Categories
мэдээ нийгэм цаг-үе

Боловсролын үнэлгээний төвийг татан буулгаж, ЭЕШ-ыг дахин явуулъя DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн ням гаригт шувтарлаа. Орон даяар нийт 36,425 төгсөгч 10 төрлийн хичээлээр шалгалтаа өгөв. Шалгалт түүх, англи хэлний хичээлээр эхэлсэн бөгөөд эхний өдрөөсөө л маргаантай, будлиантай олон зүйл дуулдаж эхэлсэн.

Шалгалтын зохион байгуулалтын талаар анхаарахгүй байхын аргагүй гомдол, саналуудыг элсэгчид, эцэг эхчүүд ярьж байв. Цаанаас тараасан харандаа нь шалгалтын хугацааны дунд хүрэхгүй үзүүр нь хугарч, хүүхдүүд шалгалтын хуудсаа бөглөх боломжгүйд хүрсэн. Танхим дүүрэн хүүхдийн дунд хоёр, гуравхан үзүүрлэгч, баллуур тарааснаар алинд нь ч хүрэлцээгүй гэсэн гомдлыг маш олон шалгуулагч бичжээ. Гэтэл зарим анги, сургуульд гар утас, ухаалаг цагтай хүүхдүүд ч орсон гэж байгаа. Математикийн шалгалтын тест задарсан баримт олон нийтийн сүлжээнд ил болж, нэлээд шүүмжлэл хүртлээ. Өнөөдөр хүртэл энэ асуудлыг үгүйсгэсэн мэдэгдлийг салбарын яам, Боловсролын үнэлгээний төвөөс хийгээгүй байна. Шалгалтын хугацааг журмын дагуу шалгуулагчдад анхааруулж, цагаа зөв зохион байгуулах талаар сануулж байгаа хэсэг байхад шалгалт дууссан тухай гэнэт мэдэгдэж, хуудсуудаа хурааж авсан тохиолдол ч гарсан байна. Цагийн баримжаа авах зүйл оруулахыг хориглосон учраас шалгалтын хуудсаа бүрэн бөглөж чадаагүй гэх гомдолтой төгсөгчид ч нэлээд хэсэг байгаа аж. Энэ тухай “Хоёр хүүхдийн дунд нэг харандаа, нэг бал өгөөд, харандаа нь олигтой гарахгүй, баллуур нь баллуурдахгүй. Зарим хүүхэд нь бусдадаа баллуур харандаагаа өгөхгүй.

Ийм дампуу юм зохион байгуулж байх гэж, Боловсролын яам”, “Харандаанаас гадна ухаалаг цаг олон хүүхдэд байсан энд тэнд тооны машин дуугараад байсан гэсэн. Ер нь ямар нь тэгж ороод, ямар нь үнэнч өөрсдөө бодоод хугацаандаа багтдаггүй юм бэ. Шударга юм гэж алга”, “Утастай олон хүүхэд орсон. Миний хажууд сууж байсан хүүхэд, бас үеэлийн ангид сууж байсан хүүхдүүд гээд математикийн шалгалт бол арай л байна”, “Харандаа баллуур бол үнэндээ сэтгэлд нийцээгүй. Баллуурдах гэхээр арилгаж чадахгүй. Будъя гэхээр харандаа нь хугараад байсан” гээд л сэтгэгдлүүд хэдэн зуугаараа хөвөрч байна.

Цаашлаад шалгалтын агуулга дээр ч төгсөгчид гэлтгүй салбарын эрдэмтдийн зүгээс ч шүүмжлэлтэй хичээл нэг бус гарч ирлээ. Ялангуяа математик, англи хэлний хичээл дээр энэ асуудал түлхүү яригдаж харагдав. Англи хэлний шалгалтын тухай нэгэн төгсөгч “Дараа жил ЭЕШ өгөх дүү нартаа зөвлөе. Англи хэл бол бараг IELTS бэлдчихсэн дээр юм байна шүү. Энэ жил ЭЕШ номноос бэлдсэн биднийг шууд унагачлаа. 12 жилийн сургалтын агуулгаас үнэхээр давсан, бараг тасарсан гэхэд буруудахгүй. 2006-2021 хүртэл өмнөх жилийнхээ жишгийг харж сайжруулдаг атал энэ жил огцом хүндрүүлсэн. Бараг IELTS-даа бэлдээд 6.5 авчихаад 800 болгоод хөрвүүлчихсэн нь дээр байх” гэсэн саналыг дэвшүүлсэн байв. Үнэхээр л ЭЕШ гэдэг хэн ч бодсон 12 жилийн сургалтын агуулгаас ирэх ёстой бус уу. Сургалтын агуулга гээд ярихаар сурах бичгийн асуудал хөндөгдөнө. Жил бүр шинээр хэвлэгддэг сурах бичгийн тендерийн наймааны гор өнөөдрийн энэ асуудал ч байж мэдэх юм.

