Categories
мэдээ нийгэм

Украинаас эх орондоо буцаж буй оюутнуудад Польш дахь Монголчуудын холбоо тусалжээ || DNN.mn

Украин улсаас монгол иргэд Польш улсаар дамжин ирж байгаа билээ.

Тус иргэдийг Польш дахь Монголчуудын холбоо хүлээн авч, тусламж дэмжлэг үзүүлсэн тухайгаа тус холбооны зүгээс өөрсдийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тодруулбал “Украин улсад болж байгаа дайны аюулаас амь өрсөн эх орондоо буцаж байгаа Монгол иргэддээ өөрсдийн хэрэгцээнээс илүүчлэн буяны гараа сунгаж хандив өргөсөн халуун сэтгэлт эмч нартаа болон бусад хүмүүстээ Польш дахь Монголчуудын холбооны болон Украинаас ирсэн иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Та бүхнийхээ хандиваар бид тэдэнд халуун хоол ойр зуурын хүнс болон хэрэглээний зүйлс, хэрэгтэй эм, утасны карт гэх мэт тэдний хүсэлтийг харгалзан шаардлагатай зүйлсийг авч тэдэнд үйлчилж байна. Та бүхэндээ хандивын мөнгө яаж зарцуулагдаж байгааг бид тайлагнах болно.

Монгол Улсынхаа төрийн далбаатай машиныг дайнтай улсад хараад ямар их баярлаж байснаа, тэр олон километр замын машин, хил дээр байгаа хүмүүсийн их дарааллаар визгүй иргэдээ аваад чадварлаг гарч ирсэн Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консул А.Түвшин, жолооч Б.Арсланбаатар болон Элчин Зөвлөхийн хань Б.Баянмөнх нарт болон халуун дулаан уур амьсгал хоол ундаар угтсан Польш дахь Монголчуудын холбооны гишүүдийн тухай нүдэндээ нулимс дүүрэн сэтгэгдлээ хуваалцаж байгаа элэг нэгт ахан дүүсийнхээ халуун мэндийг, баярласан сэтгэлийг та бүхэндээ уламжилъя. Хандив нэмэгдсэн байгаа. Харьков хотын оюутнууд вагондоо суусан ирж яваа.

Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж болон Элчин Сайдын Яамны хамт олон баг бүрэлдэхүүнээрээ олон өдөр нойргүй хонон ажиллаж бүх иргэдээ авч байна. Польшийн Варшав хотод ирсэн иргэд одоо ирэх иргэдийн тав тухтай байдал бүх тал дээр Элчин Сайдын Яам анхааран ажиллаж байгаа.

Эмч нар маань ойр зуурын эрүүл мэндийн тусламж үзүүлэх болно. Холбооны хамт олон халуун хоол унд бүхий л тал дээр ээлжлэн зав гарган үйлчилж байна. Элэг нэгт Монгол ахан дүүсийнхээ төлөө сэтгэлээ чилээж,тус дэм болсон бүх хүмүүстээ баярлалаа. Энэ бүхэн бидэнтэй нэгдэн хандивын аяныг дэмжиж байгаа болон тус дэм болж байгаа та бүхний хүч юм шүү.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” хэмээжээ.

Польш дахь Mонголчуудын холбоо
Categories
мэдээ нийгэм

Украин улс криптовалютаар хандив цуглуулж байна || DNN.mn

Украины албаныхан криптовалютаар хандив өгөхийг хүссэн байна. Краудфандингаар дамжуулан өнгөрсөн баасан гарагаас хойш таван сая ам.долларын хандив цуглуулаад байгаа аж. Үүнд “Bitcoin”, “Ethereum” болон бусад криптовалют багтаж байна.

Өнгөрсөн бямба гарагт Украины шадар сайд албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан крипто хэтэвчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд цацжээ. Энэхүү “жиргээ” болон крипто хэтэвчийн мэдээлэл үнэн зөв болохыг албаны эх сурвалж баталж байгаа юм.

Энэ хүрээнд 24 цагийн дотор гурван сая ам.долларын хандив цугларсан байна. Хандивын дундаж дүн ойролцоогоор 95 ам.доллартой тэнцжээ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ ТӨХК зарим нислэгээ шинэчилсэн маршрутаар үйлдэхээр боллоо || DNN.mn

МИАТ ТӨХК зарим нислэгээ шинэчилсэн маршрутаар үйлдэхээр боллоо

ОХУ, Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК Европ чиглэлийн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаандаа онцгой анхаарч буй.

