Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан боллоо DNN.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн эрх зүйн шинэ орчин бүрдсэн бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийг баталгаажуулсан байна гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт болон 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн Үндсэн хуулийн цэц энэхүү шийдвэртээ Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байгааг эцэслэн шийдвэрлэсэн болохоо тэмдэглэсэн байна.

2022.06.27

Categories
мэдээ нийгэм

СХД: Газар чөлөөлсөн 14,15,16 дугаар хороодын тохижилт ирэх сард эхэлнэ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 14, 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан контейнер, гараашийг чөлөөлөх ажил 2022 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд тус гурван хороог дамнасан 478 ширхэг гарааш, чингэлгийг буулгаж чөлөөлсөн талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо.

Энэхүү талбайд ногоон байгууламж, Авто зогсоол, 3х3 сагсан бөмбөгийн талбай, Хүүхдийн тоглоомын талбай, Шаталсан урт үргэлжилсэн сандал, Ариун цэврийн зориулалттай байгууламж, Чийрэгжүүлэлтийн талбай, Нийтийн бетон талбай, Авто замын налуу зам, Худаг, дугуй засвар, авто засварчдын ажлын байр зэргийг шийдсэн тохижилтын ажил долдугаар сарын 01-ний өдөр эхэлнэ. Энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ ажиллах бөгөөд есдүгээр сард бүрэн дуусган хүлээлгэн өгнө.
Мөн тус талбайд тохижилт бүхий газар доорх авто зогсоол болон их багтаамжтай олон давхар авто зогсоол 1.9859 га талбайд баригдах архитектурын төлөвлөлтийн даалгавар гарсан бөгөөд зураг төсөл бэлэн болсноор 12, 23, 24-р байрны талд байршуулан тохижуулах юм.
Тус чөлөөлсөн талбайд хийх бүтээн байгуулалтын ажлын зураг төсөлд оршин суугчид болон объект эзэмшигчдын санал, хүсэлтийг тусгасан бөгөөд ихэнх иргэд ногоон байгууламж бүхий амралтын талбай болон авто зогсоолын хүртээмжгүй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ.
1-р хороолол орчмын 60 байршилд нийт 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн ажлын нэг хэсэг нь энэхүү тохижилтын ажил юм.
Иргэдэд ээлтэй энэхүү тохижилтын ажлыг эхлүүлэх Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг дэмжин өөрсдийн санаачилгаар нийтийн эдэлбэр талбай дахь объектыг чөлөөлөн хамтран ажилласан иргэдэдээ баярлалаа.
4
5
6
7
8
9
4
5
6
7
8
9
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
Categories
мэдээ цаг-үе

Гол мөрний түвшин олон жилийн дунджаас 10-60 см давжээ DNN.mn

Манай орны ихэнх гол мөрөн өнөөдөр өдрийн байдлаар олон жилийн дундаж түвшинг 10-60 см, Улз голын дунд болон адгаар үерийн түвшинг 5-15 см давсан байна.

Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны систем ашиглалтад оржээ DNN.mn

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны www.edu-track.gov.mn систем ашиглалтад орлоо. Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд уг системийг ажиллуулж эхэлсэн байна.

Ингэснээр Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг бодит өгөгдөлд тулгуурлан сар бүр гаргах боломжтой боллоо.

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны системд өнөөдрийн байдлаар 2020 болон 2021 онд их, дээд сургууль төгссөн 58,343 төгсөгчийн мэдээлэл орсон байна. Эдгээр төгсөгчдөөс 20 хувь нь хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн бол үлдсэн 68.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

Харин мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2021 онд төгссөн 17,640 төгсөгчдөөс 9.6 хувь нь хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн бол 20 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна.

Их, дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ажлын байранд тулгарч буй бэрхшээл, ажилгүй байгаа шалтгаан, боловсрол болон хөдөлмөрийн зах зээлийн хамаарал гэхчлэн олон бодит тоонд тулгуурлан дүн шинжилгээ хийх боломж бүрдэж байгаагаараа энэ систем онцлогтой аж.

Тодруулбал Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд үндсэн систем буюу Хур системд холбогдон төрийн бусад байгууллагуудын мэдээллийн санд суурилан төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг судална.

