Categories
мэдээ нийгэм

Маргааш иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө DNN.mn

Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын өдрийг угтан “Хуульчдын өдөр” өдөрлөгийг 2022 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 12:00-16-00 цагийн хооронд Хуульчдын талбайд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

Үүнд:

Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх

Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод зориулсан зөвлөгөө, мэдээлэл

Хуульчдад нэгдсэн бүртгэл, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг хангах, гишүүний татвартай холбоотой үйлчилгээ үзүүлэх юм.

Categories
гадаад мэдээ

АНУ-д хувийн нисдэг тэрэг осолдож, 6 хүн нас баржээ DNN.mn

АНУ-ын Баруун Виржиниа мужийн Логан дүүрэгт хувийн хэвшлийн “Bell UH-1B” загварын нисдэг тэрэг осолдож, зорчиж явсан зургаан хүн бүгд амиа алдсан талаар орон нутгийн WYMT-TV суваг мэдээлэв.

Онгоц орон нутгийн цагаар 17:00 цагийн орчимд буюу Монголын цагаар зургаадугаар сарын сарын 22-ноос 23-ны шилжих шөнө 00:00 цагийн орчим осолдсон аж. Нисдэг тэрэг хурдны замын ойролцоох уулархаг газарт осолдсон байна.

Ослын газарт Онцгой байдлын албаныхан ирж, хурдны замыг хаасан байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа тул Холбооны нисэхийн захиргаа болон Америкийн Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл ослын нөхцөл байдлыг судлахаар ажиллаж байна.

Өөр нэг мэдээг дуулгахад, өчигдөр /2022.06.22/ Майамигийн нисэх онгоцны буудалд онгоц шатаж, гурван хүн шархадсан юм.

Эх сурвалж: USNews

Categories
мэдээ нийгэм

Европын мал аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улс зочноор оролцоно DNN.mn

Европын мал аж ахуйн хамгийн том үзэсгэлэн худалдаа “SOMMET DE L’ELEVAGE” энэ оны 10 дугаар сард Франц улсад болох гэж байна. Олон улсын энэ нэр хүндтэй уг үзэсгэлэнд Монгол Улс анх удаа хүндэт зочноор оролцохоор болжээ. Үүнтэй холбогдуулан тус үзэсгэлэнгийн удирдах зөвлөлийн багийн гишүүд, зохион байгуулагчдын төлөөлөл манай улсад ирээд байна. Тус баг мал аж ахуйн салбарт хамтран ажиллах Монгол-Францын бизнес уулзалтыг зохион байгуулахаар болов. ХХААХҮЯ-нд болох тус уулзалтаар мал аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах талаар хэлэлцэх юм.

Манай улс сүүлийн жилүүдэд мал аж ахуйн салбарт бүтээгдэхүүн, түүхий эд, үйлдвэрлэлийн чанар болон таваарлаг байдлыг сайжруулахад анхаарч мах-сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг хөгжүүлж байна. Энэ үүднээс мал аж ахуйн салбарт сайжруулагчаар ашиглаж буй цэвэр үүлдрийн мах, сүү, сүү-мах, мах-ноосны чиглэлийн сайн үүлдрийн шилмэл малыг Франц улсаас авч байгаа юм. Энэхүү үйл ажиллагааг Засгийн газрын шугамаар болон мөн манай хувийн хэвшлийн зүгээс ч явуулж, импортоор шилмэл үүлдрийн мал оруулж ирж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Монгол Улс Европын мал аж ахуйн хамгийн том “SOMMET DE L’ELEVAGE” үзэсгэлэн хуладаанд оролцох саналыг олон жил тавьж ирсний дүнд энэ удаа дээрх үзэсгэлэнд “Хүндэт зочин орон”-оор оролцох эрхийг аваад байна.

Олон улсын уг үзэсгэлэнд оролцохын өмнө болж буй Монгол-Францын бизнес уулзалтаар Францын цэвэр үүлдрийн малын импортыг нэмэгдүүлэх, энэ талын тээврийн зардал, малын үнийг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм. Уулзалт нь хоёр талын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид нэг ширээний ард сууж ярилцах гэж буйгаар онцлогтой.


