Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Амгалан: LRT төсөл хэрэгжсэнээр түгжрэл 25 хувиар буурна DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай ярилцлаа.


– Ард түмний төлөөлөл болсон УИХ-д хүндэтгэлтэй хандаж асуудлыг харж байгаа болохоос бус өнөөдөр л хэлд ороод байгаа юм биш –


-LRT төслийг ямар учраас та дэмжиж байгаа юм бэ. Төслийн ач холбогдол нь юу вэ?

-Түгжрэлтэй холбоотой асуудлууд сүүлийн 14, 15 жил нэлээн эрчимтэй яригдаж байна.

LRT төсөл гэнэт гараад ирсэн асуудал биш. Үе үеийн нийслэлийн удирдлагууд болон түүний удирдах багийнхан Монгол орны байгаль, уур амьсгалын нөхцөлд ямар нийтийн тээвэр тохирох вэ гэдгийг судалж, хэрэгжүүлэхээр танилцуулж байсан. Тухайлбал, дүүжин тээвэр, LRT, BRT, метро зэргийг танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзалт хийсэн. Тэр үеэр хоёр төслийг хамтарч хэрэгжүүлэхээр зөвшилцсөн. Үүний нэг нь LRT төсөл. БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Хятадын Үндэсний шимтгэлийн хорооноос 7-8 хүний бүрэлдэхүүнтэй ТЭЗҮхийх баг ирсэн. Тус багийнхан нь Улаанбаатар хотын түгжрэлээс гадна байгаль орчин уур амьсгал, хүн амын шилжилт хөдөлгөөн зэргийг Монгол талынхантай хамтарч судалж ТЭЗҮ-ийг маш богино хугацаанд амжилттай гаргасан. Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэл хотын удирдлагуудад ТЭЗҮ-ийг өргөн барьсан. Одоо УИХ-аар хэлэлцүүлэгдэх шатанд явж байна.

LRT төсөл гурван шугамаас бүрдэнэ. Ер нь Улаанбаатар хотыг дэлхийн бусад хотуудтай харьцуулахад ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт их муу. Тиймээс манайх шиг ийм хотуудад тулгуурт гүүрэн LRT хөнгөн галт тэргийг түгээмэл ашигладаг. LRT төсөл хэрэгжихэд 1200 гаруй ажлын байр бий болох боломжтой. LRT төслийн нэгдүгээр шугам Буян-УхаагаасСансрын тойрог хүртэл 18.1 км зам баригдана. Энэ замаар иргэд өглөө, оройдоо машинаар зорчиход 110-120 минут зарцуулж байна. LRT ашиглалтад орсноор 30-35 минут зарцуулна гэж ТЭЗҮгарсан. Ер нь LRT төсөл хэрэгжсэнээр хотын түгжрэл 25 хувиар буурна гэсэн судалгаа байгаа юм. 25 хувиар буурвал 6-8 км цагийн хурдтай явж байгаа өнөөгийн нөхцөлийг сайжруулахад маш том эерэг үр дүн үзүүлнэ. Орчин үеийн тохилог, багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэхээс гадна эдийн засгийн хэмнэлтүүд хийх боломж гарна. Мөн дээрээс нь энэ шугамыг дагаад 15 буудал бий. Түүнийг дагасан худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэх боломж бий болно.

-Түгжрэлийг бууруулах маш олон төслөөс яагаад LRT төслийг сонгосон юм бол?

-Сүүлийн 20, 30 жилийн хугацаанд хийсэн судалгаанд үндэслэж шийдвэрлэсэн төсөл. Метро, BRT, дүүжин тээвэр аль нь ч байж болно. Гэхдээ Монгол Улсын уур амьсгал, онцлогт тохирсон байх ёстой. BRT төсөл бол өвлийн улиралд Монголд хэрэгжихэд хүндрэлтэй. Хур тунадас ихээр ордог цаг агаартай Монголын нөхцөлд зам нь мөстөөд явах боломжгүй болох тохиолдол их гарна. Үүнээс гадна тэг зогсолт хийхэд бэлэн болчихсон ийм нөхцөлд авто зам дундуур BRT-ын зам тавих нь хүндрэлтэй. Харин метроны тухайд, хотын төвийн газар доогуур 20, 30 метр нүх ухаж метроны зам гаргах ёстой. Нэг км зам тавихад хамгийн багадаа 140-150 сая орчим ам.долларын зардал гардаг. Хоёрдугаарт, газрын хөрсөнд доргилт маш их өгнө. Насжилт нь дууссан барилга, байгууламжууд 40, 50 мянгатын байрнуудаас авахуулаад нийслэлд их байгаа шүү дээ. Тиймээс төлөвлөлтийн асуудлаа нэг мөр шийдэж байж хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Тиймээс өнөөгийн нөхцөлд хамгийн боломжтой хувилбар нь LRT байгаа юм.

-Гэхдээ Казахстан, Вьетнам зэрэг олон оронд хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн төсөл юм биш үү?

-Дэлхийн олон улс орнуудад, тэр дундаа зүүн Азийн хотуудад Хятадын LRT төсөл амжилттай хэрэгжиж, цаг хугацаандаа ашиглалтад орж байгаа олон тохиолдол бий. Казахстаны хувьд 24 км LRT тээврийг 2.3 тэрбум ам.доллараар барих асуудал яригдсан юм билээ. Манайхаас нэг дахин нугалсан өртөгтэй юм байна лээ. Яг ямар учраас Казахстанд ийм өндөр үнэтэй тавихаар болсныг мэдэхгүй байна. Харин Вьетнамынх манайхтай ойролцоо км-тэй, ойролцоо хугацаанд хэрэгжүүлэхээр байсан юм байна лээ. Хэрэгжилгүй найман жил зогссон шалтгаан нь газар чөлөөлөлтийн асуудлаа зохицуулж чадаагүйгээс болсон.

-Эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хэн хариуцах вэ?