Түүнчлэн математикийн хичээлийн “В” хувилбарын талаар нэлээд сурагчид маргаан өрнүүлсэн байлаа. Энэ тухай нэгэн шалгуулагчийн мэдэгдлийг сийрүүлбэл “Математик ЭЕШ-ын “В” хувилбар. Өгсөн бүх хүүхдүүд оноондоо эргэлзээд байна. Үнэхээр амархан байсан. Хангалттай хугацаанд дуусчихаад дахин хянасан. Гэтэл оноо 22 байна. Оноогоо хараад зүгээр л шок, хөл чичрээд зүрх өвдөөд. Ийм байх ёсгүй дээ гээд л зогсоод л байсан. Тийм байдалтай байсан ихэнх хүүхэд “В” вариант гэсэн. Сургуулийн хамгийн сайн боддог гавал сурагч хүртэл 80 гэж бодсон ч 40 байна гээд л зогсож байсан. Гараар засуулж болох уу гэж асуухад тийм юм байхгүй гэсэн. Харамсалтай байна. Уйлмаар байна. Ингэхээр биднийг гоншигнуур, хичээгээгүй л гэх юм. Үнэндээ ясаа цайтал хичээсэн. Би гэхэд нэгдүгээр сараас хойш нойр хоолоо хасан байж, ядаргаанд орж эмнэлэгт долоо хоног дусал хийлгэн байж математикаа бэлдсэн. Бүх тандах шалгалт дээрээ 80+ оноо авсан. Би хувьдаа үхтлээ л хичээсэн. Үнэхээр хичээсэн болохоор сайхнаар төсөөлж байсан хүссэн сургууль, ирээдүй, мэргэжилээ зүгээр л дурсаад сууж чадсангүй. Саяхан математикийн олимпиад дээр нэгдүгээр байранд ороод байж байхад минь инээгээд сууж байсан аав ээж хоёртоо юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Боловсролын системдээ гонсгор байна. Боловсролын яамдаа гомдож байна. Хэдэн мянган хүүхдийн ирээдүйг баллаж хохироож байна” гэсэн хатуухан үгс шидсэн байв.

Өөр ч хүүхдийн сэтгэгдлүүд бий. “Өөрийгөө үнэхээр сайн хийсэн гэж бодоод өөртөө дэндүү бардаж гарч ирсэн. Оноогоо хараад шоконд орсон. Наад машинд чинь итгэхгүй байна. Бид нар 12 жил сурахдаа нэг муу бөөрөнхий нүхнүүдийг л бөглөх гэж сурсан юм уу. Шалгалтаа сайн өгсөн ч гэсэн тэрийг нь дутуу эсвэл тойргоос нь гаргаж будаад оноогоо хасуулж байна. Гараар засахыг шаардаж байна” гэжээ.

Эцсийн дүндээ энэ жилийн ЭЕШ-ын улсын дундаж маш муу байлаа. Улаанбаатарт гэхэд математикийн шалгалтыг 10814 сурагч өгснөөс дөрөвхөн хувь буюу 432 хүүхэд л 60-аас дээш оноо авсан тооцоолол байгаа юм. Үлдсэн 10367 сурагч буюу нийт шалгуулагчийн 96 нь хувь нь 60-аас доош оноог авчээ. Энэ жилийн их, дээд сургуулийн босго оноо 480 гэж байгаа. Улсын сургуульд шалгалт өгсөн нийт хичээлийн хоёроос доошгүй нь босго оноонд хүрсэн тохиолдолд элсэх эрх нээгдэнэ гэж буй. Дээрх зохион байгуулагчдын механик алдаануудаас бэлтгэснийхээ хэрээр хүссэн оноогоо авах битгий босго оноонд хүрч чадаагүй олон зуун сурагч доголон нулимстай, ээж ааваасаа эмээгээд сууж буй нь лавтай.

Энэ жилийн ЭЕШ тойрсон маапаан үүгээр дуусахгүй. Улсын хэмжээнд бүх хичээл дээр сүүл мушгисан Баян-Өлгий аймгийн тухай ч бүр том шүүмжлэл дэгдэж буй. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын системд монгол хэлний хичээлийн агуулга хангалттай бус байдгаас төгсөгчид ЭЕШ-ыг монгол хэл дээр бүрэн дүүрэн өгч чадаагүй. Шалгалтандаа унасан казах сурагч амиа хорлохыг завдсан гэх мэдээлэл ч дуулдаад авна лээ.

Эдгээрт ерөөсөө хүүхдийн буруу байхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг төгсөгчдийн хувьд амьдралын хамгийн том босго байдаг. Энэ шалгалтаас л тэд ирээдүйд ямар мэргэжилтэй болох, ямар амьдралтай болох эхлэлээ тавьдаг. Тиймээс шалгалтандаа хариуцлагагүй ханддаг хүүхэд байдаггүй юм. Төгсөгчид хэдийгээр 17, 18 хүрсэн ч тэд бие хүн болж төлөвшөөгүй, хүүхдээрээ амьтад. Тэдэнд шалгалтыг аргацаах, хууран мэхлэх тухай ойлголт огтоос төрөхгүй. Байх ч боломжгүй нас, сэтгэл зүйн үе. Өнөөдөр ажлын байран дээр гарсан хэнбугай нь ч төгсөх үеийнхээ шалгалтыг эргэн дурсаад нэг үзээч. Ямар их хичээл зүтгэл, айдас, сэтгэл хөдлөл дунд шалгуулж, дүнгээ харж, гэрийнхэндээ байцаагдаж, урамшиж, гутарч, аав ээжээсээ эмээж явсан бол тэгж аргалаад тэнцчихсэн, азаа үзээд зөвдсөн гэх нь ховор л болов уу.

Гэтэл зохион байгуулалтын алдааны талаар нийтэд дэлгэсэн хүүхдүүдийг нийгмээрээ буруушааж байх юм. Зохион байгуулагчдын хувьд ч тэр, дүнгээ тулгая, алдаагаа харъя гээд зорьж очсон, өөрсдийнх нь зохион байгуулалт муу байсан талаар хэлсэн болгонд “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэж ирээд омогорхсон гэж байгаа.

