Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолоочгүй Приус машиныг хоногоор түрээслэхэд 60 мянган төгрөг DNN.mn


Үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдлээ. Цар тахлын улмаас хоёр жилийн турш үндэсний баяраа тэмдэглээгүй иргэдийн хувьд энэ жилийн Наадмын баяр нижгэр болох төлөвтэй байна. Мөн зун цаг ирж буйтай холбогдуулан амралт, зугаалга, хөдөөг зорих иргэдийн цуваа ч нэмэгдэж байна. Үүнийг дагаад автомашин түрээсийн үйлчилгээ эрэлтэд орж эхэллээ. Тэгвэл ямар төрлийн машин хэдэн төгрөгийн түрээсийн үнэтэй байгааг сонирхъё.

Хувь хүмүүс машин түрээслэхдээ төлбөрөө 100 хувь урьдчилан авдаг

Фэйсбүүк группээр дамжуулан хувь хүмүүс машин түрээслэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ихэнх нь төлбөрөө 100 хувиар урьдчилан авдаг аж. Мөн нэмэлтээр барьцаа мөнгө авдаг байна.

Ямар машин түрээслэхээс шалтгаалаад хоногийн 150-500 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд Land 100, Land 200, Lexus 570 маркийн машинууд хоногийн 250-400 мянган төгрөгийн үнэтэй байна. Эдгээр машинууд нь бүгд жолоочгүй гаргах үнэ гэнэ. Хэрвээ жолоочтой машин гаргуулахаар бол хоногийн түрээс дээрээ дахиж 80 мянган төгрөг нэмж төлөх бөгөөд барьцаа байршуулах шаардлагагүй.


нхх.

UBCAB онлайн такси үйлчилгээ

Амжиргаа:Honda,Acty

3 цаг-туулах зам: 40км 50,000

6цаг- туулах зам:70км 80,000

8 цаг- туулах зам:100км 110,000

Портер:Hyundai porter

3 цаг-туулах зам:40км 60,000

6цаг- туулах зам:70км 100,000

8 цаг- туулах зам:100км 140,000

Седан:Приус, Соната 8

3 цаг-туулах зам:40км 45,000

6цаг- туулах зам:70км 75,000

8 цаг- туулах зам:100км 100,000

XL:Альфард, Старекс

3 цаг-туулах зам:40км 80,000

6цаг- туулах зам:70км 130,000

8 цаг- туулах зам:100км 190,000

SUV:Prado, harrier, Lexus 470

3 цаг-туулах зам:40км 70,000

6цаг- туулах зам:70км 110,000

8 цаг- туулах зам:100км 150,000

SUV plus: Land 200, Lexus 570

3 цаг-туулах зам:40км 90,000

6цаг- туулах зам:70км 150,000

8 цаг- туулах зам: 100км 210,000

Mashinturees.mn сайтын үнэ ханш

Toyato aqua 2013- өдрийн 65,000 төгрөг

Mitsubishi L200- барьцаа 400,000 төгрөг

Үнэгүй зар.мн: жолоочгүй приус машины хоногийн түрээс 60 мянган төгрөг

Жолоочгүй Приус-60,000 төгрөг

Шинэ загварын Mercedes benz- 450,000 төгрөг

Aqua: 50,000 төгрөг, үнэмлэх барьцаална

Harrier: 150,000 төгрөг

Lexus rx 450: 250,000 төгрөг

Land 200: 450,000 төгрөг

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 38 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 38 тохиолдол шинээр батлагдсан байна. Халдварт өвчний 19 нь Улаанбаатар хотод, 19 нь орон нутагт илэрчээ.

зураг

Орон нутгийн хувьд Өмнөговь аймагт халдварын 19 тохиолдол илэрчээ. Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 928,637-д хүрлээ.

зураг

Харин өнгөрсөн хоногт 45 хүн эдгэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Монголчууд Улаанбаатар их дуулгаас 11 медаль хүртлээ DNN.mn

Парис 2024 зуны олимпийн оноо олгох оны эхний тэмцээн Улаанбаатар их дуулга Мөсөн өргөөд гурван өдрийн турш боллоо.

Тэмцээнд 30 орны 255 тамирчин оролцсоноос Олон Улсын жүдо бөхийн холбооны (IJF) нэр дээр оролцсон Оросын шигшээ баг 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэргүүллээ.

