Categories
мэдээ цаг-үе

ГХЯ: БНХАУ, ОХУ-ын хилийн боомтууд маргааш амрахгүй DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зургаадугаар сарын 1-н буюу маргааш тохионо. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр. Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хилийн боомтууд амардаг. Харин энэ жил БНХАУ, ОХУ-ын хилийн бүх боомт амрахгүй, нээлттэй байна гэдгийг ГХЯ-наас мэдээллээ.

Манай улс БНХАУ-тай хиллэдэг 17 боомт байгаагаас гурав нь түр горимоор ажиллаж байгаа бол 14 нь байнгын ажиллагаатай.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс жилд 875 тэрбум төгрөгийг тамхинд зарцуулдаг байна DNN.mn

Энэ жил Дэлхийн тамхигүй өдрийг “Тамхи бидний хүрээлэн буй орчинд аюул учруулж байна” сэдвийн дор тэмдэглэж байна. Тамхи тариалах, үйлдвэрлэх, ашиглах нь ус, хөрс, далайн эрэг, хотын гудамж талбайг химийн бодис, хог хаягдал, тамхины иш, тэр дундаа хуванцар, электрон тамхины хог хаягдлаар хордуулсаар байна.

Тамхи тариалалтад зориулж, 600 сая модыг тайрч байна

-Тамхи тариалалтад зориулж жил бүр 200 мянган га талбайг сүйтгэн 600 сая модыг тайрч, 22 тэрбум литр ус зарцуулж байгаа нь хүн амын, эмзэг бүлгийн хүн амын ундны усны нөөцийг барагдуулж байна.

-84 сая тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг.

-4.5 их наяд тамхины иш хог болон үлдэж газрын хөрсөнд 10 жил задралгүй үлдэж 7000 гаруй хорт бодис газрын хөрсөнд шингэдэг.

Тамхины үйлдвэрлэл байгаль орчныг сүйтгэж ашиг олж байгаа тул байгаль орчныг сүйтгэсэнд хариуцлага тооцож, хог хаягдал, хохирлыг барагдуулах, зардлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Тамхи, тамхины хог хаягдал бүр бидний оршин тогтнох нөөцийг барагдуулж 3 төрлийн хүлэмжийн хий ялгаруулж агаарыг бохирдуулж байна.

Монгол Улс тамхинд жилд 875 тэрбумыг зарцуулж байна

Дэлхийд жил бүр 4.5 сая их наяд тамхи хэрэглэдэг

Дэлхийд жил бүр 4.5 сая их наяд тамхийг хэрэглэж 8 сая хүн амь насаа алдан эдийн засагт 2 их наяд ам долларын хохирол учирч байна.1.1 тэр бум тамхины хэрэглээтэй хүмүүс байгаа нь цар тахлын хэмжээнд байгааг харуулсан хэвээр байна. Дэлхийн 135 гаруй орноос 63 оронд 13-15 насны хүүхдүүдийн тамхины хэрэглээ нэмэгдэж хууль эрх зүйн орчин сул байгаа орнуудад чиглэсэн тамхины үйлдвэрийн аргууд өөрчлөгдөн зах зээлд өмнө ашиглагдаж байгаагүй шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх зэргээр дэлхийн ахиц дэвшилд саад болж байна.

Өсвөр насны охидын тамхины хэрэглээ ихсэх хандлагатай байна

2019 онд дэлхий даяар 8.67 сая гаруй хүн нас барсны 6.53 сая нь эрэгтэй, 2.14 сая нь эмэгтэйчүүд эзэлж байна. Нас баралтын тал хувь нь Хүний хөгжлийн индекс (ХХИ) өндөр оноотой орнуудад тохиолдсон байна. Үүнээс харахад өнөөдөр тамхины хэрэглээ илүүтэй байгаа ХХИ багатай орнуудад нас баралт ирэх жилүүдэд нэмэгдэх төлөвтэй байна. Мөн эмэгтэйчүүд, түүний дотор өсвөр насны охидын тамхины хэрэглээ ихсэх хандлагатай байна.

