Categories
мэдээ цаг-үе

Улс орон даяар 60 мянган камер байрлуулж камерын нэгдсэн системтэй болно || DNN.mn

УИХ өнгөрсөн хавар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар улсын хэмжээнд 60 мянга, Улаанбаатар хотод 20 мянган камер байрлуулах шаардлагатай байгаа талаар хэлж байлаа. Улс орон даяар камерын нэгдсэн системтэй болж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил ямар шатандаа явж байгаа талаар Х.Нямбаатар сайд мэдээлэл өгөв.

Тэрээр “Камержуулалтын асуудал дээр бид ТЭЗҮ болон зураг, төсвөө боловсруулаад дууссан. Энэ чиглэлээр туршлагатай гаднын байгууллагуудаас зөвлөх үйлчилгээ авахаар болсон. Дөрөвдүгээр сарын сүүлээр тухайн байгууллагын хүмүүс ирнэ. ЦЕГ-ын дэргэдэх Хяналт, шинжилгээ, үнэлгээний байгууллага тооцооллыг нь хийсэн. Улс орон даяар 60 мянган ширхэг камер байрлуулж байж камерын нэгдсэн системтэй болно. Одоо ашиглаж байгаа камеруудын гуравны нэг нь ашиглалтын шаардлага хангахгүй, гуравны нэг нь ашиглалтаас гарсан. Тиймээс гуравны нэгээр нь л хяналт тавьж байгаа. Яагаад ийн олон камер ашиглалтаас гарч, зарим нь ашиглалтын шаардлага хангахгүй байна вэ гэхээр завсар үйлчилгээг нь хариуцсан нэг ч газар, төсөв байдаггүй. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд гэмт хэрэг, зөрчлөөс орон нутагт төвлөрч буй хүү, торгуулийн орлогын 50 хувийг тухайн шатны ИТХ зөвхөн камерын ашиглалтад зарцуулахаар зааж өгсөн. Харамсалтай нь, энэ хуулийн эцсийн найруулгыг сонсоогүй байна. Хуулийг хэрэгжүүлээд эхэлбэл, одоо байгаа камеруудынхаа ашиглалтыг сайжруулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа.

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 30 сая ам.доллароор камерын нэгдсэн системыг өргөжүүлэхээр болсон боловч ҮАБЗ-өөс хоёр хөршөөрөө мэдээлэл технологийн ажил гүйцэтгүүлэхгүй байх зөвлөмж гарсан. Тиймээс улсын төсөвт шат дараалан мөнгө тавьж камержуулах ажлаа санхүүжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Уг нь дөрвөн сарын нэгэн байсан юм аа || DNN.mn

Бага байхад дөрвөн сарын нэгний “сургаар” хүүхдүүд бие биенийгээ ёстой нэг итгэхээ байтал хуурдаг байлаа. Хүүхдүүд л болсон хойно хуурч болох сэдэв, болохгүй сэдвээ ялгаж мэдэхгүй хошигнож, хуурдаг байсан юм. Тухайн үед би аав, ээжийнхээ өврөөс ч бүрэн гараагүй эрх балчир байсан үе л дээ. Мал төллөх цагаар өвөөтэй амьдрах болов оо. Гэрээсээ холдож үзээгүй надад өвөөгийн хоол унднаас өгсүүлээд нэг л таалагдаж өгсөнгүй. Тиймээс яажшуухан ээжтэйгээ хамт байх арга ухаан сүвэгчилж гарав. Ашгүй дөрвөн сарын нэгний ойрмогхон хичээл амарч таарах нь тэр.

Амарч хариад ёстой нэг бурж өглөө. “Өвөөтэй амьдарна гэж ёстой бүтэхгүй. Аймаар загнана. Их өлсөнө. Барагтай л бол аяганы амсар зуулгадаггүй” гээд аваад хаяв аа. Уг нь хоол унд нь амтгүй л болохоос өвөө аяга хоосон байлгадаггүй л дээ, хөөрхий. Бас барагтай л бол загнахгүй, үзэгний бэх хивсэн дээр асгасны төлөө ганцхан удаа банга хүртсэнийг эс тооцвол “бараан түүхгүй” байсан юмдаг.

Тиймээс ингэж хэлээд байдал бишидвэл “дөрвөн сарын нэгэн байсан юм аа” гээд л болно гэж итгэснийх. Гэтэл аав, ээж маань миний ярианд итгэх нь тэр. Бүр эмээд ч ховлоод амжив. Тухайн үед бага ангийнхан дунд, ахлах ангийнхнаас хэдэн хоногийн өмнө амарч таарав. Өвөө дунд, ахлах ангийн хэдтэйгээ хэд хоногийн дараа миний араас ирэв ээ.

