Categories
мэдээ нийгэм

БНСУ-д 16301 монгол иргэн хууль бусаар оршин сууж байна DNN.mn

Энэ оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын визийн журам хэвийн горимд шилжсэн билээ.

Манай улсын хэчнээн иргэн тус улсад визийн зөрчилтэй байгааг Гадаад Харилцаанаас Яамнаас тодруулахад “БНСУ-ын Цагаачлалын албаны 2021 оны жилийн эцсийн тайлан мэдээллээр Монгол Улсын 36,950 иргэн оршин сууж байгаагаас 16,301 нь хууль бусаар оршин сууж байна. Энэ нь нийт оршин суугаа иргэдийн гуравны нэг нь юм” гэлээ.

Монголын бүлэг жуулчин 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл БНСУ-ын Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.

Гэхдээ энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах тул өндөр хариуцлагатай, ухамсартай аялахыг БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулаад буй.

Categories
гадаад мэдээ

АНУ-д галт тэрэг ачааны машинтай мөргөлдөж, гурван хүн амиа алджээ DNN.mn

АНУ-ын Миссури мужид галт тэрэг ачааны машинтай мөргөлдөж, замаасаа гарсан ноцтой осол гарчээ. Энэ талаар АР агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, ослын улмаас галт тэрэгний хоёр зорчигч, ачааны машинд байсан нэг хүн амиа алдаж, 40 хүн эмнэлэгт хүргэгджээ. Галт тэрэг Лос-Анжелес хотоос Чикаго хотыг чиглэн 243 зорчигч, экипажийн 12 гишүүнтэйгээр явж байсан гэнэ.

Улмаар Мендон хотын ойролцоо, орон нутгийн замын уулзвар дээр осол болж, найман вагон замаасаа гарчээ. Тухайн үед ачааны машин төмөр зам дээр байсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Төгс төрх рүү тэмүүлэх нь зэрэмдэглэлийг хүсч байгаа хэрэг DNN.mn

Шинжлэх ухааны хөгжлийн нөлөөгөөр өнөөдөр зах дээр “ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас их зүйлгүй болчихсон үе. Мөнгө л байвал юуг л бол юуг бий болгох өнөөдрийн энэ үсрэнгүй нийгэмд төгс төгөлдөр рүү тэмүүлэх нь “өөрийгөө зэрэмдэглэж” байгаа хэрэг болж хувирлаа. Тэнд ч нэг хүүхэн хөх, өгзөг хийлгэж, энд ч нэг хүүхэн хамраа өндөрсгөж, уруул шахуулж, давхраа оёулж, нүдээ сэтлүүлж байна.

Бүр төрөхөөс дөрвөлжин төрсөн нүүрний хэлбэрээ “V-line” болгоно гээд мах, ясаа өөлүүлж байна. Бэлхүүс өргөн харагдаад байна гээд хавиргаа хүртэл хадуулж сууна. Гоо сайхны эмнэлэг газар авч, хагалгаа хийлгэхээр хүүхнүүд эрийтэл оочерлож байна.

Сайхан байх гоё л доо. Төгс байх бүр сайхан. Гэхдээ хүүхнүүд минь эцсийн эцэст төрөхөөс заяасан “өөтэй” энэ бие чинь хамгийн сайхан шүү дээ. Тарган байна уу, пагдгар байна уу, дөрвөлжин байна уу, өгзөггүй байна уу яадаг юм бэ. Ингээд л төрчихсөн биеэ гоочлох эрх бусдад битгий олго.

