“Лотус Йог” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Биндэръяатай ярилцлаа.
-Иог анх хэрхэн үүсч байсан талаар ярилцлагаа эхэлье?
-Бидний йог гэдэг үгээр ихэвчлэн тодорхойлдог дасгал хөдөлгөөн нь йогийн нэгээхэн техник юм. Йогийн гүн ухааны чухал бичвэрүүдийн нэг болох Maharishi Patanjali-н Yoga Sutra-д тайлбарласнаас үзвэл йог нь аливаа зүйлд төгс төвлөрлийг олж, нэг төвт сэтгэлийг үүсгэх арга зам юм. Хэт гүн гүнзгий рүү нь орохгүйгээр хамгийн энгийнээр тайлбарлавал бидний оюун санаа олон тийш цацрах гэрлийн чийдэн мэт үргэлж олон зүйл рүү зэрэг чиглэж байдаг. Магадгүй яг одоо энэ өгүүлбэрийг уншиж байхдаа ч та өөр зүйлийн тухай бодож байж болох юм. Йймээс бид аливаа хийж байгаа зүйлээ 100 хувийн бүтээмжтэйгээр хурдан шуурхай хийж чадахгүй байх нь их. Харин олон тийш сарниж байгаа оюун санаа тухайн мөчид хийж буй зүйлдээ бүрэн төвлөрч чадвал бидний аливаа зүйлийг хийж гүйцэтгэх бүтээмж хэд дахин нэмэгдэхээс гадна тэр зүйлд зарцуулж байгаа цаг хугацааг ч хэмнэх боломжтой. Хүн бүр өөрийн үүрэгт ажилд ийм бүтээмжээр хандаж чадвал нийгэмд хүртэл олон эерэг өөрчлөлтүүд гарах болов уу.
Йог нь өөрийгөө бүх түвшинд таньж мэдэх, үүнд тулгуурлан хөгжүүлж, өөрийн өгөгдсөн өгөгдөл болон үүрэг хариуцлагын хүрээнд бүтээмжтэй бөгөөд бүрэн дүүрэн амьдрах ухаан юм. Үүний тулд йогт оюун санааг дасгалжуулж, биднийг сатааруулж байгаа олон бодол, амьдралын явцад үүссэн дурсамж туршлагаас үүдэлтэй харах өнцгөө ойлгож анзаарах, бүх зүйлийг өөр өөрийн тэрхүү өнцгөөс биш, харин илүү бодитоор харж сурахад чиглэсэн олон дасгал техникүүд байдаг. Түүнчлэн хүн аливаа зүйлийн мөн чанарыг олж мэдэхээс өмнө биеийн хувьд эрүүл байх шаардлагатай тулгарна. Тиймээс йогийн ухаанд эрүүл урт наслахын тулд хийж болохуйц олон техник дадлууд байдаг. Эдгээр техникүүдийн нэг нь бидний йог гэдэг үгээр төсөөлдөг йогийн дасгал хөдөлгөөн юм. Ингээд харвал йог нь маш өргөн цар хүрээний мэдлэгийг хамарсан нэг цогц ухаан.
Йог нь бидний мэдэхээр 5000 гаруй жилийн түүхтэй шинжлэх ухаан. Харин яг системтэйгээр йог гэж нэрлэгдээгүй болохоос эх үүсэл нь хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэлтэй гэж үздэг.
