Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ганбат: Өмнө нь шалгалтад орсон хүүхдүүдийн хэрэгслийг дахиж ашиглахаар зохион байгуулснаар баллуур дутагдсан асуудал Увсад л гарсан DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын дүн оноо болон их, дээд сургуульд элсэх журмын талаар мэдээллийг өчигдөр олон нийтэд өглөө.

БҮТ-өөс мэдээлснээр ЭЕШ-ын нийт шалгуулагчаас 208 хүүхэд 800 оноог бүрэн авчээ. Улсын хэмжээнд 480 онооны босго давсан 24.693 шалгуулагч байгаа бол сонгосон бүх хичээлээрээ 400-гаас бага оноо авсан шалгуулагч 1355, 480-аас бага авсан нь 7333 байгаа аж. Их, дээд сургуулийн элсэлтийн тухайд салбарын яамны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамирын ярьснаар их сургууль нь онолын түвшин өндөр байдаг тул хувийн болон улсын бүх их сургуулийн босго оноог 480 байхаар тогтоосон. Харин дээд сургуулийн хувьд онол, дадлага хослох сургалтын онцлогтой байдаг тул 440, коллеж нь дадлага нэлээд голлох чиглэлд байдаг учраас 400, орон нутгийн сургуулиудыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, шинэ сэргэлтийн бодлого, төвлөрлийг сааруулах зэрэг олон бодлоготой уялдуулан 410 байхаар босго оноог тус тус тогтоосон” гэв.

Энэ жилийн ЭЕШ-ын зохион байгуулалтын талаар ихээхэн маргаан дэгдээд байгаа юм. Төгсөгчид болон эцэг, эхчүүд олон төрлийн баримт, кейсийг цахим сүлжээнд хуваалцаж, зарим нь БҮТ-д ч гомдол гаргажээ. Гомдол хүлээж авах эхний өдрийн байдлаар 300-гаад хүүхэд шалгалтын дүнтэй холбоотой өргөдөл гаргаад байгаа аж.


Энэ талаар БҮТ-ийн захирал Л.Ганбатаас цөөн асуултад хариулт авлаа.


-Зохион байгуулалт дээр ямар байр суурьтай байгаа вэ. Сайн уу, муу юу. Маш их механик алдаанууд гарсан талаар хүүхдүүд, эцэг эхчүүд ярьсаар байна. Хүүхэд бол хэзээ ч худлаа ярихгүй?

-Ер нь бид ЭЕШ бол шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах зорилготой. Бүх шалгуулагчдад ижил тэгш боломж олгох ёстой. Жилийн жилд асуудлууд гараад байгаа. Санаатай болон санамсаргүй байдлаар шалгуулагчдын хувьд журам зөрчих асуудал гарсан. Гар утастай эсэхийг гадна нь нэлээд шалгаж оруулсан. Гэтэл илрүүлэх боломжгүй газрууддаа гар утсыг хэсэг хэсгээр нь салгаж авч ороод шалгалтын дэг зөрчиж, зураг дарах асуудал гараад байгаа юм. Жил ирэх тусам бид зохион байгуулалтын өндөр түвшинд хийж, олон шинэ технологи нэвтрүүлж байгаа ч тэр хэмжээгээр хүүхдүүдийн арга нарийсч, асуудал гараад байна. Тиймээс манай эцэг эхчүүд, багш нар, дараа жилийн ЭЕШ өгөх хүүхдүүд хөндлөнгийн аливаа нэг зүйлд найдахгүй, зөвхөн өөрийнхөө мэдлэг чадварыг бодитой үнэлүүлж дайчилдаг байх юм бол энэ зөрчлүүд арилах боломжтой. Энэ зөрчлүүдийг арилгахын тулд БҮТ бүхий л чадлаараа зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллаж байгаа. Энэ жил бас ч алдаа, өргөдөл гомдол гайгүй байна. Мэдээж хүүхэд хохирох ёсгүй. Бид гомдлын дагуу холбогдох арга хэмжээ аваад явж байгаа.

-Харандаа, үзүүрлэгч, баллуур хүрэлцээгүй асуудал их яригдаж байгаа. Анги танхим дунд нь хоёр үзүүрлэгч, баллуур өгсөн гэх зэргээр. Үүнээс үүдэж хохирсон тохиолдол ч бий гэх юм?

-БҮТ-өөс хангалттайгаар тухайн шалгалтын байранд шалгалт өгч байгаа хүүхдийн тоогоор, дээр нь бүр нөөцтэйгөөр баллуур, харандаа, үзүүрлэгч хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. Хамгийн эхний өдрийн хоёр дахь шалгалт дээр ийм асуудал Увс аймагт гарсан юм билээ. Шалгалтын танхимд 30 хүүхэд байсан гэж бодоход хүүхдийн тоогоор биш хоёр хүүхдийн дунд нэг гэдэг байдлаар, шаардлага гарсан тохиолдолд хянагч багшаас авч болохоор зохион байгуулсан юм билээ.

-Тэр бол танай байгууллагын зохион байгуулалтын ажил биз дээ?

-Тийм. Тэр шалтгааныг комиссын гишүүд тайлбарлахдаа өмнө нь шалгалтад орсон хүүхдүүд харандаа баллуураа ширээн дээр орхиод гарах ёстой байсан. Гэтэл бүгд аваад гарснаас баллуурын нөөц хүрээгүй гэдэг шлатгаанаар хүүхдүүд дунд олгосон гэж байгаа. Бид тухайн үед арга хэмжээ авч, дараагийн шалгалтаас нөөцийг хэвийн болгосон.

Баллуур, үзүүрлэгч хүрэлцээгүйгээс шалгалтаа хийж чадаагүй гэх тохиолдол гараагүй.

-Математикийн шалгалтын тест задарсан гэж байгаа. Өмнөх жилүүдэд ч ийм тохиолдол гарч байсан. Гэтэл та бол ЭЕШ-ыг сайн зохион байгуулсан гэж ярьж байна, тийм үү?

-Аанхан.

