Categories
мэдээ нийгэм

​Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал эхэллээ DNN.mn

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал эхэллээ.

Энэ удаагийн бага хурлыг

  • “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж”,
  • “ЗХА-ийн олон талт хамтын ажиллагаа”,
  • “ЗХА-ийн энх тайвны ирээдүй”,
  • “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа”,
  • “ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд энэ сарын 23-наас 24-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.

Тодруулбал,Өнөөдөр буюу зургадугаар сарын 23-нд “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж” I хуралдааны хүрээнд бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаач нар бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжийн талаар санал бодлоо солилцож, хэлэлцэнэ.

Харин “ЗХА-ийн олон талт хамтын ажиллагаа” II хуралдаанаар бүс нутагт итгэлцэл бэхжүүлэх чиглэлд хэрэгжиж буй үйл ажиллагаа, санаачилгын үр дүнгийн талаар үзэл бодлоо илэрхийлэх юм.

Мөн “ЗХА-ийн энх тайвны ирээдүй” III хуралдаанаар бүс нутгийн залуучуудын харилцаа холбоог бэхжүүлэх, нийтлэг үнэлэмжийг бий болгох, итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг сурталчилж, үе хоорондын ялгааг арилгах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ хэсэгт НҮБ-ын Улс төр, энх тайвныг тогтоох асуудал эрхэлсэн газар (DPPA), залуучуудын төлөөлөлд бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын талаарх санал, зөвлөмжөө бодлого боловсруулагчидтай хуваалцах болно.

Хурлын хоёр дахь өдөр буюу зургадугаар сарын 24-ний өдөр “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа” IV хуралдаанаар Зүүн хойд Азийн улс болон олон улсын санхүүгийн байгууллагын эдийн засагч, бодлого боловсруулагч, бизнесийн төлөөлөгчид цар тахлын дараах эдийн засгийн хамтын ажиллагааны талаар бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Цар тахал, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлд төдийгүй нийгэм, хувь хүний амьдралд нөлөөлж, түүнийг нөлөөг бууруулахын тулд улс орнууд санхүүгийн нэгдэл томоохон бодлогын арга хэмжээ, дэмжлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

“ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” V хуралдааныг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран зохион байгуулж, Зүүн хойд Азийн орнуудын эрдэмтэн судлаачид эрчим хүчний бодлого, тогтвортой хөгжил, шилдэг туршлага, ирээдүйн чиг хандлага, ойрын жилүүдэд тус бүс нутагт тулгарч болзошгүй сорилтуудын тухай хэлэлцэх юм. Түүнчлэн тогтвортой хөгжлийн долоодугаар зорилт (SDG 7)-ыг шийдвэрлэхэд тулгарч буй сорилт, боломжийг хөндөхөөс гадна бүс нутгийн эрчим хүчний уялдаа холбоог хоёр болон олон талт хамтын ажиллагаагаар хэрхэн хөгжүүлэх талаар ярилцана.

Тус хуралд Зүүн хойд Азийн улс орноос гадна Австрали, Канад, Итали, Франц, Их Британи, Турк, Словени, Литва зэрэг улс, НҮБ, олон улсын байгууллагын нийт 150 гаруй төлөөлөгч оролцож байна.

.

Categories
мэдээ эдийн-засаг

НИТХ: 429 орон тоог бууруулснаар 2.7 тэрбум төгрөг хэмнэхээр болов DNN.mn

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өчигдөр үргэлжилж нийслэлийн 2022 оны төсвийн тодотголыг баталлаа. Нийслэлийн энэ оны төсвийн тодотголоор:

  • төсвийн хөрөнгө оруулалт 640.3 тэрбум төгрөг,
  • 2021-2022 онд он дамжин санхүүжих 39.1 тэрбум төгрөг,
  • Нийслэлийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14.6 тэрбум төгрөг,
  • орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2022 онд он дамжин санхүүжих 13.8 тэрбум төгрөгийн,
  • нийт 707.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр батлав

Энэ нь анх баталсан төсвөөс 131.6 тэрбум төгрөгөөр буурч, хэд хэдэн өөрчлөлт орж байна. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилж байгаа шилжүүлгийн орлогыг 2 тэрбум 531.9 сая төгрөгөөр бууруулав. Мөн нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, биеийн тамир спортын байгууллагын үйлчилгээний зардалд 2022 онд баталсан урсгал зардлыг 28 тэрбум 934.5 сая төгрөгөөр бууруулж байгаа аж. Учир нь энэ оны 5 дугаар сарын 1-нээс дээрх зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болсон юм.

Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийг 7 тэрбум 907.3 сая төгрөгөөр нэмэгдүүлж байгаа бол, хотын шуудын 2021 оны төсвийн орлогын давалт, зарлагын хэмнэлт 83 тэрбум 656.3 сая төгрөг байхаар Төрийн аудитын байгууллага баталгаажуулжээ. Энэ оны эхний 5 сарын орлогын гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсөвт 528.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Гэвч энэ нь орлогын төлөвлөгөө 46.8 тэрбум төгрөг буюу 8.1 хувиар тасарсан үзүүлэлт юм.

Харин төсвийн зарлагын тухайд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуульд тусгасан үндсэн чиглэлийг баримтлан, Засгийн газрын төсвийн зардлын хэмнэлтийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн тэнцлийг хангахад анхаарчээ. Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголын хүрээнд:

  • Нийслэл дүүргийн Засаг даргын орлогч 21, агентлаг, харьяа байгууллагын дэд дарга, орлогч дарга 24, нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчид 384, нийт 429 орон тоог бууруулахаар тооцон, 2.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр,
  • Албан тушаалын суудлын автомашин ашиглаж буй нийт 131 албан тушаалтны автомашины хэрэглээг энэ оны 5 дугаар сараас зогсоосноор 266.7 сая төгрөг хэмнэхээр,
  • Нийслэл дүүргийн төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосон шийдвэр гараагүйтэй холбогдуулан нэмж тусгасан эхний хагас жилийн цалингийн зардал болох 13.8 тэрбум төгрөгийг нийт цалингийн зардлаас бууруулахаар төсөлд тусгажээ.

Мөн нийслэлийн өмчийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, биеийн тамир, спортын байгууллагын байр ашиглалтын үйлчилгээний зардлыг энэ оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн салбарын яамдаас санхүүжүүлэхээр өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор дээрх зардалд баталсан хэмжээг 28 тэрбум 934.5 сая төгрөгөөр бууруулан батлав. Түүнчлэн нийслэлийн 2022 оны төсөвтэй хамт хотын шуудын 2021 оны төсвийн гүйцэтгэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан батлав

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Уур бол тийм ч аюултай сэтгэл хөдлөл биш ээ DNN.mn

Уур бол тийм ч муухай юм биш. Хүний сэтгэл хөдлөлүүдийн байдаг л нэг үзэгдэл. Хүн огт уурлахгүй, уураа бариад тэвчээд, хадгалаад байж болохгүй. Харин уураа гадагшлуулахгүй, ширгээхгүй бол гэнэт дэлбэрдэг нь аюул. Битүү чанагчинд хоол болгохдоо уурыг нь нэгэн жигд гаргахгүй бол бууддаг. Хамгийн ойрын жишээ гэвэл хорхог хийхдээ уурыг нь гаргадаг даа. Яг үүнтэй адил та уураа гаргаж байх ёстой. Гол нь нэгэн жигд, зөөлхөнөөр.

Буддын гүн ухааны багш нар, гавж, гэвш лам нар уурлах нь маш ховор. Уурламаар юман дээр ч уурладаггүй. Уурлуулъя гэвч уурлахгүй шүү. Харин уурласан дүр үзүүлэх юм уу, хичээлээ хийгээгүй, номонд шамдаагүй шавь нартаа хандаж урьд өмнө хэн нэгэнд тохиолдсон ном сураагүй явдлыг хөгжилтэй, ёжтойгоор ярьж “чимхэнэ”. Эсхүл хичээл, гэрийн даалгавар нэмж өгнө. Эрдэмтэй лам нар уураа ингэж гаргаад байх шиг байдаг юм.

Йог, бясалгал гээч зүйлс бол уурыг үүсгэж буй буруу бодлын үндсийг олоод түүнийг таслахад тусалдаг. Энэ бол уураас салах маш зөв арга замууд. Гэхдээ уурлаж байна гэдэг бол сэтгэл зүйн хувьд эрүүл, өөрийгөө таагүй, тухгүй, таалагдахгүй юмнаас хамгаалж чадаж байна гэсэн үг л дээ, товчхондоо. Гол нь уураа зөв гаргах, зөв дарахад л асуудал байгаа юм. Уур бол залж, дарж болдог нисванис. Уурын ерөндөг бол тэвчээр. 8-хан секунд тэвчээд, зөв бодлоор угтуулчихад уурын гал унтарчихдаг. Огт уурладаггүй хүн гэж байхгүй. Хэрвээ байгаа бол уураа зөв дарж сурсан, номхруулсан хүн л байх.

Categories
мэдээ нийгэм

Дэлхий нийт олон сорилттой тулгарч буй үед ч Брикс-ийн түншлэл бэхэжсээр байна DNN.mn

Хятадын Шанхай хот дахь Шинэ хөгжлийн банк буюу БРИКС-ийн банкны төв байрны зураг.