Туранхай бол сайхан хүүхэн, “V-line” нүүртэй байвал дэлхийн төгс төрх, 90х60х90 биеийн харьцаа дэлхийн төгс галбир гэсэн мэдээ сэлт, зураг хөрөг чинь зүгээр л таны тархийг угааж, мөнгө болоод цагийг тань үрэн таран хийх гэсэн бизнесүүдийн явуулга шүү дээ. Бусдыг баяжуулахын тулд хөдөлмөрөө үнэлж цагаа зарж болох ч биеэ зэрэмдэглүүлж сайхан болно гэдэг бол бас арай л муйхарлал шүү.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдлээ DNN.mn

Гашуунсухайт боомтоор өдөрт хил нэвтрэх нүүрс экспортын тээврийн хэрэгслийн тоо 500-г давсан тухай Сангийн яамнаас мэдээллээ.

Тус яамнаас мэдээлснээр энэ сарын 27-нд Гашуунсухайт хилийн боомтоор 523 нүүрс тээврийн хэрэгслээр 66,944 тонн, Шивээхүрэн боомтоор 98 тээврийн хэрэгслээр 14,892 тонн, Ханги боомтоор 266 тээврийн хэрэгслээр 12,128 тонн, Булган боомтоор 74 тээврийн хэрэгслээр 5,951 тонн буюу нийт 961 тээврийн хэрэгслээр 99,915 тонн нүүрс экспортолжээ.

Энэ нь цар тахлын өмнөх үеийн өдөрт чиргүүлтэй, чиргүүлгүй явдаг байсан үеийнхтэй харьцуулбал 1,300-1,500 тээврийн хэрэгсэл болж нэмэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Дахиад л сармагчны цэцэг өвчин DNN.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан одоогоор олон улсын хэмжээнд онцгой байдал зарлахгүй байхаар шийдвэрлэжээ. Уг өвчний тохиолдлууд олон оронд бүртгэгдээд байгаа юм.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон олон улсын шинжээчдийн хорооны хуралдааны дүгнэлтэд үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, 16 шинжээч халдварын өнөөгийн нөхцөл байдал олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах хэмжээнд хүрээгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэсэн хэдий ч халдварын тархалт “дэлхийн аюул заналхийлэл” болж магадгүй байгааг тэрбээр онцолсон байна. ДЭМБ-ын мэдээллээр, сармагчны цэцэг өвчин нь Африкийн орнуудад голчлон тархдаг, аминд халгүй өвчин юм. Харин Европ, АНУ-д энэ оны тавдугаар сараас уг халдварын тохиолдлууд нэмэгдэх болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Азид анхны тохиолдлууд илэрсэн нь Сингапур, БНСУ, Тайваньд бүртгэгджээ. ДЭМБ-д тавдугаар сарын эхэн үеэс хойш уг өвчний 3000 гаруй тохиолдол 47 улсад илэрсэн мэдээлэл ирсэн байна. Халдварын далд үе 5-21 хоног үргэлжилдэг бөгөөд халдвар авсан тохиолдолд халуурах, арьсан дээр тууралт гарах, арьс салст гэмтэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Сармагчны цэцэг өвчин нь аминд халгүй учир уг өвчний эсрэг салхин цэцгийн вакцин сайн үр дүнтэй байгааг ДЭМБ анхааруулсан байна.

ТОВЧХОН

Оросын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэрт халдсаны дараахан хэсэг эмэгтэйчүүд армидаа санхүүжилт олохын тулд нүцгэн зургаа зарах онлайн платформ ажиллуулж эхэлжээ. “TerOnlyFans” сайт өнгөрсөн гурван сарын хугацаанд 700.000 ам.долларыг цуглуулж, ихэнхийг нь Украины армид хандивлажээ. Бас багахан хэсгийг нь Украины дүрвэгчдэд туслах санд хандивласан байна.



Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

НДШ-ийн буцаан олголт дансанд нь ороогүй иргэд мэдээллээ шинэчлэх шаардлагатай DNN.mn

УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.

Энэ шийдвэрийн дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн 2022 оны тавдугаар сард төлсөн шимтгэлийн 50 хувийг буцаан олголоо.