Мэргэжил эзэмшиж, ирээдүйдээ эх орондоо хэрэгтэй хүн болъё гээд мэдлэгээ шалгуулж байгаа хүүхдүүдэд харин ч эсрэгээрээ хамгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Олон мянган хүүхдийн амьдралыг балласан зохион байгуулагч нэртэй нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат тэргүүтэй нөхдийг багаар нь сольж, хариуцлага хүлээлгэ.

Шалгалтын тест шалгадаг машиныг ч шалга. Аливаа зүйл ил тод, хяналттай байх зарчимтай. Гэтэл бүхэл бүтэн хүмүүсийн амьдралыг шийдэж буй тест шалгагч машиныг жил бүрийн шалгалтын үеэр туршилтын тооллогоор баталгаажуулахад яагаад буруу гэж. Банкны системээс ч өндөр үнэтэй программыг боловсролын салбарт шахсан гэдэг дуулиан дэгдсэн байсан нь саяхан. Тиймээс цагдаа, тагнуулын байгууллагууд ажлаа хий. Яг л нөгөө сонгуулийн хар машины булхай шиг л юм болоод явчихлаа.

Гэхдээ энэ байдал зөвхөн энэ жил яригдаж байгаа зүйл биш юм. Жил бүр шалгалтын материал задардаг, зохион байгуулалт муу байсан тухай ноцтой баримт кейс гарч ирдэг. Хэн ч үүн дээр хариуцлага хүлээдэггүй. Одоо болъё. Ядаж л ирээдүйн Монгол Улсын боловсон хүчин бэлтгэж байгаа энэ явдал дээрээ шударга байцгаая.

Манайд элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг шинээр бий болсон тогтолцоо биш юм. Монголын анхдагч сургуулиудын нэг МУИС-ийн шав тавигдаад 70, 80 жил болчихсон. Өөрөөр хэлбэл, ийм хугацаанд бид элсэлтийн шалгалтыг зохион байгуулж ирсэн байна шүү дээ. Гэтэл өнөөдөр XXI зуун. Ийм үед хулхи харандаа, хэдэн баллуур, үзүүрлэгч яриад сууж байж болох уу.

ЭЕШ-ын цаана бүхэл бүтэн хүний амьдрал, хувь заяа шийдэгдэж байгаа. БНСУ-д гэхэд шалгалтаа өгөхөөр цаг нь тулаад гүйж яваа сурагчийг цагдаагийн байгууллага нь шуурхай хүргэж өгсөн явдал өнгөрсөн жил дуулиан болж байв. Хөгжилтэй орон ирээдүйн боловсон хүчиндээ ингэж санаа тавьдаг, анхаардаг юм байна.

Тэгэхэд бид хэдхэн мянган хүүхдийнхээ төлөө шалгалтын хэрэгслийг нь чанартай бэлдчихэд хэдэн тэрбум оров гэж дээ. Ихдээ л баллуур, үзүүрлэгч, харандаа гурав л шаардагдаж байна. Шалгалт гэдэг цаанаасаа л өндөр сэтгэл зүй шаарддаг. Харандаа нь хугарч, баллуур үзүүрлэгч олдохгүй хүүхдүүдэд сэтгэл зүй нь ямар болох вэ. Тийм нөхцөлд тестээ амжилттай бөглөж чадах уу. Ажилдаа сэтгэлгүй, зохион байгуулалтгүй ажилласаар ирсэн Боловсролын үнэлгээний төвийнхөнд хариуцлага тооцож, татан буулгая.

Энэ жилийн ЭЕШ-ыг дахин явуулъя. Төсвөөс мөнгө татаж цалинжиж суугаа нөхдийн буруугаас болж, амьдралаа алдаж байгаа төгсөгчдөд боломж олгоход огт буруудахгүй.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар 30 хэм хүрч хална DNN.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэхийг анхааруулж байна.

2022 оны 06 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 33-38 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 29-31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 28-30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ DNN.mn

Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр, маргааш (VI.28-29) Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд болно.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76, хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Бөхчүүд бие биенийхээ идэх хоол руу допинг чулуудах дээрээ тулжээ DNN.mn

-УЛСЫН ДАЯН АВАРГА Н.БАТСУУРЬ: БӨХЧҮҮД ИДЭЖ БУЙ ХООЛ ХҮНСЭНДЭЭ ОНЦГОЙ АНХААРАХГҮЙ БОЛ ИХ ЦӨВҮҮН ЦАГ ИРСЭН БАЙНА-


Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийн хоол хүнсэнд допингийн төрлийн бодис найруулж өгөхийг завдсан тохиолдол нэг биш удаа гарчээ. Идэх хоол хүнсэндээ анхааралгүй хандсантай холбоотойгоор бусдад хорлуулж допингийн шинжилгээнд бүдэрсэн жишээ ч байгаа юм.

