Categories
булангууд мэдээ нийгэм онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

ТАНАЙД ӨНЖЬЕ: Д.Долгорсүрэн заан, Д.Жанчивдорж, Л.Цэвээн начин нартай наадмын хууч дэлгэлээ DNN.mn

Бөхийн бэлтгэл жигдэрч, түүхт их ойн наадам хоног хоногоор ойртож буй энэ өдрүүдэд монгол бөхийн өлгий нутаг Тэсийн голын хүчтэнүүдийн нэг, Монгол Улсын начин Лхайсүрэнгийн Цэвээнийд өнжлөө. Увсын Тэсийн Цэвээн гэдэг бол улс даяар нэр нь гарсан,эдүгээгээс 25 жилийн өмнө буюу 1987 онд төрийн их наадамд цол хүртсэн ч дал шүргэм насандаа арал чац дүүрэн, идэр залуугийн жавхаагаар зодоглож яваа хүчтэн юм. “Миний үеийнхнээс өнөөдөр төрт ёсныхоо наадамд зодоглож бөхийн ногоон дэвжээнийхээ ариун салхийг амсах хүн ховор болжээ. Бараг байхгүй болсон байна. Ах нь энэ жил 66 хүрч байна. Энэ хоёр гуя шуугдчихгүй, гайгүй л байгаад байх юм. Тэгэхээр зодоглох санаа байна.Ардын хувьсгалынхаа 100, 101 жилийн энэ их ойд зодоглож мянган бөхийн тоосонд орно гэдэг чинь хувь заяа байхгүй юу” гэж Цэвээн начин хэлнэ билээ. Магадгүй мань хүн ховор давчихаад гурвын даваанд начингуудаа манлайлаад ам авах гээд зогсож байхыг үгүй гэх газаргүй. “Хэрвээ намайг хоёр давчихвал халхын бөхчүүдээс лав амлах бөх байхгүй” гэж яриан завсраа хэлсэн юм.

Тийм ээ, Увсын цэнхэр хязгаар домогт Тэсийн голын энэ хүчтэн өөрийнх хэлснээр Төв халхын бөхчүүдтэй илүүтэй нөхөрлөж иржээ. Тэр дундаас Долгорсүрэн зааныг, Булганы Жамцын Бор харцагыг, Дундговийн Улаанхүү, Өмнөговийн Багахүү гээд зартай начингуудыг дотны нөхдөө гэдэг. Шулуун шударга зантай, хэлэх үгээ хэнд ч хэлчихдэг, ямар сайндаа бөхийн холбооны хурлын үеэр Баянаа аварга, Бат-Эрдэнэ аваргуудад “Та хоёр бол монгол төрийн наадамд 10, 11 удаа түрүүлсэн цагийг эзэлсэн их аваргууд. Гэхдээ алдар цол, нэр хүндээрээ далайлгаж бөхийн холбоог хэн хэн чинь авч болохгүй. Залуу сайхан хүмүүс нь удирдаг, та бүхэн үлгэр болж явах ёстой” хэмээн улаан нүүрэн дээр нь хэлж байсан удаатай. Бөхийн жудаг ёсыг чанд сахидаг, нөхөрлөдөг түшигтэй, бусдад аль болохоор туслахыг боддог, зөөлөн сэтгэлтэйд нь болдог уу бөхийн хүрээнийхэн түүнд ам сайтай байдаг. “Манай Цэвээн бөхийн хувьд ч, хүнийхээ хувьд нуруутай. Ер нь чөмөгтэй л эр хүн дээ” гэж хэлэх нь бий.