Одоогийн байдлаар зарим даатгуулагчийн дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт дансанд нь ороогүй байна. Тиймээс хэрэв таны дансанд шимтгэлийн буцаан олголт ороогүй бол та дараах сувгуудын аль нэгт хандан дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулна уу. Үүнд:

  • https://daatguulagch.ndaatgal.mn/
  • Харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
  • Сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагч

Дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт аваагүй даатгуулагчийн мэдээлэл шинэчлэгдсэнээр тавдугаар сарын буцаан олголтыг долоодугаар сард нөхөн олгоно

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 41 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 41 тохиолдол шинээр батлагдсан байна. Халдварт өвчний 22 нь Улаанбаатар хотод, 19 нь орон нутагт илэрчээ.

зураг

Орон нутгийн хувьд Өмнөговь аймагт халдварын 14, Ховд аймагт гурав, Дорноговь аймагт хоёр тохиолдол илэрчээ. Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 928,684-д хүрлээ.

зураг

Өчигдөр коронавируст халдварын улмаас 53 хүн эрүүл мэндийн байгууллагын хяналтад орсон бол 162 хүн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Ганбат: ЭЕШ-д 36253 шалгуулагч бүртгүүлснээс 2872 нь шалгалтад оролцоогүй DNN.mn

Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулан танилцуулж байна.

Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат “ЭЕШ-ыг зургаадугаар сарын 23-26-нд улсын хэмжээнд 49 байранд зохион байгууллаа. Шалгалт дууссаны дараахан тухайн байруудад дүнг гаргаж, тухайн өдөртөө нэгдсэн дүн оноог БҮТ-ийн сайтад оруулсан.

Өнөөдрөөс шалгуулагчид батламж хуудсаа авч, их, дээд сургуульд элсэх боломжтой болж байна” гэв.

Мөн тэрбээр ЭЕШ-ыг зохион байгуулахад хамтран ажилласан бүх байгууллагад талархсанаа илэрхийллээ.

БҮТ-ийн захирал Л.Ганбат “ЭЕШ-д энэ жил 36,253 шалгуулагч бүртгүүлснээс 2,872 нь шалгалтад оролцоогүй. Тэдний ихэнх нь өмнөх оны төгсөгчид байна. Нэгтгэж үзвэл ЭЕШ-ын ирц 92 хувьтай байв. Газар зүй, түүхийн хичээлд хамгийн бага ирцтэй байлаа” гэсэн юм.

Энэ жилийн ЭЕШ-ын ерөнхий дундаж оноо 501.09 байжээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатараас Хөх хот руу нисч байгаа зорчигчид нислэгээсээ өмнө тав хоног карантилагдана DNN.mn

-Монгол улсад тав хоног карантилагдаад Хөх хотод дахин 14 хоног тусгаарлагдаж, Бээжин орох зөвшөөрлөө авна-


Долдугаар сарын 4-ний өдрөөс Улаанбаатар-Бээжин чиглэлийн шууд нислэг үйлдэх тухай мэдээлэл яригдаад байгаа. Тэгвэл энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Гадаад харилцааны яаманд хандсан юм. Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас “Дөрөвдүгээр сараас эхлэн бид БНХАУ-д шууд нислэг үйлдэх тухай хүсэлтүүд тавьсаар ирсэн. Энэхүү хүсэлтийг удаа дараа хойшлуулсан. Уг нь долдугаар сарын 4-ний өдрөөс Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийг үйлдэхээр тохирсон ч албан ёсоор хугацаа нь товлогдоогүй байна” гэсэн хариултыг өгөв. Энэ талаар МИАТ компаниас тодруулахад “ИНЕГ-аас манайх зөвшөөрөл авч байж нислэгээ үйлддэг. Шууд өөрсдөө нислэг хийнэ гээд нисчихдэггүй. ИНЕГ гадаад харилцааны журмаар зохицуулсан зохицуулалтаар бид нислэгээ үйлдэнэ. Тиймээс энэ талаарх мэдээллийг ИНЕГ-аас авах байх” гэв.


Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасантай ярилцлаа.