-Дараагийн шалгалтууд дуусаагүй байхад математикийн шалгалтын материал цахим орчинд тархсан. Заавал ийм алдаа гаргах ёстой юм уу. Тухайн үед байсан хянагч багш нарт хариуцлага яригдаж байгаа юу. Зохион байгуулалтын алдаанаас болж нэг ч хүүхэд хохирч болохгүй байх?

-Гар утасны л асуудал байгаа. Шалгалтын өмнө тест задрах ямар ч боломжгүй. Харин гар утастай ороод шалгалтын үеэр зураг дарчихсан. Түүнийгээ сошиал дээр тавьчихсан хүүхдүүдийн асуудлыг шалгалтын сэдэв задарсан гэдгээр ойлгоод байна. Үүнийг шалгалтын журам зөрчсөн гэж үзнэ. Шалгалтын материалын зураг авч сошиал дээр тавьсан хүүхдийг илрүүлсэн. Дүн оноог нь хүчингүй болгоно.

Ер нь дараа дараагийн жилүүдэд хүүхдүүд өөрсдөө хариуцлагатай болчихмоор байгаа байхгүй юу. Бидний хувьд мэдээж гар утастай оруулахгүй байх тал дээр бүх сүлжээ унагагч ажиллуулах зэргээр бүх боломжоороо ажилласан.

-Тэгвэл яагаад ийм асуудал гараад байна вэ. Энэ чинь л зохион байгуулалтын алдаа биш үү. Харандаа, баллуурыг хүүхдүүдийн тоогоор, бүр дээр нь нөөцтэй хүргүүлсэн гэж та хэллээ. Гэтэл өмнөх шалгалтын хүүхдүүд хэрэгслээ үлдээгээд гарах ёстой. Түүнийг нь дараагийн хүүхдүүд хэрэглэх ёстой болоод явчихлаа?

-Улсын хэмжээнд нийтдээ давхардсан тоогоор 2600 орчим багш хянагчаар ажилласан. Багш нар хүүхдийг гар утастай орохыг нь мэдээгүй. Орсон хойноо зураг авч байх явцад нь илрүүлсэн. Гар утастай орсныг нь огт мэдээгүй өнгөрч байгаа тохиолдол огт байхгүй.

Тэр явдлын тухайд гэвэл шалгалт руу шалгуулагчийг ороход гар утас дуугарсан. Багш мэдсэн ч хурааж авахгүйгээр, унтраагаад далд хий гэж хэлээд өнгөрсөн. Гэтэл дараа нь дахиад дуугарсан гэдэг гомдол гарсан. Тиймээс багшид дахиж шалгалтад оруулахгүй байх, ажлын хөлс өгөхгүй. Дээр нь Багшийн ёс зүйн дүрэмд зааснаар тодорхой арга хэмжээ авах асуудал яригдаж байгаа.

-Шалгалтын агуулга дээр байр сууриа илэрхийлэхгүй юү. Англи хэлний шалгалт гэхэд IELTS-ийн хэмжээнд орж ирсэн. Математикийн В хувилбар маш хүнд байсан зэргээр хүүхдүүд бичсэн байсан?

-Агуулгын хувьд блүпринт гэж байгаа. Тэр нь тухайн хичээлийн шалгалтын агуулгын хамрах хүрээг тодорхойлж өгдөг. Мэдээж хүүхдүүд хоёр жилийн хугацаанд ковидын карантинд байсан учраас сэдэв даалгаврын агуулга дээр онцгойлон анхаарсан. Нэг зүйлийг ойлгох ёстой. ЭЕШ-ын агуулга зөвхөн 12 дугаар ангид судалсан чадварын хүрээнд биш 1-12 дугаар анги хүртэл 12 жилийн хугацаанд сурч мэдсэн зүйлийн агуулгаар үнэлгээ хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Нийгмийн ухааны шалгалт дээр СХД-т 10 гаруй хүүхдийн материал шалгадаг төхөөрөмжинд хийхэд алга болсон. Тиймээс дараагийн хүүхдүүд шалгалтад орохоос өмнө 20 минутын дотор дахин бөглө гээд хийлгэсэн зөрчил яригдаж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-Хүүхдийн материал алга болно гэдгийг ойлгохгүй байна. Тэгэх боломж байхгүй. Анх удаа сонсож байна. Шалгалт дууссаны дараа эхний ангиас эхлээд тухайн ангийн шалгалт өгсөн хүүхдүүдэд засалтын өрөөг тусад нь бэлдсэн байгаа. Түүн рүү анги ангиар нь оруулж ирээд материалыг нь уншуулаад дуусангуут нь дүн оноог ил тавьж байгаа. Магадгүй ганц нэг хүүхдийн баганан кодон дээр асуудал үүсээд дүн гараагүй гэдэг тохиолдол гарсныг тухайн үед нь арга хэмжээ аваад дүнг нь гаргаад явсан.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харгалзагч хүнтэй хамт орох байсан ч оруулаагүй. Багштай оруулсан. Багш нь вариантыг нь зааж өгөөгүйгээс шалгалтаа амжилттай өгч чадаагүй гэх гомдлыг эцэг, эх нь тодорхой баримттай ярьсан байсан. Танайд ч гомдол гаргасан гэсэн. Яаж шийдэгдсэн бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй 30 орчим хүүхэд хүсэлтээ өгч бүртгэлээ баталгаажуулсан. Өргөдөл өгсөн байгаа байх. Эхнээс нь бид дарааллаар нь шийдээд явж байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсад өнгөрсөн онд хорт хавдраар 4559 хүн нас баржээ DNN.mn

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 20 жилийн хорт хавдрын үзүүлэлтийг харвал, элэгний хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр буюу 10,000 хүн тутамд зургаа байгааг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) мэдээлэв.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2021 оны тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 19 сая хүн хорт хавдраар өвчилж, 9.9 сая хүн нас барж байгаа бол манай улсад 2021 оны байдлаар 5,981 хүн хорт хавдраар оношлогдож, 4,559 хүн нас баржээ.

Түүнчлэн улаан хоолойн хорт хавдраар шинээр өвчилж буй 10 хүн тутмын ес нь, элэгний хорт хавдраар 10 хүн тутмын найм, умайн хүзүүн хорт хавдраар дунджаар дөрвөн хүн нас барж байгаа харамсалтай үзүүлэлт мөн байна.

Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг байна. Иймд эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдах нь аливаа өвчин эмгэгийг хүндрэхээс өмнө илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.зураг

зураг

зураг

Categories
мэдээ цаг-үе

Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 28-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Төгрөг, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, Ховд, Хэрлэн, Улз гол үерийн түвшнийг 5-20 см даван үерлэж байна.

Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэнэ.

Мөн богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирээдүйн инженерүүд “Зохион бүтээгч” дугуйланд бэлтгэгдэж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн XIII хороололд байрлах “Зохион бүтээгч” дугуйлангаар зочиллоо. “Зохион бүтээгч” дугуйлан нь хүүхдийн техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлж, гарын ур дүй, бие даан ажиллах чадварыг төлөвшүүлэх, ирээдүйн шилдэг Техник спортын тамирчид, чадварлаг монгол инженер, зохион бүтээгч, эрдэмтэн судлаачдын залгамж халааг бэлтгэх зорилгоор 2010 онд байгуулагджээ.

Биднийг очих үед 8-14 насны ногоон хормогчтой есөн сурагч хоёр ширээнд хуваагдаж суун бүтээлээ хийж байлаа. Нэгдүгээр түвшний сурагчид усан онгоц, хоёрдугаар түвшний сурагчид ачааны машин хийж байсан юм. Тэд дор бүрнээ машины эд ангиа тооцож зурж, материалаа бэлтгэн анхааралтайгаар машинаа урлацгаана.

Тавдугаар ангийн сурагч Б.Идэржавхлан “Ваав, явж байна, багш аа миний ачааны машин бэлэн болчихлоо. Та хар даа” хэмээн баяртайгаар нүд нь гялтганана. Тэрээр “Би нисэх онгоц, усан завь, ачааны машин хийсэн. Энэ ачааны машиныг бараг нэг сар хийлээ. Мотороо буруу харуулж хийгээд салгаж дахин хийсэн. Зай хийгээд, унтраалгаа дарахад л энэ машин давхина. Ингээд давхиж байгаа биз” гэж хэлээд ширээн дээгүүр давхиуллаа. Дугуйлангийн дүү нар нь ч “Гоё юм аа” хэмээн эргүүлж, тойруулж харна. Тэд удалгүй эргээд өөрсдийн бүтээлдээ шамдлаа.

“Зохион бүтээгч” дугуйлангийн үүсгэн байгуулагч захирал, Физик-Электроникийн шинжлэх ухааны магистр С.Батгэрэл “Дугуйлангийн сурагчид 6-8, 9-12, 13-16 гэсэн гурван насны ангилалд өөр өөр бүтээл хийж сурдаг. Хичээл долоон үе шаттай. Анхан шат буюу “L” түвшинд сурагчид нисэх онгоц, усан онгоц, автомашины үзүүлэнгийн загвар хийнэ. Загвар тус бүрийн бүтэц зохион байгуулалт, ажиллагааны зарчмуудыг мэдэж, хийх арга технологи, ажилбарыг сурч, энгийн багаж хэрэгсэл ашиглаж сурна. Дараагийн шатанд мотортой болон удирдлагатай загвар хийж сурдаг. Дунд шатны түвшинд дунд болон ахлах ангийн анхан түвшинд сурсан хүүхдүүд суралцана. Нэг шатны сургалт нь хоёр сар буюу 32 цаг үргэлжилж нэг ширхэг дуураймал загвар хийдэг. Харин дээд шатны түвшин буюу Н түвшин нь техник спортын тамирчны түвшин юм. Дунд шатанд амжилттай суралцаж зохих түвшинд хүрсэн дунд болон ахлах ангийн хүүхдүүд үнэ төлбөргүй суралцдаг. Түвшин ахих тусам төлбөрийн хөнгөлөлтүүд бий” хэмээв.

Дугуйлан долоон багш, хоёр салбартай. Зарим багш нар зөвхөн хөтөлбөрөө хөгжүүлж, зарим нь хичээлээ заадаг. Бидний сурвалжилж буй тус салбар дугуйлан техникийн загвар хийдэг. Харин нөгөө салбар 25 дугаар эмийн санд байрладаг бөгөөд электроник автомат робот зохион бүтээдэг.

С.Батгэрэл багш “Сурагчдын зуны амралт эхэлж орон нутгийн сурагчид ирж байгаа. Орон нутгаас олон хүүхэд ирж суралцдаг. Тухайлбал, манайд Дорнод аймгийн Халхгол сумаас өвөл, зуны амралтаар ирж суралцдаг хүүхэд байсан. Дугуйлангаа төгсөж эндээ багшилж байгаад оюутан болсон. Одоо ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг. 12 жилийн хугацаанд 1000 гаруй хүүхэд суралцжээ. Дугуйланд суралцсанаар хүүхдүүдийн сурлагын чанарт ахиц гарч, өөртөө итгэлтэй, зорилготой болдог” гэж хуучлав.

Ангийг ногоон, цагаан өнгөөр хослуулан тохижуулжээ. Хоёр ногоон ширээ, сандал, шкаф, баруун ханандаа “Зохион бүтээгч дугуйлан” хэмээн тод ногоон өнгөөр бичсэн байв. Урд талд нь “Аюулгүй ажиллагааны дүрэм”, дугуйлангийн танилцуулга самбар байлаа. Хана дагасан өндөр, нам шкаф, шүүгээнд хичээлийн хэрэгсэл материалуудаа хийжээ. Орж ирсэн хүн бүрийн сонирхлыг хамгийн их татах зүйл бол хүүхдүүдийн хийсэн үзүүлэнгийн хэсэг. Тэнд өнгө бүрийн усан болон нисэх онгоц, хүнд машин, суудлын машинууд өрөөтэй байлаа. Шүүгээний хамгийн дээд талд байрлуулсан шар өнгөтэй хүнд машиныг наймдугаар ангийн сурагч Б.Батхишиг урлажээ. Гуравдугаар түвшний сурагч Б.Батхишиг “Дугуйландаа хоёр дахь жилдээ хичээллэж байна. Машиныг явуулах л хамгийн хэцүү байдаг. Утаснуудыг зөв холбохгүй бол алдаа гарах магадлалтай. Машины дотоод жижиг деталиудыг хийхэд бага зэрэг хугацаа ордог. Энэ машиныг сарын хугацаанд хийсэн. Эхлээд явах эд анги, дараа нь машины их биеийг хийдэг. Одоо дараагийн машиныхаа явах эд ангийг хийж байна. Би инженер болох мөрөөдөлтэй” хэмээв. Мөн эл ангийн тохижилт сандал, ширээ, шүүгээ, сурагчдын ногоон хормогч гээд бүгдийг багш нар өөрсдөө хийжээ.