Наадам хаяанд ирсэн энэ үед ахмад начинтай уулзаж бөхийн хууч дэлгэн гэрт нь өнжих тухайгаа дуулгахад тэрээр ихэд уриалгахан хүлээж аваад “За тэгье. Хэдүүлээ хотын байранд халууцаж суухгүй шүү. Улиастайн тийшээ ахынхаа хоёр давхар сууцанд оч. Би Долгорсүрэн заанаа дуудна аа” гэдэг юм. Догоо заан ч Цэвээнийхээ тушаалыг үг дуугүй хүлээж авлаа. Мөн Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Дуламсүрэнгийн Жанчивдорж начин Цэвээн “даргын” тушаалаар ирлээ. Ингэж Монгол Улсын манлай заантай, хоёр хүчит начинтай наадмын бөхийн хууч дэлгэж өнжсөн минь энэ. Эхлээд цолны эрэмбэ ёсоор, гавьяат тээвэрчин монгол төрийнхөө наадамд 12 удаа шөвгөрсөн, ард олонд арслангийн энтэй хүчтэн гэгддэг Донровын Долгорсүрэн зааны яриагаар бидний хууч эхэлсэн. Заан маань улсын наадамд анх зодоглосон хийгээд алдарт хоёр Мөнх тэргүүтэй бөхчүүдийг ойроос харсан дурсамжаа ийн сөхсөн юм. “Х.Баянмөнх, Ж.Мөнхбат гээд дархан аваргуудын барааг 1966 онд үерийн жилийн наадмаар анх харсан юм. Тэр жил би шинэ цэрэг наадамд зодоглох санаатай зодог шуудгаа бүслээд зогсож байлаа. Наадмын өглөө тамирчид талбайн урдуур жагслаа. Баянаа аварга ногоон цэмбэн дээлтэй, Мөөеө болохоор ногоон минчүү дээлтэй алхаж явсан нь сүр жавхлантай харагдаж билээ. Мөөеө тэгэхэд төрийн наадамд гурав дараалж түрүүлчихээд байсан үе. Хүзүү нь эргэхгүй айхтар санагдаж билээ. Архангайн Далайн Жамц арслан гээд мөн ч сүртэй бөхчүүдийг бүгдийг нь нэг дор харж сүрдэж бахдаж байлаа. Нэгийн даваанд Хөвсгөлийн Гүрбадам заантай таараад давчихлаа, хоёрын даваанд Баянхонгорын Наваан начинг мөн давлаа. Ингээд гурвын даваанд намайг Бээжин аварга амласан. Улсын наадамд гар нь сайртай шинэ цэрэг анх зодоглоод хоёр улсын цолтныг өвдөглүүлэн уран барилдаант Бээжин аваргын аманд очно гэдэг бас л сайхан.Одоо ингээд бодоход бөх барилдана гэдэг асар их тэмцэл. Их унаж байж их даваа ирдэг жамтай. Наадмын дэвжээнд хоёр Мөнх аваргатай би нэг нэг л барилдсан хүн шүү дээ. Энэ хоёр ид үедээ намайг амлаагүй юм, миний сайных биш байх л даа. Харин далан найман онд Баянаа, далан есөн онд Мөөеө нэг амласан. Бусдаар бол амлаагүй. Сайхан ч нөхөрлөсөн. Мөөеө маань цагийн жамаар бурхны орондоо очлоо. Баянаатайгаа сүүлд хоёр удаа уулзсан. Саяхан уулзахад 100 жилийн их ойдоо цолоо дуудуулна гэж хэлж байна лээ. Ардын хувьсгалын 40 жилээс хойш бүх их ойд нь зодоглосон домогт аварга 100 жилийн их ойд цолоо дуудуулна гэдэг ёстой манлайн баясгалан юм” гэв.