2022 оны 6 дугаар сарын 17-нд агаараас авсан зураг. (Синьхуа/Фан Жэ)


Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс гэсэн хөгжиж буй таван улсаас бүрдсэн бүлэг буюу БРИКС-ийн гишүүн орнуудын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт “БРИКС-ийн өндөр чанартай түншлэлийг хөхиүлэн дэмжиж, дэлхийн хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлэх нь” сэдвийн дор энэ долоо хоногт цахим хэлбэрээр болох гэж буй бөгөөд дээд хэмжээний уулзалтыг БНХАУ даргална.

БРИКС нь байгуулагдсанаасаа хойших 16 жилийн хугацаанд нээлттэй, хүртээмжтэй бөгөөд харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримтлан өргөн цар хүрээг хамарсан салбарт практик хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр ирсэн юм.

Дэлхий дахин олон сорилт, тодорхойгүй байдалтай, тухайлбал нэгэн зуунд гараагүй цар тахалтай нүүр тулж буй энэ үед хөгжиж буй таван том улс дэлхийн хөгжил дэвшлийг ахиулахад өөрсдийн мэргэн ухаан, хүчин чармайлтаараа хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байна.

БҮХ НИЙТИЙН ХӨГЖЛИЙГ ХӨХИҮЛЭН ДЭМЖИХҮЙ

БРИКС-ийн гишүүн орнууд нь бүс нутаг, дэлхийн эдийн засаг, худалдааны өсөлтийг хангах чухал хөшүүрэг юм.

Албан ёсны тоо баримтаас үзвэл, КОВИД-19 цар тахлын нөлөө үргэлжилсээр байсан хэдий ч БРИКС-ийн гишүүн орнуудын нийт худалдааны хэмжээ 2021 онд 8.55 орчим их наяд ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оныхоос 33.4 хувиар өссөн үзүүлэлт аж.

Үүний зэрэгцээ БНХАУ-ын БРИКС-ийн бусад гишүүн оронтой хийсэн хоёр талын худалдаа өнгөрсөн онд 490.42 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоосоо 39.2 хувиар өсжээ.

БРИКС-ийн орнууд дэлхийн нийт бараа бүтээгдэхүүний худалдааны 18 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 25 хувийг эзэлдэг болох нь статистик мэдээнээс харагдаж байна.

Хятадын зүүн нутгийн Шаньдун мужид байдаг, автомашины дугуй үйлдвэрлэгч “Prinx Chengshan Tire” ХХК Бразилын зах зээлд хөл тавиад 10 гаруй жил болж буй бөгөөд орон нутгийн дистрибьютер болон үйлчлүүлэгчдийн дунд хэдийн танил болжээ.

Тус компанийн мэдэгдсэнээр, эрх бүхий эдийн засгийн операторын статусыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай БНХАУ болон Бразил хоорондын хэлэлцээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хүчин төгөлдөр болсон бөгөөд уг хэлэлцээрийн ачаар тус компанийн бүтээгдэхүүний экспорт мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа аж.

БРИКС-ийн гишүүн орнуудын түншлэл бэхжихийн хэрээр үр өгөөжийг нь хүртэж буй компаниуд олширч байгаа бөгөөд гишүүн орнууд хоорондын эдийн засаг болон худалдааны хамтын ажиллагааны хамрах хүрээ улам бүр өргөжин тэлж байна.

Дижитал эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалт ба тогтвортой хөгжил, нийлүүлэлтийн сүлжээ болон олон талт худалдааны механизм зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр энэ сарын эхээр бол сон 12 дахь уулзалтынхаа үеэр БРИКС-ийн орнуудын эдийн засаг, худалдааны сайд нар тохиролцсон юм.

Хөгжиж буй орнуудад тулгарч буй дэд бүтэц болон хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхийн тулд БРИКС-ийн гишүүн орнууд Шанхай хотноо Шинэ хөгжлийн банкийг (ШХБ) байгуулж, 2015 оны долдугаар сард албан ёсоор нээсэн билээ.

ШХБ нь 2021 оны тавдугаар сарын байдлаар Бразилын сэргээгдэх эрчим хүчний төслүүдээс эхлээд Энэтхэгийн төмөр замын сүлжээг шинэчлэх хөтөлбөрүүд, ОХУ-д шинээр автозам тавих зэрэг нийтдээ 30 тэрбум орчим ам.долларын өртөг бүхий 80 гаруй төслийг гишүүн орнууддаа батлан хэрэгжүүлээд байна.

Тус банк 2022-2026 онд гишүүн орнууддаа 30 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ мөнгөний 40 хувийг дэлхийн дулаарлыг сааруулахад зарцуулах ажээ.