Японы шигшээ баг 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай удаалсан бол талбайн эзэн Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 5 хүрэл медальтайгаар гуравдугаар байрт оров.

Нийт 13 өөр улсын тамирчин медаль хүртэж 20 өөр улсын тамирчид шагналт байрт шалгарсан. Харин Их Британи, Итали, Ямайк, Пакистан, Катар, Словак, Тажикистаны бөхчүүд шагналт байр эзэлсэнгүй.

duulga Монголчууд Улаанбаатар их дуулгаас 11 медаль хүртлээ

Монголын шигшээ багаас нийт 14 жинд 55 бөх зодоглосноос 11 нь медаль хүртэж 8 нь шагналт байрт шалгарсан. Өөрөөр хэлбэл их дуулгад зодоглосон монголын таван бөх тутмын нэг нь медаль хүртэж, гурван бөх тутмын нэг нь шагналт байр эзэлжээ.

Алтан медаль;

Б.Эрхэмбаяр. Эрэгтэй -66 кг. 26 настай
Л.Энхрийлэн. Эмэгтэй -57 кг. 23 настай
Мөнгөн медаль;

Г.Наранцэцэг. Эмэгтэй -48 кг. 27 настай
Г.Сод-Эрдэнэ. Эрэгтэй -66 кг. 24 настай
Ц.Цогтбаатар. Эрэгтэй -73 кг. 26 настай
А.Адъяасүрэн. Эмэгтэй +78 кг. 22 настай
Хүрэл медаль;

Э.Сумъяабазар. Эрэгтэй -60 кг. 22 настай
Ё.Басхүү. Эрэгтэй -66 кг. 28 настай
Б.Хорлоодой. Эмэгтэй -52 кг. 24 настай
М.Ичинхорлоо. Эмэгтэй -57 кг. 24 настай
О.Хүслэн. Эмэгтэй -78 кг.
Шагналт тавдугаар байр;

Э.Ариунболд. Эрэгтэй -60 кг. 26 настай
Л.Анхзаяа. Эрэгтэй -73 кг. 22 настай
Б.Эрдэнэт-Од. Эмэгтэй -78 кг. 22 настай
Д.Номинзул. Эмэгтэй +78 кг. 22 настай
Шагналт долоодугаар байр;

Б.Нармандах. Эрэгтэй -66 кг. 22 настай
Ц.Энхчимэг. Эмэгтэй -70 кг. 21 настай
Б.Гончигсүрэн. Эрэгтэй -100 кг. 22 настай
Б.Ням-Эрдэнэ. Эмэгтэй -78 кг.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийнэ DNN.mn

УИХ-ын байнгын хороо, ажлын хэсэг, чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна. Өнгөрч буй долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, санал авсан юм.

Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг өнөөдөр /2022.06.27/ зохион байгуулна.

Пүрэв, Баасан гаригт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал:

Categories
мэдээ цаг-үе

Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална DNN.mn

Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болжээ. Өмнө нь жуулчдын тасалбарын захиалгыг зөвхөн цахимаар 2022 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн.

Харин одоо бүх тасалбар захиалгыг цахим болгосон талаар нийслэлээс мэдээлэв. Тасалбар авах жуулчид дараах материалыг бүрдүүлэх аж.

  • Албан бичиг
  • Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
  • Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах /

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээж авах юм байна. Мөн наадмын билетийг борлуулахдаа Цахим хөгжлийн яамны санал болгосон “enaadam.mn” гэх хаягаар худалдаалахаар туршилтаа хийж эхэлснийг албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

АНУ-ын боловсролын хөтөлбөрт хамрагдах боломж нээлттэй байна DNN.mn

-”Америкийн өдрүүд” арга хэмжээ үргэлжилсээр-


Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярыг тэмдэглэж Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас соёл урлагийн цуврал арга хэмжээг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Америкийн өдрүүдийн хүрээнд “Америкийн баримтат кино өдрүүд” арга хэмжээг зургадугаар сарын 15-19-ний хооронд Тэнгис кино театрт, “Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь – Аиша Бөү Монголд” арга хэмжээг зургадугаар сарын 15-16-нд тус тус зохион байгуулсан билээ. Америкийн өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдах цуврал арга хэмжээнүүдийн нэг болох “Нээлттэй хаалганы өдрүүд”-ийг АНУ-ын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг соёл, урлаг, боловсрол, визний хөтөлбөрийн танилцуулга бүхий үйл ажиллагааны цогц мэдээллийг 21-24-ний хооронд Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төвд иргэдэд үнэ төлбөргүй хүргэлээ.