-Йог дасгал хийх нь хүний бие эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Юун түрүүнд эмчилгээний йогийн чиглэлээр нарийвчлан суралцаагүй бол, мөн өөрөө анагаахын суурьтай эмч хүн биш бол йогийн хүний биеийн эрхтэн системд үзүүлэх үр нөлөөллийн талаар аливаа нэгэн судалгааны үндэслэлгүйгээр, ялангуяа ийм үр дүн гаргаж эмчилнэ гэх зэргийн зүйлсийг ам бардам ярих нь йогийн багшийн ёс зүйд төдийлөн нийцэхгүй гэж боддог. Тиймээс би эрүүл мэндтэй холбоотой асуудалд их болгоомжтой ханддаг. Йогийн дасгалыг өдөр тутамдаа хийж, бусдад зааж, өөртөө болон бусдад тодорхой хэмжээний үр дүн харж буйн хувьд йог хийснээр хүний эрүүл мэндэд маш их эерэг өөрчлөлтүүд гарч болно гэдгийг бодитоор мэдэрсээр явна. Йогийн дасгалыг тогтмол хийснээр амьсгал уужим болж уушгины багтаамж нэмэгдэн хүчилтөрөгчийн шингээлт сайжирна. Мөн биеийн бараг бүх булчин, тэр дундаа жирийн үед төдийлөн хөдөлгөөнд оролцдоггүй гүний булчингууд хүртэл ажиллагаанд ордог. Өнгөц болон гүний булчингууд хүчтэй болсноор үе мөч, нуруу нугалмаа аливаа нэгэн бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Цусны эргэлт сайжирч булчинд болон эрхтэн системд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ. Тунгалгийн урсгал сайжирснаар биеийн хоргүйжүүлэх процесс идэвхжинэ. Төдийлөн хийдэггүй хөдөлгөөнийг хийх явцад тархинд шинэ мэдрэлийн холбоосууд үүсч оюуны чадавх нэмэгдэнэ. Хүний биеийн сунгалт сайжирч, хүч тамир нэмэгдэхээс гадна бодисын солилцоо эрчимжиж, дааврын тэнцвэрт байдал хадгалагдана гэж хэлэх байна.
-Эрүүл байхын тулд юунд анхаарах хэрэгтэй гэж йогийн ухаанд үздэг вэ?
-Хүн бие сэтгэл оюун санааны хувьд тэнцвэртэй эрүүл байхын тулд Aahaar буюу хооллолт, Vihaar буюу амралт, Achaar буюу зөв дадал зуршил, өдрийн дэглэм, Vichaar буюу эерэг бодол хандлага гэсэн дөрвөн зүйл дээр ажиллах хэрэгтэй. Йогийн дасгал хөдөлгөөн Achaar буюу зөв дадал зуршил, өдрийн дэглэм гэдэг ойлголтын нэг хэсэг. Тэгэхээр бид зөвхөн йогийн матан дээр гараад нэг цаг хөдлөхөөс гадна хооллолт, амралт болон эерэг бодол хандлагадаа анхаарах хэрэгтэй. Тиймээс йог хийнэ гэдэг нь зөвхөн дасгал хийхийг хэлэхгүй бөгөөд эдгээр бүхэл талын дадлыг үүсгэж байж цогц утгаараа йог хийж байгаа болно.
-Йогоор хичээллэх нь ямар давуу талтай вэ?
-Хүний биеийг махан биеэс гадна энергийн бие, оюун санааны бие, ухамсрын бие болон баяр жаргалант бие буюу бидний дотоод мөн чанар гэсэн таван давхаргаас бүрддэг гэж үздэг. Эдгээр бүхий л түвшинд бид нарийн уялдаа холбоотойгоор амьдардаг тул аль нэг давхаргад асуудал гарахад бусдадаа нөлөөлдөг. Гэтэл бид ихэнхдээ аль нэг давхаргынхаа тэнцвэрт илүү ихээр санаа тавьдаг. Харин йогоор хичээллэснээр аливаа хүн зөвхөн махан биеийн өв тэгш хөгжилд хүрээд зогсохгүй, энерги, оюун санаа, сэтгэл зэрэг бүхий л түвшинд тэнцвэрийг олох боломжтой. Хамгийн наад захын жишээгээр тайлбарлахад хүмүүс илүүдэл жинтэй бол энэ асуудлыг ихэнхдээ зөвхөн махан бие талаас нь авч үзэж шийдэхийг оролддог. Аливаа нэгэн тураах дэглэмийг барьж дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг. Гэтэл жин авахад нөлөөлсөн зуршил, сэтгэл санааны байдал, олон хүчин зүйлийг ойлгож дүгнэж уг үндсээр нь засаагүй тохиолдолд дэглэмээ барихаа больж дасгал хөдөлгөөн хийхээ болих үед буцаад бүр ч илүү жин авах хандлагатай байдаг.