-Долдугаар сараас Бээжин рүү нислэг үйлдэх боломжтой болсон талаар мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Ковидын дараах сэргэлтийн нөхцөл байдлаар БНХАУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон. Хятад улсын тээврийн яам болон онцгой комиссоос хэд хэдэн шаардлага тавьсан. Улаанбаатараас Хятад руу нисч байгаа зорчигчид Монгол Улсад нислэгээсээ өмнө тав хоног карантилагдана. Түүнчлэн нисч очсон хотдоо 14 хоног карантилагдах зайлшгүй шаардлага тавигдаж байгаа. Мөн агаарын тээврийн компаниудад тухайн зорчих орон нутгаасаа давхар зөвшөөрөл авахыг шаардаж байгаа. Жишээ нь, Улаанбаатараас Бээжин нисэх зорчигчид “Эйр чайна” компаниар Бээжин-Улаанбаатар, Улаанбаатараас Хөх хот орно. Хөх Хотод мөн 14 хоног карантилагдана.

Тэндээс цаашаа Бээжин явах зөвшөөрлөө авна. Монголын агаарын тээврийн компаниудын хувьд МИАТ компани Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар гэсэн чиглэлээр ниснэ. Карантины хугацаа мөн адил 14 хоног. МИАТ компани Улаанбаатар талаасаа 75 хувийн дүүргэлттэй явах шаардлагыг Хятадын талаас тавьж байгаа. “Аэро Монголиа” компанийн хувьд Улаанбаатар-Хөх хот чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Одоогоор Хөх хотын нисэх буудлаас нислэгийн зөвшөөрөл нь хараахан ирээгүй байна. Зөвшөөрөл ирвэл “Аэро Монголиа” компани шууд нислэг үйлдэхэд бэлэн.

-Тусгаарлагдах 14 хоногийн зардал хаанаас гарах вэ. Иргэд хувиасаа төлөх үү?

-Бидэнд ирж байгаа мэдээллээр зорчигч өөрөө эдгээр зардлыг хариуцана гэсэн. Агаарын тээврийн компаниуд тухайн нислэгийнхээ зорчигчийн билетийг л гаргана.

-Хөх хотод буугаад цаашаа Бээжин рүү явах зөвшөөрлөө авах юм байна. Зөвшөөрөл нь гарсан хүмүүс цаашаа ямар унаагаар явах вэ. Нийтийн тээвэр ч юмуу, унаа тэрэг нь цааш явахад нь бэлэн байх уу?

-Бээжин явах зорчигчид Улаанбаатараас Хөх хотод очиж 14 хоног карантилагдана. Хэрэв цааш явахаар бол тухайн агаарын тээврийн компаниудаас зохицуулалтуудыг хийж байгаа. Монголын хоёр агаарын тээврийн компани нэг нь Хөх хот, нөгөө нь шууд Гуанжоу руу явж байгаа учраас ямар нэгэн байдлаар цаашаа дамжих нөхцөл байдал үүсэхгүй, тухайн хотдоо карентилагдаад явна.

-Дотооддоо тав хоног карантилагдах зочид буудал нь бэлэн байгаа юу?

-Монгол Улсад суугаа Хятадын Элчин сайд зохих ёсны шаардлагуудыг агаарын тээврийн компаниудад хүргүүлсэн. Гадаад харилцааны яамаар дамжаад манайд мөн шаардлага нь ирсэн. Тухайн агаарын тээврийн компаниуд зорчигчтойгоо хийсэн хэлцлийн дагуу буудал болон бусад үйл ажиллагааны явцыг харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийгдэнэ.

-Энэ бүхнээс харахад зорчигч иргэдээс өндөр зардал гарах нь. Энэ бүх үйл ажиллагааны зардалд нэг иргэнээс хэдэн төгрөг гарах тухай тооцоолол гаргасан уу?