Өнгөрөгч баасан гариг буюу 24-ний өдөр “Америкт суралцъя – боловсролын хөтөлбөрүүд” сэдвээр нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан юм.

Тус нээлттэй хаалганы өдрүүд арга хэмжээний үеэр Фулбрайтын Оюутны хөтөлбөр, Цэргийн атташегийн бакалаврын хөтөлбөр, бакалаврын оюутнуудын GLOBAL UGRAD хөтөлбөр, бакалаврын эмэгтэй оюутны манлайллын хөтөлбөр FLEX хөтөлбөр, эмэгтэй сурагчдын TechGirls хөтөлбөр, FLEX хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын танилцуулга, EducationUSA боловсрол үнэлгээний төвийн мэдээлэл, ЭСЯ-ны Консулын хэлтсийн яриа гэх мэтчилэн маш үнэтэй зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй олон нийтэд хүргэлээ.

Энэ үеэр Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны Боловсрол соёлын хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Саруул “Монгол Улс болон Америкийн нэгдсэн улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан явуулж буй “Америкийн өдрүүд” арга хэмжээ зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үргэлжилж байна. Зургадугаар сарын 21-24-ний өдрүүдэд “Америкийн нээлттэй хаалганы өдрүүд”-ийг Улаанбаатар хотын Нийтийн номын сангийн Америкийн соёл мэдээллийн төвд зохион байгуулсан. Эхний өдөр буюу 21-нд “Америкийн хоолны соёл”, 22-нд “Америкийн засгийн газрын соёлын хөтөлбөрүүд”, 23-нд “Англи хэл, мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүд”, 24-ний өдөр буюу сүүлийн өдөр “Америкт суралцъя – боловсролын хөтөлбөрүүд” сэдвээр тус тус зохион байгуулагдлаа. Үргэлжлүүлэн зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 2-ны хооронд Америкийн цэргийн жазз хөгжмийн хамтлаг хүрэлцэн ирж Улаанбаатар болон Дархан хотуудад үнэ төлбөргүйгээр тоглоно. Өргөнөөр оролцоорой” гэв.

Тус Нээлттэй хаалганы өдөрлөгийн FLEX хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгч Б.Энхмаа “Future Leaders Ex­change Program (FLEX) буюу Ирээдүйн Манлайлагчдын хөтөлбөр нь бүрэн дунд сургуулийн сурагчдад АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй суралцаад ирэх боломжийг олгодог. Анх 1992 оноос хэрэгжиж хэлсэн тус хөтөлбөрт оролцогч нь америк айлд байрлаж, хөтөлбөрөөс гадна америк соёл, түүхтэй танилцах боломжтой. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт найм, есдүгээр сард явагдан, жилд 20 сурагч хамрагддаг.