Монгол Улс эрүүл мэндийн салбарын нийт зардлын 8.7 хувийг тамхи, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээ, оношлогоонд зарцуулж байна

Монгол Улсын хувьд тамхины хэрэглээ өндөр улс орны тоонд орж 2019 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд насанд хүрэгчдийн 24.2 хувь нь эрэгтэйчүүдийн 43.7 хувь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг. 13-15 насны сурагчдын 14 хувь нь тамхи татаж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ДЭМБ-аас хамтран 2021 онд хийсэн ”Тамхины хяналтын суурь конвецийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны эдийн засгийн загварчлал”-ын үр дүнгээс харахад Монгол Улс эрүүл мэндийн салбарын нийт зардлын 8.7 хувийг тамхи, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээ, оношлогоонд зарцуулж байна. Мөн түүнчлэн манай улс батлан хамгаалах салбартаа 275 тэрбум төгрөгийг жилд зарцуулж байхад тамхинаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх дарамт түүнээс 3.5 дахин их буюу 875 тэрбум төгрөгийг зарцуулж байна гэсэн тооцоолол гарсан нь асар өндөр зардал болохыг харуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Зургадугаар сарын 1-нд хаана, юу болох вэ DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 70 жилийн ой тохиож байна. “Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагаас зохион байгуулах арга хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Хүүхэд насаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд тань туслах баярын хөтөлбөрийг эндээс үзээрэй.

ХҮҮХДИЙН БАЯР ПАРАДААР ЭХЭЛНЭ

Хаана: Сүхбаатарын талбай дээр болон авто замын хөдөлгөөнийг хязгаарласан замууд дээр зохион байгуулна.

Хугацаа: 10:30-17:00 цагт

10:30-11:00 Баярын нэгдсэн хүндэтгэлийн парад /төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд/

11:05-11:10 Мөнх тунх үлгэрийн баатрууд “bambar beat“ дуу

11:10-11:15 Баярын арга хэмжээний нээлт /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар/

11:15-11:20 Мэндчилгээ дэвшүүлнэ. /МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ/

11:20-11:25 Мэндчилгээ дэвшүүлнэ. /НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан/

11:25-12:00 Урлагийн тоглолт /Мөнх-Тунхын баатрууд/

12:00-12:10 Жагсаалын үзүүлэх тоглолт /БЗД, СБД-ийн ЕБС-ийн Ахлах ангийн сурагчдын цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн/

12:10-13:00 Урлагийн тоглолт /Хамтлаг, дуучид/

13:00-14:00 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /Хүүхдийн сангаас хүүхдүүдэд зардал олгох үйл ажиллагаа, 108 утасны мэндчилгээ, Найрамдал зуслангийн мэндчилгээ/

14:00-14:30 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны арга хэмжээ

14:30-16:00 Урлагийн тоглолт /Хамтлаг, дуучид/

16:00-17:50 Талбайн баруун, зүүн талд байрлах туслах тайзанд хүүхэд багачуудын дунд тэмцээн уралдаан, хүүхэд багачуудын дуу бүжгийн тоглолт /Аж ахуйн нэгж байгууллагууд, Олон улсын болон Төрийн бус байгууллагуудын зохион байгуулах арга хэмжээ/

17:00-17:50 Парад, флашмоб /Монголын хүүхдийн ордны сурагчид/

17:50-18:00 Арга хэмжээний хаалт

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” ФЕСТИВАЛЬ БОЛНО

Монголын хүүхдийн ордноос эцэг эх, хүүхэд багачууддаа зориулан “Хүүхдийн ертөнц” фестивалийг санаачлан, НЗДТГ, MCP ХХК, Монголын хүүхдийн сантай хамтран зохион байгуулна. Фестивалийн хүрээнд Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчдын тоглолтууд, хүүхэд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэлийг бэлдсэнээс гадна 2-3 тайз засаж цаг тутмын үзвэр, тоглолтууд тоглож, гудамжны явуулын хоолны үйлчилгээ, мөн асруудад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ үзүүлэх юм.

Хаана: Монголын хүүхдийн ордон болон ордны гадна талбай, Баянгол зочид буудлын уулзвараас Шангри-Лагийн хойд уулзвар хүртэлх автомашингүй гудамжинд

Хугацаа: 09:30-19:00 цаг

  • Монголын хүүхдийн ордны баярын тусгай тоглолт
  • Entertainment тайз болон задгай талбайн арга хэмжээ
  • Хөгжөөнт уралдаан тэмцээн
  • Food street
  • Задгай талбайн үзвэр
  • Бүтээлч хана
  • Jump jump area, play with me area
  • Face Painting
  • Номын үзэсгэлэн
  • Open mic kids
  • Баярын парад
  • Флашмоб
  • Гэр бүлийн оролцоот уралдаан тэмцээн зэрэг олон сонирхолтой нээлттэй арга хэмжээнүүд зохиогдоно.