БРИКС-ийн орнуудын технологийн шинэчлэл, дижитал шилжилтийг ашиглах зорилгоор БРИКС-ийн орнуудын Аж үйлдвэрийн шинэ хувьсгалын түншлэлийн инновацийн төвийг 2020 оны 12 дугаар сард Хятадын зүүн нутгийн Фузянь мужийн Сямынь хотод байгуулжээ. Тус төв нь БРИКС-ийн орнуудын хоёр талын хамтын ажиллагааг хөнгөвчлөх, БРИКС-ийн орнуудын бүх нийтийн хөгжлийг хөхиүлэн дэмжихийн тулд ШХБ-тай харилцан ойлголцлын санамж бичигт энэ сарын эхээр гарын үсэг зурсан байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр тал хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн интернет, эрчим хүч хэмнэлт болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтран судалгаа хийх, боловсон хүчнийг бэлтгэж сургах, дэд бүтэц болон тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцох замаар хамтран ажиллана.

ШХБ-ны ерөнхийлөгч Маркос Тройо хэлэхдээ “ШХБ-наас гадна БРИКС-ийн орнуудын Аж үйлдвэрийн шинэ хувьсгалын түншлэлийн инновацийн төв нь БРИКС-ийн гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх өөр нэгэн чухал механизм юм. Энэ хоёр байгууллага нь хоёулаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг БРИКС болон бусад хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх зэргээр тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг дэмжих зорилготой” гэжээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХҮЙ

КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойш БРИКС-ийн орнууд нэг нэгэндээ эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлах, халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, оношлох, эмчлэх протоколуудаа харилцан хуваалцаж, вакцин болон эмийн судалгаа хийхэд хамтран ажиллах зэргээр өргөн хүрээтэй хамтын өрнүүлсээр байна.


Бразилын Бутантаны хүрээлэн Хятадын гаргаж авсан “КоронаВак” вакциныг 2023 оноос эхлэн үйлдвэрлэх үйлдвэрээ Сан-Паулу хотноо энэ оны гуравдугаар сард нээсэн юм.

Мөн гуравдугаар сард БРИКС-ийн орнуудын Вакцины судалгаа, хөгжлийн төвийн нээлтийн ёслолыг онлайнаар зохион байгуулсан.

БРИКС-ийн гишүүн таван орон тэгш хуваарилах замаар хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд вакцины хамтын ажиллагааг бэхжүүлэх санаачилгыг хамтран дэвшүүлсэн юм. Энэхүү санаачилга нь БРИКС-ийн орнуудын халдварт өвчинтэй тэмцэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд хариу үйлдэл үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд уг санаачилгад бусад улс орон нэгдэх боломжтой.

Мөн БРИКС-ийн гишүүн орнууд томоохон хэмжээний тахлаас урьдчилан сэргийлэх системийг нэвтрүүлэхээр тавдугаар сард болсон гишүүн орнуудын эрүүл мэндийн сайд нарын 12 дахь удаагийн хурлынхаа үеэр зөвшилцсөн байна. Мөн уг хуралд оролцогчид КОВИД-19 цар тахлаас сэргийлэх, эрүүл мэндийн шинэ системүүд болон дижитал эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвүүдээр нухацтай хэлэлцүүлэг өрнүүлжээ.

ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ

БРИКС-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны ололт амжилт нь зөвхөн дэлхийн хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын хөгжил дэвшилд түлхэц болоод зогсохгүй БРИКС-ийг Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг ахиулах чухал талбар болгосон юм.

2017 онд Хятад улс БРИКС-ийн гишүүн орнуудын эв нэгдэл, уялдаа холбоог бэхжүүлж, улмаар БРИКС-ийн “найз нөхдийн хүрээлэл”-ийг улам бүр өргөжүүлж, шинээр хөгжиж буй бүх зах зээл болон хөгжиж буй орнуудын хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжих зорилгоор “БРИКС+” хамтын ажиллагааны загварыг танилцуулсан билээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И тавдугаар сард БРИКС-ийн гишүүн орнууд болон хөгжиж буй орнуудын гадаад харилцааны сайд нарын цахим хэлэлцүүлгийг даргалсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ “Хэлэлцүүлэгт оролцсон бүх орны гадаад харилцааны сайд нар ‘БРИКС+’ хамтын ажиллагааны загварыг дэмжиж, үүний хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлсэн” гэсэн юм.

Уг хэлэлцүүлэгт оролцогчид “БРИКС+” хамтын ажиллагааны загварыг өндрөөр үнэлж, БРИКС-ийн орнууд болон шинээр хөгжиж буй зах зээлүүд хоорондын стратегийн харилцаа холбоог улам бүр бэхжүүлж, илүү шударга, эрх тэгш, хүртээмжтэй бөгөөд ардчилсан зарчим бүхий дэлхийн засаглалын тогтолцооны хөгжлийг хөхиүлэн дэмжихээ илэрхийлсэн байна.