Долгорсүрэн заанаас 1996 оны наадмыг онцолж асуулаа. Бүр тодруулбал, хүү Сумъяабазар нь тэр үед ид гарч ирж байсан Цэрэнпунцаг заан(тухайн үеийн цол)-аар тунаж долоо даваад аавдаа очиж үнсүүлдэг тэр агшныг асуулаа. “Тэр бол онцгой сайхан наадам. Цэрэнпунцаг түрүүлэх бөхийн тоонд нэр нь байлаа. Хүүгийнхээ барилдааныг би харж чаддаггүй. Эрдэнэ-Очир арслантай хоёулаа зэрэгцээд суучихсан. Би доошоо хараад Эрдэнэ-Очир гуайгаас яадаг болоо гэж асууна. Өнөөх маань эргэлзэх зүйлгүйгээр “хуснаа хусна” гэхээс өөр юм хэлэхгүй. Би бол дотроо ёстой тогтож ядаж байгаа юм чинь. Тэгтэл Сумъяа хутгаж дайраад дороо хийчихэж байгаа нь нүдний буланд харагдлаа, би ч огло харайгаад босоод ирсэн. Ахыгаа зааны болзол хангасан энэ үед Дагвадорж хүүхдийн барилдаанд түрүүлдэг юм. Туг тойрох гэснээ ахыгаа хүлээгээд туг тойрсон нь нэгэн дурсамжийг сэтгэлд төрүүлж билээ. Далан нэгэн онд 50 жилийн ойгоор Баянаа аварга Булганы Лхагвасүрэн заанаар долоо давчихаад Хайдавыгаа хүлээсэн юм. Хайдав тэгэхэд Сосорбарам арслангаар долоо давж арслан цолны болзол хангасан. Яг тэр санаанд ороод Сумъяаг гүйж ирээд үнссэн. Харин Дагвадорж ирээгүй, дараа нь асуухад, хүүхдийн барилдаанд түрүүлчихээд очоод байхдаа яахав гэж хэлээд инээдэм болж билээ” гэсэн бол 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор хүүгээ түрүүлэхэд Догоо заан гэртээ ганцаараа сууж бөх үзсэн гэдэг. Хөгшинтэйгөө ч дуугарахгүй атийсан юм л суугаад байж. Хамгийн гол даваа нь мэдээж Өсөхөө аваргатай тунаж барилдсан есийн даваа. Бат-Эрдэнэ аваргыг хүүг нь амлаад тунаанаас гаргачих болуу гэж дотроо горьдсоноо бас нуугаагүй. Улсад дөрвөн удаа үзүүрлэсэн хүүгээ түрүүлэхийг нь хүлээж суусан тэрээр Өсөхөө аваргаар ес давахад нь ухасхийн босч өмнөө байсан ваартай айргийг цацаж асгаад цэнгэлдэх рүү чавхадсан гэдэг. “Их Монгол Улсын 700 жилийн ойд алдарт Лувсанжамбаа аварга түрүүлсэн юм билээ, 800 жилд нь Сумъяабазар түрүүлсэн” гэж хэлэхэд бахтай л дуулдаж байлаа.

Долгорсүрэн зааны дараа Цэвээн начинтай төрийн наадамд зодоглосон тухайд нь ярилцлаа. “Улсын аварга О.Балжинням, улсын заан С.Сүхбаатар бид нэг гэрт амьдардаг байлаа. Миний бие 073 дугаар ангийн тусгай салааны дарга. Балжинням хоёрдугаар шигшээ багийн тамирчин. С.Сүхбаатар “Хүч” спорт хорооны тамирчин. Гэрийнхээ гадаа хайрга асгаад л хоорондоо барилдана. Заримдаа улсын заан Ж.Ганболд, улсын начин Д.Төрмөнх гээд бөхчүүд манай хашаанд ирж барилдана. Бэсрэг наадам шиг л юм болно. Би ч тухайн үед бөхөд сонирхолгүй байсан. Тэр хэдтэйгээ ноцолдож яваад л заалны барилдаануудад хааяа гардаг болсон. Бид гурав гол төлөв л нэгийн даваанд уначихна. Сүхбаатар маань хааяа нэг даваад 10 төгрөгийн бай авна. Байныхаа мөнгөөр хүнсээ цуглуулна. Ингэж л бөхийн ертөнцөд хөл тавьж байлаа. Нэг гэрээс улсын аварга, заан, начин төрсөн түүх ийм дээ” гэв. Мөн инээдэм болгож бас нэг дурсамж хэлсэн. “Баянаа аварга, Цэрэнтогтох аварга, Хадаа аварга, Мөнгөн арслан энэ хэдийн аманд би олон гарсан. Цэвээн гарлаа, Цэвээн уналаа л гэнэ. Сүүлдээ ичдэг болоод ирж байгаа юм. Ер нь бэлтгэлээ тууштай хийж сайн барилдахгүй бол болохгүй нь гэж бодсон. Тэр жилийн армийн аваргаар их сайн барилдсан. Ч.Гочоосүрэн заан, А.Баатархүү начин гээд сайн бөхчүүдийг дараалан орхиж түрүүлээд цэргийн арслан цол хүртсэн. Миний улсад анх зодоглосон нь 1976 он. Гэхдээ эхний хоёр жил гавьтай барилдаагүй. Харин 1978 онд Угтаалын сангийн аж ахуйд болсон “Атарчин залуучуудын анхдугаар наадам”-д Архангайн муухай Ганбаа начингаар нэг, Хөвсгөлийн Далайцэрэнгийн Лхагва-Очир начингаар хоёр, алдарт Сэрээтэрийн Цэрэн аваргаар гурав даваад дөрвийн даваанд Хадаа аваргад унаж байсан” хэмээв. Цэвээн начин ийнхүү домогт хоёр Мөнх, Цэрэнтогтох, Хадбаатар гээд хүчит аваргуудын торгон сэнжигнээс атгалцаж явсан нэгэн. Монгол бөхийн 32 шинжийг хадгалсан Цэрэн аваргыг хаяж байсан гэхээр бас л амаргүй эр гэдэг нь мэдрэгдэнэ.