Баярын гудамжинд болох арга хэмжээний хөтөлбөр

9:30 Баярын гудамж нээлтээ хийнэ

10:00-11:00 “Гэр бүлийн даамны тэмцээн”

12:00-13:00 Зургийн уралдаан

14:00-14:15 Парад, флашмоб, үлээвэр хөгжим, бөмбөр

15:30-16:30 Зургийн уралдаан, “Гэр бүлийн даамны тэмцээн”

16:00-17:00 “Гэр бүлийн АХА тэмцээн”

17:00-18:00 Парад, флашмоб

1-р тайзанд “Хэн сайн биелэх вэ” уралдаан болно

Монголын хүүхдийн ордон “Хүүхдийн ертөнц” баярын гудамжинд задгай тайз хоёрыг байршуулж, дараах тоглолтуудаар бэлэг барина.

11:00-12:00 Баярын нээлт, “Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдааны шагнал гардуулна

13:00-13:50 МХО-ы сурагчдын тоглолт,

14:00-14:20 -Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, бэлэг гардуулна.

-“Нарны хаан хүүхэд” дууг НҮБ-ын Хүүхдийн элч дуучин, МУГЖ Т.Ариунаа МХО-ны сурагчидтай дуулна.

15:30-16:30 Үзэгч хүүхдүүдийн дунд “Хэн сайн биелэх вэ” уралдаан

16:30-17:30 Хамтрагч байгууллагуудын арга хэмжээ

17:30-18:00 МХО-ы сурагчдын тоглолт

17:00-18:00 “Open mic kids”

2-р тайзанд “Miss model” үзээрэй

10:30-13:00 МХО-ы сурагчдын тоглолт

13:30-14:00 “Miss model”

15:00-15:30 МХО-ы сурагчдын тоглолт

15:30-16:30 Үзэгч хүүхдүүдийн дунд “Хэн сайн биелэх вэ” уралдаан

16:30-18:00 Драмын дугуйлангийн үзүүлбэр

18:00-19:00 “Open mic kids”

Монголын хүүхдийн ордонд гала тоглолт болно

10:00-20:00 “Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдааны үзэсгэлэн

14:30-15:30 Монголын хүүхдийн ордны сурагчдын Гала концерт

17:00-18:00 Монголын хүүхдийн ордны сурагчдын Гала концерт

3D ГЭРЛЭН ШОУ, МОБАЙЛ PUBG ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

Хаана: Соёлын төв өргөөнд

Хэзээ: 10:30-17:00

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэвшилтэт технологи, инновацын үйл ажиллагааг сурталчлан таниулах “Хүүхэд ба Инновац” танин мэдэхүйн үзэсгэлэнг зохион байгуулах юм. Үзэсгэлэнд AR,VR технологид суурилсан дижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг танилцуулна. Мөн 3D гэрлэн шоу, Мобайл PUBG тэмцээнийг зохион байгуулах бөгөөд урилгаар Stalwart, IHC, Seal багууд хүрэлцэн ирж тоглоно.

“АНХНЫ ҮНСЭЛТ” МЮЗИКЛ ТОГЛОНО

Хаана: Улаанбаатар театр

Хэзээ: Зургаадугаар сарын 1-ний 12:00, 15:00 цагт

Ах дүү Гриммийн Бремен хотын хэрмэл хөгжимчид үлгэрээс сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзиклээ Улаанбаатар театрын уран бүтээлчид тайзнаа дахин амилуулах гэж байна. Германы Бремен хотын хөгжимчид болохоор ирсэн авьяаслаг хөгжимчин, дур булаам залуу Трубадур түүний нөхөд илжиг, нохой, муур, тахиа нартай Бремен хотын хааны үзэсгэлэнт гүнжтэй таарч хайртай болсноор тэдний толгой эргэм адал явдал, хөгжилтэй, ая дуугаар дүүрэн гайхамшигт аялал үргэлжлэх юм.

Энэхүү QR кодыг уншуулж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хөтөлбөртэй танилцах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Ирэх намар цэцэрлэгийн сугалаа явагдахгүй DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой мэдээлэл өгөв.

Тэрээр “Өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. Улмаар цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдийн цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэв. Хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй байгаа хэд хэдэн үндэслэл байна. Нэгдүгээрт, манайх бүртгэлээ их буруу гаргадаг. Бүртгэл буруу учир төлөвлөлт буруу болдог. Түүнчлэн санхүүжилтийн механизм нь тодорхой болоогүй байсан.

Өнөөдөр улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 237 мянган хүүхдийн 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цаана нь 65 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа юм. Нийслэлд 2-5 насны нийт 141 мянган хүүхэд байна. Тэдгээрийн 104 мянга нь л хувийн болон улсын цэцэрлэгт хамрагдах боломжтой байна. Энэ намар сугалаагаар цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдийн асуудлыг дараах байрлаар шийдвэрлэнэ.