Хятадын зүүн нутгийн Фузянь мужийн Сямынь хотод болсон БРИКС-ийн Аж үйлдвэрийн шинэ хувьсгалын талаарх үзэсгэлэнд тавигдсан ухаалаг робот нохой. 2021 оны 9 дүгээр сарын 8-ны зураг. (Синьхуа/Линь Шаньчуань)


Ядууралтай тэмцэх, хүнсний аюулгүй байдал, ногоон хөгжил, үйлдвэржилт, дижитал эдийн засаг болон бусад салбар дахь БРИКС-ийн хамтын ажиллагаа нь хөгжиж буй олон орны хүсэл эрмэлзэл болон хэрэгцээ шаардлагад нийцэж байна гэж Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн Хөгжиж буй орнууд судлалын газрын дарга Ван Юмин хэлэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “Тиймээс БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь хөгжиж буй орнуудад КОВИД-19 цар тахлын нөлөөлөл болон бусад сорилтыг даван туулахад нь чухал үүрэг гүйцэтгэх болно” гэсэн юм.

Мөн Сингапурын Үндэсний Их Сургуулийн харъяа Ли Куан Югийн нэрэмжит Нийтийн бодлогын сургуулийн дэд профессор Гу Циньян хэлэхдээ “Цаашид БРИКС-ийн орнууд одоогийн хамтын ажиллагааны механизмаа улам бэхжүүлж, аажмаар өргөжүүлэн тэлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон ‘Бүс ба Зам’ санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй нягт уялдуулснаар дэлхий нийтийн хамтын ажиллагаа, хөгжил дэвшилд илүү их үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой” гэжээ.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса саяхан Кейптаун хотноо нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Олон улс орны итгэлийг хүлээсэн БРИКС бүлгийн гишүүн бусад оронтой манай улс хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 58 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 58 тохиолдол шинээр батлагдсан байна. Халдварт өвчний 27 нь Улаанбаатар хотод, 31 нь орон нутагт илэрчээ. Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрөөсөө бага зэрэг буурсан байна.

Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 928,362-д хүрлээ.

зураг

Иргэд орон нутаг болон нийслэл хотод олон хүнтэй газраар явахдаа амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Нийт 1600 зөвшөөрлийн тоог энэ хуулиар 350 болгож цөөлсөн DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Таны ахалж ажилласан Зөвшөөрлийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн ач холбогдлын талаар эхлээд ярихгүй юу?

-Энэ бол процессын хууль юм. Зөвшөөрөл яаж өгөх үү, хэдэн хоногт эрх бүхий байгууллага нь шийдэх үү, тусгай зөвшөөрөл болон энгийн зөвшөөрөлд нь юу орох уу зэргийг зохицуулсан. Хэрэв зөвшөөрөл олгоход мэргэжлийн хяналт ч юм уу, гуравдагч талын баталгаажуулалт шаардлагатай бол хэдэн хоногт асуудлыг шийдэх үү гэдгийг бүгдийг нь хугацаатайгаар хэрхэн яаж хийхийг нь хуульд нарийвчлан тусгасан. Бүх зөвшөөрөлд эрсдлийн үнэлгээ хийлгээд тусгай болон энгийн зөвшөөрөл гээд ангилчихсан байгаа. Энгийн зөвшөөрөл нь илүү хувь хүн, ахуйн хэрэглээтэй холбоотой. Мөн үндсэн зөвшөөрөл дээр авдаг нэмэлт зөвшөөрлүүдийг энгийн ангилалд оруулчихсан байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсад яг одоо хэдэн зөвшөөрөл байгааг хуулиар тодорхой болгож өгсөн. Хуучин сайдын тушаал, засгийн газар, яамны журам, иргэдийн хурлын тогтоол гэхчлэн бүгдийг нь зөвшөөрлийн шинж чанартай зохицуулаад явж байсан. Нийт 1600 зөвшөөрлийн тоог энэ хуулиар 350 болгож цөөлж байгаа юм. Тэгэхээр бусад журам, иргэдийн хурлын тогтоол, давхардсан тушаалууд, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл дээр байсан бүх зөвшөөрөл хүчингүй болж байна гэсэн үг. Цаашдаа яах ёстой вэ гэхээр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгч байгаа юм. Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж дагаж мөрдөнө. Хууль хэрэгжихтэй холбогдуулж хэд хэдэн хуулийг шинэчлэх шаардлагатай.

Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд тулгарч буй аливаа асуудал, авлига хээл хахууль, алхам тутамд эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн дураар зөвшөөрөл бий болгож хүнд суртал үзүүлдэг зэрэг хүндрэлтэй асуудал энэ хуулиар шийдэгдэх юм.

-Тусгай зөвшөөрлийн тоог тав дахин цөөлсөн юм байна. Хугацаагүй олгох зөвшөөрөлд ямар, ямар зөвшөөрөл багтаж байгаа вэ. Мөн хэлэлцүүлгийн үеэр байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглах зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно гэж байсан шүү дээ?

