Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр Инээдмийн баярын өдөр || DNN.mn

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 01. Энэ өдрийг олон улсын “Инээдмийн баяр”-ын өдөр хэмээн дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Чухам яагаад энэ өдрийг инээдмийн баярын өдөр болгосон тухай албан ёсны тайлбар байдаггүй.

Өнөөдрийг иргэд хэн нэгнийг гэмтээхгүйгээр хуурч,тоглоом хийж хөгжилддөг. Инээдмийн баяраар хэнийг хэрхэн хуурч, хэзээ ч мартахааргүй сэтгэл хөдөлгөн дурсамж үлдээхээ зарим иргэд эртнээс төлөвлөдөг. Хэрэв хэн нэгнийг амжилттай хуурч чадвал “Дөрөвдүгээр сарын нэгэн” гэж хэлэхэд л бүх зүйл ойлгомжтой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: Манай улсын эдийн засгийн амин үзүүлэлтүүд түгшүүрийн байдалтай, улаан гэрэл асчихсан байна DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


– Шинэ сэргэлтийн бодлого гэхээс илүүтэй эдийн засгийн уналтаа хэрхэн зогсоох, гацаанд орчихсон гадаад худалдаагаа хэрхэн сэргээх талаар ярих ёстой –


-Монгол Улсын эдийн засагт үүсээд байгаа одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ. Валютын нөөц хомстож, шатахууны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол өсч байна?

-Эдийн засгийг хүнээр төлөөлүүлэн үзвэл эрүүл мэндийг нь гурван үндсэн үзүүлэлтээр оношилно. Нэгдүгээрт инфляци, хоёрдугаарт ажилгүйдэл, гуравдугаарт, манайх шиг импорт, экспортоос хараат улсын хувьд валютын ханш хэр тогтвортой байгаа зэрэг үзүүлэлтээр хэмждэг. Өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл инфляци зорилтот түвшнээсээ хоёр дахин нэмэгдчихсэн байна. Жирийн хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг тооцохоор хөдөлмөрийн насны иргэдийн 70-аас дээш хувь нь ажил эрхэлдэг байсан. Гэтэл өнөөдөр энэ үзүүлэлт 50-иас доош хувийн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, далд ажилгүйдэл өндөр байна гэсэн үг. Албан ёсоор ажилгүйдлийн хэмжээ найман хувь гэж байгаа боловч бүртгэлд хамрагдаагүй далд ажилгүйчүүдээ тооцоод үзвэл хоёр хүн тутмын нэг нь ажилгүй болж. Харин валютын ханшны тухайд хэрхэн яаж өссөнийг иргэд, уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Ялангуяа сүүлийн үед валют хоёр төрлийн ханштай болчихлоо. Албан ёсны буюу Монголбанкнаас зарласан ханш нэг өөр, гадаадад хүүхдээ сургадаг, эсвэл гадагшаа явах гэж байгаа иргэдэд доллар авах эрэлт нь байгаа боловч нийлүүлэлт байхгүй байна. Тийм учраас 3000 давсан үнээр бага хэмжээний доллар олдож байна. Банкнууд долларын гүйлгээгээ хязгаарлачихсан байна. Ингээд харахаар манай улсын эдийн засгийн амин үзүүлэлтүүд түгшүүрийн байдалтай, улаан гэрэл асчихсан байна.

-Эдийн засагт нь улаан гэрэл асчихсан байгаа энэ үед эдийн засгаа дэмжихийн тухайд ямар арга хэмжээ авах нь зохилтой вэ?