Үүнд:

  • Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 20 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Эдгээрт 3000 хүүхэд шинээр элсүүлнэ
  • Цэцэрлэг түрээсэлнэ. Ирэх долоо хоногт нийслэлийн хамгийн өндөр ачаалалтай 26 хамран сургах тойрогт түрээсийн байрны судалгааг авч, сонгон шалгаруулалт хийнэ
  • Орон сууцны нэг давхруудыг худалдаж авна
  • Гэр цэцэрлэгийн ашиглана
  • Байгууллагын цэцэрлэгийг хувьсах зардлаар нь дэмжинэ

Түүнчлэн хамгийн чухал ажлуудын нэг нь хамран сургах тойргийг шинээр төлөвлөхөөр болсон. Өмнө нь маш буруу төлөвлөж байсан. Одооноос хамран сургах тойрог дээр байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн багтаамжийг төлөвлөнө. Түүнчлэн хувийн өмчийн цэцэрлэгийг санхүүжүүлэх санхүүжилтийн механизм нь тодорхойгүй байсан. Харин УИХ-ын тогтоолоор, хувийн цэцэрлэгт олгож байгаа хувьсах зардлыг төрийнхөөс хоёр дахин их байхаар тусгасан. Мөн хоолны зардлыг нь олгоно. Ингэснээр хувийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг авна. Ирэх есдүгээр сарын 1-н гэхэд нийслэлд байгаа сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 80-90 хувь нь сугалаагүй цэцэрлэгт орно.

Цэцэрлэгийн багш нар дутагдалтай байгаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхийн тулд 1000 багш шаардлагатай байна. Тиймээс их, дээд сургуулийн төгсөн дамжааны оюутнуудад ажлаа хийгээд, кредитээ тооцуулах боломж олгох төлөвлөгөөтэй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

​Татвар төлөгчдийн таван тэрбум төгрөгөөр автобус баазуудын өрийг төлөхийг иргэд эсэргүүцэж эхэллээ DNN.mn

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийтийн тээврийн хоёр ч автобус компанийн 5 орчим тэрбум төгрөгийн өрийг улсаас төлөх талаар хэлэлцжээ.

Тодруулбал, “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр III” төрийн өмчит компаниуд нийт 2025 ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос өнөөдрийг хүртэл төлөхгүй явсаар 4.8 тэрбум төгрөгийн өрөнд орсон байна. Энэ өрийг нийслэлийн төсвөөс төлөхийг үндсэндээ дэмжичихэж. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгөөр муу менежменттэй ажилласан компанийн өрийг төлөхийг цахим орчин иргэд эсэргүүцэж эхэллээ.
Учир нь дээрх төрийн өмчит автобус компаниуд тодорхой зах зээлд, байнгын үйлчлээлэгчидтэйн дээр тогтмол орлоготой ч ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг ч төлөхгүй менежментийн доголдол үүсгэсэн бурууг төр татвар төлөгчдийн мөнгөөр шийдэхээр оруулж улстөрчдийг лоббидож байгаа бололтой. Орлоготой атлаа өрөнд орж байгаа нь төр муу менежер гэдгийн сонгодог жишээ юм. Үүгээр зогсохгүй өрийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс төлнө гэдэг буруу жишиг.
Тиймээс төрийн өмчит нэртэй ашиггүй ажиллаж буй иймэрхүү компаниудын өрийг төр өмнөөс төлж байхаар татан буулгавал таарна гэх саналыг иргэд дэвшүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгойн 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг баталсан” гэв DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Оюутолгойн 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг баталсан.

Тус сум нь орчин үеийн бүх асуудлыг шийдсэн хот болох ажил эхэлж байна.

Гашуунсухайтын боомт дээр шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байгаа. Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт долдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөж байна. Шилжүүлэх ачих терминал гол хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. Авто тээврээр тээвэрлэлтээс дөрөв дахин бага зардлаар төмөр замаар тээвэрлэлтээ хийнэ. Энэхүү тээвэрлэлтийг автомашинд шилжүүлэн ачих, яваандаа нарийн царигийн төмөр зам руу шилжүүлэн ачих терминал болох учиртай.

Түүнчлэн энэ нь авто зам руу шилжүүлэн ачих байгууламж юм. Ингэснийхээ дараа задгай, чингэлэг гэсэн хэлбэрээр тээвэрлэх боломж гарч байна.

Өмнөговь аймгийн хөгжлийн зөвлөлийг байгуулах үүрэг даалгаврыг өгсөн.