-Зөвшөөрлийн тухай хуулиар байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглахтай холбоотойгоор төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулах зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулах зөвшөөрлийг хугацаатай олгоно, Өөрөөр хэлбэл, дээрх зөвшөөрлийг хугацаагүйгээр олгохыг хориглож байгаа юм. Ой, ус, агаар, газар, газрын хэвлийн баялаг, ховор ургамал, ан амьтныг зохистой хэмжээнд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөгөөтэйгүүр тэдгээрийн баялгийг хязгаартайгаар ашиглах асуудлыг шударга, өрсөлдөөний зарчмаар явуулах асуудлыг хуульчиллаа. Жишээлбэл, самар бол байгалийн хязгаарлагдмал нөөцөд орно. Хуучин байгалийн хязгаарлагдмал нөөцтэй холбоотой 20 гаруй зөвшөөрлийг журмаар, гарын үсгээр олгодог байсан. Самар, дэрвэгэр жирвэгэр, үйлдвэрлэлийн зориулалттай өвс хадлангийн ажил зэрэг нь дандаа гарын үсгээр явдаг. Зөвшөөрлийг нь хэн нэгэн давуу байдал үүсгэх байдлаар өгдөг байсан. Тэгвэл энэ хуулиар заавал нэрлэн зааж байгаад 20 зөвшөөрлийг байгалийн хязгаарлагдмал нөөцтэй зөвшөөрөл мөн байна. Үүнийг заавал дуудлага худалдаа юмуу сонгон шалгаруулалтаар олгодог бол гэдэг заалт орж ирж байгаа. Дээрээс нь ийм төрлийн зөвшөөрлийг бүгдийг нь хугацаатай өгнө. Яагаад гэвэл бусдаас ямар нэгэн байдлаар давуу тал олж авч ашиглаж байгаа учраас сонгон шалгаруулалтаар юм уу хугацаатай зөвшөөрөл ав гэдэг зохицуулалтыг хийж өгсөн. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно. Бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болно. Монголбанк болон Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагаас олгож байгаа зарим зөвшөөрлүүд хугацаагүй олгож байгаа.

Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэлээд олон зөвшөөрлийг хугацаагүй олгож болдог. Энэ хуулийг аль болох мэргэжлийн холбоодод зөвшөөрөл олгох эрхийг нь өгье гэсэн боловч манайд нэгдсэн мэргэжлийн холбоод байдаггүй. Гол асуудал нь энэ. Жиишээлбэл, танхим гэхэд бизнесийн хэд хэдэн танхимтай. Сагсны холбоод хоёр, гурав байсан, сая нэг боллоо. Уяачдын холбоо гурав байна. Наадмын хууль хэлэлцэхэд хоорондоо маргаад яваад байх жишээтэй. Аль нэг мэргэжлийн зөвшөөрлийг холбоодод нь өгөх гэхээр тэр байгууллага хэн бэ гэдэг нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр мэргэжлийн нэгдсэн холбоодын хууль батлагдчихвал гурван жилийн дараа Засгийн газар тусгай зөвшөөрлийнхөө тоог бууруулангаа зарим нэг ач холбогдолгүй, мэргэжлийн шинж чанартай зөвшөөрлийг холбоодод нь шилжүүл гэж байгаа юм. Ингэвэл мэргэжлийн үнэмлэхийг хугацаагүй олгож болно шүү дээ.

-Хуульд зааснаас бусад үйл ажиллагаанд зөвшөөрөл авах шаардлагагүй гэж байсан. Тухайлбал, ямар, ямар чиглэлд хамаатай вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Одоо 350 үйл ажиллагаанд зөвшөөрөл шаардагдана. Банк гэхэд дотроо 20, 30 болж задарч байгаа. Банк бус нь 11 болж задарна. Чиглэлээр бол цөөхөн л дөө. Энэ хуульд заасан зөвшөөрлийн жагсаалтад байхгүй үйл ажиллагааг стандарт, хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлнэ гэсэн үг.

Манай стандартын хууль дэндүү хоцрогдчихоод байгаа юм. Одоо стандартыг хэн ч мэддэггүй, ойлгодоггүй. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжсэнээр иргэдэд шууд мэдрэгдэх зүйл гэвэл найман нэрийн барааны дэлгүүрээр жишээ авъя л даа. Ийм дэлгүүр найман төрлийн барааны зөвшөөрөл авдаг. Тэгвэл шинэ хуулиар бол хоёрхон зөвшөөрөл авна. Тэр нь зөвхөн архи, тамхи зарах тохиолдолд үйлчилнэ. Бусдаар мэргэжлийн хяналт нь ирээд стандартаа хангаж байна уу гэдгийг харах юм. Мэдээж, жорлонд хүнсний дэлгүүр ажиллуулж болохгүй. Тэгэхрээр стандартын хуулийг шинэчлэх хэрэгтэй. Стандарт нь хэнд ч ойлгомжгүй байгаа тул стандартыг таниулдаг ажлыг мэргэжлийн байгууллага нь түгээх ёстой л доо, уг нь. Тэгэхээр стандартын хууль батлагдчихвал зөвшөөрлийн тоо өшөө буурах боломжтой.