-Агаарын тээврийн компаниудын хувьд зөвхөн нислэгийнхээ тарифыг л тогтоож гаргана. Зорчигчтой нислэг үйлдэх үнээ л тохирно. Бусад карантилагдах шаардлагууд цэвэр Хятадын талаас тавигдаж байгаа учраас нэмэлт төлбөр гарна. Тухайн зорчигч агаарын тээврийн компанитайгаа нэмэлт гэрээ хийнэ. Үүнийг зорчигчийн билетийн үнэ гэж шууд ойлгож болохгүй.

-ИНЕГ-т тухайн агаарын тээврийн компаниудын тизний үнийн тарифыг мэдэгддэг үү. Одоо мэдээлэл ирсэн зүйл бий юү?

-Одоогоор зах зээлийн эрэлт хэрэгцээгээр билет борлуулалт хийгдэж байгаа. Агаарын тээврийн компаниудын хувьд сардаа нэг удаа л нисэх боломж үүссэн. Тэгэхээр шууд тизэнд хатуу үнэ тогтоох боломж байхгүй. Аль болох эрэлт хэрэгцээндээ нийцсэн үнийг санал болгож байгаа.

-Цаашид Бээжин, Хятад руу үйлдэх нислэг тогтмол явах уу?

-Тогтмол явна. Нислэгийг аажмаар нэмэгдүүлэх арга хэмжээг аваад явж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нислэг үйлдэгдсэнгүй. Энэ бол хоёр улсын хооронд хоёр жилийн дараа үйлдэгдэж байгаа эхний алхам. Цаашдаа ковидын нөхцөл байдал сайжрах юм бол нислэгийн тоо нэмэгдээд явах боломжтой.

-Хятад улсын хувьд бусад улсаас ирж байгаа нислэгийн зорчигчдоос ковидын тохиолдол илэрвэл тухайн улсын арын нислэгийг цуцалж байгаа талаар мэдээлэл байна. Манай улсад энэ талаар мэдээлэл хүргүүлсэн зүйл бий юү?

-Хятадын нисэх буудлуудаас нислэг үйлдэж байгаа агаарын тээврийн компаниудад тухайн нислэгээр хэдэн зорчигч ирсэн, түүнээс хэдэн хүнээс ковид илэрснээс хамаараад тодорхой хязгаарлалтуудыг үүсгэх магадлалтай гэдэг мэдэгдлүүдийг өгсөн байгаа.

-Тухайлбал, манай улсаас үйлдсэн нислэгээс хэдэн хүнээс ковид илэрвэл тухайн хязгаарлалтад орох вэ?

-Одоогоор бидэнд ирсэн мэдээллээр таван зорчигчоос ковид илэрвэл нислэг цуцлах нөхцөл байдал үүснэ гэсэн мэдээллийг ирүүлсэн.