Өвөөд минь нүүр өгч байгаа хүн алга. Эмээ “Хүүхдүүд харна гэж зутраачихсан байна…” гээд загнах нь тэр. Тэгэхдээ намайг алтан хошуу өргөсөн гэж хэлсэнгүй. Өвөө ч ачааны хүндийг үүрчихээд, хариу тайлбар ч хэлсэнгүй. Ингээд би “дөрвөн сарын нэгэн байсан юм аа” гэж хэлж чадалгүй хэдэн хаврыг үдэж билээ. Бас энэ л паянгаар дөрвөн сарын нэгэн инээдмийн баярын өдөр болохоос хууралтын өдөр биш гэдгийг ухаарсансан.

Categories
мэдээ нийгэм

БУЛГАН АЙМАГ: Дулаан хаан уулыг улсын тусгай хамгаалалтад авах санал гаргалаа || DNN.mn

Булган аймгийн ИТХ Тэшиг сумын Дулаан хаан уулыг “Байгалийн цогцолборт газар” болгох саналыг Байгаль орчин аялал жуулчлалын Яаманд уламжилж байна. Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоцтой, хамгаалах шаардлагатай амьтан, ургамал, хуш модны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг экологийн хувьд чухал ач холбогдол бүхий Дулаан хаан уул орчмын 15,5 мянган га газрыг “Байгалийн цогцолборт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах санал гаргалаа.

Дулаан хаан уулын орчим нь Эг, Сэлэнгэ голын ус зүйн сүлжээ бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй, Орхон-Сэлэнгийн савын дундаж уулсыг төлөөлөх энэ нутаг нь байгалийн унаган төрхөө сайн хадгалсан, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломж бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг байна.

Экологийн чухал ач холбогдолтой, хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай голуудын нам татам дагуух намгархаг нуга, уулсын ар хажуугаар тохиолдох тайгархаг шинэсэн, хусан ой, дундаж, нам уулсаар тохиолдох уулын хээр хослон гол мөрний өргөн хөндий, татмын нуга, цэнгэг уст гол, горхиуд, уулын хээр, ой мод хосолсон үзэсгэлэнт, байгалийн унаган төрхөөрөө байгаа газар юм. Тэшиг сумын орчмын бүс нутагт амьтны тухай хуульд сүүн тэжээлтэн, шувуу тус бүрээс нэг зүйл нэн ховор амьтнаар орсон байна. Эг, Сэлэнгийн бэлчир, түүний орчмын бүс нутагт амьдарч буй 11 зүйлийн сүүн тэжээлтэн, 47 зүйлийн шувуу, 3 зүйл хоёр нутагтан, мөлхөгчид, 5 зүйл загас, нийт 66 зүйлийн сээр нуруутан амьтан аль нэг хэлбэрийн эрх зүйл хамгаалалтанд орсон нь тухайн нутгийн амьтны аймгийн удмын сангийн үнэт чанарыг илэрхийлэх нэг үндсэн үзүүлэлт төдийгүй энэ бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нэг чухал үндэслэл юм гэж мэргэжлийн байгууллага үзжээ.

Байгаль орчинд үзүүлэх хүний сөрөг нөлөө ихэссээр байгаа өнөө үед ард түмний байгалиа хамгаалж ирсэн уламжлалт зан үйлд тулгуурлан хушин ойн нөөцийг авч үлдэх, Хойт Мөсөн далайн ай савд хамаарах голуудын эх, цутгал голууд, Орхон-Сэлэнгийн савын дундаж уулсын ойт хээрийн экосистемийг хамгаалахад байгаль хамгааллын дээд хэлбэр болох тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд оруулан дархлан хамгаалах явдал чухал ач холбогдолтой аж. Тухайн бүс нутгийг хамгаалалтад авснаар экологийн тэнцвэрт байдлыг хангах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэх, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад ихээхэн нөлөөтэй юм.

Categories
гадаад мэдээ

Төрийн Дум ганцаардлын эсрэг хууль батална || DNN.mn

НҮБ-ын бүх гишүүн улсууд хэрэгжүүлэх үүрэгтэй “Байгаль хамгаалах гэж тогтвортой ашиглахыг хэлнэ. Тогтвортой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ” гэсэн зарчмыг бодитоор хэрэгжүүлэн жилд 100 000 бор гөрөөс агнадаг Люксембург хот улсын Сангийн сайд Юрико Бакес хоригт орсон оросуудын дансны 2.5 тэрбум еврог царцааж байгаагаа албан ёсоор зарлав. Украинд ихэнх цэргээ явуулаад байсан Уулын Карабахын ОХУ-ын хариуцаж буй бүсэд Азарбайжаны арми туркийн дроноор цохилт өгч Армены мэдэлд байсан стратегийн ач холбогдол бүхий Караглух уулын өндөрлөгийг хүчээр эзлэн авав.