Тодруулга: Европын мал аж ахуйн хамгийн том үзэсгэлэн худалдаа “SOMMET DE L’ELEVAGE” нь жил бүрийн 10 дугаар сард Франц улсад болдог, жил бүр 30-аад орны 1500 оролцогч, 100 мянган зочин ирдэг, махны үхрийн үүлдрийн дэлхийн шилдэгүүд болон сүүний үхэр, хонь болон адууны үндэсний шилмэл үүлдрүүдийг танилцуулж, олон улсын мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, генетикийн ололт амжилтыг харуулдаг шилдэг үзэсгэлэн худалдаа аж. Энэ удаагийн үзэсгэлэн-худалдаа Францын төв хэсэгт орших Клэрмон-Ферран хотод энэ оны 10 дугаар сарын 4-7-нд зохиогдох юм.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Зам, талбайгаа дүрмийн дагуу бэлдээгүй, хазгай гадаргуу дээр кран байрлуулсны улмаас осол гарсан DNN.mn

Барилгын кран унаж, хоёр хүн нас барсан осол гарсан. Энэ асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин реалтор” компанийн захиалгатай барилгын талбай дээр гурван өргөх төхөөрөмж байрлан ажиллаж байсан. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хоёр авто кран, нэг цамхагт кран байснаас тухайн үед цамхагт кран ажил гүйцэтгээгүй байсан. Харин осол гаргасан авто кран нь 50 тоннын даацтай байсан. Ослын үед хоёр хүний амь нас хохирч, нэг хүн өндрөөс унаж гэмтсэн. Авто краныг ашиглахдаа зориулалтын зам талбайг засаж ашиглах ёстой. Зам, талбайгаа дүрмийн дагуу бэлдээгүй, хазгай тэгш бус гадаргуу дээр краныг байрлуулж ажиллаж байх явцад тухайн осол болжээ. Осол гарсан кран хувь хүний эзэмшлийнх. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэлээ.

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал “Цар тахал гарсантай холбоотойгоор төлөвлөгөөт хяналт, шалгалт хоёр жил зогссон. Энэ жил өвчлөл намдаж, нөхцөл байдал сайжирч байгаатай холбоотойгоор хоёр сард барилгын ажил эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Дөрөвдүгээр сарын 10-аас зургаадугаар сарын 10-ны хооронд баригдаж эхэлж байгаа барилгуудад, мөн ашиглагдаж байгаа эрсдэлтэй барилгуудад улсын ерөнхий байцаагчийн удирдамжийг хүрээнд шалгалт хийж, дүнгээ нэгтгэлээ. Эрсдэл өндөртэй объектуудыг түүвэрлэх байдлаар шалгасан. 2100 гаруй барилгад шалгалт хийхэд 10 гаруй хувь нь зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхэлж байна. Улаанбаатар хотод 54 барилга ийм асуудалтай байна. Тухайн барилгуудтай холбоотойгоор эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэр гаргуулах, зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээ авсан”.

МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Б.Батзориг “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын зүгээс барилгын салбарынханд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллуулах талаар тодорхой ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Барилгын салбарт урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх гэсэн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж буй. Осол болсон барилгад Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч зургаадугаар сарын 7-нд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн. Уг барилга дээр 18 зүйл, заалт бүхий мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан. Тус мэдэгдэл хуудаст “…Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны тушаалаар батлагдсан ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, мөн барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу өргөх, зөөх механизмд техникийн магадлагаа хийлгэж, краны бүрэн бүтэн байдал, хариуцлагч, оосорлогч, кранист, аюулгүй ажиллагаа хариуцагчаар мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг” дурдаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахыг сануулсан байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Худалдааны салбарын борлуулалтын орлого 33.3 хувиар нэмэгдэв DNN.mn

Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 4 сард 9.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (33.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Үүнд шатахууны бөөний болон жижиглэн худалдаа 1.2 (60 хувь) их наяд, хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 376.3 (23.6 хувь) тэрбум, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийх бөөний худалдаа 141.2 (30.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны 4 дүгээр сард 2.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 23.4 (0.9 хувь) тэрбум төгрөгөөр буурсаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Худалдааны салбарын 2022 оны эхний 4 сарын борлуулалтын орлогын 40.4 хувь нь бөөний худалдаа, 59.6 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого энэ оны эхний 4 сард 5.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (31.3 хувь) их наяд, харин бөөний худалдааных 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (36.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 23.4 тэрбум төгрөгөөр багасахад шатахууны бөөний болон жижиглэн худалдаа 71.3 (8.2 хувь) тэрбум, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийх бөөний худалдаа 22.7 (12.1 хувь) тэрбум, хүнс, ундаа, тамхины бөөний худалдаа 17.2 (6.5 хувь) тэрбум, моторт тээврийн хэрэгслийн жижиглэн худалдаа 17 (36.4 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлсөн аж.

Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 4 сард Төв аймагт өмнөх оны мөн үеийнхээс 2.1 дахин нэмэгдсэн бол бусад аймагт 8.4-75.3 хувиар нэмэгджээ. Харин Өмнөговь аймагт энэ оны эхний 4 сард өмнөх оны мөн үеийнхээс 4.2 хувиар багассан байна.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Баяр наадмын галын сорилго барилдаанууд эхэлжээ DNN.mn

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам болоход 18 хоног үлдээд байгаа энэ мөчид наадамдаа зодоглох хүчит бөхчүүд өөрсдийн харьяа бөхийн галууддаа гарч бэлтгэлээ базааж байгаа билээ.

Наадмын ногоон дэвжээнд хүчээ сорих бөхчүүдийн өнгийг тодорхойлдог галуудын сорилго барилдаан ч эхнээсээ явагдаж бөхчүүдийнхээ өнгийг тодруулж эхэлжээ.

“Сүүж” ууланд Ховд дэвжээний бөхчүүд уламжлал ёсоороо бэлтгэлдээ гарсан бөгөөд мягмар гарагт аймгийн цолтнуудын сорилго барилдаан болоход Эрдэнэбүрэн сумын аймгийн заан Ц.Заяатүшиг түрүүлж, Булган сумын харьяат аймгийн харцага Б.Анхжаргал үзүүрлэсэн байна.

Төв аймгийн “Дүнжингарав дэвжээ”-ний 6 дугаар сарын 18-нд болсон сорилго барилдаанд Заамар сумын харьяат аймгийн харцага Л.Даваажамц түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэжээ.

Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд ЦЕГ-ын харьяа “Сүүж” амралтын газар баяр наадмын бэлтгэлээ базааж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногт сорилго барилдаан болсон байна. Тус сорилгод улсын харцага Т.Бэгзсүрэн, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Чимэдвандан, Б.Серик, Т.Дүгэрдорж, аймгийн арслан Д.Батбаатар, Ч.Мөнхтогтох, цэргийн заан О.Батжаргал, аймгийн заан А.Нармандах тэргүүтэй 48 бөх хүч үзсэнээс цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл түрүүлж, улсын харцага Ш.Уламбаяр үзүүрлэсэн.

Харин “Төр хурх” амралтад улсын арслан Х.Мөнхбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин А.Давааням, улсын начин Ц.Сандагдорж, аймгийн арслан Л.Нямбаяр, аймгийн арслан Э.Баасанжав тэргүүтэй “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээний гаалд 30-аад бөх бэлтгэлээ базааж байна.

Увс аймгийн бөхчүүд Харзтайд бэлтгэлд гарсан бол Даян аварга Г.Өсөхбаяраар ахлуулсан Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд нутагтаа бэлтгэлээ базааж байгаа юм байна.

Булган аймгийн “Булган Хан” дэвжээний бөхийн гал нутагтаа, Өвөрхангай аймгийн бөхчүүд мөн нутагтаа бэлтгэлээ базааж байгаа аж.

Аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Б.Баатархүү нараар ахлуулсан Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн” дэвжээний бөхчүүд энэ сарын 20-нд Өвөр Зайсан /Бугын САА-д/ бэлтгэлдээ гарсан байна. Мөн “Хан Хэнтийн аварга” дэвжээний галын бөхчүүд Сонгинохайрхан амралт цогцолборт наадмын бэлтгэлээ базааж байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 35 хувиар өсчээ DNN.mn


Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 5 сарын байдлаар улсын төсөвт 1,432.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

Үүнээс:

➢ Зэс 745.2 тэрбум төгрөг,

➢ Нүүрс 503.9 тэрбум төгрөг,

➢ Алт 84.8 тэрбум төгрөг,

➢ Цайр 43.3 тэрбум төгрөг,

➢ Төмөр 20.7 тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 8.4 тэрбум төгрөг,

➢ Бусад ашигт малтмал 26.1 тэрбум төгрөг.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 608.2 тэрбум төгрөг буюу 29.8 хувиар буурсан байна.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Үүнд:

➢ Нүүрс 130.5 (35.0%) тэрбум төгрөг,

➢ Алт 11.8 (16.2%) тэрбум төгрөг,

➢ Цайр 4.3 (11.0%) тэрбум төгрөг,

➢ Бусад 10.3 (64.9%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Үүнд:

➢ Зэс 696.8 (48.3%) тэрбум төгрөг,

➢ Төмөр 36.7 (64.0%) тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 31.6 (79.0%) тэрбум төгрөг.

Categories
мэдээ нийгэм

Л.Ганбат: Дүн оноогоо ахиулах шалгуулагчид хоёр дахь удаагийн ЭЕШ-д хамрагдах боломжтой DNN.mn

Улсын хэмжээнд өнөөдөр эхэлсэн ЭЕШ-ын явцыг Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат танилцууллаа.

2022 оны ЭЕШ энэ сарын 23-26-нд улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төвд зохион байгуулж байна. Энэ жил 36253 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд энэ оны төгсөгч 29093 буюу 80 хувийг эзэлж байгаа бол өмнөх оны төгсөгч 7160 байна.

Шалгуулагчид шалгалтад дараах 4 бичиг баримттай ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь зэрэг юм.

Шалгалт бүрийн дараа засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шууд гаргаж, шалгуулагчид дүнгээ мэдэх юм. Харин 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана.

Энэ жил ЭЕШ-ыг хоёр удаа авч буйгаараа онцлог. Хоёр дахь удаагийн шалгалтыг 2022 оны 12 дугаар сард авахаар төлөвлөж байна. Харин монгол хэлний шалгалтыг 11 дүгээр сард авахаар төлөвлөөд байгаа юм. Хоёр удаагийн ЭЕШ-д өмнөх оны төгсөгчид болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид оролцох боломжтой. ЭЕШ-ыг жилд хоёр удаа авч байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд мөн хоёр удаа оюутан элсүүлэх журамд шилжих юм.

БШУ-ы сайдын тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймгийн нутгаас эртний Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ DNN.mn

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Гавилвуу уулын ар бэлд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ.

Судалгааг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг малтан судалж байгаа аж.

Өчигдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид хэрхэн судалгааг хийхдээ аюулгүй байдлаа ханган үргэлжлүүлэх талаар санал солилцож холбогдох шийдвэрийг гаргасан юм.

Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор ажээ. Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог.

Малтлагын ажил энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийгдэж байна.

Одоогийн байдлаар олдсон олдвороос дурдвал, бунхны хаалганы дотор талаас нэг бүтэн тарвага, хоёр араатан амьтан, нэг бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээлэв.

Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ.

Ташрамд дурдахад Монголын түүхэнд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж буй.

Судалгааны багт Улаанбаатар их сургуулийн Түүх археологийн ангийн 1, 2 дугаар курсийн оюутнууд багтаж байгаа гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодис ашигласан 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 15 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 252 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 5 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2731 хэрэгт хяналт тавьж, 315 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19, Хүүхдийн эсрэг 3, Өмчлөх эрхийн эсрэг 93, Авлигын 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 13, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.