Боомтуудын үйл ажиллагаа хэвийн болсноор нүүрсний гарц нэмэгдэж байгаа. Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд боомтуудаар гарч байгаа нүүрсний машины тоо 760-д хүрээд байна.

Гашуунсухайт боомтоор гарч байгаа нүүрсний машин тоо 460 орчим байна. БНХАУ-ын талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд коронавируст халдварын тохиолдлын тоо бүртгэгдэхгүй долоо хоног болох тусам нүүрсний машины тоог 30-аар нэмэгдүүлэхээр тохирсон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт явуулна DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мах боловсруулах үйлдвэрийн талаар мэдээлэл сонсож, Ерөнхий сайд үүрэг өгчээ.

Манай улсын мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд адууны хөлдөөсөн болон дулаан аргаар боловсруулсан үхэн, хонь, ямааны 106 мянган тонн мах экспортолж, 245 сая ам.долларын ашиг олсон талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдээс ирсэн гомдлын дагуу 2022 оны тавдугаар сарын 10-нд Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, үйл ажиллагаатай танилцсан талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгсөн байна. Шалгалтаар энэхүү үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ. Иймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг цуцалж, холбогдох хуулийн байгууллагад хандсан байна.

Уг асуудалтай холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан ХХААХҮЯ, ЭМЯ болон хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын хэсэг байгууллаа.

Цаашид хүнсний аюулгүй байдал, хүний амь нас эрүүл мэнд, зам, дэд бүтэц, барилга байгууламж зэрэг хүний аюулгүй байдалтай холбоотой асуудалд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт тогтмол хийж байх шаардлагатай байна.

Хэдийгээр Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсооно гэдэг нь дур зоргоороо үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө гэсэн үг биш.

Тиймээс хууль хяналт, тагнуулын болон мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг ойрын өдрүүдэд хяналт шалгалт явуулна. Олон нийтэд тухай бүрд нь мэдээллийг нээлттэй хүргэж байх болно” гэлээ.

-Эмээлт орчимд гаднын хөрөнгө оруулалттай мах бэлтгэдэг компани байдаг вэ. Хууль зөрчсөн компаниудын тусгай зөвшөөрлийн цуцлахаас гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юу?

-Эмээлт орчим нийт 32 мах бэлтгэх, нядлах, боловсруулах үйлдвэр байна. Хоёрдугаарт, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуйн нэгж байдаг.

Хамгийн гол тухайн үйлдвэрүүд стандартгүй байна. Тиймээс эдгээр асуудлыг цогцоор нь шийдэж, стандарт хангуулах чиглэлд ажиллах шаардлага байна.

Categories
мэдээ нийгэм

Ойн цэвэрлэгээнд 580 сая төгрөг төсөвлөсөн ч төсвийн тодотголоор уг санхүүжилт хасагджээ DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.31) хуралдаан 10 цаг 02 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Үргэлжлүүлэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Дараа нь Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авлаа.

Ингээд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар тогтсон.

Хуралдаан Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин хийв.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх 2 зарчмын зөрүүтэй санал, хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх 3 зарчмын зөрүүтэй саналын томьёоллын төслийг бэлтгэсэн. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэлээ хэмээн Т.Энхтүвшин гишүүн танилцуулгадаа дурдав.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Саранчимэг, Х.Болорчулуун нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс Монгол Улсын 7-8 хувийг эзэлдэг ойн талбайг тэлэхийн тулд ойн үржүүлгийн талбайг нэмэгдүүлэх, цаашид тухайн аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагаар ойн нөхөн сэргээлт хийх боломжийг бүрдүүлэхэд бодлогын ямар арга хэмжээ авах талаар тодруулж байлаа. Мөн ойн цэвэрлэгээний асуудалд хэдий хэрийн хөрөнгө төсөвлөгдсөн болон хуш модыг хамгаалахад чиглэсэн бодлогын арга хэмжээг яаралтай авах, эсэхийг лавлаж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, 2016 онд Газрын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа газрыг зөвхөн дуудлага худалдаагаар худалдана гэсэн заалтыг оруулж баталсан байдаг. Иймд газар тариалан болон ойн үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага талбайгаа нэмэгдүүлэхийн тулд газраа дуудлага худалдаагаар авахаар болсон. Тиймээс Газрын тухай хуулийг нэн яаралтай шинэчлэх шаардлагатай байгааг онцолсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хариултдаа, БНСУ, Япон зэрэг ойн менежментийг сайн гүйцэтгэдэг орнуудад нөхөн сэргээлтийг мэргэжлийн компаниуд хариуцан гүйцэтгэдэг бөгөөд уг хуулийн төсөл болон одоо байгаа хууль эрх зүйн хүрээнд энэ асуудалд хориглосон нарийвчлан зохицуулсан тусгайлсан заалт байхгүй. Цаашид Засгийн газрын холбогдох журам болон удахгүй батлагдах “Ойн стратеги”-т энэ асуудлыг тусгах боломжтой гэж байлаа.