Тэднээс хамгийн бяцхан сурагчид болох гуравдугаар ангийн хөвгүүн Г.Буяндэлгэр, Б.Идэрмөнх нар усан завь хийж байлаа. Тэд “Дугуйланд явах гоё байна. Удахгүй машин хийж сурна. Материалаа зүлгэж хэлбэрээ гаргахад жаахан хэцүү, гэхдээ л бэлэн болсон бүтээлээ харах үнэхээр гоё байна. Бид хоёр усан онгоц хийгээд будчихаад хатахыг нь хүлээж байна” гэв.

12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус дугуйлангийн ууган сурагчид өдгөө Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтан, Робоконы шилдэг тамирчид, мэдээллийн технологийн компаниудад электроникч, IT хөгжүүлэлтийн алба болон инженерийн чиглэлийн бүхий л салбарт ажиллаж байна. Тэдний хийсэн, зохион бүтээсэн зүйлс Монгол Улсын гудамж, талбай бүрт бий хэмээн багш нь бахархангуй ярина. Их сургуулийн хоёрдугаар дамжаанаасаа манлайлж, мэргэжлийнхээ аргыг олж шилдэг мэргэжилтнүүд бэлтгэгддэг. Тэд гуравдугаар дамжаанаасаа л ажлын байрны санал авч эхэлдэг. Дугуйланд суралцаж байгаад их сургуульд элсэхэд практикт сурчихсан хүүхдүүд мэргэжлийн хичээлээ маш хурдан ойлгож, сайн сурдаг байна.

Хичээл заах арга барилын хувьд эхлээд хүүхдэд “Би үүнийг хийж чадах юм байна” гэдэг итгэл өгөх хэрэгтэй. Итгэлтэй болсон хүүхэд зорилготой, тууштай байдаг. Хүүхдүүдийнхээ урмыг хугалж огт болохгүй. Аав, ээжүүддээ хүүхдээ битгий шүүмжлээрэй гэж захидаг тухай ч хуваалцсан юм.

Туслах багш А.Гаапэлмаа “Би бага ангийн багш мэргэжлээр суралцдаг. Би өөрөө шинэ зүйл турших, бүтээхдээ дуртай. Дугуйландаа хүүхдүүдтэй ажиллах маш гоё байдаг. Багш нар бага зэрэг чиглүүлээд өгөхөд л хүүхдүүд өөрсдөө бүтээлээ хийчихдэг. Манай XIII хорооллын салбар сондгой тоотой өдрүүд, 25 дугаар эмийн сангийн салбар тэгш тоотой өдрүүдэд хичээллэдэг. Хүүхдүүд маань хичээлээ тарахад л “Багш аа би маргааш ирж болох уу, дараагийн хичээл хурдан ороосой” гэсээр гэр рүүгээ явдаг. Аав, ээж нь хүргэж ирэхдээ манай хүүхэд шөнө унтсангүй гэх үе ч байдаг. Хүүхдүүд маш сониуч, эрэгтэй хүүхдүүд илүү бүтээлч, сууж сурсан байдаг. Охид нямбай, нарийн зүйлс дээр илүү анхааралтай ханддаг. Хүүхдүүд алхам тутамдаа хийж байгаа үйл явцаа шалгуулаад, шинээр нэмэх зүйлс байвал багштайгаа ярилцаж нэмээд бүтээлээ бэлэн болгодог. Тэдний бүтээлээ хараад баярлах, юмны ард гарч байгаа нь маш сайхан” гэв.

Нэг нь машинаа бэлэн болгоход хоорондоо туршлага солилцож, машин нь хараахан бэлэн болоогүй хүүхдүүд “Миний машин ч гэсэн удахгүй бэлэн болоод ингэж давхина” хэмээн баярлана. Хоёрдугаар шатны сурагч П.Ууганбаатар “Би барилгын инженер болох мөрөөдөлтэй Гэртээ байхдаа ч машинаа яаж хийвэл илүү гоё болох вэ гэж боддог. Дугуйланд хичээллэснээр будах чадвар, гарын ур дүйтэй болж, өөр сургуулийн олон найзтай болсон. Өмнө нь чөлөөт цагаараа зайрмагны ишээр байшин барьдаг байсан. Одоо чөлөөт цагаараа найзууд, дүү нар, ах нартайгаа дугуйланд хичээллэдэг болсон” хэмээн ярилаа.

Хүүхдүүд шинэ бүтээл гаргахад хичээл зүтгэл, авьяас чухал. Дугуйланд сурч буй хүүхдүүдийн 90 хувь нь тодорхой хэмжээний авьяастай, өгөгдөлтэй хүүхдүүд байдаг. Тэднээс 15 хувь нь багш зааж өгөөгүй байхад түрүүлж сэтгэдэг техник сэтгэлгээ сайтай гоц хүүхдүүд байдаг аж. С.Батгэрэл багш “Техник загвар зохион бүтээх, зурах, гарын ур дүйтэй хүүхэд гээд авьяас чадвар бүхэн өөр юм. Хүүхдүүдээ хараад “Энэ маань ийм инженер болно доо” гээд л нүдэнд харагддаг. Манай нөгөө салбарт таван настай хүүхэд бий. Аав, ээжийнх нь хүсэлтээр элсүүлсэн. Цаанаасаа өгөгдөлтэй хүүхэд гэж үнэхээр байдаг. Манайд 4-5 жилийн өмнө дөрвөн нас гаруйтай хүүхэд ирсэн юм. Дөрвөн сарын дараа танкны дэлгээг алдалгүй зурж байсан. Хүүхэд тэгж хөгждөг юм билээ. Манай сургалт нас насны хүүхдүүд хамтдаа хичээллэдэг давуу талтай. Том хүүхдүүдийн хийж байгааг хараад анх орж ирсэн хүүхдүүд дам байдлаар суралцдаг. Нэг талаас “Энийг ингэж хийж болох юм байна” гэж биенээсээ суралцах, нөгөө талаас “Би энэ ах шиг чадвартай болно” гээд үлгэрлэдэг. Гуравдугаар түвшний хүүхдүүд тусдаа цэнхэр өнгийн хувцастай, үнэ төлбөргүй суралцдаг. Дүү нар нь энэ ах шигээ болно гэж их хичээдэг” гэв.