1987 он түүний хувьд гойд сайхан жил байсан гэдэг. Нэгийн даваанд Архангайн Хүрэлбаатар начинг “Алдар”-ын цэрэг байхад нь давжээ. Хоёрын даваанд орос нөхөртэй таарсан байгаа юм. Спортын Баясгалан багш чөлөөтийн бэлтгэл хийлгэж байсан Оросын тамирчныг улсын наадамд барилдуулсан нь нэг даваад хоёрын даваанд Цэвээнтэй таарсан нь тэр. Яг гарахын өмнө Баянаа аварга ирээд “За чи хөлдөө алдвал тэгээд л дуусаа шүү” гэж анхааруулжээ. Аваргын хэлснийг бодоод хөлдөө алдчихгүй хичээн нөгөө оросын элэг бүснээс нь барьж аваад зайлаад таттал усанд сэлж байгаа юм шиг шургаад уначихсан гэнэ. Ингээд гурвын даваанд Булганы Равдангийн Лхагвасүрэн начинг, дөрөвт Сүхбаатарын Жанцангийн Чулуун начин, тавд Дэндэвийн Амгаа зааныг давж улсын начин цолны босго алхсан байна. “Та Амгаа зааныг хүчээрээ давсан юм байгаа биз дээ” гэж цаашлуулахад, юу ярьж байга юм бид хоёр чинь их удаан барилдсан. Харин сүүлд нэг сонинд Амгаа ярилцлага өгөхдөө “Миний ээжийг Цэвээн гэдэг байсан юм. Ээж минь тэр үед бурхан болоод удаагүй байсан. Тэр жилийн наадамд би тавын даваанд Цэвээнийг амлаад барилдаж чадаагүй, ижий бодогдоод гэж ярьсан байсан. Барилдаж чадаагүй гэдэг худлаа. Амгаа зааныг зайлаад давхар ачсан чинь миний ард гараад ирдэг юм. Тэгэхээр нь хутгаж давхар давхар тахимдаад суулгачихсан. Олон угсраа мэх хийсэн дээ” гэж начин болсон даваагаа хэлж байна. Зургаагийн даваанд Баянаа аварга нутгийн дүү гээд хүртчихсэн гэдэг. Аварга намайг амлалгүй үлдээсэн бол би цаашаа үзэх байсан гэж итгэл дүүрэн хэлж байна.

Цэвээн начингийн талаар Догоо заан, Жанчивдорж начин хоёр тодотгож хэлсэн. Долгорсүрэн заан “Цэвээн маань цэргийн дэслэгч цолтой мөн ч сайхан залуу байлаа. Бусгах мэхийг Цэвээн шиг төгс төгөлдөр гүйцэтгэдэг бөхийг би мэдэхгүй юм. Одоо хэр нь Цэвээн шиг солгой талдаа бусгадаг бөх харагдахгүй л байна. Бид 30 гаруй жил нөхөрлөж байна. Анх танилцаж нөхөрлөхөд ямар залуу байсан, яг тэр зангаараа л өнөөг хүрч байна. Хүн чинь алдар цол аваад, нэр төртэй болоод ирэхээрээ зан хувирдаг. Манай Цэвээн тийм биш. Хүнд муу санадаггүй цагаан цайлган хүн. Бөхчүүд 40 нас даваад ирэхээр бөхийн дэвжээнээс холддог. Цэвээн 50 гаруй насандаа өөрийнхөө хүүхэд шиг залуучуудтай эн тэнцүүхэн хүч үздэг байлаа. Удахгүй болох их баяр наадмаараа зодоглоно гээд л биеэ шараад сууж байна. Залуу бөхчүүдэд үлгэр дуурайл болсон сайхан бөх юм шүү дээ” гээд элгэмсгээр дүү начныхаа дал мөрийг алгадаж байна. Д.Жанчивдорж “Аав нь Бандгайн хар гэж Тэс нутагтаа зартай, бяр тэнхээтэй бөх байжээ. Цэвээн начин бөхийн спортод хожуу орж ирсэн. Бид нар барилдаж байхад цэргийн дарга бөх үзээд л явдаг байлаа. Харин хожуу орж ирсэн шигээ саяхныг хүртэл заалны барилдаанд зодоглож байгаа бөх. Ид үедээ бусгах мэхийг мөн ч гоё хийнэ. Тэр үеийнхнээс Цэвээнд бусгуулж унаагүй хүн бараг байхгүй байх. Анзаараад байх нь ээ, улсын начин гавьяат Д.Баатаржав, Төмөрийн Артаг начин гээд Тэсийн бөхчүүд сүрхий айхтар бусгадаг. Газар нутгийн онцлогтой холбоотой болов уу” гэв. Жанчивдорж начны хувьд 1985 оны наадамд С.Хүрэлбаатар заанаар улсын цолны босго алхаж байсан, Бат-Эрдэнэ аваргатай нэг жилийн онжав начингууд.