Нөгөө талаас хүмүүс илүүдэл жингээсээ болж өөртөө сэтгэл хангалуун бус байгаа харагддаг. Гэтэл хэдий жингээ хассан ч гэсэн сэтгэл хангалуун биш байсаар байх тохиолдлууд олон байдаг. Йог бол бие сэтгэл, оюун санааг аль нэгийг нь орхигдуулахгүйгээр тэнцвэртэй болгож чадна.
Йогийн байрлалуудыг хийж байхдаа аливаа хүн өөрийгөө илүү их анзаарч сул талаа мэдрэн хүлээн зөвшөөрч тэр талуудаа засаж байдаг. Тухайлбал, йогийн хүч чадал суулгах дасгал байрлалуудыг барих үед бидний махан бие хүчтэй болоод зогсохгүй сэтгэлд хат сууж байдаг. Харин сунгалтыг шаардсан уян чанарыг хөгжүүлдэг байрлалуудыг хийх явцад бид өөрийгөө чөлөөлж сурдаг. Ингэснээр баригдмал байдлаасаа салж аливаад уян хатан хандах чөлөөтэй сэтгэлгээг өөртөө бий болгох боломжтой. Харин тэнцвэрийн дасгалуудыг хийх үед хүн оюун санаагаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Ер нь л аливаа зүйлийг оноож бодохгүй байх хэрэгтэй. Тэнцвэрээ олъё гэж бодох агшинд л тэнцвэр алдагддаг. Өөрөөр хэлбэл, тэнцвэрийн дасгалууд нь биднийг аливаа зүйлд их савчаад байхааргүй тэнцвэртэй зан чанарт сургадаг. Утга учрыг нь бүрэн ухамсарлаж хийж чадах аваас өөрийгөө таньж мэдэж хөгжүүлэх, өөрийгөө байгаагаар нь хүлээж авах, өөрийгөө болон бусдыг ойлгож хүндлэх, аливаа зүйлд хандах хандлагаа өөрчлөх зэрэг дурдаад баршгүй давуу талуудыг йог танд мэдрүүлэх болно.
-Йогоор хичээллэж байхад хоол, хүнс чухал нөлөөтэй гэсэн. Хэрхэн анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-Түрүүн дурдсанчлан йогийн амьдралын хэв маягт хооллолт буюу Ahaar чухал байр суурийг эзэлдэг. Хоолны талаар ярихдаа юуг идэх юуг идэхээс татгалзах зэрэг ойлголтоос гадна хэзээ, хэрхэн, хэр их хэмжээгээр идэх зэрэг нь маш чухал ач холбогдолтой. Йогт хооллолтыг бие махбод болон сэтгэл санаанд үзүүлэх нөлөөллөөр нь авч үзэж Tamasic, Rajasic, Sattvic гэж гурав ангилдаг. Tamasic Aahaar (хоол хүнс) буюу боловсруулсан, нөөшлөгч агуулсан, удаан хадагласан, боловсрохдоо удаан хоол хүнс нь хүнд залхуу, лазантай байдал, урам зориггүй байдал мөн сэтгэл гутралыг үүсгэдэг гэж үздэг тул аль болох татгалзахыг зөвлөдөг. Тamasic хүнснүүд нь чихрийн шижин, таргалалт, элэгний аливаа өвчний шалтгаан болно гэж үздэг. Харин Rajasic хүнс гэдэг нь шим тэжээл ихтэй эсвэл шарсан хайрсан, калори өндөртэй сэтгэл санаанд хэт их эрч хүч сэргэг байдлыг үүсгэх хүнс орох бөгөөд биеийн хүчний болон