Categories
мэдээ улс-төр

“Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө”-д хийсэн аудитын тайланг хэлэлцлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө”-д хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ.

Энэ талаар Үндэсний аудитын газрынАудитын гуравдугаар газрын захирал Д.Энхболд танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, аудитад Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Төвийн болон Баруун, Зүүн бүсийн нэгдсэн сүлжээ, Алтай-Улиастайн нэгдсэн сүлжээ мөн эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дамжуулах тусгай зөвшөөрөл бүхий бусад холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны мэдээлэл, тайлан, тоон өгөгдөл бусад нотлох баримт материалд үндэслэн дүн шинжилгээ хийн аудитыг гүйцэтгэснийг тодотгоод дүгнэлтээ танилцууллаа.

Тухайлбал, Төрөөс эрчим хүчний салбарт баримталсан урт, дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хугацаа, хамаарлыг оновчтой тодорхойлоогүйгээс зорилт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх байгууллагын оролцоог хангаагүй, хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй, бодлогын хэрэгжилтийн явцыг өнөөгийн үр дүнгээр хэмжихүйц, үнэлэхүйц ахиц дэвшил гараагүй байна. Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилтийг хангах тогтолцооны тухайлбал, хөндлөн чиглэлийн шинжилгээгээр Сангийн, Барилга, хот байгуулалтын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Зам, тээврийн хөгжлийн яамд хоорондын уялдаа холбоо, оролцоо бүрэн хангагдаагүй, босоо чиглэлийн шинжилгээгээр Засгийн газар нь салбарын тулгамдсан асуудлыг үр дүнд хүрэхүйц байдлаар дэмжиж ажиллаагүй зэргээр харилцан хамаарал бүрэн хангагдаагүй байна гэж дүгнэснийг Д.Энхболд танилцуулгадаа онцолсон.


Мөн тэрбээр, нийт эрчим хүчний хэрэглээний 80.7 хувийг дотоодын эх үүсвэрээс хангаж бодлогын зорилтод хүрээгүй, импортоос хамааралтай хэвээр, эрчим хүчээр найдвартай хангах чадамж алдагдсан, бодит өртөг, ашгийн зохих түвшнийг хангасан үнэ тарифын тогтолцоо бий болоогүй, салбарын хэмжээнд санхүүгийн тогтвортой байдал алдагдсан нь эрчим хүчний тасралтгүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахааргүй болжээ. Эрчим хүчний үнэ тарифыг бүрэн индексжүүлээгүй нь төрөөс, тухайлбал Засгийн газар “хууль дээдлэх” зарчмыг баримтлаагүй, Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхээ хараат бусаар хэрэгжүүлэхэд нөлөөлсөнтэй холбоотой байна. Үнэ тарифыг өртгөөс багаар тооцож байгаа тохиолдолд алдагдлыг татаасаар бүрэн санхүүжүүлэхгүй байгаа нь төрийн бодлогын цогц байдал алдагдсаныг харуулж байна гэж дүгнэснийг дурдлаа.

Урт хугацааны бодлогоор тодорхойлсон нийт хэрэглээний 85.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадаагүйгээс импортоор авсан 377.9 сая кВт.цаг эрчим хүчийг дотоод үйлдвэрээс хангаж жилд 49.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэх,Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулж, Оюутолгой ХХК-ийн хэрэглээг хангаж жилд 349.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломжийг алдаж байна. Эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр ажиллаж буй төрийн өмчит компаниудын алдагдал жилд дунджаар 35.7 хувиар нэмэгдэж, 2020 оны байдлаар 62.4 тэрбум төгрөгт хүрсэн нь нэгдүгээрт эрчим хүчний үнэ тарифыг өртгөөс нь багаар тогтоосон, хоёрдугаарт хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл сайн засаглалыг бий болгоогүй, өөрийн үйл ажиллагааны зохион байгуулалтаар үр дүнг дээшлүүлээгүй, ил тод, хариуцлагатай, үр нөлөөтэй ажиллаж чадаагүйтэй холбоотой байна.Нарны болон салхин цахилгаан станц ашиглалтад орж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ нэмэгдэх хэрээр сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф нэмэгдэж, хэрэглэгчийн төлбөр нэмэгдэх нөлөөлөл үзүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний салбарын санхүү, эдийн засагт дотоодын үйлдвэрлэгчийн орлого буурах сөрөг нөлөөллийг үзүүлж байна.

Хот, хөдөөгийн гэр хороолол, малчин өрх төвлөрсөн дулаанд холбогдсон өрхүүдээс илүү өндөр зардлаар хүйтний улиралд дулааны хэрэгцээгээ хангаж байгаа ч амьдралын чанар ялгаатай байгаа бөгөөд айл, өрхийн цахилгааны дундаж тарифыг 28.7 хувиас дээш хувиар нэмсэн тохиолдолд дулааны алдагдлын хөндлөн татаас шингэж эхлэхээр тооцоолол гарч байна гэж дүгнэснийг аудитын танилцуулгад дурдсан байлаа.