Заан, начингуудын яриа хөөрөөн дундуур “Та чинь тавь эргэм насандаа заалны барилдаанд шуугиулдаг байсан. Нэг удаа А.Сүхбат аваргыг тэвдүүлж байсныг санах байна” гэж Цэвээн начингаасаа асуутал, сүрхий инээд алдаад “Сүхбат намайг гурван ч удаа амласан юм” гэлээ. Яагаад амлаад байсан учрыг ингэж хэллээ. Тэр жилийн бөхийн өргөөний нээлтийн барилдаанд Цэвээн начин Төв аймгийн харьяат одоогийн заан Б.Батмөнх, Д.Амгаланбаатар, Р.Гансүх, мөн аймгийн арслан Дамба нарыг дараалан хаяад тавын даваанд Сүхбат аваргад амлуулаад унажээ. Үндсэндээ тэр барилдаанд Төв аймгийн таван бөхтэй дараалж барилдсан байна. Цэвээн начинд унасан Батмөнх, Амгаланбаатар, Дамба нар маргааш нь бэлтгэл хийхээр Анагаахын сургуулийн зааланд Пүрэвийн Дагвасүрэн арслан дээр очтол Дагвасүрэн гуай “Хөгшин өвгөн дийлэхгүй хүмүүсийг би бэлдэж яадаг юм” гээд хөөгөөд явуулчихсан гэдэг. Үүнээс болж Сүхбат аварга олон дахин амласан байх гэж хэлсэн. Тэр жил Гантогтох гарьд Чулуун начинг амлахад Баянаа аварга “Ахмад хүн амлан гар зөөллөж байхаар наад залуусаасаа шилээд барилд л даа. Чи амлаж болдог бол намайг амлах нь ээ” хэмээн ихэд уурласан гэдэг. Ид барилдаж байгаа бөхчүүдийг нас ахиж, харьж яваа ахмадуудыг амлан гар зөөлөн давахад хуучны бөхчүүд дургүй байжээ. Бас л бөхийн жудагтай холбоотой асуудал.

Бөхийн жудаг гэснээс Цэвээн начин Увс аймгийн Тэс сум өөрийнх нь баг бригадаас төрсөн Ц.Мөнхбаяр гэж залууд сэтгэл дундуур байгаагаа хэлсэн. Ц.Мөнхбаярыг улсын начин болоход нь тэрээр “Нэг голоос намайг залгаж улсын цолтон төрлөө” хэмээн баярлаад цолны найраа Тэс суманд хийхэд найранд уригдаж таарна гээд хэлэх үг өгөх бэлгээ бэлдэж байтал уриагүй гэдэг. Үүнд ихэд гомджээ. “Мөнхбаяр бол шүүхийн шийдвэрийн бөх. Эрхээ хасуулсан хүмүүстэй ажилласаар байгаад тархи нь ажиллахаа байчихдаг юм болов уу даа” гэж үгэн дунд айхтар үг хавчуулж хэлсэн. Мөн “Увс нуур” дэвжээний гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбууг нэг ч удаа Увсынхаа галд гар гэж хэлээгүйд нь жаахан гомддог юм билээ. Цэрэнсамбуугийн авга ах Дажаа гэж хүнийг Цэвээн начин гурван жил асарч бурхан болоход нь албаны ЗИЛ-130-аараа нутаглуулж байлаа. Тэр сайхан хүний гал голомт буюу халуун тулга нь, мөн нөмөрдөг дах нь надад байна. Тэгэхэд Цэрэнсамбуу хаана байсан юм бол гэж айхтар ам асуусан. Начингийн гэрээс улсын аварга, хөдөлмөрийн баатрын замналаа эхлүүлсэн Балжинням нь мөн л бөхийн галдаа урьдаггүй, өгөх юмыг нь өгье гээд байхад огтоос хайхардаггүйд нь нөхрийн хувьд сэтгэл дундуур явдгаа хэлж л байсан. “Манай Цэвээн шулуун шударга зантай, ил цагаан үгтэй” гэж нөхөд нь хэлээд байдгийн учир ийм, начнаас өөр бөх бол энэ бүхнийг ил цагаан хэлэхгүй л болов уу.