Хөтөлбөрийн үндсэн шалгуурууд: Монгол Улсын иргэн байх, ахлах анги буюу 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх, сайн ба түүнээс дээш сурлагын үнэлгээтэй байх, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх, АНУ-ын визний шалгуурыг хангасан байх шаардлагатай. Тус хөтөлбөр АНУ-аас бүрэн санхүүждэг бөгөөд 30 жилийн хугацаанд дэлхийн нийт 21 улсаас 29 мянган хүүхэд хамрагдсан байдаг. Монгол Улсын хувьд 2017 онд Монгол Улс болон АНУ-ын дипломат харилцааны 30 жилийн ойгоор БСШУСЯ-ны дэмжлэгээр хэрэгжиж эхэлсэн. 2017 оноос хойш Монгол Улсаас 90-ээд хүүхэд шалгарч, 70 хүүхэд хөтөлбөрт амжилттай хамрагдан ирсэн. Харин үлдсэн 20 хүүхэд ирэх наймдугаар сард хөтөлбөрт хамрагдахаар бэлтгэгдэж байна. Хүүхдүүд америк соёлоос суралцангаа монгол соёлоо түгээх үүрэгтэй. Тэтгэлэгт ирж очих визний төлбөр багтана. Түүнчлэн хүүхдүүд тус тусдаа америк айлд байрладаг. Мөн эрүүл мэндийн даатгал, сар болгон хувийн хэрэглээнд нь зориулан 200 ам.доллар өгдөг. Нэг удаагийн сургалт хичээлтэй холбоотой 300 ам.долларын мөнгөн тэтгэмж өгнө. Хөтөлбөрт шалгарч явах гэж буй хүүхдүүдийг чиг баримжаа олгох сургалтад хамруулдаг. Эцэг эхчүүдээс гадаад паспортын зардал, сарын тэтгэмжээс гадна хувийн хэрэглээний зардал, явах үедээ ачаа хэтэрсэн тохиолдолд илүү ачааны мөнгө, Америкт хэрэглэх утас болон интернэтийн хэрэглээний төлбөр шаарддаг. Хөдөө орон нутагт бид шалгаруулалтаа зохион байгуулдаг байсан бол “Ковид-19” цар тахлаас шалтгаалан цахимаар шалгаруулалтаа авч байна. Энэ жилийн шалгаруулалт мөн цахимаар явагдана. Шалгаруулалт нийт гурван үе шаттай явагдаж, нэгдүгээр шатанд эссээ бичүүлнэ. Хоёрдугаар шатанд 16 асуултад 15 минутад хариулахаар англи хэлний богино хэмжээний тест дээр ажиллана. Тэнцсэн тохиолдолд гуравдугаар шатанд орох эрх үүснэ. Энэ жилийн хөтөлбөрт хамрагдах эрхтэй хүүхдүүд 2006 оны нэгдүгээр сараас 2008 оны долдугаар сарын 15-ны хооронд төрсөн байх шаардлагатай. Хөтөлбөрт тавигдсан шаардлагыг бүрэн хангасан сурагчид хамрагдах боломжтой. Урьдчилсан бүртгэл гэж байхгүй. Сүүлийн таван жилд АНУ-д гурваас дээш удаа зорчсон бол хөтөлбөрт хамрагдах боломжгүй юм” хэмээн хөтөлбөрийг танилцуулагч мэдээлсэн юм.


Энэ үеэр FLEX хөтөлбөрт хамрагдсан 2019 оны төгсөгч Ч.Мядаггаравын сэтгэгдлийг сонслоо.


Тэрээр “Би FLEX хөтөлбөр буюу ирээдүйн манлайлагчдын солилцооны хөтөлбөрийн 2019 оны төгсөгч. FLEX хөтөлбөр нь Америкийн төрөөс бүрэн санхүүжилттэйгээр 2017 оноос хойш Монголд хэрэгжиж буй хөтөлбөр юм. Хөтөлбөрт Монголоос 20 хүүхдийг шалгаруулж, Америкт ахлах сургуульд нэг хичээлийн жилийн турш суралцах боломжийг олгодог юм. Хөтөлбөрт хамрагдсанаар Америкийн соёл, америк зочин айлд байх, Монгол Улсаа сурталчлах зэрэг олон боломж бүрддэг. Мөн гадаад оронд суралцаж буй учраас өөрийгөө олох, шинэ орчинд нүд нээгддэг. Сургуулийн систем өөр учраас өөр төрлийн сургалтуудад хамрагдаж болдог аж. Америк сургуулийн нэг давуу тал болох сурагч өөрийн сонирхолд тулгуурлан хичээлээ сонгон суралцдаг. Америкт суралцаад ирээд FLEX төгсөгч болдог. FLEX төгсөгчдийн холбоо нь нийгэмд зориулсан сайн дурын үйл ажиллагаа болон сургалт зохион байгуулдаг сайн дурын нийгэмлэг юм” хэмээв.


Хөтөлбөрүүдийг товчхон танилцуулъя.