-Үнэ бууруулахын тухайд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд гаднаас түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй байна. Тийм учраас бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч үнэ өсөөд байгаа юм. Хэрэв дотоодын үйлдвэрлэлийн болон импортын бараа бүтээгдэхүүний урсгал чөлөөтэй болчихвол үнэ нь тогтворжино. Зах зээлийн зарчмын дагуу нийлүүлэлт нэмэгдвэл үнэ буурна. Тиймээс нэг бол импортыг нэмэгдүүлэх, эсвэл дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэлийнхэн өөрсдөдөө хэрэгцээтэй түүхий эдээ гаднаас авч чадахгүй хүнд байдалд орчхоод байна. Түүнчлэн зарим ААН-үүд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй, цалингаа ч тавьж чадахгүйд хүрчихлээ. Тиймээс эдгээр ААН-үүдэд зориулсан хөнгөлөлттэй зээл гаргах гэх мэт олон төрлийн арга хэмжээ авах шаардлагатай байна. Нэмж хэлэхэд, одоо НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгохгүй бол болохгүй нь. Он гарсаар эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого өссөн мэдээлэл гарсан. Үүнд инфляци тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энгийнээр тайлбарлая л даа. Талх 1500 төгрөг байхад НӨАТ нь 150 төгрөг байна. Гэтэл талх 2000 төгрөг боллоо гэхэд НӨАТ 200 төгрөг болж өснө. Өөрөөр хэлбэл, инфляци өсөх нь Засгийн газарт ашигтай гэсэн үг. Үнийн өсөлтөөр дамжуулж татварын орлогоо нэмэгдүүлж байна. Хоёрдугаарт, төгрөгийн ханш сулрах нь ч Засгийн газарт ашигтай. Тухайлбал, 100 кг нүүрс зарсан гэж бодъё. Нэг кг нүүрсийг 10 доллараар зарсан гэж хийсвэрлэе. Нийт 1000 доллар болно. Тэгвэл нэг доллар нь 2000 төгрөг байг. Тэгснээ 3000 төгрөг болж өсөг. Доллар тутам 1000 төгрөгийн ханшны олз орж ирж байна. Ханшны зөрүүг дагаад улсад олох орлого нэмэгдэнэ. Засгийн газар төсвийн орлогынхоо багагүй хувийг доллараар зардаг экспортоос бүрдүүлж буй учраас ашигтай байгаа юм.

-Засгийн газарт ашигтай байлаа гээд иргэдийн нуруун дээр ирэх дарамт улам л нэмэгдэж байна шүү дээ?

– Тийм. Төгрөгөөр орлогоо олдог иргэд, хувийн хэвшлийн хувьд төгрөгийн ханшны сулрал ба инфляци хүнд тусна. Тэдний нуруун дээр нь дарамт ирэх нь тодорхой л доо. Дээр нь Замын-Үүдийн боомтоор оруулж ирэх ачаа тээврийн зардал хэд дахин өссөн. Маш их оочер дараалал бий болсон. Ийм үед төрийнхний бараа бүтээгдэхүүн хувийн хэвшлийнхний бараа бүтээгдэхүүнээс түрүүлж орж ирдэг. Ялангуяа Ковидын тухай хуулийн дагуу Засгийн газарт хэтэрхий их эрх мэдэл төвлөрсөн. Тэд хувийн хэвшлийн ачаа барааны урсгалыг боомилж байна. Үүнээс үүдэн үүсч буй зардлын өсөлт үнэд шингэж инфляцийг хөөргөднө. Энэ бүхэн иргэдийн амьдралд хүнд байдал үүсгэж байна.

-Манай улс энэ жил анх удаагаа 18 их наядын төсөв баталсан. Нөхцөл байдал ийм хүнд байгаа үед төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзэж байна уу?

-Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Цагаан сарыг угтаж ахмадуудын тэтгэврийг нэмэхийн тулд төсөвт тодотгол хийж тэтгэврийн хэмжээг 15 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл сүүлийн хэдэн жилийн хугацаанд нийт инфляци 40-50 хувиар өссөн. Дээр нь энэ онд дангаараа 15 хувийн инфляци үүсчихээд байна. Хуримтлагдсан инфляцийн хэмжээгээр ахмадуудын тэтгэврийн худалдан авах чадвар хоёр дахин буурчихаад байна. Өөрөөр хэлбэл, ахмадуудын тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлсэн нь аргацаасан шийдвэр байсан.