Бидний хууч өнөө жилийн түүхт их ойн наадмын бөхийн өнгө рүү шилжлээ. Долгорсүрэн заан “Энэ жилийн наадмын өнгө тодорхойлох цөөхөн бөх л байна. Наадмаар хэнийг хэнтэй барилдуулахыг аваргууд л шийддэг дээ. Н.Батсуурь аварга эрэмбээрээ дээгүүр даваанд гарч ирнэ байх. Ховдын О.Хангайгийн ээлж ер нь энэ жил ирсэн болов уу гэж бодож байна. Мэдээж зургаа, долоогийн даваанаас тунаж эхэлнэ. Тунасан барилдаануудаа зөв хийгээд дээшээ гараад ирвэл чигээрээ түрүүлнэ. Архангайн Зоригтбаатар гэж яггүй хүн байна, тэр сайн барилдана, өнөө цагаан сарын түрүү бөх маань бас байж байна. Манай нутгийн Бямба-Отгон гэж залуу сүрхий л дуулдаад байгаа, түүнийгээ бас харна даа” гэсэн бол Цэвээн начин “Наадмын өнгийг Н.Батсуурь, П.Бүрэнтөгс аваргууд тодорхойлох байх. Ялангуяа Батсуурийн бэлтгэл их сайн байна лээ. Зургаагийн даваанаас цааш зүүний манлайг аваад барилдах биз. Батсуурь бол наадмаар амласан бөхдөө унадаггүй онцлотой бөх. Наанадаж их шөвөгт очно байх. Улсын цол баттай хүртэх залуучууд байна. Завханы М.Лхагвагэрэл байна, Архангайн Э.Мөнхжаргал байна, Булганы Б.Түмэндэмбэрэл байна, мөн Төв аймгийн хурц арслан Э.Ууганбаяр гэж тун бяртай залуу байна, энэ хэд л шуугиан тарина даа гэв. Жанчивдорж начин Батсуурийг дархан аварга болчих байх гэж хүлээж суугаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр Ховдын Пүрэвсайхан заан, Бат-Өлзий, Хангай харцагууд, Сэлэнгийн Б.Орхонбаяр начин нарыг дээгүүр барилдана гэж таамаглаж буйгаа, Б.Болдбаатар, Х.Оргилболд, Д.Тогтохжаргал гээд нутгийнхаа залуусыг начин болчих болов уу гэж харж байгаагаа дуулгасан юм.

Ийнхүү “Увс Тувагийн мафийн толгойлогч” гэж зарим нэгнийх нь цаашлуулан хэлдэг Лхайсүрэнгийн Цэвээн начингийнд гэргий Б.Цэвэлмаа болон хүүхдүүдийнх нь бэлдсэн хоол ундыг хүртэж Долгорсүрэн заан, Жанчивдорж начин нартай бүтэн өдрийн туршид бөхийн хууч дэлгэж өнжлөө. “Манай Тулгаа чинь бөхийн тэнгэр нь надаас хамаагүй илүү юм шүү” гэж бөхийн ертөнцөд ижилсэн ханьсаж явсан Тулгаагаа Цэвээн нь хэлээд ялангуяа Увс аймгийн Давст сумын ойд Мөнгөн арсланг тосгуулж хавсрах уран гоё мэхээр давж түрүүлэхэд Мөнгөн арслан “Давстын минь ард түмэн намайг уучлаарай. Ойн барилдаандаа би түрүүлж та бүхнээ баярлуулж чадсангүй. Миний ард түмэн араажаваа чангалаад цагаан сар, наадмын барилдаанаа чагнаж байгаарай” гэж хэлээд шуудхан онгоцонд суусан, мөн Тулгаатайгаа Завхан сумын 1000 тэмээний баярт түрүү үзүүр булаалдаж байсан гээд олон гоё дурсамжийг хуваалцсан юм.