Буянт-Ухаагийн эргэлтийн цэгт депо гарч байгаа. Тэнд засвар үйлчилгээгээ хийнэ, толгойгоо солино. Мөн 30 орчим га газарт 27-30 мянган автомашины зогсоол байгуулна гэж нийслэлийн удирдлагууд танилцуулж байсан. Энэ ямар учиртай юм бэ гэхээр Нисэх, Яармаг, Жаргалант зэрэг баруун зүгээс ирж байгаа хүмүүс тэнд автомашинаа байрлуулчихаад хотын төв рүү LRT-д суугаад түргэн шуурхай үйлчлүүлэх боломжийг хангаж байгаа юм билээ. LRT-г дагаж бий болох гэрлэн дохионы асуудал, доогуур нь иргэд, машин зорчих эсэх зэрэг төлөвлөлтүүдийг гаргачихсан юм билээ. ТЭЗҮ-д үр өгөөж, ашиг зэрэг бүгд гарчихсан байгаа. ТЭЗҮ-г удахгүй иргэдэд танилцуулах байх.

Тавдугаар сарын 15-наас ажил нь эхэлчихвэл 2024 оны зургадугаар сарын 1 гэхэд эхний шугамын хөдөлгөөнийг нээнэ гэж ярьсан. Харамсалтай нь үл ойлголцлоос болж хугацаа нь хойшилж байгаа юм. Ер нь ТЭЗҮ-ээр том бүтээн байгуулалтын ажил дөрвөн жил хийгдэх ёстой байдаг юм байна. Монгол талаас ямар нэгэн асуудал үүсэхгүй бол 2.5 жилийн хугацаанд шахаж төслийг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа.

-Манай улсын өрийн тааз нэг сая ам.доллар. Гэтэл энэ төслийн эхний ээлжийн 500 сая ам.долларт Засгийн газар баталгаа гаргана. Ингэхдээ БНХАУ-ын арилжааны банкнаас таван хувийн хүүтэй зээлнэ гэж ойлгосон. Уг нь бидэнд олон улсаас нэг хувийн хүүтэй урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах боломж байхад яагаад энэ боломжийг ашигласангүй вэ?

-Гурван хувь гэж ойлгосон. Гэхдээ энэ талаарх нарийн албан мэдээллийг төсөл хариуцагч хотын удирдлагаас асуусан нь дээр болов уу. Миний хувьд УИХ-аас LRT төслийг хэрэгжүүлэх нь зөв эсэх, УИХ-аас дэмжих тогтоол гаргах эсэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Ямар компани орж байгаа, хэдэн хувийн хүүтэй зэрэг мэдээллийг хэвлэлээс авч байна. Миний сонссоноор гурван хувийн хүүтэй гэж ойлгосон.

921 сая ам.долларын 500 сая ам.долларт Засгийн газар баталгаа гаргаж өгнө. Мэдээж үе шаттай төлөгдөнө. Үлдсэнийг нь нийслэл хариуцна.

-Хэт өндөр өртөгтэй төсөл хэмээн шүүмжилж харагдсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-921 сая ам.доллараар барих LRT төслийг хүмүүс зөвхөн галт тэрэг гэж ойлгоод байна. Энд гурван тусдаа ажил явагдана. Нэгдүгээрт, их бие нь тусдаа үнэлгээтэй. Хоёрдугаарх нь, гүүрэн барилга байгууламж тулгуурын асуудал. Мөн газар чөлөөлөлтийн ажил хийгдэнэ. Цахилгаан, шугам, инженерийн дэд бүтцийн ажлууд орсон. Үүнээс гадна миний ойлгосноор Улаанбаатарын LRT явах замууд тавигдахад LRT-ийн багануудад зай авна. Тиймээс багануудын зай хүртэлх замуудаа хоёр тийшээ тэлэх санхүүжилт орсон гэж бодож байна. Үндсэндээ эвдсэн замуудаа нөхөн сэргээх засах, газар чөлөөлөлтийн бүх асуудал, мөн төслийн хүрээнд бий болох 15 зогсоолын барилга байгууламжийн асуудал, өөрийнх нь тулгуур байгууламжийн асуудал, дэд бүтцийн зэрэг бүх асуудлын төсөв багтсан гэж ойлгосон. Ингээд харахад энэ төсөл олон улсын жишиг стандартад үнэлгээ нь нийцэж байна. Бараг жишгээс ч доогуур байх болохоор байна гэж харж байгаа юм.

УИХ-аар оруулж байгаа учир нь энэ асуудлуудаа нухацтай ярих ёстой. Хоёрдугаарт, зээл авч хэрэгжүүлнэ. Авсан зээлээ эргэн төлөх учраас 920 сая ам.доллараасаа ядаж гааль, НӨАТ зэрэг татварыг хөнгөлмөөр байгаа юм. Хэрвээ ингэвэл 921 сая ам.доллараас 60-70 сая ам.доллар хөнгөлөгдөх боломжтой. Өрөөр хэлбэл, 921 сая ам.доллар биш, 850 орчим ам.доллараар энэ төслийг хэрэгжүүлэх боломж байна.

-Төслийг хэрэгжүүлэх компани нь регистрийн дугаараа аваагүй, гурван жил ашигтай ажилласан эсэх нь ч эргэлзээтэй асуудал ихтэй юм биш үү?

-Нэг компанийн регистрийг авах, тоо баримтын асуудал бол нэг, хоёрхон өдрийн процессын ажил шүү дээ. регистрийн дугаартай үйл ажиллагаа явуулж байгаа ч энэ төслийг аваад хэрэгжүүлэх нэг ширхэг ч компани Монгол Улсад байхгүй гэж бодож байна. Тиймээс дэлхийн олон хотуудад, тэр дундаа зүүн өмнөд Азид олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн компанийг оруулж ирж байгаа юм. Мэдээж Монгол талаас хянах төслийн нэгж байгуулагдана. Цаг хугацааны хувьд иймэрхүү асуудал гарсан. Би Улаанбаатар хотод төрж өссөн хүүхэд. Баянзүрх дүүргийн ИТХ-д хоёр удаа сонгогдсон. Нийслэлийн ИТХ-д нэг удаа сонгогдсон. Нийслэлийнхээ ажил амьдрал, нийслэлийн залуус, иргэд юу хүсэн хүлээж байгааг маш сайн мэдэж байгаа хүний хувьд энэ төсөл цаашаа явах ёстой гэсэн байр суурьтай байна. Тиймээс энэ төслийг 100 хувь дэмжиж байгаа.