-Олон жил ужгиран өсч буй инфляцийн шалтгаан?

-Инфляци нэмэгдэж байгаагийн цаад шалтгаан нь төр өөрөө шүү дээ. Хэтэрхий том төсөв баталдаг. Тэр төсөв нь бэлэн мөнгөний нийлүүлэлтийг зах зээлд бий болгож, хэтэрхий их эрэлт үүсгэж байна. Ялангуяа манайх шиг импортын тал дээр гацаатай байгаа орны хувийн хэвшил нь гацаанд орчихдог. Үүнээс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Өмнө нь нэг ачааны машин тээврийг 6-7 сая төгрөгөөр татдаг байсан бол одоо 50-60 сая төгрөгөөр татаж байна. Хоёрдугаарт, одоо манай улсын голлох уул уурхайн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байна.Тонн зэс 10 мянган ам.доллар, нүүрс 400 ам доллар хүрчихээд байна. 2013 онд тонн нүүрс 26 ам.доллар, зэсийн үнэ 4500 ам.долларт хүрч буурч байсан. Гэтэл энэ үетэй харьцуулахад нүүрс 15 дахин, зэс хоёр дахин өссөн байна. Ийм сайхан үнийн өсөлтийн мөчлөгийг харамсалтай нь манай улс ашиглаж чадсангүй.

-Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өсөх прогноз хэдэн жилийн өмнөөс тодорхой харагдаж байсан байх. Бидэнд цар тахлын үеийг тооцож бэлтгэл байдлаа хангах боломж хангалттай байсан байх гэж бодож байна?

-Яг тийм. БНХАУ-ын талаас цар тахал гарч эхлэх үеэс л “Та нар хорио цээрийн дэглэмдээ анхаараарай” хэмээн сануулж байсан. Ер нь 3000 тээврийн жолоочийг ковидын шинжилгээнд хамруулах, төмөр замтай байсан бол нэг машинистыг хамруулах хоёр тэнгэр газар шиг ялгаатай асуудал л даа. Цар тахал гарч байх үеэс л манайхан дэглэм алдаж, зарим жолооч дээр хуурамч шинжилгээний хариу хүртэл гаргасан. Гэтэл өнөөдөр БНХАУ-д ковидын тоо дахин нэмэгдсэнээс үүдэн жишээ нь, Шанхайд хатуу хөл хорио тогтоолоо. БНХАУ даяар ковидгүй орон болох зорилт дэвшүүлсэн. Тийм ч учраас нөхцөл байдал ингэж хүндрэхийг анхааруулсаар байсан. Энэ жилийн улсын төсөвт Андлалын хөшөө шиг бүтээн байгуулалтуудад зориулж 700 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байв. Тэгвэл энэ мөнгөний багахан хэсгээр Замын-Үүд, Бичигт, Гашуунсухайт боомтууд дээрээ цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөл боломжийг сайжруулах хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой байсан. Энэ оны төсөвт улсаас энэхүү чиглэлээр бараг л мөнгө суулгаагүй. Харин Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилт, тусламжаар хийгдэх ажлууд тусгагдсан байна лээ.

-Уул уурхайн бүтээгдэхүүнээ худалддаг урд хил хаалттай, хойд хөрш дайны байдалтай байна. Тэгвэл дунд нь оршиж байгаа манай улс ямар бодлого баримталбал эдийн засгийн хувьд ашигтай вэ?