энерги ихээр шатаадаг ажил хийдэг тохиолдолд тохиромжтой хэмжээнд хэрэглэхийг зөвлөдөг. Хэрэв хэтрүүлэн хэрэглэж, үүссэн эрчим энергээ эргүүлээд шатааж зөв зарцуулж чадахгүй байвал эдгээр хүнс нь бидэнд уур уцаар, бухимдал, хурц ааш, шунал хүслийг бий болгодог. Харин Sattvic хоол хүнсийг йогоор хичээллэгчид түлхүү хэрэглэхийг зөвлөдөг. Эдгээрт улирлын чанартай хоол хүнс, үр тариа, ногоо, жимс, тараг, бүх төрлийн шош, шинэхэн болгосон, цэвэр байгалийн гаралтай хоол хүнс зэрэг орно. Хэмжээний хувьд ходоодыг бүрэн дүүргэж идэх нь Tamasic буюу хүнд залхуу, урам зориггүй мэдрэмжийг үүсгэдэг, 75 хувь дүүргэж идэх нь Rajassic буюу эрч хүчтэй байдлыг үүсгэдэг, харин 50 хувь дүүргэж идэх нь Sattvic буюу тэнцвэртэй мэдрэмжийг үүсгэдэг гэж үздэг. Тиймээс ходоодны тал нь хоолтой, үлдсэн хэсгийн тал нь шингэн, үлдсэн тал нь хоосон байхаар хооллох хэрэгтэй. Гэвч хоолны үеэр ус цай зэргийг уухыг зөвлөдөггүй. Шингэн хэсэгт шөл, багахан лимонтой бүлээн ус зэрэг байж болно. Хэзээ идэх тухайд бүрэн өлссөн мэдрэмж төрсөн үед дор хаяж 3-4 цагийн зайтай хооллох ба өглөө, оройн хоолыг хөнгөн идэх хэрэгтэй. Жимс идэх бол хоол хооронд ямар нэг зүйлтэй холихгүйгээр тусад нь идэхийг зөвлөдөг. Хэрхэн идэх тухайд зөвхөн хоолон дээр төвлөрч, хоол идэх үедээ ярихгүйгээр сайн зажиллаж идэх хэрэгтэй. Стресстэй үед хамгийн эхэнд сэтгэл санаагаа тайвшруулсны дараа нь хооллохыг зөвлөдөг. Эсвэл зөвхөн шингэн зүйлээр хооллох хэрэгтэй. Хамгийн эцэст гэж хэлэхэд хоол идэж байхдаа хоолны тухай болон хоолыг хийсэн хүний талаар муу бодлыг үүсгэж болохгүй гэж үздэг.
-Хэдэн цагийн үед йогоор хичээллэх нь тохиромжтой байдаг вэ?
-Йогийн дасгалыг өглөө эрт өлөн дээрээ хийх нь хамгийн тохиромжтой гэж үздэг боловч хүн бүр өөрийн цаг заванд тохируулан хүнд хоол идэснээс дор хаяж гурван цагийн дараа, хөнгөн зүйл идсэнээс хоёр цагийн дараа буюу хоолоо шингэсэн үед хийхэд болно. Өөрийн ажил амьдралын шаардлагадаа тохируулан хамгийн боломжит цагт хичээллэхэд тохиромжтой. Хамгийн гол нь өдрийн аль цагт хичээллэж байгаагаас хамаарч бие махбодын онцлогтоо тохируулан төрлөө сонгох хэрэгтэй. Тухайлбал, нойргүйдэлтэй хүн оройн цагаар хэт хүчтэй эрчтэй явдаг йогийн төрлөөр хичээллэвэл улам ихээр сэргэх магадлалтай.
-Зарим хүн йогийн дасгалаар зөвхөн уян хатан, туранхай хүн хичээллэдэг гэж их буруу ойлголттой байдаг. Энэ тухайд таны бодлыг сонсъё?