Улсын даян аварга Н.Батсуурь Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадамд үзүүрлэснийхээ дараа допингийн шинжилгээнд бүдэрч байв. Энэ талаар тайлбарлахдаа тэрбээр“Миний биеэс примецидан гэх зүрхний эм илэрсэн. Энэ эм эмийн сангуудад ширхэг нь 400 төгрөгөөр л зарагддаг. Надад ийм үйлчилгээтэй эм хэрэглэх ямар ч шалтгаан байхгүй. Миний зүрх цоо эрүүл. Надаас илрэхэд нь үнэхээр гайхсан. Идсэн хоол ч юм уу, уусан усанд маань нэг ширхэгийг л хольсон болов уу гэх хардлага надад байна. Идэж хэрэглэж буй хоол хүнсэндээ болгоомжгүй хандсан нь цэвэр миний буруу байлаа. Үндэсний бөхөөр хичээллэж буй найзууд, дүү нартаа захихад хоол хүнсэндээ анхаарал болгоомжтой хандахгүй бол их цөвүүн цаг ирсэн байна” гэх зүйлийг хэлж байв. Баяр наадам зохион байгуулах комиссоос Н.Батсуурийн улсын наадамд үзүүрлэсэн амжилтыг хүчингүй болгож, барилдах эрхийг нь арваннэгэн сараар хасах шийдвэр гаргаж байсан юм.

Түүний биеэс илэрсэн примецидан гэх бодис нь хүч тамир нэмэх үйлчилгээгүйг эмч нарын зүгээс онцолдог.


Хүний олон арван жилийн хөдөлмөр, нэр хүндийг унагах атгаг санаатай улс бөхийн галуудаар эргэлдэх болж


Энэ мэтээр атгаг санаатай хэн нэгний явуулгаар допингийн шинжилгээнд бүдэрсэн жишээ олон. Тэдний төлөөллөөс тодруулга авлаа. Тэрбээр бөхчүүд бие биенийхээ хоол хүнсэнд янз бүрийн бодис хольж хорлодог болсон гэдгийг онцлов. Үүнтэй холбоотойгоор бөхчүүд ч наадмын бэлтгэлд гарахдаа хувийн тогооч дагуулж гардаг болсон талаар ярьж байлаа.


-Таны тухайд допингийн зөрчил гаргаж, улсын цолоо хураалгасан цөөхөн бөхийн нэг нь. Таны шинжилгээнээс ямар бодис илэрсэн юм бэ?

-Миний допингийн зөрчил гаргасан нэг үйлдэлд хоёр шийтгэл оногдуулсан. Цолыг маань хураагаад, барилдах эрхийг түдгэлзүүлсэн. Миний шинжилгээнээс өвчин намдаах үйчилгээтэй эмийн бодис л илэрсэн юм.

-Та наадмын бэлтгэлийн үеэр өвчин намдаах эм хэрэглэсэн юм уу?

-Үгүй. Галын багш нарын зүгээс бэлтгэлийн үеэр ямар нэгэн эм, тан хэрэглэхийг хатуу хориглодог. Бөхчүүд хаврын сар гарахад л наадмын бэлтгэлдээ ордог. Ямар нэгэн эм хэрэглэхийг цээрлэдэг. Ширхэг эм хэрэглээгүй байхад л шинжилгээний хариунаас өвчин намдаах эм илэрснийг гайхаж байна. Арван хэдэн жил хөдөлмөрлөж авсан цолоо хураалгалаа. Барилдах эрхээ хасууллаа. Бөх барилдах ч үндсэндээ миний мэргэжил шүү дээ. Хөдөлмөрлөх эрхээ хасуулж байгаатай агаар нэг тусч байна даа, надад. Ийм кейс дээр заргалдаад явахад хүлээж авах субьект манайд байдаггүй юм байна. Олон улсын арбитрт л хандах боломжой. Санхүүгийн бэрхшээлийн улмаас тэр бүр хөөцөлдөөд явж чадахгүй юм.

-Ямар нэгэн төрлийн эм хэрэглээгүй байхад хориотой бэлдмэл таны биеэс илэрсэн нь анхаарал татаж байна л даа…

-Тийм. Эрхээ хасуулаад явж байхдаа янз бүрийн л юм бодох юм. Хэн нэг нь л миний хоол хүнсэнд өвчин намдаах үйлчилгээтэй эм хийсэн байх. Допингийн шинжилгээний хариутай танилцахад хэзээ хэрэглэсэн нь хүртэл тодорхой харагддаг юм билээ. Яг наадмын бэлтгэл хийж байх хугацаанд л миний биед орсон байгаа юм. Шинжилгээний хариунд маш бага хэмжээгээр илэрсэн гэж тодорхой тэмдэглэсэн байгаа. Ямар нэгэн зорилготой, системтэйгээр хэрэглээгүй нь эндээс тодорхой харагддаг.

-Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүд маань нэг нэгнийхээ хоол руу эм тан хийдэг цаг ирчихсэн юм уу?

-Хохирогч нь энд сууж байна. Даян аварга Н.Батсуурь ч ийм цөвүүн цаг ирсэн талаар тодорхой хэлж л байсан. Ер нь тэгээд маш сэрэмжтэй байх хэрэгтэйг өөрийн биеэр амсаж мах ясандаа тултал ойлголоо. Бөхчүүд ч нэг үеэ бодоход ул суурьтай ханддаг болж. Наадмын бэлтгэлд гарахдаа хувийн тогооч дагуулж гардаг болсон байна шүү дээ. Бусдын олон жилийн хөлс хөдөлмөр, нэр хүндийг устгах атгаг санаатай нөхдүүд бөхийн галуудаар эргэлдэх болж. Бөхчүүд ч янз бүрийн эрсдэлүүдээс сэргийлж хувийн тогоочтой гарч байгаа нь зөв сонголт. Захын эмийн сан руу гүйж ороод толгойны эм аваад л нэгнийхээ хоол руу чулуудчихад өнөөх нь асуудалд орохоор тийм цаг үе иржээ. Маш анхааралтай байхгүй л бол хамрын цацлага хэрэглэхэд л допингийн төрлийн бодис илэрнэ гэв.