Нэг асуудал бий. Сингапурын ерөнхий сайд Ли Куан Югээс нэг сэтгүүлч танай улсын үсрэнгүй хөгжил нь юундаа байна вэ гэж асуухад “Хөгжлийг гацаагч хуулиудыг бид өөрчилсөн” гэсэн байдаг. Иргэдийн өдөр тутам өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бид шийдэхийн тулд хуулиудыг нийгмийнхээ харилцаанд зохицуулж шинэчлэх шаардлагатай байна. Үүнийг МАН-ын 30 дугаар их хурлын үеэр ч хэлж байсан. Тухайлбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсад нийт 797 хууль хэрэгжиж байна. Эдгээрээс яг нийгмийн харилцааг зохицуулдаг 318 хуульд мэргэжлийн судлаач, хуульчдын хамтарсан багтай хамтран томоохон судалгаа хийсэн. Эдгээр хуулийг заалт нэг бүрээр нь судалж үзэхэд 800 орчим заалт нь “Хүний эрхийн зөрчилтэй” буюу хүний эрхийг зарим талаар зөрчсөн, зөрчсөн байж болзошгүй, энэ цаг үеийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй хэмжээнд хүрсэн байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс эдгээр 800 орчим заалтыг хүний эрхэд нийцүүлэн өөрчилнө” гэж ярьсан. Өрийн тааз нэмэгдэж, хэтэрч болно. Гэхдээ хөгжлийг гацааж байгаа энэ хуулиудыг өөрчилж байж Ли Куан Югийн хэлсэнчлэн гацаанаас гарах ёстой. Түүнээс нэг хэсэг нь үүнийг хийж, хэрэгжүүлье гэж зүтгээд байхад нөгөө хэсэг нь ийм асуудалтай, хуулийн ийм заалттай зөрчилдөнө гээд суугаад байвал гацаанаасаа гарахгүй шүү дээ. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлаас болж өнөөдөр маш олон залуучууд эх орондоо амьдрахыг хүсэхгүй байна. Тиймээс Монголдоо бүтээн байгуулалт хийж нийгмийн асуудлыг шийдэх нэн шаардлагатай байна.

-Түгжрэлийг бууруулах олон төсөл яригддаг ч бодит ажил хэрэг болдоггүй учраас нийгэмд хардлага байх шиг байна. Тиймээс LRT-төслийг дэмжиж гишүүдэд байгаа гишүүдийг эрх ашиг байна уу гэх хардлага нийгэмд байна?

-20, 30 жил дуншчихсан шийдэгдээгүй ажил учраас бие биенийгээ харддаг болчихсон нэг асуудал үүссэн байна. LRT төслийг ярихаар дэмжиж байгаа УИХ-ын гишүүн ч гэдэг юмуу, эсвэл хотын гишүүдтэй холбож хардаад байх юм. Би яриандаа “Улаанбаатарт төрж, өссөн. Анхан шатнаас эхэлж ажилласан” гэдгээ хэлсэн. Би таван хүүхдийн аав хүн. Тиймээс хүүхдүүддээ эрүүл, аюулгүй орчинд, олон улсын стандарттай улсад ажиллаж, амьдраасай гэж хүсдэг. УИХ-ын гишүүнээр сонгогдсон зорилго маань ч энэ. Түүнээс биш хувь хүний явцуу эрх ашиг, албан тушаалын хэрэгт хэзээ ч оролцохгүй. Хэрвээ бид энэ хардлагаас болоод энэхүү төслийг орхичихвол Монгол Улсын хөгжил дахинд 20, 30 жил гацна. Тиймээс бие биенийгээ дэмжих, ойлгох сэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Мэдээж хардах нь зөв л дөө. Өнгөрсөн 20, 30 жилийн хугацаанд ах нар ажил явуулахгүй, дандаа асуудалд орооцолдоно. Хэн нэгэн нь хэрэг төвөгт ордог байдал өнөөдрийг хүртэл байгаа учраас иргэд, олон нийт хардах нь тодорхой.

Үүнээс гадна 20-30 жилийн тогтолцооны гажуудлаас болж нийслэл, УИХ, Засгийн газар хамтарч ажиллаж чаддаггүй. Нэгдсэн нэг төсөвтэй, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлуудаас болж энэ төсөл хэрэгжиж чадаагүй.

-Та “Өрийн тааз яах вэ. 20, 30 жил дуншчихсан энэ асуудлаа шийдэх нь чухал байна” гэлээ. Мэдээж шийдвэрлэж чаддаггүй бугшчихсан асуудлаа нэг мөр болгох нь зөв байх. Гэхдээ өрийн тааз хэтрэх сөрөг үр дүнгийн талаар та ямар ойлголттой байдаг вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өрийн тааз хамаагүй гэж хэлээгүй. Монгол Улсын өрийн тааз хэтэрвэл олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас дэмжлэг авах, хөрөнгө оруулалт оруулах асуудал зогсонги байдалд орно. Хоёрдугаарт, дотоод нөөц боломжоо ашиглаж экспорт хийхгүй бол асуудалд орно.Тиймээс би өрийн тааз хамаагүй гэж хэлээгүй. Энэ асуудлыг харин энэ ажлын хэсэг дээр ярилцах ёстой. Өрийн тааз хэдээс хэд болоод явж байгаа, өнгөрсөн жилүүдийнх ямар үндэслэлтэй юм бэ, төлөх ёстой бондын болон бусад өрөө төлж чадах уу, мөнгө бий юү гэдгийг ч ажлын хэсэг дээр ярилцана. Ингэж ойлголцож байж LRT төсөл ч цаашид гацалгүй явах боломж бүрдэнэ.