-Зөвшөөрөл олгох процесс цахимд шилжинэ гэж ойлгосон. Хэрэв 30 хоногийн дотор хариу өгөхгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно гэл үү?

-Аливаа үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг тухайн бичиг баримтын хувьд ч, шийдвэрлэх цаг хугацааны хувьд ч залхаан цээрлүүлэх хэлбэртэй болсныг хүн болгон мэдэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг 30 хоног, энгийн зөвшөөрлийг 21 хоногийн дотор шийдвэрлэдэг байхаар хуульд тусгасан. Энэ хугацаанд явагдах бүхий л ажиллагааг цахимаар явуулж, хэрвээ хуулийн хугацаанд шийдвэрлээгүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно. Хугацаандаа хариу өгөөгүй албан тушаалтанд хуулийн хариуцлага оногдуулах зохицуулалтыг хуульчиллаа. Бүх үйл ажиллагаа цахимаар явна. Өргөдөл гаргасан хүн өөрөө цахимаараа зөвшөөрлийнхөө процессыг хянана. Энгийн зөвшөөрөл дээр хүсэлтээ өгчихнө. Хариу өгөхгүй бол шууд олгосонд тооцно гэж байгаа. Тусгай зөвшөөрөл дээр хүсэлт өглөө, хариу өгөхгүй бол хариу өгөөгүй албан тушаалтан дээр нь хариуцлага тооцох механиз бий. Өргөдөл өгсөн хүмүүсийн гол бухимдал бол “Хариугаа авч чадахгүй байна. Аль зөвшөөрлийг хаанаас авах нь тодорхойгүй байна. Хариу өгөх хугацаа нь тодорхойгүй байна. Олон байгууллагын хаалга татаад байна. Хугацаа дуусангуут зөвшөөрөл цуцалдаг” гэсэн дөрвөн том гомдол гардаг юм. Үүн дээр хугацаандаа олгодог болно. Иргэдийн зөвшөөрөл ямар хугацаанд хаана хэн дээр шийдэгдээд явж байгааг хардаг болно. Хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө эрх бүхий байгууллага нь эзэмшигч рүү мэдэгдэл хүргүүлнэ. Олон байгууллагын хаалга үүд татдаг байдлыг цэгцэлж байгаа. Эрх бүхий байгууллага нь өөрөө нийтийн мэдээллийн хуулиар өргөдлийг харж байгаад баталгаажуулах юм уу, мэргэжлийн хяналтын дүгнэлт шаардлагатай бол тухайн байгууллагуудад хүргэнэ. Тэдгээр байгууллага нь өөрөө ажлын таван өдөрт дүгнэлтээ гаргаж өгөх ёстой. Тэгэхээр иргэн бол ганцхан байгууллагатай л харилцана. Ер нь Зөвшөөрлийн хууль батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрөл авахад зарцуулдаг цаг, зардлыг 60-70 хувь хэмнэнэ гэж тооцоолж байгаа.

-Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж хэд, хэдэн хууль батлах шаардлагатай гэж та дээр хэлснээ тодруулахгүй юу?

-Зөвшөөрлийн хууль батлагдсантай холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Стандарт хэмжил зүйн тухайн хуулийг шинэчлэн боловсруулах чиглэлийг Засгийн газарт УИХ-аас өгсөн. Засгийн газраас эдгээр хуулиудаар нэлээд асуудлыг тодорхой болгож оруулах байх. Ер нь бол Зөвшөөрлийн хууль дангаараа хэрэгжих боломжгүй хууль шүү дээ. Одоо 918 зөвшөөрөл дээр тэмдэгтийн хураамж авдаг байсан бол 350 зөвшөөрөл дээр тэмдэгтийн хураамж авдаг болно. Мөн стандартын шаардлага хангаж л байгаа бол заавал зөвшөөрөл авах шаардлагагүй байх тал руу явна гэсэн үг. Тэгэхээр стандартын хуулиа шинэчлээд Ерөнхий сайдын дэргэд зөвлөл байгуулна. Тэр зөвлөл нь гурван жил тутамд аудит хийх юм. Стандартын хуулиа шинэчилсний дараа аудитаа хийгээд дахиад хасч болох зөвшөөрлүүдээ хасаад яв гэж байгаа юм. Олон улсын практикаас харахад зөвшөөрлийн хууль нь 200-250 зөвшөөрөлтэй байдаг юм билээ. Бид энэ 350 зөвшөөрлөө дахиад цөөрүүлэх боломжтой гэсэн үг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилдэг 800 гаруй хууль байгаа. Тэрнээс зөвшөөрлийн харилцаа зохицуулдаг 200 гаруй хууль байна. Эдгээр хуулиас 40 нь нарийн зохицуулалттай. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр Банкны тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодисын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмал, газрын тосны хууль гэх мэтчилэн зөвшөөрлийг яаж олгох талаар нарийн зохицуулалтай 40 хууль бий. Үлдсэн 160-аад хууль нь нарийн зохицуулалттай, зүгээр ийм зөвшөөрөл байна гээд заачихсан. Тэр хуулиуд болохоор энийг дагаж, мөрдөж нарийн зохицуулалтуудаар энэ процессыг хуулиуддаа шигтгэж оруулах ёстой болно гэсэн үг. Хуульгүй байгаануудад нь болохоор нэмж хуулийин зохицуулалтыг бий болох ёстой. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хууль үйлчилж эхлэхээс өмнө нарийн зохицуулалтгүй байгааг нь хуульчлах ёстой. Тэрнээс журмаар биш.