Дугуйлангийн нэг шатны сургалт 160 мянган төгрөгийн төлбөртэй, төлбөрт материалын зардал багтдаг ба сурагч хийсэн загвараа өөрөө авдаг юм билээ.

Танкны загвар хийсэн наймдугаар ангийн сурагч Г.Билгүүн “Хоёр сар гаруйн хугацаанд танк хийсэн. Удирдлагатай, буудахаас бусад бүх үйлдлийг хийдэг танк. Танк хийхэд моторын холболт дээр андуурч, явах эд анги бага зэрэг хүндрэлтэй байсан. Машины загвар зохион бүтээгч мэргэжилтэй болно. Одоогоор усан онгоц хийж байна” хэмээв. Багш нь “Билгүүн маш хурдан сайжирч байгаа. Хамгийн хэцүү загваруудыг хийдэг. Танк хийх маш хэцүү, 14 дугуйтай. Бүх дугуйг гинжээр зэрэг эргүүлж явдаг. Үзүүлэнгийн загварууд хамгийн уртдаа 20 гаруй см байдаг бол энэ танк 60 гаруй см урттай, нүсэр танк. Бүх зүйлийг өөрөө зохиож, гарын доорх материал ашиглаж хийсэн. Буудахаас бусад бүх үйлдлийг хийнэ. Буудаж болно, гэхдээ хүүхдүүддээ тийм юм зааж өгч болохгүй” гээд бидэнд танкийг танилцууллаа.

Дугуйланд зөвхөн хөвгүүд гэлтгүй охид ч хичээллэдэг гэнэ. Тэдний хийсэн цагаан, ягаан өнгөтэй усан онгоцны загвар өрөөтэй байв. Хүүхдүүд хоорондоо “Би чиний ярианаас ийм арга оллоо, би энийг ингэж ашиглаж болох юм байна” хэмээн зөвлөлдөж биендээ тусална. Эцэг эхчүүдээс “Хүүхэд маань гэрийнхээ зүйлсийг засаад, ааваасаа илүү болчихлоо. Сурлагадаа ахиц гаргаж, жинхэнэ хоббигоо олжээ” гэх сэтгэгдэл их ирдэг байна. Сурагчид зарим зүйлсийг яаж хийх аргаа олохгүй байвал багш нь гэртээ очиж бодож байгаад ирээрэй гэж хэлдэг. Маргааш нь ирээд “Багш аа би бие засаад сууж байхдаа аргыг нь олчихсон шүү” гэж хүртэл ирдэг. Хүүхдүүдэд маань суръя гэсэн чин хүсэл байдагт их баярладаг тухай багш нь ярьсан юм.

Машины явах эд ангийг хүүхдүүд өөрсдөө хийгээд сурчихвал гадны улсаас авах шаардлагагүй. Дугуйлангийн хүүхдүүд макетаар хийж байна. Дугуйлангийн нэг хүндрэл санхүүгийн бэрхшээл байдаг аж. Машины хамгийн хямд мотор 300 мянган төгрөг, нэг ширхэг дугуй дунджаар 40 мянган төгрөгийн үнэтэй. Дугуйлангийн төгсөгчид машины загвар хөгжүүлэхэд өөрсдийн машиныг тоноглохтой ижил үнэтэй тусдаг. Хүүхдүүдээ аваад дэлхийн хэмжээнд өрсөлдье гэвэл санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Дэлхийн аваргад оролцож буй нисэх онгоцны загварууд 3000 евро буюу манайхаар бол нэг машины үнэтэй гэнэ.

Монгол хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, мэдээллийн технологийн мэргэжилтэн, зохион бүтээгчдийг бэлтгэх зорилготой тус дугуйл ан дотооддоо зорилгодоо хүрсэн гэж үзэж дэлхий рүү чиглэхээр суралцаж байна. Дэлхий даяар мэдээллийн технологи маш хурдацтай хөгжиж, түүний үр нөлөө хүмүүсийн амьдралд шууд нөлөөлж байгаа энэ үед Монгол Улсад маань чадварлаг боловсон зайлшгүй шаардлагатай.

Categories
мэдээ цаг-үе

Эмийн аюулгүй байдлыг Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилов DNN.mn

зураг

УИХ-ын “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо” хуралдав.

Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Бейсен даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн.

Гишүүдийн зүгээс Монгол Улсын хэмжээнд эмийн аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрснийг тодотгоод эмийн хангамж, чанар, үнэ, тендер шалгаруулалт, хуурамч эмийн хяналтын тогтолцоонд өөрчлөлт хийхэд олон хүндрэл бэрхшээл тулгарахыг онцолж байв.

Мөн Хянан шалгах түр хорооны зүгээс хөндлөнгийн шалгалтыг хийснээр Монгол Улсын эмийн сүлжээний тогтолцоог шинэчлэх, гарч байгаа томоохон алдаа дутагдлыг илрүүлж, хяналтыг сайжруулах бодит үр дүнд хүрэх шаардлагатайг илэрхийллээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно…” гэж заасныг үндэслэж, Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гаднаас ажилчид “импортолж” хар ажлаа хийлгэе DNN.mn

Нэг үндэстэн нэг үндэстэндээ ер нь л зарагддаггүй. Энэ үнэний цаад шалтгаан нь “Би тэрний хар бор ажлыг хийж харцан доор нь бөхөлзөж чадахгүй” гэх ихэрхэл үү, эсвэл ерөөс хүн төрөлхтний хөгжих жам нь иймсэн үү. Яг таг ийм тийм гэж хэлэхэд хэцүү. Ямартаа ч нэг үндэстэн нэг үндэстэндээ зарцлагдах дургүй нь ганц бидний биш, дэлхийн зовлон гэдгийг хүн төрөлхтний өнгөрсөн түүхээс харчихаж болно. Зарцлагдах гэдэг үгийг хар бор ажил хийх гэдэг утгаар хэрэглэж байгаагаа тодотгоё.