О.Хишигбаатар: Галыгахалж буй бөхчүүдхувийнхоол зүйч, тогооч авч бэлтгэлдээгарч байна

Бөхчүүдийн наадмын бэлтгэл энэ өдрүүдэд ид үргэлжилж байна. Бөхийн галууд руу холбогдоход долдугаар сар цухуйлгаад бэлтгэлийн ачааллаа бууруулах талаар дасгалжуулагч нар нь хэлж байв. Наадам тулаад ирэхээр бэртэл гэмтлээс болгоомжилж бэлтгэлийн ачааллаа бууруулдаг гэнэ.


Бид Бугын сангийн аж ахуйд баяр наадмын бэлтгэлдээ гараад буй сумын заан О.Хишигбаатартай холбогдож цөөн хором ярилцлаа.


-Бэлтгэл нь сайн уу. Энэ жилийн тухайд ямар зорилго тавьж бэлтгэлээ базааж байна вэ?

-Зургадугаар сарын 10-даар наадмын бэлтгэлдээ орсон. Энэ жил аймгийн наадамдаа зодогдож цол авах зорилготой бэлтгэлээ базааж байна. Өнгөрсөн жил цар тахал гээд наадам өнжсөн. Энэ жил бэлтгэлдээ гараад сайхан байна. Багш нарынхаа бэлдсэн системийн дагуу л сургуулилтаа базааж байгаа. Долдугаар сар гарахаар аймгийн наадамдаа барилдахаар нутаг буцна. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоороо зодоглох бодолтой байсан ч аймгийн наадамтай давхцаж байгаа учраас амжихгүй нь шиг байна.

-Бэлтгэлд гарсан бөхчүүд ямар хоол хүнс хэрэглэж байна вэ?

-Энэ жилээс эхлээд галын том бөхчүүд хувьдаа тогоочтой гардаг болсон. Өөрсдөө бэлдэж ирсэн махаараа л гол төлөв шөл хийлгээд ууж байгаа харагддаг. Бага цолтой бөхчүүдийн тухайд хоолоо өөрсдөө хийгээд л идэж байна. Ер нь гаднаас хүмүүс хонь авч ирэхэд нь ажиллаад л бүгдээрээ тойрч суугаад иддэг цаг ард үлдсэн. Янз бүрийн эрсдэлээс сэргийлж гадны хоол хүнс хэрэглэхгүй байхыг галын багш нар ч бидэнд анхааруулсан.

-Бөхчүүд наадмын бэлтгэлд гарахдаа тус бүртээ тогооч дагуулж гардаг нь ямар учиртай юм бэ?

-Наадмын өндөр даваанд гарч барилдах зорилго тавьсан бөхчүүд хувьдаа тогоочтой гарч байна лээ. Бөхчүүд бие бялдрын онцлогоос шалтгаалаад өөр өөртөө тохирсон системийн дагуу бэлтгэлээ базаадаг. Үүнтэй холбоотойгоор хэрэглэх хоол хүнс, шаардлагатай амин дэм нь өөр хоорондоо харилцан адилгүй болсон. Ерөнхийдөө тогооч гэхээс илүү хоол зүйчтэй хамтарч ажиллах болсон. Нөгөө талдаа хэн хаанаас авч ирсэн нь мэдэгдэхгүй хоол хүнсийг бэлтгэлийн үеэр хэрэглэх нь эрсдэлтэй гэж үздэг болсон байна лээ. Хоол зүйч нь зөвхөн тухайн бөхөд л зориулж жор гаргаад хоолыг нь хийнэ. Өнгөрсөн жил бөхчүүдийн хэрэглэх хоол хүнсэнд янз бүрийн зүйл хийсэн асуудал хөндөгдсөн учраас ингэж сэрэмжилж байгаа байх. Саяхан л гэхэд аймгийн хурц арслан Б.Лхагвадорж гэж допингийн хэрэглээ ямар ч шаардлагагүй бөхийн шинжилгээнээс хориотой эмийн бодис илэрсэн нь бөхчүүдийг гайхшируулаад байна л даа. Багш, дасгалжуулагч нарын зүгээс идэх хоол ундандаа онцгой анхаарахыг цаг тутам анхааруулж байгаа хэмээв.

Спортын анагаах ухааны доктор О.Бат-Очирын онцолж байгаагаар бол ганцаарчилсан төрлийн спортоор тив дэлхийн хэмжээнд өрсөлддөг тамирчид зөвхөн хоол зүйчийнхээ бэлтгэсэн хүнсийг л хэрэглэдэг аж. Учир нь хоол хүнсэнд нь хэн нэгэн допингийн төрлийн бодис холих эрсдэл хажууханд нь байдаг гэнэ. Зарим бөхчүүдийн хэлж байгаагаар наадмын гал дээгүүр бие биенийхээ хоолонд янз бүрийн эм тан холих асуудал гарч байгааг хэлж байгаа юм. Тийм ч учраас хувьдаа тогоочтой гарахыг илүүд үзэх болжээ.

Б.Сайнбаяр

Categories
мэдээ нийгэм

“Өнөр“ хорооллын замын хөдөлгөөнийг ирэх сарын 4-нийг хүртэл хаана DNN.mn

Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хорооны авто замын шинэчлэлийн ажил эхэллээ.