-Зөвшөөрлийн хууль батлагдсанаар авлига буурна гэж төсөөлж байгаа бололтой. Ямар үр дүн хүлээж болох вэ?

-Монгол Улс авлигын индексээр 2021 онд 180 орноос 111-т орсон байгаа. Бизнесийн орчноор 81-т жагсдаг. Гүрж улс зөвшөөрлийн хуулиа 2004 онд баталснаас хойш бизнесийнхээ орчноор дэлхийд долоод эрэмбэлэгдэж байна. Харин авлигын индексээр 2005 онд 130-д жагсаж байсан бол өнөө жил 30 руу орсон байна. Тэгэхээр зөвшөөрлийн тоо нь авлига, хүнд суртал, бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийг тэлэхтэй шууд холбоотой байдаг. Хоёрдугаарт, шударга өрсөлдөөний зарчмыг оруулж ирэх нь өөрөө авлигыг бууруулах хөшүүрэг нь болж өгдөг. Байгалийн хязгаарлагдмал нөөцийн зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар өгдөг болсноор ядаж олон нийтэд зарлана. Ил тодоор сонгон шалгаруулалтаа явуулж, зөвшөөрөл олгодог болно гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

Чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасахаар шийджээ.

Аж ахуйн нэгж өндөг импортлоход гаалийн албан татвар 15, НӨАТ 10 хувийн татвар төлдөг. Харин Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу өндөг импортлогч аж ахуйн нэгж зорчигчийн нэрээр бүрдүүлэлт хийж, татварын хөнгөлөлт ашиглан Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй, эрүүл ахуйн горим алдагдсан, их хэмжээний өндөг зах зээлд нийлүүлэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байгааг ХХААХҮЯ мэдээлэв. Иймд зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарласнаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөл бүрдэх аж.

Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас энэ оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30, дотоодын өндөгнөөс 80 хувь хямд 6.6 сая ширхэг өндөг импортолжээ.

Categories
мэдээ цаг-үе

Дорнод аймагт малын гоц халдварт өвчин бүртгэгджээ DNN.mn

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хулстайн булаг” гэдэг газарт малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин батлагдсан байна. Тиймээс 2022 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд нийслэл болон бусад аймаг сум руу амьд үхрийн шилжилт хөдөлгөөн хийхийг болон хурдан морины уралдаан, сунгаа, уул, овооны тахилга, малын үзэсгэлэн худалдаа зэрэг мал, амьтны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Олон улсын олимпийн өдөр” DNN.mn

Францын соён гэгээрүүлэгч Пьер-де-Кубертен 1894 оны зургадугаар сарын 23-нд ОУОХ-г байгуулж, орчин үеийн олимпин хөдөлгөөний эхийг тавьсан билээ. Энэхүү өдрийг нандигнан хүндэтгэж, 1948 оноос “Олон улсын олимпийн өдөр” хэмээн дэлхий дахинаа тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Олимпийн өрдийн арга хэмжээ өнөөдөр 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд болно.

Өнөөдөр спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөг, бүх нийтийн хөгжөөнт гүйлт, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ зохиогдоно. Мөн спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөгийн үеэр Парисын олимпын хөтөлбөрт шинээр б

Categories
мэдээ нийгэм

Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнийг буулгахын тулд 2 цаг цахилгаан тасалжээ DNN.mn

“Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах цахилгааны тулгуур багана дээр 1 хүн согтуугаар гарсан, унаж болзошгүй байна” гэсэн дуудлага Онцгой байдлын албанд өчигдөр /2022.06.22/ иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан /амиа хорлож болзошгүй/ байв.

Иймд Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт 3 цаг ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