Мөн тэрбээр, ойн цэвэрлэгээний асуудалд 580 сая төгрөг төсөвлөсөн ч төсвийн тодотголоор уг санхүүжилт хасагдсан тул олон улсын байгууллага, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арга хэмжээ авч явуулахаар төлөвлөөд байна гэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа дэмжих зорилгоор аливаа салбарын үйл ажиллагаанд хориглох арга хэмжээ авахгүй байх чиглэлийг баримталж байгаа. Салбарын яам тодорхой мэргэжлийн байгууллагатай хамтран хушин ойн талаар судалгааны ажлыг хийж, үр дүнг нь эцэслэхээр ажиллаж байна. Монгол Улсын хушин ойн 70 хувь нь доройтолд орсон гэх дүн мэдээлэл гарсан тул хориглох хугацааг хэдэн жил байхыг судалгааны хүрээнд шийднэ хэмээн салбарын сайд хариултдаа онцолсон.

Харин Ажлын хэсгийн зүгээс ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлтэд 7.5 тэрбум төгрөг, ойн хөнөөлт шавьжны судалгаа, тэмцлийн ажилд 696.7 сая төгрөг, түймрээс хамгаалахад 185.6 сая төгрөгийг төсөвлөсөн гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ц.Туваан буюу Ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 1/4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг “4.3.Энэ хуулийн 4.2-т заасны дагуу таримал ой, түүний дагалт баялгийг өмчлүүлэх асуудлыг орон нутгийн ойн ангийн тодорхойлолтыг үндэслэн энэ хуулийн 30.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж, 2/17 дугаар зүйлийн 17.2.8 дахь заалтыг “аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх;” гэж, 3/30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсгийг “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх болон таримал ойг үнэлэх, хүлээн авах, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны 2021 оны 5 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ахлахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Прокурорын тухай хуулийн төслийг эргүүлэн татлаа DNN.mn

Прокурорын тухай хуулийн өөрчлөлтөөр 45.4 дэх хэсэгт заасан “прокурорыг” гэсэн үгийг “Монгол Улсын иргэнийг” болгон өөрчилсөн заалт нэмсэн. Өөрөөр хэлбэл Улсын ерөнхий прокурор болон орлогчоор томилогдох хүн заавал прокурор бус энгийн иргэн байхаар зохицуулсан нь шүүмжлэл дагуулж буй. УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дээрх хуулийн төслийг хэлэлцэж байсан ч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар төслөө эргүүлэн татлаа. Тэрээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дагаж прокурорын байгууллагын хуулийн төсөл өргөн барьсан. Нийгмийн зүгээс олон шүүмжлэл дагуулж байгаа тул өргөн барьсан хуулийн төслөөс прокурорын байгууллагатай холбоотой төслийг татаж авахаар боллоо. Албан бичгээ Засгийн газрын хуралдаанаар оруулж, байнгын хороонд хүргүүлнэ” гэсэн юм.

Хуулийн төслийг татаж авсантай холбогдуулан МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Э.Сэлэнгэ: Хон хэрээ их ухаантай, бас эрх DNN.mn

Э.Сэлэнгийн тэжээдэг байсан Цагаанаа нэртэй хон хэрээ


“Хар хэрээ гуаглалаа, муухай юм аа…”, “Хар хэрээ шиг тас хар юм”, “Хэрээ шиг пөөнийсөн юм чинь…”, “Хэрээ шиг дотортой” гэж ер нь тааламжгүй юмаа хэрээтэй зүйрлэх хандлага бий. Ер нь хэзээнээсээ монголчууд хэрээнд дургүй болсон нь тодорхойгүй. Гэтэл үүх түүхэнд хэрээтэй холбоотой баримтууд бий. Эрт үед бөө зайрангуудын хэлмэрч нь хэрээ байсан гэдэг бөгөөд үүнээс үүдэж хэрээг тэнгэрийн хэлмэрч гэдэг байжээ. Харагдах байтал нь хар ч авчирдаг хэл нь цагаан. Ёр бэлгээрээ хунгаас цагаан гэх нь ч бий. Тэр ч бүү хэл үнэнч хайрын бэлгэдэл хун шувуу гэдэг ч яг амьдрал дээр хэрээ шиг үнэнч шувуу байдаггүй гэнэ.