Фулбрайтын оюутны хөтөлбөр

Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Fulbright For­eign Student Program буюу залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр аж. Хөтөлбөрт оролцогч нь боловсрол, эрүүл мэнд, нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженерчлэл зэрэг бүх чиглэлээр суралцах боломжтой. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт жилийн эхээр эхэлж, жилд 13-15 оюутан хамруулдаг. Хөтөлбөрийн шалгуурт -эссээ, эсээг (Times New Roman фонтны 12pt-оор бичигдсэн дээд тал нь хоёр нүүр PDF) бичнэ, мэргэжлийн ур чадвар болон академик сурах чадварыг харуулсан гурван тодорхойлох захидал, ажлын байрны хамтран ажиллагсад эсвэл бакалаврын багшаасаа авсан гэх зэрэг гурван тодорхойлох захидал байх хэрэгтэй байдаг аж. Мөн дипломын хуулбар ба дүнгийн хавтгай, Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар байх ёстой юм байна.

Бакалаврын зуны солилцооны, бүрэн тэтгэлэгт залуу эмэгтэйчүүдийн манлайллын SUSI хөтөлбөр

Study of U.S Institutes (SUSIs) for young Women Leaders буюу бакалаврын эмэгтэй оюутанд зориулсан тус хөтөлбөр нь 5-6 долоо хоногийн бүрэн тэтгэлэгт, солилцооны хөтөлбөр юм. АНУ-ын их дээд сургуулиудад зохион байгуулагддаг тус хөтөлбөрийн зорилго нь залуу эмэгтэйчүүдийн тулгамдаж буй асуудлуудад оролцох оролцоог нэмэгдүүлэх манлайлах ур чадварыг төлөвшүүлэх, олон нийтийн ажиллагаан дахь оролцоог дэмжих аж. Хөтөлбөр нь их дээд сургуулийн зуны амралт буюу 6-8 дугаар сард ихэвчлэн зохион байгуулагддаг. Жилд нэг удаа зарлагдаж, 3-4 оюутныг хамруулдаг байна.

Хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Их дээд сургуулийн бакалаврын 1, 2, 3 дугаар курсийн эмэгтэй оюутан байх, эмэгтэйчүүдийн болон манлайллын чиглэлээр дур сонирхолтой байх, англи хэлний чадвартай байх (академик англи хэлний чадвартай байж, хичээлийн хэлэлцүүлэгт чөлөөтэй оролцох боломжтой) зэрэг шалгууртай байна.

Бүрэн тэтгэлэгт менторын TECHGIRLS хөтөлбөр

TECHGirls хөтөлбөр нь ирээдүйдээ шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллах сонирхолтой залуу эмэгтэйчүүдэд урам зориг өгөх зорилготой менторинг хөтөлбөр юм. Хөтөлбөрт оролцогч бүрэн дунд сургуулийн сурагч нь АНУ-д дөрвөн долоо хоногийн динамик сургалтад хамрагдсаны дараагаар 6-7 сарын хугацаанд менторшип, манлайллын хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт жилийн сүүлээр эхэлж, жилд гурван сурагч хамрагддаг аж.

Хөтөлбөрт хамрагдах шаардлага нь:

-Монгол Улсад оршин суугч иргэн байх, хөтөлбөр эхлэх үеийн байдлаар 15-17 настай сурагч байх, шинжлэх ухаан, технологи, англи хэлний өндөр мэдлэгтэй байх, хөтөлбөрт хамрагдсаны дараа эх орондоо буцаж ирэн ЕБС-ын сургуульд дор хаяж нэг жил суралцах хугацаа үлдсэн байх, инженерчлэл математикийн чиглэлээр өндөр түвшний мэдлэгтэй ур чадвартай байх, буцаж ирэн олон нийтэд чиглэсэн төсөл эхнээс нь дуустал хариуцан хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, чадамжтай байх гэсэн шалгууруудтай аж.


Тус өдөрлөгийн үеэр илтгэлд оролцсон сонсогчоос сэтгэгдлийг нь сонсов.


Америкийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон оюутан өдөрлөг маш гоё болж өнгөрлөө.

Би анх удаа тасралтгүй дөрвөн цаг хүмүүсийн яриаг чих тавин сонсож байна.