Улс орнуудын өнгөрсөн хэдхэн зууны түүхийг шүүрдээд үзэхэд хөгжиж чадсан үндэстэн болгон зориуд бодлого гарган байж хараар ажиллах хүчнийг олноор нь импортолсон байдаг. Америкчууд хүчирхэгжихийнхээ эхэн жилүүдэд Африкаас хар арьстнуудыг олноор нь авчирч боолчилж явсан түүхэн үнэний цаана, эх орны дайны дараа өндийж сэргэсэн Германы уул уурхайд солонгосчууд ажиллаж явсан тэртээх жилүүдийн уг мухарт, энэ зууны өнгийг тодорхойлж яваа, ирэх зууныг атгах нь ойлгомжтой болчихсон Хятадыг зорих Азийн жижиг улсын иргэдийн нүүдлийн ард ийм л шалтгаан бий. Давтаад хэлэхэд, нэг үндэстэн нэг үндэстэндээ зарцлагдах, зарагдах дургүй гэх хандлага л энэ бүхний цаад шалтгаан болж буй. Хараар ажиллах хүчийг олноор нь импортолж байж хөгжсөн АНУ өнөөдөр ч хамаг хар бор ажлаа гадныхнаар хийлгэж яваа. Бүр тодруулж хэлбэл, тэгж яваагийнхаа хүчинд хүчирхэг оршиж байгаа.

Гэрийн үйлчлэгч, барилгачин, замчин гэх мэт ажлын байрууд эзэнтэй байж, ийм хар бор ажлууд буцалж, бужигнаж байж улс орон хөгжлийн манлайд хүрдгийг дэлхийн түүх гэрчилдэг. Давтаад хэлэхэд, хөгжсөн улсын хүчирхэг хэвээр байх том шалтгаануудын нэг нь өнөө л хар бор хамаг ажлыг нугалдаг нөхөд байдаг нь бодитой үнэн. Харамсалтай нь манайхан хар бор ажил хийхдээ хойрго. Халамж хавтгайрсан, цалин хөлс сайн биш гэх мэт дам шалтгаанууд олон бий. Гэхдээ яг цаад учрыг нь ухахаар өөр зураг харагддаг. Ресторан ажиллуулдаг танил маань “Ажилд авъя, дажгүй цалин өгье гэж зар тавиад ч утсаар холбогдож сонирхох хүн алга” гэж халаглаж суусан. Ажил олгогчдын хувьд яг иймэрхүү нийтлэг зовлон хэлж суугаа анзаарагддаг. Цалин мөнгийг нь ахиу өгье гэж амлаад ч ажиллах хүч олдохгүй байна гэдэг өнцгөөс харахаар нэг үндэстэн нэг үндэстэндээ зарагддаггүй гэх шалтгаанд л хамаг учир байна.

Нийтлэлтэй шууд хамаагүй ч дам утгаараа холбогдох нэгэн бичвэрээс эшилье. “Ертөнцийг аврах хар ажилчид” гэсэн гарчигтай тэр бичвэрт өндөр хөгжилтэй орнуудад төвлөрдөг технологийн компаниудын цэмцгэр оффисын цаана хамаг гол ажлыг нь нугалдаг даржин оффисууд Филиппин гэх мэт хөгжиж буй улсуудын хаа нэгтээ байдаг, тэр даржин оффисуудад “Гүүгл”-ийн нийт ажилтнаас хоёр дахин, “Фэйсбүүк”-ээс 14 дахин олон буюу зуун мянган хүн завсар зайгүй ажилладаг тухай гардаг юм. Тэдний хийдэг ажлыг тэр бичвэрт “Дэлгэц дүүрэн цус нөж, хэлье гэвч үг эвлэхээргүй, гаж муухай бэлгийн ажил, арьсны өнгөөр ялгаварлагчдын зэрлэг балмад үйлдэл гээд хүн гээч адгуусаас гарч болох хамгийн адгийн бүхнийг харуулсан бичлэг, зураг зэргийг тэд зогсоо зайгүй устгах ажээ. Үзэшгүй муухай, төсөөлшгүй муу болгоноос бид бүгдийг хамгаалдаг цахим сүлжээний “хар ажилчид”-ыг “Фэйсбүүк”, “Твиттер”-ээс эхлээд сошиал медиатай холбогдох бараг бүх компани хөлсөлж ажиллуулдаг” гэсэн нь бий. Тэр нийтлэл ингэж төгсдөг юм. “Дараагийн удаа та фэйсбүүк хуудасныхаа feed-ийг шалгахдаа, мэдээллийн сайтуудын хажуу хавьд нь юм уу, доогуур нь урсах заруудыг харахдаа, эсвэл “YouTube”-д хэн нь үл мэдэгдэх нэгний байршуулсан бичлэгийг сэтгэл түгшилгүй үзэхдээ тэдэн шиг, дэлхийн хаа ч юм, хэнд ч үл анзаарагдах хуучин муу барилгуудын булан тохойд суугаа 100 мянган хүнд талархаарай” гэж.

Энэ өнцгийг бичиж суугаа сэдэвтээ хөрвүүлбэл “Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын хөгжсөн нууц нь барилга, зам барьж, оффис цэвэрлэж, суваг шуудуу ухаж яваа хар ажилчдын хүч. Өнөөгийн Америк, Канад, Солонгос, Японы өнгөлөг гудамж, хүчирхэг эдийн засгийг бүтээж, хөдөлгөгчид нь олон мянга, хэдэн сая эгэл бор ажилчид. Бидэн шиг хөгжиж буй улсын мандах шалтгаан нь ч хар бор ажлыг нугалах ажилчин зөгийнүүд. Хар ажилчдын хүчин дээр хамаг дэлхий тогтдог учраас тэдний хүчийг ашиглаж байж хөгжинө гэдгээ л ухаарах хэрэгтэй. Хар бор ажил нугалагчдыг улс дотроосоо биш, гаднаас импортолдог нь дэлхийн жишиг. Дэлхийн яг тэр жишгээр гаднаас ажилчин оруулж ирж байж барилга сүндэрлүүлж, үйлдвэр босгож өнгөтэй, хүчтэй амьдрах боломжтой” гээд хэлчихмээр санагдаж байна.