Энэ хүрээнд өчигдөр буюу зургаадугаар сарын 27-ны 23:00 цагаас “Өнөр” хорооллын авто замаас Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж, долдугаар сарын 4-ний 18:00 цаг хүртэл засвар, шинэчлэлийн ажил хийх юм.

Тус замд 2010 онд их засвар хийснээс хойш ээлжит засвар хийгээгүй. Бүтцийн эвдрэлд орсон учир нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм. Зам засварын ажлын хүрээнд авто замын суурь солих, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, явган замын ажил хийнэ. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

Arslan.mn

Categories
мэдээ нийгэм

Олимпийн гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ DNN.mn

Олимпийн гүүрний бүтээн байгуулалтыг зургаадугаар сарын 30-н гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахыг Хотын дарга удаа дараа үүрэг болгосон. Энэ хүрээнд тус гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр бүрэн нээлээ.

Харин явган хүний замын ажлын хувьд хил хаалттайгаас болж металл хийцийн тээвэрлэлт саатаж, товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болжээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр газар дээр нь ажиллалаа.

зураг

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам, барилга байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандах “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийн ажлуудыг иж бүрэн цогцоор нь барьж байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар төслийн ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна.

Урьд жилүүдэд үндсэн гүүрний нэвтрэх хөдөлгөөн, инженерийн шугам сүлжээний ажлуудыг хийсэн. 2022 оны хувьд гуравдугаар сарын 15-ны өдрөөс төслийн ажлыг эхлүүлж, зургаадугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгахаар төлөвлөсөн ч явган гүүр хугацаандаа хараахан багтахааргүй болоод байна. 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүтээн байгуулалт маш ихээр саатсан. 2022 оны тухайд хил гаалийн саатал маш хүндээр тулгамдаж байна. Явган хүний гүүрний металл хийц эдлэлийг БНХАУ-д захиалга өгч үйлдвэрлүүлсэн. Хийц эдлэлийг Хөх хотоос Эрээн, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 1,100 км туулж авчрахаар төлөвлөсөн боловч Эрээний хил хаагдсаны улмаас тээвэрлэлтийн маршрутаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн.

Шинжаан Уйгарын нутгаар дамжуулаад Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэвтрүүлэн авчирч байна. Тээвэрлэлт анх төлөвлөснөөс 3,600-4,000 км-ээр тойрч байна. Нөгөөтээгүүр хил дээр дараалал ихтэй байгаа тул нэг машин хилээр нэвтрэх гэж 20-30 хоног зарцуулж байгаа. Үүнээс үүдэлтэй явган хүний гарцыг барьж байгуулах ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахааргүй болсон” гэв.

зураг

Харин “Эйч Си Би Вай монголиа” консракшны ерөнхий инженер Д.Отгонтөгс “Явган замын хойд урд хэсгийн суурийн ажил өнөөдрөөр дуусаж байна. Металл хийцийн тээвэрлэлт саатсантай холбоотойгоор хугацаа алдахад хүрсэн. Металл хийц ирчихвэл явган хүний гарцыг хийхэд бэрхшээлгүй. Холбогдох албаныхан металл хийцийн тээвэрлэлтэд туслах байх гэж найдаж байна” гэлээ.

зураг

Эдгээрийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “БНХАУ-аас бараа, материал татан авахад хүндрэл тулгарч байна. КОВИД-19 цар тахлын нөлөөллөөс гадна ОХУ, Украины цэрэг дайны байдлаас үүдэлтэйгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд багагүй сүүдэр тусгаж, хүнд тусаж байна.

Ялангуяа бензин шатахууны үнийн өсөлт бэрхшээл үүсгэж байгаа. Гэвч бид аль болох шалтаг тоочихгүйгээр татан авалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Явган хүний гарцыг зургаадугаар сарын 30-ны дотор дуусгах үүрэг өгсөн боловч гаднын хүчин зүйлээс шалтгаалан хойшилжээ. Болж өгвөл наадмын өмнө, долдугаар сарын 10-ны өдөр гэхэд дуусгах хугацаатай үүрэг даалгавар өглөө. Томоохон бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд хойшилдог сул тал сүүлийн үед үүсээд байгаа. Тиймээс цаашид аливаа бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь багтаадаг болгоход анхаарах юм. Ялангуяа хотын зүгээс хувийн хэвшил, иргэдтэйгээ ойлголцоод, хурдавчлан дуусгахад санаачилгатай ажиллах болно” хэмээн өгүүллээ.

зураг

зураг

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ цаг-үе

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 260 төгрөгөөр суларлаа DNN.mn

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 5 дугаар сард 3110.22 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 260.65, өмнөх сарынхаас 68.38 төгрөгөөр суларлаа.