Европын Холбооны Улсуудын Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлаг (EASA), Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.

МИАТ ТӨХК зорчигч тээврийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг өндөржүүлэн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ шинэчилсэн маршрутаар үйлдэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

2022 он гарснаар нийт 61.5 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгджээ || Dnn.mn

2022 он гарснаар нийт 61.5 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар өссөн үзүүлэлт юм. Хоёрдугаар сарын 21-25-нд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар нийт 26.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгджээ. Үүнийг өмнөх долоо хоногийн арилжаатай харьцуулахад 11.2 дахин өссөн үзүүлэлт юм. Дийлэнх буюу 78.8 хувийг хувьцааны багцын арилжааны дүн эзэлж байна. Үүнд “АПУ” ХК-ийн 20 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны багцын арилжаа голчлон нөлөөлсөн байна. Харин нийт арилжааны 5.8 хувь буюу 1.5 тэрбум төгрөгийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа, 15.1 хувь буюу дөрвөн тэрбум төгрөгийг нь компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаа тус тус бүрдүүлжээ.

Компанийн өрийн хэрэгслийн арилжааны хэмжээг өмнөх долоо хоногтой харьцуулахад 147.1 дахин өсчээ. Энэхүү өсөлтөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2.8 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн арилжаа, “Инвескор ББСБ” ХК-ийн 1.2 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн арилжаа тус тус нөлөөлсөн байна. Түүнчлэн дээрх өдрүүдэд 90.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаа явагдсан нь нийт үнэт цаасны арилжааны 0.3 хувийг эзэлж байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн Үүрэн Холбооны Их Хурал-2022” эхэллээ

Испани Улсын Барселона хотод “Дэлхийн Үүрэн Холбооны Их хурал-2022” /MWC2022/ 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Дэлхийн үүрэн холбооны их хурал нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд цар тахлын улмаас сүүлийн 2 жил зохион байгуулагдаагүй юм.

Энэ удаагийн MWC2022-т 155 орны 2000 гаруй оролцогч оролцож , технологи үйлдвэрлэгчид өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, шилдэг технологийг танилцуулж байна.

Тус Их хурал, үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны операторуудын төлөөллүүд оролцож байна.

Үзэсгэлэнгийн эхний өдөр Samsung илүү хүчтэй CPU болон камерын төгс шинэчлэлт хийсэн Galaxy ultra 22 болон Galaxy Pro 2 360-ыг танилцуулсан бол Realme 2022 оны 4 сард худалдаанд гарах GT2 цувралыг танилцуулсан юм.

Samsung Galaxy Pro 2 360

Huawei компани “Ухаалаг оффис” төслийн хүрээнд шинэ интеграци бүхий зөөврийн компьютер танилцууллаа.

Үзэсгэлэнгийн үеэр Telefonica-ын танилцуулсан 5G barmen, Xiaomi-н “Cyber Dog”, SK telecom-н 4DMetaverse, Jump studio олны анхаарлыг татлаа.

Telefonic- 5G Barmen

Xiaomi- Cyber Dog

Categories
мэдээ нийгэм

Мөсний баярын үеэр эрс хүйтрэхийг анхаарууллаа || Dnn.mn

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хөвсгөл нуур дээр уламжлалт мөсний баяр энэ сарын 3,4-ний өдрүүдэд болно. Тухайн өдрүүдэд тус нутгаар цаг агаар хүйтэрч, явган цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхилан, эрс хүйтрэхийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Тус аймгийн нутгаар гуравдугаар сарын 3-нд цас орж, салхи 3, 4-нд баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар үе үе секундэд 16-18 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурах бол бусад хугацаанд баруунаас секундэд 5-10 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Цэцэрлэг орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Идэр, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндий, Ханх орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Таван настай хүүхэд тагтнаас унаж энджээ || Dnn.mn

Баянгол дүүрэгт орон сууцны долоон давхрын тагтнаас таван настай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг осол өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр 14.00 цагийн үед Баянгол дүүргийн 25-р хороонд байрлах хотхонд гарчээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна

Categories
мэдээ цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Хавдар бол эдгэрдэг өвчин || DNN.mn