Азербайжаны “Байрактар” дроны цохилтод Армены гурван цэрэг амиа алдаж 14 цэргийн албан хаагч шархдав. Мөн Европын Холбооны гишүүн дөрвөн улс Оросын дипломатчид тагнуулын ажиллагаа явуулсан гэж нутаг дэвсгэрээсээ хөөв.Ирланд, Бельги, Нидерланд, Чех улсын эрх баригчид тус тусын нутагт суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны нийт 43 ажилтныг хөөх шийдвэр гаргасан байна. Бельгийн Гадаад хэргийн сайд Софи Уилмес өөрийн парламентад үг хэлэхдээ Брюссель дэх Элчин сайдын яамны, Антверп дэх консулын газрын нийт 21 орос ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргасан болохыг мэдээлжээ. Уг арга хэмжээгээ тэр “үндэсний аюулгүй байдалтай холбоотой” гэж тайлбарласан байна. Нидерландын гадаад хэргийн яам бас тагнуулын нууц ажиллагаа явуулсан хэмээн Оросын 17 дипломатчийг өөрийн улсаас хөөжээ. Мөн Тагнуулын байгууллагынхаа зөвлөмжийн дагуу Оросын элчингийн дөрвөн ажилтныг хөөх болсноо Ирландын ерөнхий сайд Майкл Мартин мөн л парламентдаа мэдэгдсэн байна. Оросын дипломатчид олон улсын дипломат ёсны стандартад нийцэхгүй үйл ажиллагаа явуулж байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж тэрээр тайлбарлав.

Бас Чех улсын засгийн газар ОХУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүнийг хөөсөн гэж мэдээлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Польш улс Оросын Элчин сайдын яамны 45 ажилтныг тагнуулын ажиллагаа явуулсанд буруутган хөөх шийдвэр гаргаж байв. Тэгвэл энэ сарын эхээр Болгар, Литва, Латви, Эстони улсууд дипломат үйл ажиллагаанд нийцэхгүй үйлдэл гаргасан Оросын элчин сайдын яамны нийт 20 ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөж байжээ. Үүний хариуд ОХУ-ын засгийн газар тус улс дахь Эстони, Латви, Литвийн элчин сайдын яамдаас нийт 10 дипломатчийг хөөсөн байна. Орос ийнхүү олон улсад эрчимтэй ганцаардаж байгаа учир ОХУ-ын Төрийн Дум орос хэлтэй гадаадын иргэдийг “эх орон нэгтэн”-д тооцох хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад яаралтай горимоор оруулжээ. “Эх орон нэгтэн” буюу “соотечественник” гэсэн ойлголтод хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан болон одоогийн ОХУ-ын бүрэлдэхүүнд байгаа улсуудын орос хэлтэй иргэдийг оруулж, тэдэнд улс төрийн болон бусад төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, ОХУ-ын иргэн болох эрхийг нь хууль ёсны болгох юм байна. Уг хуулийн төсөлд мөн “төр, улсаа байгуулж буй ард түмэн” гэх “государствообразующий народ” гэсэн ойлголтыг тусгажээ. Үүнд өөрийн улсаас салан тусгаарлах гэсэн орос хэлтнүүд буюу Украин, Беларусь Казахстан гэх мэт улсуудын орос үндэстнүүдийг багтааж байгаа аж. Энэ ойлголтыг өмнө нь ОХУ-ын үндсэн хуулийн шинэчилсэн найруулгад тусгах санал гарч байсан ч Оросын Холбооны бүрэлдэхүүнд багтдаг бусад үндэстэн угсаатнуудын төлөөлөл эсэргүүцсэн тул буцааж байсан юм. Харин олон улсын шинжээчид уг хуулийг ОХУ-аас тусгаар улсуудын бүрэн бүтэн байдалд заналхийлж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох гэсэн бүдүүлэг үйлдэл хэмээн дүгнэж байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Өмнөд Осетийн ерөнхийлөгч ОХУ-д нэгдэх хүслээ илэрхийлжээ || DNN.mn

Украинаас салан тусгаарласан Луганск мужийн захирагч саяхан ОХУ-д нэгдэх бүх нийтийн санал хураалт явуулах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

Тэгвэл Өвөр Кавказын бас нэг салан тусгаарласан бүс нутаг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх хүсэлтээ өчигдөр илэрхийлжээ.