Хараар ажиллах хүчийг хаанаас импортлох вэ гэсэн асуултын хариу уг нь их энгийн. Барилга, замын ажил дээр гэхэд л урд хөршөөсөө ажилчин авчих боломжтой. Дэлхий даяар зам, барилгын бүтээн байгуулалтад урд хөршийн ажилчид зөв чөлөөгүй зүтгэж яваа. Харамсалтай нь бидэнд нэг сул тал бий. “Хятадуудыг оруулж ирж эх орноо сүйдлүүлэх нь” гэсэн массын хэцүү, хошин хандлагаас болж улстөрчид ийм шийдвэр гаргаж чаддаггүй. Хятад ажилчдыг оруулж ирэхэд үндэстний сэтгэлгээ, хандлагын ийм асуудал байдаг юм чинь өөр улсуудаас ажиллах хүч импортолъё. Ажиллах хүчнээ экспортолдог Азийн улсуудаас ажиллах хүчин авъя. Хууль журамдаа өөрчлөлт оруулж, ажиллах хүчний квотоо хэрэгцээнийхээ хэрээр нэмье. Тэгж байж бүтээн байгуулалт жинхэнэ утгаараа өрнөж, улсаараа хөгжих зам нээгдэнэ.

Монголчууд Солонгос, Япон гэх мэт улсад сайн ажилладаг шигээ эх орондоо ажиллая гэхээр цалин мөнгө нь бага гэсэн шалтаг, шалтгаан дуулддаг л даа. Тийм хэмжээний хөлс мөнгө өгөөд ажиллуулъя гэхнээ ажиллах хүн олдох болов уу? Шуудхан хэлэхэд, олдохгүй л болов уу. Ажлаа тараад архиддаг, архидсаныхаа маргааш ямар ч бүтээмжгүй ажилласан болоод оромддог, шаардлага тавихад хүлээж авахдаа хойрго, биеэ зовоож мөнгө олохоос илүүтэйгээр амар аргаар их мөнгө олох сонирхолтой гэх мэт түмэн алдаа, өчнөөн сул тал бидэнд бий. Эцэст нь дахиад хэлэхэд, ажиллах хүч олноор нь импортлох хууль гаргах нь л хамгийн ухаалаг шийдэл болоод байна. Дэлхийн бүх улс ингэж хөгжсөн, хөгжсөн улсуудын хүчирхэг хэвээр яваагийн нууц нь ч хараар ажиллах хүчний импорт гэдгийг улсаараа ойлгож ухаарах цаг ирчихэж.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ цаг-үе

ГХЯ: 23 иргэнийг долдугаар сарын хоёр нислэгт амжаад ирнэ гэж найдаж байна DNN.mn


Чэжү аралд эрүүл мэндийн аялал жуулчлалаар очсон 150 монгол жуулчны 23 нь сураггүй алга болсон талаар мэдээлэл тараад буй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаа болгон түгээсэн мэдээллээл тэд дөрвөн шөнө таван өдрийн аялалтай явсан, 26-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөсөн. Аяллын сүүлийн өдөр буюу 26-ны өдөр манай 23 жуулчин дотуур байрнаасаа холбоо сураггүй алга болсон гэж байгаа.

Энэ талаар ГХЯ-наас өчигдөр тодруулахад “23 жуулчны талаар Солонгосын талаас манайд албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Манай хүмүүс нэг сарын хугацаанд Чэжүд визгүй зорчих эрхтэй. Энэ хүмүүс зургаадугаар сарын 22-нд очсон, долоодугаар сарын 21-нд визгүй зорчих хугацаа дуусна. Ирэх сарын 9, 14-ний өдөр Монголруу нисэх чиглэл байгаа учир одоохондоо хууль бус иргэд гэж тооцохгүй” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

ЗГ: Олон улсын нислэгийн асуудлыг хэлэлцэж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу зургадугаар сарын 29-нд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Дарханы замын бүтээн байгуулалтын явц
  • 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай
  • Олон улсын нислэг болон Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагааны талаар
  • Газрын тос боловсруулах үйлдвэр болон Газрын тос дамжуулах хоолой төслүүдийн талаар
  • Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах төслүүдийн талаар зэрэг 40 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Гүнбилэг: Мөнгөний сонгууль байсаар байвал аль ч тогтолцоо нь хэрэгжихгүй DNN.mn


– Пропорциональ болгоод намдаа, намын даргадаа их мөнгө өгсөн нь жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэсэн үг –


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх эсэх талаар улс даяараа хэлэлцэж байна. Та хуульч хүний хувьд уг өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Хуульчийн хувьд бол нийгмийн уур амьсгалыг, иргэдийн оролцоог ажиглаж байна. Сэтгэлийн хөдлөлөөр энэ нь их зөв, энэ нь буруу гэж мэтгэхгүй. Аль аль сонголтууд сайнтай, муутай. Чухам түүнийг ямар байдлаар хэрэгжүүлдэг вэ гэдэгт л асуудал байгааг хууль тогтоогчид ойлгоосой.

-Өөрчлөлт хийхээр бол яг ямар заалтуудыг анхаарах ёстой гэж харж байна вэ?

-Үндсэн хууль гэхээсээ манайх дийлэнх олонхоор баталдаг органик хуультай болоосой гэж хүсч байна. Одоо бол манайх Үндсэн хууль, ердийн хууль гэсэн хоёр хуультай болчихоод байна. Уг чанартаа Үндсэн хууль, органик хууль, ердийн хууль гэж гурав ялгаж өгвөл бүх зүйлийг Үндсэн хууль руу хийх гээд зүтгэх шаардлагагүй болох юм. Жишээ нь, сонгуулийн тогтолцооны асуудлыг органик хуулиар зохицуулж болно. Манайх органик хуультай гэх мөртлөө батлах процесс нь ердийн хуулиас ялгаагүй байдаг.