-Таны хэлсэнчлэн өнгөрсөн 20, 30 жилийн хугацаанд хот, УИХ уялдаагүй ажилласан нь үнэн. Үүнийг засахад таныг манлайлал үзүүлж ажилласан гэж болох байх. Учир нь Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдахад та нэлээн рольтой ажилласан. Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд таныг “Гэнэтхэн хэлд орлоо” хэмээж байсан. Үүнд та юу хэлэх вэ?

-УИХ-д олон жил суусан, гурав, дөрвөн удаа сонгогдсон ах нар олон л юм ярьж байгаа юм. Би анхан шатнаас нь эхэлж нам,төрийн захиргааны байгууллагад ажилласан. Дүүргийн ИТХ-аар хоёр, НИТХ-д нэг удаа сонгогдсон. УИХ-д би шинэ хүн юм шиг боловч сүүлийн 16 жилийн амьдралаа улс төр, төрийн захиргааны байгууллагуудад ажиллалаа. Ард түмний төлөөлөл болсон УИХ-д хүндэтгэлтэй хандаж асуудлыг харж байгаа болохоос бус өнөөдөр л хэлд ороод байгаа юм биш. Анхан шатанд нь олон жил ажилласан учраас хэлд орохдоо бол хэзээний орчихсон орж ирсэн. Хэрвээ ингэж янз бүрийн байдлаар юм ярьж байвал хэлд ороод хөлд орно гэдэг шиг хөлд ороод бүх л асуудалд ажиллах потенциал чадвар байгаа гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу.

Categories
мэдээ цаг-үе

Энэ долоо хоногт зам тээврийн ослын 1060 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 1.060 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Ослын улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 14 нь нийслэлд, 37 нь орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 10 хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 11 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
  • Унадаг дугуйтай зорчигч мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 9 осол бүртгэгдэж, 27 хүн гэмтэж, 4 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 6 хүний амь хохирсон.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.

Хүүхэд өртсөн долоо осол бүртгэгдэж долоон хүүхэд гэмтжээ. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн зургаа нь явганаар хөдөлгөөнд оролцсон бол нэг нь машин сууж явсан байна. Осолд өртсөн хүүхдүүд 6-15 насныхан.

Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж зөвлөх шаардлагатай.

Жолооч нарын хувьд “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцохыг зөвлөлөө.

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд мотоцикл, унадаг дугуй болон дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр хөдөлгөөнд оролцох зэргээс гарч байгаа осол зөрчлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшлийг суулгах, хамгаалах малгайн хэрэглээг нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зорилгоор “Хамгаалах малгай” арга хэмжээ зохион байгуулж байна.

Хамгаалах малгай арга хэмжээний гол зорилго нь мотоцикл, мопед, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцогч нарт замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшлийг суулгах, хамгаалах малгайн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино.

Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойдоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.

Мотоциклийн ослын улмаас Монгол Улсын залуу малчин иргэд амь насаа алдсаар байгаа нь харамсалтай.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 466 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 365 орон нутагт 101 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Орон нутгийн болон суурин газарт замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдана DNN.mn


Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асууудлаар өнөөдөр /2022.04.29/ гурван байнгын хороо хуралдана.

09.00 цагт: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо

10.00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

11.00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Categories
мэдээ цаг-үе

Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болно DNN.mn

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагаас эхэлнэ.

Түүнийг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.

Шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг/талийгаачийн гэргий/ оролцох юм байна.

Шүүхээс гаргасан шийдвэрийн талаар мэдээлэх болно.

Яллах дүгнэлт үйлдсэн хуулийн заалтаас:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1

2.1.Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх

1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: “Эрдэнэт”-ээс төр авахаа авчихсан, одоо 100 хувь хувьчлах хэрэгтэй DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Эрдэнэтийн хувьцааг иргэддээ эзэмшүүлье гэсэн санааг олон эдийн засагч дэмжиж байх шиг. Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалыг яаж явуулах вэ гэсэн асуултаас өмнө сонирхох нэг өнцөг байна. Энэ үйлдвэр өнгөрсөн зуунд яаж босов, өнөөг хүртэл ямар зам туулж ирэв, 49 хувь нь Монголд ирсэн цаад учир шалтгаан гээд асуух зүйл их байна аа. Наад захын жишээ гэхэд л ижил төрлийн уурхайнуудтай харьцуулахад ямархуу үнэ өртгөөр босч байсан юм бол?

-Эрдэнэтийн хөрөнгө оруулалт 1976 оноос эхэлсэн, ашиглалтад орсон он нь 1978 он гэдгийг эхлээд онцолъё. Анхны үнэ өртөг нь Индонезийн Грасберг уурхайтай харьцуулахад дөрөв дахин их байсан юм билээ. Эрдэнэтийг бараг 300 сая ам.доллараар үнэлсэн байдаг. Эрдэнэт хотыг тусад нь бас 300 сая ам.доллараар үнэлсэн харагдсан. Эрдэнэт хот тухайн цагт цөөн хэдэн байшинтай л байсан. Өөрөөр хэлбэл, анхнаасаа өндөр өртөгтэй боссон бүтээн байгуулалт. Зөвлөлтийн мэргэжилтнүүд дэлхийн дунджаас өндөр ханшаар цалинждаг, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний хөлс мөнгө ч олон улсын ханшаас өндөр, манай баяжмалыг маш бага үнээр үнэгүйдүүлж авдаг гээд яривал асуудал их бий. Товчхондоо оросууд гаргасан өртгөө хэд дахин нөхчихсөн. ЗХУзадрах үед манайхан самбаачлаад 51 хувь болгосон түүхтэй.