“Орос улсын бүрэлдэхүүнд багтах нь манай улсын стратегийн зорилт гэдэгт би итгэдэг. Энэ бол манай ард түмний хүсэл юм. Бид бас үүнийг дагах ёстой. Ойрын үед бид хууль ёсны алхмаа хийнэ. Өмнөд Осетийн Бүгд Найрамдах Улс түүхэн эх орон Оростоо нэгдэх болно” гэж тус улсын ерөнхийлөгч Анатолий Бибилов мэдэгдсэн байна.

53,000 орчим хүн амтай Өмнөд Осет 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Гүржээс салан тусгаарласан юм.

Дэлхийн ихэнх улс орон Өмнөд Осетийг Гүрж улсын нэг хэсэг гэж үздэг. Харин ОХУ, Венесуэл, Никарагуа, Науру, Сири улсууд тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

2008 онд болсон Гүрж-Оросын дайны дараа Өмнөд Осетийн нутагт ОХУ цэргийн баазаа байгуулж байжээ.

Гүржээс салан тусгаарласан өөр нэг нутаг болох Абхаз харин ОХУ-д нэгдэх төлөвлөгөөгүй байгаагаа өчигдөр илэрхийлсэн байна.

“Манай үндсэн хуульд Абхазыг тусгаар улс байх ёстойг тодорхой заасан байдаг. Орос бол манай стратегийн түнш, ах дүүгийн ойр харилцаатай улс. Гэхдээ манай улсад ОХУ-д нэгдэх төлөвлөгөө байхгүй” гэж тус улсын парламентын спикер Валерий Кварчия ярьжээ.

2008 онд болсон Гүрж-Оросын дайны дараа Москвагийн эрх баригчид Абхаз, Өмнөд Осет хоёрын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байсан юм.

Эх сурвалж: Bloomberg, Russia Today

Categories
мэдээ цаг-үе

Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна || DNN.mn

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ганбат: Бид Азийн хүлэг биш, Азийн гөлөг улсын тоонд орж байна || DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбаттай ярилцлаа.


-Хаврын чуулган эхэллээ. Та ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?

-Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хяналтын түр хороо байгуулахаар ажиллаж байна. Хяналтын түр хороог 19 гишүүний гарын үсэгтэйгээр байгуулдаг. Одоогоор 15 гишүүн нэгдэж гарын үсэг зураад байна. Энэ долоо хоногт дөрвөн гишүүн нэмээд гарын үсэг зурчих байх. 19 гишүүний тоо гүйцчихээр нь УИХ-ын даргад өргөн барина.

Бусад намын бүлэг болон ХҮН-ын дарга Т.Доржхандтай хамтарч ажиллаж байна. Хөгжлийн банкны асуудлаар хяналтын сонсголоос гарсан шийдвэртэй уялдуулан хийх ажлаа төлөвлөж байна. АН-ын үед баталж байсан Шилэн дансны хуулийн хэрэгжилт, сайжруулалтад анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүд дээр ажиллаж байна.

-Үнийн өсөлтөд иргэд “дарлуулж” байна. Үүнд буруутай эзэн ч алга, шийдэх гарц ч одоогоор алга. Та гарц шийдлийг нь хэрхэн харж байна?

-Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ хэмээн зарласан. Тиймээс хаа сайгүй л “шинэ сэргэлтээр” амьсгалсан хурал цуглаан, лоозон ихтэй хавар болж байна. Энэ их хурал зөвлөгөөн, уриа лоозонгийн хажуугаар иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт л доройтож байна.

Энэ нь бензин, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөр илэрхийлэгдэж байна л даа. Хэдхэн хоногийн өмнө 2800 гаруйтай байсан доллар 3000 гарчихлаа. Бензиний үнэ ч ялгаагүй. Бүр дахиад ч өсөх нь тодорхой болж байх шиг байна. Гэтэл цалин хөлс гурав, дөрвөн жилийн өмнөхөөрөө л байна. Инфляци Улаанбаатар хотод 15 хувьтай, хөдөө орон нутагт 14 хувьтай байна гэсэн албан тоо байгаа ч бодит байдал дээр бараа бүтээгдэхүүний үнэ 50-60 хувиар нэмэгдчихсэн, ажлын байргүй болчихсон байна.