Ижил хосдоо, өсгөсөн эзэндээ хэрээ шиг үнэнч, найрсаг шувуу байдаггүйг хэрээ сонирхогч, тэжээгчид ярьж байна. Хун шувууг гоо үзэсгэлэнтэй хэмээн биширдэг ч яг тулбал муухай ааштай, уур нь хүрвэл ганц дэвэлтээрээ жижиг амьтныг хөнөөх чадалтай авир муутай жигүүртэн. Гэтэл хэрээ харагддагаасаа огт өөр, найрсаг, эрх, нялуун шувуу юм байна. Нялх ангаахайгаа тэжээхээс гадна сүргийнхээ гэмтэж бэртсэн юм уу, өтөлж хөгширсөн хамаатны хэрээнүүдээ ч асарч, хооллодог халамжтай, гэр амьтай, нийтэч амьтан юм байна.

Дэлхий дээр хэрээний овогт багтах 20 төрөлд хамаарах 100 зүйлийн шувуу бий. Хэрээ байгальд амьтны сэг зам, жижиг сээр нуруутан, шавьж, ургамлын үр, тариагаар хооллодог. Хавар бусад шувуудаас эрт өндөглөнө. Хосоороо буюу сүргээрээ мод бут, бургас, хадан цохио, байшин барилгуудад үүрлэн 3-9 ширхэг өндөг гаргана. Энэ овогт багтдаг шувууд ухаалаг байдгаараа онцлогтойг шувуу судлаачид тэмдэглэжээ. Өөрийн үүрэндээ таалагдсан элдэв чамин өнгөтэй, гялалзсан шил, толь, гялтгасан эд зүйлс, зүүлт мэтийг авчирч хадгалан өмчирхдөг нь бусад шувуудаас ялгагддаг нэг өвөрмөц зан араншин нь юм.

Хэрээнийхэн овгоос Монгол оронд 12 зүйл шувуу нь нутагладаг. Үүнээс бидний хамгийн сайн мэддэг нь хон хэрээ, хар хэрээ, шаазгай юм. Үргэлж гүйдэг хул саарал өнгөтэй хулан жороо, самар иддэг самарч, ятга шаазгай, улаан хошуут гээд хэрээний овогт багтдаг олон шувууд байдаг. Хэрээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг тэр чигээр нь, Ази, Америкийн талд тархан хаа сайгүй амьдардаг. Харин саарал хэрээ Монголд бараг байдаггүй. Монголын судлаачдын хэмжиж байснаар хамгийн том хон хэрээ 1.8 кг жин хүрч байжээ. Хэнтий аймгаар нутагладаг хэрээнүүд харьцангуй том, биерхүү байсан нь энэ судалгаагаар тогтоогджээ.

Хэрээ хосоороо амьдардаг. Нэг хостойгоо энэ насаа элтэл хамт, насан туршдаа амьдарна. Нэгнээ үхвэл араас нь үхдэггүй. Харин ч үр удам, ирээдүйгээ бодон хажуугийн хосоо бараадан эзэмшил нутгаа нэгтгээд, ангаахайнуудаа хамтран тэжээдэг бөгөөд харин дахин өөр нэгэнтэй ханилдаггүй, үлдсэн амьдралаа бэлэвсэн чигээрээ өнгөрөөдөг үнэнч шувуу аж.

Хэрээ өндөр мэдрэмжтэй, зөнч учир дэлхийн аль ч орны бөө, удган, зайрангууд ихэд хүндэтгэдэг бөгөөд онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршиж хүссэн газартаа нисч явдаг хэмээн үзэх нь бий. Эрдэмтэд хэрээний ухааныг судлаад аливаад дасан зохицох өндөр чадвартай хэмээсэн байдаг. Хүмүүс 33 авиа ашиглаж хоорондоо ярилцаж, харьцдаг бол хэрээ 46 орчим авиа гаргаж өөр хоорондоо харьцдаг. Ангаахай байхад нь хэрээний дуу авиаг ялгах боломжгүй бөгөөд томрох тусам нь дуу хоолойнд нь авианууд нэмэгддэг гэнэ. Хэрээ урт насална. Хүний насаар тооцвол 45-60 жил амьдарна. Хэрээ өндөглөөд 21 орчим хоногийн дараа ангаахай нь гарч ирнэ. Хэрээ жил болгон шинэ үүр засдаг бөгөөд түүний хуучин үүрийг шонхор, сар шувууд эзэмшдэг.