Миний англи хэлний чадвар хэдийгээр тийм сайн биш ч гэсэн хичээвэл болно, чадна гэсэн агуулгатай ярианууд яригдсанд туйлын баяртай байна. Өмнө Америкт сурах талаар сонсоод хөрөнгө, мөнгөтэй айлын хүүхдүүд л сурдаг гэх ойлголттой явж байгаад энд ирээд ийм олон тэтгэлэгт хөтөлбөр байдаг гэдгийг сонсоод гайхаж баярласан. Мөн өдөрлөгийн үеэр FLEX хөтөлбөрийн талаар сонсголын бэрхшээлтэй хүмүүст хэлмэрчтэйгээр тайлбарлаж өгч байгааг хараад сэтгэл хөдөлсөн. Энэ бүх илтгэл, ярианы дараа хөтөлбөр тус бүрийн ширээн дээр сонирхсон хүмүүсийн асуултад тодорхой хариулж байсан нь маш сайн зохион байгуулалттай санагдсан. Ирсэн хүмүүсийг чин сэтгэлээсээ хамруулах зорилготой байгаа нь эндээс харагдаж байв. Би их сургуулийн оюутан ирэх жил гуравдугаар курст суралцах учраас гадаадад суралцах маань хаагдаж байгаа гэж бодтол 2+2 хөтөлбөр байдаг талаар мэдэж авсан өгөөжтэй өдөрлөг байлаа” хэмээн ярьж байв.

Уншигч та бүхэндээ “Америкийн өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагдах АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлагийн тоглолтын хуваарыг танилцуулъя.

Дээр дурдсанчлан АНУ-ын цэргийн хамтлаг аялан тоглолтоо зургадугаар сарын 26-ны ням гариг Монгол Улсын филармонид 18:00 цагт, 28-нд Дархан хотын “Залуучууд театр”-т 18:00 цагт, 30-нд Улаанбаатар хотын Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд 18:00 цагт, долдугаар сарын 2-нд Мишээл цэцэрлэгт хүрээлэнд 18:00 цагаас тус тус зохион байгуулагдах аж.

Categories
гадаад мэдээ

Алжирын баруун хойд хэсэгт газар хөдлөлт болжээ DNN.mn

Алжирын баруун хойд хэсгийн Оран мужид ням гарагт 5.1 магнитудын хүчтэй газарт хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Гдель дүүргээс хойд зүгт 12 километрийн зайд байжээ.

Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдээгүй гэж тус мужийн иргэний хамгаалалтын албаны мэдэгдлийг иш татан орон нутгийн “Эннахар” телевиз мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болно DNN.mn

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.06.27/ болно. Хуралдаанаар нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг шалгах явцад маргаан бүхий шинэ нөхцөл байдал илэрсэн тул Үндсэн хуулийн цэц өмнө нь шийдвэрлэсэн маргааныг дахин хэлэлцэхээр болсон байна.

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг бөгөөд шийдвэр шууд хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн шийдвэр гаргавал УИХ шууд хүлээж авч, УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулна. Харин зөрчөөгүй гэж үзвэл хуулийн заалтуудыг хэвээр үлдээх юм.

Categories
мэдээ нийгэм

ГИХГ-аас “Туртелком” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гэрээг эргэн хараасай DNN.mn

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Цахим үндэстэн” болох зорилт тавиад буй. Энэ хүрээнд иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэдэг олон үйл ажиллагааг цахим технологид шилжүүлж, хүний оролцоогүйгээр хийж эхэлсэн.

Тухайлбал, Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ынхан визийн хүсэлт, түүнийг олгох, харийн иргэдийн оршин суух зөвшөөрөл гээд олон ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлээд буй. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд виз олгох ажлыг хялбаршуулж эхэлсэн. Гэвч сайны хажуугаар саар зүйл ГИХГ-т байсаар. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын санаачилсан “Цахим үндэстэн” зорилт, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бодлогод чөдөр тушаа болсон, улсын төсөвт орох тодорхой хэмжээний хөрөнгийг хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний хэтэвч нэгтэй компани “шимэгчлээд” сууж байна гэхэд хилсдэхгүй. Учрыг дэлгэрүүлэн хүргэе.