-Эрдэнэт үйлдвэр эхний хэдэн жилдээ бүх татвар хураамжаас бүрэн чөлөөлөгдөж явсныг ч бас дурдах ёстой байх..?

-Татвар хураамжаас бүрэн чөлөөлөгдөхөөс гадна татаас авдаг байсан. Нэг тэрбум төгрөгийн татаас авсан түүх бий. Одоогийн ханшаар тооцвол овоо мөнгө гарах байх. Эрдэнэтийн тухайд 1997 оноос анхны татвар, роялтиг авч эхэлсэн байдаг юм. Ер нь манайхан “Зэс хайлуулах үйлдвэр барь, тэгэхгүй бол баяжмал дотор юу гарч явааг мэдэхгүй байна” гэх мэтээр оросуудыг байнга шахдаг байсан юм билээ л дээ. Тэгж явтал зэсийн үнэ ч өсч, манай улс зэсийн баяжмалаас гэнэтийн ашгийн татвар авахаар хуульчилчихсан. Энэ шийдвэрийн цаана зэс хайлуулах үйлдвэр бариулах санаа байсан гэдэг. Манайхан нэг хэсэг “Эрдэнэт”-ээс нэлээд авсан л даа. Орлогынх нь ихэнхийг авч, ногдол ашиг гэхээр юм өгөхгүй шахам болсон. -Хойд хөрш “Эрдэнэт”-ийн хувийг зарах болсон шалтгааны нэг нь энэ үү?

-Шуудхан хэлэхэд тийм. Өөр ч шалтгаан бий. Тухайн үед ОХУ Крымийг авснаас болж Америк, Европын хоригт орсон нь Эрдэнэтийн 49 хувь Монголд ирэхэд нөлөөлсөн. Тэр үед хойд хөрш нэлээд хэцүүдсэн л даа. Газрын тос, хийн үнэ унасан гэх мэт цөөнгүй шалтгаан байсан. Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” тухайн үед ихэнх ордоо зарсан байдаг юм. “Эрдэнэт” бидэнд зуун хувь ирсэн түүх ерөөсөө л энэ. “Ростех”-ийг “Эрдэнэт”-ийн хувийг зарах гэж байх үед Казахстаны хоёр, Хятадын хоёр компани авах сонирхлоо илэрхийлчихсэн байсан. Гэхдээ “Ростех”-ийн хувьд мөнгөтэй хувийн компанид зарах сонирхол давамгай байсан юм билээ.

-Яагаад?

-Улсын компанид зарвал мөнгөн дээрээ асуудал үүсгэнэ, бүгдийг нь шууд шилжүүлэхгүй, процесс нь төвөгтэй гэх мэтээр болгоомжилсон байх. Хоёрдугаарт, хоригт орчихсон учраас “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах явцыг хаалттай, хурдан шуурхай хийх зайлшгүй шаардлага байсан гэж харагддаг. Манай улсын хувийн компанийн тухайд мөнгөө шууд шилжүүлье гэсэн болохоор 49 хувийг худалдаж авч чадсан хэрэг. Бусад нь тодорхой хувийг нь урьдчилж өгөх санал тавьсан гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Тэр мэдээлэл ортой байх.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах хэлцэл хууль бусаар өрнөсөн гэх эргэлзээ, хардлага өнөө ч хүчтэй байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Хэлэлцээрийн хувьд хууль бусаар өрнөх ямар ч боломжгүй. Наад захын жишээ гэхэд “Ростех” дэлхийн хамгийн шилдэг хуулийн фирмүүдийг хөлсөлж ажиллуулсан байдаг. Манай улсын компани ч шилдэг компаниудыг хөлсөлж ажилуулснаа удаа дараа мэдэгдэж байсан.“Ростех”-ийн зүгээс “Бүх зүйл хуулийн дагуу өрнөсөн, бизнесийн зарчмаар явсан, монголчууд Эрдэнэтээ зуун хувь аваад явах цаг нь болсон” гэсэн утгатай мэдэгдэл гаргасныг та мэдэж байгаа. Миний ойлгосноор манайд гадаадын гэрээ хэлэлцээрийн тухай хууль гэж бий. Тэр хуульд олон улсын протоколоос гарах юм бол Засгийн газар бие дааж шийдэж болно, дараа нь УИХ-д танилцуулна гэсэн утгатай заалт бий. УИХ-аас чиглэл заавар авах шаардлагагүй гэсэн үг. Энэ асуудлыг Засгийн газар дээр удаан хэлэлцсэн гэдэг. Мэдээлэл нь ил болсон шалтгаан нь ерөөсөө л улс төр. МАХН-аас нэр дэвшиж гишүүн болсон З.Баянсэлэнгэ 2016 оны сонгуулийн үеэр улс төр хийх гээд ил гаргасныг бүгдээрээ мэдэж байгаа. Засгийн газраас УИХ-д асуудлыг оруулъя гээд, тэр үед сайд байсан Д.Эрдэнэбатад даалгасан ч сонгуулийн өмнөх үе таарсан учраас гишүүд хөдөө явчихсан, чуулган тарсан үетэй давхацсан гэх шалтгаан бас бий. Шинэ чуулган бүрдэнгүүт танилцуулагдаад явах асуудал байсан ч дундуур нь улс төр орсон учраас нийгэмд буруу мессэж өгчихсөн л дөө. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад тухайн үед “Эрдэнэт” зуун хувь Монголд ирсэн нь зөв гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Орос, Украйны дайнаас болоод хойд хөршийн төрийн өмчит компаниуд хоригт орчихсон яваа. Оросын төмөр зам төлбөрийн чадваргүй болсноо зарлачихлаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэмшигч байсан “Ростех”яах ч аргагүй болж хэцүүдсэнээ өнөө маргаашгүй зарлах магадлал маш өндөр байна. Хэрвээ “Эрдэнэт”-д Оросын хувь хэвээр байсан бол одоо гүйлгээ нь хаагдчихсан суух байсан.