-Зургадугаар сарын 26-ны өдөр цаг агаарын нөхцөл байдлаас болоод хоёр нислэгийн цаг хойшилж өөр газар буусан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Чингис хаан олон улсын нисэх буудал Хөшгийн хөндийд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Хөшгийн хөндийд цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс шалтгаалаад Буянт-Ухаа нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглаж байна. Урьд шөнө (26-27-нд шилжих шөнө) Чингис хаан олон улсын нисэх буудалд байгалийн хүчтэй үзэгдэл буюу маш хүчтэй өтгөн манан бууж алсын бараа харагдах байдал 200 метрээр багасч нислэг буух боломжгүй болсон. Энэ үед МИАТ компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг Буянт-Ухаа нисэх буудалд буусан. Мөн “Аэро Монголиа” компанийн Увсаас-Улаанбаатар чиглэлийн нислэг Буянт-Ухаад газардсан. Иймэрхүү цаг агаарын хүндэрсэн нөхцөлд Буянт-Ухаа нисэх буудалд газардуулаад хүлээлгэн өгөхөөс өөр арга байхгүй. Орон нутгийн иргэдэд хорио цээр, ковидын нөхцөл байдлын шалгалт, хил гаалийн үзүүлэлтүүд хэрэггүй учраас шууд буулгаж, үйлчилгээ үзүүлсэн. Олон улсаас ирж буй зорчигчид яах аргагүй хилийн тусгай чиг үүргийн байгууллагууд ажиллах ёстой. Дээрээс нь газрын үйлчилгээ илүү шаарддаг учраас гурван цаг гаруй зорчигчдоо онгоцонд нь тодорхой үйлчилгээ үзүүлж хүлээлгэж байгаад 08:00 цаг дөхүүлээд Чингис хаан олон улсын нисэх буудлын цаг агаарын байдал сайжирсан учраас буцаж хөөрөөд Чингис хаан буудалд буусан. Ер нь агаарын тээврийн компаниудын хувьд цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад нөөц буудал ашиглана гэдэг нь томоохон давуу талуудын нэг. Хэрвээ бид Буянт-Ухаа олон улсын нисэх буудлыг нөөц байдлаар ашиглаагүй бол энэ хоёр нислэг буцаад явах, эсвэл Истанбулаас ирсэн нислэг Бээжин, Сөүл рүү нисэх нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр Сөүлийн нислэг үйлдэхэд талдаа гурван цаг гэхээр багагүй хэмжээний зардал гарна. Буянт-Ухаа нисэх буудлыг нөөц байдлаар ашигласнаар эдгээр зардлыг хэмнэж байна. Зорчигчид энэ үед тодорхой хэмжээнд саатахаас өөр аргагүй. Үүнийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

-Суулгаагүй гэх асуудал хөндөгдсөн. Үнэхээр тийм асуудал үүссэн юмуу?

-Агаарын хөлөг онгоц дотроо зориулалтын 00-той. Тэдгээр 00 агаарт болон газарт байгаагаас үл хамааран үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байдаг. Одоогоор МИАТ компаниас тийм мэдээлэл ирээгүй байна. Өнөө өглөөний (өчигдөр өглөө) 05:00 цагаас хойш бид газар дээр нь ажилласан. МИАТ компанийн удирдлагууд, Буянт-Ухаа буудлын удирдлагууд, ИНЕГ-ынхан газар дээр нь ажилласан учраас бид нөхцөл байдлыг ажиглаж цаг тухай бүрт нь шийдвэрүүдийг гаргаж шуурхай арга хэмжээ авч байсан. Цаашдаа Хөшигийн хөндийн нисэх буудалд цаг агаарын ийм нөхцөл байдал дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Үүнд бид түргэн арга хэмжээ авч зорчигчдод аль болох хүндрэл үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Есөн байршилд үерийн далан суваг шинэчилж байна DNN.mn

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашням “Өнгөрсөн онтой харьцуулахад, гал түймэр, гамшгийн тоо 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ сарын 18-нд орсон борооны улмаас үерийн 85 дуудлага бүртгэгдсэн. Аврах ангиуд найман гэр, долоон байшин усанд автсан, хоёр гэр, мөн таван байшингийн дээвэр нурсныг мэргэжлийн байгууллагатай хамтарч, арга хэмжээ авч ажилласан. Завьт эргүүлээр холбогдох байгууллагын 182 албан хаагч 30 машин, 20 завьтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хүрээнд гол ус даган амарч, зугаалж байгаа 5000 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэж, 26 хүний амь аварчээ. Он гарснаас хойш таван том хүн, гурван хүүхэд, нийт найман хүн усанд эндэж, амиа алдсан байна” гэлээ.

Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудын талаар мэдээлэл Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа мэдээлэл өгөв.

Тэрээр“Манайх авто замын борооны ус зайлуулах 163 км шугамыг бүрэн цэвэрлэсэн. Бороо орсны дараах давтан цэвэрлэгээ үргэлжилж байна. Есөн байршилд үерийн далан сувгийн шинэчлэлийн ажил хийж байна. Мөн арматур, бетон, цементийн үнийн өсөлт ажилд шууд нөлөө үзүүлж байгаа” гэв.