ГИХГ-ын нэг үйлчилгээ бол оршин суух зөвшөөрөл олгох. Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх хэвлэх, сунгах, хаягийн өөрчлөлт хийх зэрэг ажлыг хийлгэхээр “Туртелком” гэх компанитай тус газрынхан 2011 онд гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу оршин суух үнэмлэхийн хугацаа дууссан, хаяж гээсэн, хаягийн өөрчлөлт хийсэн үнэмлэхийг шинээр дахиж хэвлэхдээ ГИХГ-ын захиалгаар хийхээр тусгасан байна. Энэ гэрээний анхаарал татсан нэг заалт нь гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд ГИХГ өөр бусад байгууллагатай уг үнэмлэхийг хэвлүүлэх гэрээ байгуулахгүй байх үүрэг хүлээсний зэрэгцээ тусгай тоноглосон өрөө тасалгаагаар хангахаар тусгасан аж. 2011 оны нэгдүгээр сарын 31-нд 10 жилийн хугацаатай байгуулсан уг гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны дөрөвдүгээр сард нэмэлт гэрээ хийж түүндээ “Хугацаа дуусахад аль нэг тал цуцлах санал гаргаагүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэсэн заалт тусгаснаар “Туртелком” ХХК-д давуу байдал олгосон гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу бол тендер зарлаж байж энэ ажлыг хийх гүйцэтгэгчийг өрсөлдөөн дундаас шалгаруулах ёстой баймаар. Гэтэл шууд нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэрээг 10, 10 жилээр байгуулж буй нь хачирхалтай. Тус компани үнэмлэх хэвлэхдээ хууль тогтоомжоор тусгайлан заагаагүй төлбөр үйлчлүүлэгчдээс авч нэг үнэмлэх дээр 10 000-21 000 төгрөг нэмж тооцон 2011 оноос хойш өнөөг хүрч байгаа юм. Ингэснээр 11 жилийн хугацаанд ойролцоогоор таван тэрбум шахам төгрөгийн ашиг олсон байж болзошгүй аж.

Бидний авсан мэдээллээр гадаадын нэг иргэн оршин суух үнэмлэх авахын тулд 36 000 төгрөгийн төлбөр төлдөг бөгөөд үүний 15 000-ыг нь улсын тэмдэгтийн хураамжид өгдөг бол үлдсэн 21 000-ыг үнэмлэх хэвлэгч аж ахуйн нэгж авдаг гэнэ. Хаягийн өөрчлөлт хийж, үнэмлэх дээр нь бичилт хийхэд 12 500-г төлж байгаагийн 2500 нь улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн дансанд тушаадаг. Үлдсэн 10 000 нь компанийнх болдог бололтой. Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолоор Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоосныг 2021 оны 195 дугаар тогтоолоор өөрчлөн, шинэчлэн баталсан. Өдгөө зөвхөн оршин суух үнэмлэх олгоход улсын тэмдэгтийн хураамжид 15 000 төгрөг төлөхөөр болсон. Гэтэл “Туртелком” ХХК-ийнхан энэ тогтоол, үнэмлэх хэвлэхэд ашигладаг бэлдэц, хэрэгслийн зах зээлийн үнэ өссөн шалтгаанаар үнэ тарифаа нэмэх санал гаргасан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

Төр нь гадаадын хөрөнгө оруулагчид болон эх орондоо валют татахаар олон ажил арга хэмжээ санаачилж байхад төрийн байгууллагатай гэрээ хийсэн хувийн аж ахуйн нэгж нь тэдний халаасыг “сэгсрэх” санаа агуулж байгаа нь эмгэнэлтэй. Тиймээс энэ мэт аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг цуцалж яагаад болохгүй гэж. 2009 онд баталсан Оюутолгойн гэрээг өөрчилж болж байгаа юм чинь 2011 онд хийсэн, бусдад давуу байдал олгосон гэрээг цуцалж болох л байлгүй.

Энэ оны тавдугаар сарын 1-нээс мөрдөж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд “Гадаадын иргэний биометрик мэдээллийг хил хамгаалах байгууллага цуглуулж, ашиглахаар” заасан байгаа. Тиймээс гадаадын иргэний энэ төрлийн мэдээллийг багтаасан үнэмлэх хэвлэх ажлыг төрийн байгууллага хариуцах болсон гэх үндэслэлээр гэрээг цуцлах шалтгаан бий болчихоод байна. Хэрэв төрийн байгууллага гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх ажлыг хариуцвал төсөвт төвлөрөх орлого ч нэмэгдэх магадлалтайг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар оюундаа нэг тунгаавал дээргүй юү.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нийт 1604 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1388, хулгайтай холбоотой 18, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 105, гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 167, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 109, хүний биед халдсан 50, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 121, эрүүлжүүлэх байранд хоносон 157, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 41 тохиолдол гарчээ.