-За “Эрдэнэт”-ийн хувьцааны асуудал руу эргээд оръё. Хувьцааг нь Хөрөнгийн биржээр арилжаалахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой алхам юу вэ?

-Өндөр хувиар авдаг роялтигийн хэмжээг нь бууруулах хэрэгтэй. 20 хувийн роялти төлдөг жишээ хаана ч байхгүй.

-Таныхаар “Эрдэнэт”-ийн хувьцааны хэчнээн хувийг олон нийтэд арилжаалах боломжтой вэ?

-Хуулиа харвал “Эрдэнэт”-ийн 10 хувийг шууд олон нийтэд өгөх хэрэгтэй.Стратегийн ордод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хувьцааны арав хүртэлх хувийг дотоодын биржээр иргэдэд тараана гэсэн агуулгатай заалт Ашигт малтмалын хуульд бий. Ер нь энэ үйлдвэрийн хувьцааг зуун хувь арилжаалсан ч болохгүй юмгүй. Учир нь төр энэ үйлдвэрээс авах юмаа авчихсан, роялтигаар дамжуулаад. Баялагтаа эзэн монгол гэсэн уриаг Эрдэнэт дээр жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломжтой. “Эрдэнэт” үйлдвэр олон нийтэд шилжих цаг аль хэдийнэ болчихсон.

-Энэ хэвээр төрийн мэдэлд байлгаад байвал өгөөжөө өгөхгүй гэж үү?

-Тодорхой шүү дээ. Төрд байхаар яадгийг Эрдэнэтийн өнгөрсөн түүхээс харчихаж болно. Өнөөдөр гэхэд л ямар байгаа билээ. Дэд захирал нь хүртэл Лондонд хэдэн тэрбумаар байшин авсан гэх дуулиан шуугиан дэгдэж байна. “Эрдэнэт”-ийн өөрийн өртөг нь маш өндөр. Тонн тутамдаа 4500 ам.долларын өртөгтэй ажилладаг байх шүү. Гэтэл Перу, Чилид “Эрдэнэт”-тэй ижил төстэй газруудынөртөг нь 2500-3500 ам.доллар л байдаг. Ижилхэн төрийн өмчтэй компаниуд гэхэд өртөг нь ийм бага.Чилийн жишгээр мэргэжлийн, олон нийтийн хяналттай байх ёстой. “Эрдэнэт”-д ихдээ 600 хүн л хангалттай байхад 6000 хүн ажилладаг. Төв оффист нь ажилладаг хүмүүсийн цайны цаг ямар хугацаанд үргэлжилдгийг мэдэх үү?

-Мэдэхгүй юм байна.

-Өглөө арван цагт ирээд үдээс хойш таван цагт ажлаасаа тардаг хэрнээ бүтэн хоёр цагийг цай хоолондоо зарцуулдаг. Ингэж ажилладаг хэрнээ өндөр цалинтай. Төрийн өмч ийм л байдаг. Нийгэм талаасаа олон хүн ажилтай ахуйтай яваа нь сайн ч бүтээмжгүй байдлыг өөгшүүлэх, хүн капиталыг залхуу шимэгч байдлаар ашиглах гэдэг талаасаа эргэж харах ёстой асуудал. Гэх мэтээр яривал “Эрдэнэт” төрийнх байсны муу тал өчнөөн. Тиймээс энэ үйлдвэрийг 100 хувь олон нийтийнх болгох хэрэгтэй.Гэхдээ “Эрдэнэс Таван толгой” шиг болгож болохгүй. Шуудхан хэлэхэд, 1072 бол хувьцаа биш шүү дээ. Зүгээр л ваучер.

Ерээд онд цэнхэр, ягаан тасалбарыг биржээр дамжуулсан бол монголчууд хувьцааны соёлтой болчих байсан. Тэгсэн бол өнөөдрийнх шиг байдал үүсэхгүй байлаа. П.Жасрай гуай Ерөнхий сайд болоод Хөрөнгийн биржийг 1995 он хүртэл ашиглалтад оруулаагүй. Тэр зуур улсаас тараасан эрхийн бичиг үнэ цэнээ алдсан. Зальжин, овжин хүмүүс нь брокерийн пүүсээр дамжуулаад цэнхэр, ягаан тасалбарыг хамаад худалдаад авчихсны цаана ийм шалтгаан бий. Өөрөөр хэлбэл, бараагаа худалдах захыг нь ажиллуулахгүй хааж боож байгаад улсаас тараасан цэнхэр, ягаан тасалбарыг үнэгүйдүүлчихсэн гэсэн үг. Уг нь өөр намынх гээд зогсоож болохгүй ажил байсан юм. Ийм шалтгаанаар хувьцааны соёл гэдэг юм байхгүй болж, тийм учраас банкуудад дарлуулаад яваад байна л даа. Манай санхүүгийн зах зээлийн 97 хувь нь банк байдгийн уг учир цаанаа ийм шалтгаантай. Гэтэл бусад улсад үсрээд л 45 хувь нь банк шүү дээ. Бусад нь биржээр дамжаад явдаг. Мөнгөө хадгаламжид гацаагаад инфляцид идүүлээд байхын зовлонгүй амьдрах боломжийг хөрөнгийн зах зээл л олгодог. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг одоо хүртэл эргэлтэд оруулахгүй яваа нь буруу. Иргэд энэ компаниас эзэмшдэг хувьцаагаа зардаг арилжаалдаг эрхтэй байх ёстой. “Эрдэнэт”-ийн хувьцааг үүн шиг амьгүй болгож болохгүй. Эрдэнэтийн иргэд иргэний үнэмлэхээрээ 40хувийн хөнгөлөлттэй авна, бусдынх нь хувьд дээд хязгаартаа төчнөөн хувьцаа авна гэсэн зааг тавиад өгчих хэрэгтэй.

-Заавал хязгаар тавих шаардлага байна уу?