Өнөөдрийн байдлаар нийгмийн халамж болон нийгмийн даатгалын мэдээллийн сан, ажил хайгч иргэдийн мэдээллийн сан, их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн мэдээллийн сантай холбогдоод байна.

Мэдээллийг сар бүр тогтсон хугацаанд шинэчлэх боломжтой.

Нэмэлт судалгааг цахим хэлбэрээр зохион байгуулах боломж бүрджээ.

БШУ-ы сайд салбар хоорондын уялдаа холбоог хангах томоохон систем ашиглалтад орж буйг онцлов.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг Тэрэлжид болно DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна.

Энэ хүрээнд “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг долоодугаар сарын 2-ны 10:00-17:30 цагийн хооронд Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион байгуулна.

Өдөрлөгийг БШУЯ, ХНХЯ, БОАЖЯ, ЦЕГ, ГБХЗХГ, МУ-ын Далайн Захиргаа Усан замын тээврийн бүртгэл, хяналтын алба, НЭМҮТ, СЭМҮТ, “Дэлхийн Зөн Монгол”ОУБ, МУЗН, “Гол нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” ТББ-тай хамтран хийх юм.

Энэ үеэр агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд осолдох үеийн анхны тусламж сургалт болон урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэх тул та бүхнийг өргөнөөр оролцож, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болоод үр хүүхэд, хайртай бүхнээ хамгаалах мэдлэг, дадал эзэмшихийг уриалж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Нийтийн албанд томилогдох 181 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 343 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 181 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 162 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 7 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 21 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Шанхайд зоогийн газруудад тавьж буй хязгаарлалтыг сулруулна DNN.mn

БНХАУ-ын Шанхай хотод зургаадугаар сарын 29-нөөс эхлэн “COVID-19” халдварын эрсдэл бага, мөн өмнөх долоо хоногт дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдээгүй бүсүүдийн зоогийн газруудад сууж үйлчлүүлэхийг зөвшөөрөхөөр болжээ.

Хятадын эдийн засгийн төв гэгддэг тус хотод хоёр сарын турш тогтооосон хөл хориог зургаадугаар сарын 1-нээс цуцалсан ч олон зоогийн газар гуравдугаар сарын дунд үеэс хойш үйлчлүүлэгчдээ сууж үйлчлүүлэхийг санал болгох боломжгүй хэвээр байсан юм.

Шанхайд зургаадугаар сарын 24, 25-ны өдрүүдэд “COVID-19”-ийн дотоодод халдварласан, шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

АН: Төрийн сүлдийг өөрчлөх бус, төрийн бодлогыг өөрчлөх нь чухал DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр намын удирдлагуудтай хамтран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг сонсжээ. Мэдээллийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа танилцуулсан. УИХ өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрог тойрогтоо ажиллан, энэ сэдвээр иргэдтэй уулзсан бөгөөд уулзалтын явцыг харахад иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах тухай мэдээлэл тун багатай байгаа нь харагдсан байна. Тиймээс иргэддээ маш сайн ойлголт өгч байж, ҮХНӨ-ийг хэлэлцэх шаардлагатайг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа онцоллоо.

Үндсэн хуульд

  1. Хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах,
  2. Парламентын чадавх, засаглалыг сайжруулах,
  3. Хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах,
  4. Төрийн сүлд өөрчлөх гэсэн дөрвөн чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар гишүүд ярьж, иргэдийн саналыг сонсох удирдамжтай явжээ.

С.Одонтуяа гишүүний хувьд, иргэдтэй хийсэн уулзалт дээр цаазын ялыг халах асуудал ихээхэн маргаантай байсан гэв. Нэг хэсэг нь Үндсэн хуульд цаазын ялыг халах тухай хатуу заалт оруулах шаардлагагүй,одоогийн жишгээрээ явах ёстой гэж үзсэн бол нөгөө хэсэг нь цаазын ял байх ёстой гэжээ. Түүнчлэн төрийн сүлд өөрчлөх чухал бус, төрийн бодлогоо зөв болгож улс орны хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нь хамгийн чухал байгааг онцлон дайжээ.