Харин төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 5 дугаар сард 464.22 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.23 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 9.11 төгрөгөөр чангарсан байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 48.34 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.84, өмнөх сарынхаас 10.20 төгрөгөөр суларсаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” шиг энэрэнгүй хууль олон байх тусмаа хэрэгтэй DNN.mn

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг Монголд анх удаа хэлэлцэхээр болж байна. Энэ хуулийг оройтсон ч гэсэн ийнхүү санаачилж, ажил хэрэг болгохоор явж байгаа нь сайшаалтай. Тэжээвэр амьтад бол хүн төрөлхтний хувьд аль ч цаг үед гэр бүлийн гишүүн, дотны найз нь байсаар ирсэн. Ийм ойлголт ч дэлхий даяар бий. Хүмүүнлэг нийгэмд муур, нохой, туулай, тоть, усан гахай, загас гээд тоочоод байвал гэрт тэжээдэг мал, амьтан тоймгүй олон доо. Харин нүүдэлчний нийгэмд тэжээвэр амьтан арай өөрөөр харагддаг. Тэжээвэр амьтныг хэрэглэгдэхүүн гэж үзэж харьцдаг. Энд малын тухай цухас дурдахад, бид мал тамладаг ард түмэн. Дэлхий дээр мал тамладаг хамгийн харгис үндэстэн бол монгол. Тэр талаар бичвэл цаас, бал хүрэлцэхгүй. Монгол банхар, нохдыг л харахад турж үхэхээ алдсан, ноос үсээ ч хаяж дийлдэггүй сэнсэрсэн амьтныг гаднаа дөрвөн улирлын турш гинжилчихсэн байдаг. Ялгадас, шавхруугаа идүүр нэртэй юм руу нь шидэж өгөх жишээтэй. Хөдөөд бол хусам төдийхнөөр л тэжээдэг нохойгоо чонотой тулалдаж, хонио манасангүй гээд балбаад байдаг. Согтуу хар юм ирээд нохойгоо балбана. Эхнэртээ агсамнаж чадахгүй болохоор хаяандаа хэвтсэн өнөө муу банхараа юм уу гадаа тоглож байсан хүүхдээ балбаж уураа гаргадаг. Нохой бол гарын чилээгээ гаргадаг амьтан нь. Монголчуудын хувьд гэртээ тэжээдэг түгээмэл атлаа тоотой хэдхэн амьтны нэг бол муур. Хэзээнээс ч юм монголчууд мууранд таагүй хандсаар иржээ. Хамгийн сүүлийн сэтгэл эмзэглүүлмээр, хэрцгий жишээ бол “Муур нярайн хамрыг иджээ” гэсэн худал мэдээнээс болж хичнээн олон муур тамлуулж үхэж, хэдэн айл тэжээвэр муурнуудаа гэрээсээ хөөж гудамжинд гаргалаа даа. Дараа нь шүүхийн шинжилгээгээр огтоос тийм зүйл болоогүйг нотолсон.

Гэтэл барууны оронд гэрийн тэжээвэр амьтны тухай ойлголт манайхаас огт өөр, энэрэнгүй. Жижигхээн сөөсийсөн шар дэгдээхэй явж байхад ухасхийгээд бариад авдаг гэрийн тэжээвэр амьтан тэнд нэг ч байдаггүй. Нохой, муурных нь урдуур шар дэгдээхэй дэгдээд өнгөрөхөд зүгээр л хараад өнгөрүүлэх төдийгүй бүр хотын хөл хөдөлгөөнтэй гудмаар үр зулзгаа дагуулсан амьтад хээв нэг алхалж байх дүр зураг зөндөө л харагддаг. Гэрт, энэрэнгүй хүмүүсийн дэргэд нялхаасаа өссөн амьтны араатанлаг шинж нь дарагдчихдаг байж мэдэх юм. Хэдэн үеэр нь тэр араатныг нүдээ нээсэн цагаас нь хүн бүр өхөөрдөж, хайрлаж, тэвэрч, нурууг нь илээд байхаар амьтан хүртэл зөөлөрч, энэрэх сэтгэлтэй болчихдог бололтой. Нөгөөтэйгүүр тэнд амьтад өлсдөггүй. Гэрийн тэжээвэр амьтнаа өлсгөдөггүй учир эзнийхээ өгсөн хоолноос өөр зүйл болон амьд юм руу дайрдаггүй олдмол зан араншинтай болсон ч гэж хэлж болохоор. Мэдээж араатан учир өлсгөвөл тэр чанар нь гарч таарна л даа.

Тэрхүү хөгжилтэй орнуудаар нохой, муур бусад гэрийн тэжээмэл амьтдын төлөө гэсэн зориулалтын эмнэлэг, сувилал мэргэжлийн доктор, эмч сувилагчид гээд бүхэл бүтэн арми шиг бүрэлдэхүүн ажиллаж эмчилгээ үйлчилгээ хийж санаа тавьж байна.

Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой чухал зохицуулалтуудыг Монголд дөнгөж одоо ч хуульчилж байгаа нь оройтсон хэдий ч сайшаалтай. Ийм хуулийг нийтээрээ хэлэлцэж, иргэд нь тэжээвэр амьтнаа хөтөлж очоод уг хуулийн төсөлд саналаа хэлж байгаа нь манай нийгэмд энэрэнгүй төрх байдал илрэн гарч байна гэж дүгнэж болох юм. Дөрвөн хөлтэй найзууд, хүний үнэнч анд болсон нохой, муур зэрэг амьтад бол ямар ч шашны үүднээс авч үзсэн бид бүгдтэй адил амьтай. Буддын шашны талаас нь авч үзвэл бидэнтэй адил зургаан зүйлийн хамаг амьтны нэг шүү дээ. Дөрвөн хөлтэй найзуудынхаа төлөө хүнлэг, энэрэнгүй хууль санаачилж хэлэлцүүлж байгаа нь маш сайн хэрэг. “Ард түмний амьдрал хүнд, өнөө маргаашаа яая гэж байхад амьтны тухай хууль батлах гэж байна”, “Амьтны тухай хууль санаачлаад ард түмний амьдралаас тасарчихаж” гэж олон нийтийн зүгээс элдэв шүүмжлэлтэй тулгарч байгаа. Ажил хийхгүй байж “Амьдрал хэцүү байна, ядуу байна” гэж ярих эрх монголчуудад уг нь байхгүй. Ажил хийдэг, ажилтай хүн урдахаа л хийж зүтгэдгээс биш таарсан, харсан болгоноо шүүмжлээд утсаа ухаад байх завгүй байдаг юм. Мөн ажил хийх гэж, хөрөнгө оруулах гэж ирсэн гадаадынхныг “Ална, шулна” гэж хуйгаар нь хөөж айлгачихаад “Ажилгүй, амьдралгүй, ядуу байна аа би” гэж ярихаасаа ичвэл таарна. Бид ямар ч нөхцөлд энэрэнгүй байх ёстой. Нийгмээрээ энэрэнгүй байхын чухал үзүүлэлт бол гэрийн тэжээвэр амьтнаа хамгаалах, хуулиар эрхийг нь зохицуулах юм. Дэлхий, тэр дундаа барууныхан энэрэнгүй. Баян тарган юм чинь тэгэхээс яахав гэх байх. Баяндаа ч биш, нийгэм нь энэрэнгүй байдаг.