-Дээд хязгаарыг нь тавьж өгч байж энэ үйлдвэрийн үр өгөөжийг олноороо хүртэнэ. Тэгэхгүй бол хэдэн тэрбумын хадгаламжтай улстөрчид нь хамаад авчих эрсдэлтэй. Наад зах нь гэхэд л манай Ерөнхийлөгч хоёр тэрбумын хадгаламжтай. Хүүгийн орлого нь гэхэд л жилдээ 200 сая, өдрийн хүүгийн орлого 500 мянган төгрөг. Иймэрхүү нөхөд “Эрдэнэт”-ийн хувьцааг хамаад авчих эрсдэлтэй учраас хязгаар тавьж өгөх хэрэгтэй гээд байгаа юм. Иргэн бүрд 10 ширхэг гэх мэтээр зохицуулалт хийж байж “Эрдэнэт”-ийн хувчлал түмэнд тусаа өгнө.Хамгийн гол нь эзэмшсэн хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр арилжаалах эрхийг нь нээгээд өгчих хэрэгтэй. Монголчууд хөрөнгийн зах зээлийн өгөөж, ашиг шимийг нэг үеэ бодоход мэддэг, мэдэрдэг болчихсон учраас гурил, будааны үнээр хувьцаагаа хошуурч зарахгүй нь ойлгомжтой. Ашигтай ажилладаг үйлдвэрийн хувьцааг авсан хүмүүс өгөөжийг нь хүртэхийг л бодно. “Эрдэнэт”-ийн тухай ярьсных энэ үйлдвэрийн 49 хувийг авчирсан хэлцлийн талаар бодож явдаг нэг өнцгөө хэлчих үү?

-Тэг тэг.

-Монголчууд гаднаас л хөрөнгө оруулалт татдаг улс. Гэтэл “Эрдэнэт”-ийн хэлцэл энэ жишгийг эвдсэн. Монголын хувийн өмчтэй компани гадагшаа хөрөнгө оруулалт хийсэн. Монголчууд шинэ шатанд гарсныг харуулсан хэлцэл болсныг ярих хүн цөөн анзаарагддаг. Хятад, Оросын компаниуд манай улсад хөрөнгө оруулчихсан чинь Орос, Хятадын улстөрчид нь өнөө компаниа загнаад чичээд байвал яах вэ. Манай улстөрчид ийм л авир гаргаад яваа, “Эрдэнэт” дээр.

-Сонин л өнцөг байна. Тухайн үед 400 сая ам.доллар шууд гаргаснаас болж төгрөгийн ханш унасан гэх шүүмжлэл дуулддаг. Манайх шиг жижиг улсын тухайд ийм том хэлцлийг чимээ аниргүйгээр тэгж хийхийн эрсдэл нь чанга шиг байгаа юм?

-Дэлхийн бүх л улсын компаниуд гадны оронд хөрөнгө оруулалт хийхдээ ам.доллараар л хийдэг. Миний сая жишээлсэнчлэн Орос, Хятадын компаниуд манайд хөрөнгө орууллаа гэхэд доллар л оруулж таарна. Тэгж байж хөрөнгө оруулалт болно. Хэлцэл хийж гадагшаа хөрөнгө оруулж, улсдаа ашигтай наймаа хийж байгаа компанийн тухайд өөрсдөө доллар үйлдвэрлэж чадахгүй. Манай улсын хувьд доллараар хангах, долларын эх үүсвэрийг бэлэн байлгах эрх үүрэг хуулиараа Монголбанкинд бий. Тэр утгаараа зайлшгүй өрнөх процесс байсан. Хоёрдугаарт, экспортын орлого олдог компанийг зуун хувь улсынхаа мэдэлд авсан хэлцэл гэдгийг анзаарахгүй орхиж болохгүй. Жилд тэрбум ам.долларын орлого олдог компани шүү дээ. Үр ашгаа сайжруулах замаар гаргасан доллараа зөрүүлээд олчих боломжтой. Тийм л хэлцэл байсан. Баахан доллар гаргаад төгрөгийн ханшаа навс унагачихсан гэдэг чинь харанхуй масст зориулсан тархи угаалт. Эцэст нь нэг зүйлийг хэлмээр байна. Би Д.Эрдэнэбилэг гэж хүнд дуртай биш, сайн мэдэхгүй. Гэхдээ энэ хүнийг шүүмжилж адлахдаа нэг том өнцгийг олж харахыг хүсэхгүй байгааг зориуд хэлмээр байна. “Хөтөл-”ийг хятадууд авчихсан байхад энэ хүн улсдаа авч үлдсэн. Хэрвээ тэгээгүй бол Хөтөлийн цементийн үйлдвэр “Петро чайна Дачин Тамсаг”-ийн араас орчих байсан. “Петро чайна”-г хамгаалдаг улстөрч цөөнгүй бий. Ийм хамгаалалтад орчихсон бол бид өнөөдөр “Хөтөл” дээр яаж ч томрох гээд чадахгүй. Хоёрт Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэрүүд кластер гээд байгаа нь бодитой тайлбар. Зэс хайлуулах үйлдвэр барья гэвэл шохой, цемент, бөөрөнцөг хэрэгтэй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр бөөрөнцөг үйлдвэрлэдэг. Энэ утгаараа Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр,Эрдэнэт гурвыг нийлүүлж кластерийн системээр ажиллавал зардал маш их хэмнэгдэнэ. Монголд ашигтай байхгүй юу. Гэтэл өнөөдөр гурван тийш салгачихлаа л даа. “Эрдэнэт”, “Хөтөл”-ийг Монголд авч үлдэх явцад алдаа байсан л байх. Гэхдээ том агуулгаараа энэ үйлдвэрүүдээ Монголдоо авч үлдсэн нь зөв байсан. “Эрдэнэт”Оросынх, “Хөтөл” Хятадынх байсан бол бид өнөөдөр баларч байгаа. “Хөтөл”Хятадынх байсан бол үнийн бодлогоороо Монголын хоёр үйлдвэрийг шууд дампууруулна. Улсынхаа төрийн банкнаас хүүгүй шахуу зээл авчихад л өрсөлдөх боломжгүй болно. Дахиад хэлье, Д.Эрдэнэбилэгт алдаа оноо байсан ч том утгаараа стратегийн хувьд улсдаа хэрэгтэй юм хийсэн нь үгүйсгэх аргагүй үнэн.Ю.Цэдэнбалын үед Рональд Рейган шиг муу хүн байхгүй, үүнээс болоод Монгол хөгжихгүй яваа гэдэг байсан. Дараа нь хөгжихгүй байгаагийн шалтгаанаар Д.Бямбасүрэн, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж тодорсон.Одоо сахал Эрдэнэбилэг болчихлоо. Ийм коммунист пропоганда хийдэг аргаасаа салах цаг болсон л гэмээр байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хар хулгана өдөр DNN.mn