-ОХУ болон Украины дайнаас үүдэн манай улсад үүсч болзошгүй нэг асуудал нь шатахууны нийлүүлэлтийн доголдол байсан. Санасныг бодоход нөхцөл байдал гайгүй юм шиг байна. Учир нь оросуудад ам.долларын хэрэгцээ их байгаа. Манай улс ОХУ-аас жилд нэг тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг. Тиймээс Европын болоод бусад орнуудын хоригт орчихсон ийм үед ОХУ нэг тэрбум ам.доллараас татгалзахгүй л болов уу. Гэхдээ цаашид шатахууныхаа 10 хувийг импортолдог БНХАУ,БНСУ-уудаас авдаг хүчин чадлаа өсгөх хэрэгтэй гэж харж байна. Түүнчлэн манайх нүүрс, занарын арвин их нөөцтэй орон. Нүүрс, занараас бензин дизель гаргах технологи нь бий. Тиймээс манайд асар их боломж байгаа гэсэн үг. Энэ боломжоо ашиглаж, эргэлтэд оруулах юм бол шатахууны хараат байдлаас гарна. Энэ чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай. Хоёрдугаарт, олон жил гацсан эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, эрчим хүчний хараат байдлаас гарах хэрэгтэй. Ямар ч хямралд гарах гарц бий. Тийм учраас дотоодынхоо гацсан төслүүдийг урагшлуулах, хөдөлгөх хэрэгтэй.

-Төв банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлж есөн хувьд хүргэснээ зарлалаа. Энэ хэр зөв зүйтэй алхам болсон бэ?

-Миний хувьд энэ алхмыг зөв буруу гэж шүүж хэлэх нь зохимжгүй л дээ. Энэ бол стандарт арга хэмжээ. Хүн ханиад хүрэхээр антибиотик хэрэглэх болдогтой адил мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, инфляци өсчихсөн, ханш уначихсан байгаа энэ үед бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй. Гэхдээ энэ арга хэмжээний хохирол нь хаана, хэнд ирэх вэ гэхээр хувийн хэвшилд ирдэг. Уг нь зөв арга хэмжээ авахын тулд алдагдалгүй төсөв батлаад сурчих хэрэгтэй. Манайх жил бүр 2-3 их наяд, зарим тохиолдолд таван их наядын алдагдалтай төсөв баталж байна. Төсвийн энэхүү алдагдал эдийн засгийн хий халаалт үүсгээд байгаа юм. Тэгээд ч энэ мөнгө нь эдийн засагт шингэхгүй байна. Учир нь манай төсөв жилд 30 хувиар өсч байхад эдийн засаг дагаад өсөх ёстой. Гэтэл эдийн засаг өсөхгүй дороо хий эргээд байна. Учир нь энэ мөнгө Эрээн рүү гараад, дотоодын эдийн засагтаа шингэхгүй байна. Уг нь төсвөө танасан бол их зөв алхам болох байлаа. Хоёрдугаарт, хувийн хэвшилд хөрөнгө оруулалтын эрх чөлөөг олгох хэрэгтэй байсан. Одоо бодлогын хүүг өсгөчихөөр хэрэглээ хумигдана. Учир нь зээл авах боломжийг хүчээр хааж байна. Иргэд худалдан авалт хийхгүй байна гэдэг бол эдийн засгийн идэвхжил саарна гэсэн үг. Дээр нь компаниудад зээл олдохгүй учраас хөрөнгө оруулалт бага хийнэ. Үүнийг дагаад ажлын байрны тоо цөөрнө, ААН-үүд ажилчдаа цомхотгож эхэлнэ. Бодлогын хүүг өсгөх нь төгрөгийн ханшийг хамгаалах талд мэдээж авахаас өөр аргагүй арга хэмжээ. Гэхдээ нөгөө талд нь хувийн хэвшил агшина, ажилгүйдэл, ядуурал өсөх маш том золиос бий. Төв банкны үнэт цаасан дээр их хэмжээний мөнгө төвлөрнө гэсэн үг. Үүнийхээ тодорхой хэсгийг моргейжийн зах зээл рүү оруулах хэрэгтэй. Ингэвэл барилгын салбарт 100 мянган ажлын байр бий болно, гэр хороололд амины олон орон сууц баригдаж агаарын бохирдол буурна. Энэ мэтчилэн арга хэмжээгээ зоригтой авах хэрэгтэй.

-Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого танилцуулсан. Үнэхээр Засгийн газрын тооцоолж байгаа шиг сэргэлтүүд гарах уу?

-Ер нь бол Үндэсний хөгжлийн цогц бодлого, Тогтвортой хөгжил-2030, Алсын хараа-2050 зэрэг Монгол Улсыг хөгжүүлэх маш олон бодлогын баримт бичгүүд байсан, бас бий. Ихэнх нь хэрэгжилт муу байгаа. Үнэндээ одоо бол манай улсын эдийн засаг уналтын байдалтай байна. Одоо шинэ сэргэлтийн бодлого гэж ярихаас илүүтэй эдийн засгийн уналтаа хэрхэн зогсоох, уналтад орчихсон байгаа хувийн хэвшлээ хэрхэн дэмжиж, гацаанд орчихсон гадаад худалдаагаа хэрхэн сэргээх, хөрөнгө оруулалтаа хэрхэн дэмжих талаар ярих ёстой.

Categories
мэдээ цаг-үе

В.Путин байгалийн хийгээ зөвхөн рублиэр худалдах зарлигт гарын үсэг зуржээ || DNN.mn

ОХУ “найрсаг бус” харилцаатай орнуудыг байгалийн хийн төлбөрөө рублиэр төлж эхлэхгүй бол нийлүүлэлтээ бууруулна гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр дээрх зарлигт зарлигт гарын үсэг зуржээ. Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх шинэ журмаар найрсаг бус харилцаатай орнуудын гэрээлэгч нар байгалийн хий худалдаж авахын тулд Оросын банкуудад рублийн данс нээлгэх ёстой.

“Хэн ч бидэнд юу ч үнэ төлбөргүй зардаггүй, бид ч гэсэн буяны ажил хийхгүй. Өөрөөр хэлбэл байгалийн хий нийлүүлэх тухай хуучин гэрээнүүд бүгд цуцлагдсан” гэж Оросын ерөнхийлөгч мэдэгдлээ. Путины тавьсан шаардлагыг барууны хоригт өртөөд байгаа рублийн ханшийг өсгөх гэсэн оролдлого гэж үзэж буй. Түүний зарлигаар Оросын байгалийн хийг худалдан авагчид Газпромбанкинд данс нээлгэж, евро эсвэл ам.доллар шилжүүлэх ёстой гэсэн үг. Газпромбанк эдгээр валютыг рубль болгон хувиргаж, хийн төлбөрийг шилжлүүлэх юм.

Украинд байлдааны ажиллагаа эхэлснээс хойш барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн болон худалдааны хориг арга хэмжээ авсан боловч Европын холбоо байгалийн хийн экспортод хориг тавиагүй байсан юм.

ЕХ нь байгалийн хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг, газрын тосныхоо 30 хувийг Оросоос авдаг.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

МҮБХ-ны ээлжит их эеийн хурал болно || DNN.mn

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит их эеийн хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 9-нд болохоор болжээ. МҮБХ-ны дүрэмд зааснаар хуралд 256 төлөөлөгч оролцох юм байна. Улсын аварга, арслан, гарди, заан цолтнууд болон сонгуульт хугацааны тэргүүлэгчид шууд оролцох аж. Тус хуралд улсын аварга 11, улсын арслан 11, гарди 11, улсын заан 28, сонгуульт хугацааны тэргүүлэгч 9 оролцох юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Ёндон: Тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталснаар жилд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3-4 дахин нэмэгдэнэ DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.