Н.Гантулга

О.Дашням

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 28, Ангараг гариг. билгийн тооллын битүүн, Гөрөөсөн толгой одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 4:55 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн урд зүгт одогсод мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Өөшийн говь, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гаднаас ажилчид “импортолж” хар ажлаа хийлгэе” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Улаанбаатараас Хөх хот руу нисч байгаа
зорчигчид нислэгээсээ өмнө тав хоног
карантилагдана” хэмээснийг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хуульч, доктор Б.Гүнбилэг “Мөнгөний сонгууль
байсаар байвал аль ч
тогтолцоо нь хэрэгжихгүй” гэв.

“Боловсролын үнэлгээний
төвийг татан буулгаж,
ЭЕШ-ыг дахин явуулъя” гэлээ. Энэ тухай I болон III нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гаднаас ажилчид “импортолж”
хар ажлаа хийлгэе” хэмээн өгүүллээ.

Төсвийн тогтвортой
байдлын зөвлөлийн
дарга Д.Даваасамбуу “Төлбөрийн
тэнцлийг сайжруулах нь өрийн
удирдлагын үндсэн зарчим” хэмээн ярилаа.

“Баримт, үйл явдал” нүүрт “Бөхчүүд бие биенийхээ идэх хоол
руу допинг чулуудах дээрээ тулжээ” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийт 3045 гарааш чөлөөлөөд байна DNN.mn

Гарааш чөлөөлөх ажлуудыг эрчимжүүлж, тохижилтын ажил хийх хүрээнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойш буюу 14 хоногийн хугацаанд есөн байршилд 263 гарааш нэмж чөлөөлөв. Ингэснээр нийт 117 байршилд 3045 гарааш чөлөөлж, энэ ажил 62.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Хот тохижилтын газар гарааш чөлөөлсөн дөрвөн байршилд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Дугуй цагааны тохижилтын ажил эхэлсэн бөгөөд Хотын дарга иргэдийн санал хүсэлтийг харгалзан, жишээ нь замыг хүүхдийн тэрэг явахад тохиромжтой байдлаар тохижуулах хэрэгтэйг хэлж байлаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа “40 мянган тонн түлш нөөцлөх ажил хийж байна. Гурван шугам ажиллаж, бусад нь засвартай байгаа. 500 хүнтэйгээр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Засварын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна” хэмээн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нөхцөл байдлын талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Иргэдийг аялж, амьдрахад тав тухтай нөхцөлөөр хангахын тулд, төрийн үйлчилгээ хүргэхийн тулд хашаа, хайсыг буулгах шаардлагатай байна. Түймэр гарах, онцгой байдал үүслээ гэхэд машин явах орц, гарц байхгүй. Холбогдох байгууллагуудаас санал гарч, нэгдсэн төлөвлөгөө гаргана. Өдөрт 5-6 машин яваад ч хогийг ачиж дийлэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт голд боогдсон хоёр дуудлага ирсэн. Иргэдээ аврахын тулд машин гаргахаас аргагүй. Гэтэл Хэмнэлтийн хууль гарчихсан байхад зардлаа хэмнэсэнгүй гэдэг. Иргэдэд ойлгуулахыг хичээдэг ч үл ойшоох хандлага гардаг. Хог хаясан хүнд торгууль тавьж болдоггүй, ямар байгууллага, хэн тавих нь тодорхойгүй. Үүнийг цэгцлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр, гамшгийн тоо 30 хувиар өсчээ DNN.mn

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Өнгөрсөн онтой харьцуулахад, гал түймэр, гамшгийн тоо 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зургаадугаар сарын 18-нд орсон борооны улмаас үерийн 85 дуудлага бүртгэгдсэн. Аврах ангиуд найман гэр, долоон байшин усанд автсан, хоёр гэр, мөн таван байшингийн дээвэр нурсныг мэргэжлийн байгууллагатай хамтарч, арга хэмжээ авч ажилласан. Завьт эргүүлээр холбогдох байгууллагын 182 албан хаагч 30 машин, 20 завьтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна” гэв.