Аудитаар илэрсэн зүйл, аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд 2, Монгол Улсын Ерөнхий сайдад 2, Эрчим хүчний сайдад 4, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Зохицуулагч нарт 2 асуудлаар аудитын зөвлөмжийг хүргүүлсэн гэв.

Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Х.Тамир: Их, дээд сургууль элсэж буй оюутны бичиг баримтыг сургууль хураахыг хориглоно DNN.mn

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулан танилцуулах үеэр Дээд боловсролын газрын дарга Х.Тамир их, дээд сургуулиуд оюутан элсүүлж эхэлсэн талаарх мэдээллийг өглөө.

Тэрээр “Өнөөдрөөс их, дээд сургуулийн элсэлтийн ажил эхэлж байна. Их, дээд сургуулиуд оюутнуудыг цахимаар элсүүлэх чиглэлийг БШУЯ-наас өгсөн. Өмнө нь 4-5 хоног хүүхдүүдийг хүлээлгээд, чирэгдэл учруулдаг байсан. Тиймээс энэ ажлыг цахимд шилжүүлсэн. ЭЕШ өгсөн бүх хичээл нь 400 оноонд хүрээгүй бол коллежид элсэх боломжтой. Харин 480-аас доош оноо авсан сурагчид дээд сургуульд элсэж болно. Их, дээд сургууль элсэж буй оюутнаас биеийн байцаалт, бичиг баримтыг нь хураахгүй байх чиглэл өгсөн. Мөн хэмжээст оноонд хүрээгүй хүүхдүүдийг элсүүлж, элсэлтийн хураамж авахгүй байхыг сургуулийн захиргаанд сануулсан. Нийт 88 их, дээд сургуульд элсэлт зохион байгуулж байна” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Жавхлан: Манай улс Японд 1.2, БНХАУ-д 1 тэрбум ам.долларын зээл төлнө DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлан манай улсын өрийн нөхцөл байдал, бүтцийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын өрийн менежмент бүтцийг зах зээлд ил тод тайлагнаж хэлэлцүүлнэ. Энэ хүрээнд эхний танилцуулгыг хийж байна.

Манай улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 224 хувьтай тэнцэж байна. Төсвийн тогтвортой байдлын болон Өрийн удирдлагын тухай хуулиар улсын нийт өр болон Засгийн газрын өрийг тодорхойлсон байдаг.

  • Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар,
  • Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар
  • Арилжааны банкны өр 1.6 тэрбум ам.доллар,
  • Аж ахуйн нэгжүүдийн өр 21 тэрбум ам.доллар байгаагаас Оюутолгойн өр 12.5 тэрбум ам.доллар байна” гэлээ.

2010 оноос хойш манай улсын нийт гадаад өр 4.5 дахин нэмэгджээ.

Харин өрийн бүтцийн талаар “Нийт өрөөс 5.7 тэрбум ам.доллар нь гадаад зээл буюу хөгжлийн зээл юм. 2.6 тэрбум ам.доллар нь гадаад бондын богино хугацаатай өр байна.

1990 оноос хойш 25-40 жил хүртэлх хугацаатай хөгжлийн зээл авч эхэлсэн.

  • 1990-2000 оны хооронд 460 сая ам.долларын зээл
  • 2001-2010 оны хооронд нэг тэрбум ам.долларын зээл
  • 2011-2021 онд дийлэнх буюу 4.2 тэрбум ам.долларын зээл авсан

Зээлдүүлэгчийн хувьд Азийн хөгжлийн болон Дэлхийн банк гэсэн хоёр гол институт байна. Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 1.8 тэрбум ам.доллар, Дэлхийн банкных 800 сая ам.доллар байна.

Япон улсаас 1.2 тэрбум, БНХАУ-аас нэг тэрбум, БНСУ-аас 155 сая, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 110.5 сая ам.долларын зээл авсан.

Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрөөс 137 сая ам.доллар үлдсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард хугацаа нь дуусна. Төсөвт төлөх талаар тусгасан.

Гэрэгэ бондыг төлөх хугацаа 2023 онд бол Хуралдай бонд 2024 онд, Номад бонд 2026 онд төлөгдөхөөр байна.

Ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад манай улсын гадаад өрийн хэмжээ өндөр байдаг. Үйлдвэрлэгч орон биш учраас гадаад өр их өндөр байгаа юм” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Ногоон нуурын гудамжны замыг хааж, хучилт хийнэ DNN.mn

Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын гудамжны авто замд 2005 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдаад байна. Иймд Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд тус гудамжны авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажил хийхээр төлөвлөсөн юм. Үүнтэй холбоотойгоор шинэчлэлийн ажил зургадугаар сарын 7-нд эхэлж, тус замыг хоёр удаа хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийхээр болсон.