-Угтаа 2019 онд МАН олонхоороо Үндсэн хуулийг өөрчилсөн. Тухайн үед УИХ-ын дарга болон МАН-ынхан бүгд маш сайн өөрчлөлтийг хийсэн, дахиж гар хүрэхгүй гэж ярьж байсан шүү дээ. Яагаад дахиад гар хүрэх гээд байгаа талаар та хуульч хүнийхээ хувьд ямар байдлаар харж байна вэ?

-Тухайн үед ярьж байгаад нийгмийн дэмжлэг, эсхүл улс төрийн тохироо нь бүрдээгүй үлдсэн зүйлс бий байх. Яг яагаад өөрчлөх гээд байгааг улстөрчид, шийдвэр гаргагчид мөн чанарыг нь хэлэх байх. Зүгээр шударга ёс тогтооё, цаашид улс орноо гоё болгох гарц гэх мэт үгс бол бидний сонсож дадсан зүйлс шүү дээ. Аливаа нийгмийн өөрчлөлт, тэр дундаа Үндсэн хуулийн шинэтгэл бол эдийн засаг, улс төр, оюун санаа, социаль хүрээний өөрчлөлтийг шаарддаг. Хуульчид гэхээсээ энэ хүрээний хүмүүсийн оролцоог хангаж, судлах, үгийг нь сонсох ёстой юм. Хуульчид бол энэ хүмүүсийн хэлсэн, олонхоор хүлээн зөвшөөрсөн саналыг хууль зүйн техник ашиглан бичдэг хүмүүс юм. Манайд Үндсэн хуулийн өөрчлөлт ярихаар улстөрчид, хуульчид л юм яриад байдаг. Эдийн засагчид, социологи, философи, антропологи, нийгмийн сэтгэл зүйчид гээд бусад мэргэжлийнхэн хаачив гээд ихэд гайхах юм. Сэтгүүлчид ч тэр хүмүүсийн хойноос гүймээр байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярихаар улстөрчид, хуульчдаас бусад мэргэжлийнхний оролцоог хангах ёстой.

-Үндсэн хуулийг өөрчлөх, сонгуулийн тогтолцоог холимог болгож олон намын төлөөллийг парламентад оруулахаар ярьж байна. Та үүнийг дэмжих үү. Манай улсад ямар сонгуулийн тогтолцоо нь илүү оновчтой юм бэ?

-Сонгуулийн аль аль тогтолцоо өөрөө сайнтай, муутай. Нийгэм юу хүснэ, тэрнийг хуульчид бичиж таарах байх. Миний хувьд хуулиа хэрэгжүүлдэг, үгүй ядаж сонгуулийн үеэр санал худалдан авдаг, мөнгө хуулиар халхавчилж тараадаг, архидуулдаг энэ байдлыг хуулийн байгууллага яс тогтоож, хорьж чаддаг бол аль ч тогтолцоо хэрэгжээд явна гэж бодож байна. Даанч сонгуулиар бие даагч нэртэй олон хүн дэвшиж, хэн нэгэн мөнгөтэй хүнд үйлчилж, олон ухуулагч авдаг. Бас сонгуулийн өмнөх жил, мөнгө эд зүйл тараадаг хүмүүс сонгогддог, намууд үүнийг нь хүлээн зөвшөөрдөг. Нэг үгээр бол мөнгөний сонгууль байсаар байвал аль ч тогтолцоо нь хэрэгжихгүй шүү. Пропорциональ болгоод намдаа, намын даргадаа их мөнгө өгсөн нь жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэсэн үг. Тэгж өөрчилбөл хэрэг байх уу. Үр дүн нь адилхан л гэсэн үг. Энэ тохиолдолд хэнд ашигтай вэ гэдэг асуулт мөн гарч ирнэ.

-Сонгууль бүрийн өмнө эрх барьж байгаа нам өөртөө таарсан тогтолцоо, бодлого барин ажилладаг шүү дээ. Ирэх УИХ-ын сонгуулиар одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль болон бусад тогтолцоо хэвээрээ байсан ч МАН-ынхан дахин олонх болж, ялах магадлал өндөр байгаа гэж улс төр судлаачид ярьж байна. Та энэ байдлыг аль талаас нь харж байна?

-Монгол Ардын нам ялах болов уу. Төрийг бариад явчих, олонх болох өөр нам харагдахгүй байна. Ардчилсан нам учраа олбол арай өөр нөхцөл үүснэ.

-Хоёр танхимтай парламенттай болъё гэж байна. Тэгвэл ардчилсан орны парламентын сонгодог хэв маягаар хөгжинө гэх юм. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Аль нь ч байж болно. Гэхдээ нэг танхимтай одоогийнхоороо байх нь зөв гэсэн нийгмийн хандлага давуу гэж харж байгаа. Хэрэв хоёр танхимтай болъё гэвэл шинэ Үндсэн хуулийн асуудлыг хөндөх болж байгаа юм. Тиймээс одоо дахин шинэ Үндсэн хуулийн асуудлыг ярилцлах цаг үе биш ээ.

-Б.Чимид гуайн хэлснээр бол Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрэх нь тогтолцооны болоод төрийн бодлого үйл ажиллагаа сулардаг. Эвгүйтвэл улс орон сүйрчихэж болдог гэдэг агуулга хэр зөв бэ. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс гэж ч ярьдаг шүү дээ…

-Цаг хугацаа, гадаад дотоод нөхцөл байдал, эдийн засгийн боломж гээд энэ бүхнийг тооцох ёстой. Үндсэн хуульд бага багаар өөрчлөлт, шинэчлэлт хийхийг багш бол хүлээн зөвшөөрч байсан. Ийм ч учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулийг бичиж үлдээсэн. Харин тэр хууль өнөөдөр юу болов, үндсэн бүтэц нь хэвээрээ юү гэдэг бол тусдаа асуудал.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Харагчин үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 29, Буд гариг. Билгийн тооллын давхарласан 30, хэрцгий охин одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 4:56 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.