Энэ хүрээнд гол ус даган амарч, зугаалж байгаа 5000 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэж, 26 хүний амь аварчээ. Он гарснаас хойш таван том хүн, гурван хүүхэд, нийт найман хүн усанд эндэж, амиа алдсан байна.

Хотын дарга аюул ослоос сэргийлж, ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов. Мөн автобусны парк шинэчлэлийг эрчимжүүлж, хэдий олон саад бэрхшээл тулгарч байгаа ч хугацаанд нь автобусуудыг оруулж ирэхэд анхаарахыг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Зам тээврийн ослын улмаас нэг жилд 400-600 хүн нас барж, 2500-3000 хүн гэмтэж байна DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 25-26-нд нийт 565 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 357 мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 16, орон нутагт 13, нийт 29 хүн бэртсэн бөгөөд нийслэлд 5, орон нутагт 3 хүүхэд гэмтсэн байна. Мөн орон нутагт ослын улмаас 2 хүн нас баржээ.

Тодруулбал, нийслэлд явган зорчигчтой холбоотой 10, мотоцикл осолдсон 2, автомашин мөргөлдсөн нэг, унадаг дугуйтай холбоотой 2 осол бүртгэгдсэн бол орон нутагт автомашин онхолдсон ослын улмаас нэг, автомашин мөргөлдсөн ослын улмаас нэг хүний амь хохирчээ.

Нийслэлийн хэмжээнд гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 220 зөрчил илрүүлжээ. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон таван жолооч, нэг явган зорчигч зам тээврийн осолд холбогдсон байна.

байгаа учир улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг 6 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-н хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж, иргэдийн амар тайван ая тухтай зорчих нөхцөлийг ханган ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэхийг анхааруулж байна.


2022 оны 06 сарын 27-ны 20 цагаас 06 сарын 28-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Өөшийн говь, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газаар 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 03-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 07-р сарын 01-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 07-р сарын 01-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, ихэнх хугацаанд зарим үед борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 35-40 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Шарилжны их цэвэрлэгээнд 3825 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо DNN.mn

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Энэ удаа Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн Шарилж устгах ажлын удирдамжийн дагуу зохион байгуулсан газрын хөл ургамал, шарилж, луулийг цэвэрлэх ажилд 1126 аж ахуйн нэгж байгууллага, 2709 иргэн оролцлоо.
Цэвэрлэгээний явцад Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Улаанбаатар шинэ тосгон төрийн бус байгууллага хяналт тавин ажиллав.
Мөн Сүхбаатар тохижилт ХХК, Сүхбаатар дэвшил, Сүхбаатар дэвшил менежмент ОНӨААТҮГ-ын нийт 26 хог тээврийн машин, 40 рейс буюу 320м3 хөл газрын ургамлыг тээвэрлэлээ гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Categories
гадаад мэдээ

Япон улс Оросын эсрэг тавьсан хоригоо өргөтгөв DNN.mn

Японы засгийн газар Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Оросын хувь хүн, байгууллагуудын эсрэг авах хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр болжээ. Японы Ерөнхий сайд Фумио Кишида Германд болж буй “Их долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ талаар мэдэгдсэнийг Даваа гаригт NHK телевиз уламжилсан байна.

Токио “Япон улс ОХУ-ын 70 иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийг царцаах, мөн Оросын батлан хамгаалах салбартай холбоотой 90 гаруй байгууллагад экспортын нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ.

Нэмж дурдахад, шинэ багц хоригт ОХУ-д нягтлан бодох бүртгэл, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх, Оросын алтыг импортлохыг хориглох тухай багтжээ.

Японы эрх баригчид өмнө нь Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас ОХУ-ын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авсан. Орос, Беларусь, Донецк болон Луганск Ард улсын нийт 700 гаруй иргэн, мөн Орос, Беларусийн 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнийг хориг арга хэмжээнд хамруулсан билээ. Үүнээс гадна Япон улс Открытие банк, Новикомбанк, Совкомбанк, ВТБ, Россия банк, Промсвязбанк, ВЭБ.РФ, Сбербанк, Альфа-банк болон Оросын 40 орчим байгууллага, компанийн хөрөнгийг битүүмжилжээ.

Эх сурвалж: TASS, EADAILY