Энэ хүрээнд зургадугаар сарын 11-13-ны хооронд Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг хааж хучилтын ажил хийж, гүйцэтгэсэн. Тэгвэл өнөөдөр орой буюу зургаадугаар сарын 28-ны 22:00 цагаас 30-ны 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна. Тус өдрүүдэд Хангай хотхоны уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн хойд уулзвар хүртэлх замын зорчих хэсгийг хаах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Азийн хөгжлийн банкнаас зээл авч төсвийн алдагдлыг нөхнө DNN.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Уг хэлэлцээрийн дагуу манай улс 2022-2023 онд Азийн хөгжлийн банкнаас 655 сая ам.долларын зээл авах юм байна. Энэхүү зээл нь 25 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажээ.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт энэ талаар хэлэхдээ “Зээлийн 200 сая ам.доллароор төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ. Бусад санхүүжилтийг нь “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүд, Ерөнхийлөгчийн санаачилсан хүнс аюулгүй байдал, хангамжийн асуудлаар УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэхэд зарцуулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ИНЕГ: БНХАУ руу явах иргэд 14-20 хоног тусгаарлагдана DNN.mn

Ковид19 халдварын улмаас Монгол-Хятадын агаарын хил 28 сарын турш хаалттай байсан. Тэгвэл энэ сарын 1-нээс эхлэн манай улстай агаарын хилээ нээж, нислэг хүлээн авахад бэлэн гэдгээ БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм. Ийнхүү энэ сарын 1-нээс эхлэн тус улсын Гуанжу, Хөх хот руу МИАТ компани долоо хоног нэг удаа нислэг хийж эхэлсэн юм. Гэхдээ БНХАУ-ын талаас хэд хэдэн шаардлага тавьсан байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос БНХАУ-руу нисэх зорчигчид эх орондоо тав хоног, очсон газраа 14 хоног тусгаарлагдах шаардлагатай аж. Энэ талаар ИНЕГ-аас тодруулахад “БНХАУ-ын талаас хэд хэдэн шаардлага тавьсан. 14-20 хоног хоёр талдаа тусгаарлагдах шаардлагатай юм билээ. Хэдий урт хугацаа ч манай талаас зохицуулах боломжгүй” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний баяр наадмын тухай хуулийг эцэслэн баталлаа DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тэдгээрийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах юм.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах эсэхээр санал хураалт явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Есөн хөлт цагаан туг цэнгүүлэх ёслолын бэлтгэл эхэлжээ DNN.mn

Төрийн тахилгат, Дархан цаазат Богдхан уулын зүүн энгэр Шажин хурахын аманд торгон цэргүүд Үндэсний их баяр наадмаар Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолын бэлтгэлээ базааж эхэлжээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргүүдийн бэлтгэлтэй танилцаж явна.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч хурандаа М.Болдбаатараар удирдуулсан тус ангийн алба хаагчдын бэлтгэл сургуулилт сайн байгаа бөгөөд маш хариуцлагатай үүргийг хүлээдэг тус албанд алба хаагчдыг нарийн шалгуураар шалгаж, зааж зөвлөж, сургаж авдаг юм байна. Хоёр загал, найман шарга, хорин хоёр бүгээн зүсмийн төрийн торгон сүргийн тарга тэвээр, өнгө зүс сайхан байна хэмээн БХ-ийн сайд Г.Сайханбаяр сошиал хуудастаа бичжээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд 8 настай хүү осолджээ DNN.mn

Төв аймгийн Заамар сумын нутаг Туул голд хүүхэд осолдсон тухай дуудлага зургаадугаар сарын 27-ны өдөр иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт найман настай эрэгтэй Х-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:43 цагаас эхлүүлжээ.
Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ: Могойд хатгуулсан 4 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна DNN.mn

Энэ зун могойд хатгуулсан бага насны хүүхдийн тоо харьцангуй их байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар тус төвд могойд хатгуулсан дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Mанай оронд дөрвөн овог, долоон төрөлд хамаарагдах есөн төрлийн могой байдаг. Тэдний дөрвөн төрөл зүйл нь хортой. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө, үр дагавар нь харилцан адилгүй байдаг байна.

Могойд хатгуулсан тохиолдолд:

  • Хортой могойд хатгуулсан бол яаралтай эмчид хандах
  • Хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй бөгөөд хүчтэй хөдөлгөсөн тохиолдолд бүх биеэр хор түргэн хугацаанд тархах эрсдэлтэй байдаг
  • Хатгуулсан газрын дээд талд чангалуур буюу ямар нэгэн зүйлээр чангалан судасны лугшилт мэдрэгдэхээр боох хэрэгтэй
  • Шингэн зүйл их уух
  • Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг цэвэр даавуугаар ороож боох
  • Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй
  • Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм ууж болохгүй.