Дэлхийн “Хөгжим эмчилгээний өдөр” өнөөдөр тохиож буй. Уг өдрөөр Хавдар судлалын үндэсний төв “Хөгжмөөр эмчлэхүй” өдөрлөгийг зохион байгуулж байна. Үүнд Монгол Улсын филармони, Монгол Улсын Консерватори, Хаан банк сан, Архангай аймгийн уран бүтээлчдийн Тайхар нэгдэл, Хавдрын даван туулагчид, сайн дурын идэвхитэнүүд оролцоно. Харин эмчилгээний жорд дэлхийн сонгодог хөгжим, ардын аялгуу, уртын дуу, яруу найраг, зөвөлгөө мэдээлэл гэсэн эмчилгээнүүд байх аж.

Дэлхий дахинд өнгөрсөн жил 19 сая хүн хавдраар өвчилж, 9.9 сая хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Тэгвэл Монгол Улсад 2021 онд 5981 хүн хавдраар оношлогдсоноос 4559 хүн хорвоог орхижээ. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд л амьдардаг аж. Мөн хавдраар өвчлөгсөдийн 80 хувь нь 45-аас дээш насныхан байдаг байна.

ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү: ” Монгол Улсад хавдарт өвчнөөр нийтдээ 25-27 мянган хүн амьдардаг. Хавдар өвчтэй тэмцэж яваа энэ хүмүүс ганцаараа биш байдаг. Ард нь маш олон хүн шаналсан зовсон хүмүүс байдаг. Хавдар өвчний шинж чанар нь санхүүгийн болон эрүүл мэнд, гэр бүлийн сэтгэл санаа зэрэг олон зүйлүүдэд асар их дарамт болдог. Энэ их дарамтыг байхгүй болгохын тулд урлаг эмчилгээг давхар хийх ёстой. Тиймдээ ч бид бүхэн өөрсдийн бололцоогоор ХСҮТ дээр Хавдар гэх өвчнийг даван туулж байгаа энэ хүмүүстээ сэтгэлийн дэм өгөн энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Хүний биеийн эд эс сэтгэл хөдлөлөөр зохицуулагдаж байдаг. Аливаа өвчин эмгэг эрүүл байхын гол үндэс нь сэтгэцийн эмгэг байдаг. Хэрвээ тэр хүн амар амгалан эрүүл байхын бол бие мах бодийн тархлаа тогтож үйл ажиллагаа хэвийн явагддаг. Тийм ч учраас дэлхий дахинд art буюу урлагийн эмчилгээ, эмчилгээний дэмжлэг дэмжлэгээ гэж нэрлэгдсэн. Энэ эмчилгээ дэлхий дахинд эмнэлгийн болон эмнэлгийн бус орчинд өндөр хэмжээнд хийгддэг болсон” гэлээ.

Хавдрыг даван туулагч Д.Оюунтуяа: “Хавдар бол эдгэрдэг өвчин. Хавдрын өвчний оношоо сонсоод хүн өөрийгөө үхэлрүү орчихлоо гэж боддог. Яг үнэндээ өөрийнхөө өвчний талаар үнэн зөв, бодит мэдээллийг өөрсдөө уншиж судлах хэрэгтэй. Дээр үед л хавдрын хаалгаар орсон хүн гарч ирдэггүй гэдэг байсан. Одоо ХСҮТ эмнэлэг маань тоног төхөөрөмжтэй болж орчин үетэй хөл нийцсэн дэлхийн жишигт хүрсэн эмчилгээг хийж байгаа учраас хавдар эдгэрэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь өвчтөн болон ар гэр, эмч гурвын хамтын ажиллагаа чухал. Эмч эмчлээд байдаг. Өвчтөн өөрөө сэтгэл гутралтай сөрөг бодолтой байгаад байвал дархлааг дэмжихэд маш хэцүү. Мөн өвчтөн тэмцээд байдаг ар гэрийнх нь хүмүүс ойлгохгүй байвал бас хүндрэлтэй. Тиймээс энэ гурвын хамтын ажиллагааны үр дүнд хавдар эдгэрдэг. Миний хувьд хавдар гэдэг өвчинтэй гэрлээд дөрвөн жил болж байна. Хүн дотоод сэтгэлийн хүчээр энэ өвчнийг даван туулах ёстой байдаг. Би хүнд өвдсөн байх үедээ амьдралыг хар бараанаар харж амьдрал дуусаж байна гэж боддог байсан. Хавдрыг даван туулж байгаа хүмүүстээ сэтгэлийн дэм өгөх өгөх гэж мөн өөрийн гомдлоо тайлахын тулд шүлэг бичдэг. Миний хувьд энэ нь бясалгал болж өгсөн. Зовлон, жаргалтай, ерөөсөн олон шүлэг надад бий. ер нь ямар ч өвчин туссан хүн байсан би босож ирнэ, би эдгэж яваа, энэ хүмүүс намайг эмчилнэ, гэсэн итгэл дүүрэн байх ёстой шүү. Та бүхэн эдгэрэх болно” гэв.