Тиймээс хил дөнгөж нээгдэнгүүт залуус амьдрахын тулд гадагшаа олноороо явж байна. Зарим нь гэр бүлээрээ, зарим нь үр хүүхдээ үлдээгээд, зарим нь ар гэрээ тэжээхээр ганцаараа ч явж байна. Ингэхдээ хамгийн хүнд хүчир ажлыг хийхээр хүний нутгийг зорьж байна. Бодит нөхцөл байдал ийм байна. 2016, 2020 онд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН өөрсдийнхөө амласан амлалт, иргэдийн хүлээсэн хүлээлтэд хүрч ажиллаж чадахгүй байна гэдэг нь бодит байдлаас харагдаж байна. Явуулж байгаа бодлого нь ч хөрсөн дээрээ буухгүй байна. Хэрвээ зөв бодлого явуулж байгаа бол нөхцөл байдал өөр байх байлаа. Манай улсын экспортолдог алт, жонш, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ түүхэн цаг үеийнхээ хамгийн өндөр үнэтэй байна. Гэтэл МАН, Монгол Улсын Засгийн газар энэ боломжийг ашиглаж чадахгүй арчаагүй байдалтай байна. Авлигадаа идэгдчихсэн, хууль хяналтын байгууллага нь ажилладаггүй ийм л нөхцөл байдалтай байна. Энэ сайхан цаг хугацаа энэ том боломжийг ашиглаж, өгөөжийг нь хүртэх ёстой байтал ийм байгаа нь эмгэнэлтэй санагдаж байна.

-УИХ дахь МАН-ын бүдүүн бүлэг гарц шийдлийг Засгийн газар судалж оруулж ир гэсэн агуулгатай мэдээлэл хийж байна лээ. Гишүүд ч ялгаагүй гарц шийдэл эрэлхийлж, олон ургалч үүднээс хандах ёстой гэж нийгмийн тодорхой хэсэг шүүмжилж байна. Таны хувьд гарц шийдлийг юу гэж харж байна?

-МАН-ын залуу даргын боловсруулсан “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого” зэргүүд өнөөдрийн байдлаар хэрэгжиж гийгүүлээд байгаа юм алга. Өдрөөс өдөрт бид Азийн хүлэг биш, Азийн гөлөг улсын тоонд орж байна. Ард иргэд маань ч хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Тэд хууртчихсан юм шиг л сэтгэлтэй байна. Ардчилсан тогтолцооныхоо үр шимийг хүртэж чадахгүй байна.

Халамжийг хэт хавтгайруулсан. Хүмүүсийг ажиллах сонирхолгүй болгосон. Аж ахуйн нэгжүүд олигтой цалин өгөх нь битгий хэл, үүд хаалгаа барьж байна. Халамжийн мөнгөөр өдөр хоногийг өнгөрүүлж байгаа айлууд олон байна. Улсын төв нийслэл гэхэд урдуураа “бетонон ширэнгэ бүрчихсэн”, хөгшид нарлаж суух, хүүхэд тоглох ямар ч талбайгүй, ногоон байгууламжгүй байна. 200 гаруй мянган төрийн албан хаагчтай. Боловсролын систем нь нэг ангид 50, 60 хүүхэд хичээллэдэг. Тэгэхдээ 3, 4 ээлжээр хичээллэдэг. Сугалаагаар цэцэрлэгт ордог энэ нөхцөл байдал хэвээр үргэлжилж байна. Зургаан жил үнэмлэхүй олонх сууж байгаа МАН үүнийг шийдвэрлэж чадахгүй байна. МАН-ын явуулж байгаа бодлого буруу байгаа юм. Уг нь татварыг багасгаж, хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Дэмжиж чаддаггүй юм гэхэд тэдний ажил хэрэгт хутгалдахгүй байх хэрэгтэй байна л даа.

-Энэ нөхцөл байдал иргэдийг улам л туйлдуулж байна шүү дээ. Таны хэлснээр залуучууд “дүрвэж” байгаа аятай гадны орныг зорьж байна. Сүүлдээ бүхнийг шийдвэрлэх нэг чанга гар хүсэхийг ч үгүйсгэхгүй болчихоод байна. Нэг талд хэт их эрх мэдэл төвлөрөхийн сул тал энэ юм болов уу?

-Нэг чанга гар ямар балагтайг нийгэм ойлгож, анзаарч байгаа. Хойд хөршийн нөхцөл байдал ямар байна. Хойд хөршийн дотоод асуудалд ямар нэгэн байдлаар оролцож, шүүмжлэх бодол надад алга. Хэнийг сонгох нь тухайн ард түмний эрх. Хуулиар ерөнхийлөгчийн засаглалтай улс. Нэг хүн олон жил эрх барьж, түүнийг дахин шүтээд байхаар ийм л нөхцөл байдалд хүрдэг юм байна.

Бид бүрэн эрх чөлөөт орны тоонд ордог байсан бол хагас эрх чөлөөт орны тоонд орж эхэлж байна. Учир нь эдийн засгийн эрх чөлөө хагасарлаа, шим тэжээлт хоол хүнсээ хангалттай хэмжээнд авч чадахгүй байна. Ажлын байр алга. Иргэдийнхээ саналыг худалдаж аваад засаглалд байгаа хэдхэн хүн баяжиж байна. Нөгөө хэсэг нь халамжаар угжуулж байна. Өмнөх үетэй харьцуулбал залуучуудын өмнө гэрэлтэй ирээдүй багасч байна. Бүгд л гадагшаа явж ажил хийж амьдралаа залгуулах гэсэн бодолтой болчихсон юм шиг харагдаад байна.