-2006 оны Ашигт малтмалын тухай хуульд нийт 300 гаруй өөрчлөлт орсон гэдэг. УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Шинэчилсэн найруулгад ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-“Ашигт малтмалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, хоёрдугаарт, эрдэс баялгийн салбарт үйлчилж буй хуулиудын давхардал,

хийдэл, зөрчлийг арилгах, гуравдугаарт, бусад холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх, дөрөвдүгээрт, салбарт тулгамдаад байгаа нэн чухал, шийдлээ хүлээж байгаа асуудлууд, цаг үеийн болон нийгмийн захиалга, салбарын шинэчлэл, олон улсын сайн туршлагатай нийцүүлж хариуцлагатай байдлыг бий болгох гэх мэт үндсэн үзэл баримтлалын хүрээнд боловсруулж байна. Байгалийн баялгийг эрж хайх, үйлдвэрлэлийн аргаар зүй зохистой ашиглах, боловсруулах улмаар байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн болон хөрөнгө оруулагчид бусад оролцогч талуудын уялдаа холбоог хангах, нийгэм, эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх, байгалийн баялгийг иргэн бүрт тэгш шударга хүртээх зэрэг асуудлыг иж бүрнээр тусгах юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай, хариуцлагатай байх тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн оролцоо нэмэгдэх, ил тод байх асуудал олон улсын сайн туршлагад суурилан улам бүр баталгаажих юм. Хууль батлагдсанаар дараахь эерэг үр дагавар бий болно гэж үзэж байна.

-Тухайлбал?

-Уурхайн хаалтын шинэ тогтолцоог санхүүгийн баталгааны механизмтай уялдуулснаар уул уурхайн үйл ажиллагаанд өртөгдсөн талбай нөхөн сэргээгдэхгүйгээр эзэнгүй орхигдох эрсдэл үгүй болно. Олон улсын шилдэг техник, технологийг нэвтрүүлэн аливаа эрсдэлийг тодорхой хэмжээгээр урьдчилан тогтоох тогтолцоог бий болгосноор уул уурхайн хөгжлийг дэмжиж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна. Салбарын институцийн тогтолцоог оновчтой, тодорхой болгосноор хууль эрх зүйн орчны тогтвортой байдал хангагдаж, аливаа төсөл, хөтөлбөр, тооцоо, судалгааны үндсэн дээр амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Учирч болох аливаа эрсдэлийг бууруулснаар уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг, олон улсын чадвар тогтвортой нэмэгдэж улс, орон нутгийн хөгжилд оруулах үр өгөөж нэмэгдэнэ. Холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зарим хуулийг хүчингүй болгосноор хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тодорхой эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

-Өнөөгийн байдлаар ашиглалтын болон хайгуулын лицензийн тоо хэд байна вэ. Ямар лиценз олгож байгаа вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрийн 3.99 хувьд олгосон ашигт малтмалын 2599 тусгай зөвшөөрлийн 1691 нь ашиглалтын, 908 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд ойролцоогоор 50 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байсан. 2021 онд 109 тусгай зөвшөөрөл олгосон хэдий ч сүүлийн жилүүдэд хайгуулын ажлын хэмжээ, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн нөөцийг өсгөх гол салбар зогсонги байдалтай байсан гэж хэлж болохоор байна.

-Хайгуулын лиценз олголт зогсонги байдалд 10-аад жил болж байна. Энэ ажлыг сэргээх үү?

-Сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо жил бүр буурч байна. Тусгай зөвшөөрлийн хамаарах талбайн хэмжээг авч үзвэл, 2005 онд Монгол орны нутаг дэвсгэрийн 44 хувь байснаас 2021 онд 2.9 хувь болж багассан байна. Хайгуулын ажлыг эрчимжүүлэхийн тулд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн хэмжээг нэмэгдүүлж, Засгийн газраар шинэчлэн батлуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хэлбэрийг хуулиар олон төрөл болгож, цахимжуулж, шуурхай, нээлттэй зохион байгуулах, олгосон тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил гүйцэтгэх хөрөнгө оруулалт татах, саадгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага бий. Салбарын яамны зүгээс дээрх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хайгуулын ажил нь өндөр эрсдэлтэй байдаг учир хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх зорилгоор нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгаа, ашигт малтмалын судалгааны ажлын хэмжээ, түүнд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр улсын төсвөөс геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр өсгөн нэмэгдүүлж байгаа төдийгүй судалгааны төрөл, чиглэлийг нэмэгдүүлж байна. 2021 онд улсын төсвөөс 24.3 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулсан бол энэ онд 27.7 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Геологийн судалгаа, хайгуулын ажлыг үр дүнтэй явуулахад эрх зүйн шинэчлэлийг салбарын хууль, журмуудад цогц байдлаар хийх шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр эрдэс баялгийн салбарын гол хуулийн нэг болох дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Мөн Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан Хууль, тогтоомжийн тухай хуулийн дагуу судалгааны ажлууд хийгдэж байна. Эрдэс баялгийн салбарт, түүн дотроо хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах замаар төрийн хүнд суртлыг арилгах, төрийн үйлчилгээг түргэн, хөнгөн шуурхай болгож олголтын тоог нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг яамны зүгээс авч хэрэгжүүлж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах асуудлаар Засгийн газраас олгосон эрхийн хүрээнд холбогдох журмыг шинэчлэн боловсруулж батлуулсан. Үүнтэй уялдуулан цахимжилтад шилжих ажлыг эхлүүлсэн байгаа.

-Хайгуулыг зогсоосноор Монголыг бараг хорлочихсон хэрэг болсон, тийм үү?

-2010 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль батлагдсан цагаас геологи, хайгуулын салбарт орох хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан. Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл болон сонгон шалгаруулалтын журмаар дахин олгож эхэлсэн. Гэвч тус хуулийн 2017 оны нэмэлт, өөрчлөлтөөр зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар өнөөдрийг хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож ирсэн ч геологи, хайгуулын салбарын үйл ажиллагаа хангалттай сэргэж чадаагүй нь хайгуулын ажилд зарцуулсан зардал 2010 онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар 3.5 дахин буурснаас харагдаж байна.

-Хайгуулын лиценз эдийн засагт үзүүлэх нөлөөлөл их биз дээ?

-Тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталснаар жилд олгогдож байгаа 100 орчим хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3-4 дахин нэмэгдэнэ. Ингэснээр дараагийн Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой зэрэг уурхай бий болно. Иймээс уул уурхайн салбарын эдийн засагт одоо оруулж байгаа нөлөө хэд дахин нэмэгдэх боломжтой болох юм.

-“Шинэ сэргэлтийн бодлогын” урьдчилсан хэлэлцүүлгийг саяхан зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгээр ямар асуудлыг хөндөв?

-Монгол Улсаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд манай салбар 13 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба хэрэгжилтэд 21 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Тухайлбал, нүүрс баяжуулах, зэсийн баяжмал, газрын тос боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр зэргийг бүтээн байгуулахаар ажиллаж байна. Төслүүдийн хэрэгжилтийн үр дүнд 9930 ажлын байр шинээр бий болж, газрын тосны бүтээгдэхүүний импортыг 55-60 хувь бууруулан зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 2.1 сая тн-д хүргэж, 422 мян.тн катодын зэс үйлдвэрлэн экспортолж, коксжих нүүрсний экспортын 30 хувийг дотооддоо баяжуулж, 600 гаруй мян.тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээний 60 орчим хувийг хангах юм. Эдгээр ажлуудын хэрэгжилт болон салбарын ирээдүйг дэлхийн чиг хандлагатай хэрхэн уяж, ямар бодлого боловсруулан ажиллаж байгаа талаар яамны зүгээс хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан байгаа.

-Гадаадын хөрөнгө оруулалт энэхүү салбарт мэдээж чухал нөлөөтэй, энэ асуудалд ямар бодлого баримталж байна вэ?

-Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурахад хүргэсэн хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хайгуулын тусгай зөвшөөрөл олголт хумигдсанаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос гарсан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чадаагүй. Энэ удаагийн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-д өргөн баригдаж байгаа Хөрөнгө оруулалтын тухай, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүдээс нэлээд эерэг хүлээлт, шинэчлэл, найдлагыг манай салбарынхан болон хөрөнгө оруулагчид хүлээж байгаа. Уул уурхайн аль нэг компани орон нутагт олборлолт явуулж, хуулийн дагуу бүх татвар, төлбөрөө улсад төлөөд явж байдаг мөртлөө яг тухайн орон нутагтаа энэ нь харагддаггүй, өгөөж бага байгаа мэт сэтгэгдлийг тухайн орон нутгийнханд төрүүлж, үүнээс болоод хөрөнгө оруулагчдад хүйтэн ханддаг, тэдний дэмжлэгийг авдаггүй, хөөж туусан тохиолдол олон бий. Тиймээс хүмүүсийн нүдэнд тухайн компанийн оруулсан хөрөнгө илүү ил тод харагддаг байх нь чухал. АМНАТ-ын 10 хувийг суманд, 20 хувийг аймагт нь үлдээгээд эхэлбэл иргэд аяндаа уул уурхайн үйл ажиллагааг ойлгож, дэмжиж эхэлнэ. Энэ нь цаашлаад улсын хөгжилд томоохон гарц, хөшүүрэг болно. Нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах, үйлдвэрийг хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалт, технологи зайлшгүй шаардлагатай тул энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үндэсний геологийн албаны геологийн баримтын төв архивт хадгалагдаж байсан цаасан суурьтай мэдээллийг цахим орчинд мэдээлэл авах боломжтойгоор Англи, Монгол хэл дээр бэлтгэн Монгеокат системийг хөгжүүлж байгаа бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулагчид Монгол орны геологийн ерөнхий мэдээллийг дэлхийн хаанаас ч сонирхох боломжтой болох юм. Түүнчлэн салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад гарааны зээл олгох ажлыг эрчимжүүлж, тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтойг илэрхийлдэг. Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/102, А-177 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчлөөд байгаа бөгөөд 2021 онд энэхүү журмын дагуу 17 аж ахуйн нэгж байгууллага нийт 333.0 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ба богино хугацааны зээл авсан аж ахуйн нэгжүүд жилийн эцсээр авсан зээлээ металлаар бүрэн төлж барагдуулсан байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хөх бич өдөр || DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 1, Сугар гариг. Билгийн тооллын битүүн, Дэлгэрүүлэгч одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6:31 цагт мандан, 19:21 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэс, Идэр голын хөндийгөөр 18-23 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3-8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Бидний итгэж сонгосон болгон эх орноо тоножээ” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Төр, иргэн
хамтарч сахилга баттай
байж их хямралыг хохирол
багатай давна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Монголын хуульчдын
холбооны Олон
улсын хорооны дарга О.Батхүү “Ганцхан
медаль гардуулах
гэж тэр том барилгыг
ашиглаж байна.
Түүнийг төр мэдэлдээ
авч эмнэлэг болгох
хэрэгтэй” гэлээ.

Нийгмийн эрүүл
мэндийн үндэсний төвийн
хоол судлалын албаны
эрдэм шинжилгээний
ажилтан Б.Түвшинбаяр “Өдөрт
авах ёстой
хэмжээний
илчлэгээ аваад
байвал илүүдэл
жинд хүрэхгүй” хэмээн ярьсныг III нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Бидний итгэж сонгосон
болгон эх орноо тоножээ” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хоёр хөрш хилээ хаагаад бараа орж ирэхгүй бол
Монголд иргэний дайн үүснэ” гэв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “13 шүүгчийн холбогдсон ноцтой
үндэслэлүүд юу болсон бэ” хэмээн өгүүллээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