Бөмбөгт өртөөд үхчихнэ гээд үүргэвч, бүсэндээ гөлөг хавчуулчихсан яваа украин цэргүүдийн зураг, бичлэгийг та бүхэн зөндөө л харж байгаа. Амь наана, там цаана байхад юун гөлөг, нохой аврах вэ. Гэтэл ингэж амьтны амь аварч байна гэдэг бол тэдгээр цэрэг энэрэнгүй нийгэмд бойжиж төлөвшсөний илрэл. Энэ бүхэнд л дөхүүлсэн магтмаар хууль яг одоо хэлэлцэгдэхээр боловсруулалтын шатаа давчихаад байна. УИХ-ын дарга Г.Занданшатар уг хуульд санал авч буй өдөрлөгийн үеэр нохойгоо хөтлөөд ирж буй зураг сошиалаар явахад хүмүүс үгүй ээ мөн их шоолж, шүүмжилж, доромжлов оо. Яг үнэндээ амарч байгаа үед хүн ийм л байдаг шүү дээ. Ажил хийж буй, амарч байгаа үе гэдгийг ялгах хэрэгтэй. Барууны хөгжилтэй орны төрийн тэргүүнүүдийн нохойгоо хөтөлсөн, салхилуулсан, тэвэрсэн зураг хэвлэлээр нь байнга гарч л байдаг, ялангуяа АНУ-ын. Манайд бол анх удаа нохойтойгоо хэвлэлээр гарсан төрийн хүн нь Г.Занданшатар боллоо. Амьтан, ургамалтай ойр байх нь бусад хүнд эерүү сэтгэгдэл төрүүлдэг. “Энэ чинь харин овоо гайгүй энэрэнгүй хүн юм уу даа” гэсэн зөв сэтгэгдлийг бусдад бэлэглэдэг. УИХ-ын даргын энэ үйлдэл хүн гэдэг чинь амьтантай ийм ойр, амьтнаа эрхлүүлж хайрладаг юм, түүнээс биш бидэн шиг таарсан нохойгоо жов чи гэж өшиглөөд чулуу нүүлгээд байдаггүй юм аа гэдгийг нийгэмд харуулчих шиг боллоо.

Монголчууд морь унаж буй, моринд мордсон зургаа нийтэд гайхуулдгаа хамгийн мундаг, хамгаас хийморилог гэж үзэцгээдэг. Эцсийн дүндээ бол хатуухан хэлэхэд, тэр морийг боолчилж буй л үйлдэл шүү дээ. Морь боолчилсноо гайхуулж буй л зураг. Тэрний дэргэд нохойгоо салхилуулаад, найз гишүүдтэйгээ инээлдээд явж буй зураг бол хамаагүй энэрэнгүй байдлыг харуулж байна. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол цаг үеэ олсон, нийгмийн захиалгаар гарч ирж буй чухал хууль болох нь. Иргэдийн оролцоо өндөртэйг нь ажиглавал гайгүй сайн хууль гарах шинжтэй. Гэрийн тэжээвэр амьтантай иргэд, амьтдын эрх ашгийг хамгаалдаг ТББ-ууд, энэрэнгүй сэтгэлтнүүд энэ хуульд саналаа нэмэрлэсээр байгаа юм билээ. Ийм энэрэнгүй хуулиудыг Монголд олноор нь баталж, нийгмийн суурь хөрсөндөө шингээж байх хэрэгтэй.

Ийм энэрэнгүй хууль олон байх тусмаа өнөөгийн Монголд тустай. Алсдаа энэ энэрэнгүй хуулиуд Монголын нийгмийг хүнлэг, энэрэнгүй болоход хөшүүрэг, түлхэц болох учиртай юм.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 30-наас халуун ус хязгаарлах байршлууд DNN.mn

2022 оны зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 7-ныг хүртэл долоо хоног дулааны шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна.

Тодруулбал Вива сити, Шинэ яармаг хорооллууд, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, Арцатын ам, Нүхтийн амны хэрэглэгчдийн халуун усыг энэ хугацаанд хязгаарлана.
зураг

Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийх юм байна.

Зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээлэл авах боломжтой гэв.

ЖИРГЭХЖИРГЭХ
0ХУВААЛЦАХ
Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мөн холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.