-Уг нь сөрөг хүчин энэ бүхэнд нөлөөтэй ажиллах ёстой байх л даа. Гэвч бутарчихлаа. Бүлэг хагаралтай, хуваагдмал байхын зовлонг та амсаж явна. Таны талд байгаа УИХ дахь АН-ын гишүүн байна уу. 2020 оны сонгуулиар таны гараас атгаж гарч ирсэн гишүүнээс өгсүүлээд бүгд нөгөө талд гарсан гэдэг нь бүлгийн хуралдаа ч суухгүй байгаагаас илэрхийл байна шүү дээ?

-Үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдлийг нам гэдэг. Нам мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг. Үүнийг биелүүлэх, хүмүүст ойлгуулахын төлөө ажиллах ёстой. АН-ын мөрийн хөтөлбөрийг ярьж сонгогдсон хүмүүс нь бидний 11 гишүүн. Хуваагдах гэсэн ойлголт байх шиг байна. Манай бүлэг долоон шинэ гишүүнтэй. Гурав нь хоёр дахь удаагаа ажиллаж байна. УИХ-д шинээр орж ирсэн гишүүд ажилдаа дадахад хоёр, гурван жил шаардагддаг. Би ч гэсэн УИХ-ын шинэхэн гишүүн байхдаа УИХ-ын түвшинд ойлголттой болж суралцахад хугацаа орсон. Хүн анхнаасаа бүгдийг суралцчихсан байдаггүй шүү дээ. Гишүүд суралцаж, дадлагажиж байгаа байх.

Ард нь ямар нэгэн байдлаар чиглүүлдэг, хэн нэгний барьцаанд орчихсон хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс байнга уншиж байна. Тийм ч учраас АН-ын бүлгийн даргын хувьд би шаардлагатай бол сайн дураараа түдгэлзэж байгаад шалгуулъя, шалгуулцгаая гэж мэдэгдсэн. Хэдийгээр бид цөөхүүлээ сөрөг хүчин болж ажиллахын тулд хэн нэгний барьцаанд ороогүй байх ёстой.Тиймээс бүгдээрээ шалгуулж болно гэж үзэж байгаа. Уг нь өнөөдрийн нөхцөлд Монголын ард түмэн бүгдээрээ сөрөг хүчин байж үнэмлэхүй олонх болчихсон энэ намаас хариуцлага шаардах ёстой. Үүнийг манлайлж ажиллах ёстой хүмүүс нь бид л дээ. Сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдал, хуулиас болж бүхнийг төрийн нууц гэж далдаллаа. Ажиллахад ч амар бус байлаа. Тухайн гишүүн өөрийн ухамсраар бүлгийн хуралд суух ёстой. Юм болгонд албадахгүй шүү дээ. Бүлгийн хурал, үйл ажиллагаанд оролцох тухай асуудлыг УИХ-ын хуулиар заасан байдаг. Би намтайгаа хамтарч ажиллах ёстой. Намын тавьж байгаа үүрэг даалгавар, мөрийн хөтөлбөрийн дагуу тэр шаардлагын дагуу бүлэг ажиллах ёстой. Нөгөө талаар хууль дүрмийг баримталж ажиллах ёстой. Чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаанд суухгүй бол энэ хүмүүст хариуцлага тооцох учиртай. Гэхдээ манай намын нэг сул тал нь аливаа гишүүнтэй хариуцлага ярьдаггүй, хэтэрхий задгай. Либерал үзлийг буруугаар ойлгодог. Хувь хүмүүс нам руугаа хамаг муу муухайг чихэж байдаг. Өөрийнхөө эрх ашгийг хичээж ажил, албан тушаал, эрх мэдэлд хүрэхээрээ намаа хорлодог. Юу ч биш болгодог. Гэнэт асуудалд орооцолдоод ирэхээрээ намын ард орж нуугдах гэдэг зүйл бий болчихоод байгаа юм л даа.

-О.Цогтгэрэл даргын талаас явуулж байгаа намын даргын сунгааг асуувал та дүрмийн бус хэмээн хариулах байх. Тиймээс намын даргад өрсөлдөж байгаа хүмүүсийг совист талаас нь хэрхэн дүгнэж байна?