Монголд хэрээ сонирхогч, тэжээгч, судлаач олон бий. Тэд цахим орчинд нэгдэж хэрээний тухай мэдээллээ солилцдог хэд хэдэн фэйсбүүк бүлгэмтэй.


Хэрээ сонирхогч Э.Сэлэнгэтэй ярилцлаа. Тэрээрээ Цагаанаа гэх хон хэрээ тэжээж байсан туршлагатай нэгэн.


-Та хон хэрээ тэжээж байжээ?

-Тийм ээ. Би хот сууринд байдаггүй, хөдөө хээр амьдардаг хон хэрээ тэжээдэг байсан. Хон хэрээ их эрх юм билээ. Хүнд дасахаараа эрхлээд л байна. Илүүлэх дуртай. Яг л нохой шиг ирж наалдаад эрхлэх дуртай. Өлсөхөөрөө гуаглаад л хоолоо нэхээд идчихнэ. Манай Цагаанаа усанд орох их дуртай. Шүршүүрт их

оруулдаг байсан. Хон хэрээ гэж энэ шувуу надад их л эрх санагдсан даа.

-Хон хэрээ биеэрээ бусад хэрээнээс их том гэнэ?

-Хон хэрээ бусад энгийн хэрээгээ бодвол биеэр том. Нэлээд үсэрхэг, өд ихтэй. Хүнд их дасамтгай хөөрхөн амьтан юм билээ. Энгийн, суурин хэрээг харж л байсан. Манай найз далавч нь гэмтсэн хэрээг хашаандаа тэжээж байсан. Тэр хэрээнээс өөр л юм билээ. Миний хон хэрээ ангаахай байсан юм. Тэгсэн хэрнээ том биетэй байсан.

-Одоо Цагаанаа хаана байгаа вэ?

-Би хон хэрээгээ Цагаанаа гэдэг байсан юм. Байранд амьдардаг болохоор манай хөрш “Хэрээ чинь муухай орилоод байна” гэж уурлаад байсан болохоор Хэрээ сонирхогчдын группийнхээ охинд өгчихсөн. Одоо тэр охин хэрээг маань тэжээж байгаа.

Хэрээ хүмүүсийн боддогоос эсрэгээрээ их ухаантай, бас эрх.

-Хэрээг яаж хооллодог вэ. Юу иддэг вэ?

-Өдөрт 4-5 удаа хооллоно.

Түүхий, бараан мах өгнө. Заримдаа малын элэг өгдөг. Саванд ус хийгээд тавьчихаар өөрөө уучихдаг. Их хөөрхөн дэгдэж явдаг. Бас маш үнэнч шувуу. Хэрээ сонирхогчид ярьдаг юм, нэгэн бодит болсон явдал л даа. Архангай гэл үү дээ хөдөө аймагт нэг эмээ далавч нь гэмтсэн хэрээ ирэхээр нь асарч тэжээж эдгээжээ. Эмээ, хэрээ хоёр гадаа модон дээр хамт сууж өдрийг өнгөрөөдөг байсан байгаа юм. Гэтэл тэр эмээгийн бие муудаад хот руу хүргэгдэж ирээд хагалгаанд орох болсон гэсэн. Тэгтэл эмээгийн хэвтэж байсан эмнэлгийн цонхны гадаа модон дээр өнөө хэрээ нь ирээд гуаглаж байсан гэж ярилцдаг юм билээ. Бодит болсон явдал л даа. Эзэндээ их үнэнч, хэл мэдээ сайн хүргэнэ. Хэрээ их олон янзаар гуагладаг шүү дээ. Хэрээ өдөр, өглөө, шөнө хэдийд гуагласнаар нь ямар мэдээ ирж буйг урьдчилж мэдэх

боломжтой гэж номтой хүмүүс шинждэг юм билээ.

-Хэрээг гэрт тэжээхэд сул байлгах уу, эсвэл тор бэлдэх үү?

-Торонд байлгахгүй. Манайд анх авчрахад эхлээд би голын өрөөндөө паарны ойролцоо цаасан хайрцагт байлгадаг байсан. Сүүлдээ пааран дээр суудаг болоод яваандаа тэр хавиар дэгдгэнээд явдаг болчихсон. Уяад юмуу, торонд байлгахаар гуаглаад байдаг. Тийм юманд жаахан дургүй. Чөлөөтэй байх дуртай санагдсан. Сангас их гаргана аа. Байгальдаа бол тэр нь шингэнэ. Гэтэл байранд учраас хана болон өөрийгөө завааруулах гээд байдаг. Тийм болохоор өдөр болгон шүршүүрт оруулах ёстой юм билээ. Хүйтэн бүлээн шүршүүрт оруулчихдаг.