Сонгуулийн тогтолцооны хувьд мажоритар тогтолцоог халахад санал нэгдэж, гол нь парламентын чадавхи хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Төрийн эрхийг нам барьж байгаа учраас намууд хариуцлагатай институт болж төлөвших нь чухал байгааг уулзалтанд оролцсон иргэд хэлжээ. Харин хүн амын дунд хэт төвлөрөл явагдсан энэ үед хил орчмын сумдыг нэгтгэж болохгүй, газар нутаг эзгүйднэ, харин төв сууринтай ойрхон жижиг сумдыг нэгтгэж болох юм гэсэн байр суурийг иргэд илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Үндсэн хуулийн үзэл санаагаар бол хүн амьд явах эрхтэй. Ямар ч шалтгаантай байсан төр иргэнийхээ амийг бусниулж болохгүй. Дэлхийн 193 улсын 55-д нь цаазын ял үйлчилж, бусад улс энэ ялыг аль хэдийн халсан. Ер нь Үндсэн хуульд сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж, урсгалаар хандаж өөрчлөлт оруулж болохгүй. Ганцхан намтай юм шиг асуудалд хандаж, нэг нам дангаар өөрчлөлт оруулж байгаа нь буруу” гэв.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Бүлгийн зарим гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр барьцаалж, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ би намын даргын хувьд УИХ-ын даргад биечилж хэлсэн. Ордны хуйвалдаанаар гишүүдийн хоорондын наймаа маягаар ҮХНӨ-ийг шийдэх гэж байгаа бол үүнийг Ардчилсан нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт бол тусгаар тогтнолын асуудал. Үүнийг хэрвээ хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол хангах хэрэгсэл болгох гэж байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ардчилсан нам оролцохгүй, хатуу эсэргүүцэн тэмцэх болно”.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Өмнө нь 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд Ардчилсан нам бүлэггүй байсан учраас ардчиллын зарчим болон үзэл баримтлалынхаа хүрээнд хүссэн өөрчлөлтөө оруулж чадаагүй. Өнөөгийн өөрчлөлтийг ч нэг нам дангаар хийх гэж байна. МАН Үндсэн хуулийн үгэнд захирагдаад байх юм. Ерөнхий үзэл санаанд нь захирагдах ёстой. Тухайлбал, сум байна гэснээс заавал 330 сумтай байна гэж заагаагүй. Засаг захиргааны нэгжийн хуулиар зохицуулаад явах боломжтой. Сонгуулийн холимог тогтолцоог АН дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бус, Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа хийж, 2016 оны алдааг залруулах замаар хийж болно. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн манаач байх ажлаа хиймээр байна” гэлээ.

Ардчилсан намын тухайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл албан ёсоор гараагүй байгаа учир урьдчилж байр суурь илэрхийлэх боломжгүй юм. Иймд өнөөдөр зөвхөн мэдээлэл сонсож, санал солилцож байгаа гэдгийг онцоллоо.

Өнөөдрийн өргөтгөсөн хурлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг сонсох төлөвлөгөөтэй байсан. Гэвч хууль санаачилагч бүлгийн хуралд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй, санаачилсан хуулийнхаа танилцуулгыг хийгээгүй тул асуудлыг хойшлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтэж, 2 хүн амиа алджээ DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 29 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Үүнд:

Явган холбогдсон осол 10,

Мотоциклтой осол хоёр,

Мөргөлдсөн осол хоёр,

Онхолдсон осол нэг,

Унадаг дугуйтай хоёр осол бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 220 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ. Түүнчлэн, жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч, 2,500-3,000 хүн гэмтэж бэртэж байгаагийн дийлэнх нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ DNN.mn

Увс аймгийн Өндөрхангай суманд шалтгаан тодорхойгүй үхсэн малаас халдвар авсан боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэний дагуу тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид молекул биологи(PCR)-ийн шинжилгээгээр оношийг баталгаажууллаа.

Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.

Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг учир малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг тул малчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:

  • Голомтот нутгийн хүн ам, мал сүргийг жил бүр боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах;
  • Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх;
  • Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлгийн байгууллагад хандах;
  • Үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах, газар шорооны ажил хийхдээ хамгаалах хувцас өмсөж занших, арьсаа шалбалах, гэмтэхээс болгоомжлох;
  • Шалтгаангүй үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй, ил задгай хаяхгүй байх;
  • Мэргэжлийн байгууллагад хандаж мал үхсэн шалтгааныг тогтоолгох.

Эх сурвалж: ЗӨСҮ