-Тэдгээр хүмүүс иргэдийн амьдрал ямар байгааг, ямар хэцүү болгосноо өөрсдийн нүдээр очиж харах ёстой. Гэхдээ үүнийг харж чадаж байна уу үгүй юү. Тэр хүмүүс нь тайлбарлаж хэлж чадаж байна уу үгүй юү мэдэхгүй юм. Янз бүрийн амлалтаар, янз бүрийн худал, хоосон сайхан үгээр ингэж хүмүүсийн тархийг угаасан маягтай л байна. Хийж хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа зүйл нь МАН-аас ялгаагүй байна. Үүнд нь 50-иас дээш насныхан автаж байх шиг байна. Х.Баттулга ерөнхийлөгч байх үед, МАН үнэмлэхүй олонх байх үед авлигын индекс огт буураагүй, дандаа өссөн. Эдийн засгийн хувьд ч бид дээрдээгүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бүс нутагтаа бид хамгийн ядуу нь болчихсон. ДНБ нэг хүнд ногдох хэмжээ дөрвөн мянган ам.доллараас 3800 болж буурчихсан байна. Гэтэл ОХУ 11 мянган ам.доллар, БНХАУ 12 ам.доллар, далайд гарцгүй Казахстан есөн мянган ам.доллар байх жишээтэй. Хятадыг тойрсон бүх улс орнууд хөгжсөн байдаг. Ганц Монгол Улс л энэ боломжоо алдсан. Энэ бол МАН, өмнөх ерөнхийлөгчийн явуулж байсан бодлоготой холбоотой. Энд тухайлж, төмөр зам, боомтуудыг нэрлэе. 2012 онд хувийн хэвшлийнхэн хийчихсэн байх ёстой ажлын царигийг нь сольж толгойгоороо хариуцна гэсэн. Гэтэл саяхан нэг вагон уналаа. Эрх бүхий сайд, байгууллага нь “Тээвэрлэх боломж, хүчин чадал нь шаардлага хангахгүй байна. Гологдол болсон байна” хэмээн мэдээлэл өгч байна лээ. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт 2012 онд найман тэрбум ам.доллар байсан бол одоо зөвхөн Оюу толгойгоос нэг тэрбум ам.доллар орж ирж байна. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулалт найм дахин буурсан байна. 2012 онд гадныхан бидэнд “Танайх маш их баялагтай, нүүрсний асар их нөөцтэй улс. Кокосжсон нүүрсээрээ удахгүй Саудын Араб, Арабын орнууд шиг болох нь тодорхой болчихсон юм байна” гэж байсан. Үүнээс хойш 10 жил өнгөрөхөд нөхцөл байдал улам бүр дордсон байна. Үүнд АН-ын зарим нөхдүүд, үе үеийн Ерөнхийлөгч нар, 2016 оноос хойш тасралтгүй үнэмлэхүй олонх болсон МАН энд буруутай. Энэ дундаас МАН энэ боломжийг байхгүй болгосон. Иргэдийн тархийг угааж цаг хугацааг нь хожиж өнгөрүүлж байна. Үүнийг ард түмэн их, бага хэмжээгээр ойлгож байх шиг байна. Уг нь манай улс маш олон гавьяат эдийн засагчтай, одон медальтай хүмүүстэй. Тэгсэн хэрнээ амьдрал дээр яагаад ийм байна вэ. Үнэхээр харамсмаар байгаа юм. Хэлдэг ярьдаг хүн байхгүй. Байгааг нь шоронд аваачаад хийчихдэг.

-УИХ дахь АН-ын гишүүд нэг цул болчихсон талбай дээр өлсгөлөн зарлаж байсан. Яг юунаас болоод бүлэг хуваагдчихав, та С.Эрдэнэ даргын талд гарчихав?

-Тухайн үед долоон шинэ гишүүн өлсгөлөн зарласан. Олонхын саналаар өлсгөлөн зарлаж байгаа болохоор би бүлгийн даргын хувьд дэмжиж ажиллах ёстой гэж үзээд оролцсон. Гэхдээ тавьж байгаа шаардлагууд нь буруу байсан. Тухайлбал, бие дааж гарсан Н.Алтанхуягийг, эсвэл МАХН-аас УИХ-д суусан С.Ганбаатарыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн. Тусдаа нам байгуулж, нэр дэвшигчээ шалгаруулсан. Мөн хууль эрх зүйн орчин нь тодорхой байсаар байтал тав дахь ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлнэ гээд намынхаа дүрэм журмыг өөрчилчихсөн. Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд нээрээ оруулчихсан иймэрхүү нөхцөл байдалтай байсан. Нэг хүний төлөө өлсгөлөн зарлаад байгаа нь сүүлдээ утга учиргүй санагдсан л даа. Би нэг хүний дарангуйлал, нэг намын дарангуйллын уриа лоозонгоо солиоч гэсэн шаардлагыг тавьж байсан. Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд хууль ёсоор С.Эрдэнэ гэдэг хүнийг бүртгэж сонгуулийн ажил эхэлсэн. Нэгэнт АН-аас нэр дэвшиж байгаа хүнийг намын дүрмээрээ бүлгийн гишүүд дэмжиж ажиллах үүрэгтэй. Энэ дагуу би ажилласан. Монгол Улсад хуулийг дээдлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд ЭМД-аас хэдэн төгрөг төлөгдөх вэ? || DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоолын Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд 570 оношны бүлэг хамаарах бөгөөд 224 оношны бүлэгт даатгуулагч иргэн ямар нэгэн хамтын төлбөр төлөлгүй хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ авах буюу нийт зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах зохицуулалтыг хийсэн байна.