2022.4.29, БААСАН ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 29

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.29, Баасан гариг
  • Наран ургах шингэх: 05.38-20.01
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Үндсэн хуулиа өөрчилж, парламентын хоёр танхимтай болъё” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Бүх
зүйл ил тод
байхад заавал
УИХ-ын
гишүүний
бүрэн эрхээс
түдгэлзүүлэн
шалгах
шаардлага
байгаа гэж үү” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Япон улсын Гадаад хэргийн
сайд Ё.Хаяшигийн бичсэн
нийтлэлийг хүргэж байна.

“Бэрэн групп” ХХКийн ерөнхий захирал
Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр “Улс төрийн
зохиолын хохирогчид нь баялаг
бүтээгчид болж байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Үндсэн хуулиа өөрчилж, парламентын
хоёр танхимтай болъё” хэмээн өгүүллээ.

Эдийн засагч Г.Батзориг “Койны ханш өснө
гэж хүлээх хэрэггүй” гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн яамны
Хөрс, ургамал хамгаалал,
үр сортын хэлтсийн
дарга Д.Есөн-Эрдэнэ “Улаанбуудайн
тариалалтыг тавдугаар сарын 3-наас
эхлүүлэх төлөвтэй байна” гэснийг “Нийгэм” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

“Facebook”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 1.96 тэрбум боллоо DNN.mn

Үүний дараа “Meta” компанийн хувьцааны ханш 19 хувь давж өсөөд байна. Тайлант хугацаанд тус компанийн орлого 6.6 хувиар өсөж, 27.9 тэрбум ам.доллар болжээ. Түүнчлэн “Украины нөхцөл байдал хурцдаагүй байсан бол орлого нь үүнээс ч илүү өсөх байсан” гэж “Meta” компани онцолж байна.

Хөрөнгө оруулагчдын дунд “Facebook”-ийн сурталчилгааны орлого буурна гэсэн хүлээлт бий болоод байгаа юм. Энэ он гарсаар тус компанийн хувьцааны ханш ойролцоогоор 50 хувиар унаад байгаа аж

Categories
мэдээ нийгэм

Энэ онд улаан бурхан өвчний тохиолдол эрс нэмэгджээ DNN.mn

Дэлхийн хэмжээнд “COVID-19” цар тахал, хөл хорионы улмаас хүүхдийн вакцинжуулалтын аян саатсаны дараа энэ оны эхний хоёр сард улаан бурхан өвчний тохиолдол өмнөх оныхоос 79 хувиар өссөн талаар НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн оны нэг, хоёрдугаар сард дэлхий даяар улаан бурханы 9665 тохиолол бүртгэгдсэн бол энэ оны мөн хугацаанд 17 338 тохиолдол болж өсжээ. Улаан бурхан нь маш хурдан тархдаг бөгөөд ялангуяа бага насны, нярай хүүхдүүдэд аюултай халдварт өвчин юм. Мөн “эбола”, томуу, “COVID-19”-өөс ч хурдан тархдаг.

Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Расселын үзэж буйгаар, халдварын тохиолдол эрс нэмэгдсэн нь дархлаажуулалтын аян саатаж тасалдаад байсантай зэрэгцэн цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтуудыг сулруулсны дараа хүмүүсийн хөл хөдөлгөөн ихээр нэмэгдсэнтэй холбоотой байна.

“Улаан бурхан бол аюултай төдийгүй аминд халтай өвчин. Өдгөө үүсээд байгаа нөхцөл байдал нь дэлхий нийтийн дархлаажуулалтын аян тасалдсаны илрэл юм” гэж тэрбээр ярьжээ.

Сүүлийн 12 сарын хугацаанд улаан бурханы томоохон дэгдэлт таван улсад буюу Сомали, Либери, Йемен, Афганистан, Кот д’Ивуарт гарч, 21 дэгдэлт бүртгэгджээ.

“COVID-19” цар тахал дэгдэх хугацаанд хүүхдийн давхлаажуулалтын аян дэлхий даяар хойш тавигдсан бөгөөд одоо ч хэвийн голдиролдоо бүрэн ороогүй байгаа юм.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын эхэн үеийн байдлаар 43 оронд 58 аяныг хойшлуулсан хэвээр байсан нь 212 сая хүнийг, голчлон хүүхдүүдийг хамарсан байна. Түүнчлэн тэдгээр аяны 19 нь улаан бурханых байгаа нь 73 сая хүүхдийг эрсдэл оруулж байна гэж Хүүхдийн сан, ДЭМБ мэдээлжээ.

Үүний зэрэгцээ гэдэсний хижиг, халдварт саа зэрэг халдварт өвчний дархлаажуулалтын аянууд тасалдсан байна. Өнгөрсөн сард Малавид полио вирусээр халдварласан тохиолдол сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаа бүртгэгдсэн бол полио эндемик өвчин хэвээр байгаа хоёрхон орны нэг болох Пакистанд энэ сард сүүлийн жил гаруйн хугацаан дахь анхны тохиолдол илэрчээ.

Үүнтэй холбоотойгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сан вакцинжуулалтын аяныг хэвийн голдиролд нь оруулах зайлшгүй шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн байна.