Хорт хавдар нь осол гэмтэл, халдварт өвчин шиг биед гэнэт бий болдоггүй, хүний биед 15-30 жилийн өмнө үүсдэг байна.Тиймээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой өвчин гэж үздэг. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүр жилд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг уриалж иргэдийг Эрүүл мэндийн даатгалаар эрт илрүүлэгт тэгш хамруулах зорилгоор энэонд Улсын төсөвт 60.8 тэрбум төгрөг суулгасан.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 15, орон нутагт 3 объектод прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийжээ || Dnn.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны хоёрдугаар сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 75 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж. Түүнчлэн эрүүгийн 580 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд 564 хэрэг шалгагдаж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт зарим эрүүгийн хэрэгт хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад Улаанбаатар хотод 15, орон нутагт 3 объектод прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд-Алматы чиглэлд энэ сарын 16-наас олон улсын нислэг үйлдэж эхэлнэ || Dnn.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймаг дахь Нисэх онгоцны буудал, Автотээврийн төв, Авто замын засвар арчлалтын компаниудын үйл ажиллагаатай танилцжээ.

Баян-Өлгий аймгийн удирдлагууд Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, шөнө онгоц буух зориулалтын гэрэлтүүлэгтэй болгох, Өлгий-Казахстан чиглэлд нислэгтэй болох саналыг сайдад уламжлав.

Тус аймгийн Авто тээврийн төвийн удирдлагууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Сайдын зүгээс Авто тээврийн төв нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд байсан ч одоо үйл ажиллагаа сэргэж байна. Монгол Улсын хэмжээнд аймгийн төвүүдээс хамгийн багтаамж сайтай нь Баян-Өлгий аймагт байдаг. Цаашид ашиглалтаа сайжруулахад анхаарч ажиллах чиглэл өгөв.

Харин Зам, тээврийн хөгжлийн яамтай олон жилийн турш гэрээтэй ажиллаж буй авто замын засвар арчлалтын “Жол” ХХК-ийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа хэллээ. Өлгий хотын дундуур байгаа олон улсын авто замын засвар арчлалт, гэрэл ойлгогч хийх зэрэг ажлуудад 15 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөв. Хэрэв хугацаандаа биелүүлэхгүй бол гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна гэв.

Ховд аймгийн нисэх онгоцны буудалд “Хүннү эйр” компани Улаанбаатар-Ховд орон нутгийн нислэгээс гадна Ховд-Алматы чиглэлд гуравдугаар сарын 16-наас олон улсын нислэг хийнэ. Хил хамгаалах алба, гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтынхантай хамтран ажиллах төлөвлөгөө гаргахыг Ховд нисэх онгоцны буудлын удирдлагад өгөв.

Хатуу хучилтай авто замыг төрөөс санхүүжүүлж барьж, засварладаг. Гэвч хэдхэн хүнд даацын автомашин яваад эвддэг байж болохгүй. Тиймээс даац хэтрүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг авто тээврийн төвийн удирдлага, улсын байцаагчид үүрэг болгов.

“Ховд АЗЗА” төрийн өмчит компани нь 700 гаруй км замыг хариуцан засвар арчлалтыг хийдэг байна. Хоёр хэсэгт шуурхай ажлын хэсэг ээлжээр ажилладаг. Ажлын байранд тулгамдаж байгаа зарим асуудлыг сайдад танилцуулав. Замын үзлэгийн тоог нэмэгдүүлэх, Авто тээврийн төвийн удирдлага, АЗЗА компанийн удирдлага хамтарч даац хэтэрсэн машиныг хатуу хучилттай зам дээр явуулахгүй байхад хамтарч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар даалгалаа.