Тухайлбал, иргэдийн дунд зонхилон тохиолддог тархины цус харвалт /I60/-ын мэс заслын тусламж, үйлчилгээний нийт зардал 48,915,000 төгрөг бөгөөд ЭМД-ын сангаас уг зардлыг бүрэн хариуцахаар тус тогтоолд тусгасан.

Харин даатгуулагч хамтын төлбөр төлөх үлдсэн оношнуудад ЭМД-ын сангаас 212,500 төгрөгөөс 90,330,000 төгрөг хүртэлх зардлын бүрэн хариуцахаар тус тогтоолд тусгасан.

Харин даатгуулагч хамтын төлбөр төлөх үлдсэн оношнуудад ЭМД-ын сангаас 212,500 төгрөгөөс 90,330,000 төгрөг хүртэлх зардлын төлбөрийг хариуцан даатгуулагч иргэнийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалан ажиллаж байна гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Rio Tinto: Rincon литийн төслийг 825 сая ам.доллароор худалдан авлаа || DNN.mn

“Rio Tinto” компани Аргентин дахь “Rincon” литийн төслийг 825 сая ам.доллароор худалдан авах хэлцэл амжилттай эцэслэгдсэнийг мэдээлэв.

Ингэснээр суурь металлын эрэлт өндөр ч нийлүүлэлт хангалтгүй байгаа үед литийн зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр болно гэж “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм онцолж байна. 2021 оны долоодугаар сард хийсэн судалгаагаар энэ уурхай нь 5.8 сая тоннтой тэнцэх хэмжээний литийн карбонатын баттай болон бодит геологийн нөөцтэй гэж тогтоогджээ.

Ирэх 10 жилийн хугацаанд литийн эрэлт жилд 25-35 хувиар өсөх төлөвтэй байгааг “Rio Tinto” компани мэдээлсэн юм. Мөн 2030 он гэхэд нийт автомашины худалдааны 55 хувь нь цахилгаан автомашин байхаар байгаа юм. Энэ нь автомашин үйлдвэрлэгчдэд өдөрт гурван сая тонн лити шаардлагатай гэсэн үг аж. Харин одоогийн байдлаар өдрийн хэрэглээ 350 мянган тонн байгаа юм.

Үүнээс гадна “Turquoise Hill Resources”-ийн 49 хувьд ногдох хувьцааг 2.7 тэрбум ам.доллароор худалдан авах санал бүх хувьцаа эзэмшигчдэд ашигтай гэж “Rio Tinto” компанийн Зэсийн группийн үйл ажиллагаа хариуцсан захирал мэдээлсэн байна.

“Rio Tinto” 2.7 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсны дараа “Turquoise Hill Resources”-ийн бусад эзэмшигчид үнэлгээгээ нэмэгдүүлэх хариу санал тавиад байгаа юм.

Categories
гадаад мэдээ

ОХУ цэргээ татна гэсэн газруудаа бөмбөгджээ || DNN.mn

ОХУ Украины нийслэл Киев болон умардын Чернигов хот дахь цэргийн тусгай ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдсэн ч бөмбөгдөлт үргэлжилсээр байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.

ОХУ болон Украины талууд Туркийн Истанбул хотод мягмар гарагт нүүр тулан хэлэлцэхэд Оросын Батлан хамгаалахын яамнаас “харилцан итгэлцэл тогтоохын тулд Киев, Чернигов дахь цэргийн ажиллагаагаа хязгаарлана” гэсэн юм.

Киевийн цэргийн удирдлагын газрын тэргүүн Олександр Павлюк “Киевийг тойроод Буча, Бровары, Вышхород хотуудад 30 гаруй дайралт болсон” гэв.

Харин Чернигов хотын даргын мэдээлснээр бөмбөгдөлт 24 цагийн турш үргэлжилсэн аж. Тэрээр “Оросууд үргэлж худлаа ярьдгийн жишээ” хэмээн CNN-д ярьсан байна.