-Йог гэхээр ихэнх хүний нүдэнд бараг л нугараад байгаа юмуу гэмээр янз бүрийн сунгалт шаардсан байрлал хийж буй хүмүүсийн дүр зураг харагддаг байх. Тийм ч учраас би хөшүүн, ийм зүйлсийг хийж чадахгүй гэж боддог байж болох юм. Энэ асуулт нь жоохон хэтрүүлж хэлэх юм бол “Би өлсөж байна. Хоол идэж болох юм уу? Цатгалан хүн л иддэггүй юм уу?” гэж асууж байгаа мэт. Бид сунгалт сайтай, илүүдэл жингүй учраас йогийн дасгалыг хийдэг бус эсрэгээрээ тэнцвэрээ олж хөшүүн бол чилээгээ арилгаж, сул биетэй бол хүч тамир сууж, ямар сул тал байна тэр тал дээрээ тэнцвэржихийн тулд йогийн дасгалыг хийдэг. Танд ямар сул тал байна түүндээ илүү түлхүү ажиллаарай гэж хэлмээр байна. Надад ч хөшүүн, жингийн илүүдэлтэй, хүч тамир муутай байсан үе бий. Гол нь тууштай хичээллэсний үр дүнд хүн хүссэн үр дүндээ хүрч болно. Мөн анхнаасаа хичээллэх төрлөө зөв сонговол зүгээр.
-Хүн буруу амьсгалах үед энерги их зарцуулж, шингэнээ алдаж байдаг гэсэн үү?
-Бид дасгал хийх үедээ булчинд хадгалсан сахараа задалж, энерги үүсгэхийн тулд хүчилтөрөгч хангалттай авах шаардлагатай болдог. Харин буруу амьсгалж, эсвэл амьсгалаа түгжсэнээр биедээ хүчилтөрөгчийг хангалттай авч чадахгүй байгаа тохиолдолд булчинд байгаа энерги задрахын тулд сүүний хүчил ихээр ялгарч булчингийн агшилтад саад болсноор булчин ядарч цуцдаг гэж үздэг. Йогийн ухаанд амьсгалын ач холбогдолыг илүү нарийн гүн түвшинд авч үздэг. Амьсгал авах бүртээ амьсгалаар дамжуулан хүчилтөрөгчөөс гадна маш нарийн түвшний эрчим энергийг авч байдаг.
Үүнийг иогийн хэллэгт Прана буюу амьдралын эрчим гэж нэрлэдэг. Прана нь бидний биеийн таван мэдрэхүйгээр хүртэх боломжгүй маш нарийн түвшний энерги юм.
-Йогоор хамгийн багадаа зургаан сар хичээллэж байж үр дүнг нь мэдэрдэг гэсэн үү?
-Хүн бүрт гарах үр дүн хугацаа харилцан адилгүй, хичээллэх хугацаанд хэр тууштай байна гэдгээс шалтгаална. Гэхдээ зургаан сар хичээллэхэд хүн хангалттай үр дүнг мэдрэх болно.
-Йогийн салбарын хөгжил ямар түвшинд байгаа вэ?
-Монголд йогийн салбар хөгжиж эхлээд 10-аад жил болж байна. Ялангуяа сүүлийн хэдэн жилд тун эрэлттэй болж буй бөгөөд ямар нэгэн байдлаар йогоор хичээллэж үзээгүй, йог гэдэг үгийг дуулаагүй хүн байхгүй болсон гэхэд хилсдэхгүй байх. Энэ утгаараа харьцангуй хурдацтай хөгжиж байгаа гэж харж болох ч үндсэн мөн чанар агуулгаараа нийтэд илүү ойлгогдож, үр шим нь хүртэгдэж яваасай гэж йогийн багшийн хувьд хүсч явдаг даа.
-Йогийг сонирхож, хичээллэж буй хүмүүст юуг зөвлөх вэ?
-Орчин үеийн, олонд нэр алдар нь түгсэн алдартай Гүрү нарын нэг болох Сад Гүрүгийн хэлсэн “Та ямар ч замаар явж болно, харин тэр замдаа йогийн мэдлэгийг хамт аваад яваарай” гэж хэлсэн үг бий. Йог гэдэг нь зөвхөн биеийн хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй маш гүн гүнзгий бүхий л хүний амьдралыг энгийн хялбар, амар амгалан болгож чадах эрүүл, бүтээмжтэй амьдрах ухаан юм шүү. Тиймээс та хэрэв йогоор хичээллэж эхэлсэн бол тууштай байж, йогийн мэдлэгт цогц утгаар нь суралцаж ойлгохыг хичээгээрэй гэж зөвлөе.