн халдварын улмаас хурим их хийгдээгүй. Ер нь наймдугаар сард дунджаар 300-350 хос Гэрлэх ёслолын ордонд орж ёсолдог.” гэлээ.

Ташрамд дурдахад, есдүгээр сарын 1-нээс Гэрлэх ёслолын ордны үйлчилгээний төлбөр нэмэгдэх бөгөөд 40-60 минут нь 1,190,000 болон 1,290,000 төгрөгийн хоёр сонголттой болох аж. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 40-60 минут нь 900 мянга болон 990 мянга гэсэн хоёр сонголттой байжээ.

Categories
булангууд мэдээ нийгэм утга-зоxиол

Р.Чойномын нэрэмжит яруу найргийн наадам болно DNN.mn

Яруу найргийн эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, уншигч, зохиолчдын уулзалт, ном соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2022” яруу найргийн наадмыг Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын ивээл дор 11 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

Шалгаруулах журмын хувьд яруу найрагчид 2022 онд бичсэн чөлөөт сэдвийн гурван бүтээл ирүүлэх бөгөөд наадамд оролцогчоор шалгарсан тохиолдолд эхний шатанд ирүүлсэн бүтээлүүдийг уншина танилцана. Бүтээлийг судлаач, яруу найрагч, уншигчдын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг шүүн тунгааж, дараагийн шатанд 20 найрагчийг шалгаруулах зарчмаар явагдах юм.

Оролцох яруу найрагчдын бүтээлийг товч анкет, нэг хувь зургийн хамт 2022 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан дээр цаасаар болон цахимаар (choinom_udsan@yahoo.com